• “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ олон нийтийн байгууллагуудаа дэмжин ажиллана

       Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Ахмадын зөвлөл, Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчдийг өнөөдөр “Зэс” танхимд хүлээн авч, уулзлаа. Ололт амжилтаа ярилцаж, хамтын ажиллагааны чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулсан энэхүү уулзалтанд Ерөнхий захирлын Санхүү, Эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа болон холбогдох газар, хэлтсийн удирдлагууд оролцсон юм. Эрдэнэт үйлдвэрийн 65 хувийг 40-өөс доош насныхан эзэлж, нийт ажиллагсдын 33 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг нь холбоодын үйл ажиллагааны хамрах цар хүрээг бүрэн илэрхийлж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд салбар уулзалтаар үйлдвэрийн үйл ажиллагааны үзүүлэлт хийгээд хэрэгжүүлж эхэлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөжийг хэрхэн тооцоолж байгаагаа танилцууллаа.     Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд 2016 онд 68.6 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 99.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Удирдлагуудын зүгээс арилжааны 10 банктай уулзаж, тодорхой хэлцэл хийснээр нийт ажиллагсдынхаа зээлийн хүүгийн түвшинг байж болох хамгийн бага хэмжээнд бууруулсан нь уурхайчдын хувьд томоохон дэмжлэг болсныг хэлэх нь зүйтэй. Ажиллагсдаа дэмжсэн орон сууцны хороолол шинээр барьж, хөнгөлөлт хэлбэрээр 12 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа тухай, “Эрдэнэт” соёл спортын цогцолборын ажлын явц, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулиа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууь болгох, Оюутны хотхон барьж байгуулах бааз суурийг бэлтгэх, чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгоор залуу ажилчдаа гадаадын их, дээд сургуульд явуулах гээд тал бүрийн мэдээлэл хүргэсэн нь уулзалтанд ирсэн хүн бүрийн сонирхлыг татлаа.     2020 оны төлөвлөгөө хэлэлцэхээр санал авч буй эдгээр өдрүүдэд хийхээр төлөвлөсөн ажлуудаа тодорхой тусгаж өгөхийг Ерөнхий захирал уулзалтын үеэр холбоодын тэргүүлэгчдэд сануулсан юм. Нэг бус нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг Эрдэнэт үйлдвэрийн олон нийтийн байгууллагуудын үүрэг оролцоо, хариуцлага нэн их билээ.       Уулзалтын төгсгөлд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэе.    Х.БАДАМСҮРЭН: Олон нийтийн байгууллагуудтай уулзаж байгаа нь эхний үр дүн      2019 он Эрдэнэт үйлдвэрийн хувьд ихээхэн онцлогтой жил болж байна. Миний хувьд хамтран ажиллаад гурван жил боллоо. Гэвч эрхзүйн орчин тодорхойгүй, амаргүй цаг хугацааг үдлээ. Энэ оны гуравдугаар сард Эрдэнэт үйлдвэрийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгосноор эрхзүйн орчин тодорхой болж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна. Сүүлийн 26 жил төр засгаас Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг тусгайлан авч үзэж, шийдвэр гаргасан зүйл байсангүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар үйлдвэрийн асуудлыг тусгайлан авч үзэж, тогтоол гаргасан нь Эрдэнэт үйлдвэрийн хэт ирээдүйг тодорхой болголоо. Энэ үндсэн дээр манай инженер, техникийн ажилтнууд, үйлдвэрийн удирдлагуудын санаачлан боловсруулсан Эрдэнэт үйлдвэрийг ирэх 15 жилд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталж өгсөн. Хэрэгжүүлэх ажил хийгдэж байна. Үүнд, үйл ажиллагааг өргөтгөх чиглэлийн ажлууд тусгагдсан. Эрдэнэт үйлдвэрийг уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх жишиг загвар болгон хөгжүүлье гэсэн зарчмаар явж байна. Бид чадна. Сэтгэл, зүтгэл байвал бүх зүйл бүтнэ. Олон нийтийн байгууллагуудтай уулзаж байгаа нь эхний үр дүн. Энд ажиллаж байгаа хүн бүр ёс зүйтэй байх ёстой. Залуучууд, бүсгүйчүүд нь манлайлагч байх хэрэгтэй. Айлын үр хүүхэд сахилга журамтай, аав ээж нь манлайлагч байвал айл гэр гялалзаад байдгийн нэгэн адил юм. Цаг заваа гарган уулзсан, сэтгэлээсээ илэн далангүй ярилцсан ахмадын болон эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөлд баярлалаа. Та нартаа ажлын өндөр амжилт, ахмадууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.                 И.Чинтогтох Фото: Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нийгмийн цехийн ажилчдынхаа дуу хоолойг сонслоо

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн хэлсэнчилэн сэтгэл санаа өөдрөг байвал ажил хөдөлмөр амжилттай байх нь гарцаагүй. Угтаа энэ сарын 17-ны өдөр Ерөнхий захирлын Нийгмийн цехүүдийн ажилчидтай хийсэн уулзалтын утга агуулга, үндсэн санаа энэ үгээр бүрэн илэрхийлэгдлээ. Ажил хийж, амьдралын төлөө хичээн зүтгэж яваа хэн бүхэнд асуудал мундахгүй. Тэр бүрийд тайлагнаад байдаггүй хувь, хувьсгалын зовлон жаргалаа анх удаа нээлттэй ярилцаж, асуудлын шийдлийг хамтдаа эрэлхийлснээрээ энэхүү уулзалт өндөр ач холбогдолтой байсныг хэлэх нь зүй.     Уулзалтанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа, Гадаад харилцааны бодлогын газрын дарга Г.Тэнгэр, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр болон бусад цех, нэгжийн удирдлагууд оролцож, санал бодлоо хуваалцлаа. Соёлын ордны зааланд хуран цугласан энэхүү уулзалт Ерөнхий захирлын төлөвлөгөөт уулзалтуудын “салхийг хагалснаараа” онцлог байсан юм. Уулзалтын эхэнд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт, өнөөгийн нөхцөл байдал хийгээд өнгөрсөн тавдугаар сараас эхлүүлсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, мэдээлэл хүргэсэн. Алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлж, алс хэтийн 15 жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөдөлгөгч хүч болсон нийгмийн цехийнхэн мэдээллийг анхааралтай сонсож, өөрт хэрэгцээтэйг сэтгэл оюундаа тунгаан суулаа.     Үйлдвэрлэлийн гэхээс илүүтэй урлаг, спорт, эмнэлэг сувилал, сургууль, цэцэрлэг, хоол үйлдвэрлэл зэрэг Эрдэнэт үйлдвэрийн арын албыг хариуцлагатайгаар хашиж ирсэн нийгмийн 10 цех 870 гаруй ажилтан ажиллагсадтай. Тэдгээрийн төлөөлөл болох 13 хүн хамт олон, цех нэгжийнхээ болоод хувийн асуудлаар удирдлагуудад хандаж, газар дээр нь хариугаа авсан юм. Тулгарсан бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэх арга зам ямагт байдаг хойно асуулт бүрт тохирсон хариултыг оноон, ирэх долоо хоногийн эхний өдрүүдэд зарим асуудлыг шийдвэрлэхээр болсон нь хэн бүхэнд баярлаж, талархах сэтгэл төрүүллээ. Танхим дүүрэн нижигнэсэн алга ташилтаар өндөрлөсөн энэ удаагийн уулзалт “Уурхайчин би” дуугаар хаалтаа хийж, цугласан олонд Эрдэнэт үйлдвэрийн гэрэлт ирээдүй рүү хамтдаа тэмүүлэх урам зоригийг өгч чадлаа.         Уулзалтын төгсгөлд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэе.    Х.БАДАМСҮРЭН: 10 дугаар сарын 1-нээс ажилчдынхаа цалинг нэмэх боломжтой гэж үзсэн      Хамт олныхоо санаа бодлыг сонсож, ирэх онд хийх зүйлээ нарийвчлан төлөвлөж, хамгийн гол нь хамт олныхоо санаа бодолд тулгуурласан төлөвлөгөө байгаасай, ийм ажлыг хийх юмсан гэж бид зорьж байна. Нийгмийн цехүүдийнхээ ажилтан ажилчдын ярьж байгаа асуудлын заримыг газар дээр нь шийдлээ. Заримыг нь ирэх 7 хоногийн эхний өдрүүдэд шийдвэрлэх үүрэг чиглэлийг холбогдох газар, хэлтэсүүдэд өгсөн. Ажлын хэсэг байгуулаад ажиллах асуудал ч байх шиг байна, зарим цехийн ажлын байранд хамт олонтой нь уулзах, мэдээлэл өгөх, шийдэх асуудал ч байх шиг байна. Өнөөдрийн ярьсан асуудлаараа хөрөнгө оруулалтын асуудал 2019 онд яаж шийдэж байна гэдэгт үнэлэлт дүгнэлт өгнө. Ажлаа эрчимжүүлэх, өвлийн бэлтгэлээ базаах, ирэх 2020 оны ажлыг чамбай төлөвлөх чиглэлээр албан даалгавар гаргана. Хугацаатай, тодорхой эзэнтэй ажлууд төлөвлөн хэрэгжүүлнэ. Өнөөдрийн уулзалтын үр дүн ч тэнд гарах байх. Нүүр нүүрээ харж уулзсан анхны, ач холбогдолтой, үр дүнтэй ажил боллоо. Ярьсан хөөрсөн зүйлээ ажил болговол бүр ч сэтгэл хангалуун ажил болно гэдэгт эргэлзэхгүй байна.    Зэсийн ханш өндөр бус, төлөвлөсөн хэмжээнээс доогуур буюу 400 орчим ам.доллараар бага байна. Гэвч бид өртөг зардлаа бүх түвшинд хямгадаж, үр дүнд нь урьдчилсан байдлаар оны эхний 9 сарын дүнгээ тооцож үзсэн. Энэ утгаараа 10 дугаар сарын нэгнээс ажилчдынхаа цалинг нэмэх боломж бололцоо харагдаж байна. Цалин нэмэх тухайгаа нийгмийн цехийнхэнд хэллээ. Үндэслэл тооцоогоо үргэжлүүлээд явна. Ер нь ажил хөдөлмөр хийгээд, үр дүнтэй байвал эргээд амьдрал ахуйд сайнаар тусдаг. Энэ чиглэлээр сайн ажиллаж байгаа ажилтнууддаа юуны өмнө анхаарал тавья гэж шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан хоёр тушаал гаргалаа. Нэгдүгээрт, үйлдвэрлэлийн анхан шатны удирдлага болох ихээхэн үүрэг хариуцлагатай мастеруудынхаа дунд “Мастерын манлайллын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд 40 “Манлайлагч мастер”-ыг шалгаруулсан. Эдгээр хүмүүстээ оны эхний нэгдүгээр сараас тооцон, сар бүр 600 000-1 000 000 төгрөгийн урамшуулал олгохоор тогтсон. Удахгүй энэ мөнгө эзэддээ очих болно. Цаг наргүй ажилладаг нэг мастерын гар дээр эхний хагас жилийн байдлаар зургаан сая төгрөг очиход гэр бүлд нь нэмэр хандив болно гэдэгт итгэж байна. Хоёрдугаарт, үйлдвэрлэлийн нарийн чимхлүүр, хариуцлагатай ажлыг хийдэг ажилчдаасаа зургаадугаар зэрэг авсан, цалин хөлс нь тогтмолжсон 30 гаруй хүнийг “Тэргүүлэх” зэргийн мэргэжилтэн болгож, сар бүр 300 000 төгрөгөөр урамшуулахаар болсон. Энэ урамшууллыг долдугаар сарын нэгнээс тооцож олгоно. Сар бүр авдаг цалин дээрээ урамшуулал нэмж авснаар амьдрал ахуйгаа дээшлүүлэн, тодорхой алхам хийхэд нэмэртэй болов уу гэж үйлдвэрийн удирдлагуудын зүгээс үзлээ.            И.Чинтогтох Фото: Ш.Лхамсүрэн   Дэлгэрэнгүй...
  • Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

       Монголын төр засгийг 44 жил тэргүүлэн ажиллаж, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө амь амьдралаа зориулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, “Ю.Цэдэнбал академи”-ийн Орхон аймаг дахь салбарын гишүүд морин цагт түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн байгуулах их үйл хэргийг эхлүүлсэн их удирдагчийг хүндэтгэн дурсах үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ихээхэн ач холбогдол өгч ирсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосон түүхтэй.     Одоогийн Увс аймгийн Давст сумын нутаг Хандгайтын цагаан бураа хэмээх газарт мэндэлсэн Ю.Цэдэнбалд Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлэх, олон улсын нэр хүндийг өндөржүүлэхийн тулд явуулсан бодлогыг нь үнэлж 1961 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, 1966 онд БНМАУ-ын баатар, 1979 онд  БНМАУ-ын цэргийн дээд цол буюу Маршал цолыг олгосон байдаг. Түүнийг 1984 оны 8 дугаар сард өвчний учир МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажил, Улс төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн даргын албанаас тус тус чөлөөлж, 1990 онд намаас хөөж, өмнө авсан гавьяа шагналыг нь хураажээ. 1991 оны 4 дүгээр сарын 21-нд Москва хотноо таалал төгссөн түүний цол хэргэм, одон медаль, шагналыг буцаан тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлиг 1997 онд гарч,  2003 онд МАХН-ын XXII их хурлаас түүний намын гишүүнчлэлийг сэргээсэн байна.        Цэцэг өргөх ёслолын үеэр “Ю.Цэдэнбал академи”-ийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн, түүхийн ухааны доктор, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Мянганбаяр гуайтай уулзаж ярилцлаа.       Б.МЯНГАНБАЯР: “Ю.Цэдэнбал дарга ба Эрдэнэт хот” товхимол бүтээнэ      -Та манай уншигчдад “Ю.Цэдэнбал академи”-ийн орон нутаг дахь салбарын талаар мэдээлэл өгөхгүй юу?    -Академийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийг 2014 онд байгуулсан. Өнөөдрийн байдлаар үйлдвэр аж ахуйн газар, Эрдэнэт хотын нийт иргэдийн 20-30 хувь нь академийн гишүүнчлэлтэй. Бид орон нутагтаа “Ю.Цэдэнбалын нэрэмжит гудамж бий болгоё” гэсэн санаачилга өрнүүлээд байгаа. Салбар зөвлөлийг санаачилга өрнүүлдэг сайн дурын байгууллага гэж ойлгож болно.    -Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн байгуулах нь Ю.Цэдэнбал даргын алсын хараа байсан тухай та хэлсэн. Энэ талаар тодруулбал?    -Ю.Цэдэнбал даргын төрсөн өдрийг Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр өндөр түвшинд тэмдэглэн өнгөрүүлэх учиртай. Монголын төрийг 44 жил удирдахдаа алс хэтийг харсан эдийн засаг, улс төр, нийгэм, хүмүүнлэгийн дорвитой бодлого явуулсны нэг илрэл нь ЗХУ-ын дээд удирдлагатай удаа дараа уулзаж, Монголын газар нутаг дээр байгаа баялаг ордыг ард түмэнд өгч, эзэмших талаар өөрийн бодол санаагаа хэлж, олон удаа уулзаж, баталж нотолсны үр дүнд энэ сайхан хот, үйлдвэр төрсөн түүхтэй. Ю.Цэдэнбал дарга Эрдэнэт үйлдвэрийг байгуулах асуудлыг анхаарлынхаа төвд байлгаж, Эрдэнэт хоттой холбоотой асуудлыг “ногоон” гэрлээр шийдвэрлэдэг байсан.    -Та бүхэн ойрын үед ямар ажил хийхээр зорьж байна вэ?    -Ю.Цэдэнбал дарга амьд ахуй цагтаа Эрдэнэтэд дөрвөн удаа ирсэн. Түүний явуулж байсан бодлого, хөдөлмөрчидтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон түүхэн үйл явдлыг бид судалж, “Ю.Цэдэнбал дарга ба Эрдэнэт хот” гэсэн товхимол ном гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ том хот, үйлдвэрийг барьж байгуулахад ямар их хүч хөдөлмөр, ухаан, мэргэжил зарсныг ахмад үеийнхэн сайн мэднэ. Гэвч залуучууд маань хараахан мэдэхгүй байна уу даа гэж санагдах үе бий. Энэ бүхнийг мэдэх нь Ю.Цэдэнбалыг тахин шүтэхдээ бус тухайн үеийн намын бодлого, хоёр улсын найрамдалт харилцааны талаарх мэдлэгээ тэлэхэд ач холбогдолтой. Энэ хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудаа олон нийтэд хүргэнэ.       -Танд нэмж хэлэх зүйл бий юу?    -Энэ дашрамд их удирдагчийн 103 жилийн ойг тохиолдуулан найрамдлын билэгдэлт Эрдэнэт хот, иргэд хөдөлмөрчид, үйлдвэрийн газрын нийт ажилтны нэрийн өмнөөс Ю.Цэдэнбал даргын үйл хэрэгт баярлаж талархаж явдгаа үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь илэрхийлье.             И.Чинтогтох Фото: Ш.Лхамсүрэн   Дэлгэрэнгүй...
  • Засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөгт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ оролцож байна

       Засгийн гарын хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагын үйл ажиллагааг олон нийтэл сурталчилан таниулах “Нээлттэй өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгт яам, агентлаг, 20 гаруй байгууллагын төлөөллөөс гадна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ оролцож, үйл ажиллагаагаа сурталчлан, нээлттэй өдөрлөгт мэдээллээ түгээн ажиллаж байгаа юм.     “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг энэ оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор “Төрийн өмчит үйлдвэрийн газар” болгон өөрчилж, дүрмийг баталснаар 100 хувь төрийн өмчит статустай болсон. Эрдэнэт үйлдвэр нь Төрийн өмчийн үйлдвэрийн газар болсон ч өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, улсад төлсөн татварын хэмжээгээр тэргүүлсээр байна. Өдөрлөгийн үеэр үйлдвэрийн холбогдох мэргэжилтнүүд иргэд, олон нийтийн сонирхсон асуултанд хариулт өгч, энэ онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдэж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллээ хүргэн ажиллаж байна. Оны эхний 8 дугаар сарын байдлаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд 100-аас дээш хувиар биелэж, эдийн засгийн үзүүлэлт өссөн дүнтэй гарсан нь улс, орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөг төвлөрүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.    И.Чинтогтох Фото: Б.Ялалт         Дэлгэрэнгүй...
  • П.УНДРАХ: Дурлаж сонгосон мэргэжилдээ хамгаас их хайртай

    Соёлын ажилтныөдрийг тохиолдуулан зорин очсон удаах уран бүтээлч маань Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын “Эрдэнэт дуу бүжгийн чуулга”-ын уран бүтээлч, бүжигчин П.Ундрах билээ. Уран гуалиг хөдөлгөөнөөр хүмүүний сэтгэлийг уясуулан, бүсгүй хүний торгомсог мэдрэмжээр тайзан дээр “дүүлэн нисэх” бүжигчний уран бүтээлийн замнал хийгээд уурхайчдын дунд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж яваа содон ертөнцийг зураглахыг хичээлээ. -Хүн бүр мөрөөддөг ч зуун хүнээс ганц нь л мөрөөдлийнхөө мэргэжлийг эзэмшдэг гэх яриа бий. Бүжигчин болох нь таны хүсэл мөрөөдлийн нэгээхэн хэсэг байв уу? -Би Эрдэнэтийн унаган иргэн. Цэцэрлэгт байхдаа Тунгалаг багшийн удирдлага дор олон тэмцээнд оролцож, бүжгийн урлагтай багаасаа холбогдсон. 1997 оноос “Хаврын баяр” наадамд оролцож, арван жилийн сурагч болсоор соёлын ордноос салдаггүй хүүхэд байлаа. Улмаар 2002 онд сургуулиа төгсөөд соёлын ордны бүжигчнээр ажиллах болсон. Соёлын дээд сургуулийг бүжгийн багш, Бээжингийн Олон Улсын хэл соёлын их сургуулийн Хятад хэлний ахисан дунд шатны сургалт, Улс төрийн академийг Соёлын удирдлагаар тус тус төгссөн. Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө тэмүүлэн, хичээн зүтгэдэг байх. Хааяа шантрах үе гардаг ч дурлаж сонгосон мэргэжилдээ би хамгаас их хайртай. Энэ эрдмийн шимийг хүртээсэн Х.Эрдэнэбаяр, Д.Отгонбаатар, Д.Ганчулуун, Д.Одончимэг гээд олон сайхан багш бий. -Эрдэнэт үйлдвэрийн соёлын ордны бүжигчин байна гэдэг юугаараа онцлог, давуу талтай вэ? -“Эрдэнэт” дуу бүжгийн чуулга үйл ажиллагааныхаа хувьд Монголын бусад чуулгаас нэлээд онцлогтой. Бүх уран бүтээлчдээ дуулах, жүжиглэх, бүжиг дэглэх гээд хөрвөх чадвартай бэлтгэдэг нь хувь хүний хөгжилд томоохон хөрөнгө оруулалт болдог гэх үү дээ. Бид үйлдвэрийн уран сайханчидтай ажиллахын зэрэгцээ дугуйлан ажиллуулдаг. Олон шавьтай болсон. Миний хувьд цэцэрлэг сургуулийн хүүхдүүдэд сонгодог бүжгийн багшаар ажиллаж байсан. Манай чуулга “Сономбула”-аар “Гран При” хүртэж байсан. Ер нь аймгуудын бусад чуулгаас дээгүүрт үнэлэгддэг.  -Таны бахархал юу вэ? -Хөрсөн доорх баялгаараа хүн зоныг тэжээн тэтгэсэн Эрдэнэт үйлдвэрээрээ бахархаж явдаг даа. Мөн “Эрдэнэт” дуу бүжгийн чуулга хүндлэл бахархалын минь хойморт хүндтэй байр эзэлдэг. -Бүжгийн урлагт өөрийгөө хөгжүүлэхээс гадна сурсанаа бусдад зааж сургах, шавь нараа бэлтгэх хариуцлагатай ажил байдаг шүү дээ. Одоогоор хичнээн шавь бэлтгэв? -Үйлдвэрийн уран сайханчдаас олон шавь бий. Өмнө нь тоолж байсангүй. /инээв/ Нэг цехийн хамтлагт 20 гаруй шавь байдаг гэж бодвол чамгүй тоо гарах байх. Миний хувьд цэцэрлэгийн хүүхдүүдтэй их ажилласан. Үйлдвэрээс зохион байгуулж байгаа ажлуудад аль болох олон шавь нараа хамруулахыг хичээдэг. -Сэтгэлд хоногшсон гэгээлэг дурсамжаасаа хуваалцахгүй юу? -“Эрдэнэт” дуу бүжгийн чуулгад орсны дараахан БНХАУ руу фестивальд оролцохоор хамт олонтойгоо явсан. Миний хувьд анхны бөгөөд хамгийн том оролцоо энэ фестиваль байсан учраас сэтгэлд тодхон үлджээ. Ер нь Москва, Манжуур гээд гадаадын аялалууд сайхан дурсамж үлдээж, мартагддаггүй. -Хувийн уран бүтээл хийж байгаа юу? Өөрийгөө хэрхэн дайчилж байна вэ? -Ирэх оны 4, 5 дугаар сард бүжгийн төрлөөр хамтарсан тоглолт хийхээр ярилцаж байна. Найз Ц.Удвалтайгаа хамтран зохион байгуулна. Бид он гарсны дараа тоглолтынхоо ажилд яаравчлан орох тул одоогоор буриад концертондоо анхаарч, бэлтгэлээ хангаж байна. Мөн ойрын төлөвлөгөөнд маань шинэ жилийн бэлтгэл ажил ч багтсан. Бид 10 дугаар сарын сүүлчээр морин хуурын концертоо тоглоно. Сар сардаа ажлаа төлөвлөдөг учраас тухай бүрт нь бэлтгэл сайтай байх л хэрэг гарч байна. Ямартаа ч хувийн уран бүтээлээ цалгардуулахгүй. -Бүжгийн ямар төрлийг сонгон хичээллэж байна вэ? -Орчин үе талдаа сонгодог болон жазз урсгалыг сонирхож байна. Тэр чиглэлээр хувийн уран бүтээлээ ч түлхүү хийх бодолтой явна. Төлөвлөгөөт болон хувийн уран бүтээл дээрээ ажиллахад цаг зав багатай ч аль болох бүгдийг нь амжуулахыг хичээдэг. -Амьдралдаа хамгийн үнэтэй зөвлөгөөг хэнээс авч байв? -Д.Цэрэннадмид гавъяат маань “Бүжигчин хүн цагаа барь, формтой бай, байнгын бэлтгэлтэй бай” гэж хэлдэг байсан. Захиасыг нь өнөө хэр мартаагүй, амьдралдаа мөрдлөг болгосоор явна. -Авьяасыг тань өнгөлөх шидтэй, амьдралын тань салшгүй хэсэг болсон хамт олондоо зориулж юу хэлэх вэ? -Өгөөмөр баян сэтгэлтэй, өөдрөг гэгээн тэмүүлэлтэй урлагийн салбарын уран бүтээлч хамт олондоо халуун баяр хүргэе. Та нар минь энэ амьдралын гэрэл гэгээ, илч дулаан, урам зориг болдог шүү. Мөн энэ дашрамд миний болон хамт олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА Д.Одончимэг, МУГЖ Д.Цэрэннадмид, МУСТА Д.Отгонбаатар, МУСТА Х.Эрдэнэбаяр багш, найруулагч нартаа баярлаж явдгаа илэрхийлье. -Танд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье. Ярилцсан И.Чинтогтох Фото: Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
Сурталчилгаа

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тээвэр ложистикийн төвд 200 гаруй сая төгрөгийн өртөг бүхий удирдлагын самбар суурилуулж, тоног төхөөрөмжийг шинэчиллээ. Тэртээ 40 жилийн өмнөөс ашиглаж ирсэн удирдлагын самбараа шинэчилснээр сэлгээний ажил хурдасч, илүү найдвартай ажиллагааг хангах боломж бүрдсэнийг холбогдох мэргэжлийн хүмүүс онцолсон. Тээвэр, ложистикийн төв нь эдүгээ ачаа хүлээн авах, явуулах дөрвөн гол зам, ачаа буулгах, сэлгэх 30 салбар замтай. Эдгээр зам дээр хийгддэг галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнийг жижүүрийн удирдлагын самбараас хянаж, удирдлага тохируулга хийсээр иржээ. Тус төв нь экспортын эцсийн бүтээгдэхүүн болох зэс, молибдены баяжмалыг илгээх, компанийн зогсолтгүй үйл ажиллагааг хангахад шаардлагатай импортын ачаа болон үйлдвэрт нийлүүлэгдэж буй бүх төрлийн материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээн авах, зориулалтын агуулах талбайд нөөцлөх, хүлээлгэн өгөх, сэлгээ хийх, төмөр замын тээвэрлэлт, агуулахын үйл ажиллагааг хангах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс


 

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ган бөөрөнцгийн цехэд орчин үеийн технологи нэвтрүүлж байгаа. Ажлын явцын талаар тус цехийн Ерөнхий инженер Б.Анх-Эрдэнээс тодрууллаа.

   - Шинэчлэлийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
 
- Манай цехийн хэмжээнд 2018 онд томоохон хөрөнгө оруулалт хийгдсэн. Бид оны эхний улиралд 2700 тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэж, одоогоор технологийн шинэчлэл хийхээр үйл ажиллагаа түр хугацаанд зогсоод байна. Энэ удаагийн ажлыг Дулааны цахилгаан станцын өргөтгөлтэй холбогдуулан хийж байгаа юм. Энэ хүрээнд нүүрс хийжүүлэх зуухнаас татгалзан, индукцийн технологи руу шилжиж, шугам шинэчлэгдэнэ. Үйлдвэрийн удирдлагуудад төслөө танилцуулж, дэмжигдсэн. Өнөөдрийн байдлаар ажлын хэсэг тоног төхөөрөмж судлахаар БНХАУлс руу томилолтоор явсан. Нийлүүлэгч компанитай гэрээ хийсний дараа хэдий хугацаанд үйлдвэрлэх, бэлтгэл ажилд ямар хугацаа шаардлагатай байх зэрэг бүх зүйл тодорхой болно. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын зүгээс тухайн чиглэлээр хамгийн сайн бүтээгдэхүүн нийлүүлэх улсын үйлдвэрийг сонгох чиглэл өгсөн.

   - Шинэ технологийн онцлог, давуу тал юу вэ?
 
- Манай цех анх дизелийн түлш ашиглаж байсан. Дараа нь эдийн засгийн бодлогын хүрээнд нүүрс хийжүүлэх зуухтай боллоо. Одоо дэлхийн чиг хандлага цахилгаан соронзон орны нөлөөгөөр бэлдэцийг халаах буюу индукцийн технологи руу шилжээд байна. Бид ч энэ техологи руу шилжье гэж зорьсон. Шинэчлэлийн үр өгөөжөөр дэлхийн орчин үеийн технологитой хөл нийлүүлэн, ажлын орчин нөхцөлөө сайжруулах боломж бүрдэж байна.

   - Одоогийн байдлаар хэдэн төрлийн ган бөмбөлөг үйлдвэрлэж байна вэ? Шинэчлэл хийгдсэнээр цехийн хүчин чадал нэмэгдэх үү?
  
- Зэрэгцээ хоёр шугам суурилуулснаар хүчин чадал нэмэгдэнэ. Ингэснээр манай цех Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт ган бөөрөнцгийг 100 хувь үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Нэмэлт захилга ч гүйцэтгэх боломжтой болно. Цаашид ган бөөрөнцгийн төрөл зүйл нэмэгдэж, нэр төрөл нь өөрчлөгдвөл тэр бүхнийг үйлдвэрлэх боломжтой. Одоогоор манай цех Эрдэнэт үйлдвэрийн технологид ашиглаж байгаа 40, 80, 100 мм-ийн голчтой ган бөөрөнцөг үйлдвэрлэж байна. Эдгээрийг хуучин ашиглаж байсан нэг шугам дээрээ л хийдэг байсан. Шинээр тавих шугамууд нь 40-80 мм, 80-100 мм-ийн голчтой бөөрөнцөг үйлдвэрлэх хүчин чадалтай. Ингэснээр 80 мм-ийн голчтой бөөрөнцгийг хоёр шугам дээр зэрэг үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Шинэчлэлийн ажлыг энэ оны сүүлчээр дуусгаж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх зорилт тавьсан.

   - Аливаа техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд боловсон хүчний асуудал чухал байдаг. Энэ талаар?
   - Шинэ орон тоо үүсгэхгүйгээр ажилчдаа дадлагажуулахад анхаарч байна. Нүүрс хийжүүлэх зуухан дээр ажиллаж байсан операторуудаа цувих хэсэг рүү шилжүүлж,  хоёр дахь шугам дээрээ ажиллуулна. Өнгөрсөн хугацаанд Технологийн сургуультай хамтран сургалт зохион байгууллаа. Эхний 16 ажилтан сургалтад хамрагдаж, энэ 7 хоногт төгсөж байна. Үлдсэн хүмүүсээ сургахад бид анхаарна. Мөн гэрээ байгуулсан компаний төлөөллийг нэг сарын хугацаанд үйл ажиллагаа жигдэртэл, ажилчдыг дадлагажуулах хамтарч ажиллах тухай санал тавина.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
 

   Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид зургаадугаар сарын эхний 10 хоногт үйлдвэрлэлийн төлөвлөгөөг амжилттай биелүүллээ. Энэ хугацаанд 672.25 мянган м.куб уулын цул гаргаж, төлөвлөгөө 99.5 хувь, 282.47 мянган м.куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөө 93.5 хувийн биелэлттэй гарсан байна. Хүдэр олборлолт 993.93 мянган тонн буюу төлөвлөгөө 104.4 хувиар давж биелсэн бол хүдэр боловсруулалт 928.16 мянган тонн хүрч, төлөвлөгөөт үзүүлэлт 102 хувиар биелжээ.
   Хүдэр дэх металлын агуулга зэсийнх 0.465 хувьтай, төлөвлөгөө 100.2 хувиар, молибденых 0.0164 хувьтай, төлөвлөгөө 107.9 хувиар давсан үзүүлэлттэй байна. Металл авалтын гүйцэтгэл сарын эхний 10 хоногт зэсээр 88.31 хувь, молибденоор 49.00 хувьд хүрч, төлөвлөгөө 100-101 хувиар биелэв. Энэ хугацаанд баяжмал дахь зэсийн агуулга 22.38 хувь, төлөвлөгөө 100.2 хувиар, молибдены агуулга 50.61 хувь, төлөвлөгөө 105.4 хувиар тус тус биеллээ. 
   Зургаадугаар сарын эхний 10 хоногийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 280 вагон зэсийн баяжмал, 14 багц молибдены баяжмал ачсан байна.

М.Балжинням
Фото: Б.Баттөгс
 

 

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Зургийн цомог