• Аюул эрсдэлийг мэдээлэх “Мэдээллийн хаалгач” аппликейшн нэвтрүүллээ

    Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн ажилтнуудын санаачилгаар аюул эрсдэлийг мэдээлэх технологийн шинэ дэвшил үйлдвэрийн хэмжээнд нэвтэрч байна. Энэ нь ХАБЭА болон Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн инженер техникийн ажилтнуудын хамтран бүтээсэн аюул эрсдэлийг мэдээлэх зориулалт бүхий шинэ аппликейшн юм. Шинэ аппликейшн “Мэдээллийн хаалгач” нэртэй.  Орчин үеийн мэдээлэл, технологийн хөгжилтэй уялдуулан андройд гар утасны хэрэглэгч ажилтан бүр ашиглах боломжтой энэхүү аппликейшныг тус цехийн ажилтнууд өөрсдийн бүтээлч ажлын хүрээнд санаачлан, төсөл боловсруулж өнгөрсөн оны сүүлээс туршиж эхэлжээ. Туршилт амжилттай болсноор ийнхүү үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдлын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжтой болсныг төслийн санаачлагчдын нэг, ХАБЭА-н инженер Л.Энхжаргал хэллээ.   Эрдэнэт үйлдвэрт аюул эрсдэлийг мэдээлэх 71300 дугаарын телефон утас ажиллаж, ажилчдын зүгээс ирүүлсэн ажлын байрны болон бусад болзошгүй осол аваарын мэдээллийг бүртгэж авдаг. Өнгөрсөн жилийн хугацаанд л гэхэд дээрх дугаарт 1000 орчим дуудлага, мэдээлэл ирсэн байна. Эдгээрийг баримтжуулж үлдээхийн зэрэгцээ мэдээлэл авах үйл явцыг илүү хялбарчлан, боловсронгуй болгох, олон ажилтныг хамруулах зорилгоор  шинэ аппликейшныг бүтээх санааг гаргажээ. Ажилтнуудын саналын оролцоог нэмэгдүүлэх, аюул эрсдэлийг мэдээлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүртээмжтэй болгоход “Мэдээллийн хаалгач” аппликейшны ач холбогдол оршиж байна. ХАБЭА-н хэлтсээс тус аппликейшныг өнгөрсөн долоо хоногт нэвтрүүлж эхэлсэн бөгөөд үйлдвэрийн ажилтнуудад мэдээлэл хүргэх зорилгоор ашиглах заавар бүхий сурталчилгааны самбаруудыг цех нэгжүүдийн ажлын байранд байршуулжээ. Мөн аппликейшн ашигласнаар ямар үр дүнд хүрч байгааг дүгнэх, эргэх холбоог сайжруулах зорилгоор сургалт мэдээллийн ажлыг зохион байгуулж байна.     Ухаалаг гар утсанд суурилагдсан “Мэдээллийн хаалгач” аппликейшныг зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн ажилтан ашиглана. Гар утсандаа “Мэдээллийн хаалгач” аппликейшныг татаж суулган, ажилтны бүртгэлийн болон регистрийн дугаарын сүүлийн дөрвөн орныг оруулснаар аюул эрсдэлийн мэдээллээ бичиж, зургийн хамт илгээх боломжтой болох юм байна. М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • Хаягдлын аж ахуйн цагаан тоосыг 4-5 арга хослуулан дарж байна

    Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үүссэн технологийн хаягдал болох цагаан тоосны дэгдэлтийг бууруулахаар хамгийн оновчтой буюу туршилт хийгдсэн 4-5 аргыг Хаягдлын аж ахуйд хэрэгжүүлж байна. Ингэхдээ Хаягдлын аж ахуйн хуурайшилттай 800 га талбайн 573 га-г флокулянтаар, 3.2 га-г кальцийн хлорид агуулсан урвалжаар, 1 га-г хар шороон холимог усаар, 5 га-г хар шороон хөрсөөр хучжээ. Цагаан тоос дарах ажлын алба өнгөрсөн зургаадугаар сард байгуулагдсан бөгөөд тус алба дээрх ажлыг гүйцэтгэж, Автотээврийн цех шаардлагатай техник хэрэгслээр хангаад байгаа юм. Цагаан тоос үүсгэгч талбайд тусгай зориулалтын техник ашиглахын тулд гадаргуу дээр хар шороон зам тавих шаардлагатай хэмээн үзэж, 2 км орчим газарт зам тавих ажил үргэлжилж байна. Ажлын явцын талаар, Цагаан тоос дарах ажлын албаны тэргүүлэх инженер Л.Одонтунгалаг, “Манай алба жолооч, инженер, оператор гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хүн хүчний хувьд хангалттай гэж үзэж болно. Бид батлагдсан төлөвлөгөөний дагуу тохирох аргаар хучилт хийж байгаа. Шинээр ирсэн техникийн хувьд бүтээмж өндөр байна. Хар шороон хөрсөөр дардаг байсан хуучны аргаа илүү сайжруулж, талбайн хэсэгчилсэн бүсэд тохирох аргыг хэрэглэх боломж бүрдлээ. Одоо өвөл зунгүй ажиллах боломжтой болсон” хэмээн тайлбарлалаа. Ирэх есдүгээр сарын нэгнээс зуны хаялтыг өвлийн хаялт руу шилжүүлэхтэй холбогдуулан хаягдал булингад флокулянт урвалж холих ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр зуны хаялтын нийт талбайн 500-600 га-г флокулянтаар хучиж, ирэх хавар үр дүнг нь үзнэ гэдгээ албаныхан хэллээ. Захиалгын дагуу хоёр талдаа шүршигч шинэ техник үйлдвэрийн Тээвэр, ложистикийн төвд ирсэн бөгөөд хөтлөгч техник ирсний дараа Хаягдлын талбайд ашиглахаар болоод байна. И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Оёдлын цехийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

    Эрдэнэт үйлдвэрийн дэргэд охин компанийн зохион байгуулалттай ажиллаж байсан “Эрд Сүлж” ХХК өнгөрсөн сараас шинэ бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Оёдлын цех болон ажиллаж байна. Бүтцийн нэгж болсноор үйлдвэрийн үйл ажиллагаатай уялдуулан төлөвлөгөө нормоо баримтлан ажиллаж байгааг цехийн Зөөлөн оёдлын цехийн мастер Э.Уянга ярилаа. Тухайлбал, тус цех наймдугаар сард 600 ширхэг ажлын хувцас, 280 ширхэг фудволк үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Мөн “топ менежер”-ийн ангиллын ажлын хувцсыг ХАБЭА-н даргын шийдвэрээр үйлдвэрлэж байгаа аж. Оёдлын цехийнхэн үйлдвэрийн ажилчдын 10 гаруй төрлийн ажлын хувцас үйлдвэрлэхийн зэрэгцээ гаднын байгууллага, хувь хүмүүсийн захиалга авч үйлчилдэг. Эрдэнэт хотын хэмжээнд ажиллах хүч болон тоног төхөөрөмжийн нөөц, хүчин чадлын хувьд томоохонд тооцогддогийн хувьд захиалга ихтэй, ачаалалтай ажилладаг байна. Саяхан, Ил уурхайд нийтийн хоолны “Сэлэнгэ” катеринг нээгдсэнтэй  холбоотойгоор тэнд ажиллаж буй 50 гаруй ажилтны ажлын хувцсыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын түвшинд үйлдвэрлэх болсон байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн гэрээт байгууллагууд болох “Си Ай Си”, “Эрдэнэт лайт” зэрэг компанийн ажилчдын ажлын хувцасны захиалга нэмэгджээ.   Оёдлын цех нь  “Эрд Сүлж” ХХК-ийн зохион байгуулалттай ажиллаж байх үед жилд ойролцоогоор 1.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол техник тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдсэнээр энэ тоо өссөн байна. Тухайлбал, 3 орчим тэрбум төгрөгийн баяжмалын уут, 1.5-1.7 тэрбум төгрөгийн ажлын хувцас үйлдвэрлэх гэрээ байгуулан, төлөвлөгөөг биелүүлэн ажиллаж байна. Цаашид бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээг нэмэгдүүлэх, бүрэн хүчин чадлаараа тасралтгүй ажиллах зорилт тавьж буйгаа тус цехийн Үйлдвэр технологийн албаны дарга П.Золзаяа онцоллоо.    М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
Сурталчилгаа

   Баяжуулах үйлдвэрийн техникийн шинэчлэлийн хүрээнд Дулаан агааржуулалтын хэсэгт хийн үлээгүүрийн машин, агаар шахах компрессорыг шинэчлэх ажил явагдаж байгаа. Энэхүү шинэчлэлийн  явцын талаар тус хэсгийн дарга Ш.Болдоос тодрууллаа.

   - Хийн үлээгүүрийн машиныг яагаад шинэчлэх болов?
  - Хуучин машин маань хосолмол секцийн үед тавигдсан, 17 жил ажиллаж үндсэн үүргээ биелүүлсэн. Хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагын үүднээс  шинэчлэл хийж байна. Ингэхдээ  хийн үлээгүүрийн 171, 172-р машины хүчин чадлыг хоёр дахин өсгөж, Францын Continental industrie фирмийн Blower type-700.05 маркийн агаар үлээх машинаар сольж байна. Энэ нь Францын Лион хотод үйлдвэрлэсэн дэлхийн шилдэг тоног төхөөрөмж  юм.

   - Уг машины угсралт одоо ямар түвшинд явна?
   - Үйлдвэрийн Ерөнхий инженерийн баталсан төлөвлөгөөний дагуу угсралтын ажил энэ оны 3-р сарын сүүлчээр эхэлсэн. Бид 6-р сарын 12-нд угсарч дуусгахаар шамдаж байна. Угсралтын ажил 90 хувьтай явна. Бид энэ амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллана. 6-р сарын 12-ноос Continental Industrie фирмийн шиф инженер Испани, Италиас мэргэжилтнүүд ирж, механик болон цахилгааны тохируулгын ажил хийж, манай ажилчдад зориулсан сургалт хийнэ.

   - Хийн үлээгүүрийн машиныг суурилуулснаар ямар ач холбогдолтой вэ?
  - Нэгд, технологийн процессын удирдлага боловсронгуй болж хүчин чадал нэмэгдэнэ. Энэхүү бүрэн автомат хийн үлээгүүрийн машиныг суурилуулснаар агаарын хүлээн авалт, хуваарилалт жигд болж, хөвүүлэн баяжуулах машины хэвийн ажиллагааг найдвартай хангана. Агаарын даралтыг тооцсон хэмжээнд барьж, баяжуулах машины хөөсөн бөмбөлөг жигд барьснаар технологийн процессын давуу талыг өсгөнө. Хоёрт, цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй. Нөгөөтэйгүүр энэ хийн машины нэг давуу тал нь их бие болон татах, шахах хоолойдоо дуу намсгагчтай, шуугианы хамгаалалттай, хөргөлтийн системтэй. Иймээс ажлын байрны чимээ, шуугиан зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл буурна. Үүгээрээ ажилчдын эрүүл мэндэд таатай нөхцөл бүрдэнэ.

   - Эдийн засгийн хувьд хэмнэлт гарах уу?
   - Зэс, молибдены баяжуулалтад чухал нөлөөтэй технологийн процесс жигд явах боломжтой, мөн цахилгаан эрчим хүчний зарцуулалт бага зэргээс хөрөнгө мөнгө хэмнэх боломжтой.

   - Мөн танай хэсэгт  Atlas Copco фирмийн компрессор суурилуулж байна. Энэ тоног төхөөрөмж өмнөхөөсөө юугаараа давуу талтай вэ?
   - ОХУ-д үйлдвэрлэсэн ВЦ-32 маркийн компрессорыг Atlas Copco фирмийн ZH-800 компрессороор сольж байна. Технологийн процессыг хийн автоматаар удирдах системд чухал үүрэгтэй бөгөөд хүчин чадал нь өмнөхөөсөө 30 хувиар өснө. Ингэснээр үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангах боломж бүрдэж байгаа юм. Бүрэн автомат удирдлагатай, эрчим хүчний хэмнэлттэй энэ төхөөрөмж суурилуулснаар технологийн процессын найдвартай ажиллагаа сайжирна, зардал хэмнэгдэнэ.

   - Шинэ компрессор хэзээ ашиглалтад орох вэ?
  - Угсралт, тохируулгын ажил дууссан. Нийлүүлэгч компаниас хөргөлтийн систем, сэлбэгийн нийлүүлэлтийн ажил хүлээгдэж байна. Үүнийг нийлүүлбэл ирэх 7 хоногт дуусна. Ингээд “Atlas Copco”-ийн  мэргэжилтэн ирж туршилт тохируулга хийж, ажлын горимд шилжүүлнэ. Бид энэ сарын 15-нд ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна. 2008 онд ZH 7000-6-8 маркийн 127м3/мин, 2010 онд ZH-10000-4-8 маркийн 150м3/мин компрессор суурилуулсан. Одоо энэ фирмийн гурван  компрессортой болж, Баяжуулах үйлдвэрийн технологийн процессыг хийн автомат удирдлагаар найдвартай хангах боломж бүрдэж байна.

   - Шинэ тоног төхөөрөмжүүдийн угсралт, суурилуулалтыг хаанахын ажилчид гүйцэтгэв?
  - Угсралт тохируулгын томоохон энэ ажлыг Инженерийн зураг төслийн төв, Засвар угсралтын, Барилга засварын, Цахилгааны цехүүд, Баяжуулах үйлдвэрийн Эрчим зүйн алба, Дулаан агааржуулалтын хэсэг, Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн ажиллагчид оролцож, төлөвлөсөн хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд,  чанартай гүйцэтгэж байгаа чадварлаг үндэсний мэргэжилтнүүдээрээ бахархаж байна.

Я.ЭНХТУЯА
Фото: Б.БАТТӨГС

   Баяжуулах үйлдвэрт хэрэгжиж буй “Супер 5 сайн үйлс”  хөтөлбөрийн хүрээнд инженер техникийн 23 ажилтан Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын компаниудаас туршлага судлаад иржээ. Энэ талаар тус цехийн бүтээмжийн менежер Л.Уранцэцэгтэй ярилцлаа.

   - “Супер 5 сайн үйлс”  хөтөлбөрийн зорилго, энэ хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа  тухай та эхлээд ярина уу?
   - Энэ нь Баяжуулах үйлдвэрийн бүтээмжийн үйл ажиллагааны үр дүнг ахиулах, инженер техникийн ажилтнуудын оролцоонд тулгуурлан 5 сайн үйлсийг хэвшүүлэхэд чиглэсэн хөтөлбөр юм. Тавдугаар сард эхэлсэн энэ хөтөлбөр зургаан сар үргэлжлэх юм. Хөтөлбөрийн хүрээнд ИТА-дад 5С-ийн анхан, ахисан түвшний сургалт явуулна. Мөн бусад байгууллага, цех хэсгээс туршлага судлуулна, зөвлөгөө өгч чиглүүлнэ. Түүнчлэн хэсэг бүр дээр 3-5 инженер техникийн ажилтан оролцуулан баг бүрдүүлж, ажлын байранд үнэлгээ хийж, сайжруулах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлнэ.

   - Баяжуулах үйлдвэрт ажлын байрны сайжруулалт хамгийн сайн түвшинд хүрсэн гэж ойлгодог?
  
- Тодорхой түвшинд хүрээд зогсонги байдалтай болсон. 5С гэдэг бол ажлын байрны сайжруулалтын дээд түвшин. Тэгвэл манайд 2С, 3С түвшний ажлын байрууд ч бий. Үүнийг бид 5С түвшинд хүргэх зорилготой.

   - Хөтөлбөрийн хүрээн дэх ажлаа юунаас эхлэв?
  
- Хамгийн эхэнд бүх инженер техникийн ажилтныг 5С-ийн анхан шатны сургалтад хамруулж байна. Хичээлийг ЗМЗ-ын бүтээмжийн менежер  зааж байгаа. Саяхан манай хэсгүүдийн удирдлагууд болох 23 хүн Дархан, Улаанбаатар хотын компаниудад туршлага судлаад ирлээ.

   - Тухайлбал...?
 
- Дарханы ДЦС, Улаанбаатар хотын ДЦС-4, Хасу мегаватт, Мөнхийн үсэг компанид туршлага судалж, Монголын бүтээмжийн төвд сургалтад хамрагдсан. Туршлага судалсан компаниуд нь Эрдэнэт үйлдвэрээс туршлага судлан нэвтрүүлж байсан бол одоо бүгд олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO стандартуудыг бүрэн нэвтрүүлж, Монголдоо төдийгүй Ази Номхон далайн бүс нутагт “Загвар” байгууллага болсон байна.

   - Компаниудын  ажлын байрнаас  ямар зүйлийг онцолж харав?
 
- Дарханы ДЦС-д ажлын байр, тоноглол, өрөө тасалгааны хаягжилтыг стандарт шаардлагын дагуу бүрэн хийжээ. Ажилчдаа ил тод үнэлж урамшуулах юм. Сар бүр ХАБ, бүтээмжийн шилдэг ажилчдын зургийг коридорын самбарт байршуулж, зураг нь хамгийн олон тавигдсан ажилтан гадаадад туршлага судлах эрхээр шагнуулдаг юм байна. Бүх ажлын байр /233/-ны жагсаалт гарган 5С-ийн хэрэгжилтийг оноогоор дүгнэж, өнгөөр ялган үүдэнд байрлуулсан нь содон санагдсан. Мөн коридор галерейг үзэмжтэй цэцэгжүүлсэн, алдрын булан байгуулсан нь тав тухыг мэдрүүлж байлаа. Түүнчлэн ээлжийн дарга, оператор, ажил хүлээлцэх өрөө  шилэн   хаалга,  ханатай  байгаа нь гаднаас хянах боломж бүрдүүлжээ. Бидэнд үйл ажиллагаагаа танилцуулсан инженерийн ярианаас эднийхэн бүтээмжийн үр өгөөж, ач холбогдол, мөн чанарын тухай маш сайн ойлголттой болох нь ажиглагдсан. Тэрээр ХАБ, бүтээмж  нь нэгдмэл үйл ажиллагаа гэдгийг онцолсон. ISO стандарт нэвтрүүлснээр байгууллагын бүхий л үйл ажиллагаа стандартын шаардлагад нийцсэн байх хэрэгцээг хангаж, журмуудыг нэгтгэсэн нь ихээхэн үр дүнтэй талаар ярьсан.
   Улаанбаатар хотын ДЦС-4-д ISO стандарт нэвтрүүлснээр байгууллагын дотоод журмыг хялбар болгосон тухай станцын мэргэжилтэн тайлбарласан. Үүнтэй холбоотой удирдах ажилтнуудын сургалт ихээхэн үр дүнтэй болохыг онцлон ярьсан. Цайны цагаар ажилладаг аялгуут усан оргилуур нь ажилчдын алжаал ядаргааг тайлахад чухал нөлөөтэй санагдсан. Бүх дүрэм журам, зааврыг нэгдсэн сантай болгон цэгцэлсэн нь нэвтрүүлэхүйц туршлага байсан. “Хасу мегаватт” компани цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмж угсарч, суурилуулдаг, Оюу толгой төслийн төмөр хийц бэлтгэдэг юм байна. Эдний  харьяа Герман, Монголын хамтарсан сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж буй  гагнуурчид  ган төмрөөр  маш сайхан урлаж  байна. Тэнд суралцсан хүмүүсээс дэлхийн ур чадварын тэмцээнд  томоохон амжилтуудыг үзүүлсэн бөгөөд гадныхан ч ажиллаач гэж урьдаг  гэсэн.

   - Бүтээмжийн үйл ажиллагаатай  ISO стандарт яагаад холбогдож байгаа вэ?
  
- Чанарын удирдлагын тогтолцоо ISO стандарт 10 үндсэн бүлэгтэй  бөгөөд түүний нэг нь  “Сайжруулалт” юм. Энэ бүлэг нь тэр чигтээ бүтээмжийн үйл ажиллагааг харуулна.  Манай үйлдвэр дээр ХАБ, Хүний нөөц, Бүтээмжийн журам  тусдаа явдаг. Энэ олон журмыг нэгтгээд уг стандартын шаардлагад нийцүүлэх боломжтой. Тэгэхлээр манай Баяжуулах үйлдвэр тогтолцоондоо энэ стандартыг нэвтрүүлэх  хэрэгцээ шаардлага байна.

   - Та бүхэн “ганзага дүүрэн”  ирсэн байх. Хэрэгжүүлж болохуйц санаанаасаа хуваалцана уу?
 
- Бүтээмжийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулан, олон улсын ISO стандартуудыг нэвтрүүлэх, сургалт зохион байгуулах хэрэгтэй байна. Байгууллагын үүх түүх, түүхэн үзмэр, алдартнуудын булан, музей, цахим сантай танилцах, дурсгалын зураг татуулах танхимтай болох хэрэгтэй байна. Үүнийг Мэдээлэл хөгжлийн танхимын 2-р давхрыг өргөтгөх эсвэл галерейн зай талбайг ашиглан тохижуулж болох юм. “Хасу мегаватт”-ын сургалтын төвд гагнуурчдыг Германы дэвшилтэт технологитой танилцуулж  дадлагажуулах сургалтад хамруулах хэрэгтэй байна. Бид эдгээр компанид, өмнө нь “Оюутолгой”-д топ менежерийн хувцастай очсон. Бидний ихэнх нь ийм хувцасгүй  болохоор хүний хувцас өмсөж явсан. Биднийг хаана ч маш хүндэтгэлтэй хүлээж авсан. Тийм болохоор ИТА-ыг  Эрдэнэт үйлдвэрийнх гэдгийг илтгэх топ менежерийн цамцтай болговол зүгээр санагдсан.

Я.ЭНХТУЯА
Фото: Б.БАТТӨГС

   Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэгт техникийн шинэчлэл, барилга засвар, шинэ тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил явагдаж байна. Энэ талаар тус хэсгийн дарга А.Машбаяр: “5-р сарын 17-27-нд ачилтын хэсгийн 189-р кранд их засвар хийлээ. Кран одоо хэвийн ажиллаж байна. Мөн Ачилтын хэсэг дээр  барилгын металл хийцийн хүчитгэлийн ажил хийж буй бөгөөд одоо 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй явна. Долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг энэ ажлыг “Их зогсолт”-ын өмнө дуусгахаар ажиллаж байна. Краны их засвар, барилгын металл хийцийн хүчитгэлийн ажлуудыг үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд тасалдал гаргалгүйгээр хийхэд анхаарч зохион байгуулалт хийсэн. Молибдены даралтат шинэ шүүлтүүр суурилуулах техникийн шийдлүүдээ хийж дууслаа. Зураг төслийн ажлыг Инженерийн зураг төслийн төв хийж байна. Их зогсолт 6-р сарын 29-ний 20 цагаас 7-р сарын 1-ний 20 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр, зогсолтгүй ажиллагаатай тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг чанартай хийхээр бэлтгэлээ базааж байна” гэв.

Я.ТУЯА
Фото: Б.БАТТӨГС

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Зургийн цомог