×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 11-р сар 2017

“Эрдэнэт” үйлдвэрийн Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий журмын дагуу захиалгын програм хангамж, системийг боловсронгуй болгох ажил  ид үргэлжилж  байна. Холбоо, мэдээлэл, техник автоматжуулалтын цехийн мэргэжилтнүүд  бараа материал захиалгын нэгдсэн системийг боловсруулж дуусчээ. Энэ талаар тус цехийн дарга Г.Жаргалсайханаас тодруулсан юм.



-Бараа материал захиалгын нэгдсэн систем боловсруулах ажил хэзээнээс эхэлсэн бэ?
-Энэ асуудал хавраас эхэлж яригдсан юм. Компани маань 100 хувь Монголын өмч болсонтой холбоотойгоор хуучин хэрэглэж байсан зарим загвар өөрчлөгдөж байгаа. Энэ хүрээнд бараа материалын захиалгын асуудлыг цэгцлэх даалгавар зун өгөгдсөн. Бараа материалын нэгдсэн системийг 10-р сард боловсруулж дууссан. 2018 оны үндсэн болон эргэлтийн хөрөнгийн захиалга шинэ системээр явагдлаа.  

-Шинэ системийн давуу талыг танилцуулаач?
-Хуучин програм хангамж бол зөвхөн 10-р сарын 15 гэхэд нэг нээгдээд цех, хэлтэс, нэгжүүд захиалгаа амжиж өгөөд хаагдчихдаг систем байсан. Өөрөөр хэлбэл богино хугацаанд захиалга оруулах хүндрэлтэй учирдаг байсан л даа.  Эрсдэлийн үнэлгээ тооцох, шүүх, эргээд зах зээлийн судалгаа мэдээлэл үзэх ямар ч боломжгүй. Бид энэ удаа Хангамжийн хэлтэс, Зах зээл судалгааны хэлтэс, Техникийн хэлтэстэй хамтран нэгдсэн системийн ажлыг чанарын өндөр түвшинд, цаашид хөгжүүлэх боломжтой байхаар бодож хийсэн. Давуу талын хувьд үнсэн хөрөнгийн мэдээллийн үндэслэл, зориулалт хийгээд өөрийн захиалгын хавсралт файлуудыг оруулах боломжтой болсон. Мөн эрсдэлийн үнэлгээг зөв оруулснаар шаардлагатай үндсэн хөрөнгийг шүүх, үндсэн болон эргэлтийн хөрөнгө хайхад хялбар боллоо. Түүнээс гадна хэрэглэхэд дөхөм, хэрэглэгчийн эрх үүсгэх, засварлах функц нь тухайн хэлтсийн мэргэжилтэн удирдах боломжтой. Програмд мэдээлэл оруулах үйл явц үе шат нь ойлгомжтой, дарааллын дагуу гэхчилэн олон давуу талтай.

-Энэ системийг хөгжүүлэх боломжийн талаар...?
-Үндсэн болон эргэлтийн хөрөнгийн холбоос файлыг оруулснаар зах зээлийн ханш, хангамжийн хэлтсийн судалгааны үнэ болон бусад мэдээллийг цаг бага зарцуулж олох боломж бүрдэнэ. Явцын дунд тоног төхөөрөмжүүдийн сериал дугаарыг хайлтын системтэй холбоод өгчихье гэж бодож байгаа. Ингэснээр  ажил нилээд хялбарчлагдана. Сүүлийн үед интернэт дээр тавигдаж байгаа үнэ ханш бодитой биш болсон шүү дээ. Тухайн компанитай холбогдоод үнийн судалгаа авч ярилцахад тодорхой хэлдэг. Тэгэхээр хайлтын системийг боловсронгуй байдлаар үүнтэй уях юм бол ашиглахад илүү хялбар, ойлгомжтой, хөгжүүлэх боломжтой болох юм.  

-Системийг нэвтрүүлэхэд ямар хүндрэл учирч байна?    
-Ер нь аливаа шинэ систем боловсруулж нэвтрүүлэхэд хэлтэс, цехийн оролцоо,  тухайн систем дээр ажиллах мэргэжилтнүүдийн хандлага тааруу байдаг. Гэхдээ сураад дадлагажаад ирэхээрээ хэрэгтэйг нь ойлгож мэдэрдэг л дээ. Гэрээ хэлцэл ямар түвшинд явна, үнэ нь хаанаас өгөгдөөгүй байна, үндэслэл, техникийн даалгавар дутуу эсэх, хэрэгцээ шаардлага энэ бүхнийг хариуцсан мэргэжилтнүүд тодорхойлсны эцэст худалдан авалт журмын дагуу хийгдэнэ. Нэгдсэн системд компанийн бүх цех, хэлтэс, нэгжүүд хамрагдана. Манайх  зөвхөн тоног төхөөрөмж системийн тогтвортой байдлыг хангаж ажиллахаас биш мэдээ мэдээлэл оруулдаггүй.

-Баярлалаа.

М.ОДГЭРЭЛ

   Засвар механикийн заводын Цутгуурын цехийн Илчийн боловсруулалтын тасагт  ажлын байрны агаар  цэвэрших алхам хийгдлээ. Чех улсад үйлдвэрлэсэн цагт 30000 м3 агаар  сорох хүчин чадалтай  “Ротоклон В-9, В-10” төхөөрөмжийг тэнд саяхан шинээр суурилуулав. Энэ ажлыг Засвар монтажийн цехийн ажиллагсад хийсэн. Мөн  металлын агуулгатай  тоос барих зориулалттай агаар хуйлруулагчийг Засвар механикийн заводын Металл хийцийн хэсгийнхэн техникийн зургийн дагуу  угсарч ажилд оруулав.
   Энэ талаар Цутгуурын цехийн эрчим зүйч Л.Энхтөр “Манай цехийн Илчийн боловсруулах тасгийн үрлээр цэвэрлэх төхөөрөмжийн болон гагнуурчны ажлын байр тоосжилт, угаар ихтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн  шалгалтаар  ажлын байрны сөрөг хүчин зүйлс зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан учраас үүнийг бууруулах зорилгоор агааржуулалтын системийг сольсон. Шинээр суурилуулсан ротоклон  нь соруулсан шороо, тоосоо усаар цэвэрлэж хаядаг сүүлийн үеийн технологи юм. Металлын агуулгатай тоос, металлын үрлийг цуг сордгоос  өмнөх ротоклоны  их бие хугацаанаасаа өмнө  элэгдсэн.   Иймээс  өөр газар ашиглагдахгүй  байсан циклон буюу  агаар хуйлруулагчийг техникийн зургийн дагуу төхөөрөмждөө  тохируулан өөрчилж, нэмэлтээр суурилуулсан. Ингэснээр ротоклоны ашиглалтын хугацаа уртасна.  Агааржуулалтын системийг хамтад нь  суурилуулснаар ажлын байрны тоосжилт тодорхой хэмжээгээр  буурна. Энэ төхөөрөмжийг суурилуулахад Засвар монтажийн цехийн н.Батчулуун даргатай Механикийн, Ж.Мэндхүү даргатай Агааржуулалтын бригад шуурхай ажиллаж,  сар гаруйн хугацаанд гүйцэтгэн  хүлээлгэн өглөө. Одоо туршилтын ажил явагдаж байна” гэв.

Я.ЭНХТУЯА







 

     Монголын бүтээмжийн төвөөс Японы бүтээмжийн төв, НҮБ-ийн Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Ази-Номхон далайн чанарын байгууллага, БНСУ-ийн бүтээмжийн төв, Азийн бүтээмжийн төвийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Бүтээмжийн статистик ба Мальколм балдрижийн загварт суурилсан бүтээмжийн менежментийн тогтолцоо” сэдэвт сургалт хоёр өдрийн турш Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Уг сургалтад Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  Хөгжлийн хэлтсийн Инновацийн төвийн инженер Ё.Мөнхтунгалаг,  Засвар механикийн заводын бүтээмжийн менежер Г.Эрдэнэдаваа, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн бичиг хэргийн мэргэжилтэн Г.Мөнхцэцэг оролцлов.
     Уг сургалтыг дараах бүрэлдэхүүнтэйгээр экспертүүд хамтран зохион байгуулсан.
     - Ясухико Иноуэ,  Японы бүтээмжийн төвийн менежментийн зөвлөх
     - Донг Гуо, НҮБ-ийн Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, худалдааны статистикч
     - Харнек Сингх, Ази-Номхон далайн чанарын байгууллагын ерөнхийлөгч,
     - Нам Хёк Чо, БНСУ-ийн бүтээмжийн төвийн зөвлөх

     2016 оноос Инновацийн төв бүтээмжийн үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшинг, Захиргаа хүний нөөцийн хэлтэс өөрийн үйл ажиллагааг тус тус үнэлэх зорилгоор Мальколм Балдрижийн загварт суурилсан “Бизнесийн төгөлдөршил” 1000 онооны үнэлгээний аргачлалыг боловсруулан үнэлгээг хийдэг. Иймээс тус үнэлгээний ач холбогдлыг ойлгох, үнэлгээний аргачилалыг боловсронгуй болгох, сайжруулах, олон улсад хэрхэн хэрэглэдэг талаас туршлага судлах, цаашид компанийн хэмжээнд үнэлгээг нэвтрүүлэх боломжийг бий болгоход сургалтын зорилго оршино.
     Сургалтад оролцогчид улс орны эдийн засгийн өсөлтөд бүтээмжийн орцын хувьсагч болох үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөдөлмөр, хөрөнгө, нийт хүчин зүйлийн нөлөөллийг хэрхэн дүн шинжилгээнд авч үзэх талаар суралцсан. Мөн түүнчлэн  бүтээмжийн статистикийн хуулийн зохицуулалт, байгууллагын бүтэц, тодорхой улс оронд тохирох бүтээмжийн хэмжилтийн арга барилуудын тухай Япон, Сингапур, БНСУ-ийн орнуудын жишээнүүдтэй танилцсан байна.
     Мальколм билдриж загвар нь 7-н ангиллын талбар үнэлгээ хийх замаар бизнесийн удирдлагад аль хүчин зүйлс нь илүү ач холбогдолтой болох, мөн түүнчлэн тэдгээрт хэрхэн үнэлгээ хийх, ашиглах талаар ойлголтуудыг эзэмшүүлсэн юм.
     Байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийг хэмжих ач холбогдол, дээрх Азийн тэргүүлэх улсуудад хэрэгжүүлсэн бизнесийн төгөлдөршлийн загварууд, улсын бодлоготойгоо хэрхэн уялдуулсан, хэрэгжүүлэлтийн төлөвлөгөө, хууль зүйн болон байгууллагын тогтолцоо, тэргүүн туршлагаа  дадлага туршлагатай олон улсын экспертүүд оролцогч нартай хуваалцсан юм.










 

     “Эрдэнэт” үйлдвэрийн Олон нийттэй харилцах албаны 30 жилийн ойн баярын сэтгүүл “мэндэллээ”. Энэ сэтгүүл Монголын уул уурхайн салбарт хэвлэл мэдээллийн ууган байгууллага үүсч хөгжсөн түүхэн замналын амаргүй замд, олон арван мэргэшсэн сэтгүүлч, уран бүтээлч хийгээд хэдэн зуугаар тоологдох бүтээл туурвил төрүүлсэн “Эрдэнэт” үйлдвэрийн Олон нийттэй харилцах албаны хамт олны тухай танилцуулна. Мөн нийтлэл, нэвтрүүлэг бүр ямар их хүч хөдөлмөр шавхуулж байж бүтдэг, үүний төлөө уран бүтээлчдийн зүрх сэтгэл хэрхэн цохилж догдолж төрдгийг ойлгоно. Уран бүтээлч болгон өөрийн ажил амьдралын зовлон жаргалаа хуваалцаж байгаа учир тэдний бүтээлийн үнэ цэнэ, мөн чанарыг илүү ихээр мэдэрнэ. Хамт олон маань та бидний амьдралын өдөр тутмын өч төчнөөн ээдрээтэй асуудлын учрыг олж, хужрыг тунгаасан нийтлэл, нэвтрүүлгүүд бэлтгэж, мянга мянган ажиллагсдын хөдөлмөр зүтгэл, шинэ санаа, хосгүй авьяас, гоц чадварыг уудлан нээж тэдэнд урам зориг, урагшлах амьдралын дардан зам татсан. Монголын уул уурхайн салбарын хөгжлийн түүчээ “Эрдэнэт” үйлдвэрийн өнгөрсөн, одоо, ирээдүй, бахархал тэмүүлэл бүхэн алдаа оноотойгоо хамт сонины шарласан хуудсанд, радио, телевизийн дуу, дүрсэнд мөнхөрсөн нь үнэт хөрөнгө юм. Ингээд журмын нөхдийн маань халуун дулаан сэтгэлийн үгийг 30 дахь намрын их амжилтын босго давж хамтдаа хуваалцъя.

 



 

Лхагва, 15 11-р сар 2017 00:00

Ахлах мастерын ажлын нэг өдөр

 

   “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын автобусанд даруухан бор залуу бодлогошронгуй явна. Түүний бодлыг өөрөөс нь өөр хэн ч үл мэдэх аж. Энэ эр бол Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн ахлах мастер Ц.Батболд бөлгөө. Түүний ажлын нэг өдөр өглөө 710-ын автобусанд сууснаар эхэлнэ. Тэр ажлын хувцсаа өмсөөд өтгөрүүлэгчийн ачаалал, булингын түвшинг үзэж явав. Хөөрөлт хэр байна. Халиа цэвэр байгаа эсэхийг шалгана. Энэ нь мэргэжлийн хүмүүсийн хэллэг, ахлах мастерын хийх ажлын эхлэл.

     Цааш ажлын байраар явж шөнийн ээлжийн ажлын гүйцэтгэл, цэвэрлэгээ үйлчилгээ хэр байна, технологийн доголдолтой зүйл байна уу, үгүй юу, тоног төхөөрөмжийг засварт хэр бэлдсэн байгааг шалган зөрчил дутагдлыг арилгуулна. Дараа нь хэсгийн шуурхайд орж инженер техникийн ажиллагсдад ажлын явц, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа, авах арга хэмжээний талаар ярилцав. Эндээс гараад тухайн өдрийн ээлжийн ажилчдад хийх ажлын даалгаврыг бичгээр өгч гарын үсэг зурууллаа. Зэс молибдений баяжмалын ачилтын тоог оператороос авч тооны машинд тооцож үзсэнээ үйлдвэрийн зарим удирдлагуудад мэдээлэв.

     Төд удалгүй ажлын байраар дахин явж дэгээ, ган татлагын элэгдлийг шалган ээлжийн мастертайгаа ажлаа зөвлөн зогссоноо баяжмалын уутны чанарыг шалгаж авахаар боллоо. Үйлдвэрийн Чанар хяналтын мастерын хамт уутны тойрог багтаамж, оосор бүч, ачаа даах даацыг шалган туршиж хүлээн авав. Энэ үед би түүнээс баяжмалын уутны талаар лавлахад:
          ...Эрдэнэтийн баяжмалыг өлгийдөж авсан чанга цагаан уут
             Энэ зууны манлай “Эрдэнэт” үйлдвэрийн түнш сайхан уут
             Урагдаж тасардаггүй өнгөлөг цагаан уут
            Уулын үйлдвэрүүдийн хэрэгцээг хангасан үндэсний уут...  
хэмээн ёжтой инээмсэглэн хариу нэхсэн харцаар намайг ширтэн маазрав.

     Эндээс тэр их үд болсон тул 40 минут орчим цайлаад механикуудын шуурхайд орж өдрийн ажлын явц, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа авч буй арга хэмжээний талаар мэдээлэл хийв. Дараа нь тэр тасралтгүй үйл ажиллагаатай  технологийн горимоо хянаж, хөдөлмөр хамгааллын хэрэглэл болох амны хаалт, бээлий, саванг ээлжийн ажиллагсдад хуваариллаа. Үүний дараа хэсгийн хана, багана, металл хийцэд наалдсан бохирдсон зүйлийг арилгуулж хогийн машин захиалан ачуулах ажил үргэлжлэв. Ингээд усанд орж 1710-ын автобусаар гэртээ харих болж би ч түүнийг дагасаар... Түүний нэг өдрийн ажил энд хүрээд дуусахгүй орой, өглөө таван удаа үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар утсаар мэдээ авч зөвлөгөө өгч ажилладаг гэсэн. Ер нь ийм хүмүүсийн нуруун дээр үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаа явагддаг гэсэн далд бахархал төрснийг нуух юун.

     Тэр хэсгийн даргатайгаа хагас, бүтэн сайн өдөр хариуцлагатай жижүүрийн ажил гүйцэтгэнэ. Шаардлагатай тохиолдолд шөнө орой, хагас бүтэн сайн, баяр ёслолын  өдөр ч дуудлагаар ажиллана. Утсаа унтрааж болохгүй заалттай. Өндөр үүрэг хариуцлага хүлээсэн ажиллагсдын нэг Ц.Батболд мастер юм. Тэр “Эрдэнэт” үйлдвэрт би 28 жил ажиллаж байна. Дасал болсон ажил, танил болсон үнэр нь хүртэл сайхан шүү” гээд мар мар инээх. Тэгснээ “ачигч-оосорлогч,хатаагч, ээлжийн мастер, ахлах мастерын ажил хийж ирэхдээ би сэтгэл хоёрдож явсан удаа байхгүй. Яагаад гэвэл би мэргэжилдээ дуртай. Иймээс ихийг бүтээх гэсэн чин эрмэлзэлтэй, өөрөөс шалтгаалах бүхнийг сэтгэлээсээ хийж ирлээ. Сэтгэл байхад ажил оргилж байдаг. Ямар ч ажлыг өөриймсөг сэтгэлээр хийхэд үр дүн гарна” гэв. Миний хувьд ахлах мастерын нэг өдрийн ажилтай танилцсан нь энэ.

     Ямартаа түүнийг ээлжийн амралттай байхад орлох хүн ахлах мастер их ачаалалтай ажилладаг юм байна. Ц.Батболд мастер хурдан ажилдаа ороосой гэж явах вэ дээ. Тэрбээр 106 ажиллагсдын ээлжийн амралт, хүн хүчний ажлын хуваарилалт,цэвэрлэгээ үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд цаг ямагт хяналт тавьж ажиллана. Чөлөөтэй, өвчтэй хүний оронд хэн нэгнийг томилон, ажил хийдүүлэхгүй, сул зогсолтгүй, бүтээмж өндөртэй ажиллуулж ирсэн дадлага туршлагатай нэгэн болохыг би түүний ажлын нэг өдрийг сурвалжлахдаа мэдсэн юм.

                                                                                                                             Т.БАТЧУЛУУН

     2017 оны 11-р сарын 06-09-ний өдрүүдэд “Safety first 2017” тэмцээний 1-р шатны тэмцээн болж, 22 бүтцийн нэгж өрсөлдсөнөөс дараагийн шатанд нийт 9 бүтцийн нэгжийн баг өрсөлдөхөөр боллоо. Үүнд: ТЛА, ЭСЦ, ЗМЗ, ИУ, БҮ, Ерөнхий захиргаа, ЧХХ, ЦЦ, РСЦ тус тус үлджээ.
    Компанийн Ерөнхий захирлын 2016 оны А/699 дүгээр тушаалын дагуу ажилтнуудыг компанийн үйлдвэрлэлийн бүсэд байрлах ажлын байрандаа хувийн тээврийн хэрэгслээр ирэхийг хориглосон шийдвэрийг мөрдөх ажил 11-р сарын 6-ны өдөр эхэлсэн. Компанийн бүтцийн нэгжүүдийн ХАБЭА-н ажилтнуудын хуваарь гарган 1,2-р пост болон бусад постууд дээр 06.30-08.15, 15.30-16.50 цагуудад хяналт тавин ажиллав. Хяналтын явцад тушаалын заалтыг зөрчиж хувийн тээврийн хэрэгслээр ирсэн ажилтнуудад зохих хариуцлага тооцуулах талаар саналыг бүтцийн нэгжийн удирдлагуудад хүргүүлсэн байна.
    Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэрч цас ихээр орж байгаатай холбогдуулан Орхон аймгийн онцгой комиссын даргын 02 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор  компанийн бүтцийн нэгжүүдэд ойр орчныхоо 50 метр хүртэл зам талбайн цас мөсийг цэвэрлэх ажлыг тогтмол чанартай зохион байгуулах ажлыг үүрэг болгов. Мөн Ерөнхий захиргааны 1, 2-р байранд байрлах бүтцийн нэгжүүдийг тодорхой хуваарь гарган гадна талбайн цас мөсийг цэвэрлэх ажилд идэвхитэй оролцохыг уриалж байна.

     Монгол-Оросын уламжлал Найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд болон Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 96 жилийн ойг тохиолдуулан Орхон аймгийн засаг даргын Тамгын газар, ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Еранхий консул болон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиргаа хамтарсан төлөвлөгөө гарган ажилласан.
     Энэхүү арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа, баярын хуралд ОХУ-ын мэргэжилтнүүд болон Орос улсад их дээд сургууль төгсөгчийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ-ын бүрэлдэхүүн, Орхон аймгийн ИТХ-ын дарга ноён П.Пүрэвлхагва, Орхон аймгийн засаг дарга Д.Батлут болон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захирлууд, бүтцийн нэгжийн удирдлагууд биечлэн оролцсон билээ.
     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалаар Монгол-Оросын найрамдлын өдрүүдийн арга хэмжээг зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган ажилласаар ирсэн. Найрамдлын өдрүүдийн арга хэмжээг Ил уурхай, Авто тээврийн байгууллага, Баяжуулах үйлдвэр, Технологийн сургууль зэрэг цехүүд өөрийн нэгж дээрээ сарын аяны нэрэмжит уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж оролцсон юм.
     Харин өнөөдөр Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хаалтын арга хэмжээг  хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолоор эхлүүллээ. Найрамдлын сарын аян амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр сарын турш хийгдсэн ажлын үр дүнгээ хэлэлцэх юм.

 

 

     Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн төслийн ажлын хүрээнд суурилуулсан дөрвөн ширхэг турбингенераторын   72 цагийн туршилтын ажил амжилттай хийгдэж дууслаа. Одоо туршилтын үеэр илэрсэн зарим нэг гэмтэл зөрчлүүдийг арилгах ажил хийгдэж байгааг төслийн зөвлөх Д.Батчулуун ярив.  Туршилтын дараах гэмтэл арилгах ажил энэ сарын 16 хүртэл үргэлжлэх аж. Саяхан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилогдсон 22 хүний бүрэлдэхүүнтэй Техникийн комисс өргөтгөлийн төсөл дээр ажилласан байна. Тус комиссын зүгээс Дулааны цахилгаан төвийн өргөтгөлийн ажил дуусч, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон тухай дүгнэлт гаргажээ. Мөн турбингенераторууд болон бусад тоног төхөөрөмжийн угсралт, туршилтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэснийг үнэлэв.  Захиалагч тал буюу төслийн багийнхан улсын комисс ажиллуулах хүсэлтээ Эрчим хүчний хөгжлийн төвд гаргажээ. Урьдчилсан байдлаар энэ сарын 17-ны өдрөөс өргөтгөлийг ашиглалтанд хүлээн авах  улсын комисс ажиллаж эхлэхээр төлөвлөж байна.
     Эрдэнэт үйлдвэр нь өөрийн эх үүсвэр болох Дулааны цахилгаан станцаас цахилгаан эрчим хүчээр хангагдсанаар Эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс худалдаж авах цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулж өртөг,зардлаа хэмнэх боломжтой боллоо. Уг төслийг хэрэгжүүлснээр эдийн засгийн үр ашгийг тооцож үзвэл цахилгаан эрчим хүчний зардлыг 18,1 тэрбум төгрөгөөр хэмнэж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээс 18,361 тэрбум төгрөгийн орлогыг шинээр бий болгох буюу нийтдээ 36,5 тэрбум төгрөгийн ашгийг жилийн хугацаанд олох юм. 

 

 

 

 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог