• Уурхайчид Хангалын голыг цэвэрлэлээ

         Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр,  Авто тээврийн цех,  Ил уурхай, Засвар механикийн завод, Тээвэр ложистикийн төв, Дулааны цахилгаан станц, Цахилгааны цех, Ган бөөрөнцгийн цехзэрэг 20 нэгжийн 200 гаруй ажилтан энэ сарын 09-ний өдөр Хангалын голын гольдрол дагуу их цэвэрлэгээ зохион байгууллаа. Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах”дэд хөтөлбөрт тусгасан энэхүү ажлын хүрээнд 152 га талбайг цэвэрлэн, 130 м3 хог ачиж, хогийн цэгт буулгаад байна. Дэлгэрэнгүй...
  • Э.БҮЖИДМАА: Долдугаар сарын турш хүн бүр дээлээр гоёосой

         Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолбороос санаачлан “Дээлээр гоёсон долдугаар сар” аяныг энэ сарын 01-ний өдрөөс үндэсний хэмжээнд эхлүүлсэн. Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж, олон нийтийг эерэг хандлагад уриалсан энэхүү аян нь дээлийг өдөр тутмын хэрэглээ болгоход чиглэсэн юм. Аяныг санаачлан зохион байгуулагч, Соёл урлагийн цогцолборын соёлын ажлын арга зүйч Э.Бүжидмаатай ярилцлаа. -“Дээлээр гоёсон долдугаар сар” аян эхлээд удаагүй ч оролцогчид идэвхитэй байгааг цахим хуудсаар бид өдөр бүр харж байна. Өнөөдрийн байдлаар хичнээн оролцогчоос бүтээл ирээд байна вэ? -Бид Үндэсний их баяр наадамд зориулж “Дээлтэй Монгол" өдөрлөгийг өмнөх жилүүдэд зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд цаг үеийн онцгой нөхцөл байдлаас хамаарч үндэсний хэмжээний цахим аян зохион байгуулж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа энэхүү аян нь орон нутгаас санаачлан хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой. Гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчуудын төлөөлөл аянд нэгдэж байгаад баяртай байна. Тэр дундаа ӨМӨЗО-ноос уламжлалт гоёл чимэглэл урлаач, Турк улсаас Монгол дээл оёдог уран гартай бүсгүй гэрэл зургаа ирүүлсэн. Аянд оролцогчдын дийлэнх хувийг залуучууд эзэлж байгаа ч бидний сэтгэлд дээлтэйгээ мөнхөрсөн ахмад үеийнхнээ урилгаар оролцуулахыг хичээж байна. Өнөөдрийн байдлаар 10 аймаг, хилийн чанад дахь 5 улсаас 100 гаруй бүтээл ирж, шаардлагад нийцсэн 80 орчим бүтээлийг сошиал хуудсаар нийтлээд байна. “Дээлээр гоёсон долдугаар сар” үндэсний аян маань энэ сарын турш үргэлжилнэ. -Үндэсний дээлээ сурталчилсан энэхүү аянаар дамжуулан олон нийтэд юуг хүргэхийг зорьж байна вэ? -Аяны хүрээнд нөлөөллийн давлагаа үүсгэх, танин мэдэхүйн чиглэлээр мэдээлэл түгээх ажлууд өрнөнө. Дээлийг Үндэсний их баяр наадам, цагаан сар эсвэл шагналын тайзнаа өмсөх гоёл гэж ойлгох нь өрөөсгөл юм. Бидний амьдарч байгаа нийгэм ч уламжлалт ахуй соёлоо дээдлэн, өвлөн уламжлагч болсон өнөө үеийн залуучуудыг үндэсний хувцсаа өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхийг шаардаж байна. Тиймээс ч залуу хойч үеэ эерэг хандлагад уриалах нь бидний гол зорилго юм. Өчигдөргүй өнөөдөр гэж байдаггүй учраас эртнээс нааш уламжилж ирсэн, энгийн хэрэглээнд хамгийн тохиромжтой, цаг уурын аль ч нөхцөлд өмсөж болох өвөрмөц хийц бүхий дээлээр хүн бүр гоёосой гэж хүсдэг. Манай аяны талаар мэдээлэл авсан хүмүүс эхнээсээ дээлээ өмсөөд аялалд гарцгааж байгаа нь аяны маань нэг зорилго биеллээ оллоо гэж харж байна. -Эерэг хандлагад нэгдсэн хамтран зохион байгуулагчдын талаар мэдээлэл өгөхгүй юу? -Аяныг зарласнаас хойш соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, түгээн дэлгэрүүлэгч, бүтээлч, урлаач залуучууд маань нэгдэж эхэлсэн. Хамтран зохион байгуулагчаар үндэсний үйлдвэрлэгч “Урбан” брэнд, “Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо”, дэмжигч байгууллагаар “Алтангадас” үндэсний ресторан, “Монгол хуур” төв, “Жонон хар" музей нэгдээд байна. “Монгол хуур” төвөөс мэргэжлийн урлаачдын бүтээл мастер хуурыг нэгэн сайхан гэр бүлд бэлэглэе гэсэн санаачилга гаргасан. Аяны хүрээнд ирсэн бүтээлүүдийг шалгаруулж, шилдэг гэр бүлийг урамшуулах болно. Мөн шилдэг дүр төрх, шилдэг гэрэл зурагчныг шалгаруулж зохион байгуулагч, хамтрагч байгуулагуудаас шагнаж урамшуулах юм. -Нэг хүн нэг бүтээлээр оролцох уу, ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ? -Тухайн зураг нь ямар нэг өгүүлэмжтэй байх хэрэгтэй. Мөн дээлээр дамжуулан соёлын бусад өвтэй холбогдсон байж болно. Нэг хүнээс ирүүлэх бүтээлийн тоонд хязгаар заагаагүй тул хэдэн ч бүтээлээр оролцох боломжтой. Оролцохыг хүссэн хүмүүс Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолборын фэйсбүүк хуудас руу мэссэж илгээхэд л хангалттай. Бид санаачлан зохион байгуулагч гэдэг утгаараа бүтээлийг эхний шатанд шалгаруулна. Ингэхдээ үзэгчдийн дэмжлэг, цахим хандалтыг харгалзан үзэх болно. Харин шалгарсан бүтээлүүдээ мэргэжлийн болон хамтран ажиллаж буй байгууллагуудын төлөөлөл бүхий шүүгчид рүү илгээн санал авах зарчмаар явуулна. Аянд оролцох бүтээлийг энэ сарын 30-ныг дуустал хүлээн авч, 31-ний өдөр шалгарсан бүтээлийг олон нийтэд танилцуулахаар төлөвлөөд байна. -Бүх нийтийг уриалах нэг сайхан үг хэлэхгүй юу? -Судалгаагаар аливаа зүйлийг дадал зуршил болгох дундаж хугацаа 30 хоног байдаг. Энэ ч утгаараа аян үргэлжлэх хугацааг товлосон юм. Иймд эрхэм та үндэсний хувцсаа нэг сарын турш өмсөж, хэвшил болгоорой гэж уриалъя. “Дээлээр гоёсон долдугаар сар” маань дээлээр гоёсон амьдрал болох болтугай. Эрхэм уншигч та Соёл урлагийн цогцолборын албан ёсны фэйсбүүк хуудсанд нэгдэж, манай аянд нэгдэхийг хүсвэл доорх холбоосоор хандаарай. Соёл урлагийн цогцолбор /Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ/ Оролцогчдын бүтээлээс... И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 07 дугаар сарын 09

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 190 дэх өдөр. Он дуусахад 175хоног үлдлээ.                   2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +15градус, шөнөдөө +11 градус дулаан, усархагбороотой, салхины хурд 7-9 м/сек байна. 3. Аргын тооллын 7 дугаар сарын 09.Бархасвадь гараг. Билгийн тооллын 19.Харагчин үхэр өдөр. Өдрийн наран 5цаг 03 минутад мандан, 20цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой житнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход  сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар(03:40-05:40), туулай (05:40-07:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40)болой.Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн нөхөртэй учирна.   4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2830, евро 3194, БНХАУ-ын юань 403, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6194ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1974 оны 07 дугаар сар Сэлэнгэ мөрний сав газрын усыг зүй зохистой ашиглах, хамгаалах тухай БНМАУ, ЗХУ-ын хооронд хэлэлцээр байгуулжээ. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурлаар Д.Лхагвасүрэнг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор батлав. ЗХУ-ын Аж үйлдвэрийн барилгын яамны сайдын тушаалаар А.В.Чекашовыг Зөвлөлтийн барилгын “Медьмолибденстрой удирдах газрын даргаар томилжээ. Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, үйлдвэрийн Ерөнхий захиргааг байгуулав.     Дэлгэрэнгүй...
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав

    Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн цехүүдийн удирдах ажилтнуудын ээлжит уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, нийгмийн цехүүдийн удирдлагууд, эдийн засагчид, хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцов. Уулзалтын эхэнд Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат Эрдэнэт үйлдвэр 2019 онд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Тэрбээр, Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаас хойших нийгмийн бодлогын хэрэгжилтийн түүхэн товчоон, өмнөх онд хийж хэрэгжүүлсэн ажил, нийгмийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар хөндөн ярилаа.Түүнчлэн ажиллагсдын аюулгүй байдлыг ханган, хүний нөөцийн оновчтой бодлогыг хэрэгжүүлж, байгалийн баялгаас олох орлогод тулгуурлан, төрийн зохицуулалттай нийгмийн хамгааллыг хэрэгжүүлж, ажиллах хүчний материаллаг, оюун санааны, нийгмийн хэрэгцээг зохистой түвшинд ханган, амьдралын чанарыг тасралтгүй дээшлүүлж ирснийг онцлов.Энэ үеэр нийгмийн цех, нэгжид олон жил үр бүтээлтэй ажилласан зарим ажилтнуудыг Орхон аймгийн Засаг даргын хүндэт жуух бичгээр шагнав. Мөн таван жилийн хугацаанд монгол стандартад тохирсон сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг орос сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад гардууллаа.                                                                                                                                  Т.Батчулуун Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Хөдөлмөрийн аваргууддаа халуун баяр хүргэе

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аваргуудыг тодруулах ёслолын ажиллагааны үеэр зарим алдартны сэтгэгдлийг хуваалцлаа.    Элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байх болтугай -Би Эрдэнэт үйлдвэрт 18 дахь жилдээ ажиллаж байна. 2019 онд Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт хэмнэлтийн үр ашигтай бодлогын хүрээнд нэгж тоног төхөөрөмжийн ачааллыг нэмэгдүүлэх замаар болон технологийн схемийг өөрчлөх замаар бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, өөрийн өртгийг бууруулах, тоног төхөөрөмжийн ашиглалтыг дээшлүүлэх, шинэ тоног төхөөрөмж угсарч суурилуулах ажлуудыг хийсэн. Энэ онд төлөвлөгөөний дагуу ажиллаж, амжилттай хэрэгжүүлж байна. Бор уулынхаа буян хишгийг хүртэж яваа мянга мянган уурхайчид, хамт олон, инженер техникийн ажилчдадаа элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын ерөөл өргөе. Баяжуулах үйлдвэрийн Өргөн тээвэрлэх машин механизмын хэсгийн дарга Аситхааны ШИНАРБАЙ   Чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье -Ард түмнээ соён гэгээрүүлэх үүрэгтэй хэвлэл мэдээллийн салбарт, телевиз радио хэмээх их айлд 30 дахь жилдээ ажиллаж байна. Энэ цаг үед Эрдэнэт үйлдвэрийнхээ 2019 оны Хөдөлмөрийн аварга боллоо. Шагналд тодорхойлж, шалгаруулсан удирдлага, хамт олон, уран бүтээлч нөхдөдөө чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Та бүхнийхээ ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол түмнийхээ их баяр цэнгэл наадмаар дэлгэр сайхан наадаарай. Маркетингийн хэлтсийн ОНХА-ны “Эрдэнэт” телевизийн нэвтрүүлэгч, сэтгүүлч П.ЭНХТУЯА   Эрдэнэт үйлдвэртээ 30 жил тасралтгүй ажиллалаа -Анх засварчнаар орж байсан Эрдэнэт үйлдвэртээ тэргүүлэх инженерийн түвшинд хүртлээ 30 жил тасралтгүй ажиллалаа. 1990 онд Геологи, уул уурхайн яамны томилолтоор ирснээс хойш их ч зүйлийг сурч мэдлээ. Миний хувьд өнгөрсөн хугацаанд 10-аад онцгой даалгаварт ажилласан. Далангийн тогтвортой хөгжлийг хангахад оруулсан хувь нэмрийг минь үнэлж энэхүү шагналыг олгосон гэж ойлгож байна. Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын далан 19 байдгаас миний бие 10, 12, 13, 14, 15, М1, М2, М3, М4 даланг барихад гар бие оролцжээ. Энэ хүртэл намайг сургаж хүмүүжүүлсэн багш нар олон бий. Юун түрүүнд, Гомбосүрэнгийн Пүрэвдорж, Дэмбэрэлийн Лхагважав, Надмидын Бямбадорж, Г.Отгондаваа гэсэн инженер техникийн ажилчдадаа баяр хүргэе. Саяхан л би сурагч байсан бол өнөөдөр сургагч багш болж, 10-аад инженер техникийн ажилчныг нарийн мэргэжилд сурган, бүтээн байгуулалтыг гардан хийсэндээ баярлаж, бахархаж байна. Үйлдвэрийнхээ онцгой объект дээр амжилттай сайн ажиллаж яваа шавь нараараа бахархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. Өнөөдөр шавь Т.Баярбат маань “Хөдөлмөрийн аварга” боллоо. Шавьдаа мөн баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь  өрнүүн их амжилтыг хүсье.    Техникийн хэлтсийн тэргүүлэх инженер Дашцэрэнгийн ОЧИРБАТ   Зөв явбал бүх зүйл сайхан болно -Эрхэм хүндтэй энэ шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Эрдэнэт уул, “Эрдэнэтийн-Овоо”-ндоо, Баян-Өндөр хайрхан, Их Залуу, Бага Залуу хайрхандаа, Бүрэнбүстийн овоондоо мөргөе. Уул усаа тахин шүтэж, хүндлэн дээдэлж, зөв явбал бүх зүйл сайхан болно. Үйлдвэрийнхээ нийт ажилчдад эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.    Тээвэр ложистикийн төвийн агуулахын эрхлэгч Балдоржийн НАРАНЦЭЦЭГ    “Тэргүүний уурхайчин”, “Хөдөлмөрийн аварга” хүндэт тэмдгийг хослуулан авлаа -Баяртай сайхан өдөр байна. Эрдэнэт үйлдвэрт 16 жил ажиллаж, өнөөдөр “Тэргүүний уурхайчин” Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга” хүндэт тэмдгийг зэрэг гардан авлаа. Хамт олныхоо дэмжлэгээр энэ сайхан шагналын эзэн болж, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэндээ баярлаж байна. Манай хамт олон Ил уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийг хариуцан ажилладаг. Бид өнгөрсөн оны амжилтаа бататгаж, үр ашгаа нэмэгдүүлэх талаас илүү сайн ажиллах болно. Та бүхэн сайхан наадаарай. Ил уурхайн Тоног төхөөрөмжийн цахилгаанчин Цэдэнгийн БЯМБАА   Хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье -Эрдэнэт үйлдвэрийнхээ болон Цахилгааны цехийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье. Миний бие 17 дахь жилдээ ажиллаж байна. 2019 онд манай цехэд тоног төхөөрөмжийн шинэчлэл маш их хийгдсэн. Үүний реле хамгаалалт, автоматик дээр Оросын хуучны цахилгаан механик релег сүүлийн үеийнхээр суурилуулж, хүлээлгэн өгсөн. Хамт олондоо баярлаж талархаж явдаг шүү.  Цахилгааны цехийн Реле хамгаалалт, автоматикийн инженер Бадмаевын ЭНХТАЙВАН   Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга”-ууд шагналаа гардлаа

    Ажил үйлс, амжилт бүтээлээрээ Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг ажилчдыг шагнан урамшуулж, алдаршуулах ёслолын ажиллагаа Соёл, урлагийн цогцолборын их танхимд боллоо. Ёслолын ажиллагаанд шилдэг тэргүүний 32 ажилтнаас гадна Эрдэнэт үйлдвэрийн Хүндэт дэвтэрт нэр нь бичигдэх хүндтэй гурван эрхэм болон “Эрдэнэт дээд өргөмжлөл” медалийн эзэн хүрэлцэн иржээ. Сар шинийн босгон дээр уламжлал болгон зохиодог энэхүү ёслолын ажиллагааг цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан хойшлуулаад байсан юм.        Ёслолын үйл ажиллагааг нээж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлж, хөдөлмөрийн аваргууд, уурхайчдадаа баяр хүргэн мэндчиллээ. Мөн тэрээр дэлхий нийтийг хамарсан коронавирусын халдварт өвчний улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд сахилга баттай, дэг журамтай ажиллаж, хариуцсан ажлаа үлгэр жишээ хийж, урьдчилан сэргийлэх ажилд санаачилгатай оролцож байгаа нийт уурхайчдадаа талархал илэрхийлсэн юм. Тэрбээр оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100.3-120 хувиар биелүүлсэн уурхайчид, Эрдэнэт үйлдвэрээр овоглосон хүн бүрийг баяр наадмын босгон дээр 500 хүртэл мянган төгрөгөөр шагнан урамшуулахаар болсноо мэдэгдэж, баяр дээр баяр нэмсэн мэдээг дуулгалаа.   Монгол Улсын Засгийн газрын шагнал, Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”, Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга” шагналыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Стратегийн төлөвлөлт бодлогын газрын дарга Д.Эрдэнэцогт нар гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.    Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга” шагналыг үйлдвэрт 10 ба түүнээс дээш жил үр бүтээлтэй ажиллаж, тухайн ондоо хамт олноо тэргүүлэн идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан тэргүүний ажилтанд олгож, хөдөлмөрийн аварга тэмдгээр шагнан, зургийг нь тухайн жилийн турш хүндэт самбарт байрлуулж алдаршуулдаг уламжлалтай. Харин Эрдэнэт үйлдвэрт 20 ба түүнээс дээш жил үр бүтээлтэй, тухайн ондоо хамт олноо тэргүүлэн идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн амжилт гаргасан тэргүүний ажилтныг Хүндэт дэвтэрт нэрийг нь бичиж алдаршуулахын зэрэгцээ Хүндэт тэмдгээр шагнан урамшуулдаг. Тус шагналаар Техникийн хэлтсийн тэргүүлэх инженер Д.Очирбат, Цахилгааны цехийн дарга Д.Даваадорж, Тээвэр ложистикийн төвийн Илчит тэрэгний машинч Ж.Буяндэлгэр нарыг шагнан урамшуулж, “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь бичиж мөнхжүүллээ. Мөн энэ өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар, Монгол Улсын 20-р зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Аж ахуй, үйлчилгээний цехийн ахмад ажилтан С.Нямжавыг “Эрдэнэт дээд өргөмжлөл” дурсгалын медалиар шагнаж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.                И.Чинтогтох Фото: Б.Баттөгс     Дэлгэрэнгүй...
  • Ган бөөрөнцгийн агуулах барьж байна

         Баяжуулах үйлдвэрийг технологийн гол түүхий эдээр хангадаг Ган бөөрөнцгийн цехийн дэргэд Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн шугамаар нөөц шаар хадгалах ил агуулах барьж байна. Хөвсгөл аймгийн “Бумбаах” компани уг ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд бүтээн байгуулалт 60 хувийн гүйцэтгэлтэй явна. Металл угсралтын ажил дууссан, одоо цутгалт эхлэхэд бэлэн болжээ. Гүйцэтгэгч компанийнхан 1500 тонны багтаамжтай уг агуулахыг энэ сардаа багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр шамдаж байна.       Тус цех энэ онд 17101 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэж Баяжуулах үйлдвэрт нийлүүлэх төлөвлөгөөтэй бөгөөд одоогоор 4553 тонныг үйлдвэрлээд байна. Нөөц шаар хадгалах 1000 тонны багтаамжтай хоёр агуулах байгаа хэдий ч үйлдвэрлэл өссөн энэ үед багтахгүй, цехийн гаднах талбайдаа тааранд хийж тавих, задгай асгах зэргээр хуримтлуулж байгаа юм. Шинэ агуулах баригдсанаар цехийн эмх цэгц сайжирна гэж Ган бөөрөнцгийн цехийн дарга А.Отгончулуун ярилаа.      Удахгүй, тус цехийн шал, металл хийцийг үйлдвэрийн орчинд ашиглах зориулалт бүхий резинэн будгаар будах ажил эхэлнэ. Ингэснээр өнгө үзэмж сайжраад зогсохгүй дуу чимээ намсаж, тоос тогтохгүйн дээр металл хийцүүдийг зэврэлтээс хамгаалж тоног төхөөрөмжүүдийн насжилт уртсах нөхцөл бүрдэх юм.          М.ОДГЭРЭЛ Б.БАТТӨГС Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 07 дугаар сарын 08

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 189дэх өдөр. Он дуусахад 176 хоног үлдлээ.                   2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +25 градус, шөнөдөө +16 градус дулаан, дуу цахилгаантай бага зэргийн бороотой, салхины хурд 6-7м/сек байна. 3. Аргын тооллын 7 дугаар сарын 08.Сумъяа гараг. Билгийн тооллын 18.Хар хулгана өдөр. Өдрийн наран 5цаг 02 минутад мандан, 20цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич  жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь житнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авахад сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана (23:40-01:40),үхэр (01:40-03:40), туулай (05:40-07:40), морь (11:40-13:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40)болой.Хол газар явагсад зүүн урагш мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.   4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2828, евро 3195, БНХАУ-ын юань 402, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6086ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1973 оны 07 дугаар сар Инженер, геологич Л.Мягмар, Г.Сандуйжав нар төрийн шагнал хүртэв. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл “Эрдэнэт” үйлдвэр байгуулах тухай хэлэлцээр, дүрмийн төслийг хэлэлцэв. Эрдэнэтийн Овооны зэс, молибдены орд газрыг түшиглэн барьж байгуулах Монгол-Зөвлөлтийн уул уурхайн үйлдвэрийн тухай хэлэлцээр, дүрмийн төслийн талаарх урьдчилсан зөвлөгөөн осква хотноо эхлэв.     Дэлгэрэнгүй...
  • Улсын баяр наадмын өмнө уурхайчдаа урамшуулна

         Онцгой дэглэмд, өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр болж, Ерөнхий захирал Х.Бадамсүрэн оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтээ 100.1-120.1 хувиар биелүүлж амжилттай ажилласан уурхайчдадаа Улсын баяр наадмын өмнө урамшуулал олгохоо мэдэгдлээ. “Хэдийгээр, коронавирусын халдвараас шалтгаалан төлөвлөөгүй нөхцөл байдал үүссэн ч Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид хорио цээрийн хязгаарлагдмал орчинд үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлж, оны эхний хагас жилийн байдлаар улс, орон нутгийн төсөвт 274 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь том амжилт юм. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж, эдийн засгийн хямрал нүүрлэсэн хүнд цаг үед Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олон нэгэн зүгт харж, ёс зүйтэй, эв нэгдэлтэй, эмх цэгцтэй, эрхэлсэн ажилдаа эзэн болж ажилласны үр дүн” гэж Ерөнхий захирал онцоллоо. Оны эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө нэр төрөл бүрээр ийнхүү давж биелсэн нь борлуулалтын орлого болон цэвэр ашгийн төлөвлөгөө дагаж өсөх санхүү, эдийн засгийн таатай нөхцөлийг бүрдүүлжээ.      Тасралтгүй ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа бүрэн зогсож их засвар хийдэг. Энэ жилийн “их зогсолт” долдугаар сарын 31-ний 20.00 цагаас эхэлж 48 цаг үргэлжлэх бөгөөд үүнд хэрхэн бэлтгэж байгаа талаараа цехийн дарга нар мэдээлэл хийсэн. Үйлдвэрийн газрын удирдлагын зүгээс бүтцийн нэгжийн дарга нарт 2021 оны бизнес төлөвлөгөөнд саналаа өгөх, 2020 оны хөрөнгө оруулалтаар хийгдэх Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх, Тэсрэх бодисын үйлдвэр барих, Орхон аймагтай хамтын ажиллагааны хүрээнд дулааны шугам татах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, өвлийн бэлтгэлийг ханган ажиллах чиглэлээр тодорхой үүрэг өглөө.  М.ОДГЭРЭЛ Б.БАТТӨГС Дэлгэрэнгүй...
  • Хийн үлээгүүрийн машин суурилууллаа

         2020 оны техник шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн үндсэн технологийн хэрэгцээний агаар шахах зориулалттай, Франц улсад үйлдвэрлэсэн “BLOWER 800” төрлийн хийн үлээгүүрийн машины угсралт,  суурилуулалтын ажлыг Баяжуулах үйлдвэр, Засвар угсралтын болон Цахилгаан цехийн хамт олон гүйцэтгэв. Уг машин ашиглалтад орсноор хуучин хийн үлээгүүрийн машинаас хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, баяжуулалтын процесст өгөх агаарын хэмжээг ихэсгэж байгаа юм. Мөн асаалт тохируулгын ажлыг Герман улсын мэргэжилтнүүдтэй хамтран  мэдээллийн сүлжээ ашиглан хийх ажээ.                                                                                                                         Т.Батчулуун   Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Сурталчилгаа
Баасан, 31 1-р сар 2020 00:00

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

      2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр urug.mn сайтын сэтгүүлч У.Болортуяагийн “Эрдэнэт үйлдвэрийн мөнгө ёолдоггүй ба дураараа дургигчид”нэртэй нийгмийн цахим сүлжээгээр түгээж байгаа нэвтрүүлэгтэй холбоотойгоор дараах МЭДЭГДЭЛ-ийг гаргаж байна.

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2019 онд үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн үзүүлэлтээрээ түүхэн дээд амжилт тогтоож, 37 сая тонн хүдэр олборлож, 32 сая тонн хүдэр боловсруулан, 2.2 их наяд төгрөгийн борлуулалт хийж, улс болон орон нутгийн төсөвт нэг их наяд шахам төгрөг төвлөрүүллээ.

     Уул уурхайн олборлох, боловсруулах салбарт технологийн тасралтгүй ажиллагаатай горимоор ажиллаж, хоногт 6 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг, дэлхийн хэмжээний томоохон үйлдвэрийн хувьд орчин үеийн дэвшилтэт найдвартай техник, тоног төхөөрөмж болон сэлбэг, материалын худалдан авалтыг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд зохион байгуулж байна.

      Улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гол түших багана, тулах хүч болж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн 6600 гаруй баялаг бүтээгч уурхайчид, хамт олон улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна.

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2019 онд хөрөнгө оруулалтаа эрчимтэй нэмэгдүүлж түүхэндээ хамгийн их бүтээн байгуулалт хийсэн жил боллоо. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг үр ашигтай, өртөг зардал багатай, тасралтгүй хэвийн явуулах зорилгоор 2020 онд өнгөрсөн оноос 2 дахин их хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн цаг наргүй хөдөлмөрлөж байна.

      Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн бүхий л үйл ажиллагаа хэвийн жигд, тасралтгүй үргэлжилж байгаа билээ.

      Эрдэнэт үйлдвэр 2019 онд 41 жилийн түүхэндээ хамгийн өндөр үр ашигтай ажиллалаа.  

     Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн үед төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллахдаа үйлдвэрлэл эдийн засгийн түүхэн дээд амжилтуудыг гарган, улс төрөөс ангид байж “шахааны томилгоогүй” болсон, “бараа таваарын шахаагүй” болохын төлөө зорьж байгаа нь тодорхой зорилго бүхий  бүлэг хүмүүсийн дургүйг хүргэж, захиалгат дайралтуудыг зохион байгуулж, улсын үйлдвэрийг тасралтгүй гүтгэлгийн бай талбар болгож байна.

     "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь ийм бусармаг асуудлыг шалгуулахаар хууль хяналтын холбогдох байгууллагуудад хандсан болно.

    Мэдээллийн үнэн зөв, бодитой байдлыг хангаагүй, эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг гүтгэлэг, таамаг хэлбэрээр олон нийтэд түгээж байгаа нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг тус тус зөрчиж байна.

     Иймд хэвлэл мэдээллийн ажилтны ЁС ЗҮЙ-г эрхэмлэж, МЭРГЭЖИЛ-ийн түвшинд ажиллахыг хүсье.

 “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН

ХУУЛИЙН ХЭЛТЭС, МАРКЕТИНГИЙН ХЭЛТЭС

    Шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын “Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай” А/47 тоот тушаал гарсантай холбогдуулан үйлдвэрийн цех нэгжүүд ажлын байранд баримтлах арга зааварчилгааг хэрэгжүүлж байна.

     Энэрэл төвд сурч хүмүүжиж буй хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх зорилгоор төвийн байранд гадны хүн нэвтрүүлэхгүй байх хорио тогтоож, ариутгал цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран тогтмол хийж буйг эмч Б.Бямбасүрэн онцлов. Ариутгал халдваргүйжүүлэлтийг Мэргэжлийн хяналтын газрын зөвлөмжийн дагуу баталгаат бодис ашиглан хийж байгаа аж. Төвийн хүүхдүүдэд хувийн ариун цэврийг чандлан сахих зөвлөмж, гараа байнга зөв угаах, амны хаалт зүүх зэрэг зааварчилгаа хэвшүүлэхийн зэрэгцээ сайн чанарын хоол хүнсээр хангах зорилгоор хөл хорио тогтоосон нэг сарын хугацаанд хоолны орц, найрлага цэсийг өөрчилсөн байна. Илүү тэжээллэг хоол, жимс жимсгэний цэвэр шүүс зэрэг ханиад томууны эсрэг үйлчилгээтэй эрүүл органик хүнс өгч байгааг төвийн эмч нэмж хэллээ. Мөн Эрдэнэт сувиллын цогцолборын эмч нартай хамтран эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зөвлөгөө зохион байгуулж байна.

М.Балжинням

     Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийнхэн өнгөрсөн онд Сайн саналын систем дэх ажилтнуудын идэвх санаачилгыг 50 гаруй хувиар нэмэгдүүлэн ажиллажээ. Тус цехийн ажилтнуудын санал гаргалт 2018 оны үзүүлэлттэй харьцуулахад 53.2%, саналын хэрэгжилт 50%-иар нэмэгдэж, ажилчдын оролцоо 14.4 хувиар дээшилсэн байна. Ингэснээр цехийн 14 ажилтан 2019 онд Эрдэнэт үйлдвэрийн Сайн саналын системийн санал гаргагч 200 манлайлагч ажилтны жагсаалтад багтжээ.  

     Тус цехийн ажилтнуудын санал гаргалт жил бүр ахиж, ажилтнуудын оролцоо нэмэгдэн, чанар үнэлгээ сайжирч, ажлын байрны тав тух, эмх цэгц дээшлэн, аюул эрсдлийг илрүүлж, арилган ажилласнаар хөдөлмөрийн аюулгүй байдал бүрэн хангагдах боломжтой болжээ. Мөн үйлдвэрлэлийн технологийн процесст тодорхой ахиц гарч, зардал бууруулах замаар ажил хөнгөвчилж, ажилчдын сэтгэл ханамж дээшилсэн хандлага харагдаж байна” гэж өнгөрсөн оны ажлын үр дүн, үнэлэлт дүгнэлтийн талаар тус цехийн Бүтээмж инновацийн мэргэжилтэн А.Долгормаа ярилаа.

     Түүнчлэн бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан хэрэгжүүлсэн төслүүдийн  үр өгөөж, ашигт байдал нэмэгдсэн нь үйлдвэрлэлийн процесст тодорхой эерэг нөлөө үзүүлжээ. 2018 онд тус цехийн Бүтээмж чанарын 9 дугуйлан хамтран 6 төсөл, 40жижиг сайжруулалтын ажил гүйцэтгэсэн бол 2019 онд 15 төсөл, 26 жижиг сайжруулалтын ажил хэрэгжүүлсэн байна. Үйлдвэрлэлийн үйл явц руу чиглэсэн томоохон төслүүд нэмэгдэж, хэрэгжсэн нь цехийн бүтээмжийн үйл ажиллагааны чанар дээшлэхэд нөлөөлж буйг мэргэжилтнүүд онцолсон.

     Ус хангамжийн цехэд хэрэгжиж буй томоохон төслүүдээс дурьдахад, цэвэрлэх байгууламжийн хэсэгт Монгол Улсын Шинжлэх ухааны академи, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөгжлийн хэлтсийн хамтарсан "Цэвэрлэх байгууламжийн түүхий лагийг үнэргүйжүүлэх” инновацын төсөл 100%-ийн гүйцэтгэлтэй байна. Мөн Цэвэр ус хангамжийн хэсгийн хэрэгжүүлж буй “Ус хангамжийн цехэд тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний бүртгэлийн программыг нэвтрүүлэх” инновацын төсөл үргэлжилж байгаа аж. Цэвэр ус хангамжийн хэсгийн инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн “Манлайлагчид” дугуйлангийнхан Төв усан сангийн 1, 26-р гар хаалтыг бүрэн автоматжуулж, технологийн горимд шилжүүлснээр эрсдэлийг бууруулж, эрчим хүч хэмнэх өндөр өгөөжтэй ажил болжээ.  

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

Төгссөн сургууль:

2002 онд БНХАУ-ын Театр урлагийн академид Тайз, дэлгэцийн нүүр хувиргагчаар, 2010 онд “Энх орчлон” дээд сургуулийг Нийгмийн ажилтан, сэтгэл зүйчээр төгссөн.

Мэргэжил:

Тайз, дэлгэцийн нүүр хувиргагч, нийгмийн ажилтан

Ажилласан туршлага:

2004-2006 Орхон аймгийн Хүүхэлдэйн театрт жүжигчин, 2006 оноос одоог хүртэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Энэрэл төв”-д арга зүйч

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

1998 онд БНХАУ-ын Хөх хотын Багшийн их сургуулийн хятад хэлний бэлтгэл, 2017, 2018 онд Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр баримталж буй бодлогын хүрээнд зохион байгуулагдсан “Хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах” зуслангийн удирдах ажилтны сургалт,  2017 онд Багийн ажил, багийн тоглоом 16 цагийн сургалт,  Монголын Скаутын холбооны анхан болон дунд шатны сургалт, ХАБЭА-н модуль 1,2 сургалт, Эрүүл мэндий хөгжлийн төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зохион байгуулсан сургалтуудад суралцаж, амжилттай төгссөн.

Чин хүсэл:

Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгж болох “Энэрэл төв” 2017 оноос жил дараалан Монгол Улсын “Жишиг асрамж халамжийн төв”-өөр нэрлэгдэж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн энэ томоохон ажил хүүхдийн гэрэлт ирээдүйд хөрөнгө оруулалт хийснээрээ онцлогтой. Бүтээлч сэтгэлгээ, хамт олны халуун дулаан уур амьсгал, эерэг хандлага, ажлын зөв зохион байгуулалт шаардсан арга зүйчийн ажил хариуцлага өндөр ч тэр өөрийн сонгосон ажил мэргэжилдээ үнэнчээр зүтгэж өнөөдрийг хүрсэн. Аавынхаа эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, 14 жил амжилттай ажиллахдаа Эрдэнэт үйлдвэрийн “Сайн саналын системийн шилдэг 100 манлайлагч”-ийн нэгээр тодорсон тэрээр хамгаалал хэрэгтэй хүүхэд бүрт туслахыг хүсдэг.

Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?

-Өглөө бүр 06:00 цагт босож хүүхдүүдийнхээ өглөөний хоол, цайг бэлтгээд 07:00 цагт ажилдаа гардаг.

-Таны амьдралын сэргээш юу вэ? Хэнээс юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

-Хүн бүр өөрийн гэсэн сэргээштэй байх. Амьдралын сэргээш гэж намайг ямар ч үед сэргээж чадах тэр хүчин зүйлийг хэлэх байх. Миний хувьд хөгжим, кино, гэр бүлээсээ эрч хүчийг авдаг. Би хаана ч  явсан үргэлж хөгжим сонсдог.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?

-Манай төв эцэг, эхийн хайр халамжаас гадуур байгаа хүүхдүүдэд урт болон богино хугацаагаар асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэн  ажилладаг. Бидний ажлын үр дүн маш олон жилийн дараа гардаг. Тиймээс ч өнөөдрийн байгаа цаг хугацаандаа тэдгээр бяцхан зүрхийг Зөв Монгол хүн болгон төлөвшүүлэхээр ажиллаж байгаа нь бидний ажлын онцлог гэж хэлж болох юм.

-Яг одоо ямар ажил дээр төвлөрч байна?

-2020 онд хэрэгжүүлэх Хүүхэд хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахаар нийгмийн ажилтнуудын хамт ажиллаж байна.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ?

-Би ер нь хийж чадахгүй ч хамаагүй, хийхийг хүссэн л бол тэр зүйлээ хийх гэж оролддог. Бага зэргийн сахилгагүй гэх юм уу даа. Надад хийж үзэхийг, сурахыг хүссэн маш олон зүйл бий. Би бусад шиг их ном уншдаггүй. Харин үзэж байгаа кино, алдартнуудын яриаг сонсож, эргэцүүлэн бодож, түүнээсээ суралцдаг. Цаашдаа ч ажлаа сайн хийхийн тулд аливааг шинээр, өөрөөр сэтгэж, тасралтгүй суралцахад чиглэх болно.

-Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач?

-Эрүүл мэнддээ анхаарч дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэх талаа хэвшүүлэхээр зорьж байна.

-Таны хобби?

-Бага байхаас аав минь хүүхэлдэйн урлагт дуртай болгосон болоод ч тэрүү, жижиг хүүхэлдэй, тоглоом цуглуулах дуртай.

-Үеийнхэндээ ямар байдлаар үлгэрлэхийг хичээдэг вэ?

-Өнөөгийн залуучууд мундаг аав, ээжүүд болцгоосон ч дийлэнх нь ид залуу насан дээрээ сэтгэл зүйгээрээ хөгшрөөд байгаа санагддаг. Миний хувьд нас бол тоо. Тиймээс эрч хүчтэй байдлаараа үлгэрлэхийг хичээдэг юм болов уу.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг үзэл бодол итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Эрдэнэт үйлдвэр олон хүний амьдралд баялаг бүтээж, ирээдүйд хөрөнгө оруулалт хийсний нэг хэсэг нь манай “Энэрэл төв”-ийн хүүхдүүд гэдгийг хэлмээр байна. Би 2006 онд Эрдэнэт үйлдвэр ажилд орж, тэр цагаас өнөөдрийг хүртэл ажлаасаа урам зориг, эрч хүч авсаар ирсэн. Цаашид ч энэ эрчээрээ үйлдвэртээ ажиллах болно. Эрдэнэт үйлдвэр бол миний бахархал.

     Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн техникийн шинэчлэлийн хүрээнд Өрөмдлөг, тэсэлгээний хэсэгт СБШ-250МНА-32 маркийн өрмийн машин шинээр угсрах ажил эхэллээ. ОХУ-д үйлдвэрлэгдсэн уг машиныг угсрах ажил 4 хоногийн өмнө эхэлсэн бөгөөд ирэх сарын 17-19-ний хооронд ашиглалтад хүлээж авахаар төлөвлөж буй аж. Угсралтын ажлыг Ил уурхайн Уулын тоног төхөөрөмжийн засварын хэсэг, Өрмийн засварын хэсгийн механик болон эрчим зүйчийн удирдлага дор нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй засварын бригад гүйцэтгэж байна. Ил уурхайнхан 2016 оноос хойш угсарч буй 3 дахь өрмийн машин нь энэхүү СБШ-250МНА-32 машин юм.

     “Энэ жил уурхайд 19,20 дугаартай хоёр ширхэг өрмийн машин шинээр угсарч ажилд гаргана. Эхний ээлжинд 20 дугаартай өрмийн машины угсралтыг эхлүүлээд байна. Дараагийн машин угсралт 3 дугаар улиралд хийгдэнэ” гэж Ил уурхайн Өрөмдлөг, тэсэлгээний хэсгийн орлогч Б.Барсбаатар ярилаа.

    Шинээр угсарч буй машин нь хүчин чадлын хувьд өмнөх суурилагдсан машинуудтай адил боловч цахилгаан хангамжийн найдвартай ажиллагаа, жолоочийн ажлын байрны орчин нөхцөл сайжирч, удирдлага хяналтын самбарын систем илүү боловсронгуй, нарийвчлан хянах боломж бүрдсэн зэрэг олон давуу үзүүлэлттэй юм. Мөн уг машин нь нэгдсэн тосолгооны системтэй. Өөрөөр хэлбэл, техник тосолгоо, үйлчилгээний гар ажиллагааг халж, төвлөрсөн цэгээс бүх тосолгоог автоматаар хийх боломжтой аж. Ингэснээр хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны нөхцөл дээшлэх, бүтээмж нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.

     Өрөмдлөг тэсэлгээний хэсгийнхэн 2020 онд 473100 уртааш метр өрмийн ажил гүйцэтгэх төлөвлөгөөтэй бол эхний сард 41500 уртааш метр өрөмдөн сарын төлөвлөгөөгөө биелүүлэн ажиллаж байна.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

     Шинэ оны эхний 28 хоногт зэсийн үнэ дунджаар 6115,35 ам доллар тонн байгаа нь өнгөрсөн сарын дундаж үнэтэй харьцуулахад 91,32 ам доллараар өссөн үзүүлэлттэй байна. Он гарсаар АНУ болон Хятад улс худалдааны анхан шатны хэлэлцээрийн асуудлаар тохиролцоонд хүрч гарын үсэг зурсантай холбоотойгоор зэсийн үнэ харьцангуй тогтвортой байв. Харин сүүлийн өдрүүдэд Хятад улс болон дэлхийн бусад орнуудад дэгдээд буй халдварт өвчин, хөл хорионоос шалтгаалан ханш буурах хандлагатай болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. 
      Тухайлбал, 2018 оны 12-р сарын 10-ны өдрөөс 2020 оны 1-р сарын 24-ны өдрийг хүртэл зэсийн үнэ 6000 ам доллараас буурсан тохиолдол гараагүй бол 2020 оны 1-р сарын 28-ний өдрийн байдлаар 5715 ам доллар тонн болж буураад байна. 2002-2003 онд гарсан SARS халдварт өвчний үед Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 1 % - иар, Зүүн Өмнөд Азийн орнуудын ДНБ 0,5 - иар буурсан байжээ.  Тухайн үед Хятад улс дэлхийн нийт зэсийн эрэлтийн 20 орчим хувийг бүрдүүлж байв. Харин одоо бол Хятад улс дэлхийн 2 дахь том эдийн засагтай зах зээлд үзүүлэх нөлөө нь тухайн үетэй харьцуулахад эрс өссөн учир зах зээлд сөргөөр нөлөөлөх эрсдэл ихтэй байгааг судлаачид онцолж байна. Ухань хотоос гаралтай шинэ титэмт  вирус тархсанаас  хойш Хятадын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ SARS-ын үетэй харьцуулахад өндөр  үр дүнтэй байгаа юм. Гэсэн хэдий ч энэ  вирусын тархалтаас шалтгаалан гол таваарын үнэ эрс буурч байна. 
       Судалгааны байгууллагуудын гаргасан 2020 оны 1-р улирлын үнийн прогноз 5512-6300 ам долларын хооронд хэлбэлзэж,  дунджаар 6034 ам доллар тонн байна. Харин 2020 оны 2-4 улирлын зэсийн үнийн прогнозын дундаж 6117-6213 ам доллар тонн буюу 1-р улирлынхтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Тэгвэл 2020 оны зэсийн үнийн прогноз 5506-6472 ам долларын хооронд хэлбэлзэж 6131 ам доллар байна. Өнгөрсөн оны сүүлчээр 2020 оны зэсийн үнийн таамаглалыг нийт 28 судалгааны байгууллага гаргаснаас 18 нь зэсийн үнийн прогнозоо өөрчлөөгүй хэвээр үлдээсэн бол 9 нь өсгөж, 1 байгууллага нь бууруулах зэргээр  өөрчилжээ. Зэсийн үнийн прогнозоо өсгөн өөрчилсөн байгууллагууд АНУ болон Хятадын худалдааны маргааны асуудал цаашид нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа бол зарим судалгааны байгууллага 2020 онд нийлүүлэлтийн хүндрэл гарах эрсдэл өндөр байх талаар судалгаандаа тодотгосон байна. АНУ болон Хятадын худалдааны хэлэлцээрийн хэрэгжилт, зах зээлд нөлөөлж буй бусад хүчин зүйлсээс шалтгаалан үнэ судлаачдын таамаглалаас буурах эрсдэл хэвээр байна.
Экспорт борлуулалтын хэлтсийн Тэргүүлэх мэргэжилтэн Х.Мөнхцэцэг
 
 
    Дэлхийн олон оронд тархаад буй корона хэмээх шинэ төрлийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх хөдөлгөөн өвчний голомт улстай хил залгаа Монголд эрчтэй өрнөж буй нь зүйн хэрэг. Тэр дундаа 6600 гаруй ажилтантай өнөр бүл Эрдэнэт үйлдвэрийн хувьд вирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн зохион байгуулалттай хэрэгжүүлж байна. Энэ талаар Эрдэнэт сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэгээс тодрууллаа.                   
    -Корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрдэнэт сувиллын цогцолбор ямар ажил эхлүүлээд байна? 
    -Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон манай Эрүүл мэндийн яам, Орхон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн дагуу вирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Өнгөрөгч даваа гарагт Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын түвшинд шинэ халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар хэлэлцэж, ойрын өдрүүдэд болох томоохон үйл ажиллагааг хойшлуулж, нэгдсэн зохион байгуулалттай ажиллах талаар Ерөнхий захирлын тушаал гарсан. Энэ хугацаанд 600 гаруй ажилтанд вирусын халдварын тархалт, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэлээ. 
    -Үйлдвэрийн газрын ажилчдад анхааруулж буй гол зөвлөмж юу байна?  
    -Дархлаагаа хамгаалах, ядрахгүй байх, бие, сэтгэлээ ажилд зөв бэлдэх, амин дэмтэй эрүүл хооллох, гараа савандаж угаах, амны хаалт тогтмол хэрэглэх талаар зөвлөмж мэдээлэл өгч байна. Мөн ажилчдад насанд хүрсэн гэлтгүй гар угаах аргачлалыг бүтцийн нэгжийн мастерууд, ахлахууд, эмч нартайгаа хамтраад хэсэгчлэн зохион байгуулж байна. Ер нь цэцэрлэгийн хүүхдүүд гар угаах аргачлалыг сайн мэддэг. Харин томчууд тоомжиргүй, буруу угаадаг талтай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гурван төрлийн амны хаалт хэрэглэхийг зөвлөж байгааг танилцуулж, тэдгээр маскны бүтэц, онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна. Өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хувь хүний хандлага, гэр бүлийн дотоод зохион байгуулалт их чухал. Олуулаа амьдардаг бол нэг нь гарч хүнсээ цуглуулах, олон нийтийн газраар явахдаа зөв маск хэрэглэх, гэрийн хязгаарлалт тогтоох, худал мэдээлэл, сурталчилгаанд автахгүй байх хэрэгтэй. Халдвар бүртгэгдсэн улс орнуудад зорчихгүй байхыг ажилчдадаа, үйлдвэрийн бүтцийн нэгжийн дарга нарт анхааруулсан. 
    -Ташаа мэдээллийн тухайд...?
    -Олон нийтийн сүлжээгээр спирт хэрэглэх, өрөөндөө цацах, хөвөнд шингээгээд гараа, ширээгээ арчих зөвлөмж явж байгааг хүмүүс их дагаж байна. Бидэнд ийм зөвлөмж ирээгүй. Тэгэхээр албан ёсны эх сурвалжтай, мэргэжлийн байгууллагуудын мэдээлэл, зөвлөмжийг л дагаарай.  
    -Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бүрдүүлэлт хэр хийгдэж байна? 
    -Энэ үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал хамгийн чухал. Халдварт өвчин тархлаа гэхэд бэлэн байдлаа бүрэн хангасан байх ёстой. Бид ХАБЭА-н хэлтэс, холбогдох цех, нэгжүүдийн хамтарсан шийдвэрээр эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бүрдүүлэлтийн жагсаалт гаргаад, тооцооллуудаа хийгээд өчигдөр хангалтын нэгдсэн захиалгаа өгсөн. Үүнд шаардлагатай ариутгалын бодисууд, нэг удаагийн хамгаалах хэрэгслүүд, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжүүд багтсан.
     -Томуугийн ид дэгдэлтийн үе тохиож байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна уу?
     -Шинэ төрлийн корона вирусын халдвар тархаж байгаа энэ үе нь манай улсад төдийгүй дэлхий нийтэд томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхтэй цаг үе тохиож байна. Түүнээс гадна В вирусын халдвар, мөн амьсгалын замын Н3 N2 зэрэг зургаан төрлийн вирусээр хүмүүс өвчилж байгаа тохиолдол давхцаж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна. Тиймээс ард иргэд зөвхөн мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг чанд мөрдөх хэрэгтэй.
    -Баярлалаа. 
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
Мягмар, 28 1-р сар 2020 00:00

Цахилгаан шат шинэчлэгдэв

    Баяжуулах үйлдвэрийн Өргөн тээвэрлэх машин, механизмын хэсгийн хариуцдаг хоёр цахилгаан шат саяхан шинэчлэгджээ. Нунтаглан баяжуулах хэсэг болон Өөрөө нунтаглах хэсэгт 20 гаруй жил тасралтгүй ажилласан, технологийн болон их засварын ажилчдыг зөөвөрлөдөг цахилгаан шатыг Солонгос улсын Хандок фирмийн орчин үеийн электрон тохиргоотой, 500 кг буюу зургаан хүний нормтой, тав тух хангасан лифтээр сольжээ. Цахилгаан шатны угсралт, тохируулгын ажлыг Улаанбаатар хотын “Хандок инженеринг” компани гүйцэтгэсэн байна. Саяхан, Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч Нийслэлээс ирж суурилуулсан цахилгаан шатанд үзлэг шалгалт хийсэн бөгөөд дүгнэлт нь ирэх долоо хоногт гарахаар ашиглаж эхлэх аж.

    Баяжуулах үйлдвэрийн кран, хүн зөөврийн цахилгаан шатнуудын засвар үйлчилгээ хариуцдаг Өргөн тээвэрлэх машин, механизмын хэсэг нь өөрийн цехийн хүн тээврийн 10 цахилгаан шатаас гадна Дулааны цахилгаан станц, Аж ахуй, үйлчилгээний цехийн лифтүүдийг давхар хариуцан ажиллаж байна. Дулааны цахилгаан станцын цахилгаан шатыг нэн даруй солих шаардлагатай тул хүсэлт гаргасан гэж тус хэсгийн дарга П.Лхагвасүрэн ярилаа.

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

    Энэ онд хийгдэх ажлынх нь талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Зураг төслийн хүрээлэнгийн захирал Инженерийн зураг төслийн хүрээлэнгийн захирал Д.Тамираас тодрууллаа.

     -Танай хүрээлэн 2019 онд хэчнээн хэмжээний ажил хийв. Энэ талаар товч мэдээлэл өгнө үү?

     -Өнгөрсөн онд бид 1090 зураг төсөл боловсруулах ажлын даалгавар хүлээн авсан. Үүний 490 нь 2020 онд хийгдэх ажлын зураг төсөл. 2019 оныхоо хөрөнгө оруулалтын ажлыг эхний хоёр улиралд дуусган хүлээлгэж өгсөн. Бүтцийн өөрчлөлтөөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болсноор зураг төсөл боловсруулах ажил түрүүлж явах шаардлага гарсан. Энэ чиглэлийн дагуу бид өнгөрсөн оны ажлаа эрт дуусгаж 2020 оны зураг төсөл боловсруулах ажилдаа орсон. Бид энэ оны хөрөнгө оруулалтын ажлын 60 хувийг гүйцэтгэсэн. Урсгал засварын ажлыг ондоо багтаан хийхээр төлөвлөөд байна.

     -Эдийн засгийн хувьд ямар үр ашигтай ажил хийгээд байна вэ?

     -Барилга байгууламж,хяналт төлөвлөлтийн хэлтсээс манай хүрээлэнд зураг төсөл боловс-руулах даалгавраар захиалга ирүүлдэг. Тухайн ажлын зураг төсөл хэдий хэмжээний өртөг, зардалтай гарах нь бидний гаргасан тооцоогоор явна. Харин Барилга байгууламж, хяналт төлөвлөлтийн хэлтэс дээр тодорхой өртөг зардал, эдийн засагтай холбоотой мөнгөн дүнг үйлдвэрийн газрын төлөвлөгөөнд батлуулан ажиллаж байгаа.

    -Танай хүрээлэнд зураг төсөл хийдэг хэдэн хүн байна. Мэргэжил боловсролын хувьд хэр өөрчлөлт хийгдэж байна вэ?

    -Манай хүрээлэн бүтэц орон тооны хувьд 56 хүнтэй. Үүний 47 нь инженер техникийн  ажилчид. Манайх зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл авч ажилладаг. Тусгай зөвшөөрлийн хүрээнд тавигдах шаардлагын дагуу мэргэшсэн инженер 15, зөвлөх найман инженер байх ёстой. Одоогоор 30 гаруй мэргэшсэн инженер ажиллаж байна.

    -Танай бүтэц өөрчлөгдөж үйл ажиллагааны хувьд өргөжиж байгаа гэж сонслоо. 2020 онд ямар зорилт тавин ажиллаж байна вэ?

    -Манай инженерийн зураг төслийн төв Зураг төслийн хүрээлэн болон өргөжиж байгаа. Ингэснээр бүтэц орон тоонд өөрчлөлт гарахгүй. Хэтийн зорилгоо тодорхойлсон. Цаашид ямар үйл ажиллагаа явуулах талаар төлөвлөсөн ажлууд бий. 2020 оны хоёрдугаар сарын нэгний дотор энэ оны хөрөнгө оруулалтын ажлыг 100 хувь дуусгах үүрэгтэй. Гэвч биднээс шалтгаалахгүй Баяжуулах үйлдвэрийн бутлуур, тээрмүүдийн худалдан авалт хийгдээгүй, шинээр суурилагдах тоног төхөөрөмжүүд тодорхой болоогүй, техникийн паспортууд нь манайд ирээгүй учраас энэ ажлууд хойшилж болзошгүй байна.

    -Энэ онд томоохон ямар ажлууд хийх вэ?

    -Өнгөрсөн онд Ган бөөрөнцгийн цехийн индукцын хос шугам болон Баяжуулах үйлдвэрийн молибдены баяжмалын шинэ шугам, бутлуур, тээрмүүдийн зураг төслийн ажлыг голлон гүйцэтгэсэн. 2020 онд Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн нэг, дөрөв, тавдугаар насосыг шинэчлэх, шилжүүлэн суурилуулах ажил хийгдэнэ. Бутлан тээвэрлэх хэсэгт тээрмүүд болон бутлууруудыг шинэчлэх ажил, Спорт цогцолборын усан бассейны иж бүрэн засварыг олон улсын стандартад нийцүүлэн хийх юм. Ил уурхайн галын насосны станцуудын шахах системийг бүрэн шинэчлэх ажил хийнэ. Засвар механикийн заводын Цутгуурын цехийн технологийн шинэчлэлийн ажил үргэлжилнэ. үйлдвэрийн бүсийг тойрсон Гэрээт цагдаагийн газрын 13 харуулын постыг стандартад нийцүүлж шинэчлэх ажил гэх мэт бүтээн байгуулалтын их хугацаа, хөдөлмөр шаардсан ажлууд хийхээр төлөвлөөд байна.

    -Баярлалаа.

Т.Батчулуун

Фото: Б.Баттөгс

Бүлэг Ярилцлага

   Засвар механикийн заводын Цутгуурын цехийн шинэчлэлийн ажил он дамжин хийгдэж байна. Өнгөрсөн лхагва гарагт тоног төхөөрөмж үйлдвэрлэгч ХБНГУ-ын “FAT” компанийн хяналтын угсралт, суурилуулалтын гурван мэргэжилтэн Эрдэнэт үйлдвэрт ирснээр, хүйтнээр хатууруулах холимгоор хэв барих технологийн шинэ тоног төхөөрөмжүүдийн угсралт эхэллээ. Өнгөрсөн оны турш бэлтгэл ажил нь хийгдсэн уг шинэчлэлийн тоног төхөөрөмжийн суурийн ажил бүрэн дууссан байна. Харин тоног төхөөрөмжийн угсралт, холболтын ажил дөрөвдүгээр сарын эхэн болтол үргэлжилж, туршилт, тохируулга, зүгшрүүлэлт тавдугаар сарын нэгэн хүртэл явагдаж ашиглалтад хүлээн авах төлөвлөгөөтэй. Цутгуурын цехийн шинэчлэлийн тоног төхөөрөмж 100 хувь ирсэн, сэлбэг материал бүрэн хангагдсан тул ажил хийхэд саадгүй гэж Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг мэдээллээ.

    Тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг Герман мэргэжилтнүүдтэй хамт Засвар угсралтын цех, Барилга, угсралтын цех, Холбоо мэдээллийн технологи,  автоматжуулалтын цех, Засвар механикийн заводын ажилчид гүйцэтгэж байна. 

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 1-р сар 2020 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог