• ДЦС-ын “Бүтээлч” бүлгийнхэн эргэх механизмын аюулыг мэдрүүлэх төхөөрөмж бүтээжээ

    Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцынхан ХАБЭА-н хэлтсээс зарласан “Аюулыг аюулгүйгээр мэдрүүлэх” сургалт, дадлагын төхөөрөмж бүтээх уралдаанд ирүүлсэн аюул эрсдэлийг мэдрүүлэх төхөөрөмжөө танилцуулав. Тус станцын ажилтнууд үйлдвэрлэлийн ажлын байранд түгээмэл гарах эрсдэлтэй аюул буюу эргэлдэх механизмтай харьцаж буй үед тохиолддог осол аваарыг бодитойгоор мэдрүүлэх зориулалттай төхөөрөмж бүтээжээ. Эргэлдэх машин механизм дээр ажиллахдаа тухайн ажилтан ямар аюул эрсдэлтэй тулгарч болох, түүнээс сэргийлэхийн тулд хэрхэн сонор сэрэмжтэй ажиллах ёстойг уг төхөөрөмж дээр сургах юм байна. “Аюулыг аюулгүйгээр мэдрүүлэх” уралдаанд тус цехийнхэн өндөр ач холбогдол өгч, төхөөрөмж бүтээх ажилтнуудаа нэгтгэн “Бүтээлч” бүлэг байгуулан оролцож байгаа аж. Тэд уралдааны төхөөрөмж бүтээх ажлаа 3 дугаар сарын сүүлээр эхэлсэн бол одоо сүүлийн шатны тохируулгыг хийж буйгаа ХАБЭА-н инженер С.Бадрах ярив. “Бүтээлч” бүлгийнхний хийсэн “Эргэлдэх механизмын аюулыг мэдрүүлэх” төхөөрөмж нь автомат удирдлагатай төдийгүй олон үйлдлийг нэг зэрэг харуулах боломжтой. Гар утасны аппликейшн ашиглан, хамгийн бага 12 вольтын хүчдэлээр хөдөлгүүрүүд ажиллахаар зохион бүтээсэн нь инженерийн ур ухаан шингэсэн онцлогтой бүтээл болжээ. Мөн аккумляторт цэнэглэдэг тул хаана ч зөөвөрлөн ашиглаж болох зэрэг олон давуу талтай юм. М.Балжинням Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтыг тэргүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олондоо баяр хүргэв

    Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимаас хамтран аж ахуйн нэгжүүдийн тухайн жилийн орлого, нийгмийн даатгал төлөлт, ашиг, хөрөнгийн хэмжээ болон ажилтнуудын тоо гэсэн үндсэн таван үзүүлэлтээр эрэмбэлдэг ТОП 100 шалгаруулалтын манлайлагчаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тодорсон. Энэхүү амжилт, ололтод  гар сэтгэл нийлж,  хамтын хүчээр хүрсэн уурхайчин хамт олондоо тус үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх баяр хүргэв.  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 2019 оны ТОП 100 жагсаалтын тэргүүнд бичигдсэнээрээ Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжүүдийн шалгаруулалтыг 18 дахь удаагаа манлайлж буй. Улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж буй татвар, цэвэр ашиг, борлуулалтын орлогын хэмжээгээр нь харьцуулан эрэмбэлдэг, “ТОП 100” шалгаруулалтын 2019 оны жагсаалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 961.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэлт, 561.8 тэрбум төгрөгийн ашиг, 2.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон зэрэг амжилтаараа тэргүүлжээ. Өнгөрсөн оны эдгээр үзүүлэлт нь тус үйлдвэрийн 42 жилийн түүхэн дэх хамгийн дээд амжилт болж, “шилдэг 100” жагсаалтын түрүү байрыг авчирсан байна.  Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 оны эхний дөрвөн сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100 хувиас дээш биелүүллээ. Дэлхий нийтээр ковид-19 цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч буй энэ үед тус үйлдвэрийнхэн гадаад дотоод ямар нэг өр төлбөргүй, өөрсдийн хүчээр мөнгөн хуримтлал бий болгож, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай материал, сэлбэг хэрэгслээ нөөцөлж авах зэрэг зорилт хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, хүндрэлийг эрсдэл багатай даван туулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан, Ерөнхий захирал, түүний чиглэл хариуцсан орлогч нараар  ахлуулсан төв штаб болон дэд штабын зохион байгуулалттай өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжсэн. Үүний хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нэмэлт орлого олох, өртөг зардал бууруулах чиглэлээр тухайлбал, төлөвлөгөөт хэмжээнээс гадна 300 мянган тонн хүдэр нэмж боловсруулах, зэсийн металл авалтыг 0.4 хувиар, молибдены металл авалтыг 3.5 хувиар өсгөх даалгавартай ажиллаж байна. Ингэж ажилласны  үр дүнд оны эцэст 25.8 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 17 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр зорилт дэвшүүлжээ. Энэ зорилт эхний 4 сарын байдлаар амжилттай хэрэгжиж, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 3 орчим тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1.6 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна.  М.Балжинням Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлт 100-аас дээш хувиар биеллээ

    Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 5 сарын эхний 20 хоногт үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр нь 100-аас дээш хувиар биелүүлсэн амжилттай байна.  Энэ хугацаанд уулын цул гаргалтын төлөвлөгөөг 103.7 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөөг 104.2 хувиар тус тус биелүүлэв. Тодруулбал, 1427.4 мянган метр куб уулын цул гаргаж, 573.5 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэсэн байна. Ил уурхайнхан 2174.5 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 103.2 хувиар биелүүлсэн бол баяжуулагчид 1820.5 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 101.1 хувиар биелүүлжээ. Хүдэр дэх зэс болон молибдены агуулгын төлөвлөгөөний биелэлт 101.1-118.7 хувьтай байна. Харин зэсийн металл авалт 87.5 хувийн гүйцэтгэлтэй буюу төлөвлөгөө 100.2 хувиар, молибдены металл авалт 50.01 хувь буюу төлөвлөгөө 103.1 хувиар биелсэн дүн гарчээ. Баяжмал дахь зэсийн металл 7430 тонн, молибдены металл 167.5 тонны гүйцэтгэлтэй, төлөвлөгөөний биелэлт 110.7-133.7 хувьтай байгаа бол баяжмал дахь зэс молибдены агуулгын төлөвлөгөө 102.2-102.4 хувиар биелсэн үзүүлэлттэй байна. Энэ хугацаанд 33245 тонн зэсийн баяжмал ачигдаж, чанарын үзүүлэлт 102.2 хувиар, 281.1 тонн молибдены баяжмал ачигдаж, чанарын төлөвлөгөө 102.4 хувиар тус тус биелжээ. М.Балжинням Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Сэтгэлийн хүч-Зүтгэлийн илч

      Та бидний сайн мэдэх газрын нэг бол Судалгаа шинжилгээний хүрээлэн. Цаг нартай уралдсан тэдний нарийн чимхлүүр ажлын үр дүнгээр баяжуулалтын технологи зөв голдрилоор явж, дэлхийд танигдсан бүтээгдэхүүний чанар сайн гардаг. Тэр ч утгаар нь Судалгаа шинжилгээнийхнийг Эрдэнэт үйлдвэрийн “судас баригч” гэж нэрлэх нь бий. Энд тодорхой ажилтай тунгалаг төрхтэй олон сайхан бүсгүй мэргэжил чадвараараа манлайлан ажилладаг. Тэдний нэг нь баяжуулагч Норзонгийн Лхамбаяр.  Ховд аймгийн Булган сумын харьяат энэ эмэгтэй багын л хичээл сургуульдаа мэрийлттэй, хичээнгүй сүрхий охин явжээ. Дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын Худалдааны техникумд элсэн суралцаж, нягтлан бодогчийн мэргэжил эзэмшихэд аавынх нь нөлөө их байсан болов уу. Түүний аав Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар нутагтаа 40 шахам жил ажилласан, олны дунд нэр хүндтэй эрхэм байлаа. Аав нь арван хүүхдэдээ: “худал хэлж, хулгай хийж болохгүй, улсын ажлыг унагаж, хүний итгэл алдаж болохгүй” гэж захидаг байсан нь бяцхан охины ой тойнд тод сийлэгдэн үлдэж, хожим ажил, амьдралдаа мөрдөх гол “дүрэм” болжээ. Н.Лхамбаяр Ховд аймгийнхаа Худалдааны трестэд нягтлангаар ажиллаж байхдаа дадлагын оюутан залуутай танилцаж дотноссон нь тэдний гайхам сайхан хайрын эхлэл байв. Тэд гурван хүүхдийн эцэг, эх бололцон, хүнээс дутуугүй амьдарч байсан ч үрсийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө залуусыг соронз мэт татсан Эрдэнэсийн хотыг зорьсон. Гэсэн ч санаснаар болдоггүй хорвоо түүнд хатуурхаж, магнайн толионд нь зурвас тодроогүй, толгойн үсэнд нь мөнгөн хяруу унаагүй байхад хань нь тэнгэрийн орноо одож, ангаахай адил гурван хөөрхөн үртэйгээ л үлдсэн. Хадмууд нь хэдий ойр байвч хүний нутагт бүсгүй хүн ажилгүй, өөрийн талын ах дүүгүй, өдөр шөнийн эргэлтэд аавыгаа нэхэн уйлагнах гурван хүүхдээс өөр ханьгүй амьдарна гэдэг ёстой л амьдын там санагдаж байсан нь мэдээж. Н.Лхамбаяр нутаг буцахаар шийдсэнээ хадам ах Ж.Баатархүүдээ хэлбэл, “Чи залуу хүн дахин сурч, Эрдэнэт үйлдвэрт хэрэгтэй мэргэжил эзэмш. Олны дунд  ажиллаж, хамт олонтойгоо ханьсаж амьдрах хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодсон ч төв газраа үлдсэн нь дээр” гэж зөвлөснөөр ачаа бараагаа буцааж задалсан гэдэг. Тухайн үед хэлсэн болгоныг нь ухаарч ойлгох сэхээ байгаагүй ч, “Ах нь ажилд ороход нь тус дэм болъё” гэсэн ганц өгүүлбэр Эрдэнэтэд амьдрах итгэл төрүүлж байлаа. Ингэж л тэр, зоргоор болдоггүй тавилан заяаг зоригоороо туулахаар сэтгэл шулуудсан юм.  Н.Лхамбаяр Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургууль дүүргэж, баяжуулагч мэргэжил эзэмшин одоогийн Судалгаа шинжилгээний хүрээлэнд 2003 онд баяжуулагчаар ажилд орсон. Эхний жилүүдэд ажилдаа тэнцэхгүй гологдох вий, алдаа гаргаж хүмүүст түвэг удах вий гэхээс эмээж, дахин дахин нягтлан шалгаж хичээдэг байжээ. Түүний анхны мэргэжил болох нягтлангийн мэдлэг чадвар нь судалгаа шинжилгээний ажилд ихэд хэрэг болно. Тооцоолол буруу хийвэл олон хүний оюун сэтгэлгээ, хүч хөдөлмөрөө зориулсан судалгааны ажил гажуудах аюултай тул маш няхуур, нямбай хандах хэрэгтэй гэх. Тэрээр Судалгаа шинжилгээний хүрээлэнд 17 жил ажиллах хугацаандаа үйлдвэрлэлийн болон хагас үйлдвэрлэл, лабораторийн туршилтын ажилд биечлэн оролцож, технологийн процесст нэвтрүүлж буй шинэ тоног төхөөрөмж, урвалжуудад туршилт, сорьцлолт, ширхэглэлийн шинжилгээ хийх ажлыг өндөр үр дүнтэй гүйцэтгэж ирснийг журмын нөхөд нь  бахархан ярьсан. Үйлдвэрлэлийн технологийн хүндрэл гарахад мэргэшсэн, шуурхай, найдвартай учраас түүнд түрүүлж үүрэг өгч, илүү ачаалал үүрүүлнэ. Гэсэн ч хамт олныхоо итгэлийг зүтгэл дүүрэн хариулаад сурчихсан Н.Лхамбаяр бүхнийг амжуулаад инээгээд зогсож байна. Амьдралын ончроо нугачаанд түшиг тулгуур болж ирсэн хамт олон минь надад юу юунаас эрхэм гэж тэр ярих. Хөвүүлэн баяжуулагч мэргэжлийн тавдугаар зэрэгтэй тэрээр жилд 155 удаагийн үйлдвэрлэлийн туршилтын сорьцлолт, 2078 сорьцлолтын дээжийн боловсруулалт, 548.7 дээжид ширхгийн шинжилгээ, 418 дээжид нунтаглалтын горим тогтоох ажил гүйцэтгэсэн байдаг. Энэ тоо зарим хүмүүсийн хувьд мөрөөдлийн үзүүлэлт байж мэдэх юм. Н.Лхамбаяр ирээдүйд ашиглах хүдрийн технологийн шинж чанарыг тодорхойлох, геометаллургийн загвар буюу ордын геологи ашиглалтыг боловсруулах лаборатори, хагас үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн туршилтад идэвх чармайлттай оролцон сорьцлолт, ширхэглэлийн шинжилгээ хийх ажлыг үр дүнтэй гүйцэтгэсээр байна. Ажилд орсон эхний жилүүдэд үйлдвэрээс дээжээ авчирч хатаагаад, аяганд хийж гараар нунтаглаад шинжилгээ сорьцлолтыг нүдэн баримжаагаар шахуу хийдэг байснаа тэр дурссан. “Одоо орчин үеийн дэвшилтэт олон багаж, тоног төхөөрөмжтэй, түүн дээр ажиллаж байгаа залуус нь дэлхийн хэмжээний мэдлэг боловсролтой, хэл устай, судалгаа шинжилгээний ажил нь Эрдэнэт үйлдвэртээ төдийгүй улсад үнэлэгдэх хэмжээнд хүрсэн нь сайхан шүү”, гээд сэтгэл дүүрэн инээмсэглэсэн. Тэрээр ажилдаа тун өөриймсөг ханддаг онцлогтой. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, зохион байгуулалтад анхаарч, аюул, эрсдэлийг олж илрүүлэн арилгахад санаачилгатай ажилладаг. Тиймдээ ч “Аюулгүй ажиллагч”-аар гурван удаа шалгарсан, залуу ажилчдад үлгэр дуурайлал болсон тэргүүний ажилтан төдийгүй халамжлан хүмүүжүүлэгч юм.  Хамт олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Н.Лхамбаярын гурван хүүхэд өнөөдөр ээжийгээ ачлах хэмжээнд хүрчээ. Том охин нь Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт конвейерийн машинчаар ажиллаж байгаа бол дундах нь Японд ажиллаж, амьдардаг. Харин бага хүү нь саяхан, “Энержи ресурс” компанид ажилд оржээ. Дөрвөн ач, зээгийн эмээ болсон, гээд нүүр дүүрэн инээмсэглэх түүний яриа цаанаа л хат суусан, амьдрал таньсан, өөрийн жаргалаас илүү үр хүүхдүүдээ гэсэн чин сэтгэлт торгууд эмэгтэйн гайхамшигт түүхтэй. Амьдрал хэмээх их далайн шуурганд сэлүүрээ алдаж, бүр живсэн хүмүүс ч бий. Харин Н.Лхамбаяр итгэлийн хүчээр жигүүрлэн, зүтгэлийнхээ илчинд дулаацан жаргаж, хамт олондоо хүндлэгдэн, уурхайчдынхаа урд эгнээнд тэмүүлэл дүүрэн алхаж явна.  М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өглөөний сэргээш цуврал контент #20: Дашцэрэнгийн ТӨГСБАЯР

    Төгссөн сургууль: 1998 онд ШУТИС-ийн МТС-д хими технологич мэргэжлээр бакалавр, 2002 онд МТС-д техникийн ухааны магистр, 2010 онд КТМС-д үйлдвэрлэлийн менежментээр магистрын зэрэг тус тус хамгаалсан. Мэргэжил: Химийн технологич Ажилласан туршлага: 1998 онд Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад ажилд орсноос хойш эдүгээ 22 дахь жилдээ ажиллаж байна. Мэргэжил дээшлүүлсэн байдал: 2009 онд ОХУ-ын Москва хотноо химийн лабораторийн тоног төхөөрөмжийн чиглэлээр, 2012 онд Сингапур улсад ISO чанарын стандартын чиглэлээр, 2019 онд Австрали улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Чин хүсэл: Эрдэнэт үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтэс, Дулааны цахилгаан станцын химийн инженерээр ажиллаж байсан тэрээр сүүлийн нэг жилийн хугацаанд Лабораторийн эрхлэгчээр дэвшин ажиллаж байна. Өөрийгөө чадваржуулж, үйлдвэрлэлд үр өгөөжтэй ажил хийхийг зорьж яваа түүний томоохон оролцооны нэг нь Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд энэ оны сүүлчээр хэрэгжих “Химийн бодис, урвалжийн менежментийг сайжруулах” төсөл юм. Чадварлаг инженерүүдээс бүрдсэн энэхүү төслийн баг тайлангаа тавих бэлтгэл ажилдаа оржээ. Химийн инженер мэргэжлийнхээ үнэ цэнийг хэрэгтэй газарт нь харуулж, бодит ажил болгох нь түүний чин хүсэл билээ. Тиймдээ ч Эрдэнэт үйлдвэрийн ДЦС-ын Уур усны лабораторийг MNS ISO/IEC17025:2018 стандартын түвшинд хүргэж, Монгол Улсын эрчим хүчний салбарын итгэмжлэгдсэн  лабораториудын  нэг болгохоор хичээн ажиллаж байна. -Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ? -Хөгжим, кино бол миний амьдралын сэргээш. Мөн хамгийн ойр байдаг гэр бүл, хамт олноосоо урам зориг, эрч хүч авдаг даа. -Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? -Аливааг шинжлэн судлахад чиглэсэн,  химийн шинжлэх ухаан нь дэлхий нийтэд хурдацтайгаар хөгжиж, шинэ шинэ технологиуд гарч байгаа нь,  мэргэжлийн биднээс өөрийгөө хөгжүүлэх, маш их уншихыг шаарддаг. Тиймээс ч уншихгүйгээр энэ ажлыг хийх боломжгүй юм. -Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ? -Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын Уур усны лабораторийг итгэмжлэлд оруулна. Бид энэ ажлынхаа хүрээнд Монгол Улсын Стандартчилал, хэмжилзүйн газраар итгэмжлэл хийлгэхээр ойрын хугацаанд бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн төслийн ажлаа хийж дуусгана даа. -Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ? -“Эрүүл биед саруул ухаан оршино” гэж их чухал үг санагддаг. Эрүүл гэдэг үгэнд хүний бие бялдрыг хамааруулахаас гадна, сэтгэл санаа эрүүл саруул байх нь чухал юм. Хүмүүс бие бялдрын эрүүл мэндэд ихээхэн анхаардаг ч сэтгэл санааны эрүүл мэнддээ хайхрамжгүй хандах нь бий. Сэтгэл санааг эрүүл саруул байлгах нэг гол хүчин зүйл нь сэтгэл судлал гэж боддог учраас сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр илүүтэй судалж, хувь хүнийхээ хөгжилд анхаарч байна. -Таны хамгийн том мөрөөдөл юу вэ? -Дэлхийн алдартай хөгжимчдийн тоглолт үзэхийг мөрөөддөг. -Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө? -Бусдад түвэг учруулахгүй ажиллаж, амьдрах л хэрэгтэй. -Одоо хийж буй ажил таны мөрөөдлийн ажил мөн үү? -Мэдээж, энэ бол миний мөрөөдлийн ажил. Би сурагч байхын л химийн хичээлд дуртай хүүхэд байсан. Их сонирхолтой шинжлэх ухаан шүү. Өнөөгийн залуусыг ажиглаад байхад ажилдаа дургүй, аливаад ял авсан юм шиг ханддаг. Хүн өөрийн ажлыг аль болох сонирхолтой байх талаас нь анхаарч, түүнийгээ хийж хэрэгжүүлснээр жинхэнэ утгаар нь ажилдаа дурладаг болов уу. Сэтгэлээсээ хийсэн ажил үр шимээ өгдгийг мартаж болохгүй. -Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ? -Эрдэнэт үйлдвэр ажилчдадаа олон талын боломжийг нээж өгдөг. Миний хувьд хамт олон, нийгэмд хувь хүн өөрийгөө хэрхэн, яаж авч явахыг Эрдэнэт үйлдвэрт ажиллах хугацаандаа л сурсан. Эхний 15 жил өөрөөсөө  ах хүмүүстэй ажиллаж байсан бол сүүлийн 6 жил дандаа залуучуудтай ажиллаж байна. Энэ хоёрын хооронд маш их ялгаа харагддаг. Аль ч насны хүнийг ойлгож ажиллана гэдэг л надаас их зүйлийг шаарддаг. Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 05 дугаар сарын 22

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 143 дахь өдөр. Он дуусахад 222 хоног үлдлээ. 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +13 градус, шөнөдөө +4 градус дулаан, бага зэргийн бороотой, салхины хурд 5-8 м/сек байна. 3. Аргын тооллын 5 дугаар сарын 22. Сугар гараг. Билгийн тооллын 30. Хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 32 минутад жаргана. Энэ өдөр тахиа, могой, үхэр, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтнээ сөрөг муутул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үйл бүхнийг хоригловол тустай, аливаа үйл үйлдвэл үр нь муу. Өдрийн сайн цаг нь могой (09:40-11:40), бич (15:40-17:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40) болой. Хол замд явах хүн баруун зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрлэг лугаа учрах муу. 4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5387 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) 5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2799, евро 3063, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... Асуулт: -Эрдэнэт үйлдвэрийн интернационалч хамт олон бүх ард түмний социалист уралдаанд хэрхэн оролцож байна вэ? Хариулт:-Эрдэнэт үйлдвэрийн интернационалч хамт олон бүх ард түмний социалист уралдаанд идэвхтэй оролцон, үйлдвэрийн жигд ажиллагааг хангах, улсын төлөвлөгөө, экспортын үүргийг жил дараалан давуулан биелүүлж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж ирсэн сайхан уламжлалтай. Бүх ард түмний социалист уралдаанд 1979, 1980, 1985 онуудад улсад, 1979, 1980 онд салбарын хэмжээнд тэргүүн байранд тус тус шалгарсан.  (Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номоос...)   Дэлгэрэнгүй...
  • Бүрэнбүстийн энгэрт Монгол ахуй цогцолж байна

      Нар ээсэн сайхан өдөр Бүрэнбүст хайрхны энгэрийг зорилоо. Энд Эрдэнэт хотын гэр хорооллын иргэдийн ундны усны эх ундаргыг хамгаалах, нуур цөөрөм үүсгэх ажил ид үргэлжилж байна. Байгууллага, аж ахуйн нэгжүүд энд өөрийн төгөлийг үүсгэж нийт 14 төрлийн 23 мянган мод тарьжээ. Шинэс, хайлаас, улиас, агчаас эхлээд жимсний модод ч байна. Эрдэнэтчүүдийн хэрэглэж буй жимсний 90 орчим хувь нь импортоор орж ирдэг учир өөрийн хөрсөнд алим, чавга, интоор зэрэг зарим ховор төрлийн жимсний мод тарьж туршиж байгааг нүдээр үзлээ. “Эко Баян-Өндөр” төслийн хүрээнд хүнсний 146 төрлийн ногоог ил талбайд арчлан зун, өвлийн хүлэмжид тарьж, мөн туршиж байна. Энд хүүхдийн “Хөдөлмөр” зуслан ажиллуулах нөхцөл бүрдүүлж, элсний талбай хүртэл байгуулахаар төлөвлөжээ. Хөдөлгөөний хомсдол, агаарын дутагдалд орсон “орон сууцны” хүүхдүүдийг энд амраахын зэрэгцээ ажиллуулбал бие бялдар нь хөгжихөөс гадна цахим орчноос холдож тархи нь бүрэн сайхан амарна даа, гэх бодол эрхгүй төрсөн.      Монголын ёс заншлын цогцолборын хоймор хэсэгт 22-ийн диаметртэй, 380 м2 талбай бүхий гэр өргөө холоос бараатай үзэгдэнэ. Ойролцоо нь нүүдэлчин Монголчуудын ахуй соёлыг илтгэсэн, эсгий урлалын бүтээл дэлгэсэн, ястан үндэстний хувцас, эмээл хэрэглэл, авдар сэлт өрсөн 10-аад гэр байна. Мөн энд Эрдэнэт хот дахь нутгийн зөвлөлүүд өөрийн гэрээ барьж тохижуулан онцлогоо сурталчлах боломжтой. Эхний гэрийг Увсынхан барьжээ. Хоймрын жаазанд Маршал Ю.Цэдэнбалаасаа эхлээд алдар хүндтэй хүмүүсийнхээ зургийг залсан нь сонирхол татав. Уг цогцолборыг тойруулан цагаан идээ, арьс шир, малын цус, ноос, ноолуур боловсруулах, модон эдлэл, гар урлал, эсгий эдлэл, хар, цагаан замаск, арматур, хөнгөн блокны үйлдвэр гээд 50 орчим жижиг дунд үйлдвэр байгуулахаар зорьсны 30 гаруй нь үйл ажиллагаагаа эхлээд байна. Мөн энд 2000 тоннын багтаамжтай зоорь барьж байна. Хүнсний ногоо хатаах, хөлдөөх, даршлах, угаах дөрвөн үйлдвэр эхлэл шатанд явна. Түүнээс гадна жимс жимсгэнэ, артишокоор ундаа жүүс, цай хийх, усанд будаа тариалах, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малын дайвар бүтээгдэхүүнээр царцаамал, тос боловсруулах гээд өрхийн үйлдвэрлэлийг дэмжих замаар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил их гэж Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт ярьсан юм. 2017 оноос хойш Сум хөгжүүлэх сангийн зээлээр 34 үйлдвэр байгуулагдаж, 160 орчим байнгын ажлын байр нэмэгдсэн байна.     Энд нуур үүсэхээр жигүүртэн шувууд цуглаж, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, Эрдэнэтээр зочилсон гийчид саатан морилж, нүүдэлчин Монголчуудын ахуй соёлтой танилцах, морин болон тэмээн хөсгөөр богинын аялал хийх боломж бүрдсэн, Эрдэнэт хотын төвлөрлийг сааруулсан аялал жуулчлалын цогцолбор бүс болох цаг ойрхон байна.                    М.Одгэрэл     Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 05 дугаар сарын 21

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 142 дахь өдөр. Он дуусахад 223 хоног үлдлээ. 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +16 градус, шөнөдөө +5 градус дулаан, бага зэргийн бороотой, салхины хурд 6-9 м/сек байна. 3. Аргын тооллын 5 дугаар сарын 21. Бархасвад гараг. Билгийн тооллын 29. Хөх хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана. Энэ өдөр бич, хулгана, тахиа, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Дайсныг номхотгох, ад зэтгэр, муу үйлийг дарах тэргүүтэн хатуу үйл, сургуульд сурах, номлох, хэвлэх, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, шинэ барилгыг ашиглалтад оруулах, тустай үйлийг бүтээх, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амарлингуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн.  Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдах, арилжаа хийхэд муу болой. Өдрийн сайн цаг нь морь (11:40-13:40), бич (15:40-17:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40) болой. Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одох тул муу. 4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5333 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) 5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2799, евро 3060, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)   Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сар... Асуулт: -Үйлдвэрийн “Уурхайчин” соёлын ордон хөдөлмөрчдөд гоо зүйн хүмүүжил олгох талаар ямар хэлбэрийн ажил зохиож байна вэ? Хариулт:-Монгол, Зөвлөлтийн интернационалч хамт олны дотор соёл хүмүүжлийн ажил зохион явуулахад “Уурхайчин” соёлын ордон чухал үүрэг гүйцэтгэдэг. “Уурхайчин” соёлын ордон нь нийт 700 хүний суудалтай, хоёр танхимтай бөгөөд тус ордны дэргэд үйлдвэрийн түүхэн хөгжлийг харуулсан музей, хүүхэлдэйн ардын театр “Бүжинхэн”, улс төрийн дууны “Cu-Mo” хамтлаг, 30 шахам мянган номтой номын сан, орчин үеийн техникээр тоноглогдсон кино, радио холбооны цэгүүд ажилладаг. Одоо тус соёлын ордон 70 гаруй орон тоотой ажиллаж байгаагийн дотор соёл урлагийн өндөр боловсролтой арга зүйч, багш нар 10 орчим хүн ажиллаж байна. Аман сэтгүүл, асуулт хариултын үдэшлэг, хөрөг үдэшлэг, үйлдвэрийн тэргүүний хүмүүсийн алдар тэмдэглэх үдэшлэг, гэр бүлийн баяр, авхаалж сэргэлэнчүүдийн тэмцээн, залуучуудын үдэшлэг, лекц-концерт, кино-лекц, улс төрийн нэгдсэн өдөрлөг, чөлөөт цагийн клубүүдийг зохион байгуулахын зэрэгцээ хөдөлмөрийн жижиг бичил хамт олны дунд зохиох ажилд гол хүчээ төвлөрүүлж байна. Үүний хамт хөдөлмөрчдийн гоо зүйн хүмүүжлийг дээшлүүлэх зорилгоор үндэсний хөгжим, найрал дуу, хүүхэлдэй, уран болон фото зургийн дугуйлан, хамтлаг 30 шахмыг байгуулж, тэдгээрт 400 шахам хүн тогтмол хичээллэж байна. “Уурхайчин” соёлын ордон жил бүр 70 шахам мянган хүнд киногоор үйлчилдэг.  (Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номоос...)   Дэлгэрэнгүй...
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг 18 дахь удаагаа тэргүүллээ

    Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 19 дэх жилдээ улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүчээ болж, салбар бүртээ манлайлсан шилдэг татвар төлөгч, баялаг бүтээгч ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулж, алдаршууллаа.   "ТОП-100” аж, ахуйн нэгжийг тодруулж, өргөмжлөх үйл ажиллагаа энэ жил “Covid-19” халдварын тархалтаас үүссэн нөхцөл байдлын улмаас цахим хэлбэрээр өнөөдөр зохион байгуулагдлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баялаг бүтээгч уурхайчин хамт олон ТОП-100 аж ахуйн нэгжийг 18 дахь удаагаа манлайлж, 2019 оны шилдэг аж ахуйн нэгжүүдийг тэргүүллээ.  Эрдэнэт үйлдвэрийн хувьд өнгөрсөн 2019 он амжилт, бүтээлээр дүүрэн байсан. Эрдэнэтийн уурхайчид 2019 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг зуугаас дээш хувиар биелүүлж, хүдэр олборлолтыг 37.2 сая тн, хүдэр боловсруулалтыг 32.2 сая тн-д хүргэсэн нь үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.     Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнтэй уялдаж санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүдийн төлөвлөгөө амжилттай сайн биелсэн. Борлуулалтын орлогыг 2.2 их наядад хүргэж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 74 хувиар давуулан биелүүлж, улс, орон нутгийн төсөв, төсөвтэй адилтгах орлогод 1.2 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үр дүн байлаа. 2019 онд 961.7 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд хамгийн их орлого бүрдүүлсэн, үндэсний баялаг бүтээсэн амжилт болж байна. Энэ нь 2016 оноос 5.2 дахин өндөр үзүүлэлт бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтан 2017 онд 96 сая, 2018 онд 108 сая, 2019 онд 146 сая төгрөгийн үндэсний баялаг бүтээж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан гэсэн үг юм. Сүүлийн 3 жилд буюу 2017-2019 онд ажилтан, ажилчдынхаа цалин хөлсийг 45 хувь нэмсэн. Үүнээс төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажилласан 2019 онд 20 хувиар нэмэгдүүлсэн.Эрдэнэт үйлдвэр нь анх байгуулагдсан цагаасаа өөрийн ажилтан, ажилчид, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдийн нийгмийн асуудлыг онцгой анхааран, уурхайчдын Эрдэнэт хотыг бүтээн босгосон. Энэ ч үүднээс нийгмийн хариуцлагатай байгууллагын жишгийг Монгол улсад тогтоон, бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад үлгэр дуурайл болохуйц үйл ажиллагааг явуулж байна.   Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Г.ГАНТУЯА: Бүтээмжийн ажил урагштай явна

      Дулааны цахилгаан станцын инженер, Бүтээмжийн чиглүүлэгч, Г.Гантуяатай бүтээмжийн чиглэлээр хийж буй ажлынх нь  талаар ярилцлаа. -Та бүтээмжийн чиглүүлэгчээр хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ? -2018 оны 6-р сараас ажиллаж байна.  -2019 онд танайхан бүтээмжийн чиглэлд  хэр амжилттай ажиллав? -Ер нь, манай бүтээмжийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байсан. 2018 онд сайн саналын системд ердөө 36-хан санал гаргаж байсан бол  өнгөрсөн онд 300 санал гаргасан. Өнгөрсөн оны эхний улиралд 59 ажилтан 86 санал гаргасан бол энэ оны эхний улиралд 59 ажилтан 186 санал гаргаж, саналын тоо 100-аар нэмэгдсэн. Манайхан одоо л саналыг нь үнэлж, цалингаас гадна орлого олох эх үүсвэр бий болгож буйг  ойлгож эхэлж байна. Энэ эх үүсвэрээр дараагийнхаа ажлыг  санхүүжүүлэх  боломжтойг мэдэрч байна. Хэсгийн дарга нар ч идэвхжиж  өөрсдийн санг бий болгож,  энэ  ажил урагштай  явна.  -Өнгөрсөн онд 100 манлайлагчийн жагсаалтад танай цехээс хүн багтсан уу? -2016-2018 онд энэ жагсаалтад нэг л хүн орсон бол 2019 онд хоёр хүн багтсан. Яг үнэндээ ийм шалгаруулалт болдгийг би ч мэддэггүй байсан. Өнгөрсөн жил үйлдвэрийн Топ 200 манлайлагчид долоо, Топ 100-д хоёр хүн багтсан. Тэгвэл энэ оны эхний улиралд Топ 200 –д  ИТА,  ажилчин тус бүр найм, нийт 16 хүн орсон байна. Турбин хими ус бэлтгэх хэсгийн дарга Ч.Баярмагнай Топ 100-ийн  эхний гуравт жагсжээ.  -2019 онд танайхнаас гаргасан өндөр ач холбогдолтой сайн саналыг дурдвал? -Манай Ерөнхий инженер дотоод хэрэгцээний схем өөрчлөх санал гаргасан. Бид эрчим хүчний системд ажиллаж байгаа. Эрчим хүчний систем доголдонгуут манайх дагаад доголддог байсныг схемээ өөрчилснөөр систем зогссон ч станц өөрийгөө авч үлдээд, үйлдвэрээ дулаан цахилгаанаар хангах найдвартай ажиллагаа сайжирсан. Ийм том санал гарган, төсөл хэрэгжүүлж, схемээ залгасан.  Тэгэхлээр манайхан дарга, удирдлага, ажилчин гэлтгүй бүгд идэвхтэй сайн ажиллаж байгаа. -Энэ  онд ямар  зорилт дэвшүүлэв, хэрэгжилт ямаршуу явна? -Өнгөрсөн жил сайн саналын систем дээр голчлон анхаарсан. Энэ жил бүтээмж чанарын дугуйлангаа идэвхжүүлэн, ажилчдадаа заавар зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Хэдийгээр олноороо бөөгнөрөхгүй ч гэсэн энэ ажил маань үргэлжилж байна. Манай программч инженер гар утасны аппликейшн хийсэн. Үүгээр заавар зөвлөгөө, цахим хичээл оруулж байгаа. Одоо  нийт ажиллагчдын 50 хувь нь санал гаргаж, бүтээмжийн ажилд идэвхтэй  оролцож байгаа. Энэ хувийг өсгөнө. Саналын хэрэгжилт 10 хувь байгааг 20 хувь руу дөхүүлнэ гэсэн зорилготой.  -Танайхны бүтээмжийн ажил эрс сайжирсан юм байна. Та ажлынхаа арга туршлагаас хуваалцаач? -Санал санаачилга гаргахын ач холбогдлыг тайлбарлан таниулж, сайн саналын системд  нээлттэй оролцох боломжоор ханган чиглүүлээд,  заавар зөвлөгөө өгдөг.  Эндээс хүмүүс үр шимийг нь хүртэж байна. Би бүх хүний саналыг  хэвлээд диспетчер, ээлжийн дарга нарт өгдөг. Энэхүү нээлттэй  саналаас  мэргэжил ур чадварын хувьд хэрэгжүүлэх боломжтой хэн нэг нь  авч, ажил хэрэг болгосноор  санал хэрэгжүүлэлтийн урамшуулал авна. Хэсэг бүр дээр төлөвлөгөө гарган, энэ чиглэлд хийсэн ажлыг нээлттэй харуулахаар, тааруухан нэг нь манайх станцаа доош нь татаад байна гээд идэвхжих жишээтэй.  -Та өөрөө санаачилга гаргадаг уу? -Үгүй. Ёс зүйн хувьд би өөрийн нэр дээр санал гаргах нь тохиромжтой биш. Харин хүмүүст заавар, зөвлөгөө өгч, идэвх санаачилгыг нь өрнүүлж  явах ёстой гэж үзсэн.  Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Сурталчилгаа

Эрдэнэт үйлдвэрийн тулах цэг, урагшлах хүч болсон уурхайчид, хамт олон, ахмадууд та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье.

Эргэх улирлын хувьд амьтай бүхэн сэргэж буй хавар цагийн эгэл жирийн өдрүүд үргэлжилж байгаа хэдий ч дэлхий даяар аюулт коронавирусын эсрэг нэгдэн тэмцэж, хорио цээрийн амаргүй өдрүүдийг эрсдэл багатай давахыг дор бүрнээ хичээж буй хүндхэн цаг хугацааг Та бид хамтдаа туулж байна.

Миний хувьд, уурхайчид, хамт олонтойгоо нүүр тулж уулзах, илэн далангүй ярилцахыг чухалчилдаг. Энэ ч зорилгын үүднээс өнгөрсөн жилүүдэд цөөнгүй уулзалтыг ажлын байран дээр, Уурхайчин соёлын ордондоо зохион байгуулсан. Энэ ажлаа уламжлал болгон хэвшүүлсэн ч цар тахлын хүндрэлтэй энэ цаг үед нүүр нүүрээ харж, илэн далангүй уулзаж ярилцах боломж хязгаарлагдмал байна.  Иймд та бүхэндээ хандан захидал бичих нь зүйтэй гэж үзлээ.

Эрдэнэт үйлдвэрийн хувьд өнгөрсөн 2019 он амжилт, бүтээлээр дүүрэн байсан. Уурхайчид, хамт олон маань 2019 ондоо үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг зуугаас дээш хувиар биелүүлж, хүдэр олборлолтыг 37.2 сая тн, хүдэр боловсруулалтыг 32.2 сая тн-д хүргэсэн нь үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байсан. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнтэй уялдаж санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүдийн төлөвлөгөө амжилттай сайн биелсэн. Борлуулалтын орлогыг 2.2 их наядад хүргэж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 74 хувиар давуулан биелүүлж, улс, орон нутгийн төсөв, төсөвтэй адилтгах орлогод 1.2 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үр дүн байлаа.

Үйлдвэр маань үйл ажиллагаагаа эхлээд 42 дахь жилдээ ажиллаж байна. Үйлдвэрийн насжилттай уялдан “Эрдэнэтийн-Овоо” ордын маань нөөц баялаг багасаж байна. Он жилүүд өнгөрөх тутам уул-геологийн нөхцөл хүндэрч, уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдэр дэх металлын агуулга буурч, чулуулгийн хатуулаг өсөж, хүдэр тээвэрлэлтийн зай нэмэгдэж байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан, өнгөрсөн жилүүдэд гүйцэтгэсэн уулын ажил, ордын геологийн болон ашиглалтын нөөцөд иж бүрэн дүн шинжилгээ хийсний үндсэн дээр энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг өмнөх жилүүдээс нэмэгдүүлэн 2017-2019 онд 20.4 сая ам.долларын геологи хайгуулын ажлыг гүйцэтгэснээс 2019 онд 8.9 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийлээ. Үүний үр дүнд Эрдэнэт үйлдвэрийн ажиллах хугацаа 20 орчим жилээр нэмэгдэж, цаашид 60 гаруй жил ажиллах боломж бүрдлээ.   

Нөгөө талдаа олон жил ашигласан техник, тоног төхөөрөмж элэгдэн хуучирч, дорвитой өөрчлөлт шинэчлэлт хийж л үр дүнд хүрэх болоод байна. Техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, технологийг боловсронгуй болгоход  2017-2019 онд 625 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөр хийлээ. Үүнээс 2019 онд 410 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлж, 251.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн хийж дуусгалаа. Үүний үр дүнд  цех, нэгжүүдийнхээ тоног төхөөрөмжийн 10-20 хувийг шинэчиллээ. Ингэснээр ажлын байрны тав тух сайжирч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэн, цалин хөлсний өсөлтийг хангах нөхцөл бүрдэж байна.

Энэ цаг үед бид үр ашгаа өсгөхийн тулд үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлээд зогсохгүй менежментийн үр дүнд, оюун ухааны хүчээр нэмэлт орлого олж, зардлыг хэмнэн  ажиллаж байна.

Өнгөрсөн 2019 онд худалдан авалтын үйл ажиллагааг нэг цонхны бодлогоор явуулж,  худалдан авалтыг цахим тендерээр зохион байгуулснаар бараа таваарын шахааг арилгаж 65.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж чадлаа.

Мөн экспортын гэрээний нөхцөлийг сайжруулж, холбогдох зардлыг бууруулж чадсанаар 2017-2019 онд 18.5 сая ам.долларын нэмэлт орлого олсон. Үүнээс 2019 онд 14 тэрбум төгрөгийн нэмэлт орлого оллоо.

Сүүлийн 23 жилийн хугацаанд анх удаа, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшлийн асуудлыг тусгайлан авч үзэж, 2019 оны 06 дугаар сарын 05-нд 224 дүгээр тогтоолыг гаргасан.

Үйлдвэрийн газрын хамт олны өөрсдийн хүчээр шинэчлэн боловсруулсан, төрөлх Эрдэнэт үйлдвэрээ 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Засгийн газрын дээрх тогтоолын дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 262 дугаар тогтоолоор баталсан.

Энэхүү үндсэн чиглэл, тогтвортой хөгжлийн цогц бодлогын хүрээнд бид санхүү, мөнгөний бодлогыг хэрэгжүүлж үр дүнд хүрч байна. Улс орны хэмжээнд төрийн мөнгөний бодлого байдаг бол Эрдэнэт үйлдвэрийн их айл, өнөр гэр бүлд мөнгөний бодлого зайлшгүй хэрэгтэй. Энэхүү санхүү, мөнгөний бодлогоо зөв хэрэгжүүлсний үр дүнд санхүүгийн орлогоор анх удаа 2019 онд 19.5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон.

Эрдэнэт үйлдвэр Казакстаны Балхашмыс компаниас авах 20 сая ам.долларын өр олон жилийн туршид яригдаж байсныг Та бүхэн маань санаж буй биз ээ. Энэ авлагыг авах боломжгүй болж, 2009 онд тухайн үеийн Зөвлөлийн шийдвэрээр санхүүгийн тайлан балансаас хассан юм билээ. Энэ авлагатай холбоотой яриа, хөөрөөг дахин сэргээж, багагүй хугацаанд хөөцөлдсөний үр дүнд 2019 онд бүрэн барагдуулсан.

Ингэснээр 2019 онд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гадна 150 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого, хэмнэлтийг бид менежментийн ур чадвар, оюуны хүчээр бүтээж чадлаа.

Төрийн өмчийн статустай болж, онцгой дэглэмтэй ажилласан 2019 онд, сүүлийн 10 жилд анх удаа гадаад болон дотоодын зээлийн өр төлбөргүй боллоо.Олон улсын Арбитрын шийдвэрийг үндэслэн Стандарт банкны нэхэмжилсэн 120 сая ам.долларын өр, төлбөрийг Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэмжлэгтэйгээр хэлэлцээ хийж, 40 сая ам.доллар болгон бууруулж шийдвэрлэсэн.Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, санхүү мөнгөнд нүүрлэсэн аюул, улс орны хэмжээнд үүссэн эрсдэлтэй нөхцөл байдлыг зайлуулж чадсан юм.

2020 он гарсаар дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом унаж байна. Бид  2020 оны бизнес төлөвлөгөөндөө зэсийн үнийг улсын төсөвт тусгагдсан үнээр буюу 5991 ам.доллар байхаар төлөвлөсөн хэдий ч 4600 ам.долларт хүрч унасан цаг үе тохиолоо. Зэсийн үнийн огцом уналтын үед өртөг, зардлыг бууруулах, үр ашгийн түвшинг хадгалахыг зорьж, арвилан хэмнэлтийн горимоор ажилласны үр дүнд 2020 оны 1 дүгээр улирлын төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ бүрэн биелүүлж, улс, орон нутгийн төсөв, төсөвтэй адилтгах орлогод  227 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ.

Коронавирусын цар тахлын улмаас Монгол улсын хэмжээнд төдийгүй дэлхий дахинд эдийн засгийн хямрал, хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж, олон бизнес, үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаа хумигдаж, сул зогсолт бий болж, цалин хөлсөө хязгаарлаж байна. Энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг Эрдэнэт үйлдвэрийн удирдлага уурхайчид, хамт олонтойгоо хамтын хүчээр давахыг зорьж байна.

2019 оны үйл ажиллагааны үр дүн амжилттай байсан нь энэхүү, дэлхийг нөмөрсөн коронавирусын цар тахал, түүнээс улбаалсан эдийн засгийн хямрал, хүндрэл нүүрлэсэн нөхцөл байдалтай нүүр тулахад бэлэн байх бэлтгэл суурь болж чадлаа. Үүний үр дүнд Та бид энэ хүндрэлтэй цаг үед бэлэн мөнгөний эрсдэл гачигдалгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Цар тахлаас уурхайчдаа, уурхайчин гэр бүлээ хамгаалах, хорио цээрийн дэглэмийг сахин ажиллахын зэрэгцээ эдийн засгийн хямралыг эрсдэл, хохирол багатай даван туулахад Эрдэнэт хотдоо, улс орондоо тус дэм болж ажиллахын тулд үйлдвэрийн хэмжээнд шуурхай үйл ажиллагааг хангах Төв штаб, чиглэл бүрээр ажлыг эрчимжүүлж, үр дүнд хүргэх чиг үүрэг бүхий штабуудыг байгуулан ажиллаж байна. Төв штабын үйл ажиллагааны хүрээнд хямралтай нөхцөл байдлыг даван туулах хөтөлбөр, төлөвлөгөө, зэсийн үнийн уналтыг үнийн зургаан түвшинд тооцсон хувилбарт эдийн засгийн тооцоо, хөдөлмөр зохион байгуулалтын хуваарийг батлан гаргаж, мөрдөн ажиллаж байна.  

Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн хэмжээнд цар тахлын улмаас нийгмийн чиглэлийн зарим цехийн үйл ажиллагаа хязгаарлагдсан хэдий ч нэг ч ажилтныг сул зогсолтод оруулалгүй, ажил үүргийн зохицуулалтыг хийж, цалин хөлсийг бүрэн олгож байна.  

Сүүлийн гурван жилд буюу 2017-2019 онд ажилтан, ажилчдынхаа цалин хөлсийг 45 хувь нэмсэн. Үүнээс, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажилласан 2019 онд 20 хувиар нэмэгдүүлсэн.Анхан шатны удирдах ажилтны үүрэг оролцоог өсгөх, тэдний манлайллыг нэмэгдүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулах зорилгоор “Манлайлагч мастерын нэмэгдэл цалин”-г шинээр бий болгож, 40 мастерт сар бүр 600 мянгаас 1 сая төгрөгийн нэмэлт цалин, мөн өндөр ур чадвар шаардсан ажлыг гүйцэтгэдэг, нарийн мэргэжлийн өндөр зэрэгтэй 21 ажилчинд “Тэргүүлэх зэрэгтэй ажилчны нэмэгдэл” 300 мянган төгрөгийг сар бүр олгож байна. Цаашид цалин хөлсний бодлогыг хөдөлмөрийн бүтээмжийн өсөлттэй уялдуулж боловсронгуй болгох чиглэлээр тодорхой ажлууд хийгдэх болно.

Эрдэнэт үйлдвэр нь анх байгуулагдсан цагаасаа өөрийн ажилтан, ажилчид, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдийн нийгмийн асуудлыг онцгой анхааран, уурхайчдын Эрдэнэт хотыг бүтээн босгосон. Энэ ч үүднээс нийгмийн хариуцлагатай байгууллагын жишгийг Монгол улсад тогтоон, бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад үлгэр дуурайл болохуйц үйл ажиллагааг явуулж байна.

Амаржаад хүүхдээ асарч буй Эрдэнэт үйлдвэрийн ажилтан эхчүүдэд сар бүр олгодог тэтгэмжийг 2018 оны 06 дугаар сарын 01-нээс 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Ахмадууддаа сар бүр олгодог нэмэгдэл тэтгэврийн хэмжээг 2018 оны 07 дугаар сарын 01-нээс50 хүртэл хувиар ялгавартайгаар өсгөж, 124.8-210 мянган төгрөгт хүргэсэн. Ингэснээр, тэтгэврийн зөрүүг багасгах төр, засгийн бодлоготой нийцсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй ахмадуудынхаа өрхийн орлогод бодит хувь нэмэр үзүүлж байна. Мөн ахмадын баяр, цагаан сарыг тохиолдуулан олгодог тэтгэмжийг 2019 оны 9 дүгээр сараас100 мянган төгрөг болгож, 2 дахин нэмэгдүүлсэн. 2017-2019 онд ажилтан, ажилчдад нийт 11 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгосон байна.

Ажилтан, ажилчдаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 2016-2019 онд нийт 153 ажилтныг фондын орон сууцаар ханган, 2019 онд  8 ажилтанд, 2020 он гарсаар 2 ажилтанд амины орон сууц олголоо.

Эрдэнэт үйлдвэрт 2016 оноос “Москва-300”, “ЭКО-400”, “Залуус-600” гэсэн орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэхээр яригдаж байсан. “Залуус-600” орон сууцны төслийг хэрэгжүүлэх газар, дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй, “ЭКО-400” хорооллыг барихаар авсан газар нь дэд бүтцийг шийдэх боломжгүй, “Москва-300” төслийн ажлын зураг батлагдаагүй зэрэг олон тулгамдсан асуудал байсан юм. Эдгээр асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, байршлын хувьд нэгтгэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд “Уурхайчин-1, 2, 3” орон сууцны төсөл болгон хэрэгжүүлэн ажиллаж байна. Фондын орон сууцыг цаашид уурхайчид, хамт олондоо хувьчлах ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөж байна.

Улс орны хэмжээнд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд буй энэ цаг үед  улсын төсвийн ачааны багагүй хэсгийг үүрэлцдэг Та бидний хувьд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага улам бүр нэмэгдэж байна.

Уурхайчид Та бидний хамтдаа бүтээсэн баялаг Монгол орны минь эдийн засгийн томоохон хөдөлгөх хүч болж байдагт Ерөнхий захирлын хувьд үргэлж өндрөөр үнэлж, бахархаж байдгаа цохон тэмдэглэе.

Хоногт 1600 орчим тн зэсийн баяжмал үйлдвэрлэж, 6.0 орчим тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 3.3 тэрбум төгрөгийн төсвийн болон түүнтэй адилтгах орлогыг төвлөрүүлдэг, 24 цагийн тасралтгүй,байнгын ажиллагаатай үйлдвэрийн хувьд бид өндөр зохион байгуулалтыг эрхэмлэж, технологийн горим, ажлын хариуцлага, сахилга дэг журам, эмх цэгц, ёс зүйг өндөр түвшинд байлган, ам ажлын нэгдлийг ханган, алсын хараа, эрхэм зорилго, дэвшүүлсэн зорилтдоо хүрэхийн төлөө хүн бүр хичээж ажиллах нь юу юунаас чухал болж байна. Нөгөө талаар, УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн энэ цаг үед улс төрөөс ангид байж, хамт олныг талцуулсан, улс төрийн өнгө аястай аливаа ухуулга, сурталчилгаанд автахгүй байх нь чухал юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс төрийн албан хаагчид, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд өгсөн “... улс төрөөс ангид, ил тод нээлттэй байж, хууль дээдлэн чанд мөрдөх, шударга ёс, сахилга, хариуцлагыг дээшлүүлж ажиллах ...” үүргийг бид шат шатандаа хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй.

Хамт олноо манлайлан үлгэрлэж, хамт олны эв нэгдлийг ханган, сахилга дэг журам, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг чанд сахиулан, уурхайчин хүн бүрийн төлөө, хамт олныхоо төлөө, Эрдэнэт үйлдвэрийнхээ төлөө зүрх сэтгэл, оюун ухаанаа зориулж ажиллахыг бүх шатны удирдах ажилтнуудад ҮҮРЭГ болгож байна.

Төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар онцгой дэглэмийн үед онц сайн ажилласан уурхайчид, хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ямар ч цаг үед үйлдвэрийнхээ төлөө байж, уурхайчид, хамт олондоо урам, дэм өгч байдаг ахмадууддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2020 он бол Та бидний хувьд маш хариуцлагатай жил байх болно. “Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгагдсан төслүүдээ хэрэгжүүлж эхлэх, 2020 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг үзүүлэлт бүрээр ханган биелүүлэхийн төлөө 2020 онд “Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх” зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 2020 онд 830.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний 80 гаруй хувийг үйлдвэрлэлийн хүрээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, техникийн шинэчлэл хийхэд зориулах болно.

Амар тайван цаг үед бид улс, эх орныхоо хөгжлийг түүчээлдэг хариуцлагатай хамт олон, баялаг бүтээгчид билээ. Коронавирусын цар тахал, эдийн засгийн хямрал нүүрлэсэн амаргүй энэ цаг үед уужуу тайван байж, улам хичээж, хүндрэл, бэрхшээлийг нэр төртэйгөөр даван туулахыг нийт уурхайчид, хамт олон та бүгдээсээ хичээнгүйлэн хүсэж, УРИАЛЖ байна.

 

ХҮНДЭТГЭСЭН, “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ, 

МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН,

ТЕХНИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР (Sc.D)          

 Х.БАДАМСҮРЭН

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Зургийн цомог