• Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтнүүд Төв банкнаас сургалт авлаа

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эдийн засгийн бодлогын хэлтэс, Маркетингийн хэлтэс, Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн 30 гаруй мэргэжилтэн мэргэжлийнхээ дагуу хоёр өдрийн турш Монгол банкны сургалтанд хамрагдаж байна. Сургалтын хүрээнд Монгол банкны үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын мөнгөний бодлого, инфляц, 2020 оны төсвийн төсөөлөл, валютын ханшийн хэлбэлзэл, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, уул уурхайн салбарын татварын урамшуулал сэдвээр сургалт авч, цаг үеийн мэдээллээр мэдлэгээ  тэлэхийн зэрэгцээ сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Мөн хөтөлбөрийн дагуу Монгол банкны Эрдэнэсийн сангаар зочилж, улсын сан хөмрөгт хадгалагдаж буй үнэт зүйлстэй танилцлаа. Төв банк сүүлийн жилүүдэд Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийг дэргэдээ ажиллуулж байгаа бөгөөд хувь хүн, албан байгууллага, хамт олонд сонирхсон сэдвийнх нь хүрээнд зорилтот сургалтуудыг зохион байгуулж, санхүүгийн боловсрол олгоход анхаарч эхэлжээ. Сургалтын үеэр Монгол банкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн мэргэжилтэн С.Амгаланбаяртай цөөн хором ярилцлаа. С.Амгаланбаяр: Санхүүгийн боловсрол олгох дэлхийн жишгийг бид дагаж байна -Монгол банк Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийг дэргэдээ ажиллуулах болсон нь ямар ач холбогдолтой вэ? -Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх төслийг эхлүүлснээс хойш байгууллагууд, хамт олон, багш сурагчдын мэдлэг боловсролд, тэдний амьдралд хэрэг болох ойлголтуудыг өгөхийн тулд үргэлж нээлттэй ажиллаж, тогтмол сургалт явуулсаар ирсэн. Зорилтот болон тухайн цаг үед албан бусаар ирсэн хүсэлтүүдийг үндэслэн үнэ төлбөргүй сургалт зохион байгуулж байна. Ингэхдээ амьдрал дээр байдаг жирийн сэдвүүдээс эхлээд нарийн нийлмэл сэдвийг хамрах нь ч бий. Үүнд, улс орны эдийн засгийн нөхцөл байдал, эдийн засгийн тоон үзүүлэлт, статистик, өрхийн төсөв, орлого зарлага, төсвөө хэрхэн хэмнэх, яаж хуримтлал бий болгох, бизнес санхүүгийн үйлчилгээний талаарх ойлголт, эрсдэлтэй тулгарахад ямар бэлтгэлтэй байх, санхүүгийн залилан луйвраас хэрхэн сэргийлэх, аль мэдээлэлд тулгуурлаж явах ёстой, даатгал, үнэт цаас, хувьцаа, бондыг нэрлэж болох юм. Төв банк яагаад сургалтын байгууллага шиг болов гэж гайхаж магадгүй. Дэлхий нийтийн жишиг ийм болжээ. Улс орон л юм бол жирийн иргэдээс хойч ирээдүй нь хүртэл санхүүгийн бүхий л ойлголтыг мэддэг, түүнийг амьдралдаа дадал болгох ёстой гэсэн зүй ёсны шаардлага гараад байна. Өөрөөр хэлбэл бүхий л мэргэжлийн хүмүүс мэдсэнээ бусдад түгээснээр хувь хүн, айл өрх, байгууллага, улс орны  хэмжээнд хөгжил цэцэглэлтийг авч ирэх сайн сайхан зүйл рүү явж байгаа юм. Үүнд хүн бүрийн дэмжлэг оролцоо байх ёстой. -Жилийн туршид явуулдаг төлөвлөгөөт сургалтууд бий юу? Эдийн засгийн боловсрол дээшлүүлэх сургалтыг сонирхогч хэр олон байна вэ? -Сургалтыг тухайн хамт олны ирүүлсэн хүсэлтэд тулгуурлахаас гадна бүтэн жилийн туршид улирал тутам тогтмол сэдвүүдээр төлөвлөн явуулдаг. Зарим байгууллага сард нэг удаа байхад нэг хэсэг нь улирал тутам сургалт авах жишээтэй. Жил бүрийн 3 дугаар сард Дэлхийн мөнгөний 7 хоног, 6 дугаар сарын 1-нд Хүүхдийн баяр, 2-нд Банкны ажилтны өдөр, 10 дугаар сарын 31-нд Дэлхийн хуримтлалын өдөр гэсэн тодорхой тогтсон үйл ажиллагаанаас гадна идэвхжүүлэлт хийх үүднээс санхүүгийн эрх ашгийг хамгаалах, энэ чиглэлийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд илүүтэй хүргэхийн тулд хариуцлагатай харилцагч, хариуцлагатай банк аяныг өрнүүлэх жишээтэй. Хугацаат аянуудаар дамжуулан иргэдэд аль болох давхар мэдээлэл өгөхийг зорьж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Т.ОЧИРХҮҮ: Өөрт хэрэгцээтэй мэдээллийг авч чадсан   -Онолын гэхээс илүүтэй практикт ойр мэдээллийг бидэнд өгч байна. Валютын ханшийн талаарх сургалт нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд хамааралтай сэдэв байлаа. Мөн Монгол Улсын эдийн засаг санхүүгийн байдал ямар байгааг, энэ нь цаашид өсөх үү, буурах уу, үүнийг дагасан мөнгөний ханш, цалин хөлс ямар байх вэ гэдэг нь хүн бүрийн амьдралд ойр туссан байх. Ач холбогдлын хувьд өөрт хэрэгцээтэй мэдээллийг авч чадсан.   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эдийн засгийн бодлогын хэлтсийн Хөрөнгө оруулалт, төлөвлөгөө мониторингийн товчооны дарга Б.ГӨЛГӨӨ: Мэргэжилтнүүдийг ойртуулсан сургалт, уулзалт боллоо -Бид Монгол банкны харьяа Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнд сургалтанд хамрагдлаа. Эрдэнэт үйлдвэр улсын төсөв, гадаад валютын нөөц бүрдүүлэлтэд жинтэй хувь нэмэр оруулдаг улсын үйлдвэр. Энэ утгаараа өнөөдрийн сургалтууд нь салбарын мэргэжилтнүүд бидний хувьд төрөөс барьж байгаа мөнгөний бодлого, валютын ханшийн эрсдэл, хэлбэлзэл, гадаад дотоод хүчин зүйл зэрэг хэрэгцээтэй мэдээллийг өгсөн. Цаашид Монгол банктай хамтран ажиллах болон байгууллагуудын мэргэжилтнүүдийг ойртуулсан сургалт уулзалт боллоо гэж дүгнэн хэлмээр байна.   И.Чинтогтох Фото Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрт ажилд орохын тулд мөнгө төлдөггүй

         Орхон аймгийн Цагдаагийн газарт он гарсаар нийт 645 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч бусдыг залилах гэмт хэрэг өмнөх онтой харьцуулахад 43.1 хувиар өссөн байна.     Цахим ертөнцөөр худалдан авалт хийснээс бусдад залилуулах, Эрдэнэт үйлдвэрт  ажилд оруулна, үйлдвэрийн фондын байранд оруулж өгнө, гэх зэрэг залилангийн хэрэг гарсаар байгааг Орхон аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Содбилэг мэдээллээ.     Эрдэнэт үйлдвэрийн нэрийг ашиглан бусдыг залилсан хэрэг он гарсаар 15 бүртгэгдэн, мөрдөн байцаах тасагт шалгагдаж байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэсэн залилангийн найман хэрэгт иргэд 49.7 сая төгрөгөөр хохироод байгаа бол үйлдвэрийн фондын байранд оруулж өгнө гэсэн залилангийн долоон  хэрэгт 82.9 сая төгрөгийн хохирол бүртгэгджээ.     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг. Шаардлагатай ажлын байрыг албан ёсны цахим хуудас www.erdenetmc.mnсайтын Хүний нөөц - Нээлттэй ажлын байр хэсэгт байршуулан, олон нийтэд нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэрийг шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг. Мөн, Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан Хамтын гэрээний дагуу, үйлдвэрт 20 ба түүнээс дээш жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн ажилтны хүсэлтийг үндэслэн мэргэжлийг залгамжлуулах зорилгоор төрсөн нэг хүүхдийг мэргэжил, эрүүл мэндээр тэнцсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулдаг журамтай юм. А.Бямбамаа   Дэлгэрэнгүй...
  • Х.БАТСАЙХАН: Олон шинэ санаачилгыг Эрдэнэт үйлдвэрээс олж харлаа

          “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 168 ажилтан энэ онд Эрдэнэт үйлдвэрийн туршлагатай танилцахаар хөтөлбөр гаргажээ. Тус компанийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Батсайханы сэтгэгдлийг хуваалцлаа.    -Санамж бичгийн хүрээнд хэрэгжиж байгаа туршлага судлах, танилцах уулзалтыг та хэрхэн үнэлж, дүгнэж байна вэ?    -Санамж бичиг байгуулснаас хойш хоёр үйлдвэрийн хамтын ажиллагаа сайжирч байна. 14 хоногийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн 16 хүний бүрэлдэхүүнтэй баг манай компанийн Өмнөговь аймаг дахь Цанхи хотхон, Тавантолгойн бүлэг орд уурхайтай танилцах аялал хийсэн. Бидний хувьд Улаанбаатар хот дахь төв оффисын 7 хэлтсийн 31 хүний бүрэлдэхүүнтэй баг Эрдэнэт үйлдвэрт хүрэлцэн ирээд байна. Энэ удаа нийгмийн харилцааны хэлтсийн гол цехүүдтэй танилцаж, ажилтан, албан хаагчдаа хөгжүүлэх, урлаг соёл, спортын олон төрлийн хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаас туршлага судаллаа. Манай компани 2020 онд дэргэдээ сувилал байгуулж, ажилчдынхаа нийгмийн халамжийг сайжруулах чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөсөн. Энэ бүхэнд Эрдэнэт үйлдвэрийн тэргүүн туршлага хэрэгтэй гэж үзсэний дагуу хоёр үйлдвэр хамтран ажиллаж байна. Аяллын туршид олон шинэ санаачилгыг Эрдэнэт үйлдвэрээс олж харлаа. Энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн харилцааны хэлтэст талархал илэрхийлье.     Б.ЭНХЗУЛ: Бодит туршлагуудыг өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлнэ     -Аяллын туршид Эрдэнэт үйлдвэрийн хэд хэдэн бүтцийн нэгжтэй танилцлаа. Таны хувьд ямар ололттой санааг тусгаж авав?    -Миний бие байгууллагынхаа Хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийг төлөөлөн ирсэн. Бид Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын орлогч даргатай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцсан. Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын тоо манай компанитай харьцуулахад 6 дахин их. Энэ утгаараа ажилчдын нийгмийн асуудалд ихээхэн анхаарч, сургалт хөгжүүлэлтийг өндөр түвшинд хийж ирснийг олж харлаа. Бид Технологийн сургуулийн мэргэжлийн багш, удирдлагуудтай уулзсан. Мэргэжлийнх нь дагуу ажилчдаа хэрхэн сургаж хөгжүүлэх, хамтран ажиллах ямар боломж байгаа, ажилчдаа эчнээ сургалтанд хэрхэн хамруулах вэ гэдэгт тууштай, бодит ажлууд хэрэгжүүлэхээр ярьсан.     Мөн Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын өргөтгөсөн мэдээллийн санг зохион байгуулж, автоматжуулсан нь маш их таалагдлаа. Үүнийг зөвхөн IT инженерүүд гэлтгүй өөрсдөө хийж бүтээж болдгийг мэдэж авсан. Үйлдвэрийн үйл ажиллагааны гол баялаг болох хүний нөөцийг хэрхэн зөв хуваарилж, мэдээллийг нэгтгэх вэ гэдэг дээр Эрдэнэт үйлдвэртэй хөгжүүлэлт, автоматжуулалтын талаар хамтран ажиллах анхан шатны яриаг хийсэн нь танилцах уулзалтын үр өгөөжийг харуулах байх. Эрдэнэт үйлдвэрийн спорт, урлаг соёлын цогцолбор, оёдлын цехийн үйл ажиллагаатай танилцахдаа хүний нөөц талаас нь харж явлаа. Ажлын зохион байгуулалт, хуваарилалт хэдийнэ жигдэрч, тогтвортой ажлын байрыг бий болгож чаджээ. Туршлага судлах ажлын хүрээнд харилцан ажилчдаа сургах, сувилалд амраах, сургуульд нь сургах, оёдлын цехийн хувьд энэ төрлийн туслан гүйцэтгэгчийг дэргэдээ ажиллуулах боломжууд байдгийг харж байна. Эрдэнэт үйлдвэр ISO9001 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлжээ. Бодит туршлагуудыг өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлнэ гэсэн итгэлтэйгээр буцаж байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн захиргаа, удирдлагын багийнхан Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа

         “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарын үзэглэсэн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд туршлага солилцох уулзалтыг зохион байгуулсаар байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас энэ удаад 31 хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатар хот дахь Захиргааны багийнхан хүрэлцэн ирж, захиргаа, хүний нөөц, маркетингийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй Эрдэнэт үйлдвэрийн тэргүүн туршлагаас судаллаа. Мэдлэг мэдээллээ харилцан солилцож, шилдэг арга туршлагаасаа хуваалцаж байгаа эдгээр уулзалтын эцсийн зорилго нь Монголын уул уурхайн салбарын чадавхийг дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм. Энэ ч утгаараа Эрдэнэт үйлдвэрээс мэргэжлийнхээ хүрээнд туршлага судлахаас гадна орон нутагт спорт, соёл урлаг, эрүүл мэнд, зөөлөн оёдлын салбарт хэрхэн хөрөнгө оруулалт хийж, нийгмийн цехүүдийг цогцоор нь авч яваа тэргүүн туршлагыг олж харах, үзэж танилцах нь цаашдын хэрэгжүүлэх ажлуудад үнэтэй санаа өгснийг зочид онцлон хэлж байлаа. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Оросод сургууль төгсөгчдийн IV чуулган амжилттай зохиогдлоо

         Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 49 дэх жилийн хүрээнд зохиогдсон ОХУ (ЗХУ)-д их, дээд сургууль төгсөгчдийн IVчуулга уулзалт өнгөрсөн Ням гаригт Эрдэнэт хотноо амжилттай болж өндөрлөлөө. Чуулга уулзалтыг Оросын шинжлэх ухааны төв, ОХУ-ын Элчин сайдын яам, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл зэрэг байгууллага хамтран зохион байгуулснаараа онцлогтой. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэхүү үйл ажиллагааг дэмжин, ивээн тэтгэгчээроролцсон юм. Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа чуулганд оролцогчдод хандан үг хэлснээр энэ өдрийн үйл ажиллагаа эхэллээ. Тэрээр төгсөгчдөд хандан “Монгол, Оросын найрамдалт харилцааны тулгуур болсон хүмүүс гэж та, биднийг нэрлэж болох байх. Та, бид ОХУ (ЗХУ)-д суралцаж эрдэм мэдлэг, боловсрол олж авахын зэрэгцээ оросын ард түмний зан заншил, ёс суртахуун, соёлыг түгээн дэлгэрүүлэх хүндтэй үүрэг хүлээсэн Монгол улсын иргэд юм. Найрамдал, хамтын ажиллагааны гол зүтгэх хүч нь хойд хөршид сургууль төгсөгчид, тэр дундаа Эрдэнэт хотод ажиллаж, амьдарч буй та бүхэн онцгой үүрэгтэй байсан гэж би бодож байна. Эрдэнэт хот бол найрамдлын хот, Эрдэнэт үйлдвэр бол найрамдлын үр шим. Энд орос, монгол хүмүүс мөр зэрэгцэн ажиллаж, хот сүндэрлүүлэн, эдийн засгийн томоохон тулгуур болох Эрдэнэт үйлдвэрийг ажиллуулж байна. Та бүхний сурсан мэргэжил Эрдэнэт үйлдвэрийг өдий зэрэгт хүргэж, Монгол Улсын эдийн засгийг өсөж тэлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Тэгэхээр биднийг холбогч гол хүчин зүйл нь Оросын холбооны улс яах аргагүй мөн. Та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн сэтгэлийн үгээ илэрхийллээ.      ОХУ (ЗХУ)-д их, дээд сургууль төгсөгчдийн хийж бүтээж байгааг олон түмэнд сурталчилах, сурсан мэргэжлийг нь улс орны, аймаг, бүс нутгийн хэмжээнд хэрхэн ашиглах талаар судлах, төгссөн сургуульд нь мэргэжил дээшлүүлэхэд “гүүр” болох чиглэлээр холбооны үйл ажиллагаа чиглэжээ. Орхон аймгийн хэмжээнд ОХУ-д сургууль төгсөгч 900 орчим хүн байгаагийн 90 орчим хувь нь Эрдэнэт үйлдвэрийн боловсон хүчин юм. Мөн Эрдэнэт хотын хэмжээнд Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, гавьяат 64 хүн төрөн гарсны 30 гаруй хувь нь ОХУ-д сургууль төгсөгч, Эрдмийн зэрэг цолтой 62 хүний 30 гаруй хувь нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа гэсэн судалгаа бий. Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, ОХУ-ын Элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан соёлын төвөөс хамтран явуулдаг “Найрамдлын сарын ажил” эдүгээ “Найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд” болон өргөжснийг илтгэл тавьсан эрхмүүд онцоллоо. Монгол Улсад “найрамдлын” тодотголтой олон нийгэмлэг үйл ажиллагаа явуулдаг ч Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг хамгийн бат суурьтай нь болохыг тэд хэлж байна. ОХУ-тай хамтын ажиллагааны хүрээнд суралцах оюутны тоог нэмэгдүүлж, ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр жилд 500 хүүхдэд суралцах боломж нээгдсэнийг энэ үеэр танилцууллаа.     Мөн ахмад төгсөгч Л.Долгорсүрэн, Д.Дуламсүрэн, З.Сандуйжав, С.Гаажав, А.Алтанцаг, Ц.Туяа, Ю.Тэрбиш, Б.Мянганбаяр нарт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дурсгалын зүйлсийг гардуулан, ОХУ (ЗХУ)-д их, дээд сургууль төгсөгчдийн Монголын холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын дарга Г.Занданшатарын гарын үсэг бүхий талархалын бичиг, дурсгалын зүйлсээр 20 хүнийг шагнаж урамшуулсан юм. Илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцсон төгсөгчид чуулга уулзалтаас уриалга гарган, баталлаа. Ингэхдээ мэргэжлийн чиглэлээр цуглуулсан ном, товхимлоо солилцож унших, хэрэгтэй нэгэнд нь гарын авлага болгох, ОХУ-ын Төв номын сангаас мэдээлэл авах эрх олгох боломжтой эсэх, Орхон аймгийн хэмжээнд идэвхитэй ажилладаг ОХУ-ын сургуулиудын холбоод хоорондын үйл ажиллагааг идэвхижүүлэх, хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажлууд хийх хэрэгтэйг сануулсан. Төгсөгчид оюутан ахуй цагаа дурссан хөгжилтэй яриа өрнүүлж, караоке дууны тэмцээн зохион байгуулснаар энэ үдшийн үйл ажиллагаа өндөрлөлөө. Орос хэлний баяр, орос дуу, шүлгийн уралдаан, бүсийн олимпиад гээд цогц үйл ажиллагааг зохион байгуулж, сургууль төгсөгчдийн уулзалтыг сэргээсэн нь чуулганд оролцогчдын хувьд хүлээлттэй байсныг тодхон илтгэж байв. Чуулганы үеэр зарим төлөөллийн сэтгэгдлийг хуваалцлаа.   Ж.РЭНЦЭН-АМГАЛАН: Бидний сурсан орос хэл, анагаах ухааны боловсрол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулахад ихээхэн түшиц болсон Монголын эм зүйн байгууллагуудын “Эм” холбооны зөвлөх, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, Эрхүүгийн Анагаах ухаан их сургууль төгсөгчдийн холбооны тэргүүн Ж.Рэнцэн-Амгалантай ярилцлаа.     -Чуулга уулзалтын талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?    -Эрхүүгийн Анагаах ухааны их сургуулийг төгссөн 20-иод хүн Эрдэнэт хотдоо ажиллаж, амьдарч байна. Монгол, Оросын найрамдлын тод илэрхийлэл болсон энэ хотдоо чуулга уулзалт зохион байгуулсанд талархал илэрхийлье. Сургуулийнхаа талаар товч мэдээлэл хүргэе гэж бодож байна. Эрхүүгийн Анагаах ухааны их сургууль 1919 онд байгуулагдаж, өнгөрсөн 10 дугаар сард 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Ойг тохиолдуулан бид Улаанбаатар хотноо төгсөгчдийн анхдугаар чуулган, үзэсгэлэнг зохион байгуулж, сургуулийнхаа ойд 100 төлөөлөгч оролцоод ирсэн. Монгол Улсын 400 гаруй иргэн энэ сургуулийг төгссөнөөс 350 гаруй нь их эмч, эмзүйчийн диплом гардсан байдаг. Бидний сурсан орос хэл, анагаах ухааны боловсрол улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахад ихээхэн түшиц болсныг энд хэлэх нь зөв байх. Бид цаашдаа анагаахын сургууль төгсөгчдийн бүлэг үүсгэж, холбоодтойгоо хамтран ажиллах хүсэлтэй байна.   Д.ДУЛАМСҮРЭН: Бид Монгол Улсын хүнс, хөнгөн аж үйлдвэрийн салбарын тэргүүн эгнээнд явсан     Дархан хотын Политехникумд Хөнгөн хүнсний салбарын эрхлэгчээр ажиллахдаа 600 гаруй хүүхдийг төгсгөж, аймгуудын хүнсний комбинатыг мэргэжлийн боловсон хүчнээр хангасан, Эрдэнэт хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар 30 гаруй жил ажилласан Д.Дуламсүрэн гуайтай ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо.     -Монголд Москвагийн Хүнсний технологийн дээд сургууль төгссөн 210 хүн бий. Өнөөдөр хүнсий аюулгүй байдлын тухай ярихад, Москвагийн Хүнсний технологийн дээд сургууль болон бусад хүнсний технологийн сургууль төгссөн төгсөгчид 1970-1980 онд Монгол Улсын хүнс, хөнгөн аж үйлдвэрийн салбарын тэргүүн эгнээнд явсныг онцлон тэмдэглье. Бид хүнсийг аюулгүй байлгахын төлөө, түүхий эдийн чанарын тухайд анхаарч ажилладаг байлаа. Дархан, Дорнод, Эрдэнэт хотын хүнсний комбинатыг ашиглалтад оруулахад нойр хоолгүй 24 цагаар ажиллахдаа хүнсний сайн чанартай бүтээгдэхүүнээр ханган ажилласан. Өнөөдөр 21 аймгийн хэмжээнд маш олон хүнсний инженер бий. Москвагийн хүнсний сургууль төгсөгчдийн ассоциациас жил бүрийн 5 дугаар сарын 3 дугаар долоо хоногт нэгдсэн уулзалт зохион байгуулдаг уламжлалтай. Ирэх жил 8 дахь уулзалтаа Хөвсгөл аймгийн Тариалан суманд зохиохоор төлөвлөсөн. Мөн миний бие аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажиллах хугацаандаа Эрдэнэт хотоо соёлч хот болгох, соёлын довтолгоо өрнүүлэх ажлыг зохион байгуулсан. Энэ ажилд ЗХУ-аас Эрдэнэт хотод суугаа Консулын газрын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн зөвлөл ихээхэн үүрэгтэй хамтран оролцсонд өнөө хэр талархаж явдаг юм. Өнөөдрийн чуулга уулзалт ач холбогдол өндөртэй, сайхан үйл ажиллагаа боллоо, та бүхэндээ баярлалаа.   Д.БАЙГАЛ: Хүний нөөц, арга барилдаа түүхэн уламжлалыг эргүүлэх нь зөв юм гэсэн санал дэвшүүллээ Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирал асан, Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Д.Байгалтай ярилцлаа.     -Та төгсөгчдөд зориулан орос хэл дээр илтгэл тавьлаа. Оросын боловсролын тухайд та юу хэлэх вэ?     -Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулсан, төслийн хүчин чадалд хүргэсэн, өнөөдрийн түвшинд авчирсан бүхий л үйл ажиллагаа Зөвлөлт, Монголын найрамдлын үр шим, илрэл гэж ойлгодог. Ер нь Эрдэнэт хот тэр чигээрээ хоёр орны найрамдлын билэг тэмдэг болж явдаг. Миний өнөөдрийн ярьсан зүйлд, үндэсний мэргэжилтнүүдийг бид ямар аргаар бэлтгэв, үр дүн нь хэдий хүртэл явж байгаа, өнөөдөр ямар үр дүнд хүрэв гэдэг дээр мэдээлэл хийсэн. Улмаар хүний нөөц, арга барилдаа түүхэн уламжлалыг эргүүлэх нь зөв юм гэсэн санал дэвшүүллээ. Орос хэл, уламжлал, техник технологийн үндсэн ололтыг тээгчид гэдэг утгаараа ОХУ-д суралцаж төгссөн мэргэжилтнүүдэд гүйцэд өгч чадаагүй өгөгдлүүдийг нь өгөх ёстой. Үүний тулд төгсөгчдийн холбоо ч сайн ажиллаж, идэвхитэй байх ёстой гэж бодож байна. Чуулган дээр ахмадын ярьсан яриа, номын баялгаа солилцох санал нь холбоог нийгэмд илүү үр нөлөөтэй байхыг шаардаж байх шиг байна.    -Санал бодлоо хуваалцсан танд баярлалаа. Сайн сайхан бүхнийг хүсье.   И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг Эрдэнэтчүүд ёслол төгөлдөр тэмдэглэлээ

       Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлж, Оросын түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, залуу үеийнхэнд сурталчилан таниулахад чиглэдэг Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг Эрдэнэтчүүд өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр зохион байгуулсан хамтын ажиллагааны өдрүүдийн хаалтын үйл ажиллагаанд ОХУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Оросын хамтын ажиллагааны агентлагийн Монгол улс дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Т.Ч.Будаева, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал П.Энхбат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбат, Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймгийн салбарын тэргүүн Б.Мажинбуу нар хүрэлцэн ирснээс гадна үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд, зочид төлөөлөгчид урилгаар оролцлоо. Энэ үеэр хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны хүрээнд зохиогддог олон талын үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй оролцдог Орос 4, Монгол 8 хүнд “Найрамдлын одон”, “Халх голын ялалтын 70 жилийн ойн медаль” гардуулан, шагнаж урамшуулсан юм.     Ах, дүүгийн найрамдалт харилцааны билэгдэлт Эрдэнэт хотноо Орос 19-р сургуулийн 45 жилийн ой, Орос хэл соёлын баярыг тэмдэглэн өнгөрүүлж, 12 дугаар ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиад, орос дуу, шүлгийн уралдаан зохион байгуулан, ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн IV чуулга уулзалтыг хийсэн нь сарын ажлын цар хүрээ, ач холбогдлыг нэмэгдүүллээ. Олимпиадад оролцсон шилдэг сурагчдад ОХУ-д үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг гардуулсан нь энэ жилийн онцлох үйл явдлын нэг болсон юм. Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймгийн салбараас нийт оролцогчдод талархал илэрхийлэн, урлагийн тоглолтоор бэлэг барьснаар сарын аян амжилттай өндөрлөлөө.    И.Чинтогтох Фото: Б.Баттөгс         Дэлгэрэнгүй...
  • Орос хэлний олимпиадын аваргууд ОХУ-д тэтгэлгээр суралцах эрхээ гардлаа

       Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд Орхон аймагт зохиогдсон Орос хэлний олимпиадад Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн 12 дугаар ангийн 20 сурагч оролцож,  95 хувиас дээш амжилт үзүүлсэн байна. Тус олимпиадын аваргаар тодорсон эхний найман сурагч буюу Дархан-Уул аймгийн Б.Төгөлдөр, Э.Алтанцоож, Б.Балдандорж, Б.Амартүвшин, Б.Пүрэвчимэд,  Орхон аймгийн Ц.Марал-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Б.Баянсувд, Булган аймгийн Б.Цогдарь нар ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийн  бичгээр шагнуулав. ОХУ-д суралцах эрхийн бичгийг Орос хэл, соёлын баярын зочид гардууллаа.    Мөн Орос хэл, соёлын баярын нээлтийн үйл ажиллагааны үеэр Оросын соёл шинжлэх ухааны төвөөс Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд 1500 орчим долларын үнэ бүхий ном, сурах бичиг, үзүүлэн тараах материалыг бэлэглэлийн  гэрээгээр шилжүүлж, өгсөн байна. Түүнчлэн энэ өдөр болсон “Оны шилдэг Орос хэлний багш” шалгаруулах уралдаанд 10 багш оролцож,  Орхон, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн  нийт 6 багш ОХУ-д нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар мэргэжил дээшлүүлэх эрхийн бичгээр шагнуулав. Энэ үеэр Буриадын улсын Их сургуулийн  Г.В.Улазаева  нарын эрдэмтэн багш нар Орос хэлний багш нарт  мэргэжил дээшлүүлэх аргазүйн семинар өгч, дээрх дөрвөн  аймгийн 43 багш оролцжээ.    Сурагчдын дунд  Орос дуу, шүлгийн уралдааны дууны төрөлд  Булган аймгийн  Хутаг-Өндөр сумын сурагч А.Дөлгөөнзул, Орхон аймгийн  5-р сургуулийн “Звезда” хамтлаг,  сурагч  Д.Хулан нар эхний байрт шалгарч, Орхон аймгийн  18-р сургуулийн сурагч Н.Алаберген,  Дархан-Уул аймгийн “Союз” сургуулийн сурагч Б.Амартүвшин , А.Хулан, “5 star” хамтлаг, Булган аймгийн  “Эрдмийн өргөө” сургуулийн сурагч  Алексей Василий нар тусгай байрын шагнал хүртэв. Шүлгийн төрөлд Орхон аймгийн Орхон-Эмпати  сургуулийн сурагч С.Солонго түрүүлж, Орхон аймгийн  4-р сургуулийн сурагч П.Номин-Эрдэнэ, 1-р сургуулийн сурагч Б.Бишрэлт нар удаах байруудад шалгарсан байна.                           М.Балжинням ФОТО: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Орос хэл, соёлын баяр боллоо

         Жил бүрийн намар уламжлал болгон тэмдэглэдэг Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд Орос хэл, соёлын баярын арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тэртээх 1978 онд Монгол-Зөвлөлт хоёр орны найрамдалт харилцааны үр шимээр Эрдэнэтийн овоо газрыг түшиглэн өнөөгийн Эрдэнэт хотыг барьж байгуулсан нь манай хоёр орны урт удаан хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлж ирсэн гэж үздэг. Тиймээс Эрдэнэтчүүд энэхүү найрамдал хамтын ажиллагааны өдрүүдэд өндөр ач холбогдол өгч, Найрамдлын сарын ажлыг Оросын соёл шинжлэх ухаанаас суралцах, хүндэтгэх өдрүүд болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд Монгол-Оросын найрамдлын Эрдэнэт нийгэмлэгээс Орос хэл соёлын баярыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Технологийн сургууль дээр зохион байгуулав.    Тус баярын нээлтийн үйл ажиллагаанд Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн Ерөнхийлөгч, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Монгол улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ОХУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Оросын хамтын ажиллагааны агентлагийн Монгол улс дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Т.Ч.Будаева, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Монгол-Оросын найрамдлын Эрдэнэт  нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу нарын хүндэт зочид болон албаны бусад хүмүүс, оюутан сурагчид оролцлоо.  Энэ үеэр Монгол-Орос хоёр орны найрамдалт харилцааны үнэ цэнэ, цаашдын залгамж холбооны талаар хүндэт зочид хэлсэн үгэндээ онцолж, Орос хэл, соёлын баярын мэндчилгээг нийт оролцогчдод дэвшүүлэв.     Энэ жилийн найрамдлын өдрүүдийн хүрээнд уламжлалт арга хэмжээнээс гадна  Орос хэл соёлын баяр, төвийн бүсийн аймгуудын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиадыг зохион байгуулсан нь онцлог байв. ОХУ-д тус орны Засгийн газрын тэтгэлгээр суралцагсдын тоог нэмэгдүүлэх, ахлах ангийн сурагчдад Орос орны түүх, соёл шинжлэх ухааны талаарх мэдлэг өгөх зорилготой тус олимпиад Эрдэнэтэд анх удаа болсон нь найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийн үйл ажиллагааныг цар хүрээг өргөжүүлсэн байна. Мөн энэ өдөр Эрдэнэт үйлдвэрийн харьяа Орос 19 дүгээр сургуулийн 45 жилийн ойг тэмдэглэж, Орос хэл, соёлын баярын хүндэт зочид тус сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.                     М.Балжинням ФОТО: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Уулын “бурхад”-ын ажил урагштай...

         Эрдэнэт үйлдвэрийн эхлэл Ил уурхайн үйл ажиллагааг сурвалжлахаар уулыг зорилоо. Өвлийн улиралд хөлдүүс үүсэх аюултай учраас технологийн замыг усалж болохгүй тул тоосжилт ихтэй байна. Зам овоолгын хэсгийнхэн маргаашнаас давс цацаж, халтиргаа үүсэх, тоос босохоос сэргийлэх ажил эхлүүлэхээр агуулахаас давс зөөн нөөцөлж байхтай таарлаа. Энэ жил үйлдвэр Ил уурхайн гадаад, дотоод цахилгаан хангамжийг сайжруулахад анхаарал хандуулсан. Гадаад цахилгаан хангамжийг 35 кВт-ын дэд станцаар өргөтгөхөөр гадны компани ажиллаж байна. Шинэ он гарахаас өмнө бүх шонгуудаа босгоод, төмөр утсаа татаад авна гэнэ. Дэд станцын тоног төхөөрөмжүүд хуваарийн дагуу ирэх хавар нийлүүлэгдвэл зуны эхэн сард хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй. Харин дотоод цахилгаан хангамжийн өргөтгөл үүнээс үүдэлтэй хүлээгдэж буй учир хамт дуусах аж. Эрдэнэтийн Овоо ордоо гүйцэд ашиглахын төлөө...     Дараагийн том ажил Тэсрэх бодисын үйлдвэр барих. Тендер хоёр удаа зарлагдаад буцсан энэ бүтээн байгуулалтад хамтрах саналаа таван компани ирүүлжээ. Удахгүй ажлын хэсэг зөвлөмж шийдвэрээ гаргаж, гэрээ байгуулснаар жил дамнан яригдсан ажил биеллээ олно.    Эрдэнэт үйлдвэрийн төдийгүй Монголын уул уурхайн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төслийн талаар Б.Отгондаваа даргаас сонирхлоо. Өнөөдөр Ил уурхайн гүн 150 м байна. Цаашид  уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдэр олборлолт, уулын цул тээвэрлэлтийн зардал жилээс жилд өснө. Энэ зардлыг бууруулах зорилгоор дэлхийн зэсийн болон алтны үндсэн ордын ил уурхайнуудад түгээмэл хэрэглэдэг, одоогийн техник технологийн түвшинд шалгарсан найдвартай арга болох авто-конвейерын хосолмол тээврийн систем нэвтрүүлэх шийдвэр хэдийнэ гарсан.  Үүнийг манай Ил уурхайд нэвтрүүлснээр авто тээврийн зай хоёр дахин, ажиллах автосамосвалын тоо 38-иас 18 хүртэл буурна. Мөн нэг тонн хүдэр олборлох өөрийн өртгийг дунджаар 20 хүртэл хувиар бууруулахаас гадна жилд 20 орчим сая ам.долларын ашиглалтын зардал хэмнэх боломж бүрдэх юм. Түлхүүр гардуулах нөхцөлтэй тендер зарлагдаж, 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн түүхэн гэж хэлж болох бүтээн байгуулалтын Ажлын хэсгийг шинэчлэх тухай Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт яригджээ. Эхний ээлжинд 20 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөсөн энэхүү ажлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дэмжиж, 20 сая долларын нэмэлт санхүүжилт хийх зөвшөөрөл олгосон байна. Энэ хүрээнд ТЭЗҮ гаргах, барилга байгууламж барих бэлтгэл хангах ажлууд явагдах аж. Мөн нуруудан уусгах аргаар исэлдсэн хүдэр боловсруулах үйлдвэр барихаар Хятадын “Бэгрим” компанитай хэлэлцээр хийж, ажил ТЭЗҮ боловсруулах шатанд яваа талаар дуулгалаа.    Ил уурхайн хамт олон ордоо гүйцэд ашиглахын тулд санаачилгатай ажиллаж байна. Өмнө нь хөрс хэмээн хаягддаг байсан захын бага агуулгатай хүдрээ ялгаж, тусад нь овоолго үүсгэж буйг үзлээ. Болгар улсад 0,30 хувийн агуулгатай ядуу хүдрээс металл авалтыг 93 хувь хүртэл авдаг үйлдвэр байдаг тухай цехийн дарга ярив. Манайхаас хоёр дахин бага агуулгатай хүдрээс металл ийм сайн ялгаж авч байхад бид яагаад чадахгүй гэж гэсэн эрмэлзлэлээр ирээдүйд байгуулж болох үйлдвэр рүүгээ чиглэсэн ажил ундрааж байгаа нь энэ. Орон нутагт техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлсээр...     Бид Зам, овоолгын хэсгийг зорилоо. Уулын замчид энэ жил техник шинэчлэлийн хүрээнд авто грейдер, жижиг оврын экскаватор, гинжит болон дугуйт бульдозероор хүч сэлбэжээ. Одоо 30-аад техниктэйгээр овоолго байгуулах, зам засах ажил гүйцэтгэж байна. Захиалсан сэлбэг материал хараахан ирээгүй ч өмнөх оны нөөцөө ашиглаад хэвийн ажиллаж байгаа гэлээ.  Дугуйт техникийн гараашийг сэргээн засварлаж буй бололтой, металл хийц сарайн харагдана. Энд гаднын байгууллага 50 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Шинэ оны өмнө гараашийг хүлээлгэн өгөх гэнэ. Тус хэсгийнхэн Эрдэнэт үйлдвэр, Орхон, Булган аймгийн хамтын ажиллагааны хүрээнд зэргэлдээ сумдын зам, даваа засах ажил гүйцэтгэдэг. Энэ жил гэхэд Булганы Орхон, Бугат, Могод сум руу явдаг зам, давааг хусч зассан байна. Түүгээр ч зогсохгүй цас их орж, орон нутгийн болон улсын чанартай зам хаагдахад  нийгмийн хариуцлагын үүднээс санаачилгатай ажилладаг. Хоёр жилийн өмнө Сэлэнгийн Баруунбүрэн хүртэл автогрейдерээр цас хуссан удаатай. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болсноос хойш зам, даваа засуулах хүсэлт бүр их ирэх болжээ. Зам овоолгын хэсгийн дарга Н.Мөнхбаяр сүүлд ирсэн, 1,2 кубын шанагатай жижиг оврын экскаватороо тусгайлан “гайхуулав”. Энэ техникийн шид нь шанагыг цохилттой алхаар сольж, олон үүрэг хослон гүйцэтгэдэг давуу талтай. Уурхайд суваг шуудуу ухах, элс хайрга ачихад шанага хэрэглэдэг бол өвлийн улиралд тэсэлгээгээр үүссэн хөлдүүс, овор ихтэй чулууг бутлахдаа цохилттой алх  ашигладаг байна. Өвөл тэсэлгээгээр хөлдүүс гарч, Баяжуулах үйлдвэрийн бутлуур бөглөрөх эрсдэл үүсдэг. Үүнээс сэргийлж тэсэлгээний дараа газар дээр нь бутлалт хийх үүднээс уг техникийг захиалсан нь үр дүнгээ өгч эхэлжээ.  Хоёр асуудал байна      Дараагийн “өртөө” Өрөмдлөгийн хэсэг. Эрдэнэт үйлдвэрт 27 дахь жилдээ хөдөлмөрөө зориулж буй өрмийн машинч Д.Батзоригт энэ өдөр ууланд ажиллаж байлаа. Туслах машинч нь холгүй яваа гэнэ.  Гадаа цаг агаар жихүүн, салхины эрч ширүүн байсан ч тэр ажирсан шинжгүй, тоос татуулан өрмөө эргүүлнэ. Тэргүүний уурхайчин маань “Зуны аагим халуун, өвлийн тэсгэм хүйтэн ялгалгүй уулын мухарт ажилладаг уурхайчид бид амь сэтгэл нэгтэй хүмүүс. Дараагийн ээлжиндээ техникээ бүрэн бүтэн хүлээлгэн өгөхийн төлөө хичээн ажилладаг. Эвдрэлд дөхсөн, нэг эрэг боолт унасан ч тэрийг бие биедээ хэлж эрсдэлээс сэргийлдэг. Сүүлийн үеийн өрөм мэдрэмж өндөртэй, нарийн тохиргоотой, ухаалаг болсон. Тэр хэрээр ажилчнаас мэдлэг, ур чадвар шаардаж байна” гэж ярив. Ил уурхай оны төгсгөлд өрмийн нэг машин авах аж. Ирсэн даруй нь 21 хоногийн хугацаанд угсраад ажилд гаргах төлөвлөгөөтэй. Сүүлийн үед Ил уурхайн өрөмдлөг дээр хоёр асуудал үүсэх болж. Эхнийх нь өрмийн штангаа засварлаж чадахгүйд хүрсэн явдал. Учир нь штанг нөхөн засварладаг суурин тоног төхөөрөмжүүд болох токарийн машин, гагнуурын аппарат хэт хуучирч ашиглах аргагүй  болжээ. Үүнээс болоод өрмийн штангны зарцуулалт нэмэгдэж, зардал өсч буй. Дараагийнх нь өрмийн чанаргүй хошууны асуудал. Нэг хошуугаар 2600 м өрөмдөх учиртай. Гэтэл сүүлийн үед ирж байгаа хошуугаар 1000 хүрэхгүй метр өрөмдөөд элэгдэх болж. Эхнийх нь чанартай, дараагийнх нь чанаргүй болж ирээд байгаа тул шууд үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулах, үнэ буулгах асуудлыг Хангамжийн хэлтэстэй ярьж байгаа гэнэ. Хувийн норм нь хэтэрлээ ч үнийн дүнгээрээ үйлдвэрт үр ашигтай байвал цаашид ашиглах боломжтой.     Өрөмдлөг явагдаж буй газраас саахалтын зайтай тэсэлгээнийхэн ажиллаж харагдана. Улаан туг хатгаж заагласан тэсэлгээний талбайд сэтгүүлч байсан ч орох хориотой тул холоос ажиглалаа. Өрмийнхний бэлтгэсэн нүхийг тэсрэх бодисоор цэнэглэснээр тэсэлгээ явагддаг. Эднийх тэсрэх бодисын холин цэнэглэгч машин ондоо багтаж авах гэнэ.    Гэртээ байх цаг нэмэгдсэнд баяртай байна Энэ өдөр уурхайн мөргөцөгт есөн экскаватор ажиллаж байна. Тэд бүгд цахилгаанаар ажилладаг. Хамгийн сүүлд ажилд гарсан, шинэхэн ЭКГ-12 К холоос өнгөтэй, бараатай үзэгдэнэ. Ил уурхай хоёр экскаватор энэ жил авч ашиглалтад оруулсан. Ирэх онд дахин нэгийг авна. Сонирхол хөдлөөд ЭКГ-12 К экскаваторын бүхээг өөд авирч гараад яг л айлд зочилж буй мэт “Сайн байцгаана уу?” гээд орж явчихлаа. Бүхээг нь дотроо зайтай, ардаа амрах өрөөтэй, халуун, хүйтнээр үлээдэг төхөөрөмжтэй, тун тохитой юм. Туслах нь “хоёр дахь гэр”-ээ шүүрдсэн шигээ дулаахан сайхан угтав. Экскаваторын машинч Г.Ганбаяр, түүний туслах С.Одонбаатар нартай уулзаж цөөн хором ярилцлаа. Г.Ганбаяр “Би Эрдэнэт үйлдвэртээ 13 жил ажиллаж байна. Долоон жил нь туслах хийсэн. Энэ миний хоёр дахь экскаватор. Өмнөхөө бодвол тав тухтай, хүчин чадал илүү болж ирсэн. Бүх үйлдэл нь компьютержсэн. Өглөөнөөс хойш 20-иод рейс ачаад байна. Ээлжийн 12 цагийн хуваарьт шилжсэн нь маш их таалагдаж байгаа. Гэртээ байх цаг хугацаа нэмэгдсэнд баяртай байна” гэв. С.Одонбаатар: “Би өмнө нь Баяжуулах үйлдвэрт гагнуурчин байсан. Үйлдвэрт 14 дэх жилдээ ажиллаж байна. Гагнуурын тавдугаар зэрэгтэй. Хос мэргэжилтэй болох зорилго тавиад ажиллаж байна. Шаардлагатай үед өрөм дээр хүртэл дуудагддаг. Туслах машинч экскаватороо цэвэрлэнэ, тосолгоо үйлчилгээ хийнэ, машинистынхаа гарыг амрааж зарим үед жолоо барина. Энэ кабин дотроо л хоёулаа бүхий л бодол санаагаа хуваалцаж, жаргал, зовлон ярьж амьдарна шүү дээ. Миний хамт олон цагийг ягштал баримталдаг нь бахархалтай санагддаг” гэж ярьсан юм. Уулын “бурхад” маань үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтийг  100,3-107 хувиар биелүүлж явна. Уурхайчид гэдэг эгэл боргил, цаанаа л нэг даацтай сайхан хүмүүс санагддаг. Уулаа шүтэж, хаана ч явсан уулаа санаж, ууландаа л жаргах уурхайчдын ажил урагштай байна.     М.Одгэрэл ФОТО: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Д.АЛТАНТУЯА: Бид буурцагт ургамлаас гаргасан эко жүүсийг эх орондоо үйлдвэрлэнэ

        “Эрдэнэтээ дэмжье” булангийн ээлжит зочноор “Эрдэнэс”, “iEco” цэвэр усаар орон нутгийн хэрэглэгчдэд эчнээ танил болсон “Ранчо” ХХК-ийн захирал Д.Алтантуяаг урилаа. “Өдөр бүр шинэ” хэмээн ялгарах өнгө төрхөө тодотгосон тус компани Орхон аймагт 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бизнесийн салбарыг хатан ухаанаар чимж яваа захирал Д.Алтантуяагийн “Нугарчихгүй, хугарчихгүй, буцчихгүй юмсан” гэсэн үзэл бодлын үр шим өнөөдөр олонд танигдсан брэнд бүтээгдэхүүн болсныг энд онцолъё. Усны бизнесийг өргөжүүлэх нэг томоохон алхам нь эрүүл мэндэд тустай эко жүүс гэдгийг тэрээр хэллээ. Орхон аймагт төдийгүй Монголдоо анх удаа буурцагт ургамлын жүүс үйлдвэрлэхээр зорьсон сонирхолтой ярилцлагыг бэлтгэн хүргэж байна.      -ЦЭВЭР УСНЫ БИЗНЕСТ АНХ ХЭРХЭН ОРСОН БЭ? ЗАХ ЗЭЭЛИЙН БАГТААМЖАА ХЭРХЭН ОЛЖ ХАРАВ?    -Би эдийн засагч мэргэжилтэй. 2005 онд компани байгуулж, орон нутагтаа ямар үйлдвэрлэл эрхлэх вэ гэж их бодсон. 2012 оны 5 дугаар сард цэвэр усны үйлдвэрлэлийн төслийг судалгааны шатанд эхлүүлж, нэг сарын турш Улаанбаатарт судалгаа хийж, урд хөршөөс тоног төхөөрөмжөө судалсан. Улмаар гүний худагтай болж, усны салбарт оръё гэж эргэлт буцалтгүй шийдэж билээ. Ингээд 12 дугаар сард сайн түншүүдтэй таарснаар тоног төхөөрөмжөө оруулж ирж угсран, үйлдвэрээ байгуулсан. Цэвэр усны зах зээлийн багтаамж нь Орхон аймгийн хувьд бага ч гэлээ ойролцоох аймгуудад нийлүүлэх боломжтой гэж анх харсан. Тухайн үед орон нутгийн зах зээлд Улаанбаатарын томоохон компаниудын цэвэр ус байсан бол өнөөдөр Орхон аймаг жижиг савлагаатай ус үйлдвэрлэдэг хоёр ч компанитай боллоо. Энэ бол бидний дэвшил гэж харж байна. “Эрдэнэс”, “iEco”усаа иргэд, олон нийтэд таниулахын тулд сүүлийн 3 жилийн турш хоёр томоохон бөөний цэгээр худалдаанд гаргаснаар борлуулалт сайжирч, Эрдэнэтийнхэн ч таньдаг, мэддэг боллоо. Нэг үеэ бодоход хүн бүр эрүүл байя гэж ярьдаг, ус ямар бүтэцтэй, хүнд ямар ашиг тустайг мэддэг болжээ.    -“ЭРДЭНЭС”, “IECO” ГЭСЭН ХОЁР НЭРЭЭР ЗАХ ЗЭЭЛД ГАРГАДАГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ВЭ? МАРКЕТИНГИЙН БОДЛОГО УУ?    -Анх хоёр нэр авчихсан учраас аль алийг нь ашиглаж байна. Удахгүй мэндлэх буудайн жүүсээ “iEco” нэрээр нэрлэж, цэвэр усаа “Эрдэнэс”-ээр гаргахаар төлөвлөсөн.  Цэвэр усны зах зээлийн судалгаагаа өөрөө хийж, компанийн маркетинг, менежментийг охиндоо даатган ажилласан. Бид үйлдвэрийнхээ өргөтгөлийг хийснээр сүүлийн 2 жилийн хугацаанд бүх төрлийн ус савлах хүчин чадалтай болж, бөөний төвүүдтэй хамтран Булган аймагт цэвэр ус нийлүүлж байна.       -ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТЭЙ ХЭДИЙ ХУГАЦААНД ХАМТРАН АЖИЛЛАВ?     -Цэвэр усны үйлдвэр маань бүрэн хүчин чадлаараа ажиллахад өдөрт 0.5, 1.5, 5 литрийн савлагаа бүхий 5 тонн ус үйлдвэрлэх боломжтой. Гэвч энэ хэмжээнд хүрэх болоогүй л байна. Өнөөдрийн байдлаар бид өдөрт дунджаар 1.5-3 тонн ус үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэхийн зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хор саармагжуулах бүтээгдэхүүний цэвэр усаар ханган ажиллаж байна. Манай компани 2017-2019 онд Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулан ажиллаж, хангалттай сайн үүргээ биелүүлсэн. Тэр ч утгаараа найдвартай харилцагч түнш болж, 2019 онд шинэ гэрээний дагуу өдөр бүр шинээр шүүж савласан 2000-3000 ширхэг цэвэр ус нийлүүлж байна. Уурхайчид сэтгэл хангалуун байгаад баярладаг.     -УСНЫ СТАНДАРТ ШААРДЛАГА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН ТУХАЙД ЮУ ХЭЛЭХ ВЭ?     -Үйлдвэр шат дамжлагатай байх ёстой. Крантны болон үйлдвэрийн ус нь харагдах байдлаараа ялгарахгүй ч амт нь өөр. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн ус зөөлөн амттай байдаг. Манайх 60 метрийн гүний усыг нүүрс, чулуу, мембран, кварц, зэс хоолой гэсэн 5 дамжлагаар шүүж, эцсийн бүтээгдэхүүн болгон савлаж байна. Энэ бүх дамжлага нарийн хяналттай байдаг учраас гаднаас нөлөөлөх хүчин зүйлгүй, бүгд автомат ажиллагаатай. Усны стандарт гэж бий. Үүнд Мэргэжлийн хяналтын газраас тавьсан стандартыг мөрдөж ажилладаг. Орхон аймгийн МХГ-аас хийсэн өнгөрсөн хаврын шалгалтаар бүх үзүүлэлтээ хангахад, “Танайх жишиг компани болж байна шүү” гэсэн таатай мэдээг дуулгасан.     -ӨЧИГДРӨӨС ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ТУУЛСАН ЗАМАА ХАРАХАД БАХАРХАХ ЗҮЙЛ НЬ ЮУ БАЙДАГ ВЭ?     -Хамт олон, бүтээн байгуулалтаараа бахархдаг. Үйлдвэрийнхээ хашаанд орж ирээд харах хамгийн сайхан. Энэ бүхнийг босгоход надад шантрах зүйл олон байсан. Харин өнөөдөр сэтгэл тэнүүн сууж байгаа минь л аз жаргал юм даа.     -БОЛОВСОН ХҮЧНЭЭ ТОГТВОРТОЙ АЖИЛЛУУЛАХАД ХЭРХЭН АНХААРДАГ ВЭ?     -Манай компанид инженер техникийн ажилтнуудтай нийлсэн 18 хүн ажиллаж байна. 2012 оноос өнөөг хүртэл тогтвор суурьшилтай ажилласан 7 хүн бий. Эхнээсээ тэтгэвэртээ гарч байна. Тогтвортой ажиллана гэдэг нь нэг талаар тухайн компанийн үнэ цэнэ юм болов уу гэж би боддог. Хүнийг тогтвортой, бүтээмж өндөртэй, урт хугацаагаар нэг байгууллагад ажиллуулна гэдэг амаргүй. Тухайн ажилтны төдийгүй ар гэрийнх нь өмнө үүрэг хүлээсэн хүн гэж бодохоор нугарах, хугарах, буцах эрх надад байдаггүй.     -ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХ САНАА БИЙ ЮУ?     -“Эрдэнэс”, “iEco”усыг Эрдэнэтийнх гэдгээр нь мэддэг боллоо. Улаанбаатар хотод үзэсгэлэнд оролцож байхад “Ээжээ, энэ манай ус байна. Бид нар дандаа уудаг байсан. Үнэхээр гоё ус” гээд “Найрамдлын Эрдэнэс” зуслангийн амрагч хүүхдүүд ус авч байхыг хараад “Хүмүүс таньдаг болж дээ” гэж бодогдсон. Тэр хүүхдийн сэтгэлд үнэ цэнээ бий болгосон ус маань хэрэглэгчээ аль хэдийнэ бэлдээд эхэлжээ. Тэгэхээр цаашид юу хийх, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хор саармагжуулах бүтээгдэхүүнд юу байж болох вэ гэдэг дээр чамгүй хугацаанд судалгаа хийж ажиллалаа. Орон нутагтаа тэдгээр бүтээгдэхүүнийг хийж болно гэж харсан. Судалгааныхаа дүнд буурцагт ургамлаас жүүс гаргах технологийг амжилттай туршиж, үйлдвэрлэхэд бэлэн болоод байна. Яг өнөөдрийн байдлаар сав баглаа боодлоо тодорхой шийдээгүй боловч эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт хүрэхэд ойрхон байгааг дуулгая. Буурцагт ургамлаас жүүс гаргах технологийг Турк, Болгарт өргөн ашигладаг юм билээ. Болгараас гаралтай бүтээгдэхүүн гэж үздэг. Жүүс нь хүний биед нэн сайн, элэг баярлуулах бүтээгдэхүүн гэдгийг судалгаагаар нотолчихсон. Мөн Эрдэнэтдээ цэвэр жимсний жүүс хийх санаа бий. Хөвсгөл, Булган аймгаас байгалийн жимс худалдан авч түүхий эдээ бэлтгэх өргөн боломж Эрдэнэтийнхэнд байна гэж хардаг. Үйлдвэрлэлийн байраа өргөтгөсний дараа энэ ажлаа шууд эхэлнэ. Шинэ бүтээгдэхүүн гаргах амаргүй ч бид амжилттай яваа.     -ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДАГАЖ АЖЛЫН БАЙР НЭМЭГДЭХ ҮҮ?     -Эко жүүсний үйлдвэр нээгдэхэд хамгийн багадаа 5-6 ажлын байр бий болно. Харин байгалийн цэвэр жимсээр жүүс хийгээд эхэлчихвэл 5-10 хүнийг дахин ажлын байртай болгохоор төлөвлөж байна. Жүүсний үйлдвэрийг алсын зорилго болгосон ч 2020 он гэхэд хийх том даалгаврыг өөртөө өгсөн. Хаанаас тоног төхөөрөмж оруулж ирэхээ судалж байна.     -ОРОН НУТГИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧ БАЙХЫН ЭЕРЭГ БА БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ ЮУ ВЭ?     -Орон нутагт үйлдвэрлэгч байх нь сэтгэлд амар, стресс багатай. Хэрэв бид Улаанбаатарт ажиллаж байсан бол хүргэлтэндээ багагүй хугацаа зарцуулах байсан. Эрдэнэтдээ 1-3 цагийн дотор захиалгаа хүргэхийг эрмэлздэг. Бизнес эрхлэгчдэд тулгамддаг гол зүйлийг банкны зээл гэж харсан. Зовлон ярья гэвэл бизнес эрхэлж байгаа бүх хүн л ярина. Гэхдээ тэр бүгдийг үүрсээр өнөөдрийг хүрч, асуудлыг даван туулаад сурчихсан. тиймээс надад бэрхшээж, эндээс зугтъя гэсэн бодол төрж байсангүй.     -ХЭРЭГЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДДЭЭ ХАНДАН ТАНЫ ХЭЛЭХ ҮГ?     -Цэвэр усыг нэг талаас нь харахад бизнес боловч нөгөө талдаа хүний өдөр тутмын хэрэглээ байдаг. Тиймээс зөв бүтэцтэй, эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн хүргэхийн тулд манай хамт олон хичээн ажиллаж байна. Долоон жилийн турш бидэнтэй хамт байсан хэрэглэгчиддээ баярласнаа илэрхийлье. Баялаг бүтээгч уурхайчиддаа баярлалаа. Бид цаашдын алхамаа та бүхнийхээ оролцоотой хийж, Монголын зах зээлд шинэ бүтээгдэхүүн “нутагшуулахад” хамтран ажиллахдаа таатай байх болно. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Сурталчилгаа

     Монгол Улсын эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн Эрдэнэт үйлдвэр  та бидний анхаарлын төвд байнга байдаг онц чухал объект. Энэ ч утгаараа тус үйлдвэрийн талаар яригддаг аливаа асуудлаар үнэн бодит мэдээлэл авахыг, гол эх сурвалжуудын тайлбарыг олон нийт цаг ямагт хүсдэг. Иймд сүүлийн үед үйл явдлын халуун цэг болж байгаа тус үйлдвэрийн талаархи мэдээллийг уншигчдадаа хүргэхээр“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)  Х.Бадамсүрэнтэй уулзаж ярилцлаа.


“БИ УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХҮН, ТӨРИЙН ХҮН”  

    - Бадамсүрэн гэдэг хувь хүн талаасаа ч, таны удирдаж буй Эрдэнэт үйлдвэр ч ялгаагүй сүүлийн хоёр сар үйл явдлын халуун цэг, дуулиан шуугиан дунд байлаа. Одоо үйлдвэрийн статус өөрчлөгдөж, Төрийн өмчит үйлдвэрийн газар болчихлоо. Хэдийгээр ийм өөрчлөлтүүд хийгдсэн ч Та энэ том айлыг үргэлжлүүлэн удирдахаар томилогдсонд баяр хүргэе ээ.
     - Баярлалаа.

     - Үнэнийг хэлэхэд, үйлдвэрийн статус өөрчлөгдөх шийдвэр гарахтай зэрэгцээд Таныг бас солигдох нь гэсэн яриа хөөрөө олон нийт төдийгүй салбарынхан дунд өрнөсөн.  Гэхдээ ийм зүйл болсонгүй.  Хамгийн гол нь, Эрдэнэт үйлдвэрийг сүүлийн хоёр жил дараалан түүхэндээ бичигдээгүй өндөр үр ашиг, үйлдвэрлэл, эдийн засгийн дээд үзүүлэлттэй удирдсан, мөн уул уурхайн салбар дахь мэдлэг, туршлагыг тань Засгийн газар, Ерөнхий сайд үнэлсэн болов уу гэж харж байна?  
    - Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн гуравдугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ХХК статусын хувьд өөрчлөгдөж, ТӨҮГ боллоо. Засгийн газар намайг  үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэлээ. Энэ нь миний мэргэжил, мэдлэг, уул уурхайн салбарт ажилласан дадлага, туршлага болон Эрдэнэт үйлдвэрийг сүүлийн хоёр жил амаргүй хугацаанд удирдсан ажлын үр дүнг  харгалзаж, шийдвэр гаргасан байх.
   Ер нь үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн жигд, тасралтгүй явуулах, тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна даа. Миний хувьд тасралтгүй, байнгын ажиллагаатай энэ том үйлдвэрийг мэргэжлийн болон зохион байгуулалтын өндөр түвшинд удирдаж, технологийн горим, ажлын хариуцлага, сахилга дэг журам, тэрчлэн ам, ажлын нэгдлийг ханган ажиллах нь өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж, зорилгодоо хүрэх үндэс болно гэж үздэг.  Энэ нь ч өнгөрсөн жил үйлдвэр маань  40 жилийн түүхэндээ үйлдвэрлэл, эдийн засгийн хамгийн өндөр үр ашигтай ажиллах гол хөшүүрэг боллоо. Мэдээж уурхайчид хамт олны  минь  хичээл зүтгэл, бүтээлч үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Манай хамт олон 2017, 2018 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг 102-152 хувиар биелүүлсэн. Хүдэр дэх зэсийн агуулга 2018 онд үйлдвэрийн 40 жилийн хугацаанд хамгийн бага буюу 0.480 хувь байхад зэсийн металл авалтыг 89.49 хувьд хүргэж, түүхэн дээд үзүүлэлт тогтоосон. Түүнчлэн 2019 оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг 100-113 хувиар биелүүлээд, ажиллаж байна.
     Эрдэнэт үйлдвэр нь 2016 онд 184 тэрбум, 2017 онд 580 тэрбум, 2018 онд 655 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт тус тус төвлөрүүлсэн. Мөн энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 251 тэрбум төгрөг төсөвт оруулаад байна.
     Өнгөрсөн 2018 онд борлуулалтын орлого 2.0 их наяд төгрөгт хүрсэн нь 40 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Үйл ажиллагааны үр дүнтэйгээ уялдуулан ажилтнуудынхаа цалин, урамшууллын санг 2017 онд 10-20 хувиар хоёр удаа, 2018 онд 15 хүртэл хувиар нэмлээ. Цаашид бидэнд хийх ажил их бий. Ирэх тавдугаар сарын 1-нээс үйлдвэрийн хэмжээнд бүтээн байгуулалтын олон ажлууд эхэлнэ. Энэ том ажлын угтал болгож, баялаг бүтээгч уурхайчдынхаа цалинг нэмэхээр үндэслэл тооцоо, судалгаа гаргаж байна.

     - Та ингэхэд хэний хүн бэ?
     - Намайг Хоохорын Бадамсүрэн гэдэг шүү дээ. /инээв/

    - Уучлаарай, арай өөр утгаар гэх үү дээ. Албан тушаалд очиход ч юм уу, ер нь л бүх зүйлд дэмжлэггүй хүн явдаггүй болсон цаг юм биш үү?
     - Ойлгож байнаа. Таны асуултанд хариулахын тулд өөрийнхөө талаар хэдэн үг хэлэх ёстой юм болов уу. Би уул уурхайн инженер-маркшейдер мэргэжилтэй хүн. ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг төгсөж, уул уурхайн салбартай  хувь заяагаа холбосон доо. Дараа нь ОХУ-ын Өнгөт металлургийн яамны дэргэдэх Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтын Удирдлагын дээд курсыг дүүргэсэн. Мөн АНУ-ын Колорадо мужийн Боулдер хотын эдийн засгийн дээд сургуульд англи хэл, эдийн засаг, удирдлагын чиглэлээр, АНУ-ын Денвер хотын “The bridge International” сургуульд бизнесийн англи хэлний чиглэлээр тус тус  мэргэжил дээшлүүлсэн. 1999  онд   ОХУ-ын   Москва  хотын  Уул  уурхайн  их  сургуульд  Техникийн  ухааны  докторын  /Ph.D/, 2004 онд мөн сургуульд Техникийн  шинжлэх  ухааны  докторын /Sc.D/ зэрэг хамгаалсан.
     Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд мэргэжилтнээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, уул уурхайн салбарт тасралтгүй 32 жил, түүний дотор төрийн яаманд 12 жил, УИХ-ын гишүүнээр сонгогдон дөрвөн жил ажиллалаа. Уул уурхайн үйлдвэрлэлд 15 дахь жилдээ ажиллаж байна даа. Ингээд бодохоор би төрийн бодлогоор бэлтгэгдсэн уул уурхайн салбарын хүн, төрийн хүн.

     - Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлаар Эрдэнэт үйлдвэрийн асуудал ороод удаагүй байна. Ямар асуудал хөндөгдсөн бэ? Та олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх үү?
     - Монгол Улсын Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн дүрмийг баталж, Төрийн өмчит үйлдвэрийн газар болгосон. Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлаар зохион байгуулалтын бүтэц, 2019 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг баталж өглөө.  Эрдэнэт үйлдвэр маань алсын хараа, эрхэм зорилго, ирээдүйн хөгжлийн үндсэн чиглэлээ хэрэгжүүлэхэд ажлын уялдаа холбоо нь хангагдсан, оновчтой, боломжийн зохион байгуулалт бүхий шинэ бүтэцтэй боллоо. Батлагдсан бүтцийн дагуу зохион байгуулалтын ажлууд хийгдэж дууслаа. Эрдэнэт үйлдвэрийн 2019 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг өнгөрсөн оныхоос бууруулалгүй, хүрсэн түвшингээ хадгалахаар батлуулаад  ажиллаж байна.  

     - Яг энэ асуудалтай холбогдоод олны анхаарлыг татсан олон асуулт хөврөх шинжтэй. Бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдлөө. Ер нь халаа сэлгээ хэр хийгдэх вэ. Ингэхэд улс төрийнхний зүгээс шахалт, дарамт ирж байна уу?
     - Зөвхөн томилгоо гэлтгүй, үйлдвэрийн үйл ажиллагаатай холбогдуулан энд тэндээс дарамт шахалт үзүүлдэг асуудал байхгүй дээ. Энэ удаагийн томилгоонд харин ч  улс төрийн болон төр засгийн шахалт байгаагүй ээ. Удирдах ажилтныг томилохдоо мэргэжил, мэргэшсэн байдал, тухайн хамт олон дундаа хүлээн зөвшөөрөгдөх, ёс зүйтэй байх, ажилдаа хандах хандлага, хариуцлага зэргийг гол шалгуур болгосон.  Ер нь бол мерит зарчим баримталсан. Тэгээд ч уул уурхайн үйлдвэрийн онцлог гэж бий. Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтан, ажилчдын нас харьцангуй залуужиж байна. Нийт ажилтны 65 орчим хувь нь 40 хүртэл насныхан байх жишээтэй. Баг, хамт олны хувьд хүнээ сургах, дадлагажуулах, залгамж халаагаа бэлдэхэд бодлоготой ажиллах ёстой. Баг болж ажиллах, баг бүрдүүлэх гэдгийг би өргөн утгаар нь хардаг. Энэ үйлдвэрт ажиллаж байгаа 6500 гаруй ажилтан, ажилчид бүгд л миний багийнхан. Тиймээс батлагдсан бүтцийн хүрээнд боловсон хүчний дотоод нөөц бололцоогоо ашиглан мэргэжлийн, дадлага туршлагатай, ажлаа мэддэг, зөв хүмүүсийг бүх шатанд томилсон гэж ойлгож байгаа. Залуучуудад нэг талаас карьер өсөх боломж олгож, нөгөө талаас ачаа, хариуцлага үүрүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь, цаашид бид улам эрч хүчтэй, үр бүтээлтэй, хүнд сурталгүй, цэгц шударга ажиллах нь чухал. Эрдэнэт үйлдвэрт Монголчууд хайртай. Энэ үйлдвэртэй ажил амьдралаа холбоно гэдэг хүн бүхэнд тохиогоод байх хувь заяа биш учраас уурхайчид, хамт олон маань энэ сайхан үйлдвэрээ нүдний цөцгий мэт хайрлаж эрхэмлэдэг байгаасай. Бүхий л талаараа үүрэг хариуцлагаа өндөрт ухамсарлаж, хичээж ажиллаасай гэж боддог.

    - Эрдэнэт үйлдвэрийг хамтарсан үйлдвэр байхад Орос мэргэжилтнүүд олноороо байсан. Эдүгээ 100 хувь үндэсний үйлдвэр боллоо. Орос мэргэжилтнүүд  таны баг хамт олон дунд одоо бий юу?
    - Уул уурхайн энэ том үйлдвэрийг барьж байгуулах, өдий зэрэгт хүргэхэд яах аргагүй ЗХУ-ын Засгийн газар, оросын ард түмний дэмжлэг туслалцаа их байсан. Тэр ч утгаараа өнөөг хүртэл Орос мэргэжилтнүүд маань ажиллаж байгаа. 300 орчим хүн бий.  Үйлдвэрийн дэргэд орос цэцэрлэг, сургууль, эмнэлэг ажиллаж байна. Бид аль ч цаг үед орос ах нар, анд нөхдөө мартах учиргүй.

     - Эрдэнэт үйлдвэрийг ТӨҮГ болгосноор шахааны бизнес цэцэглэнэ гэх яриа байна. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ?
    
- ТӨҮГ болсноор шахааны бизнес цэцэглэнэ гэсэн хардлага, яриа хөөрөө байх шиг байна. Худалдан авалт, хангамжтай холбоотой мэдээлэл уг нь ил тод байгаа шүү дээ. 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 130 гаруй гэрээ байгуулагдаж, 93 орчим сая ам.долларын үнийн дүн бүхий худалдан авалт хийгээд байна. Эдгээр ажлууд бүгд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу зохион байгуулагдаж байгаа. Худалдан авалтын үйл ажиллагаа буюу тендер шалгаруулалт хуулийн хүрээнд олон нийтэд нээлттэй.  Бүх тендерийн урилгыг өдөр тутмын сонин хэвлэлд нийтлэхийн зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрийн www.erdenetmc.mn  цахим хуудсанд байршуулдаг тул сонирхсон хүнд  оролцох боломж бий.  Ер нь төрд шилжихээр муу болчихно гэж юу байхав, төр муу менежер гэдэгтээ би санал нийлдэггүй хүн. Үүнийг үйл ажиллагаагаараа харуулна.
 

АРБИТРЫН ШИЙДВЭР ҮЙЛДВЭРТ ХАТУУ ТУСЧ БАЙСАН

     - Тантай уулзчихаад Стандарт банкны асуудлыг хөндөхгүй байж болохгүй байх аа. Үйлдвэр удирдаж байгаа цаг хугацаанд тань хамгийн хүнд асуудал Стандарт банктай холбоотой өр төлбөр мэдээж байсан биз ээ. Элдэв хардлага, сэрдлэг дунд яваа ч гэлээ тус банкны өр төлбөрийн ард гарчихлаа?
    - Эрдэнэт үйлдвэртэй холбоотой нэлээд дуулиан шуугиан тарьсан асуудал бол яах аргагүй Стандарт банкны хэрэг байлаа. Намайг энд томилогдож ирэх үед л толгойны өвчин болсон амаргүй, маш ярвигтай асуудал байсан даа. Олон улсын Арбитрийн шүүхээс гаргасан шийдвэр нь үйлдвэрт үнэхээр хатуу тусч байв. Английн хууль тогтоомж чанга юм. Энэ төлбөр тооцоог хийхгүй бол үйлдвэрийн мөнгөн урсгалыг царцаах, үндсэн хөрөнгийг битүүмжлэх, үйлдвэрийн удирдлагын үйл ажиллагааг хязгаарлах, хорих цагдах гээд эрсдэл дагуулсан олон асуудал үүсэх байлаа. Стандарт  банкны зүгээс өр төлбөрийг гуравдагч этгээдэд зарах асуудлыг хүртэл хөндөж байсан юм билээ.  Ийм нөхцөл байдал үүсвэл Эрдэнэт үйлдвэрт маш их аюул, эрсдэл нүүрлэх байсан. Үйлдвэртэй харилцдаг компаниудад “Бидний болон тэдгээр компанийн үйл ажиллагааг хязгаарлах, царцаах тухай Английн Арбитрийн шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн бичиг хүргэгдсэн” байдаг. Энэ бол аюулын дохио байлаа. Тиймээс хурдан, яаралтай арга хэмжээ авахаас өөр арга зам байгаагүй.
     Хамгийн гол нь үйлдвэртээ хор хохирол багатайгаар, улс орныхоо нэр хүндэд сөрөг үр дагавар гаргахгүйгээр шийдвэрлэхийн төлөө л дээр дооргүй ажилласан. Юуны түрүүнд хоног тутам өсөн нэмэгдэж байгаа хүүг зогсоох, Олон улсын Арбитрийн шүүхээр шийдэгдсэн мөнгөн дүнг багасгах асуудлаар олон сар хөөцөлдөж  явсны эцэст бид хүү торгууль, алданги нийлээд 115 сая орчим ам.долларын төлбөр яригдаж байсныг бараг гурав дахин бууруулж, 40 сая ам.доллар төлөөд өр төлбөр, хүү торгуулийг бүрэн хаалаа.  Эрдэнэт үйлдвэр гадаад талдаа өр төлбөргүй болж,  бид нэр төрөө цэвэрлэж чадсан.  Хамгийн гол нь бид энэ өр төлбөрийг төлөөгүй бол ямар эрсдэл үүсэх байсан бэ гэдгийг манай ард түмэн ойлгоно байх аа. Эрсдэл Монголын төрд ч,  Эрдэнэт үйлдвэрт  ч байсан. Түүнээс л бид улс орноо, үйлдвэрээ хамгаалсан хэрэг.  

     - Ингэхэд “Ocean Partners” гэж ямар учиртай компани юм бэ? Яг 40 сая ам.доллар төлсөн үү, эсвэл зэсийн баяжмалаар төлбөр хийчив үү гээд элдэв хардлагаар чамгүй нүдүүллээ. Та бүхний зүгээс дор нь хариу тайлбар өгөөгүй. Учиртай л байсан биз?
     - Энэ асуудалд маш нухацтай хандах хэрэгтэй байв. Стандарт банкинд 40 сая ам.доллар төлөгдмөгц  тухайн банкны зүгээс шууд хариу өгөх боломж байдаггүй юм билээ. Ямар ч гадаад төлбөр тооцоонд тодорхой хугацаа шаарддаг. Их нарийн, олон шат дамжлагатай юм. Энэ зарчмаар л процесс өрнөсөн.
     Эрдэнэт үйлдвэрийн тухайд 10 гаруй трейдер компанитай харилцдаг. Тэдний нэг “Оcean Partners” нь дэлхийн зах зээл дээр  ашигт малтмалын гаралтай бүтээгдэхүүний  худалдаанд дээгүүрт эрэмбэлэгддэг томоохон трэйдэр компани юм. Эрдэнэт үйлдвэртэй  олон жил хамтран ажилласан түүхтэй. Ер нь үйлдвэрийн үйл ажиллагаа тогтвортой байх нь  трейдэр компаниудад ч хэрэгтэй тэр л зарчмаар ажилласан. “Оcean Partners” зуучлал үзүүлсэндээ ямарваа нэг хөлс, шан харамж огт аваагүй ээ.

     - Эрдэнэт үйлдвэрийн Эрсдэлийн сангийн талаар та тодорхой мэдээлэл өгөх үү.  Энэ сангаас  Ш.Батхүү гэдэг хүний өрийг төлснөөр үйлдвэрийн цаашдын үйл ажиллагаанд хүндрэл учрахгүй байгаа?
     - Эрдэнэт үйлдвэр Стандарт банктай холбоотой хэрэг маргааны улмаас төлж болзошгүй өр төлбөрийн нөөц санг 2016 онд анх байгуулсан. Ингэхдээ KPMG олон улсын аудитын байгууллагын зөвлөмжийг баримталсан. Мөн 2017 онд  нөөц санг нэмэгдүүлсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу хоног тутамд хүүгийн зардал нэмэгдэж байсан тул нөөц сангийн тооцооллыг 2018 оны эцэст дахин шинэчилсэн. Ийнхүү “Болзошгүй өр төлбөрийн нөөц” буюу эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар төллөө. Ийм сан байгуулж компанийн зардал, хүлээх хариуцлагыг зохих хугацаанд нь  хамааруулан бүртгэж байсан нь том дүн бүхий алдагдал нэг дор хүлээх эрсдэлийг бууруулсан юм. Өөрөөр хэлбэл, татварын дараахь хуримтлагдсан ашгаас нөөц сан байгуулсан тул энэ сангаас төлсөн төлбөр Эрдэнэт үйлдвэрээс төсөвт төлөх татварын хэмжээг бууруулаагүй болно. Энэ төлбөр Эрдэнэт үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд ямар нэгэн хүндрэл учруулахгүй. Үйлдвэр маань одоо ч, цаашдаа ч  хэвийн ажиллана.

     - Эрсдэлийн сангаас өр төлбөрийг барагдуулчихдаг юм байж. Эргээд Ш.Батхүү нарын хүмүүсээс мөнгөө яаж олж авах вэ? Улсын мөнгөөр хувийн бизнесмэний өрийг дарчихлаа гэсэн шүүмжлэл маш их байна.
     - Стандарт банкинд төлсөн мөнгөө буруутай этгээдүүдээс олж авахын төлөө үйлдвэр ажиллаж байна, ажиллах ч болно. Төр өмч хөрөнгөө хамгаалах ёстой. Өмнө нь  Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь төрийн өмч байсан бол одоо  100 хувь төрийнх боллоо. Тэр тусмаа өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг илүү сайжруулж, хариуцлагажуулах учиртай. Ш.Батхүү нарын Эрдэнэт үйлдвэрт учруулсан хохирол, тус үйлдвэрээс гаргасан зардлыг бодитоор тооцож, нэхэмжлэх ажлуудыг хийж байна. Гэм буруутай этгээдүүдийн  эд хөрөнгийг судлан тогтоох, битүүмжлэх,  Эрдэнэт үйлдвэрийг хохирол, зардлаа олж авахад хууль хяналтын байгууллагууд тусална  гэдэгт найдаж байна. Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ч өмчөө хамгаалж, дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа.

     - Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй гэж Монголчууд ярьдаг даа. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой шүүхийн маргаантай өөр асуудлууд ч бий гэлцдэг.  Одоо байдал яг ямар байна вэ.  Энэ талаар илүү тодорхой мэдээлэл  өгөх үү?  
     - Намайг ажил хүлээж авах үед Эрдэнэт үйлдвэртэй холбоотой Арбитрын хэд хэдэн хэрэг маргаан үүссэн байсан. Эдгээр асуудлыг үндсэндээ шийдвэрлэж дууслаа.
     Тухайлбал, MRI trading AG компанитай 2005, 2009 онд тус тус байгуулсан зэсийн баяжмал нийлүүлэх гэрээний үүргээ Эрдэнэт үйлдвэр биелүүлээгүй гэсэн үндэслэлээр манайхыг 2008 онд Лондоны олон улсын Арбитрын шүүхэд өгсөн нь айлын талд шийдвэрлэгдсэн.  Энэ бол 8.34 сая ам.долларын нэхэмжлэлтэй хэрэг л дээ. Английн шүүх энэ мөнгийг гаргуулахын тулд Эрдэнэт үйлдвэрийн гадаад дахь хөрөнгө дансыг битүүмжлэх захирамж гаргасан. Түүгээр ч зогсохгүй трейдер компаниудаас Эрдэнэт үйлдвэрт төлөх байсан 22.7 сая ам долларыг гадаадын банкууд дээр 2017 оны нэгдүгээр сард шууд царцаасан. Ингэж үйлдвэрийн үйл ажиллагаанд хохирол учруулах аюул нүүрлэсэн тул манай зүгээс яаралтай арга хэмжээ авч, хэлцэл хийж, өр төлбөрийг 590 мянган ам доллараар бууруулан, 7.75 сая ам.доллар төлж уг хэргийг хаасан.
     Яг үүнтэй адил нөхцөл байдал Стандарт банкин дээр үүссэн л дээ. Бидэнд өмнө нь том сургамж байсан, хэрвээ төлөхгүй бол дээрх байдал давтагдах байсан учраас л бид яаравчилсан хэрэг.
     Мөн л 20 гаран жил яригдсан “Балхашмыс” компаниас авах 20 сая ам.долларын өрийн асуудал байв. Хэлцэл хийж, хуваарь гаргаж шаргуу хөөцөлдсөний үр дүнд холбогдох компаниас мөнгөө бүрэн авч дууслаа.  Бид энэ 20 сая ам.долларыг  эргээд улс эх оронд, үйлдвэрт үр ашгаа өгөх ажил, төсөл, тодорхой бүтээн байгуулалтад зарцуулна. “Балхашмыс” компанитай холбоотой олон жил хуримтлагдсан өрийн асуудлыг шийдэхэд Гадаад харилцааны яам зохих дэмжлэг, туслалцаа үзүүлсэн гэдгийг зориуд тэмдэглэж хэлье.
     Ер нь бол олон арван жил яригдсан, олны хараа сонорт хүрсэн, ялангуяа мөнгөтэй холбоотой асуудлыг нэг тийш нь болгоход ярих ч зүйл байна. Хэлэхгүй азнах ч цаг үе гэж байна. Гэрээ хэлцлээр хүлээсэн үүрэг ч гэж байдаг.  Яриа хөөрөөг үр дүнтэй болгохын тулд зарим үед ам хэлээ хамхих ч шаардлага гарч байсан. Ийм л нөхцөл байдлын улмаас  Эрдэнэт үйлдвэртэй холбоо бүхий шүүхийн маргаантай, олон жил ужгирч сунжирсан, арбитрийн нэхэмжлэлтэй хэргүүдийн талаар товч хариултыг хэвлэл мэдээллийнхэнд өгч байв.  Зарим үед хариулахгүй ч байсан тохиолдол бий. Улс орны эрх ашиг, Эрдэнэт үйлдвэр шиг том компанид бизнесийн нууц гэж байдгийг манай хэвлэл мэдээллиийнхэн ойлгож байсан байх аа.  Харин одоо гадаад талдаа өр авлагын асуудлуудыг Эрдэнэт үйлдвэр бүрэн  цэгцэлж дууслаа. Авлага ч үгүй, өр ч үгүй боллоо. Тиймээс цаг нь болсон гэж үзэн, таны асуултанд  тодорхой тоо баримттай, илэн далангүй ярьлаа.
 

ҮЙЛДВЭРИЙН НАСЖИЛТЫГ 20 ЖИЛЭЭР УРТАСГАХ БОЛОМЖ БҮРДҮҮЛЛЭЭ

     - Хэл ам, хар сэр дагуулсан асуудлуудад тодорхой тайлбар өгсөнд баярлалаа. Одоо харин ярилцлагаа Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй рүү чиглүүлье. Ойрын болон хэтийн зорилго, зорилтууд, ямар бодлого чиглэл баримталж ажиллаж байна вэ?
     - Стратегийн ач холбогдолтой энэ том үйлдвэрийг удирдаж байгаа хүний хувьд бодлогын асуудлаа ард түмэнтэйгээ хуваалцах ёстой байх аа. Аливаа асуудлаар хаа хаанаа үнэн зөв мэдээлэлтэй, цэгцтэй ойлголттой байх явдал чухал. Тэгж байж л улс орны эдийн засагт чухал нөлөөтэй  үйлдвэрийн талаар Mонголчууд маань үнэн зөв ойлголттой, нэгдсэн байр суурьтай  болно. Эрдэнэт үйлдвэртэй амьдрал, хувь заягаа холбосон ажилтан,  ажилчид маань ирээдүйдээ итгэлтэй байх болно гэж бодож байна.  
     Уурхайчид бид үйлдвэрийнхээ өнөөгийн үйл ажиллагааг сайн явуулахын зэрэгцээ алс ирээдүйдээ онцгой анхаарах шаардлага байгаа. Тиймээс ч үйлдвэрээ хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэлийг гаргасан. Энэ үндсэн чиглэлээ тав, таван жилээр төлөвлөлөө. Томоохон 5-6 төсөл хэрэгжүүлнэ. Эдгээр төсөл нь бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, эцсийн дүндээ үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэх юм. Энэ ажлуудаа бизнес төлөвлөгөөнд нарийвчлан тусгаад хэрэгжүүлээд эхэлсэн.
     2019 он бол төслүүдээ эхлүүлэх,  хийж хэрэгжүүлэх онцгой жил. Нийтдээ 410 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд энэ жил хийгдэнэ.  Тавдугаар сарын 1-нээс Эрдэнэт үйлдвэр бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлэх гэж байна. Ингэхдээ Орхон аймгийн удирдлагуудтай ярилцаж, орон нутагт нэг зэрэг эдгээр ажлын нээлтээ хийхээр тохирсон. Монгол орон маань эргэх дөрвөн цагийн улиралтай, эрс тэс уур амьсгалтай. Жилийн бараг талаас илүү нь хүйтэн сэрүүний улирал байдаг. Тиймээс үйлдвэрийн хэмжээнд хийгдэх их засвар, өргөтгөл шинэчлэл, томоохон төслүүдээ урин дулааны улиралдаа багтаан хийж амжуулах, ахиулах зорилгоор бэлтгэлээ хангаж байна. Ингэснээр бид арваннэгдүгээр сар хүртэлхи урин дулааны богинохон цаг хугацаанд амжиж үр ашигтай ажиллах, зарим төлөвлөгөөт ажлаа дуусгах боломж бүрдэнэ.

  

     - Хоногийн 24 цаг тасралтгүй ажилладаг үйлдвэрийн хувьд техник, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа чухал үүрэгтэй болов уу. Ер нь тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж чадав уу?
     - Үйлдвэр маань 41 дэх жилдээ ажиллаж байна. Анх байгуулагдахад нь хамгийн шилдэг, тэргүүний техник, технологи ашигласан байдаг. Техник, тоног төхөөрөмжүүд цагийн уртад элэгдэж, насжилт өндөр болжээ. Хоёр жилийн өмнө намайг ажлаа хүлээн авахад үйлдвэрийн хэмжээнд ашиглаж байгаа нийт техник, тоног төхөөрөмжийн 60-80 хувийг шинэчлэх шаардлагатай болсон нь тулгамдсан асуудлын нэг байлаа. Бид нарийвчилсан дүн шинжилгээ хийж, шинэчлэн сайжруулах, солих ажлыг бодлоготой, үе шаттайгаар хийж байна.
     Өнгөрсөн 2017-2018 онд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд 151 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөс хийж, цех нэгжүүдийнхээ тоног төхөөрөмжийн 10-20 хувийг шинэчиллээ. Үүний үр дүнд техник, тоног төхөөрөмжийн насжилт багасаж, тэр хэрээр үйлдвэрийн найдвартай ажиллагаа дээшилсэн. Цаашид энэ ажил төлөвлөгөөний дагуу, үе шаттайгаар үргэлжилнэ.

     - Үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар дурдлаа. Тухайлбал, ямар чиглэлээр төслүүд хэрэгжүүлэх вэ?
     - Хэрэгжүүлэх төслүүд ихэвчлэн бүтээмжийг дээшлүүлэх, зардал бууруулахад чиглэнэ. Эрдэнэт үйлдвэрийг илүү үр ашигтай ажиллуулахын тулд үндсэн чиглэлийнхээ хүрээнд хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу тодорхой ажлуудыг эхлүүлээд байна.
     Нэгдүгээрт, Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл. Уул уурхайн үйлдвэрлэлийн оршин тогтнохын үндэс нь нөөц баялаг юм.  Манай геологчид 2017-2018 онд геологи хайгуулын ажлыг эрчимтэй хийлээ. Хүдрийн нөөц нэмэгдүүлэх өрөмдлөг үргэлжилж байна. Геологи хайгуулын ажил нь “Эрдэнэтийн-Овоо” ордын хүрээ хязгаарт төдийгүй түүнийг тойрсон 60 км-ийн радиуст явагдаж, сансрын зураглал, агаарын, геофизикийн олон төрлийн судалгаанаас гадна геохими болон геологийн тандан судалгааны ажлуудыг өргөн цар хүрээтэй хийж  байна.
    Ингэснээр уурхай цаашид тогтвортой ажиллах, нөөц баялгийг бүрэн дүүрэн ашиглах боломж бүрдэх учиртай. Бид геологи хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг 2016 онтой харьцуулахад 2017 онд хоёр дахин, 2018 онд 3.2 дахин нэмэгдүүлж, 67 мянган тууш метр өрөмдлөгийн ажил хийсний үр дүнд “Эрдэнэтийн Овоо” ордын ашиглалтын хугацааг 20 орчим жилээр нэмэгдүүлж, үйлдвэр маань наанадаж  60 жил ажиллах боломж бүрдэж байна.
     Хоёрдугаарт, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төсөл. Энэ төслийг хэрэгжүүлснээр автотээврийн зай хоёр дахин багасгана. Хүдэр олборлох  өртгийг 20 хүртэл хувиар бууруулж, жилд 20 орчим сая ам.долларын хэмнэлт гарна.
    Гуравдугаарт,  Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн төсөл.  Энэ төсөл хэрэгжсэнээр хүдэр бэлтгэх, хөвүүлэн баяжуулах хэсгийн олон тооны бага хүчин чадалтай техник, тоног төхөөрөмжүүдийг өндөр хүчин чадалтай орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр сольж,  сүүлийн үеийн технологийг нэвтрүүлнэ. Ингэснээр хүдэр боловсруулах өртөг зардлыг 10 хүртэл хувиар бууруулахаар тооцож байна.  
     Дөрөвдүгээрт, Засвар механикийн заводыг өргөтгөн шинэчлэх төсөл. Энэ төслийн хүрээнд уг заводыг импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр өргөтгөж, цар хүрээг нь тэлж ажиллуулна. Ер нь бид Засвар механикийн заводыг Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд төдийгүй  Монгол Улсын Засвар механикийн завод болгох хэмжээнд өргөжүүлэхээр зорьж, шинэчлэх ажлыг хийнэ. Уул уурхай, эрчим хүч, барилга зэрэг аж үйлдвэрийн болон хөдөө аж ахуй салбарын хэрэглэгчдэд зориулсан  бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө байна.   
     Тавдугаарт, Уусган баяжуулах технологиор катодын зэс үйлдвэрлэх төсөл. Эрдэнэт үйлдвэр исэлдсэн болон ядуу агуулгатай хүдрийг тусад нь овоолго үүсгэн хадгалдаг. Мөн цаашид ч ийм хүдэр гарна. Баяжуулах үйлдвэрт уламжлалт технологиор боловсруулдаггүй хүдрийг ашиглан уусган баяжуулах аргаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн катодын зэс үйлдвэрлэх үндэслэл тооцоо хийгдэж байна. Хамгийн сүүлийн үеийн, байгаль орчинд халгүй технологи ашиглахаар төлөвлөж байна. Энэ бол нөөц баялгаа иж бүрэн ашиглах чиглэлээр хийгдэх ажил. Үнэлэмж өндөртэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг эрж хайж, судалж байна.
     Зургаадугаарт, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл.  Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг хайлуулан боловсруулж, катодын зэс гаргах үйлдвэрийн төслийг салбарын яамны Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулсан.  Иймээс зэсийн баяжмалыг хайлуулан боловсруулж, катодын зэс гаргах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр үндсэн чиглэлдээ тусгасан. Уг төслийг хэрэгжүүлснээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх боломжтой. Энэ төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байгаа үндсэн асуудал нь дагалдан гарах хүхрийн хүчлийн асуудал. Зарчмын хувьд бол элемент хүхэр, фосфорын бордоо, гипс үйлдвэрлэх замаар шийдвэрлэх боломжит хувилбарууд бий. Эдгээрээс хамгийн үр ашигтай байх, хэрэгжүүлж болох хувилбарын сонголтын талаар судалгаа, тооцооны ажил хийгдэж байна.
     Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр 1000 гаруй ажлын байр шинээр бий болох боломжтой юм.

     - Эрдэнэт үйлдвэрийн хүдэр олборлолт, боловсруулалтын хэмжээ өсч байна уу? Тулгамдаж буй асуудал бий юу?
   - “Эрдэнэтийн-Овоо” ордыг үндсэндээ 40 гаруй  жил ашиглачихлаа. Уурхай маань жилээс жилд гүнзгийрч, уул-геологийн нөхцөл хүндэрч байна. Хүдрийн агуулга буурч, хатуулаг нь нэмэгдэж байна. Мөн хүдрийн хаягдал, бохирдол өсөх хандлагатай байгаа. Энэ нь өртөг зардлыг нэмэгдүүлэх хүчин зүйлс болж байна. Эдгээр тулгамдсан асуудлыг бид техник технологийнхоо шинэчлэлтээр шийднэ. Нэгэнтээ боловсруулах хүдрийн агуулга буурч байгаа нь баяжуулах фабрикийн үзүүлэлтүүдэд  сөргөөр нөлөөлнө. Иймээс баяжуулах фабрикийн техник технологийг шинэчлэх шаардлага ажил амьдралаас урган гарч байна. Магадгүй хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага ч гарах байх.

     - Эрдэнэт үйлдвэр хэр үр ашигтай ажиллах нь дэлхийн зах зээл дээрх зэсийн үнээс хамааралтай байдаг. Энэхүү гадаад зах зээлийн орчин та бүхний ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?
      - Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ тогтворгүй байна. Тухайлбал, бид 2019 онд улсын төсөвт тусгагдсаны дагуу нэг тонн зэсийн үнийг 6272 ам.доллар байхаар төлөвлөсөн. Энэ оны нэгдүгээр улирлын дунджаар дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ бидний төлөвлөсөн хэмжээнээс 50 гаруй ам.доллароор доогуур байлаа.  Энэ нь өртөг зардлаа хямгадаж ажиллах, арвилан хэмнэлтийн бодлогыг тууштай явуулах зайлшгүй шаардлагатайг сануулж байна. Тэр ч утгаараа бид үйлдвэрлэл, эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлж байна. Энэхүү шинэчлэлийг хийхдээ уламжлал-шинэчлэлийн зарчим  баримталж, цех, нэгж бүрийн онцлогт тохируулна.
     Шинэчлэлт өөрчлөлт хийснээр цех, нэгжийн бие даасан байдал дээшилнэ. Мэдээж ажлын уялдаа холбоо сайжирна. Өртөг, зардал буурна гэж тооцож байна. Эрдэнэт үйлдвэр 24 цагийн турш нэг минут ч зогсох ёсгүй, тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэр. Тиймээс ч бидний хийж байгаа өргөтгөл шинэчлэл, шинэ төслүүдийн ажил үйлдвэрлэлийн ажлыг зогсоохгүйгээр, хэвийн ажиллагааг алдагдуулахгүйгээр хийгдэх ёстой. Үүний тулд бид аюулгүй ажиллагааг хангаж, хөдөлмөр хамгааллын асуудалд онцгой анхаарах учиртай. Ер нь ажилтан бүр сахилга, дэг журмыг өндөр хэмжээнд баримталж, хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, бүх түвшинд хариуцлагыг өндөржүүлэх, санаа зорилго нэг байх, ёс зүйтэй байх гээд олон асуудал бий. Энэ бүхнийг бүтээлчээр эрчимтэй, зөв зүйтэй хэрэгжүүлж чадсанаар бид өмнөө тавьсан зорилго, зорилтуудаа хэрэгжүүлж, том сорилтуудыг даван туулах болно.

      - Эрдэнэт үйлдвэрийн амжилт, ололт, бэрхшээлийн талаар та бид хоёр дэлгэрэнгүй ярилцлаа. Энэ том үйлдвэрийн цаашдын хувь заяаг авч явахад та ямар зарчим баримтлах вэ?
     - Үйлдвэрийн үйл ажиллагаа нэг минут, секунд ч зогсох, тасрах учиргүй. Тиймээс энэ тасралтгүй үйл ажиллагааг  мэргэжлийн өндөр түвшинд удирдаж, аливаа асуудалд  инженерийн ухаанаар хандаж, оновчтой шийдэл гарган ажиллах нь  юу юунаас чухал. Цаашид техник, технологи, байгаль орчин, мөнгө санхүүгийн болон боловсон хүчин, хүний нөөцийн талаар баримтлах тогтвортой хөгжлийн цогц бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлнэ. Эдгээр бодлогууд нь хоорондоо харилцан уялдаатай, нэгнээ дэмжсэн байдлаар хэрэгжих юм. Бид  эдгээр бодлогоо гарын таван хурууны бодлого гэж байгаа. Манай хамт олон 2018 онд гаргасан ололт амжилтдаа тулгуурлан 2019 оны ажлаа дажгүй сайн эхэлж, оны эхнээс техник, технологи, үйлдвэрлэлийн болон эдийн засгийн бүх үзүүлэлтийг 100-гаас дээш хувиар биелүүлэн ажиллаж байна.
     Уурхайчид бид хичээж ажилласнаар өнгөрсөн 2018 онд түүхэн дээд амжилтууд тогтоосон. Энэ амжилтаа бататгах амаргүй. Гэхдээ Монголчуудын ярьдгаар эзэн хичээвэл заяа түших биз ээ.
     Үйлдвэр, хамт олны маань ирээдүй тодорхой, гэрэлтэй, өөдрөг сайхан байгааг онцолмоор байна. Манай уурхайчид дөчин жилийн түүхтэй, жаран жилийн ирээдүйтэй үйлдвэрийнхээ хөгжил дэвшлийн төлөө итгэл төгс ажиллаж, зүтгэж байна даа.

     - Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. 

Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгжүүлж буй “Хөрөнгө оруулалт-2019” бүтээн байгуулалтын ажил ирэх тавдугаар сарын 1-нд эхэлнэ. Энэхүү бүтээн байгуулалтын ажлын цөм нь уурхайчдын нийгмийн хөгжилд зориулагдаж байна. Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяраас тодруулж, ярилцлаа.

     -Эрдэнэт үйлдвэрийн энэ оны бүтээн байгуулалтын ажил орон сууцны шинэ хороолол барихаас эхэлж байна. Энэ таатай мэдээгээр ярилцлагаа эхэлье?  
     -Бид 2019 онд хөрөнгө оруулалтын томоохон ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, өмнө нь баригдахаар шийдэгдсэн ч төсөв хөрөнгө байхгүй гэсэн шалтгаанаар зогсоод байсан “Москва 300” орон сууцны хорооллын төслийг эхлүүлнэ. Ирэх тавдугаар сарын 1-нд шав тавихаар бэлдэж байна. 300 айлын орон сууцны энэ хороолол нь бидний  цаашид бий болгохоор зорьж буй уурхайчдын  цогцолбор  хотхоны эхлэл болно гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, “Эко 400”, “Залуус 600” төслүүд үргэлжлэн хэрэгжиж, нийт 1000 айлын орон сууц баригдах юм. Эхний ээлжийн зургаан блок бүхий 300 айлын орон сууцны хороолол нь Монгол улсад жишиг болохуйц орчин үеийн технологийн шийдэл, таатай орчны цогц бүрдэл байхаар зорилт тавьж байна. “Эко 400” хороолол  өмнө төлөвлөж байсны дагуу амины тохилог сууц хэлбэрээр баригдах бол “Залуус 600” орон сууц нь залуучуудад зориулсан, нэгээс хоёр өрөө бүхий, дэд бүтэц, гадна талбайн иж бүрэн тохижилттой орчин үеийн барилга байх юм.   

     -Орон сууцны хороолол хэзээ ашиглалтад орох вэ?
     -Би түрүүн товчхон дурдсан. Өмнө нь тус тусдаа баригдахаар төлөвлөж байсан “Москва 300”, “Эко 400”, “Залуус 600” төслүүдээ багцлаад уурхайчдын цогцолбор хороолол гэж нэрлэхээр ярилцаж байна. Эцсийн байдлаар нэршлээ хараахан шийдээгүй байгаа. Гэхдээ дэд бүтэц болон өнгө загварын хамгийн шинэлэг шийдэлтэй, иж бүрэн хороолол барина гэдгийг дахин онцлон хэлье.  “Москва 300” төслийн орон сууцыг ирэх оны тавдугаар сарын 20 гэхэд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Эхний байдлаар бид 2020 онд 150 айлын орон сууц, 2021 онд үлдсэн 150 айлын орон сууцыг барьж дуусгахаар төлөвлөж байсан ч манай ажиллагсдаас байр хүссэн олон хүсэлт ирж байгаа учраас гүйцэтгэгч компанитай хэлцэл хийж, ирэх онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан.

     -Барилгын гүйцэтгэгчээр ямар компани ажиллах вэ?    
    -“Неман констракшн” компани шалгарсан. Бид гүйцэтгэгч компанийг шалгаруулахдаа өндөр босго тавьсан л даа. Тодруулбал, тухайн компани өөрөө 100 хувь хөрөнгөө гаргаж барих, орон сууцны ипотекийн зээлд хамруулах асуудлыг хариуцах зэрэг шаардлага өгсөн. Харин манай үйлдвэр захиалагчийн хувьд зөвхөн эзэнжүүлэх ажилд туслалцаа үзүүлнэ гэж хэлэлцээр хийсэн байгаа. Тиймээс гүйцэтгэгч компани 100 хувь дааж, барих тул найдвартай гэж үзсэн.

     -Уурхайчдад хөнгөлөлт үзүүлэх талаар ямар бодлого баримтлах вэ? Эхний ээлжид орон сууц авахыг хүссэн ажилтанд ямар шалгуур тавигдах вэ?
     -Орон сууцанд орж буй ажилчид ипотекийн зээлд хамрагддаг. Энэ нөхцөл хэвээр байна. Өмнө нь байрны хөнгөлөлт аваагүй ажилчид шинэ орон сууц авах хүсэлтээ гаргавал хөнгөлөлтийг журмын дагуу олгоно. Үйлдвэрээс олгож ирсэн  8 сая төгрөгийн дэмжлэг энэ оноос 12 сая төгрөг болж нэмэгдсэнийг та бүхэн мэдэж байгаа. Мөн энэ дэмжлэг  байраа худалдаж авсны дараа нь олгогддог байсныг өөрчилж, урьдчилгаа төлбөрт өгөх боломжтой болсныг хэлэх нь зүйтэй. Түүнчлэн бид тодорхой тооны орон сууцыг хөрөнгө гаргаж, давхар бариад явах чиглэлтэй байгаа. Эдгээр байраа урьд нь орон сууц авч байгаагүй, эсвэл амьдрах нөхцөлөө сайжруулахыг хүссэн сайн ажилтнууддаа тухайн цехийнх нь судалгааг үндэслэн олгоно. Мэдээж, ийм шалгуураар олгохдоо тодорхой хөнгөлөлт үзүүлнэ. Хөнгөлөлт 20-90 хүртэл хувь байх боломжтой. Ер нь бол бүх ажилчид шинэ байранд орох хүсэлтээ ирүүлэх нь нээлттэй. Үйлдвэрийн захиргаа хүлээж авна. 2017 оны судалгаагаар байраа шинэчлэх болон  шинээр авах хүсэлтэй 1300 ажилтан байна гэсэн дүн гарсан. Тэгэхээр эхний ээлжид 1000 айлын орон сууц зайлшгүй эрэлт хэрэгцээтэй гэж үзэж уурхайчдын хорооллын бүтээн байгуулалтыг эхлүүлж байна.   

     -Шинээр баригдах орон сууцны үнэ ямар байх бол?
     -Одоо хэрэгжих төслүүд өмнө нь шийдэгдсэн тул үнэ, өртөг нь тогтоогдсон байсан. Хуучин төсвөөр нэг метр квадрат нь 1 сая 900 мянга гаруй төгрөгийн үнэлгээтэй хийгдсэн. Харин бид метр квадрат талбайн хэмжээг 1 сая 650 мянган төгрөгт багтаах санал тендерт оролцогч компаниудад тавьсан. Тиймээс гүйцэтгэгч компаниа шалгаруулахдаа үүнийг нэг шалгуур үзүүлэлт болгосон байгаа. Нөгөө талаар, бид барилгын чанар хийцэд онцгой анхаарч, евро стандартын материалаар барих шаардлага тавьсан. Ийм материалаар баригдсан орон сууцны зах зээлийн үнэ хоёроос гурван сая төгрөгийн хооронд байдаг. Тиймээс уурхайчдад зориулагдсан орон сууцны хороолол чанар сайтай, үнэ боломжийн түвшинд байна гэдгийг онцолмоор байна.  

    -Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жилийн хүрээнд нийгмийн чиглэлийн өөр ямар ажил хийхээр төлөвлөгөөнд тусгагдсан бэ?
    
-Нийгмийн хөгжлийн чиглэлд түлхүү анхаарсан гэж хэлж болно. Орон сууцны хорооллоос гадна хэд хэдэн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэнэ. Тухайлбал, Найрамдал өндөрлөгийн зүүн талд эхлүүлээд орхисон соёл, спортын “Эрдэнэт” цогцолбор буюу Бөхийн өргөөний барилгыг үргэлжлүүлж дуусгахаар төлөвлөж байна. Энд багагүй хөрөнгө оруулалт шаардлагатай. Хэдийгээр үүнийг Эрдэнэт үйлдвэр өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулж байгаа ч энэ нь  Орхон аймгийн бүхий л иргэдэд үйлчлэх, чөлөөт цагийн томоохон төв болох юм. Өөрөөр хэлбэл, манай үйлдвэрийн дэргэдэх “Уурхайчин” соёлын ордон, Спорт цогцолборын нэгэн адил хотынхоо иргэдэд урлаг соёл, спортын цогц үйлчилгээ хүргэж ажиллана. Мөн бид бүрэн хэмжээний түүхэн музей байгуулахаар зураг төсөл гаргасан. “Уурхайчин” соёлын ордон үйл ажиллагаа, бүтцийн хувьд цогцолбор болон өргөжиж байгаатай холбогдуулан зарим  өрөө танхимыг  өөрчлөн, орчин үеийн технологи,  загвар хийцтэй музейн зориулалтаар тохижуулна. Ингэснээр техник, технологийн шинэ дэвшил бүхий  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 40 гаруй жилийн түүх, уул уурхайн салбарын хөгжлийг харуулсан музейтэй болно. Түүнчлэн Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн нийтийн номын санг өргөжүүлж, цахимжуулах, боловсронгуй болгох төсөл хэрэгжинэ. Ер нь бид уурхайчдадаа хандсан бүх үйлчилгээг түргэн шуурхай, шинэлэг хэлбэрээр хүргэх зорилттой ажиллаж буйг энэ дашрамд дуулгая. Үүний нэг хэсэг нь орчин цагийн технологи, тоног төхөөрөмж суурилуулсан нийтийн ном сан болж байгаа.
     Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаас нийгмийн хариуцлагаа үлгэр жишээ хэрэгжүүлж ирсний нэг баталгаа нь хүүхдийн асрамжийн “Энэрэл” төв гэж хэлж болно. Гэр бүл, эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлэн, ажил амьдралд нь хүргэсээр ирсэн тус төвийн тохижилтод хөрөнгө оруулахаар төлөвлөсөн. Тухайлбал, энэ жил “Энэрэл” төвд спорт зал шинээр барина. Энд  зөвхөн “Энэрэл” төвийн хүүхдүүд төдийгүй Эрдэнэт хотын хүүхэд багачууд маань  амралт чөлөөт цагаа үр өгөөжтэй өнгөрүүлэхэд нь дэм туслалцаа болох юм. Мөн Сэлэнгэ амралтын баазад 210 хүний багтаамжтай  өргөтгөлийн шинэ барилга ашиглалтад орно. Ийм олон ажлууд  нийгмийн чиглэлийн төлөвлөгөөнд багтаж байгаа.

    -Манай үйлдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болж, шинэ дүрэм, бүтэц батлагдсантай холбоотойгоор таны чиг үүрэгт хамтын ажиллагааны талаарх асуудлууд багтаж, хариуцах болсон. Орон нутагтай хамтрах ажил хэрхэн үргэлжлэх вэ?
     -Миний ажлын чиг үүрэгт нийгмийн асуудлын зэрэгцээ хамтын ажиллагааны чиглэл бие даан нэмэгдсэн. Өмнө нь ажил үүрэгт ороод явдаг байсан ч энэ удаа Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч гэж албан ёсоор тодотгож өгсөн байгаа. Тэгэхээр орон нутгийн засаг захиргаа болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах бүхий л чиг үүргийг хариуцаж байна. Манай үйлдвэр орон нутгийн хөгжил дэвшилд байнга хувь нэмрээ оруулж, олон том төсөл дээр хамтран ажилласаар ирсэн. Энэ хамтын ажиллагааны холбоо цаашид ч үргэлжилнэ. Бид энэ онд Эрдэнэт хотод баригдаж буй соёл амралтын хүрээлэнд хөрөнгө оруулалт хийнэ. Өнгөрсөн жил уг хүрээлэнгийн ажил эхлэхэд эхний дэмжлэгийг үзүүлсэн. Дараагийн ээлжийн хөрөнгө оруулалт удахгүй хийгдэж, энэ бүтээн байгуулалтыг хамтран бүтээнэ.

     -Ярилцсанд баярлалаа, таны ажилд амжилт хүсье.
 

М.БАЛЖИННЯМ
Фото: Б.БАТТӨГС

     Засвар механикийн заводын Механик цехэд Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн захиалгаар КМД 3000 маркийн бутлуурын бутлагч конус дөрөв дэх удаагаа хийж байна. Энэ нь импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн том цар хүрээтэй ажлын нэг гэдгийг Механик цехийн орлогч дарга Б.Баянжаргал онцоллоо. Өнөөдрийн байдлаар тус цехийн 2019 оны төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл 60 хувийн биелэлттэй байна. Саяхан энэ сарын төлөвлөгөөнд тусгагдсан Баяжуулах үйлдвэрийн тээрмүүдийн дахин хуяглалтын боолт хийж, дуусгажээ. Цаашид дахин хуяглалтын боолт захиалгын дагуу үргэлжлэн хийгдэнэ.
    Мөн Цутгуурын цех дэх  хүйтнээр хатууруулах хэвний технологийн өргөтгөлийн ажлын хэвний хашлага хийхээр төлөвлөж байна. Өнгөрсөн долоо хоногт Материал техникийн хангамжийн баазаас 160 орчим тонн хэвний хашлаганы түүхий эд болох хуудсан ган материал хүлээн авчээ. Удахгүй эхний ээлжийн 10 ширхэг хашлага үйлдвэрлэж эхлэх юм байна.

М.БАЛЖИННЯМ
Фото: Б.БАТТӨГС

     Саяхан Монгол Улсын Оюуны Өмчийн эрхийн газраас "Эрдэнэт үйлдвэр"-ийн инженерүүдийн бүтээл болох “Грат 1400” насост Оюуны өмчийн патент олгосон байна. Тус үйлдвэрийн Засвар механикийн завод болон Баяжуулах үйлдвэрийн инженерүүд хамтран 2013 оноос “Грат1400” маркийн булингын шахуургыг үйлдвэрлэлд туршиж эхэлсэн. Шинжлэх ухааны судалгаан дээр суурилсан уг туршилт амжилттай болж, булингын шахуурганы дундаж цаг нь өнгөрсөн оны гүйцэтгэлээр 360 хүрч өсчээ. Өмнө нь уг шахуурга 120-140 цаг ажилладаг байв. Үйлдвэрлэлийн үр ашиг нэмэгдүүлэх, бүтээмж дээшлүүлэх чухал ач холбогдолтой энэхүү технологийн бүтээл нь 2016 онд "Эрдэнэт үйлдвэр"-ийн “Инноватор” цом хүртэж байсан. Тэгвэл одоо оюуны өмчийн эрхээр баталгаажсан, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн шилдэг бүтээл боллоо.

М.БАЛЖИННЯМ
Фото: Б.БАТТӨГС

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, 2019 онд бүтээн байгуулалтын их ажил өрнүүлнэ. Тиймээс ирэх тавдугаар сарын 1-ний өдөр бүтээн байгуулалтын ажлаа албан ёсоор нээж, орон сууцны шинэ хороолол, үйлдвэрлэлийн шинэ барилга байгууламж барих ажлыг эхлүүлнэ. Энэ талаар Эрдэнэт үйлдвэрийн Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Батбаяраас тодруулга авлаа.

     - Энэ онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас бүтээн байгуулалтын олон ажил хийхээр төлөвлөсөн. Нийт хичнээн ажил, хэдий хэрийн хөрөнгөөр хийгдэх гэж байна вэ?
     - “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсээс 2019 онд барилга засварын 193 ажил хариуцаж, хийхээр төлөвлөсөн. Эдгээр ажилд нийт 78 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ. Үүнээс 140 нь 2019 оны төлөвлөгөөнд шинээр тусгагдсан бол 44 нь өнгөрсөн оны төлөвлөлтөөс шилжиж ирсэн ажлууд байгаа. Энэ нь жил дамжин хийгддэг тээрэм, бутлуур зэрэг үйлдвэрлэлийн том ажлууд гэсэн үг. Өөрөөр хэлбэл барилгын ажил нь улирлын чанартай, шөнөдөө хасах 5 хэмээс дээш тохиолдолд зогсдог учир 2018 онд хийгдэж амжаагүй  юм. Төлөвлөж буй нийт ажлаас зураг төсөл, гэрээ хэлцэл нь бэлэн болсон 111 бүтээн байгуулалтын ажил ирэх сарын 1-нд эхэлнэ.  
   
     - Бүтээн байгуулалтын жилд нийгмийн хөгжлийн ямар төсөл хөтөлбөр хэрэгжих вэ?
    
- Энэ онд нийгмийн хариуцлагын хүрээнд болон үйлдвэрлэлийн шаардлагатай хөрөнгө оруулалтын чиглэлд 9 том төсөл, хөтөлбөр хэрэгжихээр хөрөнгө төсөв нь батлагдсан. Ажиллагсдынхаа нийгмийн хөгжил, хамгааллыг дэмжих, тэр тусмаа  орон сууцны асуудлыг шийдэх зорилгоор “Москва 300”, “Эко 400”, “Залуус 600“ нэртэй орон сууцны хорооллын төсөл эхлүүлнэ. Уг хорооллыг барих шийдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг Монгол, Оросын хамтарсан үйлдвэр байх үед тухайн үеийн зөвлөлийн 51 дэх хуралдаанаар гарсан ч хөрөнгө оруулалт шийдэгдээгүй тул зогссон байв. Харин төсөв, хөрөнгийн асуудлыг шийдсэнээр эхний ээлжинд “Москва 300” төсөл хэрэгжих боломжтой боллоо. Дэд бүтэц болон барилгын ажлыг ирэх сарын 1-ний өдрөөс эхлэхээр бэлдэж байна. Мөн Баян-Өндөр сумын Зэст багт байрлах соёл спортын “Эрдэнэт” цогцолбор буюу бидний нэрлэж заншсанаар Бөхийн өргөөний шинэ барилгыг энэ жилээс барина. Энэ бүтээн байгуулалтад 7,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн боловч дараагийн хөрөнгө байхгүй шалтгаанаар 2016 оноос мөн зогсоод байсан. Уг барилга байгууламжийн дээвэр болох 1 тэрбум хоёр зуун мянган төгрөгийн үнэтэй материал ирсэн хадгалагдаж байна. Бөхийн өргөөний барилгын гүйцэтгэгчээр манай үйлдвэрийн Барилга засварын цех ажиллана.
     “Эко 400”, “Залуус 600” орон сууцны хороолол доод тал нь 1000 айлын багтаамжтай байхаар зураг төсөл хийгдсэн. Өмнө нь эдгээр хорооллыг Сархиа уулын зүүн энгэрт барихаар төлөвлөсөн ч дэд бүтэц, бохирын шугамын асуудлыг нь шийдвэрлэхэд хүндрэлтэй байсан. Тиймээс Эрдэнэт үйлдвэр болон орон нутгийн удирдлагууд эргэн ярилцаж, ажилчиддаа таатай орчин сонгож, Медипас эмнэлгийн ард талд барихаар шийдвэрлэлээ. Энэ төслүүд мөн энэ оны төлөвлөгөөнд тусгагдан хэрэгжинэ.
     Мөн үйлдвэрийн ажиллагсдын амралт чөлөөт цагт зориулагдсан Сэлэнгэ амралтын баазад  210 хүний ортой амрах байр болон мөн ийм багтаамжтай хурлын танхим бүхий  өвлийн өргөтгөлийн барилга баригдана. Тус баазын зуны зориулалтаар баригдсан 1,2,3 дугаар байруудад жил бүр тогтмол  засвар хийж ирсэн ч өвлийн улиралд амрагчдын тав тухыг  харгалзан ийм шийдвэр гаргасан юм.

     - Үйлдвэрлэлийн чиглэлийн бүтээн байгуулалтын тухайд...?
    
- Энэ чиглэлээр нэлээд томоохон бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөнд тусгагдсан. Чанар хяналтын хэлтсийн төв лабораторийн барилгыг шинээр барина. Энэ барилгын зураг төсөв нь бэлэн болсон. Барилгын ажил ирэх сард эхэлнэ. Мөн Эрчим хүчний цехэд цэвэр ус дамжуулах гуравдугаар шугам шинээр тавина. Түүнчлэн Ил уурхайд Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр баригдаж, ашиглалтад орно. Сүүлийн жилүүдэд төлөвлөгдөж, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл нь бэлэн болсон эл үйлдвэрийн хөрөнгийн асуудал энэ онд шийдэгдсэн. Удахгүй бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.

    - 2019 оны бүтээн байгуулалтын ажлууд бүгд энэ онд багтаж ашиглалтад орох уу? Хэзээ бүрэн дуусгахаар төлөвлөж байна вэ?
    
- Барилгын ажлын шат дарааллаар хийгдэнэ. Жишээлбэл, цутгалтын ажил гэхэд 28 хоногт зөвхөн 70 хувийн бэхжилт авна. Хугацаа шаардсан дамжлагууд бий. Тэгэхээр төлөвлөгөөт ажлууд бүгд энэ онд эхэлнэ. Ажлын явц зогсолтгүй үргэлжилнэ гэдгийг хэлье. Харин өнгөрсөн онд төлөвлөгөөнд тусгагдаад хараахан дуусаж амжаагүй, шилжиж ирсэн ажлууд бүрэн дуусна.

     - Цаг үеийн асуудлаар таниас тодруулга авья. Саяхан болсон хүчтэй салхины улмаас үйлдвэрийн зарим  барилга байгууламжийн дээвэр хууларсан тухай мэдээлэл байна. Энд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
     - Эрдэнэт үйлдвэрийн нийт барилга байгууламж 220 мянган метр квадрат талбай бүхий дээвэртэй. Үүний 80 орчим мянган метр квадрат дээвэрт засвар хийгдсэн. Одоо засвар хийх шаардлагатай 140 мянган метр квадрат хэмжээтэй дээвэр бий. Эдгээрийн заримд нь 1978 оноос буюу үйлдвэр ашиглалтад орсноос хойш нэг ч удаа засвар хийгдээгүй байсан. Жил бүр хаврын хүчтэй салхи шуурганд дээврийн хар цааснууд хуурдаг. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 19-ний өдөр орон нутагт салхины хурд 21 метр/секунд хүрсний улмаас үйлдвэрийн барилга байгууламжийн 11 мянган метр квадрат орчим дээврийн хар цаас хууларсан. Энэ асуудлыг үйлдвэрийн удирдлагуудад танилцуулж, борооны улирлаас өмнө амжин яаралтай засварлахаар болоод байна.  

М.Балжинням
Фото: Б.БАТТӨГС

      Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдөр тохиодог “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг угтан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын цех, нэгжийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлэх сарын аян өрнүүлж байгаа билээ.
     Сарын аяны төлөвлөгөөнд тусгасны дагуу Засвар угсралтын цех ХАБЭА-н болон бусад танин мэдэхүйн чиглэлээр ажилчдынхаа дунд “АХЯ” тэмцээн зохион байгууллаа. “Асуулт, хариулт, ялалт” гэсэн үгийн товчлол бүхий “АХЯ” тэмцээнд тус цехийн 49 ажилтан оролцож, тоног төхөөрөмжийн засварчин Б.Мөнхбат нэгдүгээр байр, цахилгаан ба хийн гагнуурчин Зо.Ганзориг хоёрдугаар байр, тоног төхөөрөмжийн засварчин Л.Мөнхтөр гутгаар байр эзэлсэн байна.
     Цехүүд дор бүрнээ асуулт хариултын тэмцээн зохиож, ажилчдынхаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгийг шалгаж байх юм.

И.Чинтогтох

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн шинэчлэлтэй холбогдуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн үндсэн чиг үүргээс байгаль орчны асуудлыг тусгайлан авч үзэхээр боллоо.
      Шинээр байгуулагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн ногоон хөгжлийн бодлогыг ажил хэрэг болгохоор төлөвлөгөөт ажлуудаа эхлүүлжээ. Тус хэлтсийнхэн ойрын өдрүүдэд аймгийн удирдлагуудад ажлаа танилцуулж, Уул уурхайн яамнаас боловсруулж буй хог хаягдлын талаарх журамд “Эрдэнэт үйлдвэр”-ийн зүгээс дэвшүүлэх санаа оноог тусган ажиллаж байна.

      Мөн үйлдвэрээс гардаг химийн гаралтай хог хаягдлыг найдвартай хадгалах, мэргэжлийн байгууллагатай хамтран устгалд оруулах ажлыг цэгцлэхээр судалгаа, шинжилгээний ажил хийж байна. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт байрлах хог хаягдал дахин боловсруулах компанитай холбогдон, хамтран ажиллах саналаа хүргүүлжээ.


И.Чинтогтох

     Автотээврийн цех өнгөрсөн оны 10 дугаар сард “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн иж бүрэн хяналт, шалгалт”-ын дүнгээр 71 төрлийн зөрчилтэй гарч, албан шаардлага биелүүлж ажиллажээ.
     Энэ сарын 16-18-ны өдрүүдэд явагдсан 4 дүгээр шатны иж бүрэн хяналт, шалгалтаар тус цех 61 зөрчлөө арилгаж, “хангалттай” үнэлгээ авсан байна. Үлдсэн их барилга, засвар үйлчилгээтэй холбоотой ажлууд нь биелэгдэх шатандаа явааг холбогдох албаныхан хэллээ.

     Шалгалтын дүнд ажлын байрны нөхцөл байдлаа сайжруулахад Эрчимзүйн алба идэвх санаачлагатай ажиллаж, автомашины лаг шаврыг гараар бус, техникээр арилгах шинэлэг санаа хэрэгжүүлсэн байна. Аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлж устгах зорилгоор энэ оны эхнээс ажилчдынхаа дунд хэрэгжүүлсэн “Өглөөний ХАБ” арга хэмжээг нь үр өгөөжтэй байгааг Автотээврийн цехийнхэн онцоллоо.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

     Энэ сарын эхний 20 хоногт “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчид үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 100-аас дээш хувиар давуулсан дүн гарчээ. Уулын цул гаргалтыг 1 сая 346.1 мянган метр куб байхаар төлөвлөснөөс 1 сая 401.4 мянган метр кубд хүргэж, төлөвлөгөө 104.2 хувиар биеллээ. Хөрс хуулалтын ажил 560.9 мянган метр куб буюу 106.8 хувиар, хүдэр олборлолт 2 сая 145.9 мянган тонн буюу 102.5 хувиар тус тус давсан үзүүлэлттэй байна. Баяжуулагчид энэ хугацаанд 1 сая 816.3 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөний биелэлт 105.4 хувьд хүрчээ.
     Хүдэр дэх зэсийн агуулга сарын эхний 20 хоногт  0.459 хувьтай, молибден 0.0154 хувьтай байв. Зэсийн металл авалт бодит гүйцэтгэлээр 88.36 хувьтай, молибдений металл авалт 56 хувьтай байж, төлөвлөгөө 100.1-115.5 хувиар давж биеллээ.
     Ингэснээр уурхайчид дөрөвдүгээр сарын эхний 20 хоногийн байдлаар нийт 32400 тонн зэсийн баяжмал, 391.4 тонн молибдений баяжмал үйлдвэрлэсэн байна.

М.БАЛЖИННЯМ

Фото: Б.БАТТӨГС

     Энэ удаа бид Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн Цахилгаан, тоног төхөөрөмжийн засварын хэсгийг зорилоо. Хаврын урь орсныг зарлах мэт алтан нар хүмүүн бүхний зулай дээрээс ээнэ. Тэртээгээс 130 тоннын даацтай аварга белаз хүдэр тээвэрлэн “уухилан” гарч ирэх нь бахдалтай. Хажууханд уулын овоолгын хэсэг залуус хөрс тэгшилж харагдана. Ил уурхайн цахилгааны хэсэг 46 ажилтантай. Эл хэсэгт Б.Дэлгэрцогт, Л.Дэчиндээ, Д.Цэцэнхүү, Д.Эрдэнэбат нарын ахмадууд ажиллаж уурхайн түүхийг бичилцжээ. Эдүгээ тэдний залуу халаа энд ажиллаж буй. Тэд уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт, засвар, тохируулга болон үйлчилгээний ажлыг гүйцэтгэдэг. Энэ хэсгийн ажлын чанар, гүйцэтгэлээс нийт уурхайн ажил хамаарна. Тус хэсгийнхэн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, гар ажиллагааг хөнгөвчлөх, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгахад чиглэсэн олон шинэ санал, санаачилга гарган үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Бид Ил уурхайн Цахилгаан, тоног төхөөрөмжийн Засварын хэсгийн ажлын байранд зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонссон юм.


Ил уурхайн Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсгийн дарга Д.Мөнхдалай:

       1983 онд Хүдрийн ил уурхайн Цахилгаан тоног төхөөрөмжийн төвлөрсөн Засварын хэсэг анх байгуулагдсан. Анхны даргаар нь Ежов И.А гэж орос мэргэжилтэн ажилласан байдаг. Түүнээс хойш Томилов А.И, Хадуян В.Н, Д.Эрдэнэцогт, Галич В.И, С.Гандуулга нар ажиллаж ирсэн түүхтэй. Манай хэсэг 10 экскаватор, зургаан өрмийн машины засвар үйлчилгээ, угсралт, туршилт тохируулга, уурхайн цахилгаан хангамж, ус татах, бутлах байгууламж, гэрэлтүүлэг, замын техник механизмуудын цахилгаан засварын ажил, машин механизмын гараж, гуанз, диспетчерийн пункт, захиргааны хоёрдугаар байрны инженерийн шугам сүлжээ, цахилгаан тоноглолуудын засвар үйлчилгээний ажлыг хийж байна.

     Ил уурхайн цахилгаан тоног төхөөрөмжүүд нь тогтмол 12В-оос хувьсах 6000В хүртэлх хүчдэлийн түвшинд ажилладаг. Иймд цахилгаанчдаас мэдлэг, ур чадвар шаардсан нарийн төвөгтэй, хариуцлагатай ажил байдаг. Уулын тоног төхөөрөмж тасралтгүй найдвартай ажиллах нь бидний ажлаас шууд хамааралтай. Иймээс шинэ залуу ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд  анхаарч ахмад үеийнхний дадлага туршлага мэдлэгээс суралцуулах ажлыг зохион байгуулж байна. Сүүлийн үед уурхайн хэмжээ томорсон, усан сангууд нэмсэн, шугаман тэлэлт ихэссэн, экскаватор болон насос  бусад тоног төхөөрөмжүүдийн тоо өссөнтэй холбогдуулан ажиллах хүч нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ үндэслэлээ үйлдвэрийн удирдлагуудад тавьсан. Асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Манай хэсэг шинэ бүтээл оновчтой санал, бүтээмж инновацын манлайллын ажлаар ямагт тэргүүн эгнээнд явдаг. Энэ амжилтаа жил бүр бататгасан. Тухайлбал, синхрон хөдөлгүүрийн роторыг сэргээн засварлаж үйлдвэрт 300 сая төгрөгийн хэмнэлт гаргасан. Орчин үеийн хөөн асаах төхөөрөмж экскаваторуудад суурилуулснаар цахилгаан тоноглолуудын гэмтэл эрс багасаж, хүчдэлийн уналтгүй боллоо. НКУ төхөөрөмж суурилуулснаар сул зогсолт 70-80 хувь багассан. Цехийн хэмжээнд Бүтээмж чанарын дугуйлангуудын дундаас ажлын шинэ саналын тоо, үр ашгийн үзүүлэлтээрээ сүүлийн таван жилд манай хэсэг тэргүүн, дэд байр эзэллээ. 2019 оны дөрөвдүгээр сард анх удаа Монголд тиристорын хувиргуур-хөдөлгүүрийн систем бүхий ЭКГ-12К экскаваторын цахилгаан угсралт тохируулгын ажлыг хугацаанаас нь өмнө амжилттай дуусгалаа.

Тохируулгын инженер Ш.Мягмардаш:

       2007 оноос өнөөг хүртэл би Ил уурхайн Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсэгт Тохируулгын инженерээр ажиллаж байна. Манай бригадад О.В.Остроухов, О.Батсайхан нарын инженерүүд ажилладаг. Ил уурхайн өрмийн машины тогтмол гүйдлийн болон зөөлөн асаалтын хувиргуур, давтамж хувиргагч, электроникийн удирдлагатай маслын станцуудын засвар үйлчилгээ, тохируулга, экскаваторуудын нам хүчдэлийн иж бүрэн төхөөрөмжүүдийн засвар, цахилгааны гэмтэл саатлыг засварлаж эдгээр тоног төхөөрөмжүүдийн туршилт тохируулга, найдвартай ажиллагааг бид хариуцан ажилладгаараа онцлогтой.


Эрчим зүйч Н.Бат-Ирээдүй:

       2005 оноос Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн Цахилгааны хэсэгт тоног төхөөрөмжийн засварчин, жижүүрийн цахилгаанчин, эрчим зүйчээр ажиллаж байна. Бид уурхайн цахилгаан тоног төхөөрөмжүүд, экскаватор, өрмийн машинуудын төлөвлөгөөт болон урсгал цахилгаан засварын ажлыг чанарын өндөр түвшинд хийж ирсэн. Төлөвлөгөөт засварыг цаг тухайд нь чанартай хийснээр экскаватор, өрмийн машины цахилгаан талаас хамаарах сул зогсолт сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээгээр буурсан. СБШ-250МНА-32 маркийн өрмийн машины тогтмол гүйдлийн хөдөлгүүр болон компрессорын хөдөлгүүрүүдийг улиралд нэг удаа бүрэн үйлчилгээ хийснээр цахилгаан хөдөлгүүрүүдийн ашиглалтын хугацаа уртсаж, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна.

     Тус өрмийн машины вращателийн хөдөлгүүрт тогтмол гүйдлийн хувиргуур, компрессорын хөдөлгүүрт зөөлөн асаалтын хувиргуур, явах хөдөлгүүрүүдэд давтамж хувиргагчтай гидро систем тавьсан байгаа. Сүүлд угсарсан ЭКГ-12К экскаватор нь Тиристорын хувиргуур-хөдөлгүүрийн системээр ажилладаг. Дөрвөн машин агрегатгүй болсноор дуу чимээ бага синхрон хөдөлгүүр, генератор солих шаардлагагүй. Ингэснээр экскаваторын найдвартай ажиллагаа сайжирч өндөр бүтээмжтэй ажиллана. 15-20 хувийн эрчим хүчний хэмнэлт гарна. Уулын тоног төхөөрөмжийн  цахилгаанчдын мэргэжил, ур чадвар олгох сургалтыг жилд хоёр удаа зохион байгуулж байна.  5А зарчмын хүрээнд манай бригад цехийн гадна, доторх тохижилт, сэлбэг хэрэгслийг эмх цэгцтэй болгосноор оны хамгийн цэвэр ажлын байраар шалгарсан. Сүүлийн үед техник технологи хурдацтай хувьсан өөрчлөгдсөнөөс гадаад дотоодын ижил төстэй уул уурхайн болон цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудтай танилцах, туршлага судлах зорилгоор ажилтнуудыг мэргэшүүлэх зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна.


Цахилгааны мастер Д.Баярмагнай:
     Энэ хэсэгт би 12 дахь жилдээ цахилгаанчин, мастераар  ажиллаж байна. Реле хамгаалалтын бригад нь Ил уурхайн хөдөлгөөнт цахилгаан тоног төхөөрөмжүүд болох төрөл бүрийн чадалтай зөөврийн дэд станцууд, сэлгэн залгах пунктууд, уурхайн гэрэлтүүлгүүд, уян, хатуу кабелын засвар, ашиглалт, реле хамгаалалтын тавил тохируулгыг хариуцан ажилладаг. Одоогоор уурхайд зөөврийн дэд станц болон сэлгэн залгах пункт нийт 52 ажиллаж байгаа. Энэ нь 10 жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн. Бид уурхайн газардуулгын байгууламж болон аянгын хамгаалалтын тоноглолуудын ашиглалтын байдалд хяналт тавихаас гадна шинээр суурилуулах газардуулгын байгууламжуудын угсралтын ажлыг гүйцэтгэдэг. Сүүлийн үед манай бригад микропроцессорын элементийн базад суурилсан реле хамгаалалтыг Ил уурхайн нөхцөлтэй уялдуулан зөөврийн сэлгэн залгах пункт, чиглэл мэдрэх газардуулгын реле, хүчдэлийн реле ЕЛ-11 зэргийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь реле хамгаалалтын үндсэн шаардлагыг хангахаас гадна уурхайн экскаватор, өрмийн машин болон цахилгаан тоног төхөөрөмжүүдийн сул зогсолтыг багасгаад байна.
     Мөн уурхайн кабелийн байгууламжийн засварт Америкийн 3М компанийн хүйтэн суултын аргыг нэвтрүүлсэн, кабелийн өндөр хүчдэлийн туршилтад сүүлийн үеийн хагас дамжуулагч элементийн баазад суурилсан АИД-70м багаж ашиглаж байна.

     Ийнхүү Ил уурхайн Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсэг нь өөрсдийн хүчээр уулын тоног төхөөрөмжийн их засвар болон экскаватор, өрмийн машины угсралт тохируулгын ажлыг өдөр бүр чанарын өндөр түвшинд гүйцэтгэж явна. Ийм л эгэл ажилчдынхаа бүтээлч хөдөлмөрөөр бахархмаар. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн цахилгааны нэн хариуцлагатай ажлыг эрхэлж яваа уулын техникийн торгон цэргүүдийн ажил үйлс өөдрөг байг ээ.


Т.БАТЧУЛУУН

Фото: Б.БАТТӨГС

Мэдээний төрөл

Календарь

« 4-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Зургийн цомог