Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 2-р сар 2018

     “Эрдэнэт” үйлдвэр шинэ оны эхний сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтээ дүгнэв. Нэгдүгээр сард үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд 100 хувиас давж биеллээ. Тухайлбал, уулын цул 127 мянган мЗ, хөрс хуулалт 3086 м3, хүдэр олборлолт 276 тонн, хүдэр өгөлт 313 мянган тонн, өрөмдлөгийн хэмжээ 6500 уртааш метр, ачаа эргэлт 292 мянган тонн/ км -ээр давж биелсэн байна. Баяжуулах үйлдвэр хоёр сая 881 мянган тонн хүдэр боловсруулсан нь 103 хувийн биелэлттэй байна. Хүдэр дэх зэсийн агуулга 0,480, молибден 0,014 хувьтай, зэсийн металл авалт 88,8 молибден 51,3 хувьтай биелэв. Баяжмал гаргалтын хувьд зэсээр 837 тонноор илүү, молибден гаргалт төлөвлөгөөнөөс зургаан тонноор дутаж биелсэн байна. Энэ нь хүдрийн молибденийн агуулга буурсантай   холбоотой  аж. Харин үндсэн  бүтээгдэхүүний  зэсийн металл авалтыг давуулан биелүүлсэн амжилттай ажиллажээ.

 


М.ОД

     Ил уурхайн Засварын хэсгийн хамт олон 12-р экскаваторын гинжний гуя  хугарсныг сэлбэг хэрэгсэл байхгүй гэж шалтаглалгүй өөрсдийн нөөц бололцоог ашиглан уурхайн талбайд засварлажээ. Засварын ажил тав хоног үргэлжилж, экскаватор хэвийн ажиллагаандаа орлоо. Ил уурхайн хэмжээнд 10 экскаватор ажиллаж, хоногт дунджаар 30 мянган м3 хөрс хуулж, 90-100 мянган тонн хүдэр олборлодог. Үйлдвэрлэлийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахын тулд уг экскаваторыг их засварт оруулахаар төлөвлөсөн хэдий ч сэлбэг нийлүүлэгдэхээс өмнө ийнхүү зогсчээ. Гэсэн ч ур чадвартай, ажилдаа сэтгэлтэй уурхайчдын хичээл зүтгэлээр хэвийн ажиллаж эхлэв. Энэ онд мөн 20-р экскаваторын гинж солих ажил хийгдэнэ.

 

М.ГЭРЭЛ

  Саяхны бямба гарагт Технологийн сургууль дээр төгсөлтийн  уралдаант шалгалт болж байгаа мэт олон хүүхэд, залуус цуглажээ. Тэд тус сургуулийн нэрэмжит Математик-Байгалийн ухааны гуравдугаар олимпиадад оролцохоор Эрдэнэтээс гадна Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас зорин ирсэн ахлах ангийнхан. Идэр есийн хүйтэнд олон хүүхэд, залуусын сонирхол хүслийг татсан энэхүү олимпиадын  талаар Технологийн сургуулийн Эрдэм шинжилгээ, дээд боловсролын сургалт хариуцсан дэд захирал Л.Наранцэцэгтэй ярилцлаа.

-Өргөн цар хүрээтэй  энэ олимпиадыг танай сургууль гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Олимпиадын гол зорилго юу вэ?
-Сурагчдын математик байгалийн ухааны хичээлд шимтэн суралцах сонирхлыг дэмжих,  өндөр мэдлэг, ур чадвартай инженер бэлтгэхэд хувь нэмрээ оруулах, аймаг улсын төрөлжсөн олимпиадын бэлтгэлийг эрчимжүүлэх, Технологийн сургуульд элсэн суралцагчдын  чанарыг сайжруулах зорилгоор манай сургуулиас гурав дахь жилдээ энэ олимпиадыг зохион байгуулж байна.

-Энэ удаагийн олимпиадад хэдэн сурагч оролцов?
-Олимпиад жилээс жилд  цар хүрээгээ  тэлэн өргөжиж  байна. Энэ жил Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 95, манай аймгийн 14 сургуулиас 352, нийт 447 сурагч оролцож, оюун ухаанаа сорилоо.  Олимпиад 9, 10, 11, 12-р ангийн төрлөөр математик, хими, физикийн хичээлээр явагдсан. Ингэхдээ анги бүрд хичээл тус бүрээр эхний гурван байр, хичээлүүдийн нийлбэр дүнгээр эхний зургаан байрыг тус тус шалгаруулсан.

-Шагнал урамшууллын тухайд...
-Шалгарсан сурагчдыг медаль, мөнгөн шагналаар урамшуулсан. Бас  хичээлүүдийн нийлбэр дүнгээр эхний зургаан байрт  шалгарсан 12-р ангийн хүүхдүүдийг Технологийн сургуулийн бакалаврын хөтөлбөрт 10 кредитийн хөнгөлөлттэй суралцах эрхээр шагнасан. Мөн  хичээлүүдийн нийлбэрээр эхний зургаад шалгарсан 9, 10-р ангийн 12 сурагчид Технологийн сургуулийн 11, 12-р ангид сургалтын хөтөлбөрийн 30 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг гардууллаа.

-Аль аймаг сургуулийн сурагчид илүү амжилт гаргав?
-Ерөнхийдөө оролцсон хүүхдийн тоогоороо ч, авсан медалиараа ч манай аймаг тэргүүлж, 45 медаль хүртсэнээс 14-р сургууль 22, Технологийн сургууль найм, дөрөвдүгээр сургууль дөрөв, наймдугаар сургууль дөрөв, Орос 19-р сургууль гурав, 13-р сургууль хоёр, Орхон Эмпати сургуулийн сурагчид мөн хоёр медаль зүүлээ. Булган аймаг хоёр, Хөвсгөл, Сэлэнгэ тус бүр дөрөв, Дархан-Уул аймгийн сурагчид таван медаль хүртлээ. Хичээлүүдийн нийлбэрээр 9-р ангийн төрөлд Орхон аймгийн 14-р сургуулийн 9 б ангийн сурагч Цолмон, 10-р ангийн төрөлд Орхон аймгийн Технологийн сургуулийн 10 а ангийн Тэмүүжин, 11-р ангийн төрөлд Дархан-Уул аймгийн ахлах сургуулийн сурагч Тэмүүлин, 12-р ангийн төрөлд Орхон аймгийн Технологийн сургуулийн 12 а ангийн сурагч Сувданчимэг нар нэгдүгээр байр эзэлсэн байна.

-Энэ олимпиадын бусдаас ялгарах онцлог нь юу вэ?
-Математик, байгалийн ухааны олимпиад нь математик, физик, химийн хичээлүүдийн нийлбэр агуулгаар явагддагаараа онцлог. Сурагчдын  дээрх хичээлээр шамдан суралцах хүсэл сонирхлыг нь дэмжиж, ирээдүйд нарийн мэргэжлийн чадварлаг инженер болох хөрс суурийг бүрдүүлж өгдөгөөрөө давуу талтай.

-Цаг гаргасанд баярлалаа.


Я.ЭНХТУЯА
 

Бямба, 03 2-р сар 2018 00:00

ТАЙЛБАР

     Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр “Эрдэнэт үйлдвэрийг битүүмжилсэн, гадаад дансыг нь хаасан, үйл ажиллагааг нь зогсоосон” зэрэг буруу ташаа ойлголт өгөхүйц худал мэдээлэл цацагдаж байна. 
     Улс орны ачааны хүндээс үүрэлцэж яваа Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, бүтээлч хамт олны хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдөр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Эрдэнэт үйлдвэрийг хааж, битүүмжилсэн зүйл огт гараагүй болно. Эрдэнэт үйлдвэр ХХК нь 2017 онд олборлосон хүдэр дэх зэсийн агуулга компанийн 40 жилийн түүхэн дэх хамгийн бага түвшинд буюу 0.495 хувь байхад, зэсийн металл авалтыг түүхийн хамгийн өндөр түвшинд буюу 89.28 хувьд хүргэж чадсан бөгөөд үйлдвэрлэлийн бүх үзүүлэлтийг 101.7-152.1 хувиар биелүүлэн, улс, орон нутгийн төсөвт 580 тэрбум төгрөг төвлөрүүлж, 318 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллав.
     Компани 2018 оны 1 дүгээр сарын хөрс хуулалт, хүдэр олборлолт, хүдэр боловсруулалт, баяжмалын экспорт зэрэг үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100,5-109,8 хувиар биелүүлж, баялаг бүтээх эрхэм үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэн, улс, орон нутгийн төсөвт 62,6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, шинэ оныхоо гарааг амжилттай эхлүүлэн ажиллаж байна.
     Жаст групп ХХК нь 2009-2012 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг барьцаалан АйСиБиСи Стандарт банк ПЛС-аас зээл авсан гэх асуудлаар үүссэн маргаан 2013 оноос Их британи, Умард ирландын нэгдсэн вант улсын Лондон хотын Олон улсын арбитрт хянагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар тус шүүхийн болон шүүхийн шийдвэрийг давж заалдах ажиллагаа бүрэн дуусаагүй, тодорхой үе шаттайгаар үргэлжилж байгаа болно.
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зүгээс уг маргаантай холбоотой асуудлыг үйлдвэрт хохирол багатайгаар шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байна.
 
 
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ИЙН 
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
 

Зорилго: Монгол зөвлөлтийн засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулагдсан Уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж 1978 онд ашиглалтад орсны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан лого зохиох уралдаан зарлаж байна.
 
Хүлээн авах хугацаа: 2018.02.02-ноос 2018.03.03-ны  хооронд 30 хоногийн хугацаатай явагдах болно.
 
Логонд тавигдах шаардлага:
 
- Лого нь манай компанийн 40 жилийн ойн бэлгэдэл байх тул агуулга, утга төгс, компанийн түүхийг орчин үеийн хэлбэр дизайнаар илэрхийлсэн байх шаардлагатай. 
- Загвар нь видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд,  хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэх боломжтой байна.
- Лого нь өндөр нягтралтай (300 pixels/inch-с дээш) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдана.
- Adobe Photoshop, Corel Draw, InDesign зэрэг мэргэжлийн, зориулалтын программ дээр болон гараар зурж бүтээсэн байж болно.
- Уралдаанд оролцогчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээлээс  хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн   авахгүй.
- Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байна.
- Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.
- Бүтээлийн эх хувийг буцааж олгохгүй. Шалгарсан бүтээл нь Эрдэнэт үйлдвэрийн  өмчлөлд шилжинэ.
- Уралдааны бүтээлээ 1600x1200 pixel ээс дээш хэмжээтэй JPEG өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарын хамт This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. цахим хаягаар ирүүлэх ба  хэвлэмэл  өнгөт, А4 форматаар Эрдэнэт үйлдвэрийн ХХК-ийн хаягаар авчирч өгнө.
 
Шалгаруулалт: 
 
- Шагналын сан 1.500.000 төгрөг
- Шалгаруулалтыг компанийг 40 жилийн ойг зохион байгуулах комиссоор хэлэлцэн шалгаруулна.
- Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногт багтаан шалгаруулж  www.erdenetmc.mn хуудсаар нийтэд зарлах буюу шалгарсан бүтээлийн эзэд рүү эргэж холбогдоно.
 
Хүлээн авах хаяг:
 
Эрдэнэт үйлдвэр ХХК
Монгол улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум 
 Найрамдал талбай 61027
Ерөнхий захиргааны 2-р байр 110 тоот
Утас: 75773830

Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар 
Монгол Улс, Улаанбаатар хот, 
Баянзүрх дүүрэг  Энх тайвны өргөн чөлөө 14
 Утас: 11 32 05 61
 
     Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн анхны монгол ерөнхий захирал асан Шагдарын Отгонбилэг агсны төрсөн өдрийг тохиолдуулан Ш.Отгонбилэгийн нэрэмжит эссэ бичлэгийн уралдааныг Технологийн сургуулийн нийт ажилтан, албан хаагчдын дунд зохион байгуулав. Технологийн сургуулийн үүсэл хөгжилд Ш.Отгонбилэгийн оруулсан хувь нэмрийг нь тодорхойлж, бахархал, үнэт зүйл болгон бүрдүүлэх зорилгоор эссэ бичлэгийн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон байна.
     Энэ удаагийн “Шагдарын Отгонбилэг” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны Тэргүүн байрыг Технологийн сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Хээрийнбаатар,  дэд байрыг Уул уурхайн тэнхимийн баяжуулалтын багш Б.Алтансолонго нар эзэлж Монгол орноор аялах эрхийн бичгээр шагнууллаа.
 
 
 
 
 
     Жил бүрийн 2-р сарын 1-ний өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн анхны монгол ерөнхий захирал асан Шагдарын Отгонбилэг агсны төрсөн өдөр тохиодог билээ. Энэ өдөр Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэт хотын удирдлагууд болон оюутан залуус Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх ШУТИС-ийн харьяа Технологийн сургуулийн өмнө талбай дахь Ш.Отгонбилэг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг юм.  Тэрээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байхдаа уул уурхайн салбарын чадварлаг боловсон хүчнийг  бэлтгэх зорилгоор одоогийн Технологийн сургуулийг Эрдэнэт үйлдвэрийн дэргэд байгуулах шийдвэрийг санаачлан хэрэгжүүлсэн тул тус сургуулийг түүний нэрэмжит болгон, нэрийг нь мөнхжүүлсэн түүхтэй. Тиймээс  хүндэтгэл үзүүлэх энэхүү арга хэмжээг  Технологийн сургууль жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
     Ш.Отгонбилэг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолд Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр, Технологийн сургуулийн  ЭШ, ДБСХ орлогч Л.Наранцэцэг, Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Еранхий инженер Д.Эрдэнэцогт нарын удирдлагууд,тус сургуулийн Удирдах зөвлөл болон Эрдмийн зөвлөлийн гишүүд, боловсролын байгууллагын төлөөлөгчид,  багш оюутны төлөөлөл оролцов.
      Түүнчлэн энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Ш.Отгонбилэгийн нэрэмжит хичээлийн хөтөлбөрийг боловсруулж Технологийн сургуулийн нийт багш ажилтнууд болон 1,2 дугаар курсийн оюутнуудад Техникийн ухааны магистр Д.Тогооч “Ш.Отгонбилэгийн Эрдэнэт үйлдвэрийн хөгжилд оруулсан хувь нэмэр, түүний намтар, ажил үйлс” сэдвийн дор илтгэл уншлаа.
 
 
 
 
 
 
 
 
Page 3 of 3

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог