×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 10-р сар 2017

     Японы Мицуй ХХК-ийн Өнгөт металлын газрын Бизнесийн хөгжлийн 1-р хэлтсийн Ерөнхий менежерийн орлогч Фимуя Камикаважи, Өнгөт металлын газрын Түүхий эд материалын маркетингийн хэлтсийн Ерөнхий менежерийн орлогч Тацуро Хори, Мицуй ХХК-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын Ерөнхий менежер Тацуо Анраку нарын төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Засвар механикийн завод болон Баяжуулах фабрикийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

 

Пүрэв, 12 10-р сар 2017 00:00

Тэнгэрийн бүсгүй

    

     Өнгөрсөн хавар “Эрдэнэт” үйлдвэрт кранчидын ажил мэргэжлийн уралдаан явагддаг юм. Хэсэг, цехээсээ шалгарсан шилдгүүд үйлдвэрийн аваргын төлөө тун няхуур үзэж байлаа. Дөрвөн давхар байшинтэй тэнцэхүйц өндөр краны кабинаас тээр дор байгаа устай хувинг олж оосорлон өгөгдсөн тодорхой түвшинд нүдэн баримжаагаар өргөн туг сүлжээд, оноосон байн дээр шүхэрчин газардахын адил буулгахыг харах үнэхээр бишрэм. Энэ тэмцээнд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн краны машинч Содномдоржийн Наранжаргал түрүүлж билээ. Гүүрэн краны шатаар гүйх нь халаг сурмаг бууж ирэх энэ бүсгүй 20 настай хонгор зүстэй байхаасаа “тэнгэрийн аялалд” гарчээ.
     Аав, ээжийн хэнз охин 10-р анги төгсөөд алс явж эрдэм сурах байсан ч эрх дураар зангаар бүгдийг дийлж Булган аймгийн Гурванбулаг сумандаа үлджээ.  Урин цагт өвөөгийндөө ирж зусдаг Эрдэнэтийн хүүг битүүхэн мөрөөдөж, зам харуулдан суусан нь саяхан. Түүний хүлээлт талаар болоогүй. Нэг л өдөр өвөөгийн жаахан хүү том эр болон нутагтаа ирж үеийн хонгороо ёс төртэй гуйж авч одсон. Хосууд анхны үрийн зулай үнэрлэн нялхарах үед хань нь эх орны том бүтээн байгуулалт “Эрдэнэт” үйлдвэрийн цахилгааны нэгэн судлыг найдвартай ажиллагаагаар ханган ажилладаг байлаа. Тэр жил С.Наранжаргал нөхрийнхөө ажлыг, нүсэр үйлдвэр нүргэлэн эрдэнэс ундрааж байгааг нүдээр үзэж ихэд бахархжээ. Тэр дундаа “газрын” хүмүүсийн дохио зангаагаар хүнд ачаа өргөн тээвэрлэж, анхаарал алдалгүй ажилдаа махрах “тэнгэрийн бүсгүйчүүд” онцгой гайхамшиг санагджээ. Багш болох мөрөөдөл нь кранчинаар солигдож, одоогийн Технологийн сургуулийн суурь Сургалтын төвийн краны машинчийн курс төгссөнөөр “тэнгэрийн зам”-ын үүд түүнд нээгдсэн. Тухайн үед Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тээрмийн технологичоор ажиллаж байсан Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Рагчаа гуай түүнийг хамгийн чадварлаг кранчиндаа шавь оруулж дагалдуулсан нь өнөөдөр аваргын болзол хэдэнтээ хангахын эхлэл байлаа. Тэрээр Бунтар багшийгаа бүтэн сар ёстой унага шиг дагасан. Ямартаа л хаана ч байсан хамт явахыг нь харсан хүмүүс ижилхэн том алаг нүдтэй ээж, охин гэж эндүүрэх вэ дээ. Ингэж л С.Наранжаргал насан туршдаа жаргах нэгэн насны мэргэжлээ олсон. Анх удаа багшгүйгээр, краны кабинд ганцаар сууж бие даан ажиллахдаа гар нь чичирч, зүрх нь цээжиндээ багтахгүй мэт цохилж байсан нь амьдралынх нь мартагдашгүй гэгээн дурсамжийн нэг гэнэ. Өндөрт гарахаар толгой эргэж, даралт ихэсдэг байж билээ гэж дурсахдаа одоо  өөрийгөө шоолон инээж сууна. Тэр цагаас хойш 20-иод жил өнгөрчээ. Шавь нартаа хүндлэгдсэн багш байхын гайхам сайхныг мэдэрч, краныхаа кабинд үр хүүхдүүдийнхээ ирээдүйг гэрэлтэйгээр төсөөлөн мөрөөдөхдөө ч анхаарал алдахгүй, аюулгүй ажиллахаа умартахгүй архаг кранч болсон.    

     С.Наранжаргалтай эртлэн уулзахад тэрээр шөнийн ээлжээс бууж байв. Арван хоёр цаг “тэнгэрээр аялан” нойргүй ажилласан гэхэд нүд нь очтоод жавхаатай харагдана. Хүдэр нунтаглан баяжуулах тээрмийн засварын ажлыг шөнөжин гүйцэтгэсэн гэнэ. Уул уурхайн үйлдвэрийн үндсэн том тоног төхөөрөмжийн эд ангийг кранаар зөөвөрлөн угсарч тохируулдаг байна. Үйлдвэрийн нүргэлсэн их дуу чимээ, чичиргээн дунд журмын нөхдийнхөө дохио зангааг нүд салгалгүй ажиглан өндрөөс нарийн тохиргоо засвар хийх амаргүй. Гэсэн ч тэр энэ ажилдаа дэндүү гаршиж дасчээ. “Эрдэнэт” үйлдвэрийн бахархал болсон энэ бүсгүй амьдралынхаа ихэнх он жилийг “тэнгэрт” туулахдаа анч бүргэд мэт гярхай няхуур байж, минут хором бүртэй уралдан баялаг бүтээсэн. Гэлээ гээд нялх хүүхэдтэй айлын эзэгтэй гэртээ өдөржин унтаж амрах нь юу бол...     
     Анх ажилд ороод удаагүй байх үед С.Наранжаргалыг вагоноос ууттай ган бөөрөнцөг кранаар буулгаж байгааг нөхөр нь доороос харчихаад “ханийгаа ер нь ямар ч ажилд оруулчихав даа” гэж нэгэнтээ эргэлзэж зогссон гэдэг. Одоо тэд гурван хүүхдийн аав, ээж болцгоожээ. Амаржих дөхсөн үедээ ч краныхаа шатаар түүртэлгүй авираад гардаг байсан гэх. Хүмүүсийн дохиог харахаар мэрийн тонгойход хэвлий дэх үр маань шахагдаад огцом хөдөлдөг байж билээ гэж ярихдаа танан цагаан шүднээсээ гэгээ татуулан инээх энэ бүсгүй “Эрдэнэт” үйлдвэрийн үнэт баялаг. “Тэнгэрт” тээгдсэн хүүхдүүд эхнээсээ Японд боловсрол эзэмшсэн ээж аавдаа, эх орондоо хэрэгтэй иргэд болон өсч байна.    
     С.Наранжаргал цехийнхээ Үндэсний хөгжмийн “Эгшиглэн” хамтлагийн ятгачин. Эднийхэн “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсдын Урлагийн Их наадмын хөгжмийн төрөлд удаа дараа тэргүүлж, Нийслэлд тоглолтоо хийгээд амжсан авьяастнууд. Ирэх аравдугаар сард хамтлаг нь тайлан тоглолтоо хийх гээд тун завгүй явна.
     Тэр маргааш дахиад шөнийн ээлжинд өндөрт заларна. Амсхийх чөлөөгүй ажилласаар өглөөтэй золгоно. Баяжмалын үнэр ханхлуулан гэртээ харина. Бор уулынхаа буянд бондойж байна гэж хүүхдүүддээ ярина...

М.ОДГЭРЭЛ    
 

Мягмар, 10 10-р сар 2017 00:00

Мастеруудын зөвлөгөөн болно

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн мастеруудын ажил үүрэг, тэдгээрт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, мастеруудын хөдөлмөрийн бүтээмж, манлайллын ур чадварыг  дээшлүүлэх боломж, арга замыг тодорхойлох зорилгоор “Мастеруудын зөвлөгөөн”-ийг зохион байгуулна. Үйлдвэрлэлийн өдөр тутмын тасралтгүй найдвартай үйл ажиллагааг явуулахад мастерууд онцгой үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн жигд ажиллагааны хамгийн гол оньсыг мастерууд барьж байдаг. Тиймээс үйлдвэрийнхээ цаашдын зорилтыг тодорхойлоход тэдний санаа бодол, туршлага өндөр ач холбогдолтой учир  “Мастеруудын зөвлөгөөн”-ийг зохион байгуулах болсон гэдгийг албаны эх сурвалж онцолж байна.  
     Тус зөвлөгөөнөөр  “Үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам “, “Мастерын манлайллыг дээшлүүлэх боломж” сэдэвт илтгэл хэлэлцэж,  Ганабелл Институтын бизнесийн ахлах зөвлөх  Т.Амарсанаа  “Мастеруудад эзэмшвэл зохих ур чадварууд”, “Ажилтнуудаа сэдэлжүүлж, санаачилгыг өрнүүлэх нь”  сэдвээр лекц унших ажээ. Мөн энэ үер тэргүүний мастеруудад шагнал гардуулж, манлайллыг дээшлүүлэх сэдвийн дор оролцогдын дунд нээлттэй хэлэлцүүлэг болох юм. Зөвлөгөөнөөс  мастеруудын санал дүгнэлтийг нэгтгэсэн зөвлөмж гаргах ажээ. 

     Цахилгаан цехийн хамт олон хуучирсан элэгдсэн тоног төхөөрөмжийг солих ажлын хүрээнд тусгайлан төлөвлөгөө гарган ажилладаг. Үүний дагуу баяжуулах үйлдвэрийг цахилгаанаар тэжээдэг хоёр трансформаторын найдвартай ажиллагааны хамгаалалтад зориулсан 110 кил/вольтын элигац таслуурыг суурилуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Ингэснээр үйлдвэрлэлийн найдвартай үйл ажиллагааг хангаж байна.  Энэхүү элигац таслуурын суурилуулалтын ажлыг хоёр долоо хоногийн хугацаанд чанартай хийж гүйцэтгэжээ.Тус хамт олон энэ онд хийхээр төлөвлөсөн томоохон шинэчлэлийн ажлуудаа хийж дуусгаад байна. Ирэх онд хуучирсан элэгдсэн тоног төхөөрөмжийг солих ажлын хүрээнд тусгайлан гаргасан төлөвлөгөөний дагуу дэд станцууд дээр орчин үеийн микропроцессорны релэ, вакум таслуур, элигац таслуурыг суурилууан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

 



 

     Энэ сарын 9-ны өдөр замын хөдөлгөөны аюулгүй байдлын байнгын комиссын  ээлжит зөвөлгөөн боллоо. Сард нэг удаа зохион байгуулагддаг тус хурлын үеэр хэд хэдэн онцлох асуудлуудыг авч хэлэлцжээ. Үүнд өнгөрсөн сард хийгдсэн ажлын үр дүн болон ирэх улирлын ажлын төлөвлөгөөг батлан хуралдлаа.
    2016 оны 11-р сарын 16-ны өдөр батлагдсан Ерөнхий захирлын А/699 тоот тушаал нь одоог хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Уг тушаалд үндэслэн шинээр батлагдсан үйлдвэрийн дотоод журманд ажилтан, ажиллагсдыг үйлдвэрийн дүүрэгт гадны болон хувийн автомашинтай зорчихгүй байх, нийтийн нэгдсэн автобусаар зорчихыг заасан байдаг байна. Тушаалын дагуу эрдэнэт үйлдвэрийн хууль эрх зүйн газар, ХАБЭАБОХХ, цагдаагийн хэлтсүүд хамтран хэрэгжүүлэхээр шат дараатай үйл ажиллагааг зохион байгуулан ажилладаг. Гэсэн хэдий ч үйлдвэрийн ажилчид хувийн машинаар ажилдаа ирж буцахдаа зам тээврийн зөрчил дутагдал гаргах, ажилдаа  хоцрох, ажлаас эрт буух зэрэг асуудал гарсаар байна. Иймээс  Эрдэнэт үйлдвэрийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын байнгын комиссын хурлаар 10-р сарын 20-оос эхлэн үйлдвэрийн дүүрэгт хувийн автомашинаар ирэхийг хориглосон  шийдвэрийг гаргалаа.
     Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан хамтын гэрээний дагуу,  ажилчдаа үнэ төлбөргүй  ажилдаа ирж буцахад нь нийтийн тээврийн хэрэгслээр үйлчилдэг. Иймд энэ сарын 20 ны өдрөөс эхлэн хувийн автомашинтай ажилчдыг үйлдвэрийн дүүрэгт зорчуулахгүй тул зориулалтын автобусандаа сууж, ажилдаа ирж буцахыг ХАБЭАБОХХ-ээс анхаарууллаа.

 

 

    Жил бүрийн 10 дугаар сарын эхний долоо хоногт Нийтийн аж ахуй, үйлчилгээний ажилтны баяр тохиодог уламжлалтай. Эрдэнэт үйлдвэрийн Үйлчилгээ аж ахуйн албанаас мэргэжлийн баярын энэ өдрөөр нийт үйлчилгээний ажилтнуудынхаа дунд ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулж, дүгнэсэн байна. 
   Үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, ажлын уялдаа холбоог сайжруулахад тус уралдааны зорилго чиглэжээ. Ажил мэргэжлийн уралдаанд нийт 8 цехийн 25 үйлчилгээний ажилтнууд оролцож, “Шилдэг албан өрөөний үйлчлэгч”, “Шилдэг ариун цэврийн өрөөний үйлчлэгч” гэсэн хоёр төрөлд  ур чадвараараа өрсөлдөв. Уралдааны шүүгчээр Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын Чанар стандарт хариуцсан мэргэжилтэн Б.Энхтөр, тус газрын сургагч багш Х.Цэцэгмаа, Б.Соёлмаа нар ажиллаж, үйлчилгээний ажилтнуудын гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгсөн байна.
   Ажил мэргэжлийн уралдааны “Шилдэг албан өрөөний үйлчлэгч” ангилалд Үйлчилгээ аж ахуйн албаны үйлчилгээний ажилтан Ё.Бурмаа тэргүүлж, А.Лхамсүрэн, Н.Бат-Эрдэнэ нар удаах байранд шалгарсан байна. Харин “Шилдэг ариун цэврийн өрөөний үйлчлэгч” ангилалд С.Чанцалнямаа, С.Эрдэнэ-Ундрах, Н.Батсуурь нар эхний байруудыг эзэллээ.
    Үйлчилгээ аж ахуй албанаас зохион байгуулсан Ажил мэргэжлийн уралдааны аваргуудад шагналыг нь Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр, үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн З.Жаргалмаа, Үйлчилгээ аж ахуйн албаны дарга Б.Туяа нар гардуулж, баяр хүргэв. Үйлчилгээний ажилтнуудын сэтгэл зүтгэл хүн бүрийн нүдэнд ил байдаг. Тиймээс манай ажилтнуудын ур чадвар, ажилдаа хандах хандлагыг өндөр хэмжээнд байгааг шүүгчдийн зүгээс үнэлсэн нь бидэнд их урам өгч байна гэж тус албаны дарга Б.Туяа мэндчилгээндээ онцоллоо.
 
 
 
 
 
 
 
     Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 1-р байрны ажилтнуудад халуун хоолны үйлчилгээ үзүүлж байгаа Хаан хүнс Катаренгийн хамт олон “Алтан намар” өдөрлөг зохион байгуулж, хонжворт сугалааны эздийг тодруулсан байна. Халуун хоол үйлдвэрлэлийн Эрдэнэт Хаан хүнс катаренгийн хамт олон Өнгөрсөн Пүрэв гаригийн үдийн хоолны цагаар үйлдвэрийн ажиллагсдын дунд “Алтан намар” өдөрлөг зохиож, хонжворт сугалаа сугалуулсан байна. Үйлдвэрийн ажилчид үдийн хоолны үеэр ажлын алжаалаа бага ч гэсэн тайлж, дуу хөгжим сонсон,  эрч хүч авах боломж бүрдүүлэх зорилгоор олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байгааг Хаан хүнс катаренгийн салбарын менежер Д.Мөнхтуяа  ярив. 
     “Алтан намар” өдөрлөгийн хонжворт сугалааны азтанаар Засвар монтажийн цехийн ажилтан Эрдэнэчимэг, Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн ажилтан  Баяраа, Отгонжаргал, Урвалжийн хэсгийн ажилтан Аззаяа, Нямдорж, Үйлчилгээ аж ахуйн албаны ажилтан Чанцалдулам нар тодорч, үржиж өөдлөхийн бэлгэдэл тариан түрүүний баглаа, тус бүр нэг шуудай хүнсний ногоо гардан авлаа.      
 
 
 
 
 
 
 
 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журам нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны ээлжит бус X бага хурлаар ҮЭ-ийн холбооны даргад нэр дэвшигчийг сонгоход тавигдах шаардлагыг тодорхойлон мөрдөхөд оршино.

Хоёр. Нэр дэвшүүлэх

2.1 Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны даргын сонгуульд нэр дэвшигч нь ҮЭ-ийн Холбооны дүрмийн 27.1-д заасны дагуу дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
       - МҮЭ-ийн гишүүн байх
       - Дээд боловсролтой
       - Үйлдвэрчний эвлэлийн ажлын дадлага, туршлагатай байх
       - Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх
       - Уг сонгуульт ажлыг гүйцэтгэхэд харшлах шалтгаангүй байх
       - Хөдөлмөрийн насных байх

2.2 Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны даргын сонгуульд нэр дэвшигч нь дараах материалуудыг бүрдүүлэн бага хуралд бэлтгэх ажлын хэсэгт бүртгүүлнэ. Үүнд:
       1. Цахим үнэмлэхийн хуулбар
       2. 3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
       3. Их, дээд сургууль төгссөн диплом, түүний нотариатаар батлуулсан хуулбарын хамт
       4. Өөрийн ажил байдлын тодорхойлолт
       5. Өөрийн гараар бичсэн гурван үеийн намтар
       6. Мөрийн хөтөлбөр

Гурав. Нэр дэвшигчийг бүртгэх

3.1 Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны даргын сонгуульд нэр дэвшигч нь ҮЭ-ийн Холбооны дүрмийн 27.2-д заасны дагуу Нэр дэвшигчийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 0800 цагаас 10 дугаар сарын 20-ны өдрийн 1600 цагийн хооронд бүртгэнэ. Нэр дэвшигчийн материалыг АБК-ын  231 тоотод хүлээн авна.

3.2 Нэр дэвшигч нь албан ёсоор бүртгүүлж нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс эхлэн сурталчилгаа хийх эрх үүсэх ба 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1600 цагаар дуусгавар болгоно.

3.3 Нэр дэвшигчийг 3.1-д заасан хугацаанаас хойш бүртгэхгүй.



Дэлгэрэнгүй мэдээллийг 99351248, ажлын цагаар 75771766, 75771726 дугаарын утсаар лавлана уу.

ЭЭЛЖИТ БУС X БАГА ХУРАЛД БЭЛТГЭХ АЖЛЫН ХЭСЭГ

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог