• УЦУОШТ: Нарийн тоос маргааш сарних төлөвтэй байна

    Орхон, Булган, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрийг хамран агаарт дэгдсэн нарийн тоос агаарын урсгал хөдөлгөөнд орж, маргааш сарних төлөвтэй байгааг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлж байна. Манан мэт агаарт тогтсон нарийн тоос нь онц сонин үзэгдэл биш хэдий ч манай аймгийн хувьд анхны тохиолдол болжээ. Энэ сарын 5-наас эхлэн Сэлэнгэ, Төв, Дундговь аймгийн нутагт шороон шуурга шуурч, улмаар агаарт дэгдсэн шороо нь нарийн тоос болон хуралджээ. Ойрын өдрүүдэд салхины хүч бага байгаа нь нарийн тоосыг хөдөлгөөнгүй байдалд оруулсан бөгөөд маргааш салхины чиглэл нутгийн баруун хойноос байх төлөвтэй тул агаарт сарнина гэж тооцоолж байна. Нарийн тоос нь хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлэхийг эрүүл мэндийн байгууллага л тогтоох боломжтой тул иргэдийг амны хаалтаа зүүж, эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөлөө. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 8-нд ялимгүй хур тунадастай, шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Харин 12, 13-нд салхины хурд ихсэж, шороон шуурга шуурах төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Цаг уур, орчны технологи, мэдээллийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Цээнээ мэдээллээ.   И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Урьдчилан сэргийлэх ажил тогтмолжсон

    Дэлхийн 200 гаруй улс оронд тархаад буй “ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэрт Шуурхай штаб байгуулагдаад 2 сар гаруй болж байна. Шуурхай штабынхан өглөө ажилдаа ирж буй ажилчдын биеийн халууныг хэмжих, хяналт тавих, хоолны цэгүүдийн эрүүл ахуй, ариутгал халдваргүйтгэлийн мэдээллийг цаг тухайд нь авч, нэгтгэн үйлдвэрийн Ерөнхий диспетчер болон Уул уурхайн яам, Улсын Онцгой комисст хүргэх чиг үүрэг хүлээдэг. Штабын бүрэлдэхүүнд Онцгой байдлын газар, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, ХАБЭА-н хэлтсийн ажилтан болон эмч нар ээлжийн горимоор ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийг хэвшүүлэхэд хяналт тавьснаар ажилчид амны хаалт зүүх, гар угаах ариутгах нь тогтмолжиж, хоолны цэгүүдийн үйлчилгээ, эмх цэгц сайжирсныг Шуурхайн штабынхан онцоллоо.         М.Балжинням   Дэлгэрэнгүй...
  • Д.ЭРДЭНЭБАТ: 1А хорооллын инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудлыг шийдсэн нь Эрдэнэтийн уурхайчдаас иргэддээ барьж буй бэлэг юм.

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч жишиг үйлдвэрийн хувьд жилийн нийт зардлынхаа 7-8 хувийг ажилтнуудынхаа нийгмийн хөгжлийн бодлого8хөтөлбөрт зарцуулдаг. Энэ үзүүлэлт жилээс жилд ахиж, ажилтан руу чиглэсэн олон талын бодит ажил нэмэгдсээр байна. Сүүлийн үед нийгмийн чиглэлээр хэрэгжиж буй ажлуудын талаар Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа. -Цаг үеийн асуудлаас ярилцлагаа эхэлье. Манай үйлдвэрт Эрүүл мэндийн байнгын комисс байгуулагдсан. Та ажлын хэсгийн орлогчоор ажиллаж байгаа юм байна. Ямар зорилго, чиглэлтэй ажиллах вэ? -Үйлдвэрийн газрын  Эрүүл мэндийн байнгын ажлын хэсэг Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн шийдвэрээр шинэчлэн байгуулагдлаа. Зорилго нь ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, тэдгээрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих  чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулна. Эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг бүтцийн нэгжүүд бий. Тэдгээр нь өөрийн хариуцсан чиглэлээр үүргээ сайн гүйцэтгэдэг. Гэхдээ зарим нэг тохиолдолд тухайн ажил нь саатах, удаашрах тал гардаг учраас Эрүүл мэндийн байнгын комисс энэхүү асуудлыг шийдвэрлэхэд түлхэц өгөх, шийдвэрлүүлэх талаар анхаарч ажиллана. Комиссын бүрэлдэхүүн саяхан шинэчлэгдсэн. Эхний байдлаар ажлын хэсгийн журмын төслийг боловсрууллаа. Одоо бид Эрүүл мэндийг дэмжиххөтөлбөрөөхэлэлцэж бэлэн болгоно. Хөтөлбөр маань мөн л төслийн шатанд байгаа. Оны эхнээс бид комиссын ажлаа эхлэхээр төлөвлөж байсан ч “ковид-19” цар тахал  тархсаны улмаас цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн журмын дагуу бүтцийн нэгжүүдийн холбогдох мэргэжилтнүүд уг бүрэлдэхүүнд ажиллана. Өөрөөр хэлбэл, эрүүл мэнд гэхээр зөвхөн эмч, эмнэлгийн ажилтнууд гэлтгүй нийгмийн, эрүүл ахуйн, хоол зүй, хөдөлмөр хамгаалал, хүний нөөцийн  чиглэлийн мэргэжилтнүүд багтаж байна. -Эрүүл мэндийн хөтөлбөрийг шинэчлэн батална гэлээ. Энэ хөтөлбөрийг ямар хугацаатай боловсруулж, хэрэгжүүлж байна вэ? 2020 оны Эрүүл мэндийн хөтөлбөр ямар онцлогтой байх вэ? -Хөтөлбөрийнхөө төслийг боловсруулаад байж байна. Миний хувьд, Эрдэнэт үйлдвэрт жирийн ажилчнаас эхлээд 29 дэх жилдээ ажиллаж байна. Ийм ч учраас  ажиллагсдын эрүүл мэнд, тэр тусмаа урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлууд илүү чухал гэж боддог. Тиймээс уурхайчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлууд түлхүү тусгагдана гэж харж байгаа. -Нийгмийн харилцааны хэлтсийн ойрын үед хийж буй томоохон ажлууд юу байна вэ? Нийгмийн цехүүдийг тойрсон асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ? -Эрдэнэт үйлдвэр нь ТӨҮГ болж, бүтцийн өөрчлөлт хийсний хүрээнд Нийгмийн харилцааны хэлтэс шинээр байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар, манай хэлтсийн ажил олон чиглэлд үргэлжилж байна. Юуны өмнө бүтэц бүрэлдэхүүн, чиг үүргээ тодорхойлж, нийгмийн хариуцлагын чиглэлээр ажиллах хэлтсийн журмыг батлуулсан. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газартай зөвшилцсөний үндсэн дээр нийгмийн чиглэл болон Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын чиг үүргийн журмыг салган, өөр өөрийн харьяалалд авч шинэчиллээ. Шинэчлэхдээ бид, Ерөнхий захирлын өгсөн чиглэлийн дагуу журмуудыг  нэгтгэж цэгцэлж байна. Тухайлбал, таван өөр журмаар зохицуулдаг байсан тусламж үйлчилгээг нэг журамтай болгох гэх мэт. Мөн цаг үетэйгээ холбогдож шинэ журам боловсруулах шаардлага гарч байна. Нөгөө нэг томоохон ажил гэвэл бид 2019 оны нийгмийн хариуцлагын тайланг бэлтгэж байна. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын чиглэлд хэрхэн ажилласныг олон түмэнд таниулж, хүргэх цогц тайлан удахгүй гарна. Манай үйлдвэр орон нутагтай нягт хамтын ажиллагаатай. Саяхан, Орхон, Булган аймагтай хамтран ажиллах 2019 оны гэрээг дүгнэж, шинэ онд хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө баталж, гарын үсэг зурлаа. 2020 онд хамтын ажиллагааны хүрээнд манай үйлдвэр Орхон аймагт 2 тэрбум, Булган аймагт 700 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Энэ удаагийн гэрээнд Эрдэнэт үйлдвэр зөвхөн өгөх биш, орон нутаг харилцан ашигтай ажиллах тухай тусгаснаараа онцлог болсныг хэлэх нь зүйтэй байх. Сүүлийн 2 жилийн хугацаанд бидний өмнө тулгамдаж буй нэг асуудал бол Орос сургууль, цэцэрлэг, орос эмнэлгийн тусгай зөвшөөрлийн асуудал байсан. Энэ талаар манай хэлтэс байгуулагдсан цагаасаа хөөцөлдсөн. Монгол Улсын холбогдох хууль дүрмийн дагуу Орос сургууль,  орос цэцэрлэг ажиллах ямар ч үндэслэлгүй гэдгийг бүх мэргэжлийн байгууллагууд тогтоосон. Тиймээс орон нутагтай хамтраад уг сургуулийг Эрдэнэт үйлдвэрийн харьяа орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болгох нь зөв гэсэн шийдэлд хүрээд байна. Үүнийг хэрэгжүүлэх Орхон аймгийн ЗДТГ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөн олон жил царцсан 1А хорооллын инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг барьж байгуулах ажил байна. 1А хороолол маань баригдаж эхэлсэн боловч  инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг барьж байгуулах хөрөнгө мөнгөгүйгээс, барилгын ажил зогсоод байсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд Орхон аймагт айлчлах үеэр Засаг дарга уг асуудлыг шийдүүлэхээр хандсан. Ерөнхий сайд Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийг хамтран шийдэх үүрэг чиглэл өгсний дагуу Эрдэнэт үйлдвэрийн зүгээс төсөлд шаардлагатай байгаа 12.5 тэр бум төгрөгийн санхүүжилтийг шийдээд байна. Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын зүгээс аймгийн иргэддээ барьж буй том бэлэг юм. Бурхан багшийн сэрэг дүрийн урд байрлах 1А хорооллын дэд бүтцийн ажлын хүрээнд цахилгааны под станцыг өргөтгөх, цэвэр бохир усны бүх шугам сүлжээнд холбох, үерийн усны далан барих, гол магистрал засмал зам тавих гээд иж бүрэн бүтээн байгуулалт хийгдэнэ. Зөвхөн ЦРП-2  дэд станцыг өргөтгөснөөр Эрдэнэт хотын цахилгаан хангамжийн чадал 2 дахин нэмэгдэнэ. Энэ асуудлыг Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд бодлогоороо  шийдэж байна гэж ойлгож болно. -Нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтын ажлын тухайд..? -Нийгмийн харилцааны хэлтсийн үндсэн хэсэг нь нийгмийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэдэг. Эрдэнэт үйлдвэр нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдэд 31.3 сая доллар зарцуулахаар төлөвлөсөн. Цаг үеийн байдлаас шалтгаалан зарим нэг ажлаа түр хугацаагаар зогсоож байна. Өөрөөр хэлбэл, коронавирусын тархалтын улмаас дэлхийн зах зээлд унаж буй зэсийн үнэ эргээд өссөн үед эдгээр ажлууд үргэлжлээд явна. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа бид эрэмбэлж, хамгийн чухлаас нь үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөнд тусгагдан, Баян-Өндөр уулын энгэрт баригдаж эхэлсэн, хуучнаар “Москва 300” буюу “Уурхайчин-1”орон сууцны хороолол 2020 оны 12 дугаар сард ашиглалтад орох ёстой. Одоогийн байдлаар уг хорооллын барилгын ажил хэвийн, хоёрдугаар давхрын цутгалт хийгдэж байна. Ирэх 6 дугаар сард цутгалтын ажил бүрэн хийгдэж, барилгын гадна тал дуусаж 12 сар гэхэд дотоод чимэглэл бэлэн болж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр  гүйцэтгэгч компани ажиллаж байна. Тус хорооллын гүйцэтгэгчээр “Хемон”, “Одкон” компаниуд ажиллаж байна. Мөн “Эрдэнэт” соёл, спортын цогцолбор энэ онд баригдана. Гүйцэтгэгчээр Эрдэнэт үйлдвэрийн Барилга засварын цех ажиллаж, 12 сард дуусгах төлөвлөгөөтэй. Дараагийн бүтээн байгуулалтын ажил нь “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Ногоон хөгжлийн төв”-ийн байгуулалт. “Уурхайчин-2” орон сууцны хорооллын барилгын ажил энэ онд эхлэх бол “Уурхайчин-3” хорооллыг барьж байгуулах гүйцэтгэгчийн асуудал удахгүй шийдэгдэнэ. -Ирэх 12 сард ашиглалтад орох “Уурхайчин-1” орон сууцны хороололд орох ажилтнуудын захиалга авсан. Өөрөөр хэлбэл, шинэ байрны захиалга дүүрсэн үү? -Үйлдвэрийн цех нэгжүүдээс санал авсан. “Уурхайчин-1” орон сууцны хороолол 300 айлынх. Тиймээс бид цехүүддээ квот тогтоож өгсөн. Бидний тавьж буй шалгуур бол тухайн ажилтан өмнө нь Эрдэнэт үйлдвэрээс байр болон байрны тусламж хөнгөлөлт аваагүй байх. Учир нь үйлдвэрээс олгодог 12 сая төгрөгийн байрны хөнгөлөлтийг урьдчилгаа төлбөрийн 30 хувьд нь оруулахаар зорьж байгаа. Өнөөдрийн байдлаар, 280 гаруй ажилтны материалыг авч, хамтран ажиллаж буй Богд банканд хүргүүлсэн. -Эцэст нь, орон сууцны хувьчлалын тухай тодруулъя. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас чиглэл өгсөн байгаа. Энэ ажил хэзээ хэрэгжих вэ? -Монгол Улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орон сууцыг үе шаттайгаар хэсэгчлэн хувьчлах шийдвэр гаргасан. Энэ дагуу манай үйлдвэрт ажлын хэсэг байгуулагдан, үйлдвэрийн хэмжээнд байгаа нийт орон сууцны тоо, мэдээлэл, цех нэгжүүдийн санал зэрэг нэгдсэн судалгаа хийж байна. Орон сууц хувьчлалын ажлын хэсэгт үндсэн цехүүд болон санхүү эдийн засаг, аудит, хууль, нийгмийн харилцаа, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар зэрэг бүхий л хэлтэс нэгжийн төлөөллүүд орсон. Мэдээж, Эрдэнэт үйлдвэрийн албаны зориулалтаар ашиглагдаж буй болон Орос мэргэжилтнүүдийн амьдардаг байрууд хувьчлалд хамрагдахгүй. М.Балжинням Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр - 04 дүгээр сарын 07

    Мэдүүштэй... Өнөөдөр жилийн 97 дахь өдөр. Он дуусахад 268 хоног үлдлээ. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +7 градус, шөнөдөө -1 градус байх бөгөөд шороон шуургатай, салхины хурд 5 м/сек. Аргын тооллын 4 сарын 7. Ангараг гариг. Билгийн тооллын 14. Тугчин одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол замд явах хүмүүс зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.                        Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 4863 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ өдөр... 1973 оны 4-р сар Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, эрчимжүүлэх зорилгоор МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс Монголын ард түмэнд хандан уриалга гаргав. 1973 оны 4-р сард   Эрдэнэтийн бүтээн байгуулалтад оролцохоор Зөвлөлтийн барилгачдын эхний хэсэг болох 18 хүн Эрдэнэтэд ирж, 5 дугаар сарын 9-нд Зөвлөлтийн мэргэжилтэн Ю.М. Овсянниковын удирдсан угсралтын бригад анхны уурын зуухны баганыг босгож, барилгын үйлдвэрийн баазын суурийг тавих ёслолын ажил болов. Эрдэнэтэд нэн түрүүнд баригдах шаардлагатай байгууламжаар, Дархан хот дахь дамжин өнгөрүүлэх бааз Улсын хилээс Дархан-Орхон-Эрдэнэт хүртэлх 220кВт-ын, Эрдэнэтээс Сэлэнгийн мод бэлтгэлийн аж ахуй хүртэлх 110 кВт-ын нийт 335 км өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, трансформаторын дэд станц, Монголын зохион байгуулалттай ажилчдын тосгон Зөвлөлтийн барилгачдын хотхон Салхит-Эрдэнэтийн төмөр замын хайгуул, бусад бэлтгэл ажил Дархан-Эрдэнэтийн 170 км автозамын засвар Цэвэр усны шугам байгууламжууд /Эрдэнэтээс 60 км-ийн зайд Сэлэнгэ мөрний эргээр гүний худгууд гаргах/ -ыг нэрлэж байлаа. Дэлгэрэнгүй...
  • О.ОТГОНБАЯР: Бид хийж байгаа ажлаа түгээхийн зэрэгцээ цаашид илүү санаачилгатай ажиллана

    Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэгт хөтлөлтийн улсын үзлэгийг 2019 оны 06 дугаар сарын 03-наас 12 дугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд орон даяар зохион байгуулсан билээ. Эрдэнэт үйлдвэр энэхүү улсын үзлэгт шилдэг 5 байгууллагын нэгээр шалгарч, өнгөрсөн долоо хоногт өргөмжлөлөө гардан авлаа. Удирдлагуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний үеэр Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр шагналын талаар албан ёсны мэдээлэл хийж, баг болж хамтран ажилласан нийт удирдлага, уурхайчин хамт олондоо талархал илэрхийлж, ажлын амжилт хүссэн юм. -Эрдэнэт үйлдвэр “Байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ээр 2 дахь удаагаа шалгарлаа, баяр хүргэе? -Монгол Улсын Засгийн газраас 2019 онд зохион байгуулсан “Байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т нийт 5444 байгууллага хамрагдсан. Бид өнгөрсөн 7 хоногт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Архивын Ерөнхий газрын дарга С.Энхбаатар нараас шилдэг байгууллагын шагналаа гардан авлаа. Дөрвөн жил тутам болдог улсын үзлэгт Эрдэнэт үйлдвэр хоёр дахь удаагаа шалгарч байна. Энэ удаа УИХ-ын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэргүүн байр эзэллээ. Манай үйлдвэрийн хувьд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компани болон төрийн өмчит үйлдвэрийн газруудаас 97,25 хувьтай дүгнэгдэж, үйл ажиллагаагаараа тэргүүлсэн. -Шилдгээр шалгарахад нөлөөлсөн тэргүүн туршлагаасаа нэрлэвэл? -Бид Мэдээллийн технологийн хэлтэс, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехтэй хамтран байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг дижитал хэлбэрт шилжүүлэх, е-office, е-doc систем нэвтрүүлэн санаачилгатай ажилласан. Улсын үзлэгийн дүгнэлтэд, “Эрдэнэт үйлдвэр энэ чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа тэргүүн туршлагаа бусад байгууллагад түгээн дэлгэрүүлэх” тухай тусгасан. Энэ утгаараа бид хийж байгаа ажлаа түгээхийн зэрэгцээ цаашид илүү санаачилгатай ажиллах хэрэгтэй болж байна. Эрдэнэт үйлдвэр таран байршсан 40 гаруй бүтцийн нэгжийг хамруулан үйл ажиллагаа явуулдаг. Орон зай, цаг хугацааны хувьд алслагдсан нэгжүүд ч бий. Иймд бид үйл ажиллагаандаа мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлэн, е-office, е-doc программуудыг ахисан шатанд гаргах, шийдвэрлэлтийн үйл ажиллагааг цахимаар хянах, шийдвэрлэлтийн үйлажиллагаагудирдлагыншийдвэргаргалтын төвшинд хэрэгжүүлэх, шийдвэрт гаргалтад бодит үр дүн гаргахад анхаарч ажиллана. Манай 6000 ажилтан дунд ямар чадвартай, мэдлэг туршлагатай хүн ажиллаж байна, хүний нөөцийг хэрхэн зөв байршуулах вэ, давтан сургах уу, Эрдэнэт үйлдвэрт ирээдүйд ямар мэргэжил нэн түрүүнд шаардлагатай байна, гэх зэргээр хүний нөөцийн бодлогод цахим НR-ийг хөгжүүлэх чиглэлээр зорилт тавин ажиллаж байна. Энэ ажил маань гол үнэлгээ болсон гэж бодож байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр эдийн засгийн хямралыг даван туулах Төв штаб байгуулан ажиллаж байна

    “COVID-19” коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эдийн засгийн хямралтай нөхцөл байдлаас амжилттай гарахад чиглэсэн Төв штаб Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд ажиллаж байна. Тус штаб нь 4 салбар штабтай бөгөөд үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангах ажлыг Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, санхүү, эдийн засгийн бодлогыг Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа хариуцан ажиллаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн хэлсэнчлэн коронавирусын тархалт, эдийн засгийн хямралтай үед бүх бодлого ажиллагааны төвд хүн байх учиртай. Тэр утгаараа нийгмийн цехүүдийн үйл ажиллагаа, энэ чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр ахалж ажиллана. Хямралын үед үйлдвэрлэлийг хязгаарлалгүйгээр, орлого өгөх ажил, бүтээгдэхүүн өгөх төслүүдэд чиглүүлэх бөгөөд тэдгээр томоохон төсөл хэрэгжүүлэх штабыг Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат хариуцах бөгөөд штабууд өөрийн хариуцсан чиглэлээр цаг үеийн болон ажлын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, шуурхай арга хэмжээ авч ажиллах юм. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • М.ДАМДИНСҮРЭН: Эрдэнэт үйлдвэр 60-аас илүү жил ажиллах боломж бий

    Хаврын урь ороход геологичид маань ажлаа эрчимжүүлж байгаа даа, гэх бодол эрхгүй төрдөг. Энэ жилийн хувьд дэлхий нийтийг хамарсан корона вирусын халдвараас сэргийлэхийн тулд ажил хаа сайгүй хазаарлагдсан аястай байна. Харин Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг бодитой тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг Геологи, хайгуулын экспедицийн ажил хэр урагштай яваа талаар тус цехийн дарга М.Дамдинсүрэнгээс тодрууллаа.  -Геологи, хайгуулын ажил эхэлсэн үү? -Гуравдугаар сарын эхээр эхэлсэн. Ил уурхай дээр энэ оны ашиглалтын хайгуулын ажил үргэлжилж байна. Одоогоор ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай явна. Мөн Баяжуулах үйлдвэрийн хүсэлтээр Уралын уулын хүрээлэнгээс мэргэжилтнүүд ирж Хаягдлын аж ахуйд ажилласан. Бид тэнд өрөмдлөг хийгээд саяхан дууслаа. Манай нэгдүгээр улирлын төлөвлөгөө биелсэн.  -Уралын уулын хүрээлэн-гийнхэн ямар ач холбогдолтой ажил хийсэн бэ? -Хаягдлын аж ахуйн далангийн тогтвортой байдлыг хангах гэрээний дагуу усны түвшин, шилжилт хөдөлгөөн зэрэгт гидрогеологи, маркшейдерийн ажиглалт хийлгэдэг юм. Энэ ажлын пьезометр, инклинометрийн өрөмдлөгийг манайх хийдэг. Энэ удаа шон босгох өрөмдлөг хийж дууслаа. Тэд цооногууд дээр бүтэн жил ажиглалт явуулаад он гарахаар ажлын үр дүнгээ тайлагнана. Жилдээ нэг хийгддэг ажил л даа. -Үйлдвэрийн газрын нөөцөд бүртгэгдсэн орд газруудад ажил явагдаж байна уу? -Эрдэнэтийн төвөөс 40-өөд км яваад Шандын орд бий. Тэнд өнгөрсөн жил  хайгуулын ажил хийгдсэн. Энэ жил мөн үргэлжилнэ. 7000 тууш метр өрөмдөх төлөвлөгөөтэй. Технологийн материал нийлүүлэгдэхээр ажил эхэлнэ. Тавдугаар сарын сүүлээр хээр гараад явчих болов уу. Мөн тэнд геофизикийн ажил хийнэ. -Оны эхнээс геологийн бичиглэл, зураглал эрчимтэй явуулсан байхаа? -Тэгсэн. Энэ хүрээнд дахин 10 мянган тууш метр бичиглэл хийнэ. Энэ ажил эхний шатанд амжилттай явагдаж байна. Сардаа 2000 тууш метр бичиглэл явуулах ёстой. Ямар ч байсан хоёр, гуравдугаар сарын төлөвлөгөөгөө биелүүлчхээд байгаа. -Эрдэнэтээр нисээд байгаа онгоц танай ажилтай хамааралтай юу? -Өнгөрсөн жил бол хамааралтай байсан. Агаарын геофизикийн зураглал хийсэн. Зураглал тодорхой үе шаттай, масштабуудаар хийгддэг ажил л даа. Зураглалын тайллыг үндэслэн манайх ажлаа үргэлжлүүлдэг юм. -Шандын ордоос гадна нөөцөд бүртгэгдсэн газар бий юу? -Одоогоор хайгуул хийх ёстой хоёр ч газар байна. Завсрын хэсэг гэж бий. Тэнд хагас дутуу хайгуул хийгээд, аргачлал буруу гээд Сандуйжав гуайн үед орхигдсон. Оюутын хэсэг бий. Энэ дээр урьдчилсан хайгуул хийгээд бас орхисон. Лиценз нь манайд байдаггүй. Засгийн газраас, урт нэртэй хуулийн дагуу хаачихсан. Бид 2012 оноос хойш лицензийг нь авах гэж хөөцөлдөөд хуулийн хүрээнд хаагдчихсан учраас гарч ирэхгүй байна. Энэ хоёр газар  хүдрийн биет, зэсийн нөөц байгаа нь тодорхой. -Урьдчилсан хайгуулыг манайх хийсэн үү?  -Оюут дээр урьдчилсан хайгуулыг оросууд хийсэн байсан. Нөөц нь бодогдоод гарчихсан. Гэхдээ хайгуулын үйл ажиллагаа дутуу хийгдсэн учраас үргэлжлүүлэх шаардлагатай. Шанд ч ялгаагүй. -Эрдэнэт үйлдвэрийн насыг жарнаар тооцох болсон. Энэ хоёр ордын нөөц үүнд багтсан уу? -Хамрагдаагүй. Хэрэв нөөц нь тодорхой болоод бодогдох юм бол Эрдэнэт үйлдвэр 60-аас илүү жил ажиллах нөхцөл бүрдэнэ. -Ер нь жаран жилийг яаж бодоод байна? -2016 онд “Эрдэнэтийн-Овоо” ордын хүдрийн нөөцийн тайлан, техник эдийн засгийн үндэслэлээр энэ хүчин чадлаараа 39 жил ажиллахаар тооцогдсон юм. Энийг 40 жил гэж үзэх боломжтой. 2016 оноос өнөөдрийг хүртэл ордын баруун хойд болон  төвийн хэсэг дээр үргэлжлүүлэн хайгуул хийсэн нөөц маань дахиад 20 жил ажиллах хэмжээнд байгаа учраас нийлбэрээр нь 60 жил гэж үзэж байгаа юм. -Ойлгомжтой. Энэ оны хөрөнгө оруулалтаар техникийн шинэчлэл хийх үү? -Хамгийн том нь нэг өрөм шинээр авна. Бид техникийн тодорхойлолт, захиалгаа өгчихсөн. Үнэлгээний хороо байгуулагдсан. Удахгүй тендер зарлагдах болов уу гээд хараад сууж байна. Токарийн машин, индукцийн зуух гээд захиалгад орсон тоног төхөөрөмжүүд бий. Геологи, хайгуулын экспедици хайгуулын шатны үйл ажиллагаа явуулахаас гадна хайгуулын өрмийн хошуу ч юм уу, технологийн тоног төхөөрөмжийн хэрэгтэй сэлбэг хэрэгслүүдийг өөрсдөө хийхийг зорьж байгаа. Энэ хүрээнд эдгээр тоног төхөөрөмжийг авч байгаа юм. Гэхдээ одоохондоо энэ тухай ярихад эрт байна. 2021 онд хэрэгжих ажил. -Манайх Монгол улсын хэмжээнд хайгуулын хамгийн том өрөм эзэмшдэг газар шүү дээ. Хэргийг нь гаргаж байна уу?    -Геологи, хайгуулын анги экспедици болж өргөжсөнөөр зөвхөн үйлдвэрийн хэмжээнд бус улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон. Тэр тусмаа Төрийн өмчит үйлдвэрийн газар учраас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяа “Эрдэнэс-Таван толгой”- гоос эхлээд Багануур, “Шивээ-Овоо” гэх мэт уурхайнууд ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр ажил хийлгэх боломжтой. Эдгээр уурхай хайгуулын төрөл бүрийн ажил үргэлж хийж байх ёстой. Манайх  ашиглалтын хайгуул, дараа нь гүйцээх хайгуул хийдэг. Үүний тулд өрөмдлөг зайлшгүй шаардлагатай. Мөн Геологи, хайгуулын анхан шатны ажил болох бүх төрлийн зураглал хийдэг.              -Зураглал олон янз байдаг уу? -Геологийн, гидрогеологийн, геофизикийн зураглал гэж бий. Энэ ажлуудыг хэрэгцээтэй талбайд хийж өгөөд эрлийг эхлүүлдэг. Эрлийн ажил дууссаны дараа урьдчилсан хайгуул, нарийвчилсан хайгуулын төгсгөлд нөөцийн тайлан бичигдэнэ. Үүний үр дүнд техник эдийн засгийн үндэслэл боловсруулагддаг. Уурхай болоод явсны дараа ашиглалтын хайгуул, гүйцээх хайгуул болон тусгайлсан хайгуул хийгддэг. -Тусгайлсан хайгуулыг хаана хийдэг вэ?  -Жишээ нь олон жил болсон овоолгуудын нөөцийг тусгайлсан хайгуулаар тогтоодог. Хэдийгээр уурхайгаас гарч байгаа уулын цул сар, улирал, жилийн үр дүнгээр тоон үзүүлэлт, хүдрийн хэмжээтэй байдаг ч талбайд тараагаад асгачихаар хаана нь юу орсон нь мэдэгдэхгүй. Тиймээс хайгуул явуулдаг юм. Дараа нь “Ачит Ихт”, “Эрдмин” компани шиг хэрэглэнэ гэсэн үг.   -Шинээр авах өрөм өмнөх томтой ижил үү?  -Адилхан, 2500 м хүртэл өрөмдөх хүчин чадалтай. Шандын ордын хөрсний зузаан нь 300 метр байна. Түүнээс доош хүдэр байгаад байдаг. Гэтэл манайх хамгийн гүндээ 1617 хүртэл метр өрөмдөж байсан. Одоо 300, түүнээс гүн өрөмдөх шаардлагатай учраас хүчин чадал өндөр өрөм захиалсан. -Зэсийн үнэ унаж байгаатай холбогдуулан үйлдвэрийн газрын хэмжээнд хэмнэлтийн бодлого хэрэгжиж байна. Танайд боломж бий юу? -Хэмнэлтийн бодлогын хүрээнд энэ онд 170 сая төгрөг хэмнэх техник, зохион байгуулалтын төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. -Баярлалаа.    М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Хүч, хөрөнгө, цаг зав зарцуулсан цагаан тоос дарах ажил үр дүнтэй байна

    Хаврын улаан шороо тэнгэрт хуйсганасан энэ өдөр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн хамтарсан ажлын хэсэг үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн талбайд очиж, цагаан тоосны дэгдэлтийг бууруулах чиглэлээр хийсэн ажлынхаа үр дүнг шалгалаа. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн хамтын ажиллагааны хүрээнд “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг боловсруулж, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид баталсан. Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн 2098 га талбайн 1437 га нь хуурай бөгөөд үлдсэн га талбай нь цагаан тоос дэгддэг идэвхтэй бүсээр нэрлэгддэг. Улмаар цагаан тоосны туршилтыг бодитоор хэрэгжүүлэх ажил өнгөрсөн намраас эхэлж, Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоосны алба өвлөөс урьтан нийт талбайн 80 хувийг 3 төрлийн аргаар даржээ.   Хавар, намрын улиралд хуурайшилтаас үүдэн дэгддэг цагаан тоос өнөөдрийн шалгалтын явцад дэгдээгүй гэж албаныхан дүгнэлээ. Орхон аймгийн БОАЖГ-ын дарга С.Жаргалсайхан, “Аймгийн ИТХ-ын даргын үүрэг даалгавраар бид өнөөдөр цагаан тоосны бүсэд ажиллалаа. Улаантолгой талаас хаврын шороо боссон байна. Цагаан тоосны дэгдэлт арай өөр харагддаг. Бодит үр дүн харагдаж байна” хэмээсэн. Харин үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, тодорхой хугацаанд хүч, хөрөнгө, цаг зав зарцуулсан ажлаа үр дүнтэй болсныг харлаа. Үр дүнг шалгадаг үе нь хуурайшилттай, тоостой хаврын улирал байдаг. Цаашид Хаягдлын аж ахуйн дутуу орхигдсон талбайг гүйцээж дарах ажлыг зохион байгуулна гэв. Хур багатай, хуурайшилт ихтэй энэ үед ч цагаан тоосны бүсэд амьдарч байгаа иргэдийн ая тухтай байдлыг хангахаар  Цагаан тоосны албаныхан ажилласаар байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, цех, нэгжийн удирдлагууд цаг үеийн мэдээлэл хийлээ. ХАБЭА-н хэлтсээс зорилтот болон ээлжит бус шалгалт зохион байгуулж, ажилчдад шаардлагатай зөвлөмж зөвлөгөөг хүргэн ажиллажээ. Тус хэлтэс өнгөрсөн долоо хоногт бүх нийтийн их цэвэрлэгээнд үйлдвэрийн цех нэгжийг хамруулсан, коронавирусээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулсан, үйлдвэрийн бүсэд халуун хоолны үйлчилгээ үзүүлж байгаа “Хаан хүнс катеринг”-ийн үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, нэг сая төгрөгийн торгууль ногдуулсан тухай мэдээллээ. Мөн энэ долоо хоногоос эхлэн үйлдвэрийн дүүрэгт орж, гарч байгаа ажилчдын сахилга хариуцлагыг дээшлүүлж, цаг ашиглалтыг сайжруулахад хяналт тавин ажиллахаар болжээ. Үйлдвэрлэлийн хэлтэс намар, өвлийн ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлээ гаргаж, хавар, зуны бэлтгэл ажлын төлөвлөгөөг батлуулахад бэлтгэсэн бөгөөд сарын эхний 5 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт сайн гарчээ. Ил уурхайд токарийн машин шинээр суурилуулахаар бэлтгэж байгаа бол Автотээврийн цех ажилчдын автобусанд өдөрт 3 удаа ариутгал халдваргүйтгэлийн ажил зохион байгуулж, Баяжуулах үйлдвэр зардал бууруулах чиглэлээр ажлууд хийж байгаа талаар тус тус мэдээллээ. Засвар механикийн заводод технологийн процесс хэвийн явагдаж, Цутгуурын цехийн шинэчлэлийн ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус цех хямралын эсрэг төлөвлөгөөнд 50 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Харин Худалдан авах ажиллагааны хэлтэс он гарсаар 130-аад тендер зарлаж, төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршуулаад байна. Үйлдвэрийн газрын хэмжээнд коронавирусээс урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан, Төв штаб байгуулан ажиллаж байгаа талаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар мэдээлж, Техникийн хэлтсийн орлогч даргаар Батболдын Баттогтохыг томилсон тухай тушаалыг танилцууллаа. Эрдэнэт үйлдвэр 2019 онд “Байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт”-ийн улсын үзлэгт тэргүүн байр эзэлж, батламжаа гардан авчээ.    Өнгөрсөн 3 жилд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой төр засгийн 5 тогтоол, шийдвэр, ТӨБЗГ-ын 4 тогтоол, Ерөнхий захирлын 11 тушаал гарчээ. Үйлдвэрийн газрын удирдлагууд 2017-2019 оны ажлын үр дүнгээ тайлагнасан 1095 хоногийн ажлын тайлан гаргасан бөгөөд дүн шинжилгээгээр ажлын үзүүлэлт сайн байгаа ч илүү бүтээмжтэй, шинэ арга барилаар ажиллах шаардлага тулгарч байгааг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн санууллаа. Эрдэнэт үйлдвэр энэ онд уурхайчдад зориулсан “Уурхайчин 1, 2, 3” орон сууцны хорооллын барилгын ажлыг дуусгаж, орон нутагтай хамтын ажиллагааны хүрээнд 1А хорооллын дэд бүтцийг шийдвэрлэхэд 12,5 тэрбум төгрөг шийдвэрлээд байна. ЗМЗ-ын Цутгуурын цехийн шинэчлэлийн ажлыг 5 дугаар сарын 1 буюу төлөвлөгөөт хугацаанд нь дуусгахад анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан үйлдвэрийн их зогсолтыг нэг сараар хойшлуулж байгаа бөгөөд энэ хугацаанд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд хугацаандаа хийгдэх ёстойг удирдлагууд анхаарууллаа. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс  Дэлгэрэнгүй...
  • Ажилтны сахилга бат, цаг ашиглалтыг сайжруулахад ХАБЭА-н хэлтэс хяналт тавин ажиллана

    Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулахын зэрэгцээ ажилтны сахилга бат, цаг ашиглалтыг сайжруулахад хяналт тавих үүрэг чиглэл авчээ. Үйлдвэрийн хэмжээнд мөрдөх цаг ашиглалтын талаар “Анхааруулга” бэлтгэн, шалган нэвтрүүлэх 1, 2-р байранд байршуулсан тухай ХАБ-ын албаны дарга Х.Эрдэнэбат мэдээллээ. Үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын баталсан дотоод журмын дагуу хэсэг, албадын дарга нар тухайн ажилтанд нэг хүртэл өдрийн чөлөө олгох эрхтэй бөгөөд чөлөөний хуудсыг тухайн өдрийн цагийн бүртгэлийн программтай тулгах зарчмаар хяналт тавин ажиллах юм. Тиймээс нийт ажилтнууд шаардлагатай тохиолдолд чөлөөний хуудас бичүүлэх, гарахдаа цаг бүртгэлийн машинд үнэмлэхээ заавал уншуулах хэрэгтэйг санууллаа.   И.Чинтогтох Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Сурталчилгаа
   Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэр өөрийн харьяаны ахмад настнууддаа олгодог баярын мөнгөн дэмжлэгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрийн захиргаанаас жил бүрийн Монголын цагаан сар, Олон улсын ахмадын баярын өдрөөр ахмад бүрт үзүүлдэг 45 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэгийн хэмжээг нэмэгдүүлж, 100 мянган төгрөг болгосон байна.
   Энэхүү шийдвэр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй хүмүүст мөн адил үйлчлэх юм байна. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Ахмадын нэгдсэн зөвлөлд тус үйлдвэрт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 2358 ахмад харьяалагддаг аж.
 
М.Балжинням
 
   Эрдэнэт бол илгээлтийн эздийн хүч хөдөлмөрөөр боссон хот. Тэр ч утгаараа зүг зүгээс илгээлт өвөртөлсөн идэр залуус эх орны манлай бүтээн байгуулалтанд гар бие оролцож, түүхийг бичилцсэн юм. Эдүгээ гавьяаны амралтаа эдлэн, төрөлх хотдоо амьдарч буй анхдагч 209 ахмад  "Залуу насаа эргэн дурсахуй"  холбоог байгуулж, хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд 1975-1978 онд илгээлтээр ирж, Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулахад сэтгэл зүтгэлээ зориулж байв. 
   "Залуу насаа эргэн дурсахуй" анхдагчдын холбооноос жил бүрийн 10 сарын 1-нд тохиодог Олон улсын Ахмадын өдрийг угтан хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Хурлыг нээж "Залуу насаа эргэн дурсахуй" анхдагчдын холбооны тэргүүн Уул уурхайн тэргүүний ажилтан, “Осолгүй манлай”, “Онц тээвэрчин” Л.Самбуу үг хэлж, нийт ахмадууддаа баяр хүргэлээ. Мөн Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын дуучин, МУСТА А.Дэлгэрмагнай, хөөмийч МУСТА М.Саруултөгс нар ая дуугаа өргөж, хуран цугласан ахмадууддаа уран бүтээлийн дээжээ толилууллаа. 
   Баярын энэ өдөр анхдагч буурлуудаас нийтийн аж ахуй үйлчилгээний “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр ахмад настан Ё.Оюунмаа, А.Булбул, Д.Баярсайхан нарыг шагнасан бол Барилга хот байгуулалтын  яамны “Барилгын  Тэргүүний ажилтан” цол тэмдгээр  Ц.Цэнжав, Ч.Сайлаухан, “Осолгүй манлай” жолоочоор Г.Онхор, Ж.Өлзийсүрэн, Монгол Улсын “Онц тээвэрчин” цол тэмдгээр З.Санжпэрэнлэй, С.Эрээнхайр, П.Жигжидсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Тэргүүний  ажилтан” цол тэмдгээр Б.Чимэгээ, Т.Юра, Б.Дашбямба, Ц.Хандсүрэн, “Тэргүүний уурхайчин”-аар Б.Олзвой, Н.Наранцэцэг, С.Янжмаа, Ч.Оюунбилэг нарыг  тус тус шагналаа. Түүнчлэн "Залуу насаа эргэн дурсахуй" анхдагчдын холбооны гишүүн 24 ахмадад хүндэтгэл үзүүлж, идээний дээд сүү, мөнгөн урамшуулал гардуулав. 
 
Э.Мөнх-Уянга
Фото: Ш.Лхамсүрэн
 
 
 
 
 
 
 
 
      Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн Технологийн тээврийн хэсгийн болон Ил уурхайн Уулын хэсэг, Өрмийн хэсэг, Зам овоолгын хэсгийн ажилтнуудын ээлжийн ажлын цагийн хуваарийг 12 цагийн ээлжийн горимд шилжүүлэх боллоо. Уг шийдвэрийг Тус үйлдвэрийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоо болон цехийн ажилтнуудын хүсэлт, Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн дэргэд байгуулагдсан ажлын хэсгийн судалгааны дүн зэргийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэ сарын 26-ны өдрийн А/837 тоот тушаалаар гаргасан байна. 
   Дээрх шийдвэр 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд гурван сарын туршилтын хугацаанд 12 цагийн ээлжээр ажиллах юм. Туршилтын хугацаа дууссаны дараа уг хөдөлмөр зохион байгуулалтын үр дүнг нэгтгэн удирдлагуудад танилцуулан, цаашид үргэлжлэх эсэхийг ярилцах ажээ. Тус цехийн ажилтнуудын ажиллах ээлжийн горимд өөрчлөлт орсонтой холбогдуулан ажилтнуудыг тээвэрлэх автобус болон халуун хоол зөөвөрлөх хуваарийг шинэчлэн гаргах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.  
 
М.Балжинням
 
 
 
   Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт 28 жилийн хөдөлмөрөө бүрэн зориулсан Цогзолын Гантулга мастер ээлжийн хамт олноо удирдан манлайлч, үйлдвэрлэлийн технологийн горим, үндсэн тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг сайжруулан ажилласнаар өнгөрсөн онд 223 тонн ган бөөрөнцөг хэмнэжээ. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл Эрдэнэт үйлдвэрт  600 гаруй сая төгрөгийн хэмнэлт гаргасан. Хариуд нь тэр Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга хэмээх алдар хүртсэн юм. Ц.Гантулга “Амжилт ганц хүнийх байдаггүй, журмын нөхдийн гар сэтгэл нийлсэн хөдөлмөрийн шим, удирдлагуудын зөв бодлого, зохион байгуулалтын үр, гэрийн бүлийн түшиг тулгуурын хүчинд оршдог” гэсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.
 

   - Та ажлаасаа буугаад сургалтанд шууд суучихсан хэрэг үү?
   - Тэглээ. Өөрөө нунтаглах хэсэгт шинэ бутлуур суурилуулж байгаа юм. Манай ээлжин дээр бутлуурын туршилт явагдсан. Дараа нь нийт бутлуурчид, бригадын дарга нар, ээлжийн мастеруудыг хамруулсан сургалтыг бутлуур суурилуулж байгаа гадны мэргэжилтнүүд, хэсгийн орлогч дарга удирдан зохион байгууллаа. Шинэ бутлуурыг яаж залгах, эвдрэл гэмтлээс хэрхэн сэргийлэх талаар ажлын байран дээр заасан.

   - Он гарсаар танай хэсэгт техникийн шинэчлэлийн хүрээнд өөр ямар ажил хийгдэж байна?
   - Хамгийн том нь энэ бутлуурын ажил. Мөн гидроциклонуудыг урсгал засвараар шинэчлэх ажил хийгдэж байгаа.

   - Таны ээлжийн ажил юунаас эхэлдэг вэ?
  - Манай хэсэг инженер техникийн ажилтнуудаа оруулаад 130 ажилтантай. Манай ээлжинд 20-иод хүн ажилладаг. Хамгийн түрүүнд урд өдрийн ажлын байдлыг тэдэндээ танилцуулж, алдаа оноог нь дүгнэн хэлэлцэж, технологийн процесс энэ өдөр ямар байдалтай явагдаж байгааг нэг бүрчлэн мэдэгдэж, үүрэг даалгавар өгөхөөс ажил эхэлдэг дээ. Мөн ямар ажил хийгдэх гэж байгаагаас шалтгаалан аюулгүй ажиллагааны зааварчилгааг сайн хэлж, сануулна. Шаардлагатай үед ажлын байран дээр нь очиж зааж өгнө. Ер нь тэр 12 цагийн хугацаанд бүх хүнээ мэдэрч ажиллах чухал. Хэнд ямар баяр жаргал, зовлон гутрал тохиосон, өнөөдөр хэн ямар сэтгэл зүйтэй ажил үүргээ гүйцэтгэж байгааг хүртэл анзаарч, ажлаа зохион байгуулах хэрэг гарна.

   - Харин та өөртөө ямар шаардлага тавьдаг вэ?
   - Зөвхөн ажил дээр ч биш, бүхий л цаг үед өөрөө эхлээд манлайлах ёстой гэж боддог. Тиймээс цехээс зохион байгуулдаг янз бүрийн үйл ажиллагаанд хамт олноо хамруулж, залуу ажилчдыг зөвлөн чиглүүлж, өөрийн чаддаг бүхнээ өвлүүлэхийг зорьдог. Зөв байхын үлгэр дуурайллыг үзүүлэхсэн л гэж хичээдэг дээ.

   - Үйлдвэрийн хэмжээнд “Мастерын манлайлал” хөтөлбөр хэрэгжсэн. Туршлагатай мастерын хувьд үр өгөөжийг нь хэрхэн дүгнэж байна?
   - Уул уурхайн чиглэлээр өндөр мэдлэг боловсрол эзэмшсэн залуусыг дэмжсэн, манлайлах, багаар ажиллах ур чадварт сургасан маш хэрэгтэй, сайн хөтөлбөр. Эрдэнэт үйлдвэрт олон мастер хүч хөдөлмөрөө зориулж байгаа. Тэдний дунд сургууль дөнгөж төгссөн, сурч хөгжих хүсэл санаачилгатай залуус олон бий. Тэднийг дэмжих нь чухал. Манай нэг механик энэ хөтөлбөрт хамрагдсан. Цаашид шинэ залуу мастеруудыг түлхүү хамруулж, туршлагатай мастер, механик, хэсгийн дарга, зөвлөх инженерүүдийг зөвлөхөөр оролцуулж хөтөлбөрөө үргэлжлүүлбэл илүү үр өгөөжтэй. Аль болох олон мастер хамрагдаасай гэж хүсдэг.

  - Та Эрдэнэт үйлдвэрийн ажилтны хувьд ямар бахархал тээж явдаг вэ?
  - Би 1989 онд Дарханы Политехникумыг баяжуулалтын техникч мэргэжлээр төгсөөд ангиасаа 15-уулаа Эрдэнэтэд томилолтоор ирж байлаа. Өөрийн хэсэгтээ анх ашиглалтад орохоос нь эхэлж ажилласандаа бахархаж явдаг. Тухайн үед орос мастер, тээрмийн машинчтай хамтран ажилладаг байлаа. Ажилдаа эзэн байх чин сэтгэл, зүтгэл, хариуцлага, хандлага, хэлний мэдлэг гээд орос “ах” нараас асар ихийг сурсан. Хүдрийг өөрөөр нь нунтаглаж жилд дөрвөн сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай эхний ээлж нээгдэхэд ажиллаж байлаа. Дараа нь 1995 онд өргөтгөл шинэчлэл хийж цагт авах хүдрийн хэмжээг нэмсэн.  Нэг тээрэм цагт 250 орчим тонн хүдэр боловсруулдаг байсан бол хагас өөрөө нунтаглалтын горимд шилжсэнээр хүчин чадал эрс нэмэгдсэн. Тэр үед хууччуултайгаа ажиллаж л байлаа. 2015 онд дахин өргөтгөж III секцийг ашиглалтад оруулахад залуусаа удирдаад бас л ажиллаж байлаа. Эрдэнэт үйлдвэрийн зэс, молибденын баяжмалын чанар дээшлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан. Хоёр залгалт дээр ажилласан хувь заяандаа бахараж явдаг. Ер нь Эрдэнэт үйлдвэрт, тэр дундаа голт зүрхэн цех Баяжуулах үйлдвэрт ажилладаг маань нэр төрийн баталгаа юм даа.

  - Та бүтээмж чанарын “Урагшаа” дугуйлангийн ахлагч. Сүүлд үйлдвэрт үр өгөөжөө өгсөн томоохон ямар төсөл хэрэгжүүлэв?
  - Дугуйлангийн үйл ажиллагааг залуус маань үргэлжлүүлж байгаа. Манайх    хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой, өртөг зардал хэмнэсэн олон төсөл хэрэгжүүлж байсан. Санаанд ил байгаа нь хоёр конвейрын засварын үед энгийн хаалт тавьдаг байсныг хаалт автоматаар гарч ирдэг болгож байлаа. Мөн регентийн илүү зарцуулалтыг багасгаж эдийн засгийн үр ашиг авчрах том төсөл хэрэгжүүлж нэгдүгээр ангиллын болзлыг хэд хэдэн удаа хангаж байсан. Одоо дугуйлангийн ажлыг залуус маань улам чанаржуулаад явж байна.

   - Ажлын талбартаа гарын шавьтай юу?
  - Шавь нараас маань зарим нь өөр тийш шилжсэн байна. Одоо ажиллаж байгаа нь мастер орлодог Шижирбаатар, Чулуунбаатар гээд бий. Мастер болоход бүх талаар бэлтгэгдсэн залуус.

    - Эрдэнэт үйлдвэрийн ажилчдынхаа хөдөлмөрийг үнэлдэг системийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
  - Тогтсон сайн системтэй гэж боддог. Сүүлийн үед цаг үетэйгээ уялдан шинэчлэгдэж байна. Техник, технологи шинэчлэгдэхийн хэрээр хүнээс тэр хэмжээний мэдлэг боловсрол шаарддаг болсон. Үүнийг дагаад ажилтны үнэлэмж дээшилж, үйлдвэрээс олгох цалин, урамшуулал нэмэгдэж байна. Ажилтнуудын хөдөлмөрийг үнэлдэг систем нь Монгол Улсын хэмжээнд жишиг болохуйц гэдэгт бүрэн итгэдэг.

   - Баярлалаа.  
 
М.ОДГЭРЭЛ

   Эрдэнэт үйлдвэрийн Аж ахуй, үйлчилгээний цех, Төр засгийн үйлчилгээ эрхлэх газартай хамтран зохион байгуулсан үйлчилгээний ажилтны ур чадварын уралдааны шилдгүүд тодорлоо. Ажлын чанарыг сайжруулж, үйлчилгээний стандарт нэвтрүүлэн, ур чадварын зэрэг олгох энэхүү ажил мэргэжлийн уралдааныг Эрдэнэт үйлдвэр хоёр дахь удаагаа зохион байгуулсан юм. Уралдаанд нийгмийн цехийн 22 үйлчлэгч мэргэжлийн чадвараа үнэлүүлснээс албан тасалгааны төрөлд О.Энхзул тэргүүн байр эзэлж, Н.Алтанцэцэг, Б.Мөнхжаргал нар удааллаа. Харин ариун цэврийн өрөөний төрөлд Ч.Буянхишиг нэгдүгээр байр, Ч.Отгонжаргал хоёрдугаар байр, Б.Амаржаргал гуравдугаар байрт тус тус шалгарсан. Уралдааны явцыг оноогоор дүгнэхэд Ч.Буянхишиг 4.88 оноогоор I зэрэг, О.Энхзул 4.81 оноогоор III зэргийн болзол хангаж, ажил мэргэжлийн үнэлгээгээ ахиуллаа.

И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

 

   Эрдэнэт үйлдвэрийн Эрчим зүйн хэлтсээс цех нэгжийн цахилгаанчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, сайн туршлагаас хуваалцах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор ажил мэргэжлийн уралдааныг  зохион байгуулж байна. Энэ дагуу Баяжуулах үйлдвэрийн дөрвөн  багийн 28 цахилгаанчин хоёр өдрийн турш  ур чадвараараа өрсөлдөн, уралдав. Баг  тус бүр 7 гишүүнээс  бүрдэж, тус тусдаа нэг чиглүүлэгчтэй тэмцээнд оролцжээ.  Оролцогч багууд  цахилгаан эрчим хүчний талаарх бүхий л мэдээллийг багтаасан цахилгаан техникийн онол, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны сэдвээр илтгэл тавьж, цахилгааны бүдүүвч схем хийх гэрийн даалгавар авсан байна. Мөн цахилгааны хэмжилт, гэмтэл олох, цахилгаан хэрэгслийн марк тип, зориулалт, цахилгаан хэмжүүр, гүйдэл эсэргүүцэл, температур, механикийн олон төрлийн багаж хэрэгслийг хэрхэн зөв ашиглах талаар мэдлэгээ сорьжээ.
   “Энэ удаагийн уралдаан үр дүнтэй, залуу ажилтнуудад туршлага өгч, цаашид ажил мэргэжилдээ өсөж дэвжихэд өгөөж өгөхуйц боллоо. Тухайлбал, илтгэлийн уралдаанд “Конвейрийн тэргэнцрийг автоматжуулах нь” сэдвээр мэргэжлийн нарийн бөгөөд өндөр түвшний технологийн төсөл оруулж ирснийг цехийн удирдлага болон мэргэжилтнүүд үнэлсэн. Цаашид үйлдвэрлэлд нэвтрүүлж, хэрэгжүүлэх боломжтой олон шинэ санал санаачилга илтгэлдээ дэвшүүлсэн нь энэ удаагийн ажил мэргэжлийн уралдааны ач холбогдлыг нэмэгдүүллээ” гэж Баяжуулах үйлдвэрийн Эрчим зүйн албаны Эрчим зүйн хяналтын инженер Ч.Батжаргал ярьлаа.
   Уралдааны тэргүүн байрыг П.Төртогтох ахлагчтай “TESLA” баг эзэлж, Г.Болд   ахлагчтай “Синхрон”, Н.Галмандах ахлагчтай “Хоёрдугаар баг “ багууд удаах байрт шалгарчээ.

М.Балжинням

   Орхон аймгийн соёл урлагийн салбарт өөрийн гэсэн тод томруун мөртэй эрхэм хатагтай бий. Урлагийн ертөнцөд хөл тавьсан залуучуудыг удирдан чиглүүлэгч тэрээр Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын тайзнаа “амилдаг” бүхий л уран бүтээлийн найруулгыг хийж, шинэ санаа, ур ухаанаа урлагийн төлөө харамгүй зориулж явна. Уран сайхны удирдагч, найруулагч Д.Одончимэгтэй цөөн хором ярилцаж, ирэх улиралд тавихаар бэлтгэж буй уран сайханчдын сонин сайхнаас хуваалцлаа.

   - Морин хуурын хамтлаг тоглолтын бэлтгэл гээд ойрын өдрүүдэд завгүй сууж харагдлаа. Тоглолтоо хэзээ хийхээр бэлтгэж байна вэ?
   - Олон Улсын Ахмадын баярт зориулсан “Сэтгэлийн эгшиг” тоглолтоор Эрдэнэт хотынхоо нийт ахмадыг баярлуулахаар Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид маань ажиллаж байна. Маргааш буюу есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд 4 удаагийн тоглолт хийхээр төлөвлөсөн. “Дуу бүжгийн Эрдэнэт чуулга” морин хуурын хамтлагтай болоод таван жил болж байна. Энэ удаа морин хуурын тоглолт, монгол ардын харилцаа дуу, “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Нансалмаагийн ари, Сүнжидмаа зэрэг ахмадуудын дуртай дуу хөгжим тайзнаа эгшиглэнэ.
   Өнгөрсөн жилийн Ахмадын баяраар “Учиртай гурван толгой” дуурийг бүрэн эхээр нь тоглоход үзэгчид маань хангалттай байж чадаагүй. Энэ тоглолтонд ахмадыг урилгаар оролцуулах тул залуучууд маань аав, ээжийгээ энэ тоглолтонд заавал хамруулаарай. Бид Эрдэнэт үйлдвэрийнхээ хэмжээнд 880, Орхон аймагт мөн тооны урилга өгсөн. Торгон дээлээ өмсөж, одон медалиа зүүж ирээд тоглолт үзээд гарах ахмадын сэтгэл ямар сайхан байх бол. Энэ нэг үдшийг ижий аавдаа бэлэглээрэй гэж залуучууддаа захъя.

   - Ирэх сарын төлөвлөгөөт ажлаасаа хуваалцахгүй юу?
   - Морин хуурын хамтлаг байгуулагдсаны ойг тохиолдуулан дан морин хуур хөгжим эгшиглэсэн, анхны бие даасан тоглолтыг 11 дүгээр сард хийхээр төлөвлөөд байна. Тоглолтонд чуулгын 32 уран бүтээлч оролцож, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав болон сүүлийн үеийн хөгжмийн зохиолуудыг тоглохоор бэлтгэж байна. Бид урын сандаа 12 томоохон бүтээлтэй болсон. Хөгжим гэдэг зүйл чихээр сонсож, нүдээр үзэхээс гадна хүний сэтгэлийг ямар их сэргээж, эрч хүч, гоо сайхны мэдрэмж төрүүлдэг билээ. Үүнийг л бид олон түмэндээ хүртээмээр байна.
   Мөн Эрдэнэт үйлдвэрийнхээ сайн дурын уран сайханчид, мэргэжлийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн хамтарсан бүрэн хэмжээний тоглолтыг 11 дүгээр сард толилуулна. Уурхайчид урлагийнхантай хэрхэн хоршиж дуулдгийг, Эрдэнэт үйлдвэр уурхайчдыг соёл урлагаар хэрхэн хүмүүжүүлсэн бэ гэдгийг бид харуулахыг зорьж байна. 10 дугаар сар гараад энэ ажилдаа шамдан орно. Шинэ жилийн баяраар уламжлалт хөтөлбөрөө шинэчилж, Эрдэнэт үйлдвэрт хүч түрэн орж ирсэн залуучуудынхаа сэтгэлд нийцсэн, уянга эгшигээр хөглөсөн сайхан тоглолтууд хийх болно.

  - Морин хуурын чуулгыг таван жилийн өмнө бүрдүүлж байсан тэр үеийг эргэн санахад тодхон буудаг дурсамжаасаа хуваалцана уу?
   - Тухайн үед хүн бүр “Тэгье тэгье, би суръя” гэж дуун дээр зөвшөөрөөгүй л дээ. Бүжигчид маань нот мэдэхгүй, эсэргүүцсэн хүмүүс ч байсан. Аль болох олон хүн хамруулахын тулд “Морин хуур авч ирэхгүй бол хаалгаар оруулахгүй шүү” гэж шахаж шаардаад л зогсдог байлаа. Тэртээх өдрүүдийн үр дүн тайзан дээр гарсныг харахад сайхан байна. Уран бүтээлчид маань өнөөдөр хөгжмөө тоглож суухдаа баярлаж, өөрөөрөө, хамт олноороо бахархаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хүнийг баясгаж, баярлуулна гэдэг нь өөрийгөө хүндэтгэж, баярлуулсан цагт хүнд хүрдэг учиртай.
   Цагаан сарын шинийн нэгэнд гэртээ хөгжмөө хөглөж, хүүхдийн сэвлэг үргээх ёслол, найр хурим гээд бүхий л баярт бусдын гар харалгүйгээр язгуур хөгжмөө тоглодог болсонд бид ч баяртай байна. Одоо “Хүүхдүүд, ойр дотныхондоо морин хуураа заа” гэж зөвлөдөг болсон. Уран бүтээлчид маань морин хуурч болохоос гадна багш нар болсон. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад 2017, 2018 онд сургалт явуулсан. “Найз нөхөдтэйгээ ирж, соёлын ордны танхимд хөгжим сураач ээ” гээд үйлдвэрийн цехүүдээр тойроод явсан үе ч бидэнд бий. Харамсалтай нь цөөхөн хүн сурсан. Тэр үед олон хүн хамрагдсан бол сайхан л байлаа. Эцэст нь бид хүрч чадаагүй юу, тэд зорьж ирсэнгүй юу гэдэг асуулттай үлдсэн. Энэ асуултандаа хариу олохын төлөө бид хичээх болно. Ямартаа ч уран сайханчдын тоглолтыг үзээд үйлдвэрийн ажилтан ажиллагсад маань хөгжим суръя гэж өөрийн эрхгүй бодох байх.

   - Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид урлагийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхсаар 40 оныг үдлээ. Үйлдвэрийн боловсон хүчин залуужиж байгаа өнөө цагт залуучууд руу чиглэсэн ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
   - Үйлдвэрийн ажилчдын дийлэнх нь залуучууд боллоо. Бие биенээсээ суралцах хэрэгцээ бий болж байна. Соён гэгээрүүлэх ажилд өөрсдөө идэвх санаачилгаараа оролцдог байвал өөрт нь л хэрэгтэй. Эхний ээлжинд залуучууддаа зориулсан бүжгийн сургалт явуулна. Сургалтыг үе шаттай хийхээр төлөвлөн, хуучнаар заавал сурах ёстой 10 бүжиг гэж байсныг заавал сурах гурван бүжиг гэж хөтөлбөртөө оруулж өгсөн. Тухайлбал эхний гурван бүжгээ сурсан хүмүүст заавал сурах зургаа, есөн бүжиг гэх мэтээр ахисан түвшинд заана. Ингэхдээ “Заавал” гэдэг үгийг оруулж байж тухайн хүнийг урлагтай ойртуулна гэж шийдсэн. Хүмүүс хэзээ хойно баярлаж, талархсан сэтгэлээ илэрхийлдэг болохоор энэ ажилд олныг татан оролцуулж, зоригтой хийх нь чухал байна. Үйлдвэрийн ажилчдын 80 хувийг бүжгийн сургалтанд хамруулахыг хичээнэ. Гурван бүжиг сурсан хүн урамшиж, зургаан бүжиг сурна гээд явах л байх.
   Бүжиг дэлхий нийтэд эрчимтэй хөгжиж байгааг та бид харж байна. Энэ нь зөвхөн хөдөлгөөн бус эрүүл, урт наслах зэвсэг болчихлоо. Гоё сайхан, гуалиг болъё гэж хүссэн хүн бүрт үнэ төлбөргүй сургалт явуулна. Хүссэн бүхэнд ийм боломж гарахгүй шүү дээ. Уурхайчдаа хөгжүүлье гэсэн сэтгэлтэй 100 гаруй хүн Соёл, урлагийн цогцолборт ажиллаж байгааг бүү мартаарай. Ирэх жил танго, ча-ча-ча бүжгийг төлбөртэй явуулах маягаар ахисан түвшний сургалтаа явуулаад эхэлнэ.  

И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

   Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц өвлийн бэлтгэлээ базааж, ирэх сарын 1-ний өдрөөс үйлдвэрийн бүс дэх барилга байгууламжид дулаан өгч эхэлнэ.
   Тус Дулааны цахилгаан станц энэ намар, өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дөрвөн чиглэл бүхий 34 ажил төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар, төлөвлөгөөт ажлууд 90 хувийн гүйцэтгэлтэй хангагдсаныг Ерөнхий инженер Д.Дарханбаяр хэллээ.  Дулааны цахилгаан станцын хувьд өвлийн хүйтнийг ажралгүй давах хамгийн гол бэлтгэл нь нүүрс, мазутын нөөцлөлт байдаг. Тиймээс ДЦС-хан нүүрс татан авалтыг хуваарийн дагуу ханган ажилласны үр дүнд Шарын голын уурхайгаас 50000 тонн нүүрс нөөцлөөд байна. Шарын голын нүүрсний чанар сайн, хангалт ч боломжийн түвшинд байгаа аж.
   ДЦС-ын өвлийн бэлтгэлийн нэг чухал хэсэг нь зуухны их засварын ажил юм. Одоо тус станцад гуравдугаар зуухны засвар үргэлжилж байна. Ажлын явц 75 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байгаа бөгөөд ирэх сарын 21-нд туршилтын 72 цагийн галлагаа хийж, ажлыг бүрэн дуусгахаар зорилт тавин ажиллаж байна. Мөн дөрөвдүгээр зуухныхаа агаар халаагчийг сольж, өрлөг дулаалга хийх юм байна. Ингэснээр ДЦС-ын өвлийн бэлтгэл 100 хувь хангагдаж, хүйтний улиралд найдвартай, баталгаатай ажиллах боломж бүрдэх аж. Мөн өвлийн бэлтгэл ажлын хүрээнд турбин генераторуудын урсгал засвар, үйлчилгээг ээлж дараалан хийж байна. Ирэх сарын 1-нээс  үйлдвэрийн бүсэд тус станцаас хангагддаг бүх цэгт халаалт өгч, дулааны сүлжээнд залгаснаар өвлийн горимд шилжих юм байна.

М.Балжинням

   Уул уурхайн салбарын бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчдыг нэг дор цуглуулдаг  "Дисковер Монголиа" чуулган Улаанбаатар хотод 17 дахь удаагаа нээгдлээ. Энэ жилийн чуулганд БНХАУ, ОХУ, Канад, Австрали зэрэг 10 гаруй улсын 500 гаруй төлөөлөгчид оролцож, салбарын хөгжил, гадаад харилцааг хэрхэн үр дүнтэй өргөжүүлэх чиглэлээр санал бодлоо хуваалцаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ жил тус чуулганы хамтран зохион байгуулагчаар оролцохын зэрэгцээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнийхээ дээжийг танилцууллаа. Тус үйлдвэрийн Гадаад харилцааны бодлогын газрын дарга Г.Тэнгэр, ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Цагаан-Эрдэнэ, Хөгжлийн хэлтсийн орлогч дарга Б.Батжаргалсайхан тэргүүтэй 10 гаруй мэргэжилтнүүд хамт олноо төлөөлөн оролцож байна.
   Монгол улсын нийт экспортын 87 хувь нь уул уурхайн салбараас бүрддэг бол аж үйлдвэрийн үйлдвэрлэлээс олдог нийт орлогын 72 хувийг мөн л уул уурхай дангаараа эзэлж байна. Тиймээс “Дисковер Монголиа” чуулган Монгол Улсын  Засгийн газраас уул уурхайн салбарт баримталж буй бодлого, хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг онцлов. Чуулганы үйл ажиллагааг нээж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар “Монголын уул уурхайн компаниудад өрсөлдөх чадварыг бий болгох нь” сэдэвт илтгэл тавьлаа. “Монгол улсын эрдсийн салбарт  хөрөнгө оруулах нь” үндсэн хуралдаанаар эхэлж, “Төслийн үнэлгээ хөгжлийг дэмжих нь”, “Монгол Улсын хөгжлийг дэмжих нь” салбар хуралдаануудаар үргэлжилж байна.
   “Дисковер Монголиа” нь  Монголын уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт шинэ хөрөнгө оруулалтыг хэрхэн татах, шинэ санал, төсөл хөтөлбөрийг  хэрэгжүүлэх оновчтой гарц шийдэл зэрэг чиглэлээр  салбарын мэргэжилтнүүд олон талаас нь ярилцаж, хэлэлцэх боломжийг нээж өгдөг талбар юм. Уул уурхай, эрдэс баялгийн салбарынхан геологи хайгуулын өнөөгийн байдлыг нухацтай хөндөж, бодлогын ямар шинэчлэлийг хэрхэн хийх талаар зөвлөлдөж байна. Мөн Эрчим хүчний салбарын бодлогод анхаарал хандуулж, метан, нар салхины нөөц зэрэг эрчим хүчний шинэ үүсвэрийн тухай асуудлыг  салбар хуралдаанаар  хэлэлцэх юм.

Э.Мөнх-Уянга
 

   Эрдэнэт үйлдвэрийн өдөр тутмын найдвартай ажиллагааг хангахад цех, нэгж бүр өөрийн оролцоотой. Энэ удаад цахилгаан эрчим хүчний аюулгүй ажиллагааг ханган, байнгын бэлэн байдалд хариуцлагатай алба хашдаг хамт олны үйл ажиллагааг хүргэхээр бэлтгэлээ. Цахилгаан цехийн Телемеханикийн хэсгийн дарга Г.Ганбаяртай ярилцлаа.
 

  - Телемеханикийн хэсгийн үйл ажиллагааны онцлогоос танилцуулна уу?
  - Цахилгаан цехийн Телемеханикийн хэсэг нь Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний объектуудын автоматжуулалт, системийн программ хангамж, цахилгаан, дулаан, уур, усны хэмжих хэрэгслүүдийн суурилуулалт, ашиглалт, техникийн үйлчилгээ, засвар, тэдгээртэй холбогдох мэдээллийг ээлжийн жижүүрт гаргах өгөх, хянах, удирдах ажлыг хариуцан ажилладаг. Өөрөөр хэлбэл бидний ажил Эрдэнэт үйлдвэрийн “нүд, чих” болдог гэж хэлж болно. Цахилгааны асуудал нь хүний амь настай шууд хамааралтай учраас бидэнд алдах эрх байхгүй. Манай хэсэг 11 ажилтантай.

  - Үйлдвэрийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн ямар ажлуудыг энэ он хийж байна вэ?
  - Эрдэнэт үйлдвэр 1992 оноос ОХУ-ын Гранит мэдээллийн системийг нэвтрүүлэн ашигласан. 2008 оноос АНУ-ын Ge Fanuc фирмийн PLC 90-30 контроллёрын баазад суурилсан SKADA системийг ашиглаж, уг системээр 23 хяналтын цэгээс 982 алсын объектын дохиолол, 266 алсын хэмжилт, 39 алсын удирдлагын мэдээллийг шилэн кабелийн тусламжтайгаар дамжуулан хянаж байсан. Сүүлийн 10-аад жил цахилгаан хангамжийн тоног төхөөрөмжийн шинэчлэл манайд хийгдээгүй. Харин энэ оны хөрөнгө оруулалтаар Schneider Electric фирмийн Citect SKADA 2018 системийг суурилуулах ажлыг дөрөвдүгээр сараас эхэлсэн. Энэ сарын 30-наас Histero программ хангамжийн тохируулга, угсралтын ажил хийснээр хоёр үе шаттай ажил маань үндсэндээ дуусна. Энэ ажил хийгдсэнээр 26 хяналтын цэгээс 1480 алсын объектын дохиолол, 800 алсын хэмжилт, 150 алсын удирдлагын мэдээллийг хүлээн авах боломж бүрдэж байгаа юм. Цахилгаан эрчим хүчний тоолууруудаас мэдээлэл цуглуулдаг Альфа центр программ хангамжийг 20 тоолуурын хамт суурилуулах ажил ид хийгдэж байна. Эдгээр нь Олон Улсын стандартад нийцсэн программууд байгаа. Үндсэндээ 10-аад жилийн насжилттай 3 программ хангамжаа шинэчилж байна.

   - Эдгээр программыг сайжруулснаар гарах дэвшилтэт зүйл нь юу вэ?
  - Эрдэнэт үйлдвэрт төдийгүй Цахилгаан цехийн хэмжээнд сүүлийн үеийн ухаалаг төхөөрөмжүүд шинээр нэвтэрч байна. Тэдгээрээс мэдээлэл авахад хуучин программ хангамжууд маань хоцрогдож, солих шаардлагатай болсныг бид мэдсэн. Шинээр суурилуулж байгаа программ хангамжууд нь мэдээлэл дамжуулах, хүлээн авахад илүү боломжийг олгож байгаа юм. Асар хурдацтай хөгжиж байгаа мэдээллийн технологийн шинэчлэлийг дагаад бид ч цаг үетэйгээ хөл нийлж хөгжих шаардлага тулгарч байна.
 

    - 2020 оны төлөвлөгөөнд санал оруулсан томоохон ажлаасаа тодруулна уу?
    - 1997 оноос суурилуулж эхэлсэн цахилгаан эрчим хүчний 250 орчим тоолуур байдаг бөгөөд бүх тоолуурт парк шинэчлэл хийх шаардлагатай болсон. Альфа центр программ хангамжийг даган 20 ширхэг тоолуур ирж байгаа. Үлдсэнийг шат дараатай сайжруулан солино. Мөн ээлжийн жижүүрийн төвд байдаг хяналтын дэлгэцүүд 10 гаруй жилийн насжилттай болсон. Үүнийг шинэчлэхээр ирэх оны хөрөнгө оруулалтын ажилд тусгалаа. Мэдээллээ шилэн кабелиар манай серверт дамжуулдаг элементийн баазаа шат дараатай сольж, шинэчилэх ажлыг хийнэ. 2020 оны захиалгад эхний ээлжийн контроллёруудаа оруулж өгсөн. Эдгээр нь энгийн хүмүүст ойлгомжгүй мэт боловч мэргэжлийн бидэнд томоохон ажлууд болох юм.

    - “Эрдэнэт үйлдвэрийн нүд, чих болсон хэсэг” гэж та ярианы эхэнд онцолсон. Танай хэсэгт ажиллахад хувь хүнээс ямар ур чадвар шаарддаг вэ?
   - Цахилгаан эрчим хүчний бүхий л үйл ажиллагааг манай хэсэг дээрээс харж болно. Автоматжуулалт, програмчлал, цахилгаан, дулаан, уур, усны эрчим хүчний холбогдолтой бүх хэмжих хэрэгслийг манайх хариуцдаг. Стандартчилал хэмжилзүйн газрын тусгай зөвшөөрлийн хүрээнд суурилуулдаг гэсэн үг. Тиймээс ч мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн хүмүүс нэг хэсэг дээр төвлөрсөн болохоор хөрвөх чадвар сайтай. Манай хэсэгт Эрдэнэт үйлдвэрт мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан 8 хүн бий.

   - Цахилгаанчид технологийн хөгжилтэй уралдан сурч, боловсрох хэрэгтэй гэж бодож байна. Мэргэжлийн ур чадвараа ахиулах, суралцах тал дээр үйлдвэрийн газраас хэрхэн анхаардаг вэ?
   - Манай хэсгийнхэн шинэ программ суурилуулалтын ажилтай холбогдуулан гадаад, дотоодын сургалтанд хамрагдаж байна. 3 ажилтан Малайзын нийслэлд сургалтанд суугаад ирсэн. 10 дугаар сард сүүлийн программ хангамжтай холбоотойгоор бас нэг ажилтан Малайзад суралцана. Бид дотооддоо ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургууль болон Мэргэшсэн инженерийн,  Стандартчилал хэмжилзүйн газрын мэргэжил дээшлүүлэх сургалтуудад жил бүр хамрагдаж байна. Усны тоолуур солих ажлын хүрээнд Шанхай, Арабын Нэгдсэн Эмират улсад сургалтанд хамрагдахаар төлөвлөсөн. Боловсон хүчнээ чадавхижуулах тал дээр үйлдвэр, цехийн удирдлагууд биднийг сайн дэмждэг.

    - Сүүлийн асуултыг танд үлдээе?
  - Цахилгаан цех, Телемеханикийн хамт олондоо цахилгаан тоног төхөөрөмжийн шинэчлэлээ сайн хийж, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэн, ажилдаа амжилт гаргаарай гэж хүсэн ерөөе. Та бүхэн Эрдэнэт үйлдвэрийн судсыг атгаж байгаа хариуцлагатай албаны харуулууд шүү.
 
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог