• Баяжуулагчид 31 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байна

         Баяжуулах үйлдвэрийн хамт олон  2020 онд 17,5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олохоор төлөвлөж, эхний хагас жилд 31 тэрбум төгрөг буюу 13,5 төгрөгөөр илүү нэмэлт орлого олсон байна.  Тэд энэ онд  тээрэм солих ажлын хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулах замаар хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулж 300 мянган тонн хүдэр илүү боловсруулах төлөвлөгөөтэй байснаас эхний хагас жилд 270 мянган тонн хүдэр илүү боловсруулжээ. Түүнчлэн энэ онд 9 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр төлөвлөсөн бөгөөд эхний хагас жилд 4,1 тэрбум төгрөгийн зардал хэмнэжээ. Өндөр үнэтэй технологийн нормчлогдсон материалыг хямд үнэтэйгээр орлуулах, эрчим хүчний хэрэглээг бууруулах, техник зохион байгуулалтын арга хэмжээ авч чадлын тарифын төлбөрийг бууруулах зэргээс хэмнэсэн байна. Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Д.ҮҮРИЙНТУЯА: Бид менежментийн хувьд бүх боломжийг дайчлан ажиллаж байна

    Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн 2020 оны эхний хагас жилийн тайлангийн хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. /08 сарын 06/ Үйлдвэрлэлийн цехүүд тайлангаа хамгаалж дуусах үеэр бид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяагаас тайлангийн хурлын үр дүнгийн талаар тодрууллаа. -Тайлангийн хурлын явцын талаар ярина уу?      -Эрдэнэт үйлдвэрийн 2020 оны эхний хагас жилийн тайлангийн хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Үндсэндээ үйлдвэрлэлийн цехүүд маань тайлангаа хамгаалаад дууслаа. Өнөөдөр нийгмийн цехүүд тайлангаа хамгаална. Маргааш “Улаанбаатар” Төлөөлөгчийн газрын тайланг хэлэлцэнэ. Ер нь бид Төлөөлөгчийн газрын тайлангийн үр дүнг хагас бүтэн жилээр хэлэлцэж, балансын хурлын үр дүнд нэгтгэдэг байх нь зүйтэй гэж үзээд энэ жилээс эхэлж байгаа юм. Тайлангийн хурлууд хуваарийн дагуу амжилттай болж байна. Өмнөх хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилт дээр тулгуурлаж, 2020 оны нэгдүгээр хагаст  хийж гүйцэтгэсэн ажлын үр  дүн, цех нэгжүүдэд тулгамдаж буй, шийдвэрлэх, анхаарал хандуулах, яаравчлах асуудлуудыг тооцож, сүүлийн хагас жилийн ажлын төлөвлөгөөнд тусгах зорилтуудаа хэрэгжүүлэхээр тайлангийн хурлыг богино хугацаанд амжилттай зохион байгуулж байна. -Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор хүндрэлтэй асуудал нэлээн байсан ч Эрдэнэт үйлдвэр нэг ч ажилчин цомхотгоогүй төдийгүй цалингаа ч нэмлээ. Үйлдвэрийн эдийн засаг эхний хагас жилд ямаршуу байв?      -Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа сайн байгаа. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын гаралтай түүхий эдийн үнэ харьцангуй уналаа. Нөгөө талаар гадаад худалдааны нөхцөл хүндэрч байна. Энэ амаргүй байдалтай уялдуулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөт зорилт дэвшүүлсэн. Үйлдвэрлэлийн хамт олон маань сайн ажиллаж байгаа. Энэ амжилтаас үүдэн санхүү эдийн засгийн үр дүн ч сайн байна. Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ хамгийн бага түвшиндээ 4800 ам.доллар хүртэл буурлаа. Харин өнөөдрийн байдлаар 6500 ам.доллар болон өсөж байна. Гэхдээ үнэ тогтвортой биш, өсөлт бууралтын хэлбэлзэл байна. Эхний хагас жилд бидний төлөвлөсөн үнэ 5991 ам.доллар байсан ч тонн тутамдаа дунджаар 500 ам.доллараар бага байлаа. Энэ алдагдлыг нөхөхийн тулд үйлдвэрлэлийн хамт олон маань хичээлээ. Менежментийн хувьд санхүү эдийн засгийн үр дүнг сайжруулах чиглэлээр ч ажиллалаа. Ингээд нэмэлт орлого олох, зардал хэмнэх, хөтөлбөр төлөвлөгөө боловсруулж, штабын зохион байгуулалтад орж ажилласны үр дүнд санхүү эдийн засгийн хямралтай нөхцөл байдлыг манай үйлдвэр амжилттай даван тууллаа. Удирдлага, зохион байгуулалтын хувьд энэ хямралыг давах тодорхой төлөвлөгөө хөтөлбөртэй ажиллаж байгаагийн үр дүнд ажилчдадаа хүндрэл мэдрүүлэхгүй байхын төлөө байна. Нийгмийн цехүүдийн үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хязгаарлалтанд орчихсон, ажилгүй байгаа нөхцөлд сул зогсолт үүсгэлгүйгээр цалин хөлс, нэмэгдэл урамшууллыг бүтэн олгох зорилго тавьж, хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой удирдан ажиллаж байна. Түүнчлэн бид бодлогын түвшинд цалин хөлсөө нэмлээ. Бидний одоогийн гол зорилт бол цалин хөлсний өсөлтийг дагаж хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийг хангах явдал. Тиймээс цех нэгж, хэсэг бүр дээр хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт ямар байгааг тооцож гаргах чиглэлийг балансын хурлаас өглөө. Үндсэндээ бид энэ хямралтай нөхцөл байдлыг давж туулахад өнгөрсөн 2019 оны ажлын үр дүн нөлөөлсөн. Мөн тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үл хамааран менежментийн хувьд 150 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олж, зардлын хэмнэлт хийсэн.  Энэ нь “Ковид”-ийн үед хүндрэлтэй нөхцөлийг даван туулах санхүүгийн эх үүсвэр болж, санхүүгийн ямар нэгэн дутагдалгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл ковидтой холбоотой ямар нэгэн хүндрэл Эрдэнэт үйлдвэрт үүсээгүй гэж хэлж болно. Төлөвлөсөн томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд цаг хугацаандаа хийгдэн санхүүжигдээд явж байна. Эрдэнэт үйлдвэрийн өртөг зардлыг бууруулах, үнэ цэнийг нэмэгдүүлэх, үндсэн чиглэлийн хүрээнд хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Энэ төсөл хөтөлбөрийнхөө үр дүнг үзэж байж, цаашдаа Эрдэнэт үйлдвэрийн Санхүү эдийн засгийн үйл ажиллагаа үр дүнтэй, үйлдвэрлэлийн бодлого бодитой хэрэгжих ёстой. Тэгэхээр үндсэн чиглэл, томоохон төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх тал дээр бид санхүү эдийн засгийн бодлогыг уялдуулж, үр ашигтай ажиллаж байна. Мөн арилжааны банкуудтай хийсэн хэлцэл, санхүү эдийн засаг, мөнгөний бодлогын үр дүнд экспортын бүтээгдэхүүний борлуулалтын орлогын оновчтой шийдлээс нэмэлт орлого олж байна. Арилжааны банкуудад байршуулж байгаа сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийн үлдэгдлээсээ орлого олж байна. Мөн худалдан авалтын үйл ажиллагаанаас эхний хагас жилд 40 гаруй тэрбум төгрөгийг хэмнэж ажиллалаа. Энэ бол худалдан авалт нээлттэй, ил тод, шилэн болж байгаагийн үр дүн юм. Энэ мэтчилэн менежментийн хувьд бид бүх боломжийг дайчлан ашиглаж байна. Ийнхүү хүндрэлийг уурхайчин хамт олон, тэдний гэр бүлд үүсгэхгүйгээр ажиллах Ерөнхий захирлын бодлогыг хэрэгжүүлж байна даа. -Балансын ерөнхий дүнг та нэгтгэж хэлнэ үү? Цаашид ямар асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй гэж комисс үзсэн бэ?      -Үйлдвэрлэлийн үндсэн цех нэгжүүдийн балансын дүн гарлаа. Манай Ил уурхай, Баяжуулах үйлдвэр үнэхээр сайн ажиллаж байгаа. Эдгээр цех дээр өртөг зардлын гол цөм явдаг. Мөн Автотээврийн цех үйлдвэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийн шатахууны зарцуулалтыг бууруулах тал дээр сайн ажиллаж байна. Нэмэлт орлого олох чиглэлд Баяжуулах үйлдвэр хамгийн өндөр үзүүлэлттэй байна.  Өртөг зардлыг хямдруулах чиглэлд Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Автотээврийн цех сайн ажиллаж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүн сайн явж байгаа боловч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажилчдын сахилга хариуцлагатай холбоотой асуудлууд дээр онцгой анхаарах шаардлагатай гэж дүгнэж, тайлангийн хурлын комиссоос үүрэг даалгавар өглөө. Мэдээж үйлдвэрлэлд нэмэлт орлого олох, зардлаа хэмнэх, үр ашиг гаргах нь чухал. Гэхдээ түүнээс илүү чухал нь хүний аюулгүй байдал. Ажилчид маань аюулгүй орчинд ажиллаж, өөрсдөө сахилга хариуцлагатай байж ажлын үр дүн гарах ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдлын ямар нэгэн зөрчилгүй ажиллаж, ажилтан бүр хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, сахилга хариуцлагатай байж гэмээнэ бидний ажлын үр дүн улам нэмэгдэх учиртай. Тийм учраас уурхайчин хамт олноо энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллаасай гэж хүсч байна. Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Ээлжит шуурхайгаар балансын хуралд өндөр үнэлгээ авсан цехүүдийг танилцуулав

                “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.  Шуурхай зөвлөгөөний эхэнд уламжлал ёсоор ХАБЭА-н хэлтсээс мэдээлэл хийж, өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэр хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчилгүй ажилласныг орлогч дарга Б.Баттайван танилцуулав. Мөн тус хэлтсээс үйлдвэрийн хэмжээнд ХАБ хариуцсан  ажилтнуудын дунд сарын зөвлөгөөнийг зохион байгуулж, оны эхний  7 сард хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хэрхэн ажилласныг дүгнэж, хэлэлцсэн байна. Зөвлөгөөнөөр цаашид ямар асуудалд анхаарч, ажиллах зорилтоо дэвшүүлжээ. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн ажил хэвийн, сарын эхний 10 хоногийн байдлаар төлөвлөгөөт үзүүлэлт биелж байгааг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлж, Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Авто тээврийн цех, Засвар механикийн завод зэрэг үндсэн болон туслах цехүүдийн удирдлага долоо хоногийн ажлаа товч танилцуулав.           Цаг үеийн мэдээллийн дараа Үйлдвэрийн бодлогын газрын дарга П.Батболор өнгөрөгч 7 хоногт хуралдсан Эрдэнэт үйлдвэрийн оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, эдийн засаг, үйл ажиллагааны үр дүнгийн хуралд нийт цехүүд амжилттай оролцсоныг онцолж, өндөр үнэлгээ авсан цехүүдийг нэрлэсэн. Баяжуулах үйлдвэрийн хамт олон 2020 оны эхний хагас жилийн ажлын үр дүнгээ  хамгийн өндөр буюу 95.93 хувийн үнэлгээтэй хамгаалсан бол Ил уурхай 93.89 хувь, Цахилгаан цех 93 хувиар тус тус үнэлүүлж, эхний гуравт жагссан байна. Нийгмийн цехүүдээс  Аж ахуй, үйлчилгээний цех  93.84 хувь, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль 91.19 хувиар үнэлүүлж,  оны эхний хагас жилийн ажлын үйл ажиллагаандаа “хангалттай сайн” гэсэн дүн авчээ. Балансын хурлын явцаас ажиглахад цех бүрийн ажлын үзүүлэлт сайн байгаа хэдий ч төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагаагаа танилцуулахдаа удирдлага болон холбогдох ажилтнууд сайн бэлдэж, тодорхой, ойлгомжтой, цэгцтэй байдлыг цаашид анхаарч байх нь чухал гэдгийг Үйлдвэрийн бодлогын газрын дарга онцлов. Тэрээр шуурхай зөвлөгөөний төгсгөлд цех нэгжүүд төлөвлөгөөт ажлуудаа цаг тухайд нь гүйцэтгэж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган хариуцлагатай ажиллахыг чиглэл болголоо. М.Балжинням Фото Б.Ялалт Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 08 дугаар сарын 07

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 215дахь өдөр. Он дуусахад 146хоног үлдлээ.                 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +20градус, шөнөдөө +8градус дулаан,хүчтэй аадар бороотой, салхины хурд 8 м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn) 3. -Аргын тооллын 8 сарын 7. Баасан (Сугар) гараг. Билгийн тооллын 19, хар морь, могойг хүлэгч-25 од, суудал мод, мэнгэ 1 цагаан, идэрийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:36-20:18.Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учирна сайн. Гэвч хулгана, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.Нохой, морь, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ сөрөг муу.Замд явах, лам болох, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал худалдахад муу. 4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2846,евро 3364, БНХАУ-ын юань 409, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.4төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6453.50 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1978 оны 8 сарын 12 Анхны зэсийн баяжмалыг гарган авав. 2013 оны 8 сарын 17 Үйлдвэрийн 35 жилийн ойгоор “Хөдөлмөрийн гавъаны улаан тугийн одон”-гоор шагнагдав. Дэлгэрэнгүй...
  • Аюулгүй, зөрчилгүй, соёлтой жолооч нарыг энэ оны эцэст тодруулна

         Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цех, Гэрээт цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсэгтэй хамтран “Хариуцлагатай жолооч” аяныг 2020 он дуустал үргэлжлүүлэхээр эхлүүлсэн. Авто тээврийн цехийн төрөл бүрийн тээврийн хэсгийн жолооч нарын ажлын хариуцлагыг өндөржүүлэх, эерэг хандлага төлөвшүүлж, ажлын байр орчны эрүүл ахуйг сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийн зөрчлийг арилгах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, харилцааны болон хөдөлгөөний соёлыг дээшлүүлэхэд аяны зорилго чиглэж байна.      Аяны хугацаанд Авто тээврийн цехийн Төрөл бүрийн тээврийн хэсгийн нэгжүүдийн дунд “Аюулгүй жолооч”, “Зөрчилгүй жолооч”, “Соёлтой жолооч” гэх зэрэг гурван чиглэлээр шалгаруулалт зохион байгуулж, оны төгсгөлд тэргүүний жолооч нарыг тодруулна. “Аюулгүй жолооч”-ийг шалгаруулахдаа Замын хөдөлгөөний хууль болон дүрмийн мэдлэг, түүнийгээ хэрхэн мөрдлөг болгож, бусдын аюулгүй байдалд эрсдэл учруулахгүйгээр замын хөдөлгөөнд өндөр соёлтой оролцож буй эсэхийг баримтлах бол “Зөрчилгүй жолооч” нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам, Замын хөдөлгөөний аюулгүй байдал болон ХАБЭА-н дүрэм журмыг бүрэн эзэмшиж, мөрдөн ажиллах шалгуурыг хангасан байна гэж Авто тээврийн цехийн Ашиглалтын албаны дарга С.Цэгмид онцлов. Харин “Соёлтой жолооч” өөрийн ажлын байр болох автомашины бүхээг, зорчигчдын заалны ариун цэвэр, эмх цэгцийг тогтмол сайжруулж цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй байлгаж, зөв боловсон харьцаатай байх, Тамхины эсрэг хуулийг хэрэгжүүлэгч зэрэг үзүүлэлтээрээ манлайлагч байх аж. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн   Дэлгэрэнгүй...
  • Оёдлын цехэд ажлын шинэ загварын хувцас үйлдвэрлэж байна

         Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех уурхайчдадаа зориулан шинэ загварын  ажлын хувцас үйлдвэрлэж байна. Нийт ажилтнууд нэг өнгө, загварын ажлын хувцастай байх төслийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс санаачлан, үйлдвэрийн удирдлагаар батлуулсны дагуу энэ ажил хэрэгжиж эхэлжээ. Тус цехийнхэн эхний ээлжинд 200 орчим ажлын шинэ загварын хувцас үйлдвэрлэн хүлээлгэн өгснийг Санхүү, маркетингийн албаны Тэргүүлэх мэргэжилтэн Д.Батхишиг ярив.        Оёдлын цехийн хамт олон оны эхний хагас жилд 3.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэл 24.3 хувиар өссөн дүнтэй байна. Үүний 944.5 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг Зөөлөн оёдлын хэсэгт үйлдвэрлэсэн бол Баяжмалын уут оёх хэсгийнхэн 2.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий  нийт 74494 ширхэг уут оёж, нийлүүлжээ. Орлого нэмэгдүүлэх зорилтын хүрээнд гадны байгууллага болон хувь хүний захиалга авч, 660 гаруй мянган төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Мөн шинэ төрлийн корона вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах арга хэмжээг хэрэгжүүлж, 13.1 сая төгрөгийн хэмнэлт үйлдвэрлэл болон үйл ажиллагааны зардлаасаа гаргаж ажиллажээ. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн    Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 08 дугаар сарын 05

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 217 дахь өдөр. Он дуусахад 158 хоног үлдлээ.                  2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +20 градус, шөнөдөө +10 градус дулаан ,үүлшинэ, салхины хурд 6м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn) 3. Аргын тооллын 8 сарын 5. Лхагва (Буд) гараг.Билгийн тооллын 17, цагаан луу, чөдөр-23 од, суудал ус, мэнгэ 3 хөх, идэрийн барилдлагатай өдөр. Сарын цээр өдөр. Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:34-20:21, Өдрийн сайн цаг: Луу (07:40-09:40), могой(09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40),  гахай (21:40-23:40), бар (03:40-05:40) болой. Үс бүү засуул өнгө зүс доройтно муу учир цээрлэвэл зохилтой.Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.Хулгана, бич, луу, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, могой, морь жилтнээ сөрөг муу. Өнөөдөр сарын цээр өдөр тул аливаа үйлийг эхлүүлэхэд муу. 4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2845,евро 3347, БНХАУ-ын юань 407, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6440.0 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1978 оны 8 сарын 1 -Цахилгаан цех байгуулагдав. 1978 оны 8 сарын 15 Хөгжмийн зохиолч, багш Л.Ооёогийн удирдсан хөнгөн хөгжмийн “Cu-Mo” хамтлаг байгуулагдаж анхны тоглолтоо хийв. 2001 оны 8 сар Баяжуулах фабрикийн хүчин чадлыг 2 сая тонноор нэмэгдүүлэв. Дэлгэрэнгүй...
  • Авто тээврийн цехийн хамт олон оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100-аас дээш хувиар биелүүлжээ

         Эрдэнэт үйлдвэрийнхэн 2020 оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны үр дүнгээ цахимаар хэлэлцэж байна. Тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн нэг болох Авто тээврийн цехийн хамт олон оны эхний хагас жилд үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөгөө бүх үзүүлэлтээр давуулан биелүүлж, ажилласнаа  тайлангийн  хуралд танилцууллаа. Оны эхнээс тус цех уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөөг 102.9 хувиар, ачаа эргэлтийн төлөвлөгөөг 105.7 хувиар, төрөл бүрийн тээврийн хэсгийн машин цагийн төлөвлөгөөг 101 хувиар тус тус биелүүлжээ.        Хэмнэлтийн бодлогын хүрээнд зардлыг батлагдсан төлөвлөгөөнөөс 4 тэрбум 527 сая төгрөгөөр буюу 8.4 хувиар хэмнэсэн бөгөөд эдгээр нь нормчлогдсон болон туслах материалын зардал, сэлбэг хэрэгсэл, үндсэн хөрөнгийн элэгдэл, цахилгаан эрчим хүч, бусад цехүүдээс авах ажил үйлчилгээний зардал зэргээс гаргасан хэмнэлт аж. Мөн технологийн тээврийн хэсгийн 1 тонн/км ачаа эргэлтийн өөрийн өртгийг төлөвлөгөөнөөс 54.5 төгрөгөөр, төрөл бүрийн тээврийн хэсгийн 1 машин цагийн өөрийн өртгийг 5271 төгрөгөөр тус тус бууруулсан байна. Шинэ корона вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах арга хэмжээний хүрээнд өртөг зардал бууруулах дөрвөн чиглэлээр 5 төрлийн бодлого хэрэгжүүлж ажилласны үр дүнд 1 тэрбум 385 сая төгрөгийн хэмнэлт гаргажээ. Тухайлбал, хүнд даацын Белаз-75131 загварын автомашины дизелийн түлшний хувийн зарцуулалтын нормыг бууруулснаар зөвхөн энэ чиглэлээр 513 сая төгрөг хэмнэсэн байна.      Тус цехийн хамт олон оны сүүлийн хагас жилд үйл ажиллагааны төлөвлөгөт даалгаврыг ханган биелүүлэх, уулын цул тээвэрлэлтийг боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлэх, төрөл бүрийн тээврийн хэрэгслийн засварын ажлыг чанаржуулж, техникийн бэлэн байдлын түвшнийг 95 хувиас бууруулахгүй байх, авто машины парк ашиглалтын түвшнийг дээшлүүлэх зэрэг зорилт дэвшүүлэн ажиллаж байна. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн   Дэлгэрэнгүй...
  • Ил уурхайд техникийн шинэчлэлийн хүрээнд томоохон хөрөнгө оруулалт хийгджээ

         Хүдэр олборлогч уурхайчид оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр биелүүлэн ажиллалаа. Ил уурхайн хамт олон уулын цул олборлолтын төлөвлөгөөг 2.9 хувиар давуулан биелүүлж, үйлдвэрлэлийн зардлыг төлөвлөснөөс 4 хувиар бууруулсан байна. Ингэснээр 1 метр куб уулын цулын нэгжийн өртгийг 7 хувиар багасгажээ. Хүдэр олборлолтын төлөвлөгөөг энэ хугацаанд 2.1 хувиар биелүүлж, үүний нэгжийн өртгийг төлөвлөснөөс 9 хувиар бууруулсан байна.      Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, хямралын эсрэг авах арга хэмжээний хүрээнд техник зохион байгуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлснээр 593 сая төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна. Энэ нь Эмульсийн тэсрэх бодисын хувийн зарцуулалтыг багасгах, усан уусмалын найрлагыг өөрчлөн натрийн шүү хэрэглэхгүйгээр бэлтгэх, нэг уртааш метр цооногоос гарах уулын цул, цахилгаан зарцуулалтыг багасгах, Белаз болон төрөл бүрийн машины үйлчилгээний зардлаас гаргахаар 2020 онд төлөвлөж буй нийт хэмнэлтийн 27 хувийг эзэлж байна.     Оны эхний хагас жилд Ил уурхайд техникийн шинэчлэлийн хүрээнд Бульдозер, грейдер, ЭКГ-12К экскаватор, Liebherr автокран, Сэрээт авто ачигч зэрэг 7 нэр төрлийн 10 гаруй уулын машин техникийн хөрөнгө оруулалт хийгджээ. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • Оны эхний 7 сард үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр биеллээ

         Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон 2020 оны эхний 7 сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүх үзүүлэлтээр биелүүллээ. Он гарсаар уурхайчид 14876 мянган метр куб уулын цул гаргаж, 6499 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэжээ. Ингэснээр уулын цул гаргалтын төлөвлөгөө 103.4 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөө 105.9 хувиар тус тус давж биелэв. Энэ хугацаанд нийт 21361 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөө 101.6 хувиар, исэлдсэн хүдэр олборлолтын төлөвлөгөө 108.3 хувиар биеллээ. Мөн 296950 тууш метр өрөмдөж, төлөвлөгөө 104.4 хувиар, ачаа эргэлтийн төлөвлөгөө 105.7 хувиар тус тус биелсэн байна. Баяжуулагчид оны эхнээс 19137 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөний биелэлт 101.5 хувьтай байна. Хүдэр дэх зэсийн агуулгын төлөвлөгөө 100.4 хувиар, молибдений агуулгын төлөвлөгөө 109.5 хувиар биелсэн бол зэсийн металл авалт 100.3 хувь, молибдений металл авалт 108.2 хувийн биелэлттэй байна.  Энэ хугацаанд зэсийн баяжмал гаргалтын төлөвлөгөө хуурай жингээр 102.2 хувь, молибдений баяжмал гаргалт 115.7 хувь, баяжмал дахь зэсийн агуулга 102.2 хувь, молибдений агуулга 120.2 хувь хүрч биелжээ. Оны эхний 7 сард нийт 339062 тонн зэсийн баяжмал, 3266 тонн молибдений баяжмал ачигдаж, чанарын төлөвлөгөө 102.3-104.1 хувиар биелсэн байна.      Тэгвэл өнгөрсөн 7 дугаар сард 2200 мянган метр куб уулын цул гаргаж, 984 мянган метр куб хөрс хуулсан байна. Уурхайчид 3100 мянган тонн хүдэр олборлосон бол баяжуулагчид 836 мянган тонн хүдэр боловсруулсан байна. Өнгөрсөн сард 50994 тонн зэсийн баяжмал, 450 тонн молибдений баяжмал тус тус ачуулж, чанарын төлөвлөгөөг 102-105.6 хувьд хүргэж, ажилласан байна. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Бидний тухай

   Эрдэнэт үйлдвэрийн Аж ахуй, үйлчилгээний цех, Төр засгийн үйлчилгээ эрхлэх газартай хамтран зохион байгуулсан үйлчилгээний ажилтны ур чадварын уралдааны шилдгүүд тодорлоо. Ажлын чанарыг сайжруулж, үйлчилгээний стандарт нэвтрүүлэн, ур чадварын зэрэг олгох энэхүү ажил мэргэжлийн уралдааныг Эрдэнэт үйлдвэр хоёр дахь удаагаа зохион байгуулсан юм. Уралдаанд нийгмийн цехийн 22 үйлчлэгч мэргэжлийн чадвараа үнэлүүлснээс албан тасалгааны төрөлд О.Энхзул тэргүүн байр эзэлж, Н.Алтанцэцэг, Б.Мөнхжаргал нар удааллаа. Харин ариун цэврийн өрөөний төрөлд Ч.Буянхишиг нэгдүгээр байр, Ч.Отгонжаргал хоёрдугаар байр, Б.Амаржаргал гуравдугаар байрт тус тус шалгарсан. Уралдааны явцыг оноогоор дүгнэхэд Ч.Буянхишиг 4.88 оноогоор I зэрэг, О.Энхзул 4.81 оноогоор III зэргийн болзол хангаж, ажил мэргэжлийн үнэлгээгээ ахиуллаа.

И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

 

   Эрдэнэт үйлдвэрийн Эрчим зүйн хэлтсээс цех нэгжийн цахилгаанчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, сайн туршлагаас хуваалцах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор ажил мэргэжлийн уралдааныг  зохион байгуулж байна. Энэ дагуу Баяжуулах үйлдвэрийн дөрвөн  багийн 28 цахилгаанчин хоёр өдрийн турш  ур чадвараараа өрсөлдөн, уралдав. Баг  тус бүр 7 гишүүнээс  бүрдэж, тус тусдаа нэг чиглүүлэгчтэй тэмцээнд оролцжээ.  Оролцогч багууд  цахилгаан эрчим хүчний талаарх бүхий л мэдээллийг багтаасан цахилгаан техникийн онол, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны сэдвээр илтгэл тавьж, цахилгааны бүдүүвч схем хийх гэрийн даалгавар авсан байна. Мөн цахилгааны хэмжилт, гэмтэл олох, цахилгаан хэрэгслийн марк тип, зориулалт, цахилгаан хэмжүүр, гүйдэл эсэргүүцэл, температур, механикийн олон төрлийн багаж хэрэгслийг хэрхэн зөв ашиглах талаар мэдлэгээ сорьжээ.
   “Энэ удаагийн уралдаан үр дүнтэй, залуу ажилтнуудад туршлага өгч, цаашид ажил мэргэжилдээ өсөж дэвжихэд өгөөж өгөхуйц боллоо. Тухайлбал, илтгэлийн уралдаанд “Конвейрийн тэргэнцрийг автоматжуулах нь” сэдвээр мэргэжлийн нарийн бөгөөд өндөр түвшний технологийн төсөл оруулж ирснийг цехийн удирдлага болон мэргэжилтнүүд үнэлсэн. Цаашид үйлдвэрлэлд нэвтрүүлж, хэрэгжүүлэх боломжтой олон шинэ санал санаачилга илтгэлдээ дэвшүүлсэн нь энэ удаагийн ажил мэргэжлийн уралдааны ач холбогдлыг нэмэгдүүллээ” гэж Баяжуулах үйлдвэрийн Эрчим зүйн албаны Эрчим зүйн хяналтын инженер Ч.Батжаргал ярьлаа.
   Уралдааны тэргүүн байрыг П.Төртогтох ахлагчтай “TESLA” баг эзэлж, Г.Болд   ахлагчтай “Синхрон”, Н.Галмандах ахлагчтай “Хоёрдугаар баг “ багууд удаах байрт шалгарчээ.

М.Балжинням

   Орхон аймгийн соёл урлагийн салбарт өөрийн гэсэн тод томруун мөртэй эрхэм хатагтай бий. Урлагийн ертөнцөд хөл тавьсан залуучуудыг удирдан чиглүүлэгч тэрээр Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын тайзнаа “амилдаг” бүхий л уран бүтээлийн найруулгыг хийж, шинэ санаа, ур ухаанаа урлагийн төлөө харамгүй зориулж явна. Уран сайхны удирдагч, найруулагч Д.Одончимэгтэй цөөн хором ярилцаж, ирэх улиралд тавихаар бэлтгэж буй уран сайханчдын сонин сайхнаас хуваалцлаа.

   - Морин хуурын хамтлаг тоглолтын бэлтгэл гээд ойрын өдрүүдэд завгүй сууж харагдлаа. Тоглолтоо хэзээ хийхээр бэлтгэж байна вэ?
   - Олон Улсын Ахмадын баярт зориулсан “Сэтгэлийн эгшиг” тоглолтоор Эрдэнэт хотынхоо нийт ахмадыг баярлуулахаар Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид маань ажиллаж байна. Маргааш буюу есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд 4 удаагийн тоглолт хийхээр төлөвлөсөн. “Дуу бүжгийн Эрдэнэт чуулга” морин хуурын хамтлагтай болоод таван жил болж байна. Энэ удаа морин хуурын тоглолт, монгол ардын харилцаа дуу, “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Нансалмаагийн ари, Сүнжидмаа зэрэг ахмадуудын дуртай дуу хөгжим тайзнаа эгшиглэнэ.
   Өнгөрсөн жилийн Ахмадын баяраар “Учиртай гурван толгой” дуурийг бүрэн эхээр нь тоглоход үзэгчид маань хангалттай байж чадаагүй. Энэ тоглолтонд ахмадыг урилгаар оролцуулах тул залуучууд маань аав, ээжийгээ энэ тоглолтонд заавал хамруулаарай. Бид Эрдэнэт үйлдвэрийнхээ хэмжээнд 880, Орхон аймагт мөн тооны урилга өгсөн. Торгон дээлээ өмсөж, одон медалиа зүүж ирээд тоглолт үзээд гарах ахмадын сэтгэл ямар сайхан байх бол. Энэ нэг үдшийг ижий аавдаа бэлэглээрэй гэж залуучууддаа захъя.

   - Ирэх сарын төлөвлөгөөт ажлаасаа хуваалцахгүй юу?
   - Морин хуурын хамтлаг байгуулагдсаны ойг тохиолдуулан дан морин хуур хөгжим эгшиглэсэн, анхны бие даасан тоглолтыг 11 дүгээр сард хийхээр төлөвлөөд байна. Тоглолтонд чуулгын 32 уран бүтээлч оролцож, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав болон сүүлийн үеийн хөгжмийн зохиолуудыг тоглохоор бэлтгэж байна. Бид урын сандаа 12 томоохон бүтээлтэй болсон. Хөгжим гэдэг зүйл чихээр сонсож, нүдээр үзэхээс гадна хүний сэтгэлийг ямар их сэргээж, эрч хүч, гоо сайхны мэдрэмж төрүүлдэг билээ. Үүнийг л бид олон түмэндээ хүртээмээр байна.
   Мөн Эрдэнэт үйлдвэрийнхээ сайн дурын уран сайханчид, мэргэжлийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчдийн хамтарсан бүрэн хэмжээний тоглолтыг 11 дүгээр сард толилуулна. Уурхайчид урлагийнхантай хэрхэн хоршиж дуулдгийг, Эрдэнэт үйлдвэр уурхайчдыг соёл урлагаар хэрхэн хүмүүжүүлсэн бэ гэдгийг бид харуулахыг зорьж байна. 10 дугаар сар гараад энэ ажилдаа шамдан орно. Шинэ жилийн баяраар уламжлалт хөтөлбөрөө шинэчилж, Эрдэнэт үйлдвэрт хүч түрэн орж ирсэн залуучуудынхаа сэтгэлд нийцсэн, уянга эгшигээр хөглөсөн сайхан тоглолтууд хийх болно.

  - Морин хуурын чуулгыг таван жилийн өмнө бүрдүүлж байсан тэр үеийг эргэн санахад тодхон буудаг дурсамжаасаа хуваалцана уу?
   - Тухайн үед хүн бүр “Тэгье тэгье, би суръя” гэж дуун дээр зөвшөөрөөгүй л дээ. Бүжигчид маань нот мэдэхгүй, эсэргүүцсэн хүмүүс ч байсан. Аль болох олон хүн хамруулахын тулд “Морин хуур авч ирэхгүй бол хаалгаар оруулахгүй шүү” гэж шахаж шаардаад л зогсдог байлаа. Тэртээх өдрүүдийн үр дүн тайзан дээр гарсныг харахад сайхан байна. Уран бүтээлчид маань өнөөдөр хөгжмөө тоглож суухдаа баярлаж, өөрөөрөө, хамт олноороо бахархаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хүнийг баясгаж, баярлуулна гэдэг нь өөрийгөө хүндэтгэж, баярлуулсан цагт хүнд хүрдэг учиртай.
   Цагаан сарын шинийн нэгэнд гэртээ хөгжмөө хөглөж, хүүхдийн сэвлэг үргээх ёслол, найр хурим гээд бүхий л баярт бусдын гар харалгүйгээр язгуур хөгжмөө тоглодог болсонд бид ч баяртай байна. Одоо “Хүүхдүүд, ойр дотныхондоо морин хуураа заа” гэж зөвлөдөг болсон. Уран бүтээлчид маань морин хуурч болохоос гадна багш нар болсон. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад 2017, 2018 онд сургалт явуулсан. “Найз нөхөдтэйгээ ирж, соёлын ордны танхимд хөгжим сураач ээ” гээд үйлдвэрийн цехүүдээр тойроод явсан үе ч бидэнд бий. Харамсалтай нь цөөхөн хүн сурсан. Тэр үед олон хүн хамрагдсан бол сайхан л байлаа. Эцэст нь бид хүрч чадаагүй юу, тэд зорьж ирсэнгүй юу гэдэг асуулттай үлдсэн. Энэ асуултандаа хариу олохын төлөө бид хичээх болно. Ямартаа ч уран сайханчдын тоглолтыг үзээд үйлдвэрийн ажилтан ажиллагсад маань хөгжим суръя гэж өөрийн эрхгүй бодох байх.

   - Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид урлагийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхсаар 40 оныг үдлээ. Үйлдвэрийн боловсон хүчин залуужиж байгаа өнөө цагт залуучууд руу чиглэсэн ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
   - Үйлдвэрийн ажилчдын дийлэнх нь залуучууд боллоо. Бие биенээсээ суралцах хэрэгцээ бий болж байна. Соён гэгээрүүлэх ажилд өөрсдөө идэвх санаачилгаараа оролцдог байвал өөрт нь л хэрэгтэй. Эхний ээлжинд залуучууддаа зориулсан бүжгийн сургалт явуулна. Сургалтыг үе шаттай хийхээр төлөвлөн, хуучнаар заавал сурах ёстой 10 бүжиг гэж байсныг заавал сурах гурван бүжиг гэж хөтөлбөртөө оруулж өгсөн. Тухайлбал эхний гурван бүжгээ сурсан хүмүүст заавал сурах зургаа, есөн бүжиг гэх мэтээр ахисан түвшинд заана. Ингэхдээ “Заавал” гэдэг үгийг оруулж байж тухайн хүнийг урлагтай ойртуулна гэж шийдсэн. Хүмүүс хэзээ хойно баярлаж, талархсан сэтгэлээ илэрхийлдэг болохоор энэ ажилд олныг татан оролцуулж, зоригтой хийх нь чухал байна. Үйлдвэрийн ажилчдын 80 хувийг бүжгийн сургалтанд хамруулахыг хичээнэ. Гурван бүжиг сурсан хүн урамшиж, зургаан бүжиг сурна гээд явах л байх.
   Бүжиг дэлхий нийтэд эрчимтэй хөгжиж байгааг та бид харж байна. Энэ нь зөвхөн хөдөлгөөн бус эрүүл, урт наслах зэвсэг болчихлоо. Гоё сайхан, гуалиг болъё гэж хүссэн хүн бүрт үнэ төлбөргүй сургалт явуулна. Хүссэн бүхэнд ийм боломж гарахгүй шүү дээ. Уурхайчдаа хөгжүүлье гэсэн сэтгэлтэй 100 гаруй хүн Соёл, урлагийн цогцолборт ажиллаж байгааг бүү мартаарай. Ирэх жил танго, ча-ча-ча бүжгийг төлбөртэй явуулах маягаар ахисан түвшний сургалтаа явуулаад эхэлнэ.  

И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

   Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц өвлийн бэлтгэлээ базааж, ирэх сарын 1-ний өдрөөс үйлдвэрийн бүс дэх барилга байгууламжид дулаан өгч эхэлнэ.
   Тус Дулааны цахилгаан станц энэ намар, өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дөрвөн чиглэл бүхий 34 ажил төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар, төлөвлөгөөт ажлууд 90 хувийн гүйцэтгэлтэй хангагдсаныг Ерөнхий инженер Д.Дарханбаяр хэллээ.  Дулааны цахилгаан станцын хувьд өвлийн хүйтнийг ажралгүй давах хамгийн гол бэлтгэл нь нүүрс, мазутын нөөцлөлт байдаг. Тиймээс ДЦС-хан нүүрс татан авалтыг хуваарийн дагуу ханган ажилласны үр дүнд Шарын голын уурхайгаас 50000 тонн нүүрс нөөцлөөд байна. Шарын голын нүүрсний чанар сайн, хангалт ч боломжийн түвшинд байгаа аж.
   ДЦС-ын өвлийн бэлтгэлийн нэг чухал хэсэг нь зуухны их засварын ажил юм. Одоо тус станцад гуравдугаар зуухны засвар үргэлжилж байна. Ажлын явц 75 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байгаа бөгөөд ирэх сарын 21-нд туршилтын 72 цагийн галлагаа хийж, ажлыг бүрэн дуусгахаар зорилт тавин ажиллаж байна. Мөн дөрөвдүгээр зуухныхаа агаар халаагчийг сольж, өрлөг дулаалга хийх юм байна. Ингэснээр ДЦС-ын өвлийн бэлтгэл 100 хувь хангагдаж, хүйтний улиралд найдвартай, баталгаатай ажиллах боломж бүрдэх аж. Мөн өвлийн бэлтгэл ажлын хүрээнд турбин генераторуудын урсгал засвар, үйлчилгээг ээлж дараалан хийж байна. Ирэх сарын 1-нээс  үйлдвэрийн бүсэд тус станцаас хангагддаг бүх цэгт халаалт өгч, дулааны сүлжээнд залгаснаар өвлийн горимд шилжих юм байна.

М.Балжинням

   Уул уурхайн салбарын бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчдыг нэг дор цуглуулдаг  "Дисковер Монголиа" чуулган Улаанбаатар хотод 17 дахь удаагаа нээгдлээ. Энэ жилийн чуулганд БНХАУ, ОХУ, Канад, Австрали зэрэг 10 гаруй улсын 500 гаруй төлөөлөгчид оролцож, салбарын хөгжил, гадаад харилцааг хэрхэн үр дүнтэй өргөжүүлэх чиглэлээр санал бодлоо хуваалцаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ жил тус чуулганы хамтран зохион байгуулагчаар оролцохын зэрэгцээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнийхээ дээжийг танилцууллаа. Тус үйлдвэрийн Гадаад харилцааны бодлогын газрын дарга Г.Тэнгэр, ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Цагаан-Эрдэнэ, Хөгжлийн хэлтсийн орлогч дарга Б.Батжаргалсайхан тэргүүтэй 10 гаруй мэргэжилтнүүд хамт олноо төлөөлөн оролцож байна.
   Монгол улсын нийт экспортын 87 хувь нь уул уурхайн салбараас бүрддэг бол аж үйлдвэрийн үйлдвэрлэлээс олдог нийт орлогын 72 хувийг мөн л уул уурхай дангаараа эзэлж байна. Тиймээс “Дисковер Монголиа” чуулган Монгол Улсын  Засгийн газраас уул уурхайн салбарт баримталж буй бодлого, хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг онцлов. Чуулганы үйл ажиллагааг нээж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар “Монголын уул уурхайн компаниудад өрсөлдөх чадварыг бий болгох нь” сэдэвт илтгэл тавьлаа. “Монгол улсын эрдсийн салбарт  хөрөнгө оруулах нь” үндсэн хуралдаанаар эхэлж, “Төслийн үнэлгээ хөгжлийг дэмжих нь”, “Монгол Улсын хөгжлийг дэмжих нь” салбар хуралдаануудаар үргэлжилж байна.
   “Дисковер Монголиа” нь  Монголын уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт шинэ хөрөнгө оруулалтыг хэрхэн татах, шинэ санал, төсөл хөтөлбөрийг  хэрэгжүүлэх оновчтой гарц шийдэл зэрэг чиглэлээр  салбарын мэргэжилтнүүд олон талаас нь ярилцаж, хэлэлцэх боломжийг нээж өгдөг талбар юм. Уул уурхай, эрдэс баялгийн салбарынхан геологи хайгуулын өнөөгийн байдлыг нухацтай хөндөж, бодлогын ямар шинэчлэлийг хэрхэн хийх талаар зөвлөлдөж байна. Мөн Эрчим хүчний салбарын бодлогод анхаарал хандуулж, метан, нар салхины нөөц зэрэг эрчим хүчний шинэ үүсвэрийн тухай асуудлыг  салбар хуралдаанаар  хэлэлцэх юм.

Э.Мөнх-Уянга
 

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог