×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 2-р сар 2017

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хамт олон, уурхайчид, Орхон аймаг, Эрдэнэт хотын ард иргэд, манай компанитай хамтран ажилладаг бизнесийн түншүүд Та бүхэндээ 17-р жарны “Алтан унжлагат” хэмээх Гал Тахиа жилийн сар шинийн баярын мэндийг хүргэе.

Улиран одож буй Бичин жил улс орны хувьд ч, манай компанийн хувьд ч эдийн засаг, санхүүгийн багагүй бэрхшээлтэй тулгарсан хүндхэн жил байлаа. Гэвч бид ажиллагсдынхаа цалин, орон тоог хөндөлгүй, хямралын эсрэг хөтөлбөрийг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж, бүтээгдэхүүний өртөг, зардлыг бууруулах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх дорвитой арга хэмжээ авч ажилласны үр дүнд ололт амжилт ихтэй, сайн ажиллаа.

Манай хамт олон, уурхайчид 2016 оны үйлдвэрлэлийн болон эдийн засгийн төлөвлөгөөгөө бүх үзүүлэлтээр нь давуулан биелүүлж, хүдэр олборлолтоо 35 сая 90 мянган тоннд, хүдэр боловсруулалтаа 31 сая 180 мянган тоннд хүргэсэн нь бахдам амжилт болсон юм. Бичин жилд хөрөнгө оруулалтын боломж бололцоог зөв удирдан чиглүүлсний үр дүнд олон чухал арга хэмжээг хэрэгжүүлсэн. Үүнээс Дулааны цахилгаан станцын өргөтгөл, усан сан, эргэлтийн усны шугамын шинэчлэл, Засвар механикийн заводын шинэ бүтээгдэхүүн, уурхайн удирдлагын цоо шинэ систем зэргийг дурдахад таатай байна.

Бичин жилийн төгсгөлд бид компанийн нийт хэлтэс, цех, албадуудын жилийн ажлыг дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ. Үндсэн үйлдвэрлэлийн 15 цехийн жилийн ажлыг дүгнэхэд Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Дулаан цахилгааны төв, Геологи хайгуулын анги, Лаборатори судалгааны төв “онц” үнэлгээ, бусад цехүүд “сайн” үнэлгээ авч, нийгмийн цехүүдээс манай бүрэлдэхүүнд ажилладаг Орос цэцэрлэг, Орос сургууль “онц” үнэлгээ, бусад нь “сайн” үнэлгээ авсныг онцлон тэмдэглэж байна.

2016 онд хамт олноо тэргүүлэн идэвхи санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан 3 хүнийг “Хүндэт дэвтэр”-т бичиж, 33 хүнийг “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулан алдаршуулав.

Улиран одож буй Бичин жилд компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд олон арга хэмжээ авсан бөгөөд манай хамт олны хувьд урлаг, спортын амжилт ялалтаар дүүрэн жил байлаа.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хамт олны өмнө цаашдаа ихийг хийх, бүтээн байгуулах зорилт тавигдаж байна. Эрдэнэт үйлдвэрээ 2016-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулсан бөгөөд уул уурхайн салбарын онцлог, хөгжлийн чиг хандлагатай уялдуулан 2031 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн стратегиа шинэчилж байна. Энэхүү үндсэн чиглэл, хөгжлийн стратегийн хүрээнд Ил уурхайд мөчлөг урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийн жилийн хүчин чадлыг 35 сая тоннд хүргэх, нэмүү өртөг шингэсэн, үнэлэмж өндөртэй, овор хэмжээ багатай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон зорилтыг дэвшүүлэн, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна.

Энэ бол уурхайчид бидний зорилт. Энэхүү зорилтондоо хүрэхийн тулд техникийн шинэчлэлийн бодлого, дэвшилтэт технологийн бодлого, цогц хөгжлийн бодлого, хүний нөөц, боловсон хүчний оновчтой бодлого болон ирээдүйгээ харсан санхүү, мөнгөний зөв бодлогыг харилцан уялдаатайгаар хэрэгжүүлэх юм.

2017 он эдийн засаг, санхүүгийн нөөц боломжийн хувьд бас л амаргүй жил байх урьдчилсан байдал ажиглагдаж байна. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ямар байхаас эдийн засаг, санхүүгийн боломж маань хамаарна. Гэвч бид энэ онд болох уул уурхайн салбарын 95 жилийн ойгоо угтсан бүтээлч ажил өрнүүлж, 2017 оны бизнес төлөвлөгөөгөө үзүүлэлт бүрээр нь биелүүлэх, 37 тэрбум төгрөгийн ашиг олох зорилгодоо хүрэхийн төлөө хичээн ажиллах болно.

Компанийнхаа бүтээлч хамт олон, Эрдэнэт үйлдвэртэй ажил, амьдрал нь холбоотой үе үеийн уурхайчид, ахмадууд болон Орхон аймаг, Эрдэнэт хотын ард иргэд, бидэнтэй хамтран ажилладаг бизнесийн түншүүд Та бүхэндээ Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан цаг сайхан, цагаа өтгөн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, ирж буй Гал Тахиа жилдээ амжилт бүтээл арвинтай, аз хийморь өндөртэй, эрүүл энх байхыг хүсэн ерөөе.

            Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал,

Монгол улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан,

Техникийн шинжлэх ухааны доктор

Х.БАДАМСҮРЭН

Монгол үндэстний ёс заншлын их баяр хэмээдэг Цагаан сарын өмнө улиран одож байгаа жилийн хөдөлмөрийн аварга, тэргүүний ажилтнуудаа тодруулан алдаршуулдаг уламжлал ёсоор Эрдэнэт үйлдвэр ХХК гал бичин жилийн аваргуудаа тодруулав. Эрдэнэт үйлдвэр ХХК гал бичин жилийн хөдөлмөрийн аваргуудыг тодруулах ёслолын ажиллагаа Уурхайчин соёлын ордны их танхимд боллоо. Ёслолын ажиллагааг нээж Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Хоохорын Бадамсүрэн үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ”Өнгөрч буй бичин жилд манай үйлдвэрийн хамт олон амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Өнөөдөр бид хамт олныхоо дундаас манлайлж шалгарсан аваргууддаа, Хүндэт дэвтэрт бичигдэхээр нэр нь тодорсон тэргүүний хүмүүстээ шагналыг нь гардуулан хүндэтгэл үзүүлэхээр хуран цуглаад байна.” хэмээн онцлон тэмдэглэж, хөдөлмөрийн аварга, тэргүүний ажилтнууд мөн үйлдвэрийнхээ нийт ажилтан ажиллагсдад ирж байгаа тахиа жилийн мэндийг дэвшүүлэв.

Эрдэнэт үйлдвэрийн захиргаанаас жил бүрийн сар шинийн баярын өмнө тухайн жилийн хөдөлмөрийн сайчуулаа алдаршуулан, 3 хүний нэрийг компанийн Хүндэт дэвтэрт бичин мөнхжүүлж, цех тус бүрээс хөдөлмөрийн аварга тодруулан өргөмжилдөг уламжлалтай. Энэхүү уламжлалт хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ удаа улам өргөн дэлгэр, ёслол төгөлдөр боллоо.

17-р жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэх, үйлдвэрлэлийн хэмжээ, борлуулалтын орлого нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах, техник технологи нэвтрүүлэн эзэмших, үндэсний мэргэжилтэй хүний нөөцийг сургаж дадлагажуулах үйлст олон жил идэвх санаачилга гарган өндөр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн амжилт гаргасан тус компанийн ХАБЭАБОХХ-ийн дарга Доржготовын Цагаан-Эрдэнэ, Авто тээврийн байгууллагын ахлах мастер Түвдэнгийн Баярбат, Засвар механикийн заводын  үйлдвэрлэлийн инженер Цэрэндоржийн Цогт-Эрдэнэ нарын нэрийг Ерөнхий захирлын 2017 оны 2-р сарын 17-ны өдрийн А/87 тоот тушаалаар компанийн Хүндэт дэвтэрт бичиж  алдаршуулан”Хүндэт тэмдэг”-ээр шагнаж, 5 сая төгрөгөөр урамшуулав.

Мөн компанид олон жил идэвх санаачилга гарган өндөр үр бүтээлтэй ажиллаж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэн эзэмших, үндэсний мэргэжилтэй хүний нөөцийг сургаж бэлтгэх, хөдөлмөрийн хамт олныг удирдан зохион байгуулах, үйлдвэрлэлийн менежментийг зах зээлийн нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгоход бүтээлч хөдөлмөрөө зориулан хөдөлмөрийн өндөр  амжилт гаргасан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ил уурхайн экскаваторын машинч М.Цогтбаатар, Авто тээврийн байгууллагын хүнд механизмын жолоооч А.Батбаяр, Баяжуулах үйлдвэрийн оосорлогч Г.Бямбарагчаа, Засвар механикийн заводын нимгэн төмөрчин О.Найрамдал, Эрдэнэт сувиллын цогцолборын бага эмч Х.Нарантуяа, Лаборатори, судалгааны төвийн геологич С.Цэсэн,  Олон нийттэй харилцах албаны Радио, телевизийн редактор А.Батбаяр, Спорт ордны дасгалжуулагч Ш.Даваахүү, Үйлчилгээ, аж ахуйн албаны гадна талбайн цэвэрлэгч З.Гэрэлбаатар  нарын 33 ажилтныг компанийн 2016 оны хөдөлмөрийн аваргаар шалгаруулан, “Хөдөлмөрийн аварга” тэмдгээр шагнаж, 3 сая төгрөгөөр тус тус урамшууллаа. Хөдөлмөрийн аваргуудын зургийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хүндэт самбарт байршуулан алдаршуулна.

Баяжуулах үйлдвэрийн Залуучуудын холбооноос цехийн нийт хамт олны дунд “Дээлтэй Монгол” өдөрлөгийг зохион байгууллаа. Монгол үндэстний бахархал болсон дээл хувцсаараа гоёхыг уриалж, уламжлалт өв соёлоороо бахархан, Монгол хувцсыг сурталчлах зорилготой зохион байгуулагдсан “Дээлтэй Монгол” өдөрлөгийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн хамт олон Монгол ёс заншил, уламжлалт зан үйлийн талаарх мэдлэгээрээ уралдлаа. Өдөрлөгт Баяжуулах үйлдвэрийн  14 хэсгийн 12 багийн ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн төлөөлөл болох 60 гаруй ажилтан оролцсон байна. Энэхүү үйл ажиллагааг тус цехийн Залуучуудын холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран зохион байгуулжээ.

“Дээлтэй Монгол” өдөрлөгийн монгол зан заншлын сэдэвт тэмцээн нь 2 хэсгээс бүрдсэн байна. Эхний хэсэг болох дээлний уралдаанд багууд  уламжлалт буюу орчин үеийн загварын төрлөөр өрсөлдсөн бол дараагийн хэсэгт Монгол өв соёл, эртний нэршлийн талаар асуултад хариулж, мэдлэгээ сорилоо. Багийн нийлбэр оноогоор эхний байруудад  Захиргаа, Шүүн хатаах хэсэг, Өргөн тээвэрлэх механизмын хэсэг, Нунтаглан баяжуулах хэсэг тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн урамшуулал хүртсэн байна.

Удахгүй болох сар шинийн баярын бэлтгэл ажлын хүрээнд Орхон аймгийн Онцгой байдлын газар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  хамтарсан “Цагаан сар” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн цех хэсэг, нэгжүүдийн гал түймэр, гамшиг, осол гарч болзошгүй зөрчил дутагдлыг илрүүлэн таслан зогсоох, галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийсэн ажилд үнэлгээ, дүгнэлт, зөвлөгөө өгч, тухайн байгууллагын гамшгийн эрсдэл эмзэг байдлыг бууруулах, галын аюулгүй байдлыг шалган заавар зөвлөгөө өгч аюулгүй байдлыг хангуулахад “Цагаан сар” нэгдсэн шалгалтын зорилго чиглэгдэж байна. Уг шалгалт нь энэ сарын 23-ны өдрийг дуустал Эрдэнэт үйлдвэрийн бүх цех нэгж, үйлдвэрийн дүүрэгт газар гэрээгээр эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудыг хамруулах ажээ.

Гал унтраах 58-р ангиас үйлдвэрийн цех нэгжүүдэд тус шалгалтын явцад хийх ажлын талаар чиглэл өгчээ. Тухайлбал, “Цагаан сар” нэгдсэн арга хэмжээнд хамрагдаж байгаа байгууллагууд объектын галын аюулгүйн дэг журмыг баримталж, компанийн цех нэгжүүдэд суурилагдсан галын автоматикын системүүдийн техникийн бэлэн байдал, ашиглалт, ажиллагаа, үзлэг шалгалтын тэмдэглэл, акт үйлдэх, галын дотуур усан хангамжийн иж бүрдэл, бүрэн бүтэн байдал, байгууллагын цахилгаан шугам сүлжээ, цахилгаан хуваарилах байгууламжийн галын аюулаас  хамгаалагдсан байдал, цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалтын дүрмийн шаардлагыг хангасан байх зэрэг үүрэг даалгаврыг биелүүлэх юм байна.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж, үйлдвэрийн 2017 оны бизнес төлөвлөгөөг баталсан байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бизнес төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийнхэн 2017 оны төлөвлөгөөгболовсруулахдаа өнөөдрийн хүрсэн үйлдвэрлэлийн болон эдийн засгийн үр ашгийн түвшнийг бууруулахгүй байх үндсэн чиглэлийг баримталжээ. Тодруулбал, үйлдвэрийн өнөөгийн түвшин хэвээр хадгалагдаж, үйл ажиллагаа хэвийн жигд үргэлжлэх ёстой. Эцсийн гол үзүүлэлт бол үр ашиг байх болно гэдэг зорилгыг дэвшүүлсэн байна.  2017 онд Эрдэнэт үйлдвэр 37 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөгөөндөө тусгасан байна.   

Өнгөрсөн оны тайлангийн дүнг хэлэлцэх  өргөтгөсөн хуралдаанаар 2017 оны  бизнес төлөвлөгөөг  хэрхэн биелүүлж,  хэрэгжүүлэх талаар үйлдвэрийн бүх газар хэлтсийн дарга, цех нэгжийн удирдлага, инженер техникийн ажилтнуудтай ярилцаж, санал бодлоо солилцлоо. Үйлдвэрлэлийн  жигд ажиллагааг хангаж, үр ашгаа төлөвлөсөн хэмжээнд хүргэх зорилтоо биелүүлэх,  үндсэн болон туслах цехүүд, газар хэлтсийн  ажлын уялдаа холбоонд анхаарч ажиллах нь чухал гэдгийг энэ үеэр онцолсон юм. Мөн үйлдвэрийн хэтийн төлөвийг 15 жилээр авч үзэж, төлөвлөх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа.

Төлөөлөн удирдах зөвлөлийн  дэргэдэх Аудитын хороо Эрдэнэт үйлдвэрийн бизнес төлөвлөгөөтэй холбоотой зөвлөмж гаргасан байна. Зөвлөмжид  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн охин компани, хараат компанид шилжүүлсэн балансын бус хөрөнгийг ашиглуулж байгаа  хууль эрх зүйн үндэслэл, холбогдох гэрээ хэлэлцээрийг  холбоотой компанийн жагсаалтын хамт Аудитын хорооны дараагийн хуралд танилцуулах, Хөрөнгө оруулалт бараа материалын худалдан авалтыг үйлдвэрлэлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зохион байгуулах, олон нийтэд нээлттэй байлгаж, эдийн засгийн үр өгөөжийг тэргүүн ээлжид тавьж ажиллах, хүний нөөцийн бодлого болон цалин урамшууллын системийг шинэчлэн боловсронгуй болгож, Аудитын хорооны дараагийн хуралд танилцуулах, мөнгөн урсгалын төлөвлөгөөг сар сараар тогтоож 2017 оны бизнес төлөвлөгөөнд тусгах, өнөөдрийг хүртэл хийгдсэн худалдан авалтын нэрсийн жагсаалтыг гаргаж танилцуулах, даатгалын бодлого боловсруулж танилцуулах, 2017 оны эхний хагас жилд багтаан үйлдвэрийн 5 жилийн концепцийг Аудитын хороонд танилцуулж, ТУЗ-өөр батлуулах, үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэлийн сан байгуулах, техникийн аудит хийлгэх төсвийг 2017 оны төсөв төлөвлөгөөнд оруулах, ашиг сонирхлын зөрчилгүй компанийг сонгон аудит хийлгэх ажлыг зохион байгуулах, хурлаар хэлэлцэх 2-р асуудал болох Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бараа ажил үйлчилгээ худалдан авах ерөнхий журмыг батлуулж, үйл ажиллагаанд мөрдөж ажиллахыг Ерөнхий захиралд үүрэг болгосон ажээ. 

Лхагва, 22 2-р сар 2017 00:00

Мэдээллийн хөтөлбөр 2-21

part-2 https://www.youtube.com/watch?v=qN0_jvcfh5A&feature=youtu.be

Бүлэг Мэдээ

Огноо: 2017 оны 02 дугаар сарын 21

Эрдэнэт үйлдвэр ХХК-д шаардлагатай байгаа ацетилен, кислородны уян хоолой; толуолыг харьцуулалтын аргаар худалдан авах тул үнийн санал, нийлүүлэх хугацаагаа ирүүлнэ үү.
- Ацетилен, кислородны уян хоолой - 500 п.м
- Толуол - 10 л

Холбогдох утас, хаяг:
     Хангамжийн мэргэжилтэн: Р.Улаанхүү Утас: 99351274 И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
                                                        Б.Оюунчимэг И-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Хаяг:
     61027, Монгол улс, Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны II байр, 352 тоот

Засвар монтажийн цехийн хамт олон энэ оны спорт, соёл олон нийтийн ажлаа “Цасны баяр”-ын үйл ажиллагаагаараа эхлүүлж байна. 2017 он тус цехийн хамт олны хувьд олон сайхан тэмдэглэлт үйл явдлаар дүүрэн эхэлжээ. Тухайлбал,  тус цехийн ажилтан Т.Шижирболд Эрдэнэт үйлдвэрийн тэргүүний ажилтны сүлд модны наадмын алтан азтанаар тодорч, 2 өрөө байрны эзэн болсон бол цехийн дарга Х.Баяраа саяхан Антарктид тивд олон улсын судалгааны багийн гишүүнээр ажиллаж, цехийнхээ тугийг мандуулаад иржээ. Энэхүү тэмдэглэлт үйл явдлыг бэлэгшээн,  тус цехийнхэн Цасны баяраар Антарктидад намирсан цехийнхээ тугийг Хийморийн овоонд мандуулах тэмцээнийг зохион байгууллаа.

Засвар монтажийн цехийн “Цасны баяр”-ын үйл ажиллагааг   чарганы уралдаан, хөгжилтэй буухиа, гир өргөх, шорлогын тэмцээн гэсэн  4 төрлөөр тус бүр нь  6 хүний бүрэлдэхүүнтэй 12 багийн дунд зохион байгуулж, нийт 132 ажилтан оролцов. Тэмцээний төгсгөлд нийт ажилтнууд Хийморийн овоонд явганаар гарч Антрактидад тамгалуулсан цехийнхээ  тугийг мандуулж, З.Түмэн-Өлзий ахлагчтай “50, 60 герц” баг, С.Бат-Эрдэнэ ахлагчтай “Амжилт” баг, Ц.Мөнхдэлгэр ахлагчтай “Аранжин” багууд эхний байруудад шалгарчээ.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог