• Аюулгүй, зөрчилгүй, соёлтой жолооч нарыг энэ оны эцэст тодруулна

         Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цех, Гэрээт цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсэгтэй хамтран “Хариуцлагатай жолооч” аяныг 2020 он дуустал үргэлжлүүлэхээр эхлүүлсэн. Авто тээврийн цехийн төрөл бүрийн тээврийн хэсгийн жолооч нарын ажлын хариуцлагыг өндөржүүлэх, эерэг хандлага төлөвшүүлж, ажлын байр орчны эрүүл ахуйг сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийн зөрчлийг арилгах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, харилцааны болон хөдөлгөөний соёлыг дээшлүүлэхэд аяны зорилго чиглэж байна.      Аяны хугацаанд Авто тээврийн цехийн Төрөл бүрийн тээврийн хэсгийн нэгжүүдийн дунд “Аюулгүй жолооч”, “Зөрчилгүй жолооч”, “Соёлтой жолооч” гэх зэрэг гурван чиглэлээр шалгаруулалт зохион байгуулж, оны төгсгөлд тэргүүний жолооч нарыг тодруулна. “Аюулгүй жолооч”-ийг шалгаруулахдаа Замын хөдөлгөөний хууль болон дүрмийн мэдлэг, түүнийгээ хэрхэн мөрдлөг болгож, бусдын аюулгүй байдалд эрсдэл учруулахгүйгээр замын хөдөлгөөнд өндөр соёлтой оролцож буй эсэхийг баримтлах бол “Зөрчилгүй жолооч” нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам, Замын хөдөлгөөний аюулгүй байдал болон ХАБЭА-н дүрэм журмыг бүрэн эзэмшиж, мөрдөн ажиллах шалгуурыг хангасан байна гэж Авто тээврийн цехийн Ашиглалтын албаны дарга С.Цэгмид онцлов. Харин “Соёлтой жолооч” өөрийн ажлын байр болох автомашины бүхээг, зорчигчдын заалны ариун цэвэр, эмх цэгцийг тогтмол сайжруулж цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй байлгаж, зөв боловсон харьцаатай байх, Тамхины эсрэг хуулийг хэрэгжүүлэгч зэрэг үзүүлэлтээрээ манлайлагч байх аж. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн   Дэлгэрэнгүй...
  • Оёдлын цехэд ажлын шинэ загварын хувцас үйлдвэрлэж байна

         Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех уурхайчдадаа зориулан шинэ загварын  ажлын хувцас үйлдвэрлэж байна. Нийт ажилтнууд нэг өнгө, загварын ажлын хувцастай байх төслийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс санаачлан, үйлдвэрийн удирдлагаар батлуулсны дагуу энэ ажил хэрэгжиж эхэлжээ. Тус цехийнхэн эхний ээлжинд 200 орчим ажлын шинэ загварын хувцас үйлдвэрлэн хүлээлгэн өгснийг Санхүү, маркетингийн албаны Тэргүүлэх мэргэжилтэн Д.Батхишиг ярив.        Оёдлын цехийн хамт олон оны эхний хагас жилд 3.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэл 24.3 хувиар өссөн дүнтэй байна. Үүний 944.5 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг Зөөлөн оёдлын хэсэгт үйлдвэрлэсэн бол Баяжмалын уут оёх хэсгийнхэн 2.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий  нийт 74494 ширхэг уут оёж, нийлүүлжээ. Орлого нэмэгдүүлэх зорилтын хүрээнд гадны байгууллага болон хувь хүний захиалга авч, 660 гаруй мянган төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Мөн шинэ төрлийн корона вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах арга хэмжээг хэрэгжүүлж, 13.1 сая төгрөгийн хэмнэлт үйлдвэрлэл болон үйл ажиллагааны зардлаасаа гаргаж ажиллажээ. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн    Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 08 дугаар сарын 05

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 217 дахь өдөр. Он дуусахад 158 хоног үлдлээ.                  2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +20 градус, шөнөдөө +10 градус дулаан ,үүлшинэ, салхины хурд 6м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn) 3. Аргын тооллын 8 сарын 5. Лхагва (Буд) гараг.Билгийн тооллын 17, цагаан луу, чөдөр-23 од, суудал ус, мэнгэ 3 хөх, идэрийн барилдлагатай өдөр. Сарын цээр өдөр. Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:34-20:21, Өдрийн сайн цаг: Луу (07:40-09:40), могой(09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40),  гахай (21:40-23:40), бар (03:40-05:40) болой. Үс бүү засуул өнгө зүс доройтно муу учир цээрлэвэл зохилтой.Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.Хулгана, бич, луу, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, могой, морь жилтнээ сөрөг муу. Өнөөдөр сарын цээр өдөр тул аливаа үйлийг эхлүүлэхэд муу. 4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2845,евро 3347, БНХАУ-ын юань 407, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6440.0 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1978 оны 8 сарын 1 -Цахилгаан цех байгуулагдав. 1978 оны 8 сарын 15 Хөгжмийн зохиолч, багш Л.Ооёогийн удирдсан хөнгөн хөгжмийн “Cu-Mo” хамтлаг байгуулагдаж анхны тоглолтоо хийв. 2001 оны 8 сар Баяжуулах фабрикийн хүчин чадлыг 2 сая тонноор нэмэгдүүлэв. Дэлгэрэнгүй...
  • Авто тээврийн цехийн хамт олон оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100-аас дээш хувиар биелүүлжээ

         Эрдэнэт үйлдвэрийнхэн 2020 оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны үр дүнгээ цахимаар хэлэлцэж байна. Тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн нэг болох Авто тээврийн цехийн хамт олон оны эхний хагас жилд үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөгөө бүх үзүүлэлтээр давуулан биелүүлж, ажилласнаа  тайлангийн  хуралд танилцууллаа. Оны эхнээс тус цех уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөөг 102.9 хувиар, ачаа эргэлтийн төлөвлөгөөг 105.7 хувиар, төрөл бүрийн тээврийн хэсгийн машин цагийн төлөвлөгөөг 101 хувиар тус тус биелүүлжээ.        Хэмнэлтийн бодлогын хүрээнд зардлыг батлагдсан төлөвлөгөөнөөс 4 тэрбум 527 сая төгрөгөөр буюу 8.4 хувиар хэмнэсэн бөгөөд эдгээр нь нормчлогдсон болон туслах материалын зардал, сэлбэг хэрэгсэл, үндсэн хөрөнгийн элэгдэл, цахилгаан эрчим хүч, бусад цехүүдээс авах ажил үйлчилгээний зардал зэргээс гаргасан хэмнэлт аж. Мөн технологийн тээврийн хэсгийн 1 тонн/км ачаа эргэлтийн өөрийн өртгийг төлөвлөгөөнөөс 54.5 төгрөгөөр, төрөл бүрийн тээврийн хэсгийн 1 машин цагийн өөрийн өртгийг 5271 төгрөгөөр тус тус бууруулсан байна. Шинэ корона вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах арга хэмжээний хүрээнд өртөг зардал бууруулах дөрвөн чиглэлээр 5 төрлийн бодлого хэрэгжүүлж ажилласны үр дүнд 1 тэрбум 385 сая төгрөгийн хэмнэлт гаргажээ. Тухайлбал, хүнд даацын Белаз-75131 загварын автомашины дизелийн түлшний хувийн зарцуулалтын нормыг бууруулснаар зөвхөн энэ чиглэлээр 513 сая төгрөг хэмнэсэн байна.      Тус цехийн хамт олон оны сүүлийн хагас жилд үйл ажиллагааны төлөвлөгөт даалгаврыг ханган биелүүлэх, уулын цул тээвэрлэлтийг боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлэх, төрөл бүрийн тээврийн хэрэгслийн засварын ажлыг чанаржуулж, техникийн бэлэн байдлын түвшнийг 95 хувиас бууруулахгүй байх, авто машины парк ашиглалтын түвшнийг дээшлүүлэх зэрэг зорилт дэвшүүлэн ажиллаж байна. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн   Дэлгэрэнгүй...
  • Ил уурхайд техникийн шинэчлэлийн хүрээнд томоохон хөрөнгө оруулалт хийгджээ

         Хүдэр олборлогч уурхайчид оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр биелүүлэн ажиллалаа. Ил уурхайн хамт олон уулын цул олборлолтын төлөвлөгөөг 2.9 хувиар давуулан биелүүлж, үйлдвэрлэлийн зардлыг төлөвлөснөөс 4 хувиар бууруулсан байна. Ингэснээр 1 метр куб уулын цулын нэгжийн өртгийг 7 хувиар багасгажээ. Хүдэр олборлолтын төлөвлөгөөг энэ хугацаанд 2.1 хувиар биелүүлж, үүний нэгжийн өртгийг төлөвлөснөөс 9 хувиар бууруулсан байна.      Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, хямралын эсрэг авах арга хэмжээний хүрээнд техник зохион байгуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлснээр 593 сая төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна. Энэ нь Эмульсийн тэсрэх бодисын хувийн зарцуулалтыг багасгах, усан уусмалын найрлагыг өөрчлөн натрийн шүү хэрэглэхгүйгээр бэлтгэх, нэг уртааш метр цооногоос гарах уулын цул, цахилгаан зарцуулалтыг багасгах, Белаз болон төрөл бүрийн машины үйлчилгээний зардлаас гаргахаар 2020 онд төлөвлөж буй нийт хэмнэлтийн 27 хувийг эзэлж байна.     Оны эхний хагас жилд Ил уурхайд техникийн шинэчлэлийн хүрээнд Бульдозер, грейдер, ЭКГ-12К экскаватор, Liebherr автокран, Сэрээт авто ачигч зэрэг 7 нэр төрлийн 10 гаруй уулын машин техникийн хөрөнгө оруулалт хийгджээ. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • Оны эхний 7 сард үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр биеллээ

         Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон 2020 оны эхний 7 сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүх үзүүлэлтээр биелүүллээ. Он гарсаар уурхайчид 14876 мянган метр куб уулын цул гаргаж, 6499 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэжээ. Ингэснээр уулын цул гаргалтын төлөвлөгөө 103.4 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөө 105.9 хувиар тус тус давж биелэв. Энэ хугацаанд нийт 21361 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөө 101.6 хувиар, исэлдсэн хүдэр олборлолтын төлөвлөгөө 108.3 хувиар биеллээ. Мөн 296950 тууш метр өрөмдөж, төлөвлөгөө 104.4 хувиар, ачаа эргэлтийн төлөвлөгөө 105.7 хувиар тус тус биелсэн байна. Баяжуулагчид оны эхнээс 19137 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөний биелэлт 101.5 хувьтай байна. Хүдэр дэх зэсийн агуулгын төлөвлөгөө 100.4 хувиар, молибдений агуулгын төлөвлөгөө 109.5 хувиар биелсэн бол зэсийн металл авалт 100.3 хувь, молибдений металл авалт 108.2 хувийн биелэлттэй байна.  Энэ хугацаанд зэсийн баяжмал гаргалтын төлөвлөгөө хуурай жингээр 102.2 хувь, молибдений баяжмал гаргалт 115.7 хувь, баяжмал дахь зэсийн агуулга 102.2 хувь, молибдений агуулга 120.2 хувь хүрч биелжээ. Оны эхний 7 сард нийт 339062 тонн зэсийн баяжмал, 3266 тонн молибдений баяжмал ачигдаж, чанарын төлөвлөгөө 102.3-104.1 хувиар биелсэн байна.      Тэгвэл өнгөрсөн 7 дугаар сард 2200 мянган метр куб уулын цул гаргаж, 984 мянган метр куб хөрс хуулсан байна. Уурхайчид 3100 мянган тонн хүдэр олборлосон бол баяжуулагчид 836 мянган тонн хүдэр боловсруулсан байна. Өнгөрсөн сард 50994 тонн зэсийн баяжмал, 450 тонн молибдений баяжмал тус тус ачуулж, чанарын төлөвлөгөөг 102-105.6 хувьд хүргэж, ажилласан байна. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • “Хариуцлагатай жолооч” аян эхэллээ

         Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цех, Гэрээт цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсэгтэй хамтран “Хариуцлагатай жолооч” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.      Уг хөтөлбөр нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийг бууруулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас орон даяар зохион байгуулж буй “Яараад яахав дээ-II” аяны хүрээнд хэрэгжиж буйг Замын цагдаагийн хэсгийн Ахлах зохицуулагч, Ахмад Б.Ганзориг ярилаа.  Аймаг, нийслэл дүүргийн Замын цагдаагийн хэсгүүд тухайн нутаг дэвсгэртээ олон төрлийн хөтөлбөр авч хэрэгжүүлж буй бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн Замын цагдаагийн хэсэг үйлдвэрийн бүсэд замын хөдөлгөөнд оролцдог бүх жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэх, “Яараад яахав дээ-II” аянд нэгтгэхээр “Хариуцлагатай жолооч” хөтөлбөрийг санаачилжээ.      Тус хөтөлбөрийн үеэр “Аюулгүй жолооч”, “Зөрчилгүй жолооч”, “Соёлтой жолооч”-ийг шалгаруулж, жолооч нарт дүрмийн мэдлэг олгох, хариуцлагатай байх зэрэг соён гэгээрүүлэх чиглэлийн сургалт явуулах аж. “Хариуцлагатай жолооч” хөтөлбөр энэ оны 12 дугаар сарын 15 хүртэл үргэлжлэх юм байна. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • “Их зогсолт”-ын үеэр 300 гаруй их засварын ажлыг чанартай, амжилттай гүйцэтгэлээ

         Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн уурхайчиддаа дэвшүүлсэн талархлын үгээр эхэллээ. Тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер Т.Батмөнх шуурхай зөвлөгөөнийг нээхдээ, өнгөрсөн амралтын өдрүүдэд үйлдвэрийн “Их зогсолт” төлөвлөгөөний дагуу амжилттай болж, үүнд уурхайчин хамт олон бэлтгэл сайтай, чанарын өндөр түвшинд шуурхай хийж гүйцэтгэснийг тэмдэглэн, талархал илэрхийлсэн юм. Тасралтгүй үйл ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа үйлдвэрлэлээ зогсоон, нөөцгүй тоног төхөөрөмжийн иж бүрэн засвар үйлчилгээ хийж, найдвартай байдлыг хангадаг уламжлалтай. Энэ жилийн “Их зогсолт”-ыг  7 дугаар сарын 31-ний 18.00 цагаас 8 дугаар сарын 2-ны 19.00 цаг хүртэл үргэлжлүүлж, амжилттай залгасан байна. Үйлдвэрийн удирдлага, хамт олон нэг хүч, зорилгын дор энэ удаагийн “Их зогсолт”-ын бэлтгэл ажлаа долоо хоногийн өмнө бүрэн хангаж, зохион байгуулалт сайтай ажилласан нь их засвар чанартай хугацаандаа дуусаж, үйлдвэрлэлээ хүндрэл, саадгүй залгах боломж бүрдүүлжээ. “Их зогсолт”-ын ажилд давхардсан тоогоор 1410 хүн, 103 засварын ажлыг 10 обьектод гүйцэтгэснийг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон мэдээлсэн бол үйлдвэрийн хэмжээнд нийт 330 нэр төрлийн ажил таван үндсэн чиглэлээр хийгдэж, туслан гүйцэтгэгчээр оролцсон Засвар механикийн завод, Барилга засварын цех, Засвар угсралтын цехүүд сайн ажилласныг Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг онцлов. Мөн “Их зогсолт”-ын бэлтгэл ажлын хүрээнд 1151 ширхэг шаардлагатай материал, сэлбэг хэрэгслийн захиалга өгснөөс 95 хувь бүрэн нийлүүлэгдсэн. Үлдсэн таван хувь нь урсгал засварт ашиглагдах захиалга байсан тул их зогсолтын ажилд нөлөөлөөгүй. Энэ бүхнийг хугацаанд нь нийлүүлж, хурдан шуурхай ажилласан Худалдан авах хангамжийн хэлтсийнхэнд талархал илэрхийлье” гэсэн юм.      Өнгөрсөн долоо хоногт хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчил дутагдалгүй ажиллаж, цех нэгжүүд төлөвлөгөөний дагуу үйлдвэрлэлийн ажлаа хэвийн үргэлжлүүлж байна. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас өнгөрсөн долоо хоногт корона вирусын тархалтаас үүсээд буй нөхцөл байдлыг даван туулах ажлыг зохион байгуулах зорилготой ажиллаж буй Төв бол дэд штабын хагас жилийн ажлын тайланг гаргасан байна. Тайланг төлөвлөгөөний гүйцэтгэл, үүрэг даалгаврын гүйцэтгэл, дэд штабуудын ажлын үр дүн, эдийн засгийн үр дүн чиглэлээр бэлтгэжээ. Мөн тус газраас үйлдвэрийн ажиллагсдадаа төрсөн өдөр болон 50 насны ойгоор нь мэндчилгээ зурвасаар илгээх үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Түүнчлэн Хамтын гэрээний дагуу 5,10,15,20,25 дахь жилийн ойн өдрийн баяр мэндчилгээ, ээлжийн амралт, цалингүй чөлөө дуусах өдрийн мэдээлэл зэргийг зурвасаар хүргэдэг болжээ.      Эрдэнэт үйлдвэрийн 2020 оны хагас жилийн үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүнгийн тайлангийн хурал өнөөдөр Ил уурхай, Авто тээврийн цехээр эхэлж, хуваарийн дагуу гурван өдөр үргэлжилнэ.   М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 08 дугаар сарын 03

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 215дахь өдөр. Он дуусахад 150 хоног үлдлээ.                 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +20градус, шөнөдөө +10 градус дулаан,үүлшинэ, салхины хурд 6м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn) 3. Аргын тооллын 8 дугаар сарын 03.Сумьяа гараг. Билгийн тооллын 15.Булаагч одтой, шар бар өдөр. Өдрийн наран 5 цаг 32 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлэлцээр байгуулахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), могой (09:40-11:40), хонь (13:40-15:40), нохой (19:40-21:40) болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн. 4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2845,евро 3345, БНХАУ-ын юань 406, ОХУ-ын рубль 38, Японы иен 27, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6446.5 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)   Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1965 оны 08 дугаар сар Монгол, Чехословакийн хамтарсан геологийн анги Эрдэнэтийн Овооны орд газарт явуулсан эрэл, үнэлгээний ажлын тайлангаа хэлэлцүүлэв. 1974 оны 08 дугаар сар МХЗЭ-ийн Төв Хорооноос их бүтээн байгуулалтад оролцох анхны илгээлт авсан 54 залуу Эрдэнэтийг зорив. 1975 оны 08 дугаар сар  БелАЗ машины жолоочийн нэг жилийн курст суралцах эхний ээлжийн хүмүүсийг ЗХУ-руу илгээв. 1977оны 08 дугаар сар  Уул уурхайн баяжуулах “Эрдэнэт комбинатыг боловсон хүчнээр хангах зарим арга хэмжээний тухай” БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 254 дүгээр тогтоол гарав.   Дэлгэрэнгүй...
  • Манлайлагчдын урамшууллыг нэмэгдүүлжээ

         “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  бүтцийн нэгжүүдийнхээ   ХАБЭА-н урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хоёрдугаар улирлын ажлыг  дүгнэлээ.  Үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийг  Засвар механикийн заводын хамт олон манлайлсан бол хоёрдугаар хэсгийг   Чанарын хяналтын хэлтэс,  гуравдугаар хэсгийг   Засвар угсралтын цех тэргүүлжээ. Харин нийгмийн цехүүдийг   Спорт ордны хамт олон манлайлав.      Саяхан шинэчилсэн ХАБЭА-н  журмаар ХАБЭА-н үйл ажиллагаанд амжилттай оролцож,  тэргүүлсэн  хамт олны урамшууллыг нэмэгдүүлсэн байна. Нэгдүгээр хэсэгт тэргүүлсэн хамт олонд таван сая төгрөгийн урамшуулал олгодог байсныг  зургаан сая төгрөг, хоёрдугаар хэсэгт тэргүүлэгчийн урамшууллыг хоёр сая төгрөгөөр нэмж,  таван сая төгрөг, гуравдугаар хэсэгт тэргүүлэгчийн  урамшууллыг  1,5 саяар нэмэгдүүлэн  гурван сая, дөрөвдүгээр хэсэгт тэргүүлэгчийн урамшууллыг нэг сая төгрөгөөр нэмэгдүүлэн 1,5 сая төгрөг болгосон байна.      Түүнчлэн улирал тутамд  “Аюулгүй ажиллагч”-ийн жагсаалтад анх удаа бичигдсэн 27 ажилтанг шалгаруулдаг  байсан бол шинэчилсэн журмаар  65 болгон нэмжээ.   Энэ нь үйлдвэрийн захиргаанаас ХАБЭА-н урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ажилчдын оролцоо, манлайллыг дээшлүүлэхэд  ихээхэн  анхаарч буйн илрэл юм.  “Аюулгүй ажиллагч”-аар анх удаа шалгарсан ажилчдад  өнөөдөр бүтцийн нэгжүүдийн удирдлагуудаар дамжуулан бэлэг дурсгал олгов. Мөн энэхүү жагсаалтад хоёр дахь удаагаа  14 ажилтан шалгарав.  ХАБЭА-н хэлтсээс  эдгээр 14 ажилтан  болон  тэргүүлэгч дөрвөн цехийн удирдлагыг  оройн зоогт урьж, халуун дотно яриа өрнүүллээ. Эрдэнэт үйлдвэр таван жил тутамд ХАБЭА-н журмаа шинэчлэн боловсруулдаг юм.                                                                                                                    Я.Энхтуяа Фото: Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Бидний тухай
   Энэ өдрийн сурвалжлагаа Ил уурхайн засварын хэсгээс хүргэж байна. Энд ЭКГ-12К экскаваторыг угсрах ажил ид өрнөж, энэ сарын 23-ны өдөр эхэлсэн ч төлөвлөгөөний бүтээмж 2 өдрөөр түрүүлж байгааг угсралтынхан хэллээ. Эрч хүчтэй, туршлагатай мэргэжлийн баг энэ оны хоёрдахь том аварга хүлгээ хүлээн авах ажилд хэдийнэ “ханцуй шамлан” орсныг ажлын халуун цэгээс харахад л шууд мэдрэгдсэн. Тэнгэрт шүргэм сүр бараатай, уурхайн мөргөцөгт хүдэр шанагадах нь цаанаа л бахархмаар “сайхан амьтан” гэж шинэхэн экскаваторынхаа гол ханыг угсарчихаад хошигнож зогсоо угсралтынхан урам зориг дүүрэн байна. Өдөр бүр 12 цагаар амралтгүй ажиллаж, цаг агаарын ямар ч нөхцөлд төлөвлөгөөт ажлаа удаашруулахгүй гүйцэтгэхээр шамдаж байгаа тэд “Онцгой даалгаварынхан”. 
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас энэ оныг “Хөрөнгө оруулалт”-ын жил болгон зарлаж, техник технологийн шинэчлэлийг үйлдвэрлэлд үе шаттай, эрчимтэй нэвтрүүлж буй. Энэ бодлогын хүрээнд Ил уурхайн хүчит техникийн эгнээнд хүч нэмж, хоёр дахь экскаваторыг нийлүүлсэн нь энэ. Ажлын ачаалал, өндөржүүлсэн зохион байгуулалт, ур чадвар гээд ажилчдынхаа сэтгэл зүтгэлийг бодитоор үнэлж, урамшуулах тогтолцоонд ч үйлдвэрийн удирдлагууд “эргэлт” хийж байна. ЭКГ-12К экскаваторыг угсрах ажлыг “Онцгой даалгавар”-т тооцон, энэ ажилд хүчин зүтгэсэн ажилтнуудын нэмэгдэл хөлсийг 100 сая төгрөгөөр, батлагдсан хуваариас өмнө угсралтын ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд хоног тутамд 3 сая төгрөгийн нэмэлт урамшуулал олгох тухай үйлдвэрийн Ерөнхий захирлын шийдвэр үүнийг гэрчилнэ. Урьд өмнө байгаагүй ийм хэмжээний нэмэлт урамшуулал ажилчдад урам, дэм  өгч байгаа гэдгийг Ил уурхайн Ерөнхий инженер хэлснийг онцлох нь зүйтэй.
   Хойд хөршийн уулын техник тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн нэгэн нэрийн хуудас болж буй 12.5 метр кубын шанаганы багтаамж бүхий ЭКГ-К12 экскаваторыг угсрах ажлыг гардан удирдаж буй  Ил уурхайн уулын тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсгийн дарга С.Даваа-Очир уурхайд 20 гаруй жил ажилласан, нягт нямбай чадвартай инженерүүдийн нэг. Түүнийг өнгөрсөн хавар ашиглалтад өгсөн ЭКГ-К12 экскаватор угсрах ажлыг мөн л ахалж, арвин туршлага хуримтлуулж, ажилдаа эзэн болсон ажилтан гэж Ерөнхий инженер С.Уламмандах өгүүлнэ лээ. Харин тэр өөрөө эгэл даруухнаар ажлын талаар “Бидний одоо шинээр угсарч буй ЭКГ-К12 экскаватор манай Ил уурхайн 26 дахь экскаватор. Энэ оны хувьд бол хоёр дахь экскаваторын угсралтын ажил л даа. Манай Засварын хэсгийнхэн хоёр бригад болж, хагас бүтэн сайны амралтгүйгээр өдөр бүр 12 цагаар ажиллаж байгаа. Нэг бригад 5 хүний бүрэлдэхүүнтэй, ажлын шаардлагаас шалтгаалаад өргөн тээвэрлэх, зөөвөрлөх техникүүдийг улираах буюу нэмэлт цагаар ажиллуулж байна. Экскаваторын машинист, туслахуудын хамт хоёр бригадад хуваагдан оролцож байна. Мөн цахилгааны бригад 4-5 хүний бүрэлдэхүүнтэй цахилгааны нарийн угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Ингээд нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ЭКГ-К12 экскаваторыг угсарч, бэлэн болгоно. Угсралтын өдөр тутмын ажлыг манай уурхайн экскаватор хариуцсан механик, Орос мэргэжилтэн С.М.Янковский удирдаж байгаа. Миний хувьд ажлын чиг үүрэг өгч, анхаарал хяналт тавьж байна” гэж танилцуулав. Шанаганы хүчин чадлаараа өмнөх экскаваторуудаас илүү багтаамжтай, цахилгаан эрчим хүчний өндөр хэмнэлт, технологийн боловсронгуй үзүүлэлт бүхий ЭКГ-К12 экскаватор нь 6000 вольтын цахилгаанаар ажилладаг. Уг экскаваторыг угсралтын багийнхан 35 хоногийн хугацаанд угсарч, бэлэн болгох төлөвлөгөөтэй. Экскаваторын үндсэн эд анги буюу том хэсгүүд нь угсрахад энгийн ажиллагаатай тул цаг хугацааны хувьд хүндрэлгүй, харин цахилгаан болон хийн систем, тосолгооны линкольн системийн угсралт тохиргоонууд илүү нарийн чимхлүүр ажиллагаа, цаг шаарддаг. Мөн цаг агаарын таатай нөхцөл байдал ажлын гүйцэтгэлд шууд нөлөөлдөг. Тиймээс хүйтрэхээс өмнө шуурхайлж, төлөвлөсөн цаг хугацаанд амжуулж дуусгах нь бидний нэн түрүүний зорилт. Нөгөө талаас чанарын үзүүлэлтэд онцгой анхаарч ажиллах ёстой гэдгийг Засварын хэсгийн дарга С.Даваа-Очир нэмж онцолсон.
   Өнөөдрийн байдлаар Ил уурхайн хэмжээнд 9 экскаватор хүдэр олборлолтын ажилд гарч байна. Шинэ экскаватор 10 дахь нь болон нэмэгдэх ч цаашид дахин экскаваторын хэрэгцээ шаардлага байгааг Ил уурхайнхан ярьж байна. Ашиглалтын хугацаа нь дууссан ч өөрсдөө засаж, тордон ажилд гаргаж буй экскаваторуудыг ойрын таван жилд шат дараалан шинэчлэх бодлого технологийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжих ажээ.
 
 
 
 
 
 
 
   ЭКГ-К12 экскаваторын угсралтын бригадын хоёр ахлагчийн нэг нь Засварын хэсгийн уулын тоног төхөөрөмжийн механик Т.Батжаргал. Түүнээс ажлын явцын талаар тодруулахад “Бид өнгөрсөн хавар яг ийм экскаватор угсраад гаргасан болохоор энэ удаа ажил илүү урагштай байна. Нийт ажлаа нарийн төлөвлөн, өдөр өдөртөө хуваарилаад, одоо доод хэсгийн эд ангиудаа угсраад явж байна. Миний хариуцаж буй бригад гагнуурчин, слесарь, экскаваторын машинист, туслах гээд зургаан хүний бүрэлдэхүүнтэй өдрийн ажлаа 100 хувийн гүйцэтгэлтэй хангаж байгаа. Ихэнх нь олон жил ажилласан туршлагатай засварчид тул хүндрэл бэрхшээл харьцангуй гайгүй” гэж ярилаа.
 

   Цахилгаан системийн нарийн горимоор ажиллах ЭКГ-К12 экскаваторт цахилгааны угсралт хамгийн чухал үүрэгтэй юм. Тиймээс цахилгааны бригадынхан нягт нямбай, хариуцлагатай ажиллах шаардлагатайг Эрчим зүйч Д.Бадрах бидэнд онцолсон. Тэрээр Ил уурхайн Цахилгааны хэсгийн Эрчим зүйчээр 15 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 5-6 экскаваторын цахилгаан угсралтын ажилд оролцсон туршлагатай. Одоогийн байдлаар цахилгааны бригадынхан экскаваторын дотоод хөдөлгүүрийн засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна. Угсралтын доод хэсэг дууссаны дараа тэд гол цахилгаан угсралтаа эхэлнэ. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, осол эрсдэлгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, үндсэн тавцан, хана боссоны дараа цахилгааны ажил хийгддэг гэсэн үг юм. Кабель сүлбэх, холбох гээд маш нарийн ажил байдаг тул тэдэнд анхаарал, хариуцлага юу юунаас ч чухал. Цахилгааны угсралтыг тохируулгын инженер, цахилгаанчин, слесарь гээд 10 хүний бүрэлдэхүүнтэй бригад гүйцэтгэж байгаа юм.
 

   Аливаа ажлын гүйцэтгэлд чанар хамгийн эхэнд тавигддаг. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй найдвартай ажиллагаа гол үүрэгтэй. ЭКГ-К12 экскаваторын техникийн давуу үзүүлэлт, яагаад сонгох болсон шалтгааны талаар Ил уурхайн Ерөнхий инженер Д.Уламмандахаас тодрууллаа. “ЭКГ маркийн экскаваторыг бид өөрсдөө эндээ угсарч, ажилд оруулж байсан. Тиймээс манайхан энэ талаар арвин туршлагатай. Энэ нь ч ажил урагштай байхад эерэгээр нөлөөлж байна. Ер нь К12 экскаваторыг сонгож авч байгаагийн учир гэвэл нэгдүгээрт 10 метр кубын багтаамжтай шанага бүхий экскаваторын хүчин чадал 12.5 метр кубын багтаамжтай болж ирж байна. Хамгийн сүүлийн үеийн шинэ технологиор үйлдвэрлэгдсэн, цахилгааны эрчим хүчний зардлыг 30 хувиар бууруулна. Нөгөө талаар, манай Ил уурхайн анхны төсөлд нийцсэн, өөрөөр хэлбэл өндрийн хэмжээ зэрэг нь уурхайн мөргөцөгт тохиромжтой. Мөн хаврын угсарч ажилд гаргасан ЭКГ-К12 экскаваторын үйлдвэрлэлд өгч буй өгөөжийг харахад, бүтээмж нь хуучин ЭКГ-К10 экскаваторуудаас харьцангуй сайн, шанаганы хутгалтын өндөр нэмэгдсэнээр аюулгүй байдлыг хангах боломж ч илүү сайжирсан. Бас машинистын кабин давхар, цахилгаан эрчим хүчтэй болсноор тохилог тухтай, ажлын байрны нөхцөл дээшилсэн гээд давуу тал их байгаа” гэж уурхайн Ерөнхий инженер сэтгэл өндөр хариулсан юм.
 
 
   Ил уурхайн засварын хэсэгт ажил “буцалж”, ажилтнуудын идэвх чармайлт оргилж байна. Тун удахгүй шинэхэн хүчит экскаватор уурхайгаа чимэн хөдлөх нээ.
 
 
М.Балжинням
Фото Ш.Лхамсүрэн
 
 
 

  Монгол Улсын Засгийн газраас цуврал “Нээлттэй өдөрлөг”-ийг энэ сарын 16-ны өдөр нийслэл хотод эхлүүлж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдээ иргэдэд  танилцуулж байгаа билээ. Засгийн газрын харьяаны тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд, төрийн захиргааны бүх байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг” энэ сарын 27-ныг дуустал үргэлжилнэ. 

   “Нээлтэй өдөрлөг”-ийг зохион байгуулах хуваарийн дагуу өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны өдөрлөг нийслэлийн төв талбайд болж, геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын чиглэлээр мэдээлэл түгээн иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, хариулт өгч байна. Тус өдөрлөгт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюу толгой” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Эрдэнэс таван толгой” зэрэг Монгол Улсын уул уурхайн салбарт үнэтэй хувь нэмрээ оруулан, эдийн засгийн голлох үүргийг гүйцэтгэж буй 40 гаруй компанийн төлөөллүүд геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбар гэсэн 4 хэсэгт хуваагдан үйл ажиллагаагаа танилцууллаа. 
   Энэхүү өдөрлөгт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчин хамт олон оролцож, “НЭЭЛТТЭЙ ЭРДЭНЭТ” сэдвийн хүрээнд үйлдвэрлэлийн ололт амжилт, эдийн засгийн үзүүлэлтүүдээ олон нийтэд мэдээлэн, сурталчилж байна. Энэ үеэр тус үйлдвэрийн 23 хувийн агуулгатай зэсийн баяжмал, 48 хувийн молибдены баяжмал, Засвар механикийн заводад үйлдвэрлэж буй зэсэн бүтээгдэхүүний дээжээс иргэдэд танилцуулав. Өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Маркетингийн хэлтсийн дарга Б.Бямбадагва үйлдвэрийн үйлдвэрлэл, эдийн засгийн талаар цогц мэдээлэл хийж, тус үйлдвэрийн дэргэдэх Соёл урлагийн цогцолборын Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын хөөмийч МУСТА М.Саруултөгс, уртын дуучин МУСТА Д.Дагиймаа нар хурсан олонд ая дуугаа өргөн мэндчилэв.
   Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олон 2019 оны эхний 8 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүлж, улс орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтын хүрээнд 2019 оныг “Хөрөнгө оруулалт”-ын жил болгон зарлаж, бүтээн байгуулалтын том төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэн ажиллаж байгаа юм. 
 
Э.Мөнх-Уянга
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог