Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 11-р сар 2017

 

КСД, МД гэсэн хоёр төрлийн конусан бутлуурын хуяг үйлдвэрлэж байгаа. Бутлуурын хуягнаас гадна  бусад захиалгын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн эд ангийг хийдэг. Токарьчин хүн гэж нэг үгээр хэлбэл, сэлбэг хэрэгслийн эд анги бүрийг зорж тааруулж,  урладаг хүмүүс. Төмрийн урлаачид юм даа... Өөрийн ажил хөдөлмөрийнхөө тухай цөөн үгээр ийн өгүүлж буй  Цэгмидийн Шоовдор гэх эгэл даруухан энэ хүн  Эрдэнэт үйлдвэрээр овоглосон олон зуун шилдэг ажилтны нэг.  1991 оны хавар цэргийн албаа хааж, залуу насны ид бяр, хүсэл тэмүүлэл дүүрэн хүү Засвар механикийн заводад токарьчнаар орж байв. Тэр цагаас  одоог хүртэл амьдрал, ажил үйлсээ зориулж яваа халуун дулаан хоёрдахь  “гэр” нь тус заводын Механик цехийн машины  дуун нүргэлсэн энэ орчин. Тоос шороо манарч, машины тос үнэртсэн ч цаанаа л дотно санагдах энэ л байшингаар тэр хагас жарантай бараг тэнцэхүйц он жилүүдийн турш  хаяглаж явна. Ажлын эхний өдрөө 16 К20 гэдэг жижиг суурь машинтай “танилцжээ”. Харин одоо үйлдвэртээ  төдийгүй улсын хэмжээнд хамгийн том хүчин чадалтай токарийн машины эзэн нь. Зөвхөн энэ ялгаа л  түүнийг  тасралтгүй ахиж дэвшиж, ажлаа арван хуруу шигээ  эзэмшсэнийг гэрчилнэ.  Эрдэнэттэй холбогдсон түүний түүх энгийн атлаа бахархам. Эвлэлийн илгээлт өвөртөлсөн залуус  Эрдэнэтийн овоог зорих 1974 он.  Ц.Шоовдорын аав ээж нь Арын сайхан хангайгаас нүүн ирэхэд тэрээр таван настай байж.

Эрдэнэсийн уулын өвөрт нутагшсан түүний хүүхэд нас эрин зууны их бүтээн байгуулалтын ирмүүн үйлсээр “амьсгалж” өнгөрсөн юм. Учир нь түүний аав Цэгмид нь Эрдэнэтийг барьж байгуулах Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд жолооч, ээж Нямжав нь барилга үйлдвэрлэлийн КП-2 гэдэг байгууллагад гагнуурчнаар ажилдаг байв. Илгээлтийн эздийн гараар боссон ясли, цэцэрлэг, сургуулийг “дамжин”, бага насны бүхий л дурдатгал нь Эрдэнэтийн өрнөлтэй салшгүй холбоотой болоод ч тэр үү өөрийгөө эндэхийн унаган хүүхэд гэж бодно. Эргэлзэх бодолгүйгээр цэргийн албанаас шууд үйлдвэрийн цехдээ ирсэн нь ч тэр л элгэмссэн сэтгэл нь хөтөлснийх. Аавынхаа жолооддог аварга техникийн кабинд өссөн түүнд тээврийн машины жолооч болох нь ойрхон байлаа. Дунд сургуулиа төгсөнгүүт тэр үеийн Батлан хамгаалахад туслах  нийгэмлэгийн жолооны сургуульд  суралцаж,  жолооч болоод амжчихав.  Гэвч хувь тохиол нь түүнийг  токарийн машины “жолооч”-ийн замд даллаж, засвар механикийн заводын  урдаа барьдаг токарьчдын нэг болох эхлэлийг тавьсан. Нэгэн насны мэргэжлээ тэр 9,10-р ангид байхдаа эзэмшсэн гэдэг. Тухайн үед ерөнхий боловсролын ахлах ангийнханд үйлдвэр сургалт гэж хичээл ордог, тэр хичээлд  токарьчны чиглэлээр суралцсан нь Ц.Шоовдорын амьдралынх нь чиг зүг, бас утга учир нь болно гэдгийг яахан мэдэх билээ. Ажилчин болсон анхны өдрөө тэр мартдаггүй. Жолооч, токарьчин, тоног төхөөрөмжийн слесарь гэсэн хос мэргэжил эзэмшчихсэн, өөртөө л “додигор”  түүнд үйлдвэрийн захиргаанаас Авто тээврийн байгууллага, эсвэл Засвар механикийн заводын аль нэгэнд ажиллах бичиг хийж өгч. Ах дүү, танилаа барааддаг монгол хүний зангаар тэр Засвар механикийн заводад ажиллаж байсан нагац ахаа түшиж, сонголтоо хийж. Харин түүнийг тэнд ахаас нь дутуугүй  алган дээрээ тосч,  ажилд нь хурдан  зүгшрүүлсэн олон багш нар, нөхөд нь угтсан.  Анхны багш  Даваасүрэнгээ долоо хоног дагалдаад л тэр “жинхэлж” байжээ. Сайн токарьчин боллоо гэснийх биш цаашид ажил мэргэжилдээ эзэн нь байгаарай  гэсэн итгэл, урам зориг өгсөн  хэмээн тэр ярьсан. Үнэхээр ч тэр өдрөөс өдөрт гаршиж, нягт нямбай, өндөр бүтээмжтэй ажиллахыг мэрийсээр өдий хүрчээ. Цаг ямагт  зааварлаж, зөвлөж  ирсэн  ахмад токарьчин Т.Базар, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан О.Зоригт гээд гайхалтай хөдөлмөрч, хамт ажиллахад нөмөр нөөлөгтэй багш нартаа тэр үргэлж талархаж явна.  Амжилт бүхнийх нь ард байдаг хамт олноо бүхнээс эрхэмлэн хүндэлнэ. Гэртээ байхаас бусад цаг мөч,  амьдралын олон өнгөт өдрүүдийн жаргал зовлонгоо хуваалцаж ирснээ юугаар ч сольшгүй аз жаргал гэж бодно. Ц.Шоовдор 12 цагийн ээлжийн ажилтай. Ээлжиндээ зургуулаа ажилладаг ч тэдэнтэйгээ нэг хүн шиг ижилдэн дасчээ. Чин сэтгэл, нөр зүтгэлээс үүдэлтэй хөдөлмөрийн өгөөж энэ. Токарийн хэсгийнхний ажил өөрийн онцлогтой. Тэд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Механик цехээс захиалагчдаа очих тухайн тоног төхөөрөмж, эд ангиудын хийц, чанар, эдэлгээ нь тэднээс л хамаарна. Сэтгэлийн ур, нарийн мэдрэмжээ шингээн байж урласан бүтээгдэхүүн бүр нь төгс байх учиртайг Ц.Шоовдор сайн мэднэ. Ийм л эгэл жирийн хирнээ энгүй ихийг бүтээгч хөдөлмөрийн хүмүүсийн тэмүүлэл дээр Эрдэнэт оршном.   

М.Балжинням

 

2017 оны 11-р сарын эхэн өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэрийн харъяа “Сэлэнгэ” амралтын баазад ХАБЭА-н дөрөв дүгээр шатны иж бүрэн хяналт явагдав. Иж бүрэн хяналтаар тус баазад “Хангалттай” гэсэн үнэлгээ өгчээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын 2016 оны А/699 дугаар тушаалын дагуу ажилтнуудыг компанийн үйлдвэрлэлийн бүсэд байрлах ажлын байрандаа хувийн тээврийн хэрэгслээр ирэхийг хориглосон шийдвэрийг мөрдөх ажил 2017 оны 11-р сарын 6-ны өдөр эхэллээ. Зайлшгүй шаардлагаар хувийн тээврийн хэрэгслээр ажилдаа ирэх ажилтнуудаас замын хөдөлгөөнд оролцох үедээ аюулгүй байдлыг ханган оролцох талаар батламж бичиг гаргуулан авсан байна. Цаашид бүтцийн нэгжүүд дотоод хяналтыг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар албаны хүн онцлов.

“Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсдын дунд явагддаг “Safety first”буюу “Нэн түрүүн ХАБ”тэмцээн удахгүй эхэлнэ. Энэхүү тэмцээнийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах хэлтэс, Уурхайчин соёлын ордон, Олон нийттэй харилцах алба хамтран зохион байгуулах юм.

“Safety first”тэмцээн анх 1996 онд  Уурхайчин соёлын ордны Соёл олон түмний секторын эрхлэгч Д.Ганчулууны санаачилгаар ХАБ-ын мэдлэг мэдээллийг соёл урлагтай холбон ХАБ-ын тэмцээн хэмээн  явагдаж эхэлсэн.  2012 оноос “Safety first”буюу “Нэн түрүүн ХАБ” гэсэн нэртэйгээр явагдаж байна. 2014 оноос энэхүү тэмцээнийг  жил бүр явуулах Ерөнхий захирлын шийдвэр гарсан билээ.

 Энэ жил “Эрдэнэт” үйлдвэрийн түүхт 40 жилийн ойгоо угтан явагдаж буйгаараа онцлогтой болох юм. “Нэн түрүүнд ХАБ-2017” тэмцээн нь  компанийн ажилтны ХАБЭА-н мэдлэг чадварыг сайжруулах, энэ мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, ХАБ-ын зөв соёлыг төлөвшүүлэх зорилготой юм. Сүүлийн жилүүдэд компанийн ажилтнууд олноороо шинэ ажилтнаар солигдож байна. Тийм учраас сургалтыг дан ганц лекцийн танхимаар бус, соёл урлагтай холбон нээлттэй, сонирхолтой хэлбэрээр явуулдгаараа энэ тэмцээн давуу талтай. Олон ажилчинд  ХАБ-ын тухай мэдээлэл хүргэх, мэдлэгийг түгээх зорилготой болохоор  аль болох шинэ ажилтнуудыг тэмцээнд оролцуулдаг уламжлалтай билээ.

Энэ удаагийн тэмцээн хоёр үе шаттай, онооны системээр явагдах бөгөөд  хамгийн өндөр оноотой 9 баг хоёрдугаар үе шатны тэмцээнд орно. Нэгдүгээр шатны тэмцээн 11-р сарын зургаанд эхлэх бол хоёрдугаар шатны тэмцээн 11-р сарын 27, 28-нд, гала тоглолт 29-нд болох юм. “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн ойг угтаж хийж буй гол ажлуудын нэг учраас компанийн удирдлагууд дэмжиж шагналын санг өндөр тогтоожээ. 

Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн гурван үеийн ажилчдаас бүрдсэн “Эгшиглэн” хамтлаг 10 жилийн ойн баяраа угтан Эрдэнэтчүүддээ уран бүтээлийн тоглолт өргөн барихаар бэлтгэж байна. Анх тус  хамтлаг нь  9 гишүүнтэйгээр уран бүтээлээ эхэлж  байсан бол одоо  залуу, дунд, ахмад үеийн 20 гаруй  авьяаслаг гишүүдтэй болж, эгнээгээ тэлжээ. Хамтлагийн анхдагчид хэд хэдэн  хөгжмийн зэмсгээр тоглодог бөгөөд гарын шавь нараа ч бэлтгэж эхэлсэн байна.  “Эгшиглэн” хамтлагийн уран бүтээлийн анхны бие даасан тоглолтоо энэ сарын 12-ны өдөр  болох ажээ.

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хянан шалгах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор шалган нэвтрүүлэх постууд болон ерөнхий захиргааны байруудад  хяналтын тоног төхөөрөмж суурилуулах ажил эхэллээ. Үүний хүрээнд шалган нэвтрүүлэх байр барих,  карт уншигч  суурилуулах ажил хийгдэх аж. Энэ ажлыг ирэх оны  эхний улиралд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.

Шалган нэвтрүүлэх байр барих ажлын зураг төслийг Эрдэнэт үйлдвэрийн Төслийн менежментийн хэлтэс, барилгын ажлыг “Оргил Сор” компани гүйцэтгэж байгаа аж. Хэдийгээр гэрээнд оны сүүлээр дуусгахаар тусгасан ч шалган нэвтрүүлэх байр барих болон  төхөөрөмжийн суурилуулт, тохируулгын ажилд багагүй хугацаа шаардагдана гэж Их барилгын хэлтсийн хяналтын инженер Р.Мягмаржав онцлов.

Лхагва, 01 11-р сар 2017 00:00

Удам дамжсан уурхайчин

   

     Ажлын дараа уулзахаар товлосон цагтаа хөргийн маань “баатар” ирлээ. Хөнгөн алхаатай, шаламгай байрын бор залуу ажилдаа ч ийм л хурдтай байдаг болов уу гэсэн анхны сэтгэгдлийг төрүүлсэн юм. Үнэхээр ч түүний яриа, хүсэл   зорилго, ажилдаа хандах хандлага миний бодолтой яв цав нийлж байв. Тэр Эрдэнэт үйлдвэрийн хамгийн олон ажилчинтай, хамгийн том цехэд  засварчнаар ажилладаг. Бүр тодорхой хэлэх юм бол, Баяжуулах фабрикийн Засварын хэсгийн Тоног төхөөрөмжийн засварчин Ганбатын Бат-Эрдэнэ.  Гэхдээ тэр одоогийн энэ ажил дээрээ сар гаруйн өмнө л “томилогдсон”. Чамгүй урт хугацаанд бригадын дарга хийсэн түүнийг яагаад гэнэт засварчин болоод “буучихав” гэж гайхаснаа нуух юун. Харин тэр энэ учир шалтгаанаа бишрэхгүй байхын аргагүйгээр ийн тайлбарласан. “Одоо миний ажиллаж байгаа бригадаас хэд хэдэн ахмад ажилтан өндөр насны амралтдаа суух нь дөхөж байгаа. Тэднийхээ мэдлэг туршлага, зөвлөгөө сургаалийг өвлөж үлдэхийн тулд засварчны “илгээлт авсан”. Гол ажлыг нь нугалдаг гурван хүний нэг нь өнөө жил тэтгэвэртээ гарах эрх нь нээгдсэн. Арван хуруу шигээ ажлаа мэддэг тэр хүмүүсийн  тархин дахь эрдэм ухаан, гарт нь буй дадлага, урыг авч үлдэх чин эрмэлзэлтэй. Ингэх нь бидний үүрэг”...

     Баяжуулах фабрикийн Засварын хэсэг үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмж, тээрэм, бутлуур, хөвүүлэн баяжуулах машин гээд “аварга” техникүүдийн урсгал болон их засвар үйлчилгээг хариуцна. Шинээр солих эд ангиудын угсралт суурилуулалтын ажлууд ч эднийхэнд “хамаатай”. Тиймээс техниктэй харьцах хатуу ширүүн, уян хатан бүхий л эрдмийг тэд эзэмшсэн байх хэрэгтэй болдог. Зарим үед засварынхны ажил амаргүй нөхцөл байдалд ч өрнөх нь бий.  Хаана эвдрэл, гэмтэл гарна,  тэнд очно. Хананд  авирч засах үе ч гарна. Тиймээс байршил харгалзахгүй ажилладаг ажлаа аюулгүй, чанартай гүйцэтгэхийн тулд “сэтгэлтэй” байхыг засварчдаас шаардана.  Харин энэ үүргээ Г.Бат-Эрдэнэ хамгийн нэр төртэй биелүүлдэг. Ингэж хэлэх том шалтгаан бий. Учир нь тэр Шинийг санаачлагч. Түүний гаргасан санал санаачилгууд нь ажлын байрны нөхцөл сайжруулахад чиглэдэг. Тэдгээр  нь өдгөө бодит биелэлээ олж, олон хэсэгт ашиглагдаж байгаа.  Ганцхан жишээ дурьдая. Баяжуулах фабрикийн  МШЦ 5.5, 6.5 тээрмийн том хүрд арааг нь солих үед дээр нь гарч, кранаар оосорлох болдог. Ийм үед зориулалтын шат тавцан байдаггүйгээс аюулгүй ажиллагааны эрсдэл үүсдэг байв. Үүнийг арилгах үүднээс шат тавцангуудыг хийхээр санаачилсан нь үр дүнгээ өгч, төв корпус дахь  бүх тээрмийн араанд  тавигджээ. Одоо эндэхийн засварчид тээрмийн арааг засаж солихдоо айх аюулгүй болж, төмрөөр хийгдсэн тул технологийн ажилчид  угааж цэвэрлэхэд нь ч хялбар дөхөм болсон. Сэтгэл зүтгэл, “нүдээ олсон” зөв санаачилга  хичнээн хүнд ач тусаа өгч болдогийн шилдэг жишээ энэ буюу.  

     Засварчин Г.Бат-Эрдэнийн бөхөөр бол үндсэн мэх нь гэдэг шиг, түүний үндсэн мэргэшил нь хийн зүсэгч. Анх засварчнаар ороод л хийн зүсэгч болжээ. Энэ бол төмрөөр эсгүүр хийдэг гэсэн үг. Тэр энэ ажилдаа  дуртай нэгэн. Чөлөөт цагаараа ч ямар нэг зүйл оролдож сууна. Ямартаа л төмрөөр монгол гэрийн тооно урлахав дээ. Өнгөрсөн зун тэрээр хөдөө хөгшин ээжийндээ амрахаар очиход гэрийнх нь тооно нэлээд муудсан харагджээ. Салхи шуурганд тэсвэртэй, бат бөх тооно хийж өгөе гэх бодол энэ үед төрсөн гэдэг. “Их нарийн чимхлүүр ажиллагаатай, цаг хугацаа багагүй шаарддаг болохоос болмоор санагдсан. Миний хийсэн тооныг ах дүү нар хараад “овоо болж” гэсэн. Тэд маань ч хэдийнэ захиалсан. Өмнө нь хийж байсан туршлагагүй болохоор дэлгүүрээс  төмөр худалдаж аваад хийчихсэн. Дараагийнхаа тооныг илүү туршлагатай хийхээр бодож байгаа. Аргачлалаа боловсронгуй болгох хэрэгтэй” гэж өнөө л шинийг эрж хайдаг зангаараа бодлогоширонгуй ярина лээ.  

    Тэр эмээгийн хүү байснаа өгүүлэх дуртай. Булган аймгийн Орхон суманд эмээ дээрээ өсч, ахлах сургуулиа Эрдэнэтэд аав ээжийнхээ дэргэд  төгсчээ. Аравдугаар ангиа дүүргээд цааш суралцаагүй нь бяцхан бүтэлгүй түүхтэй. Хаврын “конкурс”  өгөх өдрөө ахындаа очоод, шалгалтын цагаасаа хоцорчихож.  Дараа жил нь дахин өгөхөөр бэлдсэн ч тэр үед  аав нь  мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдөөд,  ажлаасаа гарахаас өөр аргагүйд хүрчээ. Өөрийнхөө оронд хүүгээ засварчнаар оруулах зорилготой байсан аавынхаа хүслийг биелүүлж, замналыг нь үргэлжлүүлье гэж тэр шийдсэн гэсэн.  Ингэж аравдугаар ангийн ширээний араас  уурхайчны замд хөл тавьжээ. Аавынхаа ажлыг өвлөж, удам дамжсан уурхайчин алдрыг зүүх хувь завшаандаа үргэлж талархаж, Эрдэнэт үйлдвэрээ бодохоор “ сайхаан” гэдгээс өөр үг олдохгүй юм гэж хөрөг найрууллын баатар маань догдлон өгүүлсэн.  Хожим түүнд ахиж дэвшин суралцах боломж нээгдсэн хэдий ч ажлаасаа хөндийрч, сургуульд явахыг төдийлөн хүчлээгүй гэдэг.

     Г.Бат-Эрдэнийн засварчны “А” заасан багш нь Б.Отгон гэж хүн бий. Хийн зүсэлт, гагнуур гээд засварын хэсэгт хийгддэг бүхий л ажлын чадвар, арга барил, дадлагыг түүнд зааж өгчээ. Өөрөө ч ажилдаа их сайн, нягт нямбай гэж ярилтгүй. Отгон багшийнхаа ачаар  тоног төхөөрөмжийн засварчны эрдэмд суралцаж, өдий зэрэгтэй  яваагаа шавь нь хэлсэн. Засварын хэсгийнхэн бригадын системээр ажилладаг. Нэг хүний гэхээсээ багийн ажлын үнэлгээгээр дүгнэгддэг. Хамтын хүч оролцооноос шалтгаалж, үр дүн нь гардаг болохоор нэг нь л  хойш сууж, хайхрамжгүй хандвал  бусдынх нь хичээл зүтгэл талаар өнгөрнө.  Ялихгүй залхуу зангаас болж том бүтээмжээ үгүй хийх учиргүй. Дутуу дулимаг сэтгэлгээ бол хөдөлмөрийн хүний хамгийн аюултай “дайсан”. Г.Бат-Эрдэнийн ажилдаа, амьдралдаа ч баримталдаг шугам нь энэ. Уурхайчны залгамж халаа гэх алдраа  өндрөөс өндөрт өргөж яваа тэр нэг хүү, хоёр охины аав, хүний халамжит хань. Хийж бүтээхийн эрмүүн хүслээр жигүүрлэж, амьдралаа өөрийхөөрөө зурж яваа түүнд өөдөөс ирэх өдөр бүр жаргалтай бас амттай байх нь дамжиггүй.

     Баяжуулах фабрикийг Эрдэнэт үйлдвэрийн зүрх нь гэдэг. Тэгвэл фабрикийн зүрх бол хийе, бүтээе, болгое гэсэн чин сэтгэлтэй уурхайчид.  Хүний мөс чанар, зүрх сэтгэлийг юунаас ч эрхэм хэмээх түүний төлөв төрх “уурхайчид бол жинхэнэ мужик”  гэдгийг ч дахин батлах мэт.

М.Балжинням

Page 5 of 5

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог