×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 3-р сар 2018

     Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гаригт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугардаг. Үүний дагуу өнөөдөр 16.00 цагаас Эрдэнэт үйлдвэр даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээлж дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа.
     Уг үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн 34 цех хэлтсийн нийт ажиллагсад хамрагдаж, Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор ажиллан бэлэн байдлын үзлэг хийж, аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх  дадлага сургууль хийлээ.



.

 

     Ням гарагт болж өнгөрсөн ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Владимир Путин үнэмлэхүй ялалт байгууллаа.Тэрээр нийт сонгогчдын 76.5 хувийн саналыг авсан байна.
     Дэд байранд Коммунист Намаас анх удаа нэр дэвшиж байгаа Павел Грудинин 12 хувийн саналыг авсан бол гутгаар байранд Либерал Ардчилсан Намын ахмад улс төрч Владимир Жириновский 6 орчим хувьтай удаалжээ.  Үлдсэн таван нэр дэвшигч 2-оос дээш хувийн санал авч чадаагүй байна.
     Сонгуулийн Төв Хорооноос эхний дүнг зарласны дараа Владимир Путин Москвагийн Улаан Талбайд цугларсан олны өмнө гарч, дэмжигчиддээ талархал илэрхийлжээ.Путин анх 2000 онд ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Дөрвөн жилийн дараа дахин сонгогдож ажиллаад 2008 онд үндсэн хуулийн хязгаарлалтаас шалтгаалан сонгуульд өрсөлдөөгүй юм. Тухайн жил үндсэн хуульд өөрчлөлт оруулж ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрвөөс зургаан жил болгож сунгасан байна. 2012 онд тэр 63.6 хувийн саналаар ерөнхийлөгч болж байжээ. Энэ удаа дахин сонгогдсоноор Путин 2024 он хүртэл буюу 72 нас хүртлээ Орос орныг удирдах юм.
 

     Өнгөрсөн ням гаригт Технологийн сургуулийн нэрэмжит “Сэтгэх чадварын бүсийн олимпиад” Эрдэнэт хотноо боллоо. Сэтгэх чадварын олитпиадад ЕБС-ийн ахлах ангийн  нийт 417 сурагчид оролцов. Олимпиадын зорилго нь сурагчдын оюуны чадварыг хөгжүүлэх, суралцах хүсэл, сонирхлыг дэмжих, элсэгчдийн чанарын түвшинг дээшлүүлэх, шинэ зууны өндөр мэдлэг, ур чадвартай инженер бэлтгэхэд хувь нэмэр оруулахад чиглэгдсэн байна. Олимпиадын аваргуудыг анги тус бүрээр шалгаруулан урамшууллаа.
     Есдүгээр ангийнхнаас эхний байранд 5-р сургуулийн 9а ангийн сурагч У.Мөнхтулга шалгарч, Алтан медаль, өргөмжлөл, Технологийн сургуулийн дэргэдэх Ахлах сургуульд сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг гардсан бол удаах байруудад 5-р сургуулийн 9а ангийн сурагч Г.Цэнгэлбаяр, 8-р сургуулийн 9в ангийн сурагч У.Билгүүн эзэлж,  мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, Технологийн сургуулийн дэргэдэх Ахлах сургуульд сургалтын төлбөрийн 40 болон 30 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээр шагнагдав.
     Аравдугаар анги ангилалд  19-р сургуулийн 10б ангийн сурагч М.Хулан, 5-р сургуулийн 10а ангийн сурагч Т.Мөнхчимэг, 19-р сургуулийн 10а ангийн сурагч Г.Тэмүлэн нар шалгарч, алт мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, Технологийн сургуулийн дэргэдэх Ахлах сургуульд сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгийн эзэд боллоо.
     11-р ангийн сурагчдаас 14-р сургуулийн 11а ангийн сурагч Г.Марал, Р.Оюунбат, 3-р сургуулийн 11а ангийн сурагч П.Ижилмөрөн нар шалгарч, алт мөнгө хүрэл медаль, Технологийн сургуулийн дэргэдэх Ахлах сургуульд хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг хүртжээ.
     12-р ангийн төрөлд  тэргүүн байранд  17-р сургуулийн 12а ангийн сурагч Ч.Билэгтсайхан шалгарч, Алтан медаль, өргөмжлөл, Технологийн сургуулийн Бакалаврын сургалтын төлбөрийн 17 кредитийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, удаах байранд 8-р сургуулийн 12б ангийн сурагч Т.Ганцолмон шалгарч, мөнгөн медаль, өргөмжлөл, Технологийн сургуулийн Бакалаврын сургалтын төлбөрийн 15 кредитийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, гутгаар байранд 14-р сургуулийн 12г ангийн сурагч Э.Анхбаяр шалгарч,  хүрэл медаль, өргөмжлөл, Технологийн сургуулийн Бакалаврын сургалтын төлбөрийн 13 кредитийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг тус тус шагнагдав.
     Олимпиадын тусгай байрыг  5-р сургуулийн 12а ангийн сурагч Л.Төгөлдөр,  14-р сургуулийн 12а ангийн сурагч Д.Урантөгс нар эзэлж,  өргөмжлөл, Технологийн сургуулийн Бакалаврын сургалтын төлбөрийн 11 кредитийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг гардан авлаа.


 

     Өнгөрсөн пүрэв гарагт “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захиргааны газар, хэлтсүүд 2017 оны ажлаа тайлагнан үр дүнгээ хэлэлцлээ. Газар, хэлтсийн дарга нар ээлжээр илтгэлээ тавих үед хамт олон нь бүрэн бүрэлдэхүүнээрээ танхимд орж ирж хань болж байгаа нь содон харагдав. Энэ өдөр 20-иод хэлтэс тайлангаа тавьснаас түүвэрлэн хүргэе. Үдээс өмнө “Оюу” танхимд өрнөсөн тайлангийн хурлыг Хууль, эрх зүйн газар эхлүүллээ.

Хууль, эрх зүйн газар 17 тэрбум төгрөгийн авлага барагдуулжээ

Хууль, эрх зүйн газар гадаад, дотоод үйл ажиллагаа, өр авлага барагдуулах,  харуул хамгаалалт хариуцсан хэсгийн зохион байгуулалттай ажиллаж байна. Шүүх хуралдаанаас компанид ашигтай шийдвэр гаргуулахын төлөө шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажилладаг тус хамт олон 2017 онд эцэслэн шийдвэрлэгдсэн 32 иргэний хэргээс 5,9 тэрбум төгрөгийн ашигтай шийдвэр гаргуулсан амжилттай ажиллажээ. Мөн өр авлага бууруулах ажлыг эрчимжүүлсний үр дүнд 968 сая төгрөгийг бодитоор барагдуулсан байна. Түүнээс гадна гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, харуул хамгаалалтыг чангатган сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжсээр байгааг Д.Цэрэнбадам дарга дурдлаа. Энэ онд шалган нэвтрүүлэх постыг тоног төхөөрөмжөөр хангах ажил үргэлжилнэ. Хууль эрх зүйн газрын хуульчид жилийн эцсийн байдлаар арбиторын 3, иргэний 59, эрүүгийн 19, захиргааны 1 гээд нийт 80 гаруй хэрэгт “Эрдэнэт” үйлдвэрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалжээ. Өнөөдрийн байдлаар 27 хэрэг маргаан шүүхийн шатанд хянагдаж байна. Түүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэрт бараа материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээгээр урьдчилгаа авсан 103 компани, 13 иргэн аж ахуйн нэгжид холбогдох 33,1 сая ам.доллар, 12 тэрбум төгрөгийн авлага үүссэн. Үүнээс өнгөрсөн онд 17 тэрбум төгрөг барагдуулсан нь 2016 оны мөн үеэс даруй 50 гаруй хувиар өссөн амжилттай ажиллажээ. Харин хуульчид энэ онд “Эрдэнэт” үйлдвэрийг хууль эрх зүйн эрсдлээс урьдчилан сэргийлэх, шүүхэд буй хэрэг маргаануудыг эцэслэн шийдвэрлүүлэх, Худалдан авалтын ажиллагааг нээлттэй ил тод болгох журмыг боловсронгуй болгох, харуул хамгаалалтыг сайжруулах, компанийг хууль эрх зүйн эрсдэлд оруулж буй нөхцөлүүдийг судлах, дүрэм журмыг цэгцлэх ажлыг төлөвлөн байгааг эндээс мэдэв.


 

“Эрдэнэт” үйлдвэрт 150 иргэн сонгон шалгаруулалтаар ажилд оров

Компанийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд технологийн шат дамжлага бүр дээр шаардлагатай хүний нөөцийг хангаж, албан хэрэг хөтлөлтийг удирдах, зохион байгуулах, хяналт тавих, арга зүйн удирдлагаар ханган, гадаад харилцаатай холбоотой асуудлыг нэгтгэх, хянах, зохицуулах, архивын баримт бичгийг төвлөрүүлэн хадгалах, ангилах, төрөлжүүлэх, бүх төрлийн орчуулгын ажлыг гүйцэтгэх чиг үүрэгтэй Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн тайланд олон хүн анхаарал хандуулав. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрт 6045 хүн ажиллаж байна. Үүний 234 нь гадаад мэргэжилтнүүд. Энэ тоо жилээс жилд буурсаар байгаа аж. Өнгөрсөн онд сул ажлын байранд 486 иргэнийг ажилд авсны 30 гаруй хувь нь сонгон шалгаруулалтаар орсон ажилчид байна. Харин 20 орчим хувийг Хамтын гэрээний заалтын дагуу эцэг, эхийнхээ оронд өв залгамжлан ажилд орсон залуус эзэлдэг. Бусад нь ажил олгогчийн зөвшөөрлөөр, хүний нөөцийн бодлогоор ажилд оржээ. Харин тайлант хугацаанд 447 ажилтан халагдсан байна. Үүний 192 нь өндөр насны тэтгэвэрт, бусад нь өөрийн хүсэлтээр, хөдөлмөрийн сахилгын шийтгэлээр, гэрээний хугацаа дууссан, ажил мэргэжилдээ эрүүл мэндээр тэнцээгүй зэрэг шалтгаанаар гарчээ.  Түүнээс гадна өнгөрсөн онд банкны зээлээр байр худалдан авсан 400 орчим ажилтанд 3,1 тэрбум төгрөгийн  орон сууцны үнийн хөнгөлөлт үзүүлсэн зэрэг нийгмийн хариуцлагын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тоо баримт тайлангийн ихэнх хэсгийг эзэлж байлаа.   

Бүтээмжийн үйл ажиллагаанд 200 сая төгрөг зарцуулж, тэрбум төгрөгийн ашиг авчрах нөхцөл бүрдүүлжээ

Хөгжлийн хэлтсийнхэн өнгөрсөн онд ололт амжилт арвин ажиллажээ. Тухайлбал зардал хэмнэж, өртөг бууруулах эдийн засгийн үр ашиг бүхий төслүүдэд 91,6 сая төгрөгийн санхүүжилт олгож, үйлдвэрлэлд нэвтэрсний үр дүнд 2017 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зардлыг 1,4 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Мөн бүтээмжийн үйл ажиллагаанд 200 орчим сая төгрөг зарцуулж, 1,1 тэрбум төгрөгийн ашиг авчрах нөхцөлийг бүрдүүлсэн нь бахархам. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2017-2031 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн эдийн засгийн тооцоог хийж гүйцэтгэн, баримт бичгийг боловсруулан  ТУЗ-д хэлэлцүүлэхэд бэлэн болгожээ. Тус хамт олон өнгөрсөн онд ажлаа сайжруулах чиглэлээр нэлээд ажил санаачлан хэрэгжүүлснээ мөн тайлагнав. Жишээ нь Засвар механикийн заводын Цутгуурын цехэд хүйтнээр хатуурах холимгийн технологиор хэв хийх хагас автомат шугам нэвтрүүлэх төслийн техник эдийн засгийн тооцооны төслийг сайжруулахад хийгдэх шаардлагатай ажлуудын санал боловсруулж өгчээ. Хөгжлийн хэлтсийнхэн илтгэлдээ тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхой гаргаж тавьсан нь бүтээлч байв. Тухайлбал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер зарладаг болсонтой холбоотойгоор төлөвлөсөн ажлуудыг бүрэн хийхэд хүндрэл учирдаг байна. Учир нь “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ дараа жилийн бизнес төлөвлөгөөг хуульд заасан хугацаанаас хожуу баталдаг тул хугацаа алдаж төлөвлөгөөний биелэлтэд сөргөөр нөлөөлдөг ажээ.

Төлөвлөлтийн цогц аргачлалтай, зэсийн үнэтэй уялдсан эдийн засгийн загвартай...

... мөн хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх програмтай хэлтэс бол Эдийн засгийнхан. Тус хамт олон өнгөрсөн жилд компанийн эдийн засгийн нэгдсэн бодлогыг тодорхойлох, бизнес төлөвлөгөө боловсруулах, хяналт тавих, хөдөлмөр зохион байгуулалт, нормчлолыг сайжруулах, цалин хөлс урамшууллын механизмыг сайжруулах, мониторинг хийх, ажилтнуудыг сургах чадавхжуулах зорилт дэвшүүлэн ажиллажээ. Мөн компанийн эдийн засгийн нэгдсэн бодлогыг тодорхойлох зорилгоор төлөвлөлтийн үйл ажиллагааг цогц болгон сайжруулах, эдийн засгийн төлөвлөлт, зардал, норм нормативын гүйцэтгэлийг хянах, шинжилгээ хийх, өртгийн ангиллыг олон улсын түвшинд нийцүүлэх, зах зээлийн нөхцөл байдалтай уялдсан болзошгүй эрсдэлд тохирсон санхүү эдийн засгийн арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх дэд зорилт дэвшүүлэн ажилласан нь үр дүнгээ үзүүлжээ. Ингэснээр тэд иж бүрэн төлөвлөлтийн цогц аргачлалтай, зэсийн үнэтэй уялдсан эдийн засгийн загвартай, хөдөлмөрийн бүтээмж дээшлүүлэх програмтай болжээ. Мөн өртгөө гурван түвшинд тооцдог болсноор ижил төстэй уул уурхайн компаниудтай эдийн засгийн үзүүлэлтээ харьцуулах боломж бүрдсэн байна. Түүнээс гадна бизнес төлөвлөгөө хийхэд хүндрэл учирдаг хэмээн тулгамдаж буй асуудлаа ч танилцууллаа. Тухайлбал, материалын зардлын хэлбэлзэлд үнээс шалтгаалсан хэлбэлзэл ихээхэн хувийг эзэлдэг байна. 2017 оны нормчлогдсон материалын зардлын хэмнэлтийн 54 хувь нь зөвхөн үнийн хэлбэлзлээс шалтгаалжээ. Тиймээс бараа материал худалдан авах төлөвлөгөөний үнийг зах зээлийн бодит ханштай уялдуулах шаарлагатай байгааг Зах зээлийн судалгааны хэлтсийнхэнд анхааруулсан.    

           
Цалин бага хариуцлага өндөр хамт олон

Компанийн ерөнхий захиргааны хэлтсүүдээс жилийн 365 хоногт 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай хамт олон бол Үйлдвэрлэлийн хэлтсийнхэн. Үйлдвэрлэлийн цех нэгжүүдийн үйл ажиллагааг боловсронгуй болгож, ажлын уялдаа холбоог шуурхай зохицуулах, үйлдвэрлэлийг иж бүрэн автоматжуулах, хүдэр олборлолт, баяжуулалтын технологийг боловсронгуй болгох замаар хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэн техник эдийн засгийн үр ашигтай ажиллах нь Үйлдвэрлэлийн хэлтсийн үндсэн зорилго. Үндсэн цехүүдийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлт тайлант хугацаанд давж биелсэн нь энэ хэлтсийн бодит төлөвлөлттэй шууд холбоотой. Эдний тайлан тун тодорхой байв. Харин тулгамдаж буй асуудлыг тодруулан онцолъё. Үйлдвэрлэлийн хэлтэст ажиллаж буй инженер техникийн ажилтнуудын цалин цех нэгжүүдийн инженер техникийн ажилтнуудаас бага байсаар байна. Мөн диспетчерүүдийн цалин хөлс үндсэн цехүүдэд ажилладаг диспетчерүүдээс бага. Гэтэл хариуцаж буй ажлын цар хүрээ, хариуцлага өндөр байдаг. Үүнээс болж дадлага туршлагатай сайн мэргэжилтнүүдээ алдах эрсдэл байгааг анхааруулсан юм.

Техник, технологийн шинэчлэлийн ажилд мэргэжилтнүүдийг татан оролцуулна  

Үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай үйл ажиллагааг хангах, өндөр бүтээмжтэй, ашиглалтын зардал багатай дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, өөрийн өртгийг бууруулах үндсэн зорилго чиглэлтэй ажилладаг Техникийн хэлтсийнхэн өнгөрсөн онд тун амжилттай ажиллажээ. Техникийн бодлогыг уул, геологийн нөхцөл болон нөөцтэй нягт уялдуулан хэрэгжүүлж, уул уурхай, баяжуулалтын үйлдвэрлэлийн түвшинд нийцэхүйц иж бүрэн механикжуулалт, автоматжуулалт, мэдээллийн технологийн орчин үеийн хэрэгслийг ашиглан техник, технологийг байнга боловсронгуй болгох,  илүү үр ашигтай шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар компанийн урт хугацааны өрсөлдөх чадавхийг ханган ажилласан байна. 2018 онд “Эрдэнэт” үйлдвэрт нэвтрүүлэх техник, технологийн шинэчлэлээр хийгдэх ажлын хэсэгт хэлтсийн мэргэжилтнүүдийг оролцуулахаа мэдэгдэв. Жишээ нь уурхайн доторх цахилгаан хангамжийн агаарын шугамын өргөтгөл, Эмульсний тэсрэх бодисын үйлдвэр шинээр барих, Молибдений хөвүүлэн баяжуулалтыг шинэчлэх, Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт Молибдены баяжмалын өтгөрүүлэгчийг солих, Засвар механикийн заводын Цутгуурын цехийн хэвний хэсэгт хүйтнээр хатуурдаг хольцоор хэв хийх хагас автомат шугамыг үйлдвэрлэлд нэвтрүүлж угсралт суурилуулалтын ажилд хамтран ажиллана гэв.

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрийн бүсэд болон обьектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам батлах тухай Ерөнхий захирлын А/142 тоот тушаал хэрэгжиж эхэллээ. Үйлдвэрийн бүс, обьектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх харилцааг зохицуулах зорилгоор шалган нэвтрүүлэх 1,2  дугаар байрыг шинэчлэн, хяналтын төхөөрөмжийг суурилуулсан байна.
     Шалган нэвтрүүлэх байраар дамжин өнгөрч буй Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр өөрийн ажлын үнэмлэхээр нэвтрэх бол гадны хүмүүс, зочид төлөөлөгч хувийн бичиг баримтаа шалгуулан, түр үнэмлэх авч нэвтрэх юм. Мөн тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх байрны орж гарах хаалган дээр зогсоож, хяналт тавих аж. Иймээс тус үйлдвэрийн ажилтан бүр ажилтны үнэмлэхээ байнга авч явахыг албаны хүмүүс анхааруулж байна.


 
 

Сурагчдын амралт хойшлуулсантай холбогдуулан Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай БСШУС-ын сайдын тушаал гарлаа. Сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн жилийн бүтэц дэх III улирлын амралтын хуваарь болон зуны амралт эхлэх хуваарьт дараах өөрчлөлтийг оруулсан байна.

Тухайлбал,
•    Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн III улирлын амралтыг гуравдугаар сарын 26-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 08 өдрийг дуустал,
•    Нийслэлийн сургуулийн III улирлын амралтыг гуравдугаар сарын 22-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг дуустал
•    Нийслэл, хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдын зуны амралт 1, 2 дугаар ангид зургаадугаар сарын 1-нээс,
•    3, 5 дугаар ангид зургаадугаар сарын 8-наас,
•    6-12 дугаар ангид зургаадугаар сарын 15-наас эхлэх юм.


 

Мягмар, 13 3-р сар 2018 00:00

БИ ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИН

 

Үүрийн гэгээтэй уралдахаас уурхайчин миний нэг өдөр эхэлдэг. Гэргийнхээ эртлэн босч, чанасан цайг уунгаа сэтгэл амар үнэгчлэх үрийнхээ царайг хараад ажилдаа гарах бас нэгэн жаргал. Манай Эрдэнэтийнхэн эртэч хүмүүс. ГОК-ын ажилчдын автобусны цуваагаар хотын амьдрал өрнөдөг. Өөрийн гэсэн өнгөтэй, соёлтой энэ хотын, цаашлаад эх орныхоо төлөө эртлэн босч, шамдан ажиллаад хайртай хүмүүсээ зорин харих сайхан. Маргаашдаа, ирээдүйдээ итгэл төгс царай, он жилүүдийн гэрч болсон эгэл төрх, энэ л уурхайчин хамт олны нэг нь, Монгол улсын манлай бүтээн байгуулалт, дэлхийд данстай үйлдвэрийн ажилчин гэхээр өөрийн эрхгүй бахархал төрдөг юм.

Манай үйлдвэр 6000 гаруй ажилчинтай, 40 жилийн түүхтэй.  Өнгөрснөөс бидэнд үлдээсэн гашуун сургамж бий. Энэ бол “Хөдөлмөрийн аюулгүй байдал”. Маанийн зургаан үсэг шиг хэлэгдэх энэ өгүүлбэрийг өглөө бүр санаж, өчигдөрхөн инээж яваад өнөөдөр үгүй болсон тусч залуухан андынхаа төлөө харуусдаг юм. Уул уурхайг сүүдэр мэт дагадаг аюул ослоос өөрийгөө болон мөр зэрэгцэн ажиллаж байгаа хамтрагчаа аврахын тулд өчигдөр би сайн амарч, өнөөдөр сэтгэл санаа тэгш дүүрэн, хамгаалах хувцас хэрэгслээ бүрэн хэрэглэж, цаг ямагт сэрэмжтэй байх үүрэгтэй. Энэ бодлыг мянга мянган уурхайчин сэтгэлдээ тээдэг гэдэгт би итгэдэг. Ажилчин бүр нь зөв ажиллахыг дүрэмдүүлж бус дадаж хэвшүүлсэн газар гэдэг цаанаа л гэр шиг минь дулаан. Алхам бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөмж, зааварчилгаа бүхий зурагт хуудас, видео самбар нүднээ илхэн, инженер техникийн ажилтнуудын зааварчилгаа, сургалт тасрахгүй. Энэ талаар зөвлөсөн, сануулсан, сэрэмжлүүлсэн мэдээлэл компанийн бүхий л шатанд тарж, ажилчин бүрт хүрнэ. Ажлын байрандаа хариуцлагатай байна гэдэг миний зүтгэл юм. “Өөрөө л зөв ажиллаж, зөв бодолтой явбал туулах зам чинь дардан, зөөлнөөс зөөлөн байдаг юм шүү” гэсэн өвгөн мастерынхаа үгийг би санаж явдаг. Манай үйлдвэрт ах нь дүүдээ сургадаг. Бидэнд өмнөх үеийнхний, “Эрдэнэт” үйлдвэрийн анхдагч, илгээлтийн эздийн үлдээсэн ардын заншил мэт мөрдөгдөх хөдөлмөрийн аюулгүй байдлын “ёс зүй” гэж бий. Ингэж л бидний бодол сэтгэлд аюулгүй, зөв ажиллах тухай хоногшуулдаг.      

Амьдрал юутай сайхан, баялаг юм бэ? Өнөөдөр учирсан бүхэн өнгөрсөнд одож, гэхдээ маргааш ахиад л шинэ өглөө эхэлнэ. Аз жаргалын гинж мэт уурхайчин миний амьдралын өдөр хоног, “Эрдэнэт” хэмээх уул уурхайн нэвтэрхий толь болсон энэ үйлдвэрийн түүх хоёр зэрэгцэн үргэлжилсээр байна.

У.Цэрэнбат

     Эрдэнэт үйлдвэр ХХК энэ онд худалдан авах үйл ажиллагааг цахим тендерийн хэлбэрт шилжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан тус үйлдвэрийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал, Худалдан авах комиссын дарга Ж.Эрдэнэбилэгээс дараах сэдвээр тодрууллаа.

Өнгөрсөн онд 817 тендер шалгаруулж, 442,4 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн

     Юуны өмнө цахим тендерийн тухай ярихын өмнө өнгөрсөн оны худалдан авах үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөх нь зүйтэй.  2017 онд манай үйлдвэр нийт 817 тендер шалгаруулж, үүнд 442,4 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн. Үүний 27 хувь буюу 102 тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчдээс, 7,6 хувь буюу 7,7 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг Орхон аймгийн үйлдвэрлэгчдээс тус тус худалдан авсан байна. Бид худалдан авалтын үйл ажиллагаагаа Хангамжийн хэлтэс, Их барилгын хэлтэс, Хөгжлийн хэлтэс, Санхүү бүртгэлийн хэлтэс, Геологи маркшейдерийн хэлтэс, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс гэсэн 6 нэгжээр дамжуулан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн дагуу зохион байгуулж байна.  Өнгөрсөн онд 448,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байснаас 422,5 тэрбум төгрөгийн худалдан авалт хийгдэж 26,3 турбум төгрөгийн бодит хэмнэлт гаргасан. Тендер шалгаруулалтын 94 үнэлгээний хороонд давхардсан тоогоор 850 орчим хүн ажиллалаа. Цаашид бид тендер шалгаруулалт, худалдан авалтын бодлогыг ил тод, нээлттэй явуулах орчныг хангах зорилгоор цахим тендерийн системийг нэвтрүүлэхээр зорилт дэвшүүлсэн.

Орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжиж, хамтран ажиллана

     Тендерийн тухай  хуулинд зааснаар хэд хэдэн төрлөөр тендерийн шалгаруулалт явагддаг. Нээлттэй тендер, онцгой журмаар зохицуулагддаг хязгаарлагдмал, харьцуулалтын, гэрээ шууд байгуулах арга, мөн зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалт гэж бий. Зөвлөх үйлчилгээг манай үйлдвэрийн Хөгжлийн хэлтэс хариуцдаг. 2018 онд бид Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн албан даалгаврын дагуу худалдан авалтын тендерийг цахим хэлбэрт шилжүүлэн ажиллахаар төлөвлөсөн. Тус албан даалгаврын 12 дугаар зүйлд “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр нээлттэй, ил тод тод зохион байгуулж худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг тухай бүр цахим системд оруулж нийтэлж байх” гэж заасан байгаа. Энэхүү албан даалгаврыг үндэслэн,  Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаал гарч, дээрх заалтыг оруулж өгсөн. Иймээс уг чиглэлийг худалдан авах үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлнэ. Үүнтэй уялдуулан бид Орхон аймгийн Худалдан авах газрын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Мөн манай үйлдвэрийн холбогдох нэгжийн ажилтнууд хамтарч байна. Тэднийг сургалтад хамруулж, цахим тендерийн системийг  хэрхэн нэвтрүүлэх талаар зааварчилгаа өгч байна.
     Бид худалдан авах үйл ажиллагааны гол бодлогоо орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжиж, тэднээс бараа  бүтээгдэхүүн худалдан авахад чиглүүлнэ. Энэ хүрээнд саяхан үйлдвэрийн Хууль эрхзүйн газар, Хангамжийн хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд орон нутгийн үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцсон. Уулзалтын үеэр олон зөв зүйтэй, оновчтой, ажил хэрэгч саналууд гарсныг тэмдэглүүштэй. Мөн энэ удаагийн уулзалтыг Эрдэнэт үйлдвэрийн зүгээс санаачлан хийж байгаа бол дараагийн уулзалтуудад орон нутгийн үйлдвэрлэгчид илүү өргөн хүрээнд эвлэлдэн нэгдэж, Орхон аймгийн ханган нийлүүлэгчдийн холбоо байгуулан хамтран зохион байгуулахыг Хууль эрхзүйн газраас онцолж хэлсэн. Цаашид нийлүүлэгч компаниудын цагаан, хар жагсаалтыг гаргаж бүртгэлжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулна.  Үйлдвэрт нэн  хэрэгцээтэй, чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэн, товлосон хугацаандаа нийлүүлэх хариуцлагатай орон нутгийн  компанитай урт удаан хугацаанд гэрээ байгуулан хамтарч ажиллана. Өөрөөр хэлбэл, орон нутгийн үйлдвэрлэгчид болон Эрдэнэт үйлдвэрт харилцан ашигтай байх нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарна.

Үйлдвэрийн хөгжлийн бодлогын бодит ажлууд хийгдэнэ

     Энэ онд манай компани нийт 461,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Их барилгын, үндсэн хөрөнгийн худалдан авалт, машин тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ,  геологи хайгуул, хөгжлийн бодлогын чиглэлээр хэрэгжүүлэх  хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ. Мөн төсөл хөтөлбөрүүд үүнд тусгагдсан байгаа.
     Бид хөрөнгө оруулалтын ажлуудаа  дараах үндсэн таван ангиллаар зохион байгуулна. Үүнд:
          - Үйлдвэрийн аюулгүй, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах чиглэлд хийж байгаа ажил ба худалдан авалт
          - Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник технологийг шинэчлэх,
             сайжруулах чиглэлд хийж байгаа ажил болон худалдан авалт
          - ХАБЭА-н шаардлагын дагуу  хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хийж байгаа ажил ба худалдан авалт
          - Барилга ашиглалтын стандарт, норм, нормативын дагуу хийж байгаа засварын ажлууд,
          - Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа ажлууд гэсэн чиглэлүүд тусгагдсан.
   Эдгээр төлөвлөгөөт ажлуудын 46 нь өмнөх оноос үргэлжлүүлж хийгдэх бол бусад нь шинээр хийгдэх ажлууд тусгагдсан. Мөн энэ онд Эрдэнэт үйлдвэрийг 2017-2031 он хүртэл хөгжүүлэх Үндсэн чиглэл, стратеги төлөвлөгөөний бодлого хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийгдэж, бодитоор хэрэгжиж эхэлнэ.    


М.Балжинням

     Хаврын улиралд цаг агаарын огцом дулааралт болсноос шар усны үер аюул дагуулдаг. Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарснаас гол мөрний ус, өндөр уулын цас хайлж, шар усны үер болж болзошгүй байгаа тул ард иргэдэд анхаарал болгоомжтой байхыг сануулж, гарч болох аюул ослоос сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг анхааруулж байна.
     Гуравдугаар сарын эхний 7 хоногийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 42% нь цастай ба дундаж зузаан нь 16 см, цасан дахь усны нөөц 11.3 шоо.км байна.
     Мөн өвөлжилт хүндэрсэн болон шүлхий өвчин гарсан газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.



 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог