×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 12-р сар 2017
Даваа, 18 12-р сар 2017 00:00

Харшийн сүлд модны наадам – 2017

     Уурхайчин соёлын ордноос жил бүр зохион байгуулдаг Харшийн сүлд модны наадам 25 дах жилдээ уламжлал болгон явагдлаа. Тус сүлд модны наадамд Уурхайчин соёлын ордны сонгодог бүжгийн дугуйлангийн багш болон сурагчид оролцон тоголж Щелкунчик бүжгэн жүжгийг толилууллаа. 2017 оны 12 дугаар сарын 16,17-нд нийт 4 удаагийн тоглолт тоглогдож амжилттай өндөрлөлөв.  Тус наадамд Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын 2000 хүүхэд оролцож, өвлийн өвгөний бэлэг гардан авлаа.
     Харшийн сүлд модны наадмыг монгол төдийгүй орос хүүхдүүд үздэг болохоор тус наадмыг интернационал ёолк гэж мөн нэрлэдэг байна. Жил бүр хүүхэд багачуудын үзэх, сонсох дуртай үлгэрээс сэдвэлж бүжгэн жүжгээ дэглэдэг талаар найруулагч Д.Одончимэг онцолж байлаа.


 

Даваа, 18 12-р сар 2017 00:00

Шинэ белазууд ажилдаа гарлаа

Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн байгууллагад  хамгийн сүүлийн үеийн загварын Белаз 75 - 131 маркийн гурван шинэ белаз машин өнөөдрөөс ажилдаа гарч байна.  Эдгээр нь Эрдэнэт үйлдвэрт хийгдэж буй техникийн шинэчлэлийн хүрээнд нийлүүлэгдсэнийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн шинэ техникүүдийг хүлээж авах үеэр хэллээ. Эрдэнэт үйлдвэр  1989 оноос анхны 100 дээш тонны даацтай машин техникүүдийг ашиглаж эхэлжээ. Тэгвэл энэхүү гурван белаз машин нэмэгдсэнээр нийт  89 дэх хүнд даацын белаз машинаа  хүлээн авч байгаа аж. Шинээр ирсэн эдгээр белаз машинууд нь 130 тонны даацтай, КТА 50 хөдөлгүүртэй,  уулын цул тээвэрлэх зориулалттай. Технологийн процессын дагуу тасралтгүй ажиллагаатай, өдөр шөнийн 8 цагийн хуваариар дөрвөн ээлжээр ажилладаг бөгөөд  1600 морины хүчин чадалтай, 1164 киловаттын хөдөлгүүртэй уулын тээврийн зориулалттай машинууд аж.  Мөн Белаз 76-48 маркын 32 тонны багтаамжтай хоёр усны тэрэг ашиглалтад бэлэн болжээ. Усны тэрэг нэмэгдсэнээр гүнзгийрч буй карьераас ус зөөх ажлыг эрчимжүүлж, зам усалгааны техникийн хүрэлцээг  хангаж  байгааг тус байгууллагын Уулын технологийн хэсгийн дарга Д.Чадраабал онцоллоо.   Эдгээр шинэ хүнд даацын машиныг Авто тээврийн байгууллагын Технологийн тээврийн авто засварын хэсгийнхэн арав орчим хоногийн хугацаанд Засвар механикийн заводын гагнуурчидтай хамтран гүйцэтгэсэн байна. Белазын угсралт болон засварын  ямар ч ажлыг тус хэсгийнхэн өөрсдийн хүчээр гүйцэтгэх туршлагатай гэж хэсгийн дарга С.Гантогоо тодотгов. 

 

 

 

    Эрдэнэт үйлдвэрээс жил бүр компанийн ажилдчдынхаа шилдэг хүүхдүүдийг шалгаруулан, урлаг соёл, спорт, сурлагадаа гаргасан амжилтыг нь тодотгодог  уламжлалтай. Энэ удаагийн харшийн сүлд модны наадамд Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгор нар ирж амжилт гаргасан багачууддаа баяр хүргэж, шинэ жилийн бэлэг гардууллаа.
    Эрдэнэт үйлдвэрийн 2017 оны шилдэг хүүхдийн бага насны төрөлд шилдэг сурагчаар 19-р сургуулийн  сурагч Эрдэнэбатын Энхжин, оны шилдэг авьяастнаар 4-р цэцэрлэгийн сурагч Алтанбаатарын Түвшинзаяа, оны шилдэг манлайлагч сурагчаар уран хөдөлгөөнт гимнастик, цэнгээнт бүжгээр амжилт гаргасан Нармандахын Анужин шалгарчээ. Харин оны шилдэг оюунлаг сурагчаар 19-р сургуулийн сурагч Тамирын Учрал,оны шилдэг тамирчнаар улс орон нутгийн отго харваанд өндөр амжилт гаргасан Түвшинбатын Нандинхишиг нар шалгарч амжилтаа үнэлүүллээ.
     Дунд насны  төрөлд шилдэг оюунлаг сурагчаар Индонез улсад зохион байгуулагдсан  “ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, үнэмлэхүй ялалт байгуулан ой тогтоолтын дэлхийн аварга болсон Барсбаатарын Ариунбилэг, шилдэг авьяастнаар 4-р сургуулийн сурагч Мөнх-Эрдэнэнийн Очгэрэл, шилдэг тамирчнаар улс олон улсын 100 буудалт даамны тэмцээнд амжилттай оролцож спортын мастерийн болзол хангасан  19 дүгээр сургуулийн сурагч  Чулуунбаатарын Марал-Эрдэнэ , оны шилдэг манлайлагч сурагчаар лаборатори 8-р сургуулийн сурагч Болорсайханы Хүслэн, шилдэг сурагчаар Батбаатарын Дүүрэнгэрэл нар шалгарлаа.
     Харин ахлах насанд оны шилдэг оюунлаг сурагчаар Технологийн сургуулийн лицей ангийн сурагч  С.Сувданчимэг, манлайлагч сурагчаар Орос 4-р сургуулийн сурагч Туулайхүү, оны шилдэг тамирчнаар 13-р сургуулийн сурагч О.Энххүслэн, шилдэг авьяастнаар 8-р сургуулийн сурагч М.Сэргэлэн, шилдэг сурагчаар Орхон Эмпати сургуулийн 12-р ангийн сурагчаар Г.Нацагмаа нар шалгарлаа.

     Эрдэнэт  үйлдвэрийн ирээдүйн төлөв, хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагааны  боломжуудыг  хэлэлцсэн олон улсын эдийн засгийн форум хоёр дахь өдрөө үргэлжилж, үйл ажиллагаагаа өндөрлөлөө. Эрдэнэтийг  “тойрон”  хэлэлцэх зорилгоо бүрэн биелүүлж, Монгол улсын эдийн засгийн зүтгүүр үйлдвэрийг хөгжүүлэх олон боломж буйг форумын явцад олж харсанаа уул уурхайн мэргэжилтнүүд онцлов. Үр дүнтэй хамтын ажиллагаа, оновчтой хөрөнгө оруулалтаар дөчөөд жил тасралтгүй найдвартай ажиллаж ирсэн Эрдэнэт үйлдвэрийг  урт  удаан  хугацаанд ажиллуулах  олон давуу тал байгааг форумын хаалтын ажиллагааны төгсгөлд гадаадын компанийн төлөөлөгчид хэлж байлаа. Энэ бол Эрдэнэт хотод анх удаа зохион байгуулсан олон улсын бизнес форумын хамгийн үнэтэй “олз” юм.
     Бизнес форумын  хоёр дахь өдрийн үйл ажиллагаа бүхэлдээ  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2017-2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн Үндсэн чиглэлд тусгагдсан зорилтот төслүүдэд анхаарлаа хандуулсан. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийн шинэчлэл, Хаягдлын аж ахуйн ашиглалтыг сайжруулан өргөтгөх, Засвар механикийн заводын өргөтгөл, шинэчлэл, Зэсийн баяжмал хайлуулах боловсруулах төсөл, Технологийн сургуулийн хөгжил, хамтын ажиллагааны  төслүүдийн талаар санал солилцох ярилцлага, уулзалт болж, тодорхой шийдлүүдийг гаргасан байна.
     Эдгээр ажил хэрэгч дугуй ширээний уулзалтуудын үр дүнд Эрдэнэт үйлдвэрийн гадаад хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, төлөвлөгөөт төсөл зорилтууд хэрэгжих боломж бүрдэж байгааг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хаалтын ажиллагааны үеэр дүгнэв.  Мөн олон улсын эдийн засгийн форумын үйл ажиллагаанд  Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд Д.Сумьяабазар оролцож, хариуцлагатай тогтвортой уул уурхайг хөгжүүлэхийг зорьж буй чухал цаг үед энэхүү олон улсын бизнес форумыг зохион байгуулсанд талархаж буйгаа илэрхийлсэн юм. Тэрээр түүхий эд экспортлогч орноос нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон луу шилжих үйл явцад  юуны өмнө Эрдэнэт зэрэг том стратегийн орд, үйлдвэрийн газруудад  техник технологийн дорвитой шинэчлэл хийх шаардлагатай байгааг онцоллоо.
     Ийнхүү дөрвөн тивийн 15 улс орны 40 гаруй уул уурхайн салбарын тэргүүлэгч компаниудын төлөөлөгч, мэргэжилтнүүд чуулсан бизнес форум хоёр өдрийн турш Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг ярилцахын зэрэгцээ цаашдын хамтын ажиллагаандаа  шинэ “шан” татсан,  халуун дулаан уур амьсгалтай, эргэн уулзахын ерөөлтэй өндөрлөсөн юм.

 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бизнесийн өнөө ба ирээдүйн төлөв, хөрөнгө оруулалтын болон хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэх зорилготой  “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” олон улсын бизнес форум Эрдэнэт хотноо эхлэв. Уг форумыг Монгол улсын  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэнэт үйлдвэр ХХК  хамтран  зохион байгуулж байна. Бизнес форумд  Монгол Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын ажлын алба,  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны газар хэлтсийн удирдлагууд болон ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Европын 14 орны уул уурхайн тэргүүлэгч компаниудын төлөөлөгчдөөс бүрдсэн  гадаад, дотоодын 200 орчим зочид оролцож байна. Мөн төв орон нутгийн 40 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчид уг форумын үйл ажиллагааг сурвалжилж байгаа юм. Форумын зочид төлөөлөгчид нэгдсэн чуулганы өмнө Эрдэнэт үйлдвэрийн  Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрийн бүсэд ажлын “аялал” хийсэн юм.
     Эдийн засгийн бизнес форумаар   “Эрдэнэт”-ийг тойрон хэлэлцэж, тус үйлдвэрийн ирээдүй, эдийн засгийн үр өгөөж,  олон улсын  хөрөнгө оруулалт, уул  уурхайн  салбарын хууль, эрх зүйн орчин, эрдэс баялгийн нөөц, техник, технологийн шинэчлэлийн талаар санал солилцон, зохих шийдвэр гаргаж, цаашдын зорилтыг тодорхойлно. Өөрөөр хэлбэл, орчин үеийн уул уурхайн салбарын хамгийн дэвшилтэт технологи, бүтээмж инновацийн   шилдэг туршлагыг  Эрдэнэт үйлдвэрт нутагшуулах боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр үйлдвэрлэлийн  өртөг зардлыг  бууруулах, эдийн засгийн өндөр үр ашигтай ажиллах арга зам, гарцыг эдийн засгийн чуулган эрж хайх юм.  Энэхүү зорилгыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн форумыг нээж хэлсэн үгэндээ тодотгож, Эрдэнэт үйлдвэрийн нийт уурхайчин хамт олны урилгыг хүлээн авч, ач холбогдол өгч ирсэн гадаад дотоодын зочдод гүн талархаж буйгаа илэрхийлэв.
     Эдийн засгийн форумын эхний илтгэлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын зөвлөх М.Дагва тавьж, Монгол улсын уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчины талаар мэдээлэл хийлээ. Тэгвэл Монгол улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин, өнөөгийн байдлын тухай илтгэлийг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан тавьсан. Мөн энэ энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч, Монголын зэс корпорацийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх зорилтыг тус үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн М.Мөнхбаатар танилцуулж, Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн байдал, 2017-2031 оны хөгжлийн үндсэн чиглэл, эрдэс баялгийн нөөцийн тухай мэдээллийг холбогдох мэргэжилтнүүд хийв.
     Форумын үйл ажиллагаа  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2017-2031 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл  болон үүнд тусгагдсан техник технологийн томоохон төслүүдэд анхаарлаа  хандуулах юм. Энэ дагуу үндсэн чиглэлд тусгагдсан  Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийн шинэчлэл, Хаягдлын аж ахуйн ашиглалтыг сайжруулан өргөтгөх, Засвар механикийн заводын өргөтгөл, шинэчлэл, Зэсийн баяжмал хайлуулах боловсруулах төсөл, Технологийн сургуулийн хөгжил, хамтын ажиллагааны төслүүдийг хэлэлцэж байна. Эдийн засгийн форум хоёр өдөр үргэлжилнэ.

 

 
 

 

     “Эрдэнэт хотын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан хаалтын баярын үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Энэ үеэр баярын жагсаал, урлагийн тоглолтын дараа 2017 онд тус бүр гурван ихэр хүүхэд төрүүлсэн хоёр айлд орон сууцны түлхүүр гардуулан өглөө. Тодруулбал, Гурван ихэр хүүхэд төрүүлсэн Г.Бадамханд болон түний гэр бүлд АЗДТГ-аас “Lux Apartment”орон сууцны байранд 2 өрөө байр, Б.Солонго түүний гэр бүлд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 3 өрөө байрны түлхүүр гардуулан өгсөн юм.
     Мөн БОАЖГ-аас Лампан импра туяаны цахилгаан халаагуураар гэр хорооллын 30 өрхийг хангалаа. Түүнээс гадна “Залуучуудын бизнесийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд гарааны бизнес эрхлэгч 2 иргэнд нийтдээ 10 сая төгрөг, “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн хүрээнд  6 иргэнд нийтдээ 18 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, 4 иргэнийг байнгын ажлын байранд зуучиллаа. А.Амарын талбайд “3 бүдүүн”, “Сүнс” хамтлагийн тоглолт 21 цаг хүртэл үргэлжилж, ёслолын буудлага болсноор баярын үйл ажиллагаа албан ёсоор дууссан юм. 

 

     Өнөөдөр Орхончууд Монгол орны хөгжлийн өнгө чимэг болсон төрөлх Эрдэнэт хотынхоо өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж байна.
     Тэртээ 1975 оны 12-р сарын 11-ний өдөр   БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн  226 дугаар зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог 1976 оны нэгдүгээр сарын 1-ээс Эрдэнэт хот хэмээн нэрлэхээр шийдвэрлэсэн  түүхтэй. Тэгвэл Орхон аймгийн ИТХ-ын энэ оны 10 дугаар сарын 27-ны өдрийн  хуралдаанаас  01  тоот  тогтоол гаргаж,   “Эрдэнэт хотын  өдөр”- ийг жил бүрийн 12 дугаар сарын 11-нд ёслол төгөлдөр тэмдэглэж байхаар тогтсон юм. Тиймээс энэ өдрийг  “Эрдэнэт хотын өдөр” хэмээн тунхаглаж, нийгэм соёл урлаг, спортын олон талт үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ өдөр хотын Ерөнхий боловсролын бүх сургуулиуд анхны хичээлээ “Эрдэнэт хотын түүх”-ээр эхэлж, “Миний мэдэх Эрдэнэт хот” сэдэвт эссе бичлэг, гар зургийн уралдааны шилдгүүд тодров. Мөн Төрийн жинхэнэ албан хаагчид тангарагаа өргөж, Нийгмийн дэмжлэгийн сангаас багш эмч нарт “Батламж” гардуулсан юм. Эрдэнэт хотын томоохон хуладаа үйлчилгээний төвүүд “Их хотын хямдрал” зарлаж, нийтийн тээвэр, Сархиа цанын бааз иргэддээ үнэ төлбөргүй үйлчиллээ. Соёл урлагийн тоглолт, спортын олон уралдаан тэмцээн энэ  өдрөөр зохион байгуулагдаж, Эрдэнэтчүүд төрөлх хотоороо бахархаж, баярлаж өнгөрөөв. 

 

     Лаборатори судалгааны төв нь компанийн зардал бууруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг сайжруулах болон бүтээгдэхүүний төрөл олшруулах зорилгоор туршилт хийхийн зэрэгцээ Баяжуулах үйлдвэрийг төлөвлөгөөт үзүүлэлтээ биелүүлж ажиллахад нь технологийн шуурхай тусламж үзүүлэн ажилладаг.
     Судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэхэд тоног төхөөрөмж нэн түрүүнд чухал үүрэг гүйцэтгэдэг.
     Лаборатори судалгааны төв нь Чех улсаас эрдсийн анализатор TIMA (Tescan Integrated Mineral Analyzer)-г захиалан авч үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Сая гаруй ам.долларын үнэтэй тус анализатор нь электрон микроскоп дээр суурилсан орчин үеийн технологийн шилдэг шийдлүүд бүхий эрдсийн бүрэн шигжилгээний систем юм. Үүнийг ашиглан хүдрийн минералоги, петрографийн мэдээллийг нарийвчлал өндөртэй гаргаж технологид үүссэн асуудлын шалтгааныг тайлбарлах, ирээдүйд боловсруулах хүдрийн баяжигдах чанарыг урьдчилан таамаглах зэрэг цаг хугацаа, ажиллагаа их шаардсан ажлуудыг чанартай шуурхай хийх боломж нээгдэж байна.
     Түүнчлэн TIMA-г ашиглан ордын геометаллургийн загварчлал, хүдрийн технологийн мэдээлэл боловсруулах болон Баяжуулах үйлдвэрийн технологийн хяналт хийх үйлдвэрийн шат дамжлагуудад хүдэр технологийн дагуу боловсруулагдаж байгаа эсэхийг тогтоох боломж бүрдэж байна.
     Эрдсийн анализаторийн хэрэглээний сургалт өнгөрсөн долоо хоногт үргэлжилж дууссан байна. Мөн тус анализаторыг суурьлуулахад долоо хоногийг зарцуулжээ. Одоогийн байдлаар төхөөрөмжийг туршилтын байлдаар ажиллуулж байгаа гэж хариуцсан мэргэжилтэн бидэнд мэдээллээ.

     Монгол улсын 2017 оны Орон нутгийн шилдэг сониноор “Эрдэнэт” үйлдвэрийн Олон нийттэй харилцах албанаас эрхлэн гаргадаг “Өнөөгийн Эрдэнэт” сонин шалгарлаа. Тус сонин нь 30 дахь жилдээ тогтмол хэвлэгдэж байгаа бөгөөд “Эрдэнэт” үйлдвэр, орон нутаг төдийгүй улс орны эдийн засаг, нийгмийн үйл явдлыг шуурхай мэдээлэхийн зэрэгцээ уул уурхайн үйлдвэрлэл, эгэл уурхайчдын ажил, амьдралын сэдвээр даацтай нийтлэлүүд гарган уншигчдын талархал хүлээсэн тул Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс ийнхүү өргөмжилсөн байна. МСНЭ  Монгол улсын 2017 оны шилдэг сониныг тогтмол гаралт, нийтлэлийн чанар, бодлого, хүртээмж, макет дизайн зэрэг шалгуураар тодруулжээ.
     “Өнөөгийн Эрдэнэт” сонины уул уурхайгаар мэргэшсэн сэтгүүлч, уран бүтээлчид үйлдвэрлэлийн бодлого шийдвэр, хөдөлмөрийн аюулгүй байдал, техник, технологийн шинэчлэл, эдийн засаг, хэтийн төлөв, уурхайчдын ажил, амьдралын талаар мэдээ, сурвалжилга, хөрөг нийтлэл, ярилцлага, асуудал хөндсөн өгүүлэл зэрэг сэтгүүл зүйн бүхий л төрлөөр бичиж, төвийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. Улирч буй онд уг сонин уншигчдадаа 40 гаруй дугаарыг ойн баярын сэтгүүлийн хамт бэлэг барьсан юм. 
     Бүтээн байгуулалт, уул уурхайгаар мэргэшсэн 30 жилийн түүхтэй “Өнөөгийн Эрдэнэт” сонин мэргэжлийн төв байгууллагаасаа ийнхүү шилдгийн өргөмжлөл хүртлээ.  

         


 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог