Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: Мягмар, 03 10-р сар 2017

     Өнгөрөгч 9 дүгээр сард  дэлхийн зах зээл дээрх зэсийн дундаж үнэ 6583 ам.доллартай тэнцүү байсан нь  8 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 105 ам доллараар өссөн байна.
     Энэ оны гуравдугаар  улирлын байдлаар зэсийн дундаж үнэ 6346,6 ам доллар байсан нь өмнөх улиралтай харьцуулахад 683 ам доллараар өссөн үзүүлэлт гарчээ.  Харин 2017 оны эхний 9 сард зэсийн дундаж үнэ 5947 ам доллар байсан бөгөөд үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1223 ам доллараар нэмэгдсэн дүнтэй байна. Хэдийгээр дундаж үнэ өсөлттэй байгаа ч  өнгөрөгч 9 дүгээр сарын эхэн үед 6900 ам доллар хүрсэн зэсийн үнэ мөн сарын сүүлээр 6400 ам доллар болж,  бараг 500 ам доллараар буураад байгаа юм.
     Сүүлийн өдрүүдэд зэсийн үнэ суларч байгаатай холбоотойгоор зарим судалгааны байгууллага 2017 оны дөрөвдүгээр улиралд зэсийн үнэ өмнөх улиралтай харьцуулахад буурна гэж мэдээлжээ. Тухайлбал ING банкны судлаачид ирэх дөрөвдүгээр улиралд 6000 ам доллар болж буурна гэсэн байна. Тэгвэл Wood Mack байгууллагын судлаачид 10 дугаар сарын эхний өдрийн шинэчилсэн судалгаандаа энэ улиралд зэсийн үнэ дунджаар 6500 ам доллар тонн байна гэв.
     Олон улсын судалгааны байгууллагууд  ойрын хугацаанд зэсийн үнэ өсөх эсвэл буурах хандлагатай  гэж таамаглаж байгаа ч  дэлхийн зах зээл дээрх ханш нэлээд хэлбэлзэлтэй байна гэдэгт санал нэгдэж байна. Сүүлийн ганцхан сард л гэхэд нэг тонн зэсийн үнэ 500 хүртэл доллараар өгсөж, уруудсан нь  ханш тогтворгүй байгааг харуулж байна гэсэн юм.


 

     Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд  “Нэн түрүүнд-ХАБ” уриан дор хэрэгжиж байгаа  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогын хүрээнд аюулыг мэдээлэх хэрэгслүүд ажилладаг. Үүний нэг нь  аюулгүй ажиллагааны талаарх мэдээлэл хүлээн авах зориулалт бүхий  71300 дугаар юм.  Аюулыг мэдээлэх зориулалттай  71300 дугаарыг ажиллуулснаар тухайн ажлын байран дахь ажилтны идэвх оролцоог нэмэгдүүлж, анхаарал сэрэмжийг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд үздэг. ХАБЭАБОХХ-ээс  Даваа гариг бүр дээрх дугаарт ирсэн мэдээллийн мөрөөр хэрхэн ажиллах, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөгөөн зохион байгуулдаг болсон байна. Энэ нь  ажилтнуудын өгсөн мэдээллийн мөрөөр цаг алдалгүй арга хэмжээ авах, эргэж холбоо барих,  шийдвэрлэх явцыг эрчимжүүлэх зорилготой юм. Зөвлөгөөнд цех нэгжийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, инженерүүд оролцож, өөр өөрсдийн харьяа ажлын байрны аюулгүй ажиллагааны талаар мэдээлэл солилцдог. Ингэснээр 71300 дугаарт ирсэн мэдээлэл богино хугацаанд шийдэхэд ихээхэн дөхөмтэй ажээ. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд  71300 дугаарт нийт 18 төрлийн аюулыг илрүүлэх мэдээлэл иржээ. Эдгээрийн ихэнхийг  үйлдвэрийн бүс дэх  зам, замын хөдөлгөөн, тээвэрлэлтэд хүндрэл учруулж байгаа засвар, тэмдэг  тэмдэглээний зөрчил, цэвэрлэгээний чанартай холбоотой мэдээллүүд эзэлж байгаа юм. Энэ удаагийн зөвлөгөөний үеэр  дээрх асуудлыг тухайн цехийн удирдлагуудад танилцуулан хамтарч ажиллахыг Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнуудад үүрэг чиглэл болголоо.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог