Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 12-р сар 2017

     “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээлч хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавраа бүх үзүүлэлтээр давуулан биелүүллээ. Тухайлбал, уулын цул гаргалтыг 12-р сарын 24-нд, хөрс хуулалтыг 12-р сарын 17-нд, хүдэр олборлолтыг 12-р сарын 26-нд, өрөмдлөгийн ажлыг 12-р сарын 17-нд, ачаа эргэлтийг 12-р сарын 26-нд, хүдэр боловсруулалтыг 12-р сарын 26-нд, зэсийн баяжмал дахь зэс гаргалтыг 12-р сарын 14-нд, молибдений баяжмал дахь молибден гаргалтыг 8-р сарын 10-нд, зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг 12-р сарын 20-нд, молибдений баяжмал үйлдвэрлэлийн төлөвлөгөөг наймдугаар сарын 27-нд биелүүлжээ. Ийнхүү уурхайчдын нөр их хөдөлмөр, өндөр зохион байгуулалтын үр дүнд “Эрдэнэт” үйлдвэр үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавраа бүх үзүүлэлтээр давуулан биелүүлжээ.

Я.ЭНХ
     Баяжуулах үйлдвэрийн Механикийн албаныхан энэ онд хүдэр нунтаглалтын тээрмүүдийн хүрдний хуягны чангалгаанд HITORC компанийн HY230-2 загварын шингэн хөтлүүрт ажиллагаатай түлхүүрийг засвар үйлчилгээнд нэвтрүүллээ. Уг түлхүүр нь 3500NM хүчээр чангалах чадалтай ба хүрдний хуягуудын боолтыг ижил хүчээр жигд чангалах нөхцөл бүрдэв. Ингэснээр хуяг сольсны дараа тээрмүүдийг хоёр удаа зогсоож бүтэн чангалгаанд оруулдаг байсныг хяналтын чангалгаа нэг хийдэг болжээ. Мөн ашиглалтын явцад боолтны чангалгаанаас үүсэх сул зогсолтыг багасгах давуу талтай. Энэхүү багаж нь Баяжуулах үйлдвэрийн ӨНХ-ийн МПСИ-№5, ММС-№1,2 хагас өөрөө нунтаглалтын тээрмүүдийн ТУСЗ-н цагийг төлөвлөгөөнөөс багасган, хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг давуулан биелүүлэхэд том түлхэц болох юм. Цаашид уг багажны ашиглалтыг нэмэгдүүлэн нэгж боолт чангалах хугацааг багасгах, улмаар БҮ-ийн үндсэн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд нэвтрүүлэх ажээ.
 
М.ГЭРЭЛ
Лхагва, 27 12-р сар 2017 00:00

Зөв сэтгэл

     
     Энэ удаа уншигч та бүхэнд нэгэн эгэл инженерийн тухай хүүрнэх гэж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн Холбооны хэсгийн тэргүүлэх инженер Ш.Цэцэгмаа Улаанбаатар хотын унаган иргэн. Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар дунд сургуульд есдүгээр анги хүртлээ суралцсан тэргүүний сурагч явжээ. Одоогийн Сүхбаатар дүүрэгт түүний хүүхэд нас өнгөрсөн гэнэ. Тэдний ангийн нэлээн олон хүүхдийн гэр хүнсний нэгдүгээр дэлгүүрийн ойролцоо байв. Чойбалсангийн хөшөөтэй МУИС-ийн хойд талын арктай байранд элитүүдийн хүүхдүүд амьдардаг байж. Харин 10-р ангид орох жилээ тэр Эрдэнэтэд ирж суралцжээ. Тэрбээр 1978 оны 12-р сарын 14-нд “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад ороход 10 жилийн сурагчдын хамт туг лоозон барьж жагссан хүүхдийн нэг аж. Ю.Цэдэнбал тэргүүтэй төр, засгийн удирдлагууд ирж үйлдвэрийн тээрмийн товчлуур дарахыг,үйлдвэрийн зэс, молибдений анхны баяжмал ачсан вагоны туузыг хайчилж, замд гарахыг харж зогссон азтай нэгэн. Түүний аав нь Эрдэнэтийн анхдагч. Илгээлтийн эзэн Гэлэгийн Шаравдорж багш. Хан Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул. Харин ээж нь ОХУ-ын Улан-үдийн унаган иргэн. Оросын буриад Ренчинханд гэж Улаанбаатар хотын хэвлэх үйлдвэрт насаараа ажилласан нэгэн болой. Тэр эцэг эхээс дөрвүүлээ. Бүгд охид. Түүний төрсөн эгч  Ш.Долгор 18 настайгаасаа тухайн үеийн хамгийн том Улсын төв банкинд ажиллажээ. Одоогийн Худалдаа хөгжлийн банк. Дараа нь дээд мэргэжил эзэмшээд тус газраа 65 нас хүртлээ ажилласан байна. Агуу байгаа биз. Аливаа хүн хэл яриа, үйл хөдлөлөөсөө танигдах нь бий. Шарав багшийн охид наснаасаа эрт хэрсүү суусан бололтой. Энэ бүхэнд өссөн орчны хүмүүжил их нөлөөлсөн гэх. Түүний дүү Клиникийн профессор  Ш. Цэцэгсанаа. Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт их эмчээр ажилладаг. Бага дүү нь хуучнаар Политехникийн дээд сургуулийг технологич мэргэжлээр төгссөн Ш.Янжмаа гэж буй. Гаднын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байна. Шарав багшийн охид ийн улс, нийгэмдээ хөдөлмөрлөж явна. Ш.Цэцэгмаа сурагч насныхаа гэгээн үеийг дурсахдаа: “Манай хоёрдугаар сургууль дэг журам сахилга бат өндөр. Эрдэнэтийн сургууль арай задгай санагддаг байлаа. Хоёрдугаар сургуульд “Онц “сурлагатан байхгүй. Сайн суралцагч хоёр, гуравхан байх жишээтэй.  Харин Эрдэнэтэд ирээд би онц сурсан гэж даруухан өгүүлэв. Тэр гадаадын сургуульд явахыг мөрөөдөж явсан ч дотооддоо суралцжээ. Учир нь түүнийг 10 төгссөн жил  уул уурхайн чиглэлээр хүйс заасан нэг, хоёрхон гадаадын хуваарь ирсэн аж. Иймээс  тэр 10-р ангиа “Онц” дүнтэй төгсөөд хуучнаар Политехникийн дээд сургууль авчээ.  Их сургуулиа радио холбооны инженер мэргэжлээр төгссөн байна. Тухайн үед улсын хэмжээнд радио релейний шугам ашиглалтад орчихсон байв. Өөрөөр хэлбэл холбооны инженерийн мэргэжил эрэлттэй байсан цаг. Тэдний ангиас нэг ч хүүхэд хотод үлдээгүй, бүгд хөдөө хуваарилагджээ. Их сургууль дүүргэсэн инженер бүсгүй Булган аймгийн Дашинчилэн сумын Радио станцаас ажил хөдөлмөрийн гараагаа эхлэхдээ амьдрал дээр их зүйл сурсан гэх. “Дашинчилэнд ажилласан маань ажилдаа дадлагашиж, туршлагажсан. Улаанбаатараас Эрдэнэт,Баян-Өлгий хүртэлх радио релейний шугам дагуух хэмжилт хийдэг том станц Дашинчилэнд байсан юм. 24, 48-ын дизель хүртэл ажиллуулна. Дизелийн сэлгэн холболт хийнэ. Техникч өвчилсөн тохиолдолд ганцаараа ч ээлжинд гардаг байлаа” хэмээн хөдөө хөхөрч, гадаа гандаж явсан үеэ дурсав. Соц нийгмийн үед хариуцлага их өндөр. Дашинчилэнд ажиллаж байхад Баян-Өлгийн шугамд гэмтэл гарвал бүх хүнд хамаатай болчихно. Өөрөөр хэлбэл нэг ээлжийн чанарын бригад түүнийг засахын төлөө ажиллана. Хэрвээ цаг хугацаанд нь гэмтлийг илрүүлж засахгүй бол хариуцлага тооцдог хатуу чанга сахилга баттай ажилладаг байсан” гэж нэмж хүүрнэв. Тэр ажлын туршлага болохоор зүйлийг байнга тэмдэглэнэ. Хэдийд ямар гэмтэл хаана гарсан гэх мэтээр. Түүний тэмдэглэлийн цагаан дэвтэрт энэ бүхэн буй. Зарим гарсан гэмтлийг дэвтрээ хараад л тодорхойлох жишээтэй. Энэ нь түүний амьдралаас олж авсан ажлын туршлага. Одоо ч тэр ажлын тэмдэглэл хөтөлсөөр...Сүүлийн хэдэн жилд эдний цехэд техник технологийн шинэчлэл явагдах үед  Цэцэгмаагийн цагаан дэвтэр хаана байна хэмээн хамтран ажиллагсад нь сураглаж явах вэ дээ. Яагаад гэвэл түүний тэмдэглэл ажил амьдрал дээр хэрэг болсон болохоор. Ер нь холыг ойртуулж, хоёрыг учруулдаг нь холбоочид. Орчин үед харилцаа холбоо мэдээллийн технологийн дэвшилгүйгээр ямар ч байгууллагын хөгжлийг төсөөлшгүй. Өөрөөр хэлбэл холбоо мэдээллийн салбарын хурдцыг дагаж улс орон хөгжиж буй. Энэ чухал албанд тэрбээр 25 жил ажиллажээ. Холбоочин хүн соц нийгмийн үед хагас цэргийн зохион байгуулалттай байв. Цэрэгжилтийн хичээл орно. Хээрийн сургуулилтад ч тэр гарч явжээ. Улс оронд ямар нэг хүнд үе тохиолдвол цэргийн холбоочноор ажиллах бэлтгэл офицер хэмээн үздэг байв. Энэ бүхнийг тэр туулсан нэгэн.Үйлдвэрийн нэгэн үе гарч ирсэнтэй холбогдуулан Холбооны хэсэг дээр монтёруудад  ажлын байрны сургалт явуулжээ. Уг сургалтыг дотоод нөөц бололцоогоо ашиглан явуулсан бөгөөд Ш.Цэцэгмаа нарын инженерүүд голлох үүрэг гүйцэтгэсэн байна. Тэрбээр ханьтайгаа 10 жилийн сургуульд байхдаа үерхэж. Одоо таван хүүхдийн эмээ, өвөө болжээ. Эднийх гурван хүүхэдтэй. Тэр хөвгүүддээ толгойгоо сайн ажиллуул. Айл гэрийг авч явах ажил, амьдралын ухаантай бай хэмээн захидаг гэсэн. Түүний ханийг Намсрайн Үржинцог гэдэг. Тэрбээр  ОХУ-д уул уурхайн маркшейдр мэргэжил эзэмшжээ. Мэргэжлээрээ “Эрдэнэт” үйлдвэрт 10 гаруй жил ажилласан аж. Одоо Орхон аймгийн Барилга захиалагчийн албанд инженерээр ажиллаж байна. Энэ хөргийн эзэн Цэцэгмаа уяхан сэтгэлтэй. Хэн хүнд тохиосон зовлон бэрхшээлийг сэтгэлдээ ойр хүлээж авдаг. Тиймээс хэн хүнд ямагт туслахыг эрхэмлэдэг гэсэн. “Ажил хийсэн хүн алдаа гаргах нь бий. Харин алдаагаа давтаж болохгүй. Аливаа хүн өөрийгөө зөвтгөх гэдэг. Хүний алдаа дутагдлыг хамт ажилладаг хүмүүс л хэлнэ. Залуус зарим тохиолдолд санаанд хүртэл ажлаа хийхгүй болохоор би хүнийг зэмлэх гээд байх болж. Миний үеийнхэн хүний үг даадаг байсан. Ер нь хүн өөрийн биеэр ажлыг махран хийж сайн мэргэжилтэн болно. Холбооны хэсгийн хамт олон   “Эрдэнэт” үйлдвэрийн 30 гаруй цех, нэгжийн 2600  гаруй телефон цэг, үйлдвэрлэлийн шуурхай удирдлагын технологийн холбоо, 500 гаруй радио холбооны төхөөрөмжүүд, хурал, зарлан мэдээллийн систем, худаг сувагчлалаар татагдсан холбоо, мэдээллийн физик болон шилэн кабелийн үндсэн сүлжээ, агаарын шугамын ашиглалт үйлчилгээ, тасралтгүй байдлыг хангах үүрэг хариуцлага хүлээн ажилладаг. Манай цехэд чадварлаг инженер, ажилчид ажиллаж байлаа. Тухайн үеийн цехийн дарга асан Д.Нямгэрэл, Г.Баттогтох, инженер С.Сүхбаатар, Ж.Цэвэлсүрэн, Дашдаваа гээд дурдвал олон хүнийг нэрлэмээр байна. Түшигтэй, тулхтай эдгээр хүмүүсээс их ч зүйл сурсан, бүгд миний багш нар, ийм хүмүүстэй хамт ажиллаж байснаараа бахархдаг.Одоо шинэ залуу ажилтнууд мэдлэг боловсролоороо хүнээс  илүү гарна уу гэхээс дутах юм алга, гол нь ажилдаа чин сэтгэлээсээ хандаж яваасай гэж бодогддог. Ямар ч ажлыг сэтгэлээсээ хийж үр дүнг  нь харахаар хүнд сайхан мэдрэмж төрдөг шүү дээ” гэв. Тэрбээр хоёр жил дараалан цехийн хөдөлмөрийн аваргаар тодорч,‘Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялааж, 2013 онд Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн аварга болсон нь нэгийг хэлэх биз ээ. Зарим үед бичсэн, бичүүлсэн хоёр ичих тохиолдол буй. Харин Ш.Цэцэгмаа инженер шиг хэлэх үгтэй, хийсэн ажилтай хүний талаар үзэглэхэд ичих зүйл алга. Ш.Цэцэгмаа инженер тоног төхөөрөмжийн хүчин чадлыг бүрэн ашиглах, хуучирсан техник технологийг шинэчлэн солих, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэж байгаа дэвшилтэт тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг судалж, тэдгээрийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулжээ. Электрон схем, деталийн каталог хийн нэвтрүүлсэн нь радио релейны тоног төхөөрөмжийн гэмтлийн үед шуурхай ажиллагааг хангах оновчтой санал болов.  HiCom372 систем суурилуулснаар үйлдвэрийн холбооны үйлчилгээ чанарын өндөр түвшинд гарчээ. Үйлдвэрлэлийн технологийн холбоог шинэчлэх ажилд  АТС-ийн хэсгийн гүйцэтгэх ажлыг удирдан зохион байгуулж,  техникийн бичиг баримт боловсруулан олон төрлийн системийн судалгаа хийж техникийн шийдэл гаргах, системүүдийн угсралт, тохируулга хийх, программчлах ажлыг чанарын өндөр түвшинд хийсэн байна. Түүний ээж ажилд нягт нямбай ханддаг, цэгцтэй нэгэн явсан гэнэ. Хүнд үргэлж хариу нэхэхгүй тус хүргэж яв хэмээн захидаг байж. Тэр үүнийг амьдралдаа мөрдөж иржээ. Хүнд тусалж чадахгүй юм гэхэд тусалчих юмсан гэж бодож явахад л болно. Зөв бодлоос сайн үйл үүсдэг гэх. Зөв сэтгэлийн үр ийм буюу.
 
Т.БАТЧУЛУУН
Нэгэн цаг үед “Эрдэнэт” үйлдвэрийн “Шилдгийн шилдэг ажилтан”-аар тодорч байсан Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тээрмийн машинч Ч.Баасанбаатартай уулзаж шинэ жилийн дурсамжаас нь хуваалцлаа.
 
-Танд удахгүй болох шинэ оны баярын мэнд хүргэе
-Баярлалаа.
 
-Танай хамт олны шинэ жилийн баяр сайхан болов уу?
-Сайхаан. Шинэ жил хүний амьдралд тохиолддог чухал үйл явдал. Өнгөрч буй ондоо хийж бүтээснээ дүгнэж, ирэх жилийн ажлаа төлөвлөдөг үе. Шинэ жилийн баяраар амжилт бүтээл гаргасан олон ажилтан шагнуулж, сугалаанд азаа сорьж их сайхан баярлалаа. 
 
-Таны хувьд  2017 онд  хэр амжилт бүтээлтэй  байв?
-Тун дажгүй.  Хамт олон удирдлагууд маань миний хөдөлмөрийг үнэлэн шинэ жилийн баярын үеэр Засгийн газрын шагнал “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр шагналаа.
 
-Та нэгэн цаг үед  “Эрдэнэт” үйлдвэрийн Шилдгийн шилдэг ажилтан болсон. Тэр үеэ дурсвал?
-Би маш их баярласан. Ерөнхий захирлын нэрэмжит шинэ жилийн үйл ажиллагааны сүрлэг сайхан  тайзны  дэлгэцэнд миний зураг томоор гарч, намайг алдаршуулан дуудахад итгэж чадахгүй  байж билээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 6000 ажиллагчаас шалгаран тухайн жилийн  дээд шагналыг гардсандаа  бахархан омогшиж байсан даа. Энэ нэр хүндтэй шагналыг би гардсан ч ард нь  хамт олны  минь хөдөлмөр, хичээл зүтгэл байдаг. Иймээс тэдэндээ би  үргэлж   талархаж явдаг. Өнгөрсөн онд  сугалаанд аз таарч, Өмнөговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газар, уул уурхайн үйлдвэрүүдтэй танилцах аялалд оролцсон. 2010 оны шинэ жилээр Баяжуулах фабрикийн шилдэг ажилтнаар шалгарч явлаа. Ер нь шинэ жил болгон надад  мартагдашгүй дурсамж үлдээдэг. 
 
-Та “Эрдэнэт” үйлдвэртэй ажил амьдралаа хэзээнээс холбосон бэ?
-1985 онд Эрдэнэт хотын нэгдүгээр  сургуулийг дүүргээд “Эрдэнэт” үйлдвэрийн Урвалжийн хэсэгт ачигч уусгагчаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1992 онд Нунтаглан баяжуулах хэсэгт тээрмийн машинчаар одоог хүртэл ажиллаж байна. Багадаа ааваасаа өнчирсөн 18 настай жаахан хүү намайг сайхан хамт олон түшиж авсан. Ууган эгч маань “Эрдэнэт”-д илгээлтээр ирээд Хөвсгөлийн Тариалан сумаас ээж, ах, дүү биднийг авчирснаар эндэхийн хүн болсон доо. Миний  ах Амгалан дүүдээ мэргэжлээ эзэмшүүлнэ гэснээр би ачигч уусгагчаас тээрмийн машинч руу “урвасан”  юм даа/инээв.сурв/. Тээрмийн машинчийн анхны А үсгийг надад Цогт-Очир багш минь заасан юм. Бутлагдсан  хүдрийг  тээрэмдэж  хөвүүлэн  баяжуулах машин руу дамжуулдаг энэ сайхан ажилдаа би дуртай. Технологийн болон аюулгүй ажиллагааны дүрмээ ёсчлон мөрдөж,  үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө  биелүүлэн  ажиллах шиг сайхан зүйл үгүй. 
 
-Таныг хөдөлмөр хөнгөвчлөх, ажлын байрны эмх цэгцийг сайжруулахад чиглэсэн  эдийн засгийн үр ашигтай  олон санаачилга гаргасан гэх юм билээ. Энэ талаар яривал?
-Ер нь ганц би ч биш. Манай хамт олон бүтээмж инновацийн  үр дүнтэй олон төсөл хэрэгжүүлдэг. Тухайлбал тээрмийн уян схемийг санаачлан хийсний үр дүнд цагт 500 кВт цахилгаан хэмнэж, хүдэр алдалтыг багасгасан. 
 
-Ирэх онд та ямар төлөвлөгөөтэй байна?
-Би “Эрдэнэт” үйлдвэрт тасралтгүй 30 гаруй жил ажиллаад өнөө маргаашгүй гавьяаны амралтандаа сууна. Миний хүү намайг залгамжлан, тээрмийн машинч болохоор зэхэж байгаа. Шинэ оноос “Эрдэнэт” үйлдвэр  нэгэн залуу ажилчнаар бүл нэмж байгаад би баяртай байна.  
 
-Хүү тань удам дамжсан тээрмийн машинч болох нь ээ?
-Уг нь хүү маань СУИС-ийн дуулаачийн ангийг дүүргэсэн. Гэлээ ч аавынхаа мэргэжлийг өвлөхөөр  Технологийн сургуульд баяжуулагч, тээрмийн машинчийн  жилийн курст суралцаж төгссөн. Одоо дадлага хийж байна. Манай үйлдвэр өндөр насны тэтгэвэрт гарч  буй ажилчны нэг хүүхдийг  өөрийнх нь ажил мэргэжлийг залгамжлуулдаг сайхан уламжлалтай. 
 
-“Эрдэнэт”  үйлдвэр тасралтгүй ажиллагаатай. Та ажил дээрээ шинэ оноо угтах  үе  байсан  уу?
-Байсан. Сонирхолтой л байдаг. Энэ үеэр үйлдвэрийн удирдлагууд  ирж шинэ оны  мэндчилгээ дэвшүүлээд  явах нь ажилчин бидний  сэтгэлд дулаан сайхан мэдрэмж төрүүлдэг.  
 
-Төгсгөлд нь та юу хэлэх вэ?
-Улсынхаа эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч, олон хүний сайн сайхан амьдралыг цогцлоож буй  үйлдвэрээрээ би бахархдаг.  Үйлдвэрээ дагуулан бүхэл бүтэн хотыг бий болгож, ажилчдын болон хотын иргэдийн  нийгмийн асуудлыг бүхлээр нь шийдсэн жишиг үйлдвэр өнөөдөртөө Монголд үгүй л  байна. Тийм болохоор энэ үйлдвэрийн “эд, эс” болсон бид  азтай хүмүүс. Ингээд “Эрдэнэт” үйлдвэрийнхээ нийт хамт олонд шинэ жилийн баярын мэнд хүргэж, аз жаргалын дээдийг ерөөе.
 
Я.ЭНХТУЯА
Лхагва, 27 12-р сар 2017 00:00

Уурхайчдын тухай дуу “төржээ”

     Саяхан “Уурхайчин” соёлын ордонд болсон “Сонгодог шуранхай” тоглолт дээр Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Н.Нямсүрэн, Д.Дагиймаа нар уурхайчдад зориулсан хоёр шинэ дуугаар үзэгчдэдээ гэнэтийн бэлэг барьсан. Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Дашдондовын үг, “Морин хуур” наадмын тэргүүн шагналт, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын аялгуу “Ухаарлын сүлдтэй уурхайчин”, Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Н.Батжаргалын үг, Р.Эрдэнэцогтын ая “Уурхайчны гэргий” хэмээх уран бүтээл мэндэлжээ. “Ухаарлын сүлдтэй уурхайчин” нь мэргэжлийн хүрээнийхэн чансаагаа сорих “том” бүтээл болсон бол “Уурхайчны гэргий” нь нийтийн дууны хэлбэрээр бүтээгдсэн байна. Энэхүү дууг “Эрдэнэт” үйлдвэрийн Ил уурхайн Үйлдвэр техникийн товчооны дарга П.Түвшинжаргал, Авто тээврийн байгууллагын Үйлдвэр техникийн товчооны инженер Н.Ариунболд гэх уурхайчдын гэргий нар дуулсан нь онцлог юм. “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчин гэр бүлүүдийг дүрсэнд багтаан клип хийлгэх хэтийн зорилго бий талаар дуучин ярьсан юм.
 
 
М.ОД
Лхагва, 27 12-р сар 2017 00:00

Аз хурсан айлд зочилсон нь

     Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан бүр жил бүрийн өдийд Ерөнхий захирлынхаа нэрэмжит шинэ жилийн баярын цэнгүүнийг битүүхэн хүлээж догдолдог. Учир нь тэр үдэш компанийн 6000 гаруй ажиллагсдын дундаас бүртгэлийн дугаараар Алтан азтан тодорч, хоёр өрөө байрны түлхүүр газар дээр нь гарддаг уламжлалтай. 
     Өнгөрсөн жил Засвар монтажийн цехийн гагнуурчин Пүрэвсүрэнгийн Шижирболд Алтан азтанаар тодорч, монгол гэрээ элит орон сууцаар сольсон. Баярт үйл явдлын ойн дээр тэднийд зочилж амьдралын мартагдашгүй дурсамжаас нь хуваалцахыг зорилоо. Азтаных “Маргад” дээд сургуулийн хойно сүндэрлэх Эрдэнэтдээ дээгүүр зэрэглэлд тооцогдох өндөр байранд оржээ. Цагаан даашинзтай, гурван настай болов уу гэмээр “цасан охин” хаалга нээлээ. П.Шижирболд ээлжийн ажилдаа “мордохоор” зэхэж байв. Гэрийн эзэгтэй гал тогоондоо бууз сэвээд чөлөөгүй. Хүүгийн анги энэ өдөр шинэ жилээ тэмдэглэсэн юм уу гэлтэй үсээ толийтол самнаад цагаан цамцаар гоёж. Хойморт зассан гоёхон гацуурын гэрэл анивчаад, хүүхдийн инээд хөөр цалгиад, хоолны үнэр хамар цоргиод гэр бүлийн халуун дулаан амьсгал угтсан нь юутай таатай. 
 

     Гэрийн эзэгтэй цай аягалах зуур нутаг ус, уурхайчны амьдралд хөл тавьсан түүхийг нь сонирхов. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул П.Шижирболд долоон жилийн өмнө нагац нараа бараадан Эрдэнэсийн хотыг зорин иржээ. Тэр үед хүү нь дөрвөн сартай байсан гэдэг. Өмнө нь Тавантолгойн Дулааны цахилгаан станц, Оюутолгой компанид туслах гагнуурчнаар ажиллаж байсан тэрээр Технологийн сургуульд суралцаж хүнд үзүүлэх мэргэжлийн үнэмлэхтэй болох зорилго өвөрлөн анх ирсэн гэнэ. Сургуулиа төгсөөд тун удаагүй байтал “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар угсралтын цехэд гагнуурчин сонгон шалгаруулж ажилд авах зар түгжээ. Хүмүүсийн дунд “Сонгон шалгаруулна гэж худлаа. Орох хүн нь хэдийнэ тодорчихсон байгаа” гэх явган яриа амь бөхтэй оршиж хүсэл зоригийг нь унтрааж байсан ч материалаа бүрдүүлээд өгөхөд илүүдэх юун хэмээн бодож “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захиргааны байрыг зүглэн итгэлгүйхэн алхсан нь саяхан. Сонгон шалгаруулалтад 13 хүн өрсөлдөж, эхний шатны онолын шалгаруулалтаар долоон хүн үлдэхэд мань хүн тогтож. Гэхдээ л “Эзэн нь тодорхой доо...” гэх олны яриа ортой санагдсаар л байсныг нуугаагүй. Дараагийн шатанд мэргэжлийн ур чадвараа бодитоор үзүүлэн шалгуулжээ. Дүн тэр дороо гарч комисс П.Шижирболдын нэрийг дуудахад ёстой магнайгаа хагартал баярласнаа ярив. “Эрдэнэт” үйлдвэрт гурван сар ажиллаад нутгийнхаа довон дээр тоглож өссөн ханьтайгаа хуримаа хийсэн нь амьдралынх нь бас нэгэн сайхан дурсамж.      
 

 
     Тэрээр цаг руу үе үехэн хяламхийх нь ажил руугаа яарч, хагас цаг хууч хөөрөх “виз”-тэйг надад сануулна. Эднийх жилийн өмнө нагац эгчийнхээ хашаанд айлсан гэрт амьдардаг байв. Захын хашааг хэлэх үү, архи зардаг дэлгүүр ойрхныг хэлэх үү, П.Шижирболд шөнийн ээлжинд ажиллахдаа ар гэрийнхэндээ санаа ихэд зовдог байснаа ярив. Хүүхдүүд нялх болохоор эхнэр ажилгүй, ганц хүний цалин амьдралд хаана ч хүрэхгүй. Гэхдээ энэ сайхан үйлдвэр бараадсан юм чинь хэзээ нэгэн өдөр байртай болно доо гэсэн гэгээн мөрөөдөл тээж явсан. Өнөөдөр тэрээр Зууны манлай үйлдвэрт зургаан жил хэртэй ажиллаад л Алтан азтанаар тодорч “оронтой” болсон доо гээд тав тухтай, халуу дүүгсэн байрныхаа хойморт инээд цацруулж сууна. 
     2016 оны арванхоёрдугаар сарын 28-ыг бид эргэн дурслаа. П.Шижирболд ажлаасаа гэртээ ирээд “Өнөөдөр Ерөнхий захирлын шинэ жилтэй. “Эрдэнэт” телевизээр шууд дамжуулна. Байр хожчихвол ч...” гэх аястай юм ярихад эхнэр нь тоомжиргүй өнгөрөөж. Харин хүү Ш.Мөнгөншагай нь удалгүй хувцсаа бэлдээд “унаж”. Тэгснээ “Та нар азын шагналаа очиж авахдаа өмсөх хувцсаа бэлдээч. Тэгээд яг явах болохоор сандрах гэж байгаа юм” гэх нь тэр. Зөнч хүүгийнхээ хэлэхийг ч тоохгүй, ээж нь дүүг нь унтуулах гэж хэвтэснээ хамт дугхийчихэж. Харин торгон агшин ирэхэд хөтлөгч ажилтны бүртгэлийн дугаарыг 86... гэж өндөр дуугаар дуудахад л зүрх нь хүчтэй цохилж сууж чадахгүй догдолж эхэлсэн гэнэ. Дугаар тодорхой болж дэлгэц дүүрэн өөрийнх нь зураг гарахад эхнэр, нөхөр тэврэлдэн, хүүхдүүдээ барьж аван үнсэж тэр гэрт багтахгүй их баяр хөөр болсон тухай тэд одоо ч ярихдаа нүдэндээ нулимстай байна. 
     Утас нь ээлжгүй хангинаж, Ерөнхий захирлын унаа тэднийг авахаар ирж явааг дуулсан улс ёстой л юу өмсөж зүүхээ олохгүй сандарч, хүүгийнх нь хэлсэн орой руу нь орсон аж. Шинэ жилийн нүд гялбам тайзан дээр П.Шижирболдын гэр бүлийнхэн жаахан охиныхоо үсийг ч боож амжаагүй, дэндүү энгийн гарч, хоёр өрөө байрны түлхүүр гардахдаа үг хэлж чадахгүй шахам баярлан байгааг харсан Эрдэнэтчүүд тэр чигтээ алга ташин баяр хүргэсэн. 
 

 
     Алтан азтаны гэргий Б.Даваажав эрх зүйч мэргэжилтэй. Тэрээр хадам аав, ээждээ юу юунаас илүү баярладгаа ярьсан. “Манай хүн дөрвөн хүүтэй айлын хүүхэд. Аавын үг бол “хууль”. Элдэв муу зуршилгүй, ажилдаа үнэнч, олонтой эвсэг, үр хүүхдийнхээ төлөө чин сэтгэлтэй ханийгаа харахаар илүү хайрламаар санагддаг. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг дээ. Миний хань сайн учраас бурхан биднийг шагнасан гэж бэлгэшээж боддог” гэв. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийнхээ удирдлага, уурхайчин хамт олондоо үргэлж баярлаж явах болно гэж хэлэхдээ хананд өлгөөтэй жаазтай дурсгалын түлхүүрээ удаан ширтсэн. 
     Өрхийн тэргүүн ажилдаа яарч, энэ гэрийн гүнж Ш.Урангоо цасан бүжгээр биднийг үдэв.
 
 
 
М.ОДГЭРЭЛ

 

 

Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн Гадаад хэлний төв нь англи, орос, герман хэлний анхан, дунд, ахисан дунд шатны сургалтад бүртгэж байна.

Суралцахыг хүсэгчид Технологийн сургуулийн оюутны байрны 112 тоотод ирж бүртгүүлнэ үү.

Мэдээллийг erdenetis.edu.mn болон erdenettoday.mn сайтаас авна уу.

Холбогдох утас: 757-73603, 757-73612, 94351364

Бүлэг Боловсрол

     Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Монголын уул уурхай, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв” ТББ-тай хамтран зохион байгуулсан “Монголын уул уурхайн салбар-95 жил” гэрэл зургийн уралдааны “Хариуцлагатай уул уурхай” номинацид Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны гэрэл зурагчин Б.Баттөгсийн “Уурхай дагасан хөгжил” сэдэвт гэрэл зургийн бүтээл гуравдугаар байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав. Шагналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал гардууллаа.
     Монголын уул уурхайн салбарын түүхэн хөгжил, уурхайнуудын хувьсал, олон янзын өнгө төрх, уурхайчдын ахуй амьдралын гайхамшгийг гэрэл зургаар дамжуулан олон нийтэд дэлгэн харуулах зорилготой тус уралдаанд оролцсон 300 гаруй бүтээлүүдээс шалгарсан 30 бүтээлээр гэрэл зургийн үзэсгэлэн гаргах юм байна.

     Монгол орны үйлдвэржилт, хөгжил дэвшлийн бэлгэдэл болсон “Эрдэнэт” үйлдвэрийн “Britannica” буюу “Эрдэнэт нэвтэрхий толь”-ийг компанийн түүхэнд анх удаа олон улсын стандартад нийцүүлэн бүтээлээ. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн ойг угтсан томоохон ажлын нэг юм. Нэвтэрхий толь нь цагаан толгойн үсгийн дарааллаар эрэмбэлэгдсэн А-М, Н-Я гэсэн хоёр боть бөгөөд 3200 гаруй толгой өгүүлэлтэй, 1900 гаруй гэрэл зураг, чимэглэлтэй бүтээгджээ. “Эрдэнэт” үйлдвэрийн бүтцийн нэгжийн үүсэл, хөгжил, үйл ажиллагааны онцлог, компанийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, техникүүдийн болон Эрдэнэт-Овооны эрдэс, үнэт чулуулгийн танилцуулга, Эрдэнэт хотын хөшөө дурсгалуудын тухай зэрэг өргөн хүрээг хамарсан мэдээлэл багтсан байна. Мөн “Эрдэнэт” үйлдвэрт тасралтгүй 30-аас дээш жил хөдөлмөр зүтгэлээ зориулсан эгэл уурхайчдаас эхлээд компанийн Хөдөлмөрийн аваргууд, Төрийн шагналтнууд, бүтцийн нэгжүүдийн үе үеийн удирдлагууд, тэдгээрийн ажил үйлсийн бахдам амжилтуудыг ч хамруулжээ.  


Я.ЭНХ

    

Уул уурхайн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын  оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, бүтээл  шалгаруулах “МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН САЛБАР 95 ЖИЛ” сэдэвт  бага хурал саяхан Улаанбаатар хотноо боллоо. Тэргүүн байрт “Белаз-75131-автосамосвалын эргэлтийн цилиндрийн эдэлгээг уртасгах боломжийн судалгаа” сэдэвт илтгэлээр Технологийн сургуулийн УУТТ-4 ангийн оюутан Ч.Итгэлтбаатар шалгарч өргөмжлөл нэг сая төгрөг, “КМД маркийн бутлуурын хуяг сэргээн засварлах боломжийн судалгаа”сэдэвт илтгэлээр  мөн сургуулийн УУТТ-4 ангийн оюутан М.Ням-Очир, М.Тэнгис нар дэд байр эзэлж, өргөмжлөл 750 мянган төгрөгөөр шагнагдав. Эдгээр оюутныг Б.Одбаяр багш удирджээ.

 

 


Я.ЭНХ

Бүлэг Боловсрол

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог