Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 6-р сар 2018
Даваа, 11 6-р сар 2018 00:00

ЗОГСОШГҮЙ

     Хүн төрөлхтөний оюун ухааны  гайхамшигт бүтээл нь амьдрал мөнхөд хөврөх шалтгаан  гэлтэй. Өнгөрсөнд  бүтээснээ  бахархал, дурсамжаар чимж, тэдгээрийг  одоо цагт үргэлжлүүлж, ирээдүй үеийнхэн залгамжлах ахуйд бидний амьдрал оршмой. Тэрхүү гурван цагийн хэлхээс дунд үл тасрах урсгалын утга учир нь хүн өөрөө аж.
      “Эзгүй цагаан талд ийм том үйлдвэр, иж бүрэн хот бүх дэд бүтцийн хамт ердөө тавхан жилийн дотор баригдана гэдэгт итгэхийн аргагүй байлаа. Гэсэн ч бид бүтээн байгуулж чадсан юм даа” гэж Эрдэнэтийн түүхийг баринтагласан эрхэм геологич нэгэнтээ бахархан ярьсан юм. Тэртээ 1964 оны есдүгээр сарын дунд үе. Тухайн үеийн Геологи уул уурхайн яамны орлогч сайд Ч.Хурц тэргүүтэй мэргэжлийн багийнхан Эрдэнэтийн овоог зорив. Тэнд Чехословак болон Монголын хайгуулчид судалгаа хийж, Монголын талын багийг хожим Төрийн шагнал хүртсэн геологич Л.Мягмар ахалж байлаа. Ч.Хурц сайд өглөө нь эртлэн босч, уул өөд баруун хойд зүгийг чиглэн  3-4  орчим километр хэртэй газар алхаж үзэхэд зэсийн эрдэс тасралтгүй үргэлжилсээр. Чамгүй хол газар алхаад байхад дуусахгүй, ямар том орд вэ гэж дотроо гайхширч байснаа тэрээр дурссан нь бий. 1965 оны эхээр Эрдэнэтийн орд газарт анхны өрөмдлөгө хийж, 3,5 км урт, 1,5 км өргөнтэй ажиглалт, геофизикийн ажил эхэлжээ. Ингэснээр Эрдэнэтийн овоо  зэсийн маш том орд газар болох нь үнэлэгдэж, Монгол, Чехословак, Оросын хайгуулчдын хамтарсан баг анхны шанг нь татсан билээ.

      Ази тивийн цээжинд орших Монгол орны хоймор талаас олдсон эрдэнэсийн агуу том ордыг түшиглэн Монгол-Оросын хамтарсан үйлдвэр барих шийдвэрийг тэр үеийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, МАХН-ын Төв хорооны 1-р нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал гаргаж, ЗХУКН-ын /хуучин нэрээр/ Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.И.Брежневтэй хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан түүхтэй. Эдүгээгийн Эрдэнэт хэмээх их айлын хувь заяаг үзэглэсэн энэхүү түүхэн хэлэлцээр Монгол орны урагшлан дэвших замд ямар их хувь нэмэр авчирсныг, төрийн тэргүүн хүний ухаалаг, холыг харж чадсан мэргэн шийдвэр улс орныхоо ирээдүйд хэрхэн нөлөөлснийг дөчин жилийн бахархам замнал тодоос тод гэрчилнэ. Тиймээс хорьдугаар зууны Монголчуудын манлай бүтээн байгуулалтаар нэрлэгдэх Эрдэнэтийг,  үр хойч бидэндээ үлдээж өгсөн тэр гайхамшигт хүмүүс, ахмадуудаа мартах учиргүйг зориуд энд тэмдэглэе. Өнөөдрийн Эрдэнэтийг өчигдөргүйгээр төсөөлөхийн аргагүй тул түүхийн хуудаснаас ийн өгүүлэв.
      Анир чимээгүй тал хээр нутаг өнгө өнгийн гэрэл, илгээлтийн эзэн залуусын уухайн түрлэг, их бүтээн байгуулалтын нүргээнээр сэрж, шинэ Эрдэнэтийн түүх ингэж эхэлжээ.  1978 оны 12 дугаар сарын 14-ний өдөр  Эрдэнэт үйлдвэр нэг жилд 4 сая тонн зэсийн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар ашиглалтад оров.  Тэр үеэс хойш үйлдвэрлэлийн хүчин чадал жилээс жилд тасралтгүй нэмэгдэж, өнөөдөр жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадлыг эзэмших болсон юм. Энэхүү  үе шаттай хийгдсэн техник технологийн шинэчлэл, өргөтгөлийн ажлын ард тус үйлдвэрийн үе үеийн уурхайчид, өндөр ур чадвартай инженерүүд, чадварлаг удирдагчид байсныг тодотгое. Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчдийн ээлжит том бүтээн байгуулалтын нэг нь 2015 онд ашиглалтад хүлээн авсан Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл байлаа. Үйлдвэрлэлийнхээ үндсэн үйл ажиллагааг зогсоолгүйгээр, үйлдвэрийн хамт олон,  мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд хүчээ нэгтгэн, хүдэр боловсруулалтын хэмжээг 6 сая тонноор нэмэгдүүлэх  уг өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж чадсан нь амжилтын хуудсанд тодоор бичигдсэн юм. Цаг хугацааны хувьд отголж буй ч, цар хүрээгээрээ  улсын хэмжээнд эрэмбэлэгдэх бүтээн байгуулалтаа 2018 оны эхээр өлгийдөв. Зууны манлай үйлдвэрийнхэн өөрийн Дулааны цахилгаан станцад  48 МВт-ын хүчин чадалтай  дөрвөн турбингенератор суурилуулан өргөтгөлөө. Ингэснээр Монгол орны төвийн болон баруун бүсийн хамгийн том цахилгаан эрчим хүчний хэрэглэгч хэмээдэг Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэгчийн эгнээнд шилжиж, гал голомтоо нэмэн бадраасан юм.

      Техник технологийн өндөр үзүүлэлттэй байх, ашигтай ажиллах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн тулгуур зорилт болсоор ирсэн.  Энэхүү зорилтоо өндөр үзүүлэлттэйгээр давуулан биелүүлж, “хамгийн дээд” гэсэн тодотголууд ар араасаа хөвөрсөөр байна.  Жилээс жилд уурхайн  гүн доошилж, хүдэр дэх зэсийн агуулга буурч байгаа ч өнгөрсөн онд Эрдэнэтийн уурхайчид металл авалтыг хамгийн өндөр түвшин буюу 89,3 хувьд  хүргэж чадлаа. Түүнчлэн 320,9 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж, улсын болон орон нутгийн төсөвт 640 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Ийнхүү Эрдэнэт  үйлдвэр ашиглалтад орсон цагаас өнөөг хүртэлх хугацаанд  металл авалтыг хамгийн өндөр хэмжээнд хүргэж, хамгийн их цэвэр ашигтай ажиллаж, хамгийн өндөр татварыг улсын төсөвт бүрдүүлсэн зэрэг түүхэн дээд амжилтуудаар “Зууны манлай уурхай” гэдгээ ахин дахин баталгаажуулсаар буй нь бахтай.
      “Иргэн төвтэй  нийгэм”-ийг байгуулах нь тухайн улс орны хөгжлийн гол түлхүүр гэж үздэг.  Иргэнээ дээдэлж, хүндэтгэдэг байж гэмээнэ иргэд нь сэтгэл хангалуун, өндөр бүтээмжтэй ажиллаж хөдөлмөрлөдөг аж. Энэ зарчим Эрдэнэт үйлдвэрт үйлчилдэг. Ажиллагсдаа компанийн үнэт капитал хэмээн дээдэлж, хүнээ хамгаалж, хөгжүүлэх хүчтэй бодлогыг тус үйлдвэр хэрэгжүүлсээр ирсэн. Нийт зардлынхаа 5-8 хувийг  ажиллагсдынхаа нийгмийн хөгжилд зориулж, цогц шийдэж байгаа нь тэд  “Иргэн төвтэй нийгэм”-ийн  тогтолцоо руу  нэг алхмаар түрүүлж явааг  харуулж байна. Улс орны хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмрээр нь компани, үйлдвэрийн газруудын нийгмийн хариуцлагаа хэрхэн биелүүлж байгааг хэмждэг. Нийгмийн хариуцлагын хамгийн  үр дүнтэй, жишиг загварыг Эрдэнэт үйлдвэр түүхэн замналынхаа явцад бүтээжээ. Үүний шилдэг жишээ нь 100 хувийн хөрөнгө оруулалтаар оношилгоо, эмчилгээний Медипас төв эмнэлгийг  барьж, Орхон аймагт  хүлээлгэн өгсөн явдал юм. Монголчууд дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий  эмнэлэгт үйлчлүүлэхээр холын орныг бус Эрдэнэтийг зорих боллоо. Эрдэнэтийн уурхайн үр өгөөж,  үйлдвэр хот хоёрыг ижилсүүлэн хөгжүүлсээр байна. Хос морьтой хүн хол явна гэдэг энэ буюу.
      Аливаа хөгжил бүхэн ирээдүйгээ тодорхойлж байдаг. Тэр зүй тогтол нь  өдрөөс өдөрт өргөжин тэлж буй Эрдэнэтийг хөгжлийн шинэ эрин өөд хөтөлнө. Эрдэнэт үйлдвэрийн маргаашийн дүр төрх хөгжлийн үндсэн чиглэлд тод томруун тусгагдаж, ойрын таван жилд хэрэгжих төслүүд хэдийнэ тодорхой болжээ. Ирэх он жилүүдэд Ил уурхайд мөчлөгт урсгал конвейрийн технологиор тээвэрлэлт хийж, Засвар механикийн заводад Эрдэнэтийн нэрийн хуудастай авто машин үйлдвэрлэх их гарааны эхлэл тавигдана. Баяжуулах фабрикт өргөтгөл, шинэчлэл хийгдэж, зэсийн баяжмал хайлуулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл хөдөлж эхэлнэ. Эдгээрийг хөдөлгөгч хүчин зүйл нь хүний оюун ухаан юм. Тиймээс ажлын өндөр мэдлэг, туршлагатай ажилтнуудын оюуны чадвар, өөрөөр хэлбэл оюуны өмчийг эргэлтэнд оруулж үйлдвэрээ хөгжүүлнэ.
      Энэ бүхэн зууны манлай үйлдвэрийн ирээдүйн зураг. Зогсолтгүй үргэлжлэх уурхайн чимээ. Зогсошгүй их үйл хэрэг, хүсэл тэмүүлэл.

Олон нийттэй харилцах албаны сэтгүүлч
М.БАЛЖИННЯМ

Даваа, 11 6-р сар 2018 00:00

САЙН ЗАСАГЛАЛЫН ЭХЛЭЛ...

     “Компаниуд Эрдэнэт үйлдвэрт бараа бүтээгдэхүүн зарсныхаа төлөө ичдэг байсан. Учир нь тэднийг бүгд л “шахаачин” гэж хардаг байлаа. Сайн ажилласан мэргэжилтнүүд урамшуулал авснаа нуудаг байлаа. Энэ бол хаалттай байсантай шууд холбоотой. Гэхдээ энэ үйлдвэрт өөрийн бүтээгдэхүүнийг худалдсан аж ахуйн нэгжүүд, сайн ажиллаж урамшуулал авсан ажилтнууд өөрсдөөрөө бахархдаг болох тэр цаг үе ойрхон гэж бодож байна” хэмээн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Цэрэнбадам сэтгүүлч надтай нэгэнтэй уулзаж ярилцах үеэрээ хэлж байв.
      Хэдхэн жилийн өмнө “Эрдэнэт үйлдвэр” үнэхээр хаалттай газар байлаа. Тэндээс жирийн иргэн бүү хэл хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд хууль ёсны мэдээлэл авч чаддаггүй байв. Үүнтэй холбоотойгоор зөвхөн Эрдэнэт үйлдвэр гэдэг нэртэй хамт хэлэгддэг “шахааны бизнес” гэх үг Монгол хэлний үгсийн санд албан бусаар мэндэлсэн юм.
      Энэ бол тус үйлдвэр байгаа байдлаа эргэн харах ёстой эргэлтийн цэг нь байлаа. Нөгөө талаараа нээлттэй байдал нь маш сайн хяналт гэдгийг бүх түвшиндээ ойлгож эхэлсэн болов уу. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэр үнэхээр дэлхийн хэмжээний компани мөн л юм бол дэлхийн хэмжээний засаглалтай болох цаг үеийн шаардлага тулгарсан нь ч үнэн.
      Сайн засаглал, нээлттэй байдал нь бүх талд ашигтай. Тодорхой үйл явцууд ил тод байснаар хяналт төлөвшинө, энэ хирээр шахаа хийх боломж хумигдана, үр ашиг нэмэгдэж, хэмнэлт бий болж үйлдвэрээс Монгол Улсад ирэх мөнгөн урсгал нэмэгдэнэ. Монголд ашигтай, Монголд ашигтай! Энэ бол маш энгийн логик.

      Тус үйлдвэрийн сүүлийн 40 жилийн хугацаанд эх орондоо үзүүлсэн үр нөлөө, байгуулсан гавъяаг дурдаад дуусашгүй. Дээрх хугацаанд Эрдэнэт үйлдвэр жилд дунджаар улсын төсөвт 531,8 тэрбум, орон нутгийн төсөвт 46,8 тэрбум төгрөгийг төвлөрүүлсээр ирж. Үүнээс гадна нийгмийн хариуцлага, хөрөнгө оруулалтыг тоочвол хэдэн мянган худас жагсаалт гарах байх. Гэхдээ цаг үе, чиг хандлага, олон нийтийн хүсэл зэргийг авч үзвэл засаглалыг сайжруулах хэрэгтэй нь чухам үнэн билээ.
      2014 онд Нээлттэй нийгэм форумын санаачлагаар төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компанийн засаглалын түвшинг тодорхойлжээ. Судалгааны тайланд дурдсанаар, “Компанид сайн засаглалыг бий болгох нэг чухал нөхцөл нь компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг ил тод нээлттэй болгох явдал. Гэтэл судалгаанд хамрагдсан нийт компани энэхүү асуулгад бүгд доогуур үнэлгээ авсан. Тухайлбал “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Монголросцветмет ХХК-иуд “0” үнэлгээ авлаа” гэжээ.
      “Эрдэнэт үйлдвэр”-ийг нээлттэй, ил тод болгох санаачилга 2013 онд гүйцэтгэх удирдлагын багаас гарчээ. Тэд ил тод байх, ангид байх, тодорхой байх гэсэн бодлогын хүрээнд санхүү эдийн засаг, худалдан авалтын бодлого, хүний нөөцийн бодлогыг ил тод болгох оролдлогыг хийлээ.
      Ингээд “төр эргэж”, 49 хувь худалдагдаж урьдны гүйцэтгэх удирдлагын эхлүүлсэн бодлого алдагдаж болохуйц нөхцөл байдалд очсон ч шинээр томилогдсон, бий болсон гүйцэтгэх удирдлагын баг зөв бодлогыг тууштай үргэлжлүүлсэн юм. Улс төр, нийгэм тэр чигээрээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувь, Стандарт банкны асуудлаар мэтгэлцэж байхад уурхайчид баялгаа бүтээж, удирдлагууд нь менежментийн бодлогоо хэрэгжүүлж байсныг нь онцлох хэрэгтэй. Уг үндэслэлийг тус үйлдвэр ойрын 15 жилийн үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг бэлэн болгож үүний хүрээнд техник технологийн зургаан том төслийг хэрэгжүүлэх болсноо олон нийтэд зарласан ганцхан жишээгээр батлах боломжтой.
      Эрдэнэт үйлдвэрт үндсэн дөрвөн төрлийн зардал бий. Үүнд, Геологийн, Их барилгын, Урсгал болон Худалдан авалтын зардал багтана. Эдгээрээс хамгийн эхэнд хэмнэж болох зардал нь худалдан авалтын зардал гэж үзэж болно. Ингэхийн тулд чанарын болоод, үнийн дүнгийн босго давсан бараа худалдаж авах хэрэгтэй. Үүнийг ч гүйцэтгэх удирдлагын баг соргого мэдэрчээ. Энэ талаар Хууль, эрх зүйн газрын дарга Б.Цэрэнбадам ярихдаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-г нээлттэй, ил тод болгох ажил нь “Шилэн дансны тухай” хуулийг хэрэгжүүлэх, хүний нөөц, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахад чиглэж байгаа” гэсэн юм.
      2017 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК 236 нээлттэй худалдан авалт хийсэн нь өмнөх онтой харьцуулахад 400 дахин нэмэгдсэн тоо бөгөөд 23 тэрбум орчим төгрөгийг хэмнэжээ. Энэ бол үйлдвэрийн Ерөнхий захирлын 2017 оны 7-р сард Худалдан авах ажиллагааны ерөнхий журмыг шинэчлэн баталсны үр дүн юм.
      Хамгийн ойрын жишээ гэвэл энэ он гарсаар тус үйлдвэр “Анд энерги” ХК-иас 26 нэр төрлийн 20 мянга гаруй ширхэг гэрлийг худалдан авчээ. Энэ талаар “Анд энерги” ХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн Т.Барс ярихдаа “Урьд нь манайх Эрдэнэт үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлэх хүсэлтээ удаа дараа илэрхийлдэг байсан. Хүсэлтийг маш таатай хүлээж авдаг боловч эргээд хариу өгнө гэж огт байдаггүй. Харин өнгөрсөн оноос нээлттэй тендер зарлаж эхэлснээр бүтээгдэхүүнээ нийлүүлдэг болсон. Одоо Эрдэнэт үйлдвэр манай хамгийн том 5 худалдан авагчийн нэг. Манай компани тогтвортой үйл ажиллагаа явуулахад маш том хувь нэмэр оруулж байна гэсэн үг” гэлээ. Худалдан авах ажиллагаа нь нээлттэй болж эхэлснээр үндэсний жижиг компаниудад ашигтай үр нөлөө үзүүлж эхэлсний баталгаа нь энэ юм.
      Төрийн өмчит хуулийн этгээдэд олон нийт хяналт тавих нэг боломж бол “Шилэн данс”-ны мэдээлэл. Орхон аймаг дахь Төрийн Аудитын газраас 2017 оны намар тус үйлдвэр “Шилэн дансны тухай” хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаад шалгалт хийжээ. Аудиторын дүгнэлтэд дурдсанаар “Эрдэнэт үйлдвэр ХХК-д 2016 оны 4-р улирал болон 2017 оны эхний 3 улирлын байдлаар нийт 4.6 тэрбум төгрөгийн гэрээний дүн бүхий 18 тендерийг мэдээлсэн ба эдгээр тендерийн шалгарсан 18, шалгараагүй 36, нийт 54 оролцогчийн мэдээллийг байршуулсан байна” гэжээ.
      Урьд нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д орох 2 арга байв. Нэгдүгээрт аав, ээж нь үйлдвэрээс тэтгэвэрт гарсан, хоёрдугаарт танилтай тохиолдолд. Яагаад малчны хүүхэд Эрдэнэт үйлдвэрт ажилд орж болдоггүй юм бэ? гэж асуух хүн олон. Тэгвэл ил тод байх бодлогын хүрээнд дотоод журамд өөрчлөлт оруулж ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж эхэлжээ. 2018 онд нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн 90 гаруй хүн тус үйлдвэрийн ажилтан болсон аж. Сул ажлын байрны шаардлагыг хангаж буй хэн бүхэн сонгон шалгаруулалтад орох боломж нээгджээ.

      “Эрдэнэт үйлдвэр бол олон жилийн түүхтэй, билэг тэмдэг болсон үйлдвэр учраас олон нийт сайн мэднэ. Гэхдээ зайлшгүй мэдээлж байх хэрэгтэй асуудлууд нь хаалттай явсаар ирсэн. Одоо энэ үйлдвэрийн эрх зүйн нөхцөл байдал өөрчлөгдсөн. Технологийн дэвшлийн ачаар олон боломж бий болсон. Тиймээс өнгөрсөн үеийн хаалттай байдлыг таягдан хаяж, орчин цагт тохирсон ил тод байдлыг цогцлоох босгон дээр зогсож байна” гэж Илт тод байдал сан ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав хэллээ.
      Нээрэн ч дээр дурдсан үзүүлэлтүүд нь 100 хувийн үр дүн биш. Маш сайн эхлэл төдий юм. Тухайлбал, Шилэн дансандаа 2016 оны 4-р улирал болон 2017 оны эхний 3 улирлалд хийсэн 25.2 тэрбум төгрөгийн 44 тендерийн мэдээллийг огт байршуулаагүй байгааг Аудитын дүгнэлтэд бичжээ. Мөн төлөвлөсөн 491  тендерийнхээ  236-г нь нээлттэй явуулж, үлдсэнийг чадаагүй. Танил тал, улс төрийн шугамаар ажилд ордог үзэгдэл оршсоор буй.
      Эхлэл төдий байгаа эерэг ажлуудын ард амжилттай гарахад хамгийн чухал нь улс төрөөс ангид байх асуудал. “Үндэсний шуудан” сонин  энэ сарын 22-ны өдрийн дугаартаа Төрийн өмчит компаниудын засаглалын шинэ аргачлалын тухай АНУ-ын “Brookings” судалгааны байгууллагын дүгнэлтийг нийтэлжээ. Нийтлэлд  Бразилын “Петробрас” компанийн жишээг татсан байв. Улс төрийн хямралаас үүдэж эрх мэдэлтэй, нөлөө бүхий хүмүүст тус компаниас улсын хөрөнгийг тэрбум тэрбумаар завших боломж олгосон гэдгийг дурджээ.
      Эрдэнэт үйлдвэрийг улс төрөөс ангид байгаасай гэж хүсдэгээ уурхайчид, удирдлагын багт ажиллаж буй хуучны “кадр”-ууд бишгүй л илэрхийлж байсан удаатай. Бидэнд боломж нээлттэй. Компанийн засаглал, ил тод байдлын олон улсын шалгуур үзүүлэлтүүд бэлэн бий. Жишээ нь, Мексикт салбарын зохицуулагч байгууллага, тэргүүлэгч ТББ-ууд хамтран газрын тосны “Пемекс” компанийн гэрээнүүдэд олон нийтийн хяналт тавих ерөнхий аргачлалыг боловсруулж байгааг мөн дээрх нийтлэлд дурдсан байна.
      Гагцхүү байгуулсан гавъяатай, ирээдүй нь гэрэлтэй байгаа уг үйлдвэрт төрийн эрхийг ээлжлэн барьдаг улс төрийн намууд, тэдний лидерүүд өөрсдийн сонирхол, оролцоог зохист түвшинд байлгах ёс зүйн шаардлага байгааг олж хараасай! Ингэвэл Колумбын Ecopetrol, Норвегийн Statoil зэрэг компаниудтай дүйх олон улсын үнэлэмжтэй, дотооддоо үзүүлэх үр нөлөө нь одоогийнхоос үлэмж их байх боломж ойрхон гэдэгт эргэлзэх хүн үгүй байх.
      Ямартай ч хаалттайгаас нээлттэй, ил тод байдал руу хийсэн алхам нь бага ч атугай үр дүнгээ өгч олон нийт “Эрдэнэт үйлдвэр”-ийг эерэг өнцгөөр харах суурь тавигдаж байна. Гэхдээ нээлттэй, хяналттай болсон гавьяаг 49 хувийн төлөөлөл буй болгосон мэт харагдуулах сонирхол байгаа нь илт харагддаг. 51, 49 хувиасаа үл хамаараад менежментийн шинэ бодлогыг эхлүүлсэн, үргэлжлүүлсэн хүн бүрийн ажлын үр дүн гэж дүгнэх нь зүй.
      Ю.Цэдэнбал агсанаар жишээлж бодоход энэ үйлдвэрт гавъяа байгуулсан хүмүүсийг Монгол Улс үеийн үед, үрийн үрд мартдаггүй. Эрдэнэт үйлдвэрийн нээлттэй засаглалын төлөвшил нэгэнт эхэлжээ. Одоогийн ажиллаж буй болон ирээдүйд ажиллах хүмүүс гагцхүү энэ эхлэлийг тууштай үргэлжлүүлж түүхэнд гавъяагаа мөнхлөхийг хүсэн ерөөе! ТЭГВЭЛ ТА НАРЫГ МОНГОЛЧУУД МАРТАХГҮЙ ЭЭ!

Сэтгүүлч Ч.Энхчулуун

 

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Засвар механикийн завод нь компанийн болон гадны аж ахуйн нэгжийн захиалгаар технологийн тоног төхөөмжийг засварлан, металл болон стандатын бус сэлбэг хэрэгслийг цутгахаас гадна эд анги, резинэн эдлэл үйлдвэрлэдэг. Жилд 60 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус завод импорт орлох үйлдвэрлэл нэмэгдүүлэх, компанийн зардал хэмнэж, орлого нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм. Засвар механикийн заводын хэмжээнд зах зээлээ өргөтгөх, бүтээгдэхүүний өртөг тооцох шинэчилсэн аргачлал боловсруулж байгаа бөгөөд ISO 9001-2016 олон улсын стандартыг хэрэгжүүлж эхлээд байна. Үүнээс гадна тус заводын Цутгуурын цехэд техникийн томоохон шинэчлэл хийгдэнэ.  

У.Цэрэнбат

    “Эрдэнэт” үйлдвэрийн “Эрдэнэт” сувиллын цогцолбор, “Сэлэнгэ” амралтын бааз, Эрчим хүчний цехийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэгийн дүнгийн хурал боллоо. Компанийн 30 гаруй цех, нэгжүүд ХАБЭА-н хяналтад тогтмол хамрагддаг бөгөөд энэ удаа үйлдвэрийн хэмжээнд ХАБЭА-н дөрөвдүгээр шатны үзлэг явагдаж байна. Уг шалгалтаар бүтцийн нэгжийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд чиглэсэн үйл ажиллагаа, түүний үр дүн, ажилчдын оролцоо, бичиг баримт бүрдүүлэлт, эрсдлээс хамгаалсан байдал зэрэгт олон талт дүгнэлт гаргадаг. Уул уурхайн үйлдвэрлэлд хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиулна гэдэг нь ажилчдын өөрсдийн эерэг хандлага, тогтмол сургалт, хяналт шалгалт, сахилга хариуцлага тооцох зэрэг үйл ажиллагааны үр дүн байдаг. Энэ сайн туршлага “Эрдэнэт” үйлдвэрийн өнгөрсөн 40 жилийн түүхэн хугацаанд бүрэлдэн, тогтжээ.
 

У.Цэрэнбат

 

    Монгол улсын уул уурхайн ууган үйлдвэр “Эрдэнэт”-ийн судлаач инженерүүд санаачлан компанийн Геометаллургийн хөтөлбөрийг боловсруулсан. Уг хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийн мэргэжилтэн, судлаач инженерүүд сургалтад хамрагдаж байна. Өмнөд Африкийн иргэн, олон улсын зөвлөх, доктор Роберт Шоувстра геометаллургийн цаашдын чиг хандлагын талаар танилцуулж, “Эрдэнэт” үйлдвэрийн одоо байгаа түвшинг үнэлэх юм. Хүдэр олборлох, боловсруулах үйл ажиллагааны уялдааг сайжруулах, технологийн тогтвортой нөхцлийг хангах, үйлдвэрлэлийн ойрын болон хэтийн төлөвлөлтийг оновчлох, байгаль орчин хамгаалах, хаалтын менежментийн бодлогыг тодорхойлох зэрэг хөгжлийн олон асуудлыг цогцоор нь тусгасан тус хөтөлбөрийг компанийн хэмжээнд хэрэгжүүлэхээр 2017 оны долдугаар сард “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаал гарсан.  Геометаллургийн хөтөлбөр нь дэлхийн уул уурхайн компаниуд сүүлийн 15-20 жилд эрчимтэй хөгжиж байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэр ч дэлхийн уул уурхайн компаниудын жишгээр үйл ажиллагаанд Геометаллургийн хөтөлбөрийг нэвтрүүлж байна.  
 

У.Цэрэнбат

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог