Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 8-р сар 2017
       Эрдэнэт үйлдвэрийн Дулаан цахилгааны төвд 48 мегаваттын хүчин чадал бүхий дөрвөн ширхэг турбингенератор суурилуулах өргөтгөлийн ажил ид өрнөж байна. Ингэснээр тус үйлдвэр манай улсын эрчим хүчний том хэрэглэгч байсан бол өөрсдөө дулаан цахилгаанаа үйлдвэрлэгч болох юм. Өөрөөр хэлбэл, дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй улс орны эрчим хүчний салбарт ихээхэн хувь нэмэр үзүүлэх боломж бүрдэж байна. Өргөтгөл хийгдсэнээр Эрдэнэт үйлдвэрийн Дулаан цахилгааны төв нь нийт суурилагдсан 53 мегаваттын бүрэн хүчин чадалтайгаар ажиллана. 
        Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын гурав, дөрөвдүгээр цахилгаан станцуудын өргөтгөлөөс хойш хийгдэж байгаа анхны иж бүрэн өргөтгөх ажил болж байгааг мэргэжилтнүүд тодотгож байна. Мөн уг төслийг хэрэгжүүлэхэд Эрдэнэт үйлдвэрийн зүгээс эдийн засаг, санхүүжилтийн асуудлыг цаг хугацаанд нь шийдэж байгааг өргөтгөлийн ажлын явцад сайнаар нөлөөлснийг онцлов. 
Өргөтгөлийн төслийн хэмжээнд  суурилагдсан дөрвөн турбингенераторын хоёр нь зөвхөн цахилгаан үйлдвэрлэх бол нөгөө хоер нь үйлдвэр дулаацуулгын авлагатай буюу цахилгаан дулааныг хослон үйлдвэрлэх ажээ. Энэ нь үйлдвэрлэж байгаа нэгж цахилгаан, дулааны эрчим хүчний өөрийн өртгийг  бууруулах, улмаар хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхэд  эерэг нөлөө үзүүлнэ. 
        Мөн Дулаан цахилгааны төв цахилгаан эрчим хүчний тодорхой хувийг үйлдвэрлэснээр төвийн эрчим хүчний нэгдсэн системээс худалдан авах цахилгаан эрчим хүчний зардал буурна. Тодруулбал, 167 төгрөгийн өртөгтэй байгаа нэг киловатт цахилгаан эрчим хүч өргөтгөлийн үр дүнд 104 төгрөг болж буурах юм.  Мэргэжилтнүүдийн тодорхойлж байгаагаар улсын эрчим хүчний хангамжид эерэг  нөлөө үзүүлэх өргөтгөлийн ажил энэ оны сүүлээр ашиглалтанд орно. Өргөтгөлийн төслийн гүйцэтгэгчээр  Хятад улсын  Харбин электрик интернэшл компани ажиллаж байна. Тус компани нь цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмж угсралт,  суурилуултын чиглэлээр ажилладаг дэлхийд тэргүүлэгч, туршлагатай компанийн нэг юм.  
 
 
 
 
 
 
          Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Эрдэнэт үйлдвэр ХХК, Монгол улсын олборлох салбарын  менежментийг бэхжүүлэх СЕСМИМ  төсөл, Байгаль орчны аудитын холбоо хамтран  “Уул уурхай дахь байгаль орчны аудитын дадлагажих сургалт”-ыг зохион байгуулж байна.  Энэхүү сургалтыг  Эрдэнэт үйлдвэрт зохион байгуулж буй нь тус үйлдвэр байгаль орчны менежментийн аудит,  түүний хууль эрх зүйн орчин, дүрэм журмын хэрэгжилт, дадлагажуулалтад ихээхэн ач холбогдол өгч байгаагийн тод илрэл гэж сургалтын мэргэжилтнүүд онцоллоо.  
       Тус сургалтын зорилго нь Монгол улс дахь Байгаль орчны аудитын талаарх мэдээлэл хүргэх, СЕСМИМ төслийн үзүүлэх дэмжлэг, Байгаль орчны аудитын талаар санал бодлоо солилцож, нэгдсэн ойлголтод хүрэхэд чиглэгдэв. Сургалтын үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн оролцож, хэлсэн үгэндээ  “Байгаль орчны аудитын хөгжил, дадлагажилт  бол манай уул уурхайн салбарын хувьд маш чухал асуудал байдаг. Бид энэ чиглэлээр бодитой үр дүнд хүрэх ёстой” гэсэн юм. Байгал орчны аудит нь тухайн байгууллагын байгаль орчинд учруулж болох аливаа сөрөг нөлөө, хохирол, үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, үйлдвэр, ААНБ-ын экологи эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх, улмаар байгаль орчинд болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аргаар үйлдвэрлэл явуулахад төсөл хэрэгжүүлэгч талд туслах, тэднийг учирч болох алдагдал хохирлоос урьдчилан сэргийлэхэд чиглэдэг аж.  Үүсэл хөгжлийн тухайд тодруулбал, 1970 оны сүүлчээс АНУ-ын хувийн хэвшлийн үйлдвэрүүд анх нэвтрүүлж эхэлжээ. Харин Монгол улсын хувьд 2012 онд Байгаль орчны аудитын талаар бие даасан тусгай бүлэг заалтыг Байгаль орчныг хамгаалах хуульд тусгаж, батлуулсан байна.  
 
 
 
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн  2017 оны эргэлтийн хөрөнгийн захиалганд байгаа Зуны дизель түлш 1000 тонныг 7 хоногийн дотор DDP-erdenet агуулах нийлүүлэх нөхцөлтэй харьцуулалтын аргаар яаралтай худалдан авах тул үнийн санал, нийлүүлэх хугацаагаа ирүүлнэ үү.
 
Холбогдох хангамжийн мэргэжилтэн: Ч.Батболд
Утас: 99351496
Хаяг: 61027, Монгол улс, Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны байр 350 тоот
Жич: Материалыг 2017.08.28-ны өдрийн 10.00 цаг хүртэл битүүмжлэн авч төлөөллийг байлцуулан 2017.08.28-ны өдрийн 11.00 цагт нээнэ.
 
 
 
Эрдэнэт үйлдвэр ХХК-д шаардлагатай Ган бөөрөнцөг зүсэгч төхөөрөмжийн сэлбэгийг харьцуулалтын аргаар худалдан авах тул үнийн санал, нийлүүлэх хугацаагаа ирүүлнэ үү.
 
Нэр Загвар Хэмжээ
1 Автомат удирдлагын унтраагуур 130NА 2 ш
2 GК-5 удирдлагын төхөөрөмжийн хөргөлтийн сэнс АС220V 2 ш
3 LСD дэлгэц хуваарилах хавтан 240128В-6/5систем/ 1 ш
4 2 чиглэлт хөдөлгүүр ND-77/127V 1 ш 
5 Төхөөрөмжийн санах ой GК-5 систем 1 ш
6 Өндөр давтамжийн тэжээлийг өсгөгч хавтан GК-5 систем 1 ш
7 Хувьсах давтамжийн хурдыг хянах хавтан SYRVS4B 1 ш
8 Хувьсах давтамжийн эх хавтан SYYCM-BP2 1 ш
9 Интегралчлах хавтан VFD007M21A 1 ш 
10 Хөдөлгүүрийг удирдах хавтан 4# 1 ш 
11 Тэжээлийн блок/квадрат хэлбэрийн/ Square type 10*10 3 ш 
12 Утас тохох дамар 504 DKB machine 2 ш
13 Утас тохох дамар 502 CTP machine 4 ш 
14 Эсрэг үрэлтийн холхивч 624 20ш
15 Эмульс NG-1 60ш
16 Молибден утас M01-D 62ш
 
Жич: Материалыг 2017 оны 8-р сарын 30-ны 10 цаг хүртэл битүүмжилсэн хэлбэрээр авна. 
 
Холбогдох утас, хаяг: 
Хангамжийн мэргэжилтэн: Р.Улаанхүү Утас: 99351274 И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
 
Хаяг: 
61027, Монгол улс, Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны II байр, 352 тоот 
     Монголын хэвлэлийн хүрээлэн ХБНГУ-ын хэвлэл мэдээллийн Дойче Векке академи хамтран эрэн сурвалжлах сэтгүүлзүйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг 4 жил боловсруулан тус сургалтыг зохион байгуулж байна. Cургалтанд эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр мэргэших сонирхолтой сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд хамрагдаж байна. 2017 оны 8-р сарын 21-нээс 9-р сарын 9 хүртэл үргэлжлэх сургалтанд МҮОНРТВ, Хөвсгөл аймгийн “Хөвсгөл” ТВ, Зүүн хараа, Ховд аймгийн телевизүүдийн төлөөлөл болсон 20 гаруй сэтгүүлч хамрагдаж байна. 21 аймгаас орон нутгийн 5 сэтгүүлчийг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын сертификат бүхий тэтгэлэгт хөтөлбөрт хамруулсан. Тус тэтгэлэгт хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэрийн ХМОНХА-ны сэтгүүлч Э. Мөнх-Уянга шалгарч аймаг орон нутгаа төлөөлөн оролцож байна. Сургалтын багт ХБНГУ, Европын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл, ОУ-ын сургагч багш Марк Ли Хантер, Маркус, Линдеманн, Михайэл Халлер, болон хэвлэлийн хүрээлэнгийн багш эрдэмтэд багтаж байна. Сургалтаар эрэн сурвалжилга гэж юу болох, түүхэн хөгжил, арга зүй, хийх аргачлал, нууц эх сурвалжтай ажиллах зэрэг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чухал ойлголтуудыг онол практик хослуулан олгох юм байна. Мөн тус сургалтанд оролцогчид Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн анхдугаар чуулганд оролцоно. Энэ үеэр эрэн сурвалжлах бүтээлийн улсын уралдааны дүнг олон нийтэд таницуулах юм. Тус уралдаанд Эрдэнэт үйлдвэрийн ХМОНХА-ны сэтгүүлч Э.Мөнх- Уянга, зураглаач Ц. Алтансүх нар“Монгол төрийн мартагдсан хэвтүүл”  сэдэвт гал сөнөөгчдийн амь амьдралыг харуулсан бүтээлээрээ оролцжээ.
 
 
 
 
     Паавангийн Дамдингийн 40 шахам жилийн хариуцлагатай, шударга, хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдэг хүртээлээ. Энэхүү баярт мэдээг Монгол, Оросын найрамдлын бэлгэ тэмдэг болсон Эрдэнэт хотын ард иргэд талархан хүлээж авав. П.Дамдин нь 1960-1990 онд аж үйлдвэрийн салбарыг удирдсаны дотор төрийн жинхэнэ сайдын албыг 20 жил хашжээ. Тэрээр 1970 оны дунд үеэс МАХН-ын Төв хорооны Аж үйлдвэр эрхэлсэн нарийн бичгийн даргаар, хэдэн жилийн дараа барилгын салбарыг нэмж хариуцсанаар Монголын аж үйлдвэр, барилга, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарыг бүхэлд нь хариуцсан юм. Энэ хугацаанд үйлдвэржүүлэх бодлого тууштай хэрэгжиж, бүтээн байгуулалт хот, хөдөөгүй өрнөсний дотор Дархан, Эрдэнэт, Багануур сүндэрлэж, аж үйлдвэрийн томоохон төвүүд болон хөгжсөн. Түүнээс гадна уул уурхай, эрчим хүчний салбарыг тэргүүлэх чиглэлээр тодорхойлж хэтийн төлөвлөгөөнд тусгалаа олжээ. Энэ хугацаанд “Эрдэнэт”, “Монгол совцветмет” зэрэг хамтарсан үйлдвэрийн үр ашгийг нэмэгдүүлэх, удирдлага, инженер техникийн ажилтнуудыг үндэсний мэргэжилтнээр бэхжүүлэхэд онцгой анхаарч байв. “Эрдэнэт” үйлдвэрийг Монгол захиралтай болгох асуудлыг П.Дамдингийн удирдлага санаачилгаар шийджээ. 
     XX зууны манлай бүтээн байгуулалтыг ч түүнтэй холбож үзэхээс аргагүй. П.Дамдин 1986 онд АИХ-д Эрдэнэт хотоос сонгогдож төрийн албыг нэр төртэй хашиж явсан нь өнөөдөр бидэнд дурсагдан яригдсаар...
 
Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.МЯНГАНБАЯР 
 
 

 
     Амьдралынхаа хамгийн гэгээн үеэ  дурсаач гэвэл  хүүхэд  нас гэж хэлэх  хүн олон болов уу.  Тиймээс ч хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол хүн бүхэн сууна даа хэмээн дуулдаг. Зусланд өнгөрүүлсэн хөгжилтэй өдрүүд балчирхан үеийг санагалзуулан хүн бүрийн сэтгэлд  уяатай байдаг нь дамжиггүй. Энэ л гэгээн дурсамжаа  хөглөх,  нарсан ойн сэнгэнэсэн    агаараас багахан ч атугай хүртэх, зуслан буухаас амжиж хүүхдүүд хэрхэн амарч буйг сурвалжлахаар   “Найрамдлын Эрдэнэс” зусланг зорилоо. Эрдэнэтээс давхисаар Булган аймгийн Хангал сумын нутаг “Алтан тэгшийн ам”-нд орших тансаг байгальтай гоёхон зусланд ирлээ. Энд  нартай бороо орж, цэцэгсийн анхилуун  үнэр хамар цоргино. Биднийг очиход хүүхдүүд Соёл урлагийн танхимаасаа бүлэг бүлгээрээ жагсан гарч ирэв.
 
Дараа жил зусландаа дахин ирнэ
 
     Зуслангийн сүүлчийн ээлж болохоор ихэвчлэн ахлах ангийн хүүхдүүд байгаа бололтой. Тэдэн дундаас  хамгийн бяцхан  нь болох “Одод” бүлгийнхэнтэй уулзлаа.  Дарханаас ирсэн Бүжинлхам охин дөрөв  дэх жилдээ амарч байгаа гэнэ. Цовоо, жаахан энэ  охин жилийн жилд  зусландаа ирэх өдрийг тэсч ядан хүлээдэг тухайгаа шулганан ярив.   Тэр Зуслангийн нэг өдөр буюу хүүхдүүд багшаар ажилладаг  хөтөлбөрт дуртай.  Хоёр  удаа багш болсон нь түүнд их сонирхолтой байсан аж.  Тэд  зуслангийн   хоолны амт сайхан, агаар цэнгэг, багш нар  ааш сайтай, олон найз нөхөдтэй болсон тухайгаа хөөрөлдөн, дараа жил заавал ирэхээ   бие биеэсээ өрсөн ярих.  Ижилдэн дассан  тэдэнд  зуслангийн долоо хоног хэтэрхий цөөдөж байгаа гэнэ. Мөн зуслангийн зарим   хөтөлбөрт насаар нь ялгаж оруулаагүйд  гомдсоноо  нуусангүй.  Зуслангийн шатрын аварга бүлгээс нь төрснийг тэд бахархалтай ярив. Багш нарын урлагийн тоглолт тэдэнд их таалагддаг гэсэн.  Яриан дундуур  бүлгийн уриагаа нэгэн дуугаар зуслангийн нам гүмийг эвдэн  цуурайтуулан унших нь өхөөрдмөөр. Мөн авьяаслаг  охин, хүү хоёр найзуудынхаа гар утасны цоглог аянд  бүжиглэж үзүүүлэв.  Орой болох  “Зуслангийн  долоон  бүжгийг хэн сайн бүжиглэх вэ” тэмцээнд ирээрэй гэж Одод бүлгийнхэн биднийг урив.  
 
Маргааш буцна гэхээс гунигтай 
 
     Найрамдлын Эрдэнэс зуслан энэ жил найман  ээлжинд  2900 орчим  хүүхэд хүлээж авсан нь өмнөх жилүүдээс хүүхдийн тоо  даруй  25 хувиар нэмэгдсэн гэж зуслангийн  мэргэжилтэн О.Дэлгэрмаа ярьсан. Энд  амрах хүүхдүүд хүрээгээ тэлж  Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ, Булган, Архангай, Дорноговь, Замын –Үүд, бүр ОХУ-ын   Буриад,  Хятад, Герман, Америкаас ч багачууд зорьж ирдэг болжээ. Тэд   сэтгэл дүүрэн, дахин ирэхийн хүслэн хүлээлт болж буцна.  
     Энэ зусландаа олон жил амарсан голдуу Эрдэнэтийн оюутан сурагчдыг багшаар сонгон ажиллуулдаг. Иймээс хүүхдүүдтэй ойр элэгсэг ханддаг гэх. Ноднин жил эцэг эхийн өдөрлөг зохиодог байж.  Эцэг эх нь ирэх боломжгүй хүүхдүүдийн сэтгэлийг эмзэглүүлэхгүй гэхдээ энэ жилээс  больсон  гэж багш нар ярьсан.  Найман ээлж дараалан багшилсан Б.Цэрэн,  “Энэ онд  бид хүүхдүүдийнхээ дунд үр өгөөжтэй олон сайхан үйл ажиллагаа явууллаа. Олон ч   хүүхэдтэй  байлаа. Урьд нь Улсын баяр наадмаар  хүүхдүүд цөөрчихдөг байсан  бол энэ жил 500 орчим хүүхэд амарсан. Хүүхдийн инээд хөөр, баясал цалгисан зуслангийн сүүлчийн ээлж маргааш  бууна  гэхээс гунигтай  байна гээд хоолой нь зангирав.
 
Экологийн мэдлэг олгодог
 
     Хүүхдүүдэд эх орон, байгаль  дэлхийгээ хайрлах, ан амьтдыг хамгаалах экологийн ойлголт өгдөгөөрөө  эднийх бусад зуслангаас  ялгардаг. Ховордсон ан амьтдыг нутагшуулан, төрөл бүрийн шувуудыг тэжээн өсгөж буйг нүдээр харах нь  хүүхдүүдэд илүү  бодитой, сонирхолтой байдаг нь  дамжиггүй.  Ашиглаагүй гэрлээ  унтраах, цэвэр усаа хэмнэх, хогийг хаа сайгүй хаяхгүй байх нь эргээд эх орон, байгаль дэлхийгээ хайрлах соёл, томоохон алхам болдгийг хүүхдүүд экологийн танхимын  сургалтаас  мэдэж авсан гэв. Хүүхдүүдийн амрах  байр  тохилог юм. Тэднийг  тав тухтай амраахын тулд  “Эрдэнэт” үйлдвэрээс өрөө байрыг засаж тохижуулан, зарим орыг сольж,  хоолны заалыг нэмж  барьж өгчээ.  Заалны хүрэлцээ сайжирсан нь хөтөлбөр, үйл ажиллагааны цагийг хэмнэх сайхан боломж олголоо гэж багш нар сэтгэл хангалуун ярилаа. 
 
Амин дэмээр баялаг, эрүүл хоолтой
 
     Үд дунд тогооч нар  хүүхдүүдийг ногоотой шөл, тахианы шарсан мах, хүрэн манжингийн салат, талх жимсний шүүсээр дайлав.  Бүхэл үрийн гурилаар өөрсдөө барьсан шинэхэн талхны амт, үнэр  содон  сайхан  байлаа. Олон хүүхдийн хоол гэхэд   амттай, амин дэмээр баялаг  бас эрүүл санагдсан.  Томхон  хөвгүүд хоолоо нэмүүлж  харагдана. Хооллож дуусаад хүүхэд бүр аяга тавгаа хурааж заншжээ.  Тэд хоолондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.  Зуслангийн ахлах тогооч Б.Насандэлгэр “Энэ жил өмнөхөөс  ачаалал ихтэй байлаа. Энэ  ээлжинд цөөвтөр ердөө  150 гаруй хүүхэдтэй байна. Эхний дөрвөн  ээлжинд 500 хүүхэд хүлээн авсан ч манай баг хамт олон  амт чанар, амин дэм, шингэц сайтай  олон төрлийн   хоолоор үйлчилж хичээж ажилласан” гэв. Гал тогоонд есөн  хүн ажиллаж , хүүхдүүдийг өдөрт  зургаан удаа төрөл бүрийн хоолоор дайлдаг аж.  
 
“Ятгах, найрах”  эрдэмд суралцав
 
     Үдийн хоолны дараа  Pitch  буюу  ятгах, найрах гэгч юу болох тухай сургалт явуулж, богинохон тэмцээн зохиов. Үүнийг ШУМТ-ийн бүтээмж инноваци хариуцсан салбарын захирал Д.Батхуяг  удирдав. Pitch гэдэг нь  өөрт төрсөн шинэ санаагаа  богино хугацаанд оновчтой танилцуулж, тухайн санаа шийдлээ хэрэгжүүлэхэд хэрэгцээт  зүйлсээ олж авах арга аж.  Сургалтын дараа хүүхдүүд  зуслангийн үйлчилгээ, зуслангийн амьдралын эргэн тойронд тулгамдаж буй асуудлыг  гарган танилцуулж, шийдэх арга замыг  эрэлхийлэн уралдав. Тэд  Зуслангийн удирдлагад хандан бид  дэртэй болмоор байна, зуслангийн хугацааг сунгамаар байна, амралтын төгсгөлд аялал зохиох хэрэгтэй гэх мэт санаа дэвшүүлж, эдгээр  асуудал нь  хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл өөдрөг амрахад хэрхэн  саад болж байгааг  нотлохыг  оролдон, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байгаа нь сайшаалтай.  
     Өөрийн  санаагаа богино хугацаанд танилцуулж  хүнийг ятгах, итгүүлэх нь чухал чадварын нэг аж. Энэ тэмцээнд олонтаа оролцсоноор  багахан асуудлыг шийдэх гарцыг олохоос эхлэн агуулга нь томорч, улс орон цаашлаад хүн төрөлхтөний өмнө тулгамдаж буй асуудлыг хөндөн, шийдлийг олох арга замыг эрэлхийлэх чадвартай болох аж. Монголд анх удаа хүүхдийн дунд “Найрамдлын Эрдэнэс” зуслан “ятгах, найрах” чадвар эзэмших  анхан шатны сургалтыг зохион байгуулсан нь онцлог байлаа.
     
     Хүүхдийн инээд хөөр, ил цагаан яриа, дуу хуур, бүжиг  наадам, басхүү хөнгөн гуниг хургасан зуслангийн амьдрал тэртээд одсон хүүхэд насны дурсамжийг сэдрээн, сэтгэлд баясал авчрав. “Найрамдлын Эрдэнэс” зусланд насандаа мартамгүй сайхан дурсамж бүтээн амарч буй багачууд биднийг гар даллан үдлээ...
 
Я.ЭНХТУЯА
 
Даваа, 21 8-р сар 2017 00:00

Эрдэнэсийн тээвэрчин

     Хэдэн жилийн өмнө Г.Даваацэрэн ээжийгээ Эрдэнэтэд эмчлүүлээд нутагтаа хүргэж өгчээ. Тэр үед сумандаа насаараа мал малласан ангийн залуу нь таараад “Чи белазын жолооч болсон гэсэн. Белаз гэж ямархуу машин байдаг юм дээ” гэж ихэд сонирхон асууж. Тэгэхээр нь мань хүн нэг гараа дээр өргөж зогсоод “Дугуй нь л гэхэд надаас ийм өндөр...” гэхэд өнөөх залуу “За, тэгээд хүнээр битгий тоглоод бай. Хөдөөний бид нарыг юм мэдэхгүйгээр нь далимдуулаад залах юмаа” гээд сахлаа өрвөлзүүлэн үнэн голоосоо уурласан гэдэг. Эр хүний замын хүзүү урт хойно дараа нэг өдөр тэд Эрдэнэтэд уулзаж, барьдаг техникээ нүдээр үзүүлж баахан зураг дарж өгөөд явуулжээ. Түүнээс хойш багын анд нь “Манай Даваацэрэн чинь “байшин” жолооддог юм байна лээ ш дээ” гэж нутгийнхандаа бахархан ярих болсон гэдэг.
     Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Гомбосүрэнгийн Даваацэрэн “Эрдэнэт” үйлдвэрт 35 жил белазын жолоочоор ажиллаж, эрдэнэс тээвэрлэн явна. Тэртээ 1980 онд арван жилийн сургууль төгсөөд малчин болохоор сэтгэл шулуудсан түүнийг авга ах нь Эрдэнэтээс даллажээ. Тухайн үеийн залуусын тэмүүлэл болсон шинэ хотыг зориход аав нь “Миний хүү жолооч л болоорой” гэж захисан нь ирээдүйн амьдралын сайн сайханд хөтөлсөн зөн билэг байсан гэлтэй. Говийн хүүхэд хангай газар ирэхэд хаа сайгүй шар үстэй Орос хүмүүс шулганаад, энд тэндгүй машин техник нүргэлээд Эрдэнэтийн бүтээн байгуулалт ид өрнөж байсан үе. Буйдхан хөдөөнөөс ирсэн хүүхдэд их л сонин сайхан мэдрэмж төрж, уулыг нураамаар, усыг ч эргүүлмээр ер бусын эрч хүч амтагдсан биз. Г.Даваацэрэн өдгөө дээд боловсрол олгодог Технологийн сургууль болон өргөжиж хөгжсөн Сургалтын төвд белазын жолоочоор суралцжээ. Дадлагаар том машины засварын гаражид очихдоо гинжин дамжуулгаар белаз авч явааг хараад газар чичирхийлэх шиг болж сүрдсэн гэдэг. Удалгүй тэр нүсэр техникийг өөрийн болгон залуурдаж шөнийн ээлжинд хүдэр тээвэрлэх болжээ. Тэрээр “Газрын баялаг мөн ч арвин шүү. Энэ олон жил 40, 110, 130 тоннын белазаар өдөр, шөнөгүй шороо зөөлөө. Нэг ээлжиндээ дунджаар 20-иод рейс хийдэг гэхээр зөвхөн миний зөөсөн хүдэр хэд хэдэн овоолго болно. Тэгэхэд Эрэнэтийн овоо маань аяга хэлбэртэй болоод байж л байна. Байгалийн өгөөж ийм сайхан...” гэж ярихдаа алсыг ширтэн бодолд автав. Магадгүй онгон дагшин Эрдэнэтийн овоог сэтгэлдээ дахин харсан байх. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллагад белазын 200 орчим жолооч ээлжинд ажиллаж байна. Тэдний дунд Г.Даваацэрэнгийн хүү бас бий. Уулын ашиглалтын инженер мэргэжилтэй хүүгээ эрдэнэсийн тээвэрт уруу татсанаас хойш даруй арваад жил өнгөрчээ. Саяхан л 40 тоннын белаз дээр гар нь чичирч явсан хүү өнөөдөр ааваасаа дутахгүй 130 тоннын даацтайг жолоодохоор дагалдаж явна. Тэгэхдээ 
     Магнайдаа шороог нь адисланхан байж
     Маргад эрдэнийн хөрсийг нь хөнддөг
     Мандан гийсэн гүрнийхээ төлөө
     Махран зүтгэсэн уурхайчин би
     Уулыг нүүлгэх ухааны тэнхээтэй 
     Удмаа дагасан уурхайчин би... хэмээн дуулан белазынхаа кабинд жаргаж яваа.    
     Үнэндээ тэд идэвхтэй амьдралынхаа ихэнхийг машиныхаа кабинд ганцаар өнгөрүүлдэг. Шөнийн ээлжинд гарвал өдөр нь заавал унтаж сайн амрах үүрэгтэй. Ингэх нь осол аваараас урьдчилан сэргийлэхэд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд тустай гэх. Зуны аагим халуунд нозоорч үүрэглэх, өвлийн тэсгэм хүйтэнд даарлаа гээд буучихаж болохгүй тасралтгүй ажиллагаатай уул уурхайн үйлдвэрийн гол түүхий эдийг тээвэрлэх амаргүй ажил. Дасал болсон замаараа элдвийг эргэцүүлж, насан туршдаа өөрийгөө сонсож явсан түүний амьдралд алдаа үгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн аюулгүй ажиллагч Г.Даваацэрэнд одоо алдах эрх бүр ч байхгүй. Учир нь тэр алхах хөдлөх бүрийг нь үлгэрлэн дуурайх арав гаруй шавьтай. Ууган шавь нь 20 гаруй жил жолоо мушгисан, өөртэй нь адил буурал толгойтой нөхөр бий. Тэднийгээ манлайлан Эрдэнэтийн овоогоо нар зөв эргэсээр... 
     Г.Даваацэрэн “Бид энэ хамгийн өндөр отвал руу уруудаж очдог байлаа. “Генерал толгой” бүүр тэр дор харагддаг байсан. Одоо бол нилээн доороос өгсөж  гарч ирж байна. Монголчуудыг мөн ч олон жил тэжээсэн хайрхан даа” гэж бахархан ярьсан. Харин уулыг нүүлгэсэн түүний хөдөлмөр бас бахархалтай санагдана. “Эрдэнэт” үйлдвэрийн Хөдөлмөрийн аваргаар гурван удаа шалгарна гэдэг хүссэн хүн бүр хүрдэг амжилт биш. Авто тээврийн байгууллагынхан явсан зам, зөөсөн хүдрийн хэмжээгээр үйлдвэрийн аваргаа тодруулдаг нь жинхэнэ шударга шалгаруулалт болдог. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн Ерөнхий захирлуудаас бүгдээс нь шагнал хүртсэнээ эгэл уурхайчны хувьд азтай хэрэг гэж үзнэ. Ш.Отгонбилэг, Д.Дорлигжав, Х.Наранхүү захирлаас компанийн Хөдөлмөрийн аваргын шагнал гардаж байсан бол Ч.Ганзориг захирлаар “Тэргүүний уурхайчин” тэмдгээ энгэртээ зүүлгэж, таван жилийн өмнө амьдаа захирлаасаа “Алтангадас” одон хүртсэн гавьяатан. 
     Тэр хэдэн тэрбумаар үнэлэгдэх, хамгийн өндөр үнэтэй машин жолооддог. Зургаан жилийн өмнө Г.Даваацэрэн одоо унаж буй белазаа хүлээж авахдаа хоёр тэрбум гаруй төгрөгийн баримт дээр гарын үсэг зурсан гэж байгаа. Одоо тэр ханш даруй хэд дахин өссөн нь лавтай. Сүүлийн үеийн белазууд маневерлах чадал, даац сайтай, агааржуулалттай, донсолгоогүй гээд түүний хувьд муухан жийпнээс тав тухтай гэх. Харин энгийн бидний нүдээр эв хавгүй, сүрдмээр хатуу харагдана. Ийм л эрхэлсэн ажилдаа, “Эрдэнэт” үйлдвэртээ, эх орондоо элгэн халуун сэтгэлтэй уурхайчин бидний дунд үүр зэсэн өнгөөр туяарч цайхыг хүлээн шөнийн ээлжинд эрдэнэс тээвэрлэж явна.   
 
М.ОДГЭРЭЛ
     “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн МТХХ-ийн орлогч дарга Ж.Ганзориг нар  Беларуссийн Минск хотын белазын үйлдвэртэй танилцжээ. Белазын үндсэн үйлдвэрлэгч нь  “Белаз Холдинг” компани бөгөөд,  Хятад, Казакстан, ОХУ-д хамтарсан үйлдвэртэй төдийгүй борлуулагч компаниудтай аж. Монголын зах зээлийг “Юнайтед Белаз Машинеры” компани хариуцан ажилладаг.  Манай үйлдвэр энэ компаниар дамжуулан белаз худалдан авах юм байна. Уг үйлдвэр 2018 он гартал захиалгатай ч шаардлагатай бол дундуур нь манай хэрэгцээт Белазыг үйлдвэрлэх боломжтойгоо илэрхийлсэн байна. Мөн Москва хотноо хэд хэдэн компаниудын удирдлагатай уулзаж яриа хэлэлцээр хийжээ. “Эрдэнэт” үйлдвэрийн  Ил уурхайд ашигладаг ЭКГ маркийн  экскаватор үйлдвэрлэгч  “Из Картекс” компанийн удирдлагуудтай  сэлбэг хэрэгслээр хангуулахаар тохирсон байна.
     Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсэгт  ашигладаг тээрмийн үйлдвэрлэгч  “Уралмаш” компани  төлөөлөгчөө манайд илгээж  техникийн аудит хийх болжээ. Энэ хоёр  компанийн  хувьцааны тодорхой хувийг эзэмшигч ОХУ-ын  Газпром банкны удирдлагууд  манайд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн байна. Мөн Ил уурхайд ашигладаг  өрмийн машинуудын “Воронежс”, “Рудгормаш” компанитай  техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслээ  шууд авах тохироо хийжээ.  Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тээрмүүдийг үйлдвэрлэсэн Украйны “НКМЗ” үйлдвэрийн төлөөлөл  ирж уулзан, тээрмийн гэрээ хийж,  богино хугацаанд нийлүүлэхээ амласан байна. Тэд  манай хүдэр нунтаглах тээрмүүдийн өөрчлөлт шинэчлэлтэд оролцох хүсэлтэй байгаагаач илэрхийлжээ. 
     Манай үйлдвэр  сүүлийн жилүүдэд  дээрх техникийн сэлбэг хэрэгслийг ОХУ-ын  хувийн жижиг компаниас  мөн урд хөршөөс авч  байсан.  Хэрэглэгийн зүгээс  сэлбэг хэрэгслийн чанар муу, элэгдэлд амархан ордог гэх гомдол гардаг. Ийм  учраас гол техник хэрэгслийн үйлдвэрлэгчтэй шууд харьцах зорилгоор энэхүү уулзалт, яриа хэлэлцээр хийжээ.  Үйлдвэрлэгчдээс “ориг” сэлбэг, хэрэгсэл авч ашиглах нь  үр ашигтай  гэж удирдлагууд үзэж байна. 
 
Я.ЭНХТУЯА
     “Эрдэнэт” үйлдвэрийн Геологи хайгуулын ангийн хамт олон оны эхний хагас жилийн төлөвлөгөөгөө 103 хувиар гүйцэтгэсэн амжилттай ажиллажээ. Тэд геофизикийн ажил, өрөмдлөг, геологийн боловсруулалт гэсэн үндсэн гурван шат дамжлагаар ажилладаг. Геофизикийн үр дүнгээр өрөмдлөг хийж, гарсан дээжид геологийн боловсруулалт хийсний дагуу уулын ашиглалтын ажил гүйцэтгэдэг. Геологи хайгуулын ангийн хамт олон энэ  онд хайгуулаас гадна Хаягдлын аж ахуйн өрөмдлөг,  үйлдвэрийн цехүүдийн захиалгаар  нийт 42 мянган тууш метр өрөмдлөг хийх төлөвлөгөөтэй.
     Одоогоор  өрөмдлөгийн ажил 50 хувьтай, хайгуулын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй явна.   Наймдугаар сар гарсаар тус ангиас таван өрмийн машин Ил уурхайд ажиллаж байна. Эдгээрийн нэг нь ашиглалтын хайгуул хийж, бусад нь хайгуулын дөрвөн төсөл дээр ажиллаж байна. Ил уурхайн гүний ордын  зах хязгаарын тогтоц, төвийн хэсгийн хүдрийн нарийвчилсан үнэлгээг өгөх ажлыг гүйцэтгэж байна. Мөн Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн далангийн уулын цул бэлтгэх, тэсэлгээний болон далан дээрх  усны түвшин хэмжих өрөмдлөгийг тус тус гүйцэтгэж байна.
 
Я.ТУЯА

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог