Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Пүрэв, 14 12-р сар 2017

     Эрдэнэт  үйлдвэрийн ирээдүйн төлөв, хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагааны  боломжуудыг  хэлэлцсэн олон улсын эдийн засгийн форум хоёр дахь өдрөө үргэлжилж, үйл ажиллагаагаа өндөрлөлөө. Эрдэнэтийг  “тойрон”  хэлэлцэх зорилгоо бүрэн биелүүлж, Монгол улсын эдийн засгийн зүтгүүр үйлдвэрийг хөгжүүлэх олон боломж буйг форумын явцад олж харсанаа уул уурхайн мэргэжилтнүүд онцлов. Үр дүнтэй хамтын ажиллагаа, оновчтой хөрөнгө оруулалтаар дөчөөд жил тасралтгүй найдвартай ажиллаж ирсэн Эрдэнэт үйлдвэрийг  урт  удаан  хугацаанд ажиллуулах  олон давуу тал байгааг форумын хаалтын ажиллагааны төгсгөлд гадаадын компанийн төлөөлөгчид хэлж байлаа. Энэ бол Эрдэнэт хотод анх удаа зохион байгуулсан олон улсын бизнес форумын хамгийн үнэтэй “олз” юм.
     Бизнес форумын  хоёр дахь өдрийн үйл ажиллагаа бүхэлдээ  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2017-2031 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн Үндсэн чиглэлд тусгагдсан зорилтот төслүүдэд анхаарлаа хандуулсан. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийн шинэчлэл, Хаягдлын аж ахуйн ашиглалтыг сайжруулан өргөтгөх, Засвар механикийн заводын өргөтгөл, шинэчлэл, Зэсийн баяжмал хайлуулах боловсруулах төсөл, Технологийн сургуулийн хөгжил, хамтын ажиллагааны  төслүүдийн талаар санал солилцох ярилцлага, уулзалт болж, тодорхой шийдлүүдийг гаргасан байна.
     Эдгээр ажил хэрэгч дугуй ширээний уулзалтуудын үр дүнд Эрдэнэт үйлдвэрийн гадаад хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, төлөвлөгөөт төсөл зорилтууд хэрэгжих боломж бүрдэж байгааг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хаалтын ажиллагааны үеэр дүгнэв.  Мөн олон улсын эдийн засгийн форумын үйл ажиллагаанд  Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд Д.Сумьяабазар оролцож, хариуцлагатай тогтвортой уул уурхайг хөгжүүлэхийг зорьж буй чухал цаг үед энэхүү олон улсын бизнес форумыг зохион байгуулсанд талархаж буйгаа илэрхийлсэн юм. Тэрээр түүхий эд экспортлогч орноос нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон луу шилжих үйл явцад  юуны өмнө Эрдэнэт зэрэг том стратегийн орд, үйлдвэрийн газруудад  техник технологийн дорвитой шинэчлэл хийх шаардлагатай байгааг онцоллоо.
     Ийнхүү дөрвөн тивийн 15 улс орны 40 гаруй уул уурхайн салбарын тэргүүлэгч компаниудын төлөөлөгч, мэргэжилтнүүд чуулсан бизнес форум хоёр өдрийн турш Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг ярилцахын зэрэгцээ цаашдын хамтын ажиллагаандаа  шинэ “шан” татсан,  халуун дулаан уур амьсгалтай, эргэн уулзахын ерөөлтэй өндөрлөсөн юм.

 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог