Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Баасан, 11 1-р сар 2019

     “Эрдэнэт” үйлдвэрийн хамгийн үнэ цэнэтэй баялаг нь ажилтан хэмээн үзэж, хөдөлмөрийн хамт олныг ажил үүргээ гүйцэтгэх үед нь эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалан, нөхөн сэргээх бодлого хэрэгжүүлдэг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн хамт олон “ХАБ ба ажилтны оролцоо-2019” сэдэвт бага хурлыг өнөөдөр “Уурхайчин” соёлын ордонд зохион байгууллаа. Бага хуралд компанийн удирдлагууд, үйлдвэрийн бүтцийн нэгжийн ХАБ хариуцсан мэргэжилтнүүд, хөдөлмөрийн хамт олны төлөөлөл оролцож, өнгөрсөн жил тус хэлтсээс хэрэгжүүлсэн шинэлэг олон ажлын үр дүнг хэлэлцэн сайшаасан. Үүний дотор ажиллагчдын оролцоо, манлайллыг идэвхжүүлэх үйл ажиллагаа мэдэгдэхүйц үр дүнд хүрчээ. Тодруулбал, ажилтнуудын аюул эрсдлийг бууруулсан, арилгасан бүтээлч оролцоо 3,8 дахин нэмэгдсэн байна. Тус хэлтэс өнгөрсөн онд ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах иж бүрэн арга хэмжээг 16 чиглэлд хэрэгжүүлж 532,2 сая төгрөг зарцуулжээ. Үүний үр дүнд үйлдвэрлэлийн ослын үзүүлэлт эрс буурч, хүний амь нас эрсэдсэн тохиолдол гаргаагүйн дээр ажиллагчдын дунд ХАБЭА-н үйл ажиллагааг шүүмжлэхээс илүү хамтран сайжруулъя гэх хандлага нэмэгдсэнийг хурлын төлөөлөгчид онцолж байлаа. Мөн сүүлийн жилүүдэд хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлийн хангалт, чанарт сэтгэл хангалуун байх болсноо уурхайчид илэрхийлсэн.
     Энэ үеэр үйлдвэрийн бүтцийн нэгжийн цех, хэлтсүүд өнгөрсөн жил ХАБЭА-н чиглэлээр санаачилж, хэрэгжүүлсэн ажлаа үзэсгэлэн хэлбэрээр тайлагнаж, ажилчдад халуун хоолоор үйлчилдэг Хаан хүнс компанийнхан амталгаа үйлчилгээ үзүүлэв.       

 

  М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Залуучуудын холбоо нь уурхайчин залуусынхаа хүсэл зоригийг сонсон, тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Жилийн ажлаа дүгнэн цэгнэж, шилдгүүдээ жил бүр тодруулдаг уламжлалтай. Компанийн бүх цех нэгжийн хүрээнд авьяас, мэдлэг, ур чадвараараа үйлдвэрийнхээ нэрийг Монгол улс, Ази дэлхийд таниулсан амжилтаараа дараах залуус шилдгээр шалгарав.  “ШИЛДЭГ ТАМИРЧИН”-аар Ил уурхайн ажилчин, Азийн цомын аваргын алтан медальт, шилдэг довтлогч, Монгол улсын Хоккейн үндэсний шигшээ багийн ахлагч, ОУХМ Н.Мишигсүрэн, “ШИЛДЭГ АВЬЯАСТАН”-аар Уурхайчин соёлын ордны хөгжимчин Б.Мөнхзориг, “ШИЛДЭГ ЗАЛУУ АЖИЛТАН”-аар Лаборатори судалгааны төвийн судлаач М.Гантулга, “ШИЛДЭГ УДИРДАГЧ ЗАЛУУ”-аар Автотээврийн байгууллагын Залуучуудын зөвлөлийн тэргүүн И.Батболд, “ШИЛДЭГ САЛБАР ЗӨВЛӨЛ”-өөр Э.Ариун-Эрдэнэ ахлагчтай Засвар механикийн заводын залуучуудын зөвлөл тодорчээ. 


     Эрдэнэсийн эздийн-Их Өргөө номын гурав дахь цуврал болох “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдалд “Эрдэнэт” үйлдвэрийн уран сайхны соёлын түүхэн хөгжил” нэртэй шинэхэн ном хэвлэгджээ. Уг ном нь “Уурхайчин” соёлын ордны соёл олон түмний секторын эрхлэгч, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Д.Ганчулууных бөгөөд тэрээр 1996-2018 оны уурхайчдын уран сайхны соёлын түүх, хөгжлийн судалгааны бүтээл болсон байна.  Уурхайчдын чөлөөт цагаа өнгөрөөх, авьяас чадвараа хөгжүүлдэг газар нь “Уурхайчин” соёлын ордон юм. Энэ ордонд “Эрдэнэт” үйлдвэрийн 6000 гаруй ажиллагсад,  тэдний гэр бүлийн гишүүд урлагаар хүмүүжиж, соёлд суралцаж байдаг. Соёлын аливаа үйл ажиллагааг ажилчдад аюулгүй ажиллагааны дадал олгох, эрүүл мэндээ хамгаалах, хамт олон болон төлөвшихөд нөлөөлөх хэмжээнд зохион байгуулдаг нь “Эрдэнэт” үйлдвэрийн нийгмийн хариуцлагын том ололт, амжилт юм.


У.Цэрэнбат
Фото: Б.Баттөгс
 

     Монгол улсын хүндэт харваач Ш.Даваадоржийн нэрэмжит Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10, 11-ний өдөр Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хангарьд спорт клубын урд байрлах хөл бөмбөгийн тусгайлан бэлтгэсэн талбайд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн 320 гаруй тамирчин оролцов. Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн өсвөр, залуучууд, ахмад гэсэн гурван насны ангилалд явагдаж, аваргуудаа тодруулсан. Ахмадын талын харваагаар улсын мэргэн Д.Батдэлгэр, С.Санжаабаяр нар тэргүүлж, цуваа харваанд Архангай аймгийн харваач, П.Эрдэнэ-Очир түрүүллээ. Архангай аймгийн Цэнхэр сумын өсвөрийн харваач Б.Баянжаргал, Т.Мөнгөнцоож нар улсын аваргаар шалгарав. Залуучуудын цомын аварга шалгаруулах тэмцээнд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын, дархан мэргэн Ч.Мандахбаяр ахлагчтай баг түрүүллээ.
     Монгол улсын хүндэт харваач Ш.Даваадорж 1999 онд Эрдэнэт хотноо, Мөсний шагайн улсын аварга шалгаруулах анхны тэмцээнийг зохион байгуулж байсан түүхтэй. Үүнээс хойш 20 жилийн дараа, энэ удаагийн тэмцээнийг түүний үр хүүхдүүд, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хангарьд спорт клуб, Орхон аймгийн Биеийн тамир, спортын газар, Монголын үндэсний мөсний шагайн холбоо, Орхон аймгийн “Мөнгөн толь” мөсний шагайн холбоо хамтран амжилттай зохион байгууллаа. 


 

У.Цэрэнбат
Фото: Б.Баттөгс

 

Мэдээний төрөл

Календарь

« 1-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог