Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Өдрөөр ангилагдсан мэдээлэл: 11-р сар 2016

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн 2016 оны 11-р сарын 29-ний өдөр А/746 тоот тушаал гаргаж, 2016 оны эхний 10 сарын ажлаа дүгнэн үйлдвэрийн нийт ажиллагчдаа урамшуулсан байна. 2016 оны эхний 10 сард компанийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах, хямралын эсрэг арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, 1 тонн цэвэр зэсийн өөрийн өртгийг олон улсын зэсийн уурхайн компаниудын дундаж өөрийн өртгийн хэмжээнд хүртэл /3974 ам.доллар/ бууруулахад нийт компанийн ажилтнуудын оруулсан бодит хувь нэмэр, идэвх оролцоог өндрөөр үнэлэн цаашид бүтцийн нэгжүүд болон ажилтан бүрийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэх зорилгоор тус компанийн үндсэн ажилтан тус бүрийг 500.000 төгрөгийн, гэрээт байгууллагуудын ажилтан тус бүрийг 300.000 төгрөгийн мөнгөн урамшууллаар шагналаа.

 

     “Эрүүл мэндийг дэмжихэд ажилчин миний үүрэг”  уриан дор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Уурхайчин соёлын ордон, Эрдэнэт сувиллын цогцолбороос  санаачлан,  хамтран зохион байгуулж буй уралдаант өдөрлөгийн нээлт боллоо.  
     Эрдэнэт үйлдвэрт ажиллагсдад эрүүл амьдралын хэв маягийг  таниулах, зөв дадал хэвшилд суралцуулах, ажилтнуудыг өвчлөлөөс  урьдчилан сэргийлэх, шинээр ажилд орж буй залууст Эрүүл мэндийн хөтөлбөрийн тухай таниулах, мэдлэг  эзэмшүүлэхэд тус уралдааны зорилго чиглэгдэж байгаа юм. Уралдааны нээлтийн үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг, Хүний нөөцийн хэлтсийн орлогч дарга Д.Мөнхболд, Эрдэнэт сувилал цогцолборын ерөнхий эмч Ж.Ганчимэг, Уурхайчин соёлын ордны орлогч дарга Буянжаргал болон албаны хүмүүс оролцлоо.  “Эрүүл хүнс” хоолны үзэсгэлэн, “Эрүүл мэндийг дэмжихэд миний оролцоо” сэдэвт илтгэл хэлэлцүүлэг, Эрүүл мэндийн идэвхтэй хөдөлгөөн гэсэн 3 төрлөөр тус үйл ажиллагаа явагдах бөгөөд үйлдвэрлэлийн  үндсэн болон туслах 13 цехийн хамт олон эдгээр шалгуур үзүүлэлтээр өрсөлдөж байна.
     “Эрүүл хүнс-2016” уралдаант өдөрлөг 7 хоног үргэлжилж, 3 үе шаттайгаар  дүнгээ гаргана. Төрөл тус бүрд шилжин явах цом, дурсгалын зүйл гардуулж, номинаци бүрийн шилдгүүдийг тодруулах ажээ. Эрдэнэт үйлдвэр нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч жишиг үйлдвэрийн хувьд 1996 оноос үйлдвэрийн ажиллагчдын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал болон бусад нийгмийн хамгааллын чиглэлээр олон талт бодлого, хөтөлбөр, арга хэмжээг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн эрүүл ахуйн цогц өдөрлөг ч энэхүү уламжлалт үйл ажиллагааны нэг хэсэг нь болж байгаа юм.  

     Эрдэнэт үйлдвэр ХХК-иас баримталж буй  импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд  тус үйлдвэрийн Засвар механикийн завод туузан дамжуулгын өнхрөвчийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой боллоо. Нэг жилд 10000 ширхэг туузан дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэж, угсрах хүчин чадал бүхий хагас автомат бүхий шугамыг нээх  ёслолын  ажиллагаа өнөөдөр Засвар механикийн завод  дээр болов.  
     Нээлтийн ажиллагаанд  Төрийн өмчийн хорооны Бодлого зохицуулалтын газрын орлогч дарга А.Дагвадорж, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг даргын орлогч С.Батжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд  Ерөнхий инженер Д.Даваасамбуу, Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг болон цех хэлтэс, нэгжийн удирдлага, Засвар механикийн заводын ажилтан, ажиллагсдын төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд оролцлоо.  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Техникийн ухааны доктор, Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Ц.Даваацэрэн ёслолын ажиллагааг нээж, үйлдвэрийн ажиллагчдын төлөөлөлд баяр хүргэж, үг хэлэв. Тэрээр “ Энэ сайхан өдөр үйлдвэрийн ажилтан, хамт олон та бүхэнтэйгээ нэгэн баярт мөчийг хамт өнгөрөөж байгаадаа би туйлын  баяртай байна. Та нарынхаа дунд орж ирээд, энэ цех дотор  зогсож байхад үнэртдэг тэр  их эрч хүч, сайхан бүтээн байгуулалт  үнэртэж байна. 2013 онд би ажлаа аваад, ЗМЗ-д хийж болох, бид өөрсдөө хийж чадах импорт орлох бүтээгдэхүүнийг гаднаас худалдаж авахгүй байх шийдвэр гаргаж байсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ хугацаанд ЗМЗ-д хийгддэг импорт орлох бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэж, тэр хэмжээгээр үйлдвэрийн хэмнэлтийн бодлого, эдийн засагт маш өндөр үр өгөөж авчирсныг хэлэхэд таатай байна. Манай ЗМЗ-ын хамт олон осол авааргүй ажиллах нөхцлийг сайн хангаж, бүтээмж инновацийг хөгжүүлэх чиглэлээр санаачилгатай, идэвхтэй ажилладагт нь би сэтгэл өндөр явдгаа энэ дашрамд хэлье. Өнөөдөр та бид хамтдаа хүлээн авч буй энэхүү өнхрөвч үйлдвэрлэх шугам бол маш богино хугацаанд өөрийн өртгөө нөхөх шинэ шийдэл бүхий технологи байгаа. Энэ ажлыг Б.Чинзориг даргатай ЗМЗ-ын хамт олон санаачлан эхлүүлсэн бол Б.Баасансүрэн даргатай тус цехийн хамт олон үргэлжлүүлэн дуусгаж,  ашиглалтанд хүлээн авч байгаад туйлын их баяртай байна. Цаашид та бүхэн илүү ихийг санаачлан, олон шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Засвар механикийн завод  зөвхөн дотооддоо төдийгүй дэлхийн хэмжээнд өөрийн бүтээгдэхүүнийг таниулж, Монгол улсын зах зээлийг бүхэлд нь хангах цаг ойрхон байгаа гэдэгт бас итгэлтэй байна. Ингээд та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
    Туузан дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэх шугамыг нээх ёслолын ажиллагааны туузыг Төрийн өмчийн хорооны Бодлого зохицуулалтын газрын орлогч дарга А.Дагвадорж, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг даргын орлогч С.Батжаргал, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд  Ерөнхий инженер Д.Даваасамбуу, Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг, Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг нар хайчилсан бол өнхрөвч үйлдвэрлэх шугамыг асаах анхны товчлуурыг  Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд  Ерөнхий инженер Д.Даваасамбуу,  Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг, Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэн нар дарж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн юм.
     Энэхүү туузан дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэх шугамыг ашиглалтанд оруулснаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн жилийн хэрэгцээний 4500-5000 ширхэг өнхрөвч, Монгол улсын  жилийн хэрэгцээний  5000 ширхэг өнхрөвч буюу нийт 10000 ширхэг өнхрөвч үйлдвэрлэх боломж бий болж байгаа юм. Тус үйлдвэр өмнө нь жилийн хэрэгцээний өнхрөвчийг 350.000-400.000 ам.доллараар гаднаас худалдан авдаг байсан бол Засвар механикийн заводад үйлдвэрлэх болсноор эдийн засгийн өндөр үр ашиг гарч байгааг мэргэжилтнүүд онцоллоо.


М.Балжинням

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын А/742 тоот тушаалаар Компанийн техникийн найдвартай байдлыг хангах, үйлдвэрлэлийн технологийн өргөтгөл, шинэчлэл, хүчин чадлыг сайжруулах, геологийн эрэл хайгуул хийж, ордын нөөцийг нэмэгдүүлэхэд идэвх зүтгэл, санаачилгатай ажилласныг үнэлэн дараах ажилтнуудыг шагнаж урамшууллаа.
     Эрчим хүчний 1020 мм-ийн диаметртэй эргэлтийн усны 3 дугаар шугам, мөн эргэлтийн усны 2х10000 м/кубын усан санг амжилттай ашиглалтад оруулсан Эрчим хүчний цехийн дарга Г.Батмөнх, Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд 7 дугаар насосыг өөрсдийн хүчээр шинээр суурилуулж, ашиглалтад оруулсан хаягдлын далангаас шүүрч буй усыг цуглуулж авах, эргүүлэн үйлдвэрлэлд ашиглах зориулалттай шүүрүүлэх сувгийг цэвэрлэх ажлыг амжилттай зохион байгуулж удирдсан Баяжуулах үйлдвэрийн дарга Д.Эрдэнэцогт, Уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлагын “Pitram” системийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг амжилттай удирдан зохион  байгуулсан Холбоо, мэдээлэл, техник автоматжуулалтын цехийн дарга Г.Жаргалсайхан, Дулаан цахилгаан төвийн өргөтгөлийн ажлыг амжилттай удирдан зохион байгуулж, өвлийн бэлтгэл ажлыг цаг хугацаанаас нь өмнө хангасан Дулааны цахилгааны төвийн ларга Г.Мөнх-Эрдэнэ, Туузан дамжуулгын өнхрөвч үйлдвэрлэх хагас автомат иж бүрэн шугамыг ашиглалтад оруулах төслийг санаачлан, амжилттай нэвтрүүлсэн Механикийн хэлтсийн дарга, Ерөнхий механикч Б.Чинзориг, Эрдэнэтийн овоо ордын балансын хүдрийн HL-SX-EW технологиор боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан Лаборатори судалгааны төвийн дарга Л.Мөнхбаяр, Компанийн түүхий эдийн бааз Эрдэнэтийн –Овоо ордын  хүдрийн нөөц баялгийн хэмжээг Монгол улсад мөрдөгдөж буй хатуу ашигт малтмалын нөөцийн ангиллын дагуу 25 жилийн дараа шинэчлэн бүртгүүлэх ажлыг өндөр түвшинд, богино хугацаанд чанартай гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан Геологи маркшейдерийн хэлтсийн дарга, Ерөнхий геологич А.Ундрахтамир нарыг сарын дундаж цалингаар шагнав.

     Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 11 сарын 28-ны өдрийн А/740 тоот тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Улсын Их Хурлын гишүүн асан Шагдарын Отгонбилэг агсныг тус компанийн “Эрдэнэт дээд өргөмжлөл” медалиар нэхэн шагналаа.  Монгол Улсын ХХ зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшилд оруулсан түүний хувь нэмрийг өндрөөр үнэлж, энэхүү дээд шагналыг хүртээж байна.
     Шагдарын Отгонбилэг агсан  Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн анхны монгол ерөнхий захирлаар ажиллаж байсан юм.
     Мөн өдрийн А/741 тоот тушаалаар ХХ зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат, Геологи уул уурхайн яамны сайд асан Дугарын Рэнцэнханд, Геологи уул уурхайн үйлдвэрийн сайд асан Чойжингийн Хурц, Геологи, эрдэс баялгийн яамны сайд асан Доржийн Цогбаатар, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал асан Дамбийн Дорлигжав, Халзхүүгийн Наранхүү, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал асан Чимиддоржийн Ганзориг нарыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Эрдэнэт дээд өргөмжлөл” медалийг тус тус хүртээсэн байна.

 

 

     Манай улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа спортын төрөл болох Туялзуур сэлэмний Орхон аймгийн аварга шалгаруулах 2-р тэмцээн боллоо. Туялзуур сэлэмний аймгийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээн Улаанбаатар хот болон Багануур зэрэг спорт клубуудын тамирчдыг оролцуулан нээлттэй явуулснаараа онцлогтой болжээ. Тэмцээнд 13-аас дээш насны насанд хүрэгчдийн ангиллаар 40 гаруй тамирчин оролцож, тухайн шатанд хасагдах журмаар өрсөлдлөө. Тамирчид  ирэх 12 сард болох Монголын Туялзуур сэлэмний Гран при тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдсөн байна. Туялзуур сэлэмний аймгийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байруудыг эрэгтэй төрөлд 4, эмэгтэй төрөлд 3 байр эзлүүлэн  аваргуудыг тодруулсан байна. Эрэгтэйчүүдээс алтан медалийг “УБ фенсинг” клубын тамирчин Э.Энхтулга, мөнгөн медалийг Улаанбаатар хотын “Дуэль” клубын тамирчин Ц.Жигжидсүрэн, хүрэл медалийг “УБ фенсинг” клубын тамирчин Э.Бат-Эрдэнэ, “Дуэль” клубын тамирчин Э.Төгсбаяр нар хүртсэн байна. Эмэгтэй төрөлд Хангарьд клубын тамирчин Б.Гэрэлмаа, “Дуэль” клубын тамирчин Б.Должансүрэн, Ж.Батчимэг,  “УБ фенсинг” клубын тамирчин н.Энхбадрал нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Мөн энэ үеэр тамирчин Б.Амарболд, Б.Хаш-Эрдэнэ нар Спортын дэд мастерийн болзол хангаж, Хангарьд клубын тамирчин Б.Гэрэлмаа, Б.Батхүү, Б.Хаш-Эрдэнэ нар 12 сард болох Туялзуур сэлэмний Гранпри тэмцээнд оролцох эрх авчээ.  


М.Балжинням 

     Монголын Усан Спорт Сонирхогчдын  Холбооны нэрэмжит 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Хангарьд клубын усан санд болж, дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд 13 багийн 240 гаруй усан сэлэлтийн тамирчид оролцсон байна. Тэмцээнд 8-аас доош насны анхлан сонирхогчид болон 15-аас дээш насны олимп болон тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцсон шилдэг тамирчид хамрагдсанаараа онцлогтой болжээ. 2016 оны Монголын Усан Спорт Сонирхогчдын Холбооны нэрэмжит тэмцээний 1-р байрыг Улаанбаатар хотын “”Хилэм” клуб, 2-р байрыг “Виста” клуб, 3-р байрыг “Хангарьд” клубын тамирчид нийлбэр дүнгээр эзэлж, алт мөнгө хүрэл медаль хүртсэн байна.

 

     Өнгөрсөн амралтын өдрүүдээр Спорт ордонд зохион байгуулагдсан улс, аймгийн аварга шалгаруулах тэмцээн, уралдаанаас бэлтгэсэн багц мэдээллийг одоо хүргэе. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МҮОХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан Ш.Отгонбилэг агсны нэрэмжит өсвөр үе, залуучуудын чөлөөт бөхийн олон хотын “Олимпийн одод” тэмцээн Хангарьд паласт боллоо. Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр олимпийн бамбар асаан, 2020 онд Японы улсын Токио хотноо болох зуны олимпийн бэлтгэл сургуулилалт эхэлж байгааг албан ёсоор зарласан нь тус тэмцээний нэгэн онцлог байв. Чөлөөт бөхийн үе үеийн шилдэг тамирчдыг төрүүлж гаргадагаараа “Олимпийн одод” олон хотын тэмцээн өндөр ач холбогдолтой. Тухайлбал, Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Батцэцэг, Гавьяат тамирчин О.Насанбурмаа, Цэрэнчимэд, Орхон нарын олон шилдэг тамирчдыг тус тэмцээн бэлтгэсэн гэж хэлж болно. 14 дэх жилдээ болж байгаа  “Олимпийн одод-2016” тэмцээнд 34 байгууллага, спорт клубын 500 гаруй чөлөөт бөхийн тамирчин нийт 25 жинд зодоглолоо. 2017 оны 1,2 саруудад болох насанд хүрэгчдийн болон залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний өмнө болж байгаа сорилго тэмцээн гэж зохион байгуулагчид нь онцлов. Жил жилийн “Олимпийн одод” тэмцээнийг Эрдэнэт үйлдвэрийн захиргаа дэмжин, ивээн тэтгэж, чөлөөт бөхийн тамирчин, багш дасгалжуулагч нар нэгэн дор цуглаж, бэлтгэл хангах боломжийг бүрдүүлсээр иржээ. Энэ удаагийн тэмцээнийг Эрдэнэт үйлдвэр ХХК-иас гадна Орхон аймгийн ЗДТГ, Монголын Үндэсний Олимпийн Хороо, Чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир спортын газар зэрэг байгууллагууд дэмжин ажиллажээ. “Олимпийн одод-2016” тэмцээний охидын 34 кг-ын жинд Алдар клубын Р.Оюунбилэг, Дорноговь аймгийн Л.Мөнхцэцэг, Өвөрхангай аймгийн А.Эрдэнэболор, Ирээдүйн одод сургуулийн Э.Буман-Аюуш, 38 кг-ын жинд Архангай аймгийн Д.Оюундарь, Г.Хонгорзул, Дархан Хасу клубын Д.Ганцэцэг, О.Солонго, 40 кг-ын жинд Алдар клубын Г.Энхжин, Дархан Хасу клубын Б.Батболор, Орхон аймгийн Г.Мягмарсүрэн, Архангай аймгийн А.Хонгорзул, 43 кг-ын жинд Женко клубын Д.Отгонжаргал, Дархан Хасу клубын А.Отгонзаяа, Дорноговь аймгийн А.Бичигмаа, Хангарьд клубын Ч.Халиун, Залуучуудын ангиллын эмэгтэй төрөлд 48 кг-ын жинд Арслан клубын С.Энхтунгалаг, Женко клубын Б.Эрдэнэсувд, Хангарьд клубын Б.Чимгээ, Женко клубын М.Мөнхгэрэл, 51 кг-ын жинд Баянхонгор аймгийн Б.Хонгорзул, Г.Пүрэвсүрэн, Алдар клубын Б.Болор, Хангарьд клубын Т.Ариунзаяа, 55 кг-ын жинд Женко клубын Б.Болортуяа, Алдар клубын Г.Лхагвадулам, Ирээдүйн одод сургуулийн Б.Халиунаа, Налайх дүүргийн Б.Дөлгөөн, 59 кг-ын жинд Налайх дүүргийн Г.Энхсувд, Женко клубын Г.Отгонбаяр, Архангай аймгийн Б.Алтантүлхүүр, Багануур дүүргийн Г.Оюун-Эрдэнэ, 63 кг-ын жинд Налайх дүүргийн Д.Сарнай, Улаанбаатар хотын БТДуС-ийн Б.Баянжаргал, Дорноговь аймгийн Э.Минжинсор, Женко клубын Д.Түмэнхүслэн,67 кг-ын жинд Алдар клубын Э.Даваанасан, Булган аймгийн Б.Амгаланцэцэг, Говийн бөх клубын Д.Цогзолмаа, ҮБТДС-ийн Г.Сүрэн, 72 кг-ын жинд МУБИС-ийн Б.Цэцэгбаяр, Алдар клубын н.Ариунжаргал, Ч.Мягмарцэнд, ҮБТДС-ийн А.Мөнхцэцэг нар эхний байруудад шалгарч, алт, мөнгө, хүрэл медаль хүртэв. Эрэгтэй 30 кг-ын жинд Дарханы Р.Мөнх-Эрдэнэ, Э.Бямба-Оргил, Архангайн Г.Ариунболд, Налайх дүүргийн А.Анх-Эрдэнэ, 34 кг-ын жинд Голомт цогцолбор сургуулийн Ц.Баярсайхан, Ирээдүйн одод сургуулийн Б.Даваадорж, Дархан-Уул аймгийн Н.Очир-Эрдэнэ, Архангай аймгийн Н.Нарангарав, 38 кг-ын жинд Дорноговь аймгийн С.Жигүүр, Архангай аймгийн Э.Банзрагч, Голомт цогцолбор сургуулийн Э.Мөнхжин, Баянхонгор аймгийн А.Дэлгэрбаяр, 42 кг-ын жинд Алдар клубын Б.Төгөлдөр, Орхон аймгийн Б.Тэмүгэ, Архангай аймгийн М.Лүндээжанцан, Говийн бөх клубын Ж.Чингүүнбаяр, 46 кг-ын жинд Дархан-уул аймгийн Э.Төгсжаргал, Дорноговь аймгийн С.Сүххуяг, Дархан-Уул аймгийн П.Дашцэрэн, Дорноговь аймгийн Ш.Дэлэг, Залуучуудын ангилалд эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Ирээдүй клубын А.Даваасүрэн, Дархан-Уул аймгийн М.Дүвчин, Мандал-Оюут клубын Г.Баярбат, Дархан-Уул аймгийн Н.Наранхүү, 55 кг-ын жинд Дархан-Уул аймгийн Н.Насанбуян, Б.Түмэнцогт, Б.Тайванбат, Аварга Дээд сургуулийн Э.Үнэн-Эрдэнэ, 60 кг-ын жинд Арслан клубын Г.Тулга, Налайх дүүргийн С.Оргил, БТДуС-ийн Ц.Цогбадрах, Баянхонгор аймгийн Э.Бямбадорж, 66 кг-ын жинд Дархан-Уул аймгийн Г.Тэмүүлэн, Женко клубын З.Мөнхтулга, БТДуС-ийн Ж.Тэлмэн, Аварга Дээд сургуулийн Б.Түвшинбат, 74 кг-ын жинд Арслан клубын Д.Отгонбаяр, Баянхонгор аймгийн Э.Батмагнай, Мандал-Оюут клубын Ц.Батсүрэн, МУБИС-ийн Э.Гансүх, 84 кг-ын жинд Арслан клубын З.Сумьяабазар, МУБИС-ийн М.Батмэнд, Аварга Дээд сургуулийн А.Сүх-Очир, Ирээдүйн-Одод сургуулийн Н.Цогтгэрэл, 96 кг-ын жинд Аварга Дээд сургуулийн Ч.Алтангэрэл, Кавхан аймгийн Даян дэвжээ клубын А.Нармандах, Аварга Дээд сургуулийн Э.Бат-Эрдэнэ, Сүхбаатар аймгийн С.Ган-Эрдэнэ, 120 кг-ын жинд Аварга Дээд сургуулийн Н.Лхагвагэрэл, Д.Эрдэнэтулга, Дархан-Уул аймгийн Ж.Бат-Оргил, Аварга Дээд сургуулийн М.Жамсрандорж нар тэмцээний алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна. Дашрамд сонирхуулахад, “Олимпийн одод-2016” тэмцээнд чөлөөт бөхийн 4 гавьяат дасгалжуулагч болох Т.Сүхбаатар, Ц.Баярсайхан, Ц.Хосбаяр, Ч.Раднаабазар нар баг тамирчдынхаа хамт оролцсон байна.

     Баяжуулах үйлдвэрийн конвейрийн машинч Б.Уранчимэгийн  “Хүрэл өвс”  шүлгийн номын баяр боллоо. Номын баярыг Баяжуулах үйлдвэрийн захиргаа, тус цехийн Эмэгтэйчүүдийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран зохион байгуулжээ. Яруу найрагч Б.Уранчимэгийн “Хүрэл өвс” шүлгийн ном хоёр дахь удаагаа хэвлэгдэж байгаа юм байна. 1995 онд энэ номынхоо анхны хэвлэлтийг өлгийдөж авч байсан бол өдгөө шинэ шүлгээр баяжуулсан “Хүрэл өвс-2” ном нь уншигчдын гар дээр очиж байгаа юм. Тэрээр ихэвчлэн хайрын сэдвээр шүлгээ бичдэг бөгөөд хүүхэд байхаасаа яруу найраг сонирхож эхэлжээ. “Хүрэл өвс” номын баярыг Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан тэмдэглэж байгааг уг арга хэмжээний зохион байгуулагчид онцоллоо. Номын баярын үйл ажиллагаанд Д.Нацагдоржийн шагналт, МЗЭ-ийн хорооны шагналт, зохиолч Б.Батрэгзэдмаа, МЗЭ-ийн хорооны шагналт, зохиолч Б.Сарантуяа нар урилгаар оролцож, “Бидний сэтгэлээс урсах уран үгс” сэдвээр уран бүтээлийн яриа өрнүүлсэн юм. Шинэ номын баярын үйл ажиллагаанд Орхон аймгийн зохиолч, яруу найрагчид оролцсон бөгөөд энэ үеэр дээрх зохиолчдын шинэ уран бүтээлээр номын  үзэсгэлэн гаргасан байна.

 

 

 

     Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 92 жилийн ой, Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Уурхайчин соёлын ордноос “Миний эх орон сэдэвт” уран уншлагын уралдааныг зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа. Уралдааныг Орхон аймгийн ЕБС-ийн 2,3-р ангийн сурагчдын дунд зарласан байна.  ЕБС-ийн бага ангийн сурагчдын ой тогтоолтыг дээшлүүлэх, хүүхдийн авьяасыг бүх талаар хөгжүүлэх, нөгөө талаас Уурхайчин соёлын ордны дэргэдэх уран зургийн галларейг шүлэг, яруу найрагтай холбон, ажиллуулах  зорилгоор “Миний эх орон” сэдэвт уран уншлагын уралдааныг санаачлан, зохион байгуулжээ. Тус уралдаанд Ерөнхий боловсролын 23 сургуулийн 720 сурагч оролцож, ангиараа болон ганцаарчилсан уран уншлагын төрлөөр уралдав.  Уралдааныг Уурхайчин соёлын ордны арга зүйч О.Нансалмаа санаачлан, зохион явуулсан бөгөөд  шүүгчээр тус ордны драмын дугуйлангийн багш н.Энхсайхан, БСУГ-ын мэргэжилтэн, СТА Д.Отгонбаатар, “Эрдэнэт” телевизийн ерөнхий найруулагч Ц.Батбаатар нар ажилласан байна. Гоцлол уран уншлагын төрөлд алтан медалийг Баян-Өндөр цогцолбор сургуулийн сурагч н.Ангараг, мөнгөн медалийг лаборатори 8-р сургуулийн сурагч Х.Хүрэлсүх, Гэгээн билэг сургуулийн сурагч н.Агиймаа, хүрэл медалийг 14-р сургуулийн сурагч н.Даваажаргал, лаборатори 8-р сургуулийн сурагч Б.Номин нар тус тус хүртсэн бол ангиараа уншлагын төрөлд “Шилдгийн шилдэг” шагналтнаар Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14-р сургуулийн 3г ангийн хамт олон тодорчээ. Удаах байрууд болон уралдааны тусгай байрыг 14-р сургуулийн 3а, 2а,  7-р сургуулийн 3б, Орхон цогцолбор сургуулийн 3ж, 3в, 3е бүлгүүд эзэлж, шилдэг уран уншигчид боллоо.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог