×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Даваа, 20 11-р сар 2017

   Засвар механикийн заводын Цутгуурын цехийн Илчийн боловсруулалтын тасагт  ажлын байрны агаар  цэвэрших алхам хийгдлээ. Чех улсад үйлдвэрлэсэн цагт 30000 м3 агаар  сорох хүчин чадалтай  “Ротоклон В-9, В-10” төхөөрөмжийг тэнд саяхан шинээр суурилуулав. Энэ ажлыг Засвар монтажийн цехийн ажиллагсад хийсэн. Мөн  металлын агуулгатай  тоос барих зориулалттай агаар хуйлруулагчийг Засвар механикийн заводын Металл хийцийн хэсгийнхэн техникийн зургийн дагуу  угсарч ажилд оруулав.
   Энэ талаар Цутгуурын цехийн эрчим зүйч Л.Энхтөр “Манай цехийн Илчийн боловсруулах тасгийн үрлээр цэвэрлэх төхөөрөмжийн болон гагнуурчны ажлын байр тоосжилт, угаар ихтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн  шалгалтаар  ажлын байрны сөрөг хүчин зүйлс зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан учраас үүнийг бууруулах зорилгоор агааржуулалтын системийг сольсон. Шинээр суурилуулсан ротоклон  нь соруулсан шороо, тоосоо усаар цэвэрлэж хаядаг сүүлийн үеийн технологи юм. Металлын агуулгатай тоос, металлын үрлийг цуг сордгоос  өмнөх ротоклоны  их бие хугацаанаасаа өмнө  элэгдсэн.   Иймээс  өөр газар ашиглагдахгүй  байсан циклон буюу  агаар хуйлруулагчийг техникийн зургийн дагуу төхөөрөмждөө  тохируулан өөрчилж, нэмэлтээр суурилуулсан. Ингэснээр ротоклоны ашиглалтын хугацаа уртасна.  Агааржуулалтын системийг хамтад нь  суурилуулснаар ажлын байрны тоосжилт тодорхой хэмжээгээр  буурна. Энэ төхөөрөмжийг суурилуулахад Засвар монтажийн цехийн н.Батчулуун даргатай Механикийн, Ж.Мэндхүү даргатай Агааржуулалтын бригад шуурхай ажиллаж,  сар гаруйн хугацаанд гүйцэтгэн  хүлээлгэн өглөө. Одоо туршилтын ажил явагдаж байна” гэв.

Я.ЭНХТУЯА







 

“Эрдэнэт” үйлдвэрийн Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий журмын дагуу захиалгын програм хангамж, системийг боловсронгуй болгох ажил  ид үргэлжилж  байна. Холбоо, мэдээлэл, техник автоматжуулалтын цехийн мэргэжилтнүүд  бараа материал захиалгын нэгдсэн системийг боловсруулж дуусчээ. Энэ талаар тус цехийн дарга Г.Жаргалсайханаас тодруулсан юм.



-Бараа материал захиалгын нэгдсэн систем боловсруулах ажил хэзээнээс эхэлсэн бэ?
-Энэ асуудал хавраас эхэлж яригдсан юм. Компани маань 100 хувь Монголын өмч болсонтой холбоотойгоор хуучин хэрэглэж байсан зарим загвар өөрчлөгдөж байгаа. Энэ хүрээнд бараа материалын захиалгын асуудлыг цэгцлэх даалгавар зун өгөгдсөн. Бараа материалын нэгдсэн системийг 10-р сард боловсруулж дууссан. 2018 оны үндсэн болон эргэлтийн хөрөнгийн захиалга шинэ системээр явагдлаа.  

-Шинэ системийн давуу талыг танилцуулаач?
-Хуучин програм хангамж бол зөвхөн 10-р сарын 15 гэхэд нэг нээгдээд цех, хэлтэс, нэгжүүд захиалгаа амжиж өгөөд хаагдчихдаг систем байсан. Өөрөөр хэлбэл богино хугацаанд захиалга оруулах хүндрэлтэй учирдаг байсан л даа.  Эрсдэлийн үнэлгээ тооцох, шүүх, эргээд зах зээлийн судалгаа мэдээлэл үзэх ямар ч боломжгүй. Бид энэ удаа Хангамжийн хэлтэс, Зах зээл судалгааны хэлтэс, Техникийн хэлтэстэй хамтран нэгдсэн системийн ажлыг чанарын өндөр түвшинд, цаашид хөгжүүлэх боломжтой байхаар бодож хийсэн. Давуу талын хувьд үнсэн хөрөнгийн мэдээллийн үндэслэл, зориулалт хийгээд өөрийн захиалгын хавсралт файлуудыг оруулах боломжтой болсон. Мөн эрсдэлийн үнэлгээг зөв оруулснаар шаардлагатай үндсэн хөрөнгийг шүүх, үндсэн болон эргэлтийн хөрөнгө хайхад хялбар боллоо. Түүнээс гадна хэрэглэхэд дөхөм, хэрэглэгчийн эрх үүсгэх, засварлах функц нь тухайн хэлтсийн мэргэжилтэн удирдах боломжтой. Програмд мэдээлэл оруулах үйл явц үе шат нь ойлгомжтой, дарааллын дагуу гэхчилэн олон давуу талтай.

-Энэ системийг хөгжүүлэх боломжийн талаар...?
-Үндсэн болон эргэлтийн хөрөнгийн холбоос файлыг оруулснаар зах зээлийн ханш, хангамжийн хэлтсийн судалгааны үнэ болон бусад мэдээллийг цаг бага зарцуулж олох боломж бүрдэнэ. Явцын дунд тоног төхөөрөмжүүдийн сериал дугаарыг хайлтын системтэй холбоод өгчихье гэж бодож байгаа. Ингэснээр  ажил нилээд хялбарчлагдана. Сүүлийн үед интернэт дээр тавигдаж байгаа үнэ ханш бодитой биш болсон шүү дээ. Тухайн компанитай холбогдоод үнийн судалгаа авч ярилцахад тодорхой хэлдэг. Тэгэхээр хайлтын системийг боловсронгуй байдлаар үүнтэй уях юм бол ашиглахад илүү хялбар, ойлгомжтой, хөгжүүлэх боломжтой болох юм.  

-Системийг нэвтрүүлэхэд ямар хүндрэл учирч байна?    
-Ер нь аливаа шинэ систем боловсруулж нэвтрүүлэхэд хэлтэс, цехийн оролцоо,  тухайн систем дээр ажиллах мэргэжилтнүүдийн хандлага тааруу байдаг. Гэхдээ сураад дадлагажаад ирэхээрээ хэрэгтэйг нь ойлгож мэдэрдэг л дээ. Гэрээ хэлцэл ямар түвшинд явна, үнэ нь хаанаас өгөгдөөгүй байна, үндэслэл, техникийн даалгавар дутуу эсэх, хэрэгцээ шаардлага энэ бүхнийг хариуцсан мэргэжилтнүүд тодорхойлсны эцэст худалдан авалт журмын дагуу хийгдэнэ. Нэгдсэн системд компанийн бүх цех, хэлтэс, нэгжүүд хамрагдана. Манайх  зөвхөн тоног төхөөрөмж системийн тогтвортой байдлыг хангаж ажиллахаас биш мэдээ мэдээлэл оруулдаггүй.

-Баярлалаа.

М.ОДГЭРЭЛ

     Өнгөрсөн жилийн өдийд “Эрдэнэт” үйлдвэрийн Ил уурхайн үндсэн техник, тоног төхөөрөмжүүдийг Питрам системд холбосноор уулын цул гаргалт, хүдэр олборлолт, ачаа эргэлт, тээвэрлэлтийн дундаж зай зэрэг уурхайн үндсэн тайлангууд үнэн зөв гарах боломж бүрдсэн. Түүнээс гадна тээвэрлэлтийн алдаа арилжээ. Саяхан Ил уурхайнхан өөрийн цехэд нэвтрээд үр дүнгээ өгч буй уг системийн талаар сургалт зохион байгуулсан байна. Уг сургалтанд уурхайн үйл ажиллагаанд хяналт тавьдаг Үйлдвэрлэлийн хэлтсийн болон өөрийн цехийн диспетчерүүд, уулын, өрмийн мастерууд гээд 40 шахам хүн хамрагджээ. Сургалтаар Питрам системийг хэрэгжүүлэхэд хэрэг болдог өгөгдөл цуглуулагч, үйлдэл засагч зэрэг зургаан програмыг нэг бүрчлэн заасан нь ач холбогдолтой болов. Цаашид уг системийн найдвартай ажиллагааг хангахын тулд питрам тоноглол суурилагдаагүй тоног төхөөрөмжүүдэд  нийлүүлэлт хийх шаардлагатай байгаа аж.


М.ГЭРЭЛ

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог