• “Миний мөрөөдөл” цахим уралдааны дүн гарлаа

    Хүүхдийн баярыг угтан Баяжуулах үйлдвэрээс Эрдэнэт үйлдвэрийн нийт ажиллагчдын хүүхдүүдийн дунд зарласан “Миний мөрөөдөл” зохион бичлэгийн цахим уралдааны шилдгүүд тодорлоо. Зургаан насны ангиллаар бүтэн сарын хугацаанд үргэлжилсэн уг уралдаанд хүүхдүүдийн 90 гаруй бүтээл иржээ. 1-3-р ангийн насны ангилалд Цахилгаан цехийн цахилгаанчин Орхоны охин, XIV сургуулийн 3б ангийн сурагч О.Мөнгөнтуул түрүүлж, Баяжуулах үйлдвэрийн НБХ-ийн баяжуулагч Золжаргалын охин, XIV сургуулийн 2б ангийн сурагч Б.Хулан удаалж, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын үйлчлэгч Очмаагийн хүү, V сургуулийн 3д ангийн сурагч Б.Сүлд-Эрдэнэ гуравдугаар байрт шалгарсан байна. Харин 4-5-р ангийн насны ангиллын нэгдүгээр байрыг Баяжуулах үйлдвэрийн ӨНХ-ийн засварчин Будаевийн охин, IV сургуулийн 5-р ангийн сурагч Б.Энхжин, хоёрдугаар байрыг “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Нийтийн хоолны хэсгийн нярав Сугарын охин, XIII сургуулийн 5г ангийн сурагч С.Очгэрэл, гуравдугаар байрыг Засвар механикийн заводын ЗУХ-ийн дарга Мэндбаярын охин, М.Анужин эзэлжээ. 6-7-р ангийн насны ангилалд Ил уурхайн экскаваторын туслах машинч Мягмарбулганы охин, XIX сургуулийн 7-р ангийн сурагч М.Хулан түрүүлж, Засвар механикийн заводын токарьчин Буджавын хүү, V сургуулийн 6г ангийн сурагч Б.Энх-Амгалан, Автотэээврийн цехийн гагнуурчин Амгалан-Эрдэнийн хүү, V сургуулийн 7г сурагч А.Түвшинтөгс нар удааллаа. 8-9-р ангийн насны ангилалд тэргүүн байрыг Дулааны цахилгаан станцын мастер Болдбаатарын охин, Орхон Эмпати сургуулийн 9б ангийн сурагч Б.Энхжин эзэлж, дэд байрт Ус хангамжийн цехийн лабораторийн эрхлэгч Өнөрийн хүү, XIV сургуулийн 8-р ангийн сурагч Тулга, гутгаар байрт Ус хангамжийн цехийн оператор Одгэрэлийн хүүхэд, “Билэгт-Өргөө” сургуулийн 8-р ангийн сурагч А.Нэрзэм нар шалгарчээ. Харин 10-12-р ангийн насны ангилалд Аж ахуй, үйлчилгээний цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн Болормаагийн охин, V сургуулийн 12в ангийн сурагч Э.Солонго түрүүлж, Авто тээврийн цехийн гагнуурчин Батжаргалын хүү, “Эрдмийн сан” сургуулийн 11-р ангийн сурагч Б.Баттулга, Ус хангамжийн цехийн лабораторийн эрхлэгч Өнөрийн хүү, 14-р сургуулийн 11-р ангийн сурагч Г.Намхай нар удаалав.  М.Одгэрэл Дэлгэрэнгүй...
  • Х.ҮНЭНЗОРИГ: “Эрдэнэтийн ирээдүй өнгөтэй байна” уриан дор хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн зургаан төрлийн цахим уралдаан зарласан

    “Хүүхдийн баяр” ирэх долоо хоногийн Даваа гарагт тохионо. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд улс орон даяар нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглох шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид цахимаар уралдаан зарлаж, Эрдэнэт хотынхоо хүүхдүүдийг баярлуулахаар шийдвэрлэжээ. Тэмдэглэлт өдрийг угтсан үйл ажиллагааны талаар тус цогцолборын орлогч дарга Х.Үнэнзоригоос тодрууллаа. -Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Соёл, урлагийн цогцолбор хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу? -Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан Улсын Онцгой комисс, үйлдвэрийн удирдлагын гаргасан тушаал, шийдвэрийн дагуу манай цогцолборын соёлын үйл ажиллагаа түр хугацаанд зогссон. Гэхдээ уран бүтээлчид маань завгүй ажилласаар байна. Манай байгууллагын хувьд 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулсан хэдий ч хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа тул тэмдэглэлт баяруудын үеэр зохион байгуулах соёлын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах нь оновчтой гэж үзсэн. Ингээд дахин төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу ажлаа зохион байгуулж байна.     -Соёлын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулахад бэрхшээлтэй зүйл гарч байна уу? -Төлөвлөсний дагуу ажлаа зохион байгуулж чадвал хүндрэлтэй зүйл алга. Цахим хэлбэрээр эхний ажлуудаа хийсэн. Тухайлбал, энэ сарын 9-нд Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид маань бэлтгэсэн концертоо төв, орон нутгийн мэдээллийн сувгууд болон сошиалаар цацаж, олон нийтэд хүргэлээ. Мөн концертын эхэнд Оросын ард түмэн болоод өнөөдрийг хүртэл бидэнтэй мөр зэрэгцэн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, амьдарч байгаа оросууддаа зориулан үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэндчилгээ дэвшүүлсэн. Энэхүү баярын концертыг бичиж, улс, орон нутгийн үзэгчдэд хүргэсэн Маркетингийн хэлтсийн Олон нийттэй харилцах алба, “Эрдэнэт” телевизийн уран бүтээлчдэд талархал илэрхийлье. Мөн ОХУ-ын үзэгч олонд хүргэхэд ОХУ-ын Элчин сайдын яам, Оросын соёл, шинжлэх ухаан, мэдээллийн төв, ОХУ-аас Дархан хотод суугаа Ерөнхий консулын газар, Эрдэнэт үйлдвэрийн Москва хот дахь Төлөөлөгчийн газрын хамт олон маш сайхан дэмжиж, хамтран ажилласан. ОХУ-д амьдарч байгаа Эрдэнэт үйлдвэрийн ахмад ажилтан, үе үеийн уурхайчдад бидний мэндчилгээ хүрсэнд маш их баяртай байна.                Дараагийн үйл ажиллагаагаа “Хүүхдийн баяр”-т зориулан бэлтгэж байна. Эх орныхоо, Эрдэнэт хотынхоо ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулан “Эрдэнэтийн ирээдүй өнгөтэй байна” уриан дорзургаан төрлийн уралдаан цахим орчинд зарласан. Төгөлдөр хуур сонирхогчдын “Эрдэнэтийн сонат”, дуу дуулаачдын “Ээждээ дуулъя”, “Эрдэнэтийн хүүхдүүд дуулж байна”, зураач багачуудын “Эрдэнэт үйлдвэр миний нүдээр” гар зургийн уралдаан тус тус зохиогдож байна. Харин гэр бүл рүү чиглэсэн “Жаргалтай 60 секунд”-гэр бүлийн бүжгийн уралдаан, “Хөгжилдөн хөгжимдье-ая эгшиглүүлэх уралдаан”-ыг зарласан. Ирэх долоо хоногт “Гэр бүлийн цаг” нэртэй нэгэн шинэ дуу мэндэлнэ. Энэхүү дуугаа “Аз жаргалтай уурхайчин гэр бүл” “чэлленж” болгон зарлаж, ирэх сарын 15-ныг хүртэл зохион байгуулна. Мэргэжлийн уран бүтээлчид тэмцээний шүүгчээр ажиллана. Шалгарсан хүүхдүүдийнхээ гэрт нь очиж бэлэг гардуулахаар төлөвлөж байна. Энэ дашрамд бидний үйл ажиллагааг дэмжсэн үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Нийгмийн харилцааны хэлтэст талархал илэрхийлье.   -Уралдаанд оролцогчдын бүтээлийг хаана байршуулж байна вэ? -Бүх тэмцээн зэрэг эхэлсэн тул оролцогчдын бүтээлийг цахимаар хүлээн авч, фэйсбүүкийн “Соёл урлагийн цогцолбор-Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ” хуудсаараа олон нийтэд хүргэж байна. Төгсөлтийн баяр, Үндэсний их баяр наадамтай холбогдуулан тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн зүйл бий. -Хүүхэд, багачуудад хандан юу хэлэх вэ? -Эрдэнэтийнхээ бүх гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье. Манай уралдаанд оролцож амжаагүй хүүхдүүд байвал дараа дараагийн уралдаанд оролцох эрх нээлттэй шүү. Бид цар тахлын голомтод цаг наргүй ажиллаж байгаа хүчний байгууллага, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад зориулан “Эрдэнэт үйлдвэртээ, эх орондоо баярлалаа” гэсэн агуулгын дор томоохон концерт тоглохоор бэлтгэж байна. Уран бүтээлчид бид эерэг бүхнийг нийгэмд түгээх болно.         И.Чинтогтох Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Өглөөний сэргээш цуврал контент #21: Лувсандоржийн ЭНХТӨР

    Төгссөн сургууль: 1993 онд Улаанбаатар хотын Төмөр замын техникумыг цахилгааны техникчээр, 2006 онд Дархан хотын Техникийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгсөж, 2009 онд КТМС-д Үйлдвэрлэлийн менежментээр магистрын зэрэг хамгаалсан. Мэргэжил: Цахилгааны инженер Ажилласан туршлага: 1993 онд Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводоос ажлын гараагаа эхэлсэн. Тэрбээр 27 дахь жилдээ Цутгуурын цехийн эрчим зүйчээр ажиллаж байна. Мэргэжил дээшлүүлсэн байдал: 2019 онд цахилгаан хангамжийн чиглэлээр Монгол Улсын Зөвлөх инженер цол хүртсэн. Чин хүсэл: Монгол Улсын эрчим хүчний салбарт шинэ тутам нэвтэрч буй сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг Эрдэнэт үйлдвэртээ “нутагшуулах” нь түүний чин хүсэл билээ. Үйлдвэрийнхээ шинийг санаачлагчдын тэргүүн эгнээнд бичигддэг түүний мэдлэг чадвар бодит хөрөнгө оруулалт болж, эрчим хүчний системтэй бодлогоор үйлдвэрлэлийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь гарцаагүй. Том зорилгод цаг хугацаа хэрэгтэйг санаж, түүний хүсэл тэмүүлэлд ташуур өгөх нь зөв биз ээ. Хийх ажлаа эртнээс төлөвлөсөн тэрээр өнгөрсөн хугацаанд зүгээр суулгүй, ажлынхаа хажуугаар суралцах, мэдлэг чадвараа ахиулахад анхаарч ирсэн. 2018 онд Улаанбаатар хотноо зохиогдсон Сэргээгдэх эрчим хүчний форумд оролцож, МУИС-ын Сэргээгдэх эрчим хүчний тэнхимтэй танилцан, Эрдэнэт үйлдвэртээ судалгаа шинжилгээний ажил хийж хэрэгжүүлэх боломжийн талаар судалжээ. -Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ? -Амьдралын сэргээш гэдэг зүйл аз жаргалтай гэр бүлээс эхлэх байх. Миний хувьд үр хүүхдүүд, халуун дулаан гэр бүлээсээ хамгийн их аз жаргалыг хүртэж, амьдралын сэргээш авдаг. Харин гар нийлсэн эвсэг хамт олноосоо ажил хийх урам зориг, эрч хүчээ авсаар өнөөдрийг хүрчээ. -Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ? -Эрчим хүчний салбарынхан бид үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад мэдлэг боловсролоо дайчлан ажиллаж байна. Мэргэжлийн бус хүмүүсийн нүдээр харахад бид зүгээр суугаад байгаа мэт харагддаг байх. Гэтэл үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж байгаа нөхцөлд бид хийх ёстой ажлаа хийж, гүйцэтгэх үүргээ биелүүлсэн гэж ойлгож болох юм. Энэ л бидний ажлын гол онцлог юм болов уу. -Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ? -Манай Засвар механикийн завод, тэр дундаа Цутгуурын цех энэ онд шинэ техник, технологи нэвтрүүлж байгаатай холбогдуулан тэдгээрийн холбогдох баримт бичиг, заавруудыг боловсруулах, засвар үйлчилгээний ажилтнуудыг сургаж бэлтгэх ажлуудыг төлөвлөн, шат дараатай ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. -Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ? -Ажлаа илүү сайн хийхийн тулд өөрийн бие бялдарт анхаарч, оюун санаагаа цэгцлэх үүднээс “update”хийхийг хичээдэг. Сардаа 1-2 удаа ажил руугаа алхаж байна. Мөн зав чөлөөтэй үедээ ном уншдаг. -Таны хамгийн том мөрөөдөл юу вэ? -Халуун ам бүлээрээ элэг бүтэн, эрүүл саруул амьдрах шиг том мөрөөдөл гэж амьдралд байхгүй байх аа. -Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө? -Амьдралын хамгийн сайн зөвлөгөөг аав ээж, хань минь өгдөг болохоор тэдгээр үгсийг бодол оюундаа тээж, мөрдлөг болгож явна. “Ажлыг битгий халтуурдаж хий. Хэрвээ халтуурдвал цаг хугацаа алдаж, чиний хөдөлмөр үр ашиггүй болно”, “Хүнд аль болох тусалж бай, харин тусалснаа хэзээ ч бүү ярь”, “Хүний итгэл дааж амьдар”, “Худал хуурмагаас хол байж, шударга яв”, “Ажил хийвэл хийсэн шиг хий. Хийж чадахгүй бол хийгээд хэрэггүй” гэх зэргээр дотроо бодож явдаг олон үг бий. -Одоо хийж буй ажил таны мөрөөдлийн ажил мөн үү? -Сурагч байхдаа “Би инженер болно” гэж боддог байлаа. Техникумд орсныхоо дараа хоёр өөр анги дамжиж байж цахилгааны анги руу ороход л санаа минь амарч билээ. Цахилгаанчид Монгол Улсын хөгжлийн түлхүүрийг атгаж яваа гэдэгт би итгэдэг. “Ильчийн гэрэл”-ийг эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж явдаг. -Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ? -Дэлхийн шилдэг үйлдвэр  болох “Эрдэнэт үйлдвэр” хэмээх энэ айлын гишүүн болж,  үйлдвэр маань миний амьдралын нэгэн багш болж, өөрөө тэр түүхийн нэгээхэн хуудас нь болж яваадаа ямагт баярлаж, бахархдаг. Миний бие үйлдвэрийн үе үеийн ахмадууд, мөн үе тэнгийн найз нар, залуу дүү нартайгаа мөр зэрэгцэн, сайн сайхан ажиллаж хөдөлмөрлөж байгаа нь үнэн. Ер нь сайхан хөдөлмөрлөх сайхан шүү дээ. Хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрүүлдэг үйлдвэртээ хайртай. Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 05 дугаар сарын 29

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 150 дахь өдөр. Он дуусахад 215 хоног үлдлээ. 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +8 градус, шөнөдөө +0 градус дулаан, ялимгүй хур тунадастай, салхины хурд 6-7 м/сек байна. 3. Аргын тооллын 5 дугаар сарын 29. Сугар гараг. Билгийн тооллын шинийн 7.Сарын цээр, тэрсүүдийн өдөр. Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Энэ өдөр хулгана, луу, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Өдрийн сайн цаг нь нохой (19:40-21:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), хонь (13:40-15:40) болой. Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэл ам, хэрүүл тэмцэл ирэх муу тул цээрлэвэл зохилтой. 4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5278 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) 5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2804, евро 3075, БНХАУ-ын юань 391, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)   Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... Асуулт: -Эрдэнэт үйлдвэрийн нэг гол цех болох технологийн автоматик ба тооцоолон бодох техникийн цехийн үйлдвэрлэлд гүйцэтгэж байгаа үүрэг юунд орших вэ? Хариулт: -Технологийн автоматик ба тооцоолон бодох техникийн цех гэсэн нэр зөвхөн цехийн нэр төдийгөөр хязгаарлагддаггүй. Энэ нэрийн цаана “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын автоматжуулсан систем (УАС)-ийн албан ажиллаж байдаг. Үйлдвэрийн УАС-ийг 1982 оны 04 дүгээр сарын 01-нд тус үйлдвэрийн тооцоолон бодох төвийг түшиглэн байгуулсан. Тус цех нь Тооцоолон бодох төв, Технологийн процессын удирдлагын автоматжуулсан систем, Хэмжих шалгах төхөөрөмж автоматикийн засварын хэсэг, Холбооны алба, Угсралт тохируулгын хэсэг гэсэн үндсэн 5 хэсгээс бүрддэг. Эдгээрээс ТБТ, ТПУАС нь үйлдвэрийн болон технологийн автоматжуулсан удирдлагыг хэрэгжүүлдэг.  (Эх сурвалж: “Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...)   Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 05 дугаар сарын 28

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 149 дахь өдөр. Он дуусахад 216 хоног үлдлээ. 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +17 градус, шөнөдөө +10 градус дулаан, аянга цахилгаантай аадар бороотой, салхины хурд 10-12м/сек байна. 3. Аргын тооллын 5 дугаар сарын 28. Бархасвад гараг. Билгийн тооллын шинийн 6. Лусын буулттай, цагаан морь өдөр. Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана. Энэ өдөр туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, нохой, хонь жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.  Насны, эдийн бүтээл, худалдаа хийх, мод тарих, тариалан тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, сургуульд сурах, номлох, хэвлэх, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, хөрөнгө исгэх, бэрийн үйл, төрөх, буяны үйл, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, эд, мал гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь могой (09:40-11:40), бич (15:40-17:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40) болой. Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжрах сайн. 4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5308 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) 5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2805, евро 3067, БНХАУ-ын юань 393, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)   Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... Асуулт: -Дулааны станцын хүчин чадлын талаар танилцуулна уу? Хариулт: -Дулааны станц нь Эрдэнэт хот, үйлдвэр, албан газруудын дулааны эрчим хүчээр хангадаг. Зуух, түлш дамжуулах, хими цахилгаан засварын гэсэн үндсэн хэсэгт 200 гаруй хүн ажилладаг. БКЗ-75-39ФБ маркийн 1 цагт 440 градус С-ийн халуунтай, 40 ати даралттай 75 тонн уур үйлдвэрлэх хүчин чадалтай 6 зуухтай бөгөөд жилд 1078,6 мянган гкал дулаан үйлдвэрлэдэг. Үйлдвэрийн хэрэгцээнд 12 ати даралттай 250 градус С-ийн халуунтай уур өгдөг. Үүний зэрэгцээ хот, үйлдвэрт дулаан өгөх хоёр өөр дулааны шугам сүлжээтэй.  (Эх сурвалж:“Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...)   Дэлгэрэнгүй...
  • Хүний нөөцийн мэргэжилтнүүд ажил мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт өгч байна

    Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас хүний нөөцийн мэргэжилтнүүдийн дунд ажил мэргэжил, харилцаа хандлага, ур чадварын түвшин тогтоох шалгалтыг анх удаа зохион байгууллаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1185 тоот тушаалаар үйлдвэрийн хэмжээнд ажиллаж буй хүний нөөцийн мэргэжилтнүүдийн дунд мэргэжил, ур чадварын шалгалт зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу хүний нөөцийн мэргэжилтнүүд дөрвөн үе шаттай, мэргэжлийн шалгалт өгчээ. Өөрөөр хэлбэл, албан баримт бичгийн, онолын мэдлэг, ур чадвар, харилцаа хандлага тодорхойлох гэсэн дөрвөн чиглэлээр мэдлэгээ шалгуулж, хувь ажилтны хөгжлийн түвшинд дүн тавиулав. Шалгалтын зорилго нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй хүний нөөцийн мэргэжилтнүүд мэдлэг, ур чадвар, хандлагын хувьд ямар түвшинд байгааг тодорхойлох, нөгөө талаас, шалгалтад бэлдсэнээр өөрсдийн мэдлэг мэдээллээ сэргээж бататгах, шинээр сурч, мэдлэгээ ахиулж, дээшлүүлэх боломжийг нээхэд чиглэгдэж байна. Ингэснээр, цаашид хүний нөөцийн чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлэх, хүний мэргэжилтнүүдийг хэрхэн сургаж, боловсруулах зорилтоо тодорхойлоход ач холбогдолтой юм. Шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Хуулийн хэлтэс, Дотоод хяналтын хэлтэс болон боловсрол, сэтгэл зүйн чиглэлийн төлөөллүүд оролцож, шалгалтын материал, асуумжийг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулсан байна.     М.Балжинням Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Уурхайн цахилгаан хангамжийг сайжруулна

    Сүүлийн жилүүдэд, Ил уурхайн тоног төхөөрөмж шинэчлэгдэж хүчин чадал нь нэмэгдсэн, ажлын хүрээ тэлж, уурхай өргөссөнтэй холбоотой гадаад цахилгаан хангамжийн чадлыг нэмэх, цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөх, уулын ажлын хүрээнээс гаргах зайлшгүй шаардлага үүссэн. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн гадаад цахилгаан хангамжийг сайжруулах ажлын тендерт “Энх өглөө” компани ялсан. Оны өмнөөс эрчтэй эхэлсэн уг ажил энэ сарын сүүлээр дуусах төлөвлөгөөтэй байсан ч “ковид-19” халдварын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр сараар хойшиллоо. Одоо Ил уурхай нийт 8 МВА-ийн чадал бүхий хоёр дэд станцтай. Гэтэл уурхайн тоног төхөөрөмжийн суурилагдсан чадал нь 12,5 болсон. Цахилгаан хангамжийн чадлын дутагдлыг тоног төхөөрөмжүүдийг оновчтой байрлуулах, нэг гаргалгаа дээрх ачааллыг тэнцвэржүүлэх зэргээр “аргалж” байна. Өргөтгөл хийгдэж дэд станцууд нэмэгдсэнээр нийт 32,6 МВА-ийн чадалтай болж, долоо байсан гаргалгаа 24 болж нэмэгдэх юм. Ингэснээр тоног төхөөрөмжүүдээ өөрсдийн хүссэн газар байрлуулан цахилгаанаар найдвартай хангах, цахилгаан дамжуулах агаарын шугамын гэмтэлгүй болох нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх цахилгааны эх үүсвэрийг эндээс шийдэх боломж нээгдэнэ.        М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд уурхайчдынхаа цалин, ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа

    Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өнөөдрийн байдлаар, 2020 оны улсын төсөвт төлөвлөснөөс 600 орчим доллар тонноор доогуур байна. Коронавирусын цар тахал дэлхий нийтэд төдийгүй улс орны эдийн засагт эрсдэл үүсгэж байгаа энэ үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цар тахлаас урьдчилан сэргийлэх, үүсээд байгаа хүндрэлийг даван туулах нэгдсэн хөтөлбөр гаргаж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Үүний үр дүнд техник технологио шинэчлэх замаар үйлдвэрлэлээ өсгөж, улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвараа бууруулахгүйгээр, үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтээ давуулан биелүүллээ. Уурхайчид коронавирусын цар тахлаас өөрийгөө болон гэр бүлээ, цаашлаад улс орноо хамгаалан, хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр эх үрсийн баярын өдрөөс эхлэн уурхайчдынхаа цалинг 10 хувиар, ахмадуудынхаа тэтгэмжийг 40 хүртэл хувиар нэмэгдүүлэн бэлэг барьж байна. МҮХАҮТ, Монгол Улсын Засгийн газартай хамтран жил бүр шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг Эрдэнэт үйлдвэр энэ жил 18 дахь удаагаа манлайлснаа саяхан гардсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид 2019 онд улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар, эх орны хөгжилд оруулсан хувь нэмэр, нийгмийн хариуцлага зэрэг олон шалгуур үзүүлэлтийг тэргүүлж энэ шагналыг хүртсэн. Үйлдвэрийн газрын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн санаачилгаар МҮХАҮТ-ын 2019 оны ТОП-10 аж ахуйн нэгжүүд улс, эх орны хөгжлийн асуудлаар уулзалт зохион байгуулах юм. Тэд Эрдэнэт үйлдвэрээс авч хэрэгжүүлж байгаа, ажлын байраа хадгалах, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн, цалин урамшууллаа өсгөх сайн туршлагаас суралцаж, хамтдаа Монгол улсын Эдийн засгийг эрчимжүүлэх талаар санал солилцох юм байна. “ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг тэргүүлсэн нь уурхайчдад урам зориг өгч, цаашид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ коронавирусын халдварын цар тахлын улмаас дэлхий нийтэд үүсээд байгаа санхүү, эдийн засгийн хүндрэлийг хэмнэлтийн бодлого, урьдчилан сэргийлэх оновчтой шийдлээр даван туулж чадна” хэмээн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ил уурхайн ажил байдалтай танилцах үеэрээ онцолсон юм. Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 05 дугаар сарын 27

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 148 дахь өдөр. Он дуусахад 217 хоног үлдлээ. 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +26 градус, шөнөдөө +2 градус дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 5-6 м/сек байна. 3. Аргын тооллын 5 дугаар сарын 27.Буд гараг. Билгийн тооллын шинийн 5. Лусын буулттай, цагаан морь өдөр. Өдрийн наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Энэ өдөр бар, нохой, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, могой, морь жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.  Ном унших, замд гарах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, мал адгуус муулах үйлд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, модны үйл, үхэгсдийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь  морь (11:40-13:40), бич (15:40-17:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40) болой. Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд мал арвижих сайн. 4.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 5341 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com) 5.Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2803, евро 3050, БНХАУ-ын юань 392, ОХУ-ын рубль 39, Японы иен 26, БНСУ-ын вон 2.2 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn)   Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... Асуулт: -1974-1978 онуудад МХЗЭ-ийн илгээлт өвөртлөн, манай орны өнцөг булан бүрээс олон зуун залуучууд Эрдэнэтийг зорьсон. Энэ залуучууд өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн туршлагатай ажилчид, халамжлан хүмүүжүүлэгчид болж өссөн нь мэдээж. Эдгээр залуучуудын заримын ажил үйлс, амьдрал, бүтээлээс танилцуулна уу? Хариулт:-1974-1978 онуудад МХЗЭ-ийн илгээлтээр Эрдэнэтийн бүтээн байгуулалтын үйлсэд оролцохоор манай орны 18 аймаг, хоёр хотоос ирсэн олон зуун залуучууд Эрдэнэт хот, үйлдвэрийг бүтээн босголцож, анхны барилгачдаас төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн ажилчид, инженер техникийн ажилтан болтлоо хөгжжээ. МХЗЭ-ийн илгээлтээр 1974 онд анх Эрдэнэтэд ирсэн 54 залуугийн 14 нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаагийн дотор хүдрийн ил уурхайн өрмийн машинч Доржийн Чойжид, Дашдоржийн Баатар, Баянсангийн Мишиграгчаа, Өлзийн Даваа, уурхайн засварчин Хятадын Пүрэвдорж, эксковаторын машинч Кушметийн Махмудхан, уулын технологийн тээврийн цехийн БелАЗ-ын жолооч Рэнжавын Оросоо, Равдандоржийн Жанчивдорж, жолооч Лхагвын Мишка, Барилга засварын цехийн цахилгаанчин Чойнхорын Мөнхбат, Орон сууц нийтийн аж ахуйн газрын үйлчлэгч Шушкений Кульзира, мөн 1974 оны МХЗЭ-ийн Төв хорооны зохион байгуулагч, анхны илгээлтийн залуучуудын ахлагчаар ажиллаж байсан, одоо уулын технологийн тээврийн цехийн ээлжийн дарга Даваагийн Пүрэвдорж нарыг онцлон дурьдаж болох юм. МХЗЭ-ийн илгээлтийн эзэн хүдрийн ил уурхайн өрмийн машинч Данзангийн Жаргалсайхан техникийн хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаж, хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан учир 1988 оны 5-р сарын 16-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон, “Алтан соёмбо” медалиар шагнагдсан. Одоо Эрдэнэт хотын үйлдвэр, аж ахуй, соёл урлагийн төрөл бүрийн салбарт МХЗЭ-ийн илгээлтийн эзэн олон зуун залуучууд үр бүтээлтэй хөдөлмөрлөж байгаагийн дотор Эрдэнэт үйлдвэрт 200 шахам залуучууд ажиллаж, тэдгээрийн дийлэнх нь халамжлан хүмүүжүүлэгчид болсон.  (Эх сурвалж:“Монгол, Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр: 100 асуулт, хариулт” номноос...) Дэлгэрэнгүй...
  • Шилдэг бүтээлийн эзэд ирэх сард тодорно

      Монгол Улсын эрчим хүчний сайд өнгөрсөн оныг “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарласантай холдогдуулан Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал “Эрчим хүч-математик загварчлал” сэдвийн дор бүтээлийн уралдаан зарласан. Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдэд шинийг санаачлан нэвтрүүлэх боломжтой болон нэвтрүүлж буй арга шийдэл, техник технологи, тоног төхөөрөмжийг таниулах, ажилтнуудын техникийн болон шинжлэх ухааны боловсролыг хөгжүүлэх, туршлага судлуулах, идэвх санаачилгыг өрнүүлэх, бүтээлч, шинийг эрэлхийлэгч ажилтнуудыг урамшуулах зорилго бүхий энэхүү уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт боллоо. Инновацийн сангийн найман сая төгрөгийн санхүүжилттэй уг уралдааныг өргөн хүрээнд, өндөр зохион байгуулалттай хийхээр төлөвлөсөн ч “ковид-19” халдварын үеийн нөхцөл байдлаас  шалтгаалан цомхон бүрэлдэхүүнтэй, хэсэгчилсэн байдлаар зохиогдов. Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгж, хэсгүүдэд ашиглагдаж буй тоног төхөөрөмж, шугам сүлжээний оролтын параметрүүдийг математик загварчлал, компьютер симуляцийн аргаар боловсруулж дүн шинжилгээ хийх, ажилчдад орчин үеийн техникийн хөгжлийн чиг хандлагыг таниулах, тэдгээрийг үйлдвэрлэлд ашиглаж сурах идэвх санаачилга өрнүүлэх зорилготой уг уралдаанд хувь хүн, хамт олны 18 бүтээл иржээ. Ихэвчлэн, тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг багасгах, найдваржилтыг өсгөх, хийц болон ажиллагааг оновчилсон, технологийн горим, түүний үзүүлэлтүүдэд чанарын өөрчлөлт оруулахыг эрмэлзсэн бүтээлүүд байв. Тэд бүтээлүүдийнхээ загвар, танилцуулга, үзүүлэнг видео бичлэг, гэрэл зураг, бодит үр ашгийн судалгаа ашиглан хийсэн байгаа нь сонирхол татсан. Нэгдүгээр шатны шалгаруулалтаас Дулааны цахилгаан станцын “ДЦС-ын хөрөнгө оруулалтын үнэлгээний DCF загвар”, мөн “ДЦС-ын үйлдвэрлэлийн ерөнхий ажиллагааг математик загвар ашиглан тооцоолол хийх симуляци программ”, Ус хангамжийн цехийн “Эргэлтийн усны горим”, мөн “Ус хангамжийн цехийн ус өргөх станцуудын насосны ажиллах горимыг оновчлох”, “Тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний бүртгэлийн программ”, Ил уурхайн “Цахилгаан эрчим хүчний чанарын хэмжилт, динамик загварчлал” гэсэн зургаан бүтээл дараагийн шатанд шалгарлаа. Ирэх сард эцсийн шалгаруулалт хийгдэж, түрүүлсэн бүтээлийн эзэд гурван сая, дэд байрт шалгарсан баг хоёр сая, гутгаар байр эзэлсэн хамт олон 1,5 сая төгрөгийн шагнал хүртэх юм. Харин тусгай байранд гурван бүтээл тунаж 500 мянган төгрөгийн урамшуулал хүртэнэ.     Мөн шинэ санаа, оновчтой бүтээлд тодорхойлох боломжтой бүтээлүүдийн эрхийг хамгаалах, зохиогчидтой хамтран ажиллах, үлгэрчлэн бусад газар нэвтрүүлэх асуудалд үйлдвэрийн газрын зүгээс анхаарч ажиллана гэж шүүгчид онцолсон. Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Эрчим хүчний хэлтсийн дарга Ш.Төрбат, цахилгааны тэргүүлэх инженер Д.Энхтөгс тэргүүтэй удирдлагын багаас гадна ШУТИС-ийн багш, дэд профессор П.Ариунболор урилгаар ирж, шүүгчээр ажилласан юм. Тэд “Эрчим хүч-математик загварчлал” уралдаанд шинжлэх ухаанд суурилсан бүтээл түлхүү ирэх болов уу, гэж хүсэж хүлээсэн ч сайн саналын хэлбэрийн танилцуулга дийлэнх нь байсан учир дараагийн шатны шалгаруулалт хийхээр шийджээ. Бүтээл нь шалгарсан багийнхан дараагийн шатанд нарийн мэргэжлийн түвшинд ярилцлага өрнүүлж өрсөлдөнө. Ингээд ШУТИС-ийн багш, дэд профессор П.Ариунболортой цөөн хором ярилцлаа.      П.АРИУНБОЛОР: Эрдэнэт үйлдвэрт хиймэл оюун ухааны сүлжээ үүсэх боломжтой   -“Эрчим хүч-математик загварчлал” уралдаанд ирсэн бүтээлүүдийн чанар чансааны талаар та юу хэлэх вэ? -Юуны өмнө намайг чухал ач холбогдолтой энэ уралдааны шүүгчээр урьсанд баярлалаа. Уралдаанд ирсэн 18 бүтээл шинжлэх ухааны түвшинд хийгдсэн сайн ажлууд ч байна, зарим нь хөдөлмөр хөнгөвчилсөн, сайн санал санаачилга хэлбэрийнх ч байна. Бид шинжлэх ухааны үндэстэй, математик загвараар эрчим хүч хэмнэх, үйлдвэрлэлд эдийн засгийн ямар үр ашиг авчрах вэ, гэдэгт илүү төвлөрч авч үзлээ. Сайн бүтээл олон ирсэн болохоор шууд байр эзлүүлэхэд хэцүү байна. Тиймээс нэгдүгээр шатанд шалгарсан ажлуудыг дахин хэлэлцэж, мөн чанарыг нь илүү нарийн тодотгох хоёр дахь хэлэлцүүлэг хийхээр шийдвэрлэсэн. Би Эрдэнэт үйлдвэрийн инженерүүдээр маш их бахархаж байна. Эндээс Монгол Улсын хэмжээнд мөрдөх стандартууд гарах төлөвтэй. Мөн маш сайн докторууд төрж мэдэхээр байна. Залуус үйлдвэрлэлийнхээ горимыг, асуудлыг маш сайн мэдэж байгаа нь бахархал төрүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийг аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бэлтгэхэд математик аргачлал, тооцоолол сайн эзэмшсэн эдгээр залуусын хүч хөдөлмөр маш их гэдгийг өнөөдөр олж харлаа. Шинэ үеийн залуус сайн бэлтгэгдэж байгаа юм байна. Үйлдвэрлэлийн туршлага сайтай, ихэнх нь магистрын зэрэгтэй, судалгааны арга барил хэдийнээ эзэмшсэн залуус уралдаанд оролцлоо. Шүүгчийн хувьд Эрдэнэт үйлдвэрийн хэтийн зорилго- Үйлдвэрлэл, шинжлэх ухааны парк байгуулахад залуусын хувь нэмэр их, тэдэнд итгэж болно гэж хэлмээр байна.     -Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний чиглэлийг авч яваа мэргэжилтнүүдийн ур чадвар, залгамж халааг та хэрхэн үнэлэв?  -Ер нь Эрдэнэт үйлдвэр залгамж чанар сайтай. Үйлдвэрлэлийн гол бодлогыг барьж яваа тулхтай мэргэжилтнүүдийнхээ удирдлага дор залуу үе нь хүмүүждэг, арга барилыг авдаг, уламжлал шинэчлэлийг хослуулсан залгамж холбоо үүссэн газар. Нэгэнт бий болсон уламжлалт холбоонд үндэслэн үйлдвэрийг цаашид улам автоматжуулаад, технологийг нь оновчтой горим руу шилжүүлээд ухаалаг болгох, яваандаа хиймэл оюун ухаан ажиллахад бололцоотой. Учир нь 40 гаруй жил ажилласан энэ үйлдвэрт өөрийн “бодит дата”-нууд бэлэн байгаа. Бүх өгөгдлүүдээ   ашиглаад, залгамж холбоогоо үргэлжлүүлээд, залуучуудаа боловсруулаад явахад дараагийн 10 жилд хиймэл оюун ухааны сүлжээ үүснэ гэдэгт итгэлтэй байна.  -Манай үйлдвэрийн газар эрчим хүчний асуудлаа хэр оновчтой шийдвэрлэсэн гэж үзэж байна?  -Эрдэнэт үйлдвэр дэлхийн хэмжээний уурхайн хувьд эрчим хүчний бодлого барьж байгаа хүмүүс нь монголд төдийгүй дэлхийд өндөр үнэлэгдэх мэргэжилтнүүд гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй. Сүүлийн үед цахилгаан эрчим хүч хэрэглэгчээс үйлдвэрлэгч болох том алхам хийсэн нь маш зөв шийдвэр байсан. Дээрээс нь янз бүрийн сэргээгдэх эрчим хүч яригдаж байна. Маш олон мэргэжилтэн доктор хамгаалчихсан судалгааны ажил хийж байна. Өөрөөр хэлбэл эрдмийн бүхэл бүтэн бүтээн байгуулалт өрнөж байгаа газар шинжлэх ухаан, технологийн тал дээр асуудал гарахгүй, Монгол улсын хэмжээнд тэргүүлэх байр сууриа алдахгүй болов уу.   -Сүүлийн үед Монголын эрчим хүчний салбарт ямар өөрчлөлт шинэчлэлт хийгдэж байгааг та ажиглаж байна?  -Бид Улаанбаатар, цаашлаад Монгол улсын эрчим хүчний өнөөгийн байдал, хэтийн төлөвийг байнга сонирхож байдаг. Жил ирэх тусам эрчим хүчний хэрэглээ асар их өсөж байна. Энэ нөхцөлд хэмнэлт маш чухал. Эрчим хүчний оновчтой төлөвлөлтүүд хийх ёстой. Хувьсах гүйдлээр эрчим хүч дамжуулж байсан бол одоо тогтмол гүйдлийн шугам сүлжээ, өндөр хүчдэл, смарт, кредит гээд ухаалаг сүлжээ бий болж байна. Үүнээс гадна энэ их үйлдвэрлэл, хорт хийн ялгарал дэлхийг туйлдуулж байгаа энэ үед бид эко орчин, сэргээгдэх эрчим хүчийг илүү түлхүү ашиглах ёстой. Монгол орны сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоог харахад нар, салхины эрчим хүчний асар их нөөцтэй. Харин усны эрчим хүчний нөөц хомс. Яагаад гэхээр Монгол улс Азийн усны яг хагалбар дээр оршдог. Тэгэхээр бид цэнгэг усаа гамнах ёстой. Би бол мэргэжлийн хүн биш. Сонирхогчийн хувьд усан цахилгаан станц барих шийдвэрийг зөв гэж боддоггүй. Хамгийн ээлтэй хөгжих нь нар болон салхины эрчим хүч. Яваандаа био химийн эрчим хүчийг гаргах хэрэгцээ бий. Энэ их хог хаягдал байнга дулаан ялгаруулж байдаг шүү дээ. Хүмүүсийн хоолны үлдэгдэл, хаягдал энэ бүхнээр био химийн сэргээгдэх эрчим хүч гаргах боломжтой. Гэхдээ дулааны цахилгаан станц тэргүүлэх байр суурийг эзэлсээр байх болно. Түүнийг сэргээгдэх эрчим хүчээр тэжээж оновчлох асуудал нэн чухал.   -Манай уншигчдад, уралдаанд оролцсон залууст хандаж юу хэлэх вэ? -Өнөөдөр бол сурах эрин үе. Дээхэн үед бидэнд сурах бичиг олддоггүй байсан бол интернет хөгжсөн энэ цаг үед бүх хүмүүст шинжлэх ухааны хаалга нээлттэй. Хүн өөрөө хичээвэл ямар ч амжилтад хүрэх боломж нөхцөл бүрдсэн. Янз бүрийн программ хангамж бий болчихлоо. Залуу хүмүүс амжилтад хүрэх хоёр л зам бий. Англи хэлтэй байх, үндсэн мэргэжлээ маш сайн мэдэж, өөрийн болгох. Цаашид эрдмийн ажилтан болох гэж байгаа бол математик суурьтай байх ёстой. Түүнээс гадна дэлхий нийтэд эмэгтэй инженерүүдийг илүү дэмжих болсон. Учир нь эмэгтэй хүмүүс шинжлэх ухаан, технологийн салбарт орж ирснээр дэлхий ертөнц өөрөөр хөгжиж эхэлсэн. Дан эрчүүд байсан бол дэлхий хогондоо дарагдаж, дайн тулаан түлхүү болох байсан байх. Гэтэл эмэгтэйчүүд шинжлэх ухаан, технологийн салбарт хүч түрэн орж ирснээр илүү их инновацийг бий болгосон. Хүн нэг хэрэглэсэн бол тэр ая тухтай, ашигтай шинж чанарыг мэдээд буцаад тэр хэрэглээнээсээ гарч чадахгүй мөнгө төлдөг бүтээгдэхүүнийг инноваци гээд байгаа шүү дээ. Тэгвэл  инновацийг ихэвчлэн эмэгтэйчүүд гаргаж байна. Яагаад гэхээр эмэгтэйчүүд хүүхдээ асарч байна, эмнэлэгт өвчтөн асарч байна. Өөрсдийн мэдэрч байгаа зовлонг техникээр дамжуулан хүнд хүртээж байгаа учраас инноваци бий болоод байгаа юм. Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт маш ихээр инноваци бий болсон. Тэгэхээр охидыг инженерчлэлийн чиглэлээр суралцаасай гэж хүсдэг. Тэгвэл монгол сайхан хөгжих боломж бий. Дэлхийн технологи ороод ирлээ, интернет нээлттэй байна, хөгжихөд хязгаар үгүй боллоо. Хүн хэдий чинээ зүтгэнэ төдий чинээ сайхан амьдрах боломж нээгдсэн. Тийм учраас бүү залхуур, суралц гэж хэлмээр байна. -Баярлалаа.     М.Одгэрэл Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Бидний тухай

    Эрдэнэт үйлдвэр залуу ажилчдаа дэмжих, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд “Уурхайчин 1, 2, 3 дугаар хороолол”-ыг бүтээн байгуулахаар төлөвлөн, энэ оны тавдугаар сараас эхний хорооллыг барих ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ сантехникийн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд нь бодитой хөрөнгө оруулалт хийсэн юм.

    “Уурхайчин 1” хорооллын эхний 3 барилгыг ирэх оны 3 дугаар улиралд ашиглалтад хүлээн авахаар гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан, хяналт тавин ажиллаж байна. “Уурхайчин 2” хороололд 600 айл, “Уурхайчин 3” хороололд хаус хэлбэрийн 400 айлын орон сууц тус тус сүндэрлэн босч, тодорхой шалгуур хангасан, шинээр байр худалдан авч байгаа уурхайчдад 12 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгон дэмжлэг үзүүлэх юм.

    Эрдэнэт үйлдвэр ажилтан, ажиллагсад, уурхайчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд үеийн үед анхаарсаар иржээ. Түүх сөхвөл 1999 онд орон сууцыг хувьд шилжүүлэх тухай хууль батлагдаж, улмаар Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа амьдарч байсан орон сууцыг  хувьчлах шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрээр 3500 уурхайчныг тухайн үед үнэ төлбөргүй орон сууцаар хангасан байдаг. Ингэхдээ Орхон аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Орон сууц хувьчлах товчоо байгуулан, хувьчлалын ажлыг 2 үе шаттай гүйцэтгэжээ. 2000 онд анхны хувьчлал болж, 15 болон түүнээс дээш жил ажилласан уурхайчид, мөн 2001 онд үлдсэн хүмүүст орон сууцыг нь хувьчилж өгчээ. Харин тэр цагаас хойш Орхон аймагт барилга байгууламж шинээр барих ажил зогсонги байдалд орсноор орон сууц хувьчлалын ажил үндсэндээ зогсжээ.

    Эрдэнэт үйлдвэр нь хамтарсан үйлдвэр гэдэг утгаараа фондны байруудтай байсан бөгөөд 2014 онд Советын шийдвэр гарч, 186 орон сууцыг хувьд шилжүүлсэн байна. Одоогоор үйлдвэрийн харьяанд үлдсэн цөөн байрыг түрээсийн хэлбэрээр ашиглуулж байгаа тухай Нийгмийн харилцааны бодлогын хэлтсээс мэдээллээ.

И.Чинтогтох

Фото: Б.Баттөгс

Халхын голын байлдааны түүхэн ялалтын 80 жилийн ойн хүрээнд эх орны өнцөг булан бүрээс аялагчид зүүн хязгаар нутгийг зорьсон. Бид ч Эрдэнэтээс 33-уулаа их урсгалд нэгдэхээр эртлэн хөдөллөө. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ж.Чойжилсүрэн, Д.Жаргалсайхан, Т.Нямжав, Д.Бямбаа нараар чимэг хийсэн манай аялалын багт Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд, орос мэргэжилтнүүд, шилдэг ажилчид, Орхон аймаг дахь Дорнод нутгийн зөвлөлийн залуус, Монгол, Оросын найрамдлын Эрдэнэт нийгэмлэгийн гишүүд багтсан нь олзуурхууштай. Бид автобус хөлөглөн Булган аймгаар даялж явсаар Нийслэл хүрч, Соёлын төв өргөөнд А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын тоглолт хөл гишгэх зайгүй үзлээ. Үүнд л амжих гэж бид Эрдэнэтээс үүрээр хөдөлсөн хэрэг. Урилга барьсан олон хүн орж багтахгүй гадаа хоцорсондоо бухимдан дэмий л хамгаалагч залууст үг хаяна. Харин манайхны цөөн хэд нь суудалд тухалж, ихэнх нь зогсоогоороо үзсэн ч сэтгэл тун хангалуун байв. 130 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Оросын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт Монгол Улсын төрийн дууллаар эхэлсэн нь сонирхол татсан. Дуу, бүжиг бүр нь утга агуулга төгөлдөр хийгээд мэргэжлийн өндөр ур чадвар, тайзны соёл, хувцас загвар, зохион байгуулалт, найруулгын төгс нийлэмжийг “ах нар” үнэнхүү гайхуулав.

 

Сансрын хөлгийн бүхээгт...

Маргааш нь Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа Одон орон судлалын төвдөө биднийг хүлээн авч, музейгээ үзүүллээ. Сансарт ниссэн хүн бүр өөрийн улсдаа Сансарын ордон барьж, үзсэн туулснаа, энэ чиглэлийн сонин содон мэдээллийг олон түмэнд хүргэх хүсэлд автдаг. Сансар, од, эрхэсийн ордон 2014 онд ашиглалтад орсон бөгөөд энд задгай сансрын дуран, нарны аймгаар аялсан аппарат, одон орон судлалын шинжлэх ухаан үндэслэгчдийн танилцуулга, хөрөг, Интеркосмос хөтөлбөрт оролцсон орнуудын бэлгэ тэмдэг, дурсгалын зүйлс, сансрын хоол хүнс, Ж.Гүррагчаа баатар оддын хотхонд бэлтгэл хийж байхдаа болон сансарт нисэхдээ өмссөн хувцас, монголд унасан сансрын хөлөг гэх мэт сонирхолтой олон үзмэр байна. Хамгийн чухал нь “Союз-39” хөлгийн буугч хэсэг. Бүтэн байх үеийн жин нь найман тонн гэнэ. Хүн багтсан гэхэд итгэмгүй давчуу зайд хоёр суудал байна. Мэдээж, нэг нь Ж.Гүррагчаагийнх, нөгөө нь В.А Жанибековынх. Эрүү, өвдөг их ойрхон нугаларч суун, зайгүй байрлах самбарууд дээр тэд ажиллаж явжээ. Одоогийн “Далай ээж” захын буйран дээр хуучин Тээврийн музей байхад сансрын хөлгийн буугч хэсэг тэнд залаастай байж. 10 гаруй жилийн өмнө музей зах болоход Ж.Гүррагчааг “Энийгээ авч, зай гаргаж өг” гэж тэвдүүлжээ. Баатар зуслангийн байрандаа олон жил хадгалсны эцэст Одон орны музей барихдаа ханаар нь оруулж, мөнхийн зогсоолд нь байрлуулсан. Тухайн үед Орос, Монгол улс жинхэнэ “ах, дүү”-гийн найрсаг харилцаатай байсан учир технологийн үсрэнгүй дэвшил, өндөр нууцлал бүхий сансрын хөлгийн нэгэн хэсгийг манайд бэлэглэсэн нь өнөөдөр нүд хужирлах гол үзмэр болжээ.

 

Хээр хоноглосон үдэш...

Дараа нь бид Оросын агаарын цэргийн байлдааны онгоцны уран нислэгийн үзүүлбэр үзэхээр Хүй долоон худгийг зорьсон боловч хотын түгжрэл хоцроож орхисон. Нийслэлийн төв хэсэгт, автобус дотроо бүтэн дөрвөн цаг амьдрахдаа улс орны хөгжлийн талаар ярих илүүц санагдсан. Түгжрэх зуур зарим нь унаанаасаа буун дэлгүүр хэсэж нарны шил, малгай худалдан авч аяллын бэлтгэлээ гүйцээж байхад нэг хэсэг нь эмийн сан хайж яваад зоог бариад ирэх жишээтэй. Үнэндээ саун, массажанд ороод ирсэн ч амжихаар гацав. Уг нь хоёр улсын Засгийн газар Халхголын түүхэн ялалтын 80 жилийн ойд өндөр ач холбогдол өгч, төрийн хэмжээнд олон сайхан үйл ажиллагаа зохион байгуулсан боловч зам харилцаа, зай талбайнаас шалтгаалаад нийтийн хүртээл болох нь учир дутагдалтай байгаа анзаарагдсан. Бид хүлгийн жолоогоо домогт Дорнодын зүг мушгилаа. Улаанбаатар-Налайхын шинэ зам тавьж буй учир Төв аймгийн нутгаар тойрч, 50 гаруй км илүү явах хэцүү санагдсангүй. Учир нь бид хаана ч хоноглоход бэлэн, майхан, тогоо шанага, хүнстэйгээ аялсан юм. Хэнтий аймгийн Хар зүрхний хөх нуурын ойролцоох том хайрхны нөмөр бараадан буудаллаж, ил гал дээр хээрийн цай даргиулж, хорхогны чулуу атгангаа энэ тэрийг хөөрөлдөн хөгжиж, дуулан бүжиж хоноход сэтгэл ер бусын хөхиүн.  Оросуудын майхнаас баяан хөгжим эгшиглэж, Орос цэцэрлэгийн багш Алешкович.М.А-ийн хөгжилтэй чанга инээдтэй хоршино. Баатрууд, ахмадууд ширээ тойрон дүнхийж, Эрдэнэт үйлдвэрийн нэгэн үеийн түүхийг, цагийн аясаар нууцлалгүй болсон хөгжилтэй явдлаа ил цагаан ярьж инээлдэнэ. Геологи хайгуулын ангийн өрөмдөгч Энхбат аялалын багийн ахлах тогооч. “Хуруу нэмэрлэхээс илүү хошуу нэмж, амтлагаа хийгчид дэндүү олон байна, холдоцгоо...” гээд туслахуудаа хөөнө. Тэгснээ “Мод авчир, давс тааруул, тогоо угаа” гээд буцаагаад дуудах нь аяллын бас нэгэн тод өнгө. Хэрлэнгийн урсгал, шувуудын ганганаа, хажууханд адуу тургилах нь байгалийн симфони эгшиглэх мэт.

 

Баатар хот ЧОЙБАЛСАН

Маргааш нь бид үдшийн гялаан хүүшлэх цагаар баатар хот Чойбалсанд ирлээ. Дайны үед Японы Кавантуны арми энэ хотын дээгүүр тагнуулын нислэг хийхдээ 20 гаруй онгоцоор агаараас довтлон 120 гаруй бөмбөг хаяснаар олон хүний амь нас эрсдэж, байшин барилга сүйдсэн юм. Түүнээс хойш албан газар, айл өрхийн байшингуудыг хар бараанаар будаж өнгөлөн далдлалт хийснээр учрах хохирлыг хөнгөвчилсөн түүхтэй. Дайсны танк орж ирэхээс хамгаалан найман метр өргөн, дөрвөн метр гүн, 100 км урт шороон жалга бүхий саад төвөө тойруулан байгуулж байсан баатар хотын ард иргэд өнөөдөр өнгөтэй, жавхаатай, сэтгэл түвшин амьдарч байна. Хот нь холоос гэрэлтэй, дорно аястай. Баруунаас ирэхэд Халхын голын ялалтын “морьтой хөшөө” угтана. Энд мөнхийн гал саяхан болтол бадамлаж байсан. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “...Халхын голын баатруудын зоригт залуу нас, золбоо хийморийг ассан галын бадрах дөлөнд онголон оршооё” гэж хэлсэн нь одоо ч санаанд илхэн. Холгүйхэн Дорнод аймагт амьдардаг буриад, халх, үзэмчин, барга ястны үндэсний хувцастай өнөр бүл цайны дээжээ наран зүг өргөн буй цогцолбор хөшөө үзэгдэх нь дайны дараах энх жаргалан амьдралыг бэлгэднэ. Хотын хуучин төвд бөмбөг унаж буй дүрслэл бүхий хөшөө байрлах нь зүй ёсных. Цаашлаад билгүүн номч Цэндийн Дамдинсүрэн судраа бариад төв номын сангийнхаа өмнө, Бөртэ хатан цэцэрлэгт хүрээлэнгээ чимэн, дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн шүлгэн хөшөөний дэргэд залуус болзож харагдана. Халхын голын ялалтын 80 жилийн ойд зориулан Дорнодчууд Хэрлэн голын эрэг дээр “Найрамдал” парк байгуулсан нь хараа булаам. Гэрэлт гудамж, гүүр, явган хүний зам, урлагийн тайз, нутгийн нэр алдартай зураач, хуурч, яруу найрагчдын бүтээл, дүрслэл цогцоороо. Энэ парк БНХАУ-ын Хөлөнбуйр хотын хоёр сая юанийн хөрөнгө санхүүжилтээр босжээ. Ер нь Чойбалсан хот зүүн бүсийн тулгуур төв болохын учир ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, Агын тойрог, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хот, Хянган, Шилийн гол аймагтай нийгэм эдийн засаг, соёл, боловсрол гээд бүхий л салбарт сайн хөршийн харилцаатай явж ирсэн. Хөршүүд нь Читийн, Агын, Хянганы гэхчлэн өөрсдийн нэрийн гудамж, талбайг хөрөнгөөрөө барьж байгуулдаг нь хотын өнгө үзэмжид нөлөөлөөд зогсохгүй, найрамдалт харилцааг бэхжүүлдэг.

 

Нүд алдам Мэнэнгийн тал

Бид маргааш нь түүхт Халхголын зүг эртлэн “мордлоо”. Дайны үед ЗХУ-ын тусламжаар тавигдсан төмөр зам тэртээд үзэгдэнэ. Соловьёвск Баянтүмэнгийн энэ төмөр замаар зэвсэг, техник, хүн хүч, хоол хүнс “хойноос” ирж, цэрэг дайны зориулалтаар ашиглагдаж байсан бол эдүгээ хотын хөгжил цэцэглэлт, хүн зоны амьдралд нэн хэрэгтэй тээврийн хэрэгсэл болжээ.

Нүд алдам, алдарт Мэнэнгийн талаар өдөржин, оройжин давхив. Өнөөх Д.Нямаа найрагчийн 

...Явж байгаад асуулаа, Мэнэнгийн тал гэнэ

Явж явж асуулаа, Мэнэнгийн тал гэнэ

Үдэш болоход асуулаа, Мэнэнгийн тал гэнэ

Үүр цайхад асуулаа, Мэнэнгийн тал гэнэ

Мэнэнгийн тал... Мэнэнгийн тал... Мэнэнгийн тал... гэх шүлгийн мөрт эрхгүй санаанд бууна. Дэлхийн хамгийн том хялганат тал хязгаар үгүй, өвсөн далай. Том улаан нар дэргэд жаргах нь нэн үзэсгэлэнтэй. Гэгээ тасрахад замын баримжаа зөвхөн шонгийн модны цуваа болно. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын цагаан дээлээ мялаадаг газрын тосны 21-р талбайгаар дайран өнгөрлөө. Тамсагбулаг газрын гүнээс тос татдаг “тогоруу”-гаар дүүрчээ. Хилийн хоёр боомтоор өдөр 6000 тонн газрын тос “урагш” гардаг талаар тээврийн тэрэгний жолооч ярьсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны “Бичигт”-ийн боомт руу сайжруулсан зам тавьсан ч эвдэрчээ. Одоо 19-р талбайгаас хил ортол хар зам тавьж байна. Халхгол бол газар тариалангийн нутаг. Монголын 10 тэрбумтаны найм нь энд газартай гэж нутгийн иргэн хуучлав. “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ 100 га-д тосны ургамал, Б.Нямтайшир гэхэд 200 га-д будаа тариалдаг гэнэ.

Төвөөс хамгийн алслагдмал Халхгол сумыг зорихдоо замын хүмүүс Буйр нуурт алжаалаа тайлж амардаг жишгийг бид ч дагалаа. Талын хөх сувд Буйр захгүй мэлтийн угтав. Их усан мандал Хятадын нутагтай нийлж алсарна. Энд бид нуурын зүүн, баруун эрэг сэлгэн нүүж хоёр хонолоо. Ус нь бүлээн, элс нь халуун, нар нь ойрхон, хүн зон нь найрсаг жаргалын орон. Загас барьж, сэлэх зуураа хясаа түүн, эрэг дээр нь шорлог хийж, биеэ наранд шарсан шигээ дуулж бүжин замын ядаргаагаа бүрэн тайлаад цааш хөдлөв.

Мартах учиргүй түүх хөвөрнө...

Дараагийн өртөө Их бурхант цогцолбор. Халхын Сэцэнхан аймгийн Элдэв вангийн хошуу ноён, олноо хэцүү То ван хэмээн алдаршсан Б.Тогтохтөр санаачлан 1859-1864 онд бүтээлгэсэн найман аюулаас аврагч, 81 тохой буюу 27 метр өндөр Жанрайсиг бурханд залбирахаар сүсэгтэн олон иржээ. Ердөө дэргэд нь байрлах “Их бурхант”-ын заставын дарга Д.Наранбаатар энэ хавийн хөшөө дурсгал хийгээд энэ цогцолборын түүхийг түгдрэлгүй нүдэнд харагдтал тайлбарлах нь бахадмаар. Түүнд соёлын өвийг хамгаалах, тайлбар хийх үүрэг байхгүй. Зөвхөн иргэний үүргээ чин сэтгэлээсээ биелүүлж буй монгол цэрэг. Эндээс холгүй Монгол Улсын баатар М.Экейгийн хөшөө байна. Манай аяллын багийн гишүүн, Орос цэцэрлэгийн манаач М.Майдар үндэснийхээ баатрын хөшөөнд гүн хүндэтгэлтэй мэхийн ёсолж, Баян-Өлгий аймгаасаа хэрэг болгон авчирсан чулуугаа өргөхөд сэтгэл огшсон. Тэртээ 80 жилийн өмнө Япончууд үүрээр хил нэвтэрснийг харуулд явсан манай дөрвөн цэрэг мэдээд, нэгнийгээ хэл хүргэхээр явуулан гурвуулаа тулалдаж амь насаа алдсан байдаг. Тэдний нэг нь М.Экей баатар бөгөөд гэдсээ зад буудуулан цувуулсан ч 20-иод метр давшиж эрэлхэгээр байлдан амь үрэгдсэн түүхтэй. Ингэж л ширхэг чулуу, сөөм газрын төлөө мянга мянган эрс халуун амиа өргөж байсныг салхи нь хүртэл шивнэх шиг. Монголын хамгийн олон хөшөө дурсгалтай газар Халхгол байх нь зүйн хэрэг. Сүүлд байгуулсан Дандарбаатарын хөшөөг оруулаад 41 хөшөө утаат тэнгэрийн дор цойлжээ. Цаг хүрэлцэхгүй учир заримыг нь алсаас хараад өнгөрөхөөс аргагүй. Орос нөхдийн маань заавал очих ёстой, ЗХУ-ын баатар М.П.Яковлевийн танкны хөшөө Баянцагааны нуруунд бий. Дайны тактикаар танк давшиж байхад ард нь явган цэргүүд гүйдэг. Гэтэл М.П.Яковлев Тамсагбулагаас явган цэргээ хүлээгээд ирэхгүй, Япончууд гүн нэвтэрчих гээд болохгүй үед явган цэрэггүйгээр дайралтад орж ялалт байгуулан дэлхийн дайны түүхийг өөрчилсөн. Тийм ч учраас тэдний бригадын 17 хүнд ЗХУ-ын баатар цол олгосон юм.

Харин М.П.Яковлев тулалдаан дууссаны дараа дайны талбараа цэвэрлэх явцдаа шархадсан японд буудуулж амь эрсэдсэн. Харийн хүн хэний төлөө, унаж явсан танктайгаа гэрэлт хөшөө болсныг бид мартах учиргүй. Халхын голд амиа өргөсөн Зөвлөлтийн 27 мянган цэрэг эрсийн нэгээхэн түүх энэ. Мөн бид нэр нь тодроогүй Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулан босгосон Ерөн баатрын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Тэнд шилэн аяганд архи дүүргэн дээр нь талх тавьсан нь шинээрээ байна. Замд бидэнтэй зөрсөн орос цэргүүд өөрийнхөө ёсоор тийн “золгосон” болов уу. Манайхан дуу цөөнтэй, дор бүрнээ гүн бодолд автан цувцгаана. Орос бүсгүй маань нулимс дуслуулж харагдсан. Сэтгэл нэг л хөндүүр...

Биднийг Халхгол сумын зүг хөдлөхөд тэнгэр үүлгүй цэлмэг үзэгдэнэ. Дэлхийн түүхэнд хамгийн олон онгоц энэ тэнгэрийн дор тулалдсан тухай бодон явлаа. Нар халхалсан ширүүн дайнд Япончууд 660 онгоцоо, манайхан 425 онгоцоо алдсан. Эхний үед Япончууд агаарт үнэхээр оодорсон гэдэг. Тухайн үеийн ЗХУ-ын удирдагч И.В.Сталин 11 жил агаарт байлдсан шилдэг 28 нисгэгч дайчнаа өрөөндөө дуудахад шинелийнх нь хормой чичирч байсан тухай дурсамж номонд гардаг. Сталин махир трубкандээ тамхи нэрэн манхайн цайх үүрийг ширтэж зогсонгоо “Монголын тэнгэрт Японы самурайнууд ноёрхож байна. Зөвлөлтийн улаан армийн баатарлаг нисгэгчид ноёрхох учиртай. Манай онгоцны хуяг нимгэн, маневр, хурд муу байна. Шинэ загварын байлдааны онгоцоо аваад Халхголын тэнгэрт гавьяа байгуул” гээд явуулжээ. Цэргийн онгоцонд анх удаа пуужин суурилуулсан гэдэг. Тэд Халхын голд анх ирсэн дурсамжаа “Мадридаас Монголд...” номонд бичсэн нь бий. Тэгэхэд энэ тэнгэрт 15 баатар төрсөн юм.

Эмзэглэл-Омогшил-Ухаарал мэдрэгдэхэд бүхнийг хайрлана

Хамар даваан дээрх Ялалт хөшөө алсаас бараатай. Халхын голын ялалтын 45 жилийн ойгоор 1984 онд Эрдэнэтийн 150 тонн аранжин зэсээр босгосон гэдэг. Гол баганын нүүрэн талд зэрэгцэн зогссон Монгол, Зөвлөлт цэрэг, нөгөө талд нь Монгол үндэсний хувцастай эмэгтэйн дүрийг урлажээ. Хоёр далбаа бүхий ханан дээр морин болон явган цэрэг, танкчид, нисгэгчид, байлдааны зэвсэг техникийг товойлгон дүрсэлж тухайн үеийн тулалдааны уур амьсгалыг илэрхийлсэн байна. 50 гаруй метр өндөр Ялалт хөшөө энэ жилээс шөнө гэрэлтдэг болж өнгө засжээ. Бид ХАБЭА-н хэлтсийн сайжруулалтын инженер Л.Батгэрэлийн оюутан цагийн найз, Сүмбэрийн отрядын захирагчийн заллагаар тэнд хоноглов. 1934 оны намраас 1939 оны хавар хүртэл Монгол улсын зүүн хилийг 60 удаа өдөөн хатгаж, зэвсэгт мөргөлдөөн, тулгаралт болж өргөжсөөр дайн эхэлсэн. Энэ бүхэнд Сүмбэрийн отряд галын шугамд гол ачаа үүрсэн. Түүгээр ч зогсохгүй 1945 оны чөлөөлөх дайн, 1947, 1948 оны баруун хилийн тулгаралтад оролцсон, эгнээнээсээ таван баатар төрүүлсэн домогт анги юм. Дорнодын Халхголоос Ховдын Байтаг Богд хүртэл 3000 км морин марш хийсэн түүхт ангийнхан ялалтын баяртаа бэлдээд гял цал. Цэргийн гавьяаны улаан тугийн одонт энэ анги Халхын голын ялалтын 80 жилийн ойн баярын өдөр Сүхбаатарын одон хүртсэн.     

Маргааш нь бид зөвхөн Халхын голын дайны түүхээр дагнасан “Ялалт” музей үзлээ. Музейн захирал Л.Мягмарсүрэн гэж насаараа Халхын голын дайны судалгаа хийсэн энх цагийн энгүй зүтгэлтэн байна. Түүний ярих нь яг л кино шиг. Бөмбөрцгийн хуурай газрыг Итали, Герман, Япон гурав хувааж эзлэх гэж дэлхийн хоёрдугаар дайн өдөөсөн. Үүний оршил нь Халхын голын дайн байсан юм. Япончууд 1928 онд өнөөдрийн Өмнөд, хойд Солонгосыг байлдан эзлээд, түүндээ ханалгүй зүүн хойд Хятадыг өөрийн болгоод, 1938 онд өмнөд Хятадыг, дараа нь Монгол, Сибирийг тэр чигээр нь колончлох зорилготой байж. Халхын голын дайн Баянцагааны нуруунаас Эрс уул хүртэл 70 км-ийн өргөн фронтоор, өнөөдрийн Хятад-Монголын хилээс 22 км-ийн гүнд,  128 хоног үргэлжилсэн. Орос, монгол аавын хөвгүүд хувцсаа тайлалгүй, дутуу нойр, дундуур идэштэй дөрвөн сар байлдаж байж өнөөдрийн тусгаар тогтнол, эрх чөлөөг баталгаажуулсан. Тухайн үед Токиод Германы Элчин сайдын яаманд ажиллаж байсан тагнуулч Зоргейг Монголчууд үеийн үед дурсах учиртай. Итали, Герман, Япон гурав цэргийн эвсэл холбоотон учраас Японы цэргийн тактикийг Германчуудаас олж авах нь илүү хялбар байж. Олон сар мэдээ илгээгээгүй Зоргейг Немцыд урвасан гэсэн ойлголттой байтал 8-р сарын 10-нд “8, 24, их давшилт” гэсэн үг явуулжээ. Өөрөөр хэлбэл наймдугаар сарын 24-нд Япончууд их давшилт хийнэ гэдэг маш чухал мэдээ дамжуулсан хүн. Ингээд Жуков, Чойбалсан хоёр “24”-нөөс өмнө “20”-нд сөрж довтлох тушаал өгсөн. Агаарт улаан пуужин хөөрөхтэй зэрэгцэн 150-иад дайрагч онгоц ниссэн. Түүний халхавчинд хүнд бөмбөгдөгч онгоцууд дайрч, 660 их буу зэрэг гал нээсэн гэдэг. Япончууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байхад фронтын баруун, зүүн жигүүрээр зургаа, наймдугаар морьт хороо давшилтад орж, тэдний дайрна гэж төлөвлөсөн 24-ний өдөр Монголын хил дотор бүслээд авч. Ингэж л Халхын голын дайн төгсгөл болсон түүхтэй. Цэргийн гавьяаны одонт ганц сум Халхгол байхаас аргагүй. Тэр нутагт байгаа бүхэн дайны эсрэг тэмцсэн. Өнөөдөр Халхголчууд шумууландаа хөшөө босгох тухай ярьцгааж байгаа нь инээдэм биш. Ялалт байгуулахад шумуул их үүрэг гүйцэтгэсэн гэж судлаачид үздэг. Орой болоход Япончууд шумуул үргээхээр цагаан бээлийтэй гараа гозолзуулан байршлаа мэдэгддэг байж. Мөн Япон цэргүүд шумуултай байлдаад олигтой тулалдахгүй байхаар нь дарга нар нь тэдний гарыг их буутай нь хүлж орхидог байж. Шумууланд хазуулсан цэргүүд шархны халуунаар өвдөж тулалдах чадвараа алддаг байсан байна. Тэр намар Халхын гол эргээ хальтал үерлэсэн гэдэг. Хэдийгээр далайн цэргүүд боловч хүчтэй давшилтад түрэгдэн 12 мянган япон Халхын голд үйж үхсэн баримт бий. Тэр үед гол улаан өнгөөр урссан гэх. Бидний өнөөдрийн сайн сайхан амьдралын төлөө Зөвлөлтийн 27000 цэрэг Халхын голын хөрсөнд шингэж, Монголын 990 амь тэнгэрт хальсан. Япончууд манай 10 мянган хүнд хулганы хар хижиг өвчний вирус тарьж бактериологийн туршилт хийсэн. Үүнийг яр шарханд баригдан шаналж буй эгэл монгол иргэдийн музейд өлгөөтэй гэрэл зураг гэрчилнэ. Музейн захирал тайлбарынхаа төгсгөлд амин чухал нэгэн хүсэлт бидэнд тавьсан юм. Ялалт музейг тайлбартайгаар заавал үзээрэй гэж хүн бүр 10 хүнд хэлж түгээж өгөөч гэсэн. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт Халхын голын дайны талаар нэг ч өгүүлбэр байхгүй өнөө цагийг шүүмжилсэн тэмцэл санагдсан.  

 

Шинэ сумын төв талбайг Г.К.Жуковын морьт хөшөө чимнэ

Халхын голын ялалтын 80 жилийн ой Монголчуудыг үнэхээр сэрээжээ. Ялалтын зүг чиглэх ардын зам балраагүйг харлаа. Энэ нутагт хүн, машин багширч, ялалтын дуутай өдрүүд үргэлжилсээр... Энэ олныг Халхголд далласан хүн бол ОХУ-ын Ерөнхийлөгч Путин.В.В гэхэд хилсдэхгүй. Түүнийг ирэх сургаар, гараа сунгасан “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтыг нүдээр үзэх гэж өнцөг булан бүрээс хүмүүс цуглажээ. Япончууд хүртэл өвөг дээдсийнхээ амирласан газар хүндэтгэл үзүүлэхээр ирсэн яваатай таарлаа. Оросууд найман сая еврогийн хөрөнгө оруулж, Халхголчуудад шинэ сум барьж бэлэглэсэн нь түүхэн  ялалтын тэгш ойн хамгийн том өгөөж юм. Хөрөнгө мөнгө нь зөв төвлөрөөд, техник, хүн хүч нь мэргэжлийн байхад богино хугацаанд юуг ч бүтээж болдгийн тод илэрхийлэл энд сүндэрлэнэ. Суманд хэтэрхий гоёдсон уу гэмээр чамин загвар хийцтэй 11 байгууламжид 560 хүүхдийн сургууль, дотуур байр, 250 хүүхдийн цэцэрлэг, 320 хүний суудалтай Соёлын төв, спорт заал, 15 ортой эмнэлэг, захиргааны байр зэрэг багтана. Мөн дэд бүтэц, ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдэж, сумын орон сууц, аж ахуйн нэгжийн барилгыг дулаанаар хангах гурван уурын зуух шинээр барьжээ. Шинэ сумын төв талбайг маршал Г.К.Жуковын дөрвөн метр өндөр морьт хөшөө чимнэ.  

Манай аяллын баг Халхголоос үд хэвийх үед хөдөллөө. Тэртээ 80 жилийн өмнө тэсрэх бөмбөг, исгэрэх суманд сийчигдсэн газрын шарх одоо ч аниж эдгээгүй нэгийг сануулна. Монгол орны тусгаар тогтнол, ард түмний амар амгалан, аюулгүй амьдрал, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө залуу нас, халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж ялалт байгуулсан Монгол, Оросын эрэлхэг дайчдын гавьяа зүтгэлийг бид хүндэтгэн дархалж, хойч үедээ бахархан мөнхжүүлэх учиртай. Энэ тухай л бид Эрдэнэтийн гэрэл харагдтал ярьсан даа. 

СЭТГҮҮЛЧ: М.ОДГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.БАТТӨГC

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчийн нэрэмжит “Шилжин явах цом”-ын төлөөх гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Спорт цогцолборт боллоо. Тус тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Эдийн засгийн бодлогын хэлтэс, Худалдаа хангамжийн хэлтэс, Экспорт борлуулалтын хэлтэс, Маркетингийн хэлтсийн таван багийн 40 гаруй тамирчид оролцсон юм. Тус тэмцээнийг Маркетингийн хэлтсийн хамт олон санаачлан зохион байгуулж, тэргүүн байр алтан медалийн эзэн боллоо. Удаах байрт Эдийн засгийн бодлогын хэлтсийн хамт олон шалгарч, мөнгөн медаль хүртсэн бол гуравдугаар байр, хүрэл медалийн эздээр Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн хамт олон шалгарлаа.

Шилдэг зохион байгуулалттай багаар Экспорт борлуулалтын хэлтсийн хамт олон тодорч, тэгш тоглогчоор Худалдаа хангамжийн хэлтсийн тамирчин Ц.Эрдэнэбат, шилдэг эмэгтэй тамирчнаар Эдийн засгийн бодлогын хэлтсийн тамирчин Г.Энхмаа нар шалгарлаа. Энэхүү тэмцээн нь ажилтан бүрийг багаар ажиллах чадварт сургах, хэлтэс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамт олны халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, цаашлаад ажлын үр дүнд эерэгээр нөлөөлөх зэрэг олон талын ач холбогдол агуулснаараа онцлогтой болов.

 

Э.Мөнх-Уянга

Фото: Б.Баттөгс

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнууд даваа гараг бүр хуралдаж, 7 хоног тутмын үйлдвэрлэлийн төлөвлөгөө, тулгамдсан асуудал, хийх ажлуудаа хэлэлцдэг. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр ХАБЭА-н зөрчил дутагдалгүй ажиллаж, хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байгаа тухай мэдээллээ. Ажилчдын санал хүсэлтийг хүлээн авч, аюулыг мэдээллэх 71300 дугаарын утсанд ажлын байр, нэг бүрийн хамгаалах хэрэгсэлтэй холбоотой 8 санал, хүсэлт иржээ.

Үйлдвэрийн ажилчдыг халуун хоолоор хангах асуудалд ХАБЭА болон Эрдэнэт сувиллын цогцолбороос байнгын хяналт тавьж, өдөр бүр хоолны дээжийг шинжлэн, хоолны амт чанарыг сайжруулахад анхааран ажиллаж байна. Үүний үр дүнд ажилчдаас ирэх халуун хоолны гомдол, санал эрс багасчээ.

Эрдэнэт сувиллын цогцолбороос 6500 гаруй ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулахаар төлөвлөснөөс 2300 орчим ажилтан буюу 36 хувь нь үзлэгт хамрагдсан байна.

Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд биелж байгаа бөгөөд цех нэгжүүд намар, өвлийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Шуурхай зөвлөгөөний үеэр үйлдвэрлэлийн найдвартай үйл ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой технологийн материалын нөөц бүрдүүлэх үүргийг холбогдох цех хэлтсүүдэд үүрэг болголоо.

 

Э.Мөнх-Уянга

 

 

Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбоо нь 1999 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Залуучуудын холбооны 38 дахь нэгжээр бүртгэгдэж, 20 гаруй анхан шатны нэгж бүтэцтэйгээр байгуулагджээ. 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа тус холбоо 18-40 насны, 3262 ажилчин залуусыг эгнээндээ нэгтгэн, анхан шатны 30 нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

20 жилийн ой нь тохиосон Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбоо нь залуу ажилчдыг хөгжүүлж, урлаг спорт, ажил мэргэжлийн онцлогт нийцсэн, нийгмийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг. Мөн ажлын чадвар чадамж, бүтээлч хандлага, мэргэжил мэдлэгийг дээшлүүлж, эрх ашгийг хамгаалж ажилладаг юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий  захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн ирээдүй болсон залуучууддаа итгэл хүлээлгэж, амжилт хүсч буйгаа ойн баярын үеэр хэллээ. Мөн ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан 15 залууг Монголын залуучуудын холбооны шагналаар, үе  үеийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байсан хүндэт гишүүдээ Залуучуудын холбооны 20 жилийн ойн медалиар шагнаж урамшууллаа.

 “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр  Автотээврийн цехийн Засварын хэсгийн  мастер Т.Ганболд, Геологи хайгуулын ангийн өрмийн мастер Э.Эрдэнэбаяр, Аж ахуй үйлчилгээний цехийн цахилгаанчин Г.Бат-Амгалан  нарыг, Баян-Өндөр сумын Засаг даргын “Жуух бичиг”-ээр  Дулааны цахилгаан станцын Турбин хими ус бэлтгэлийн хэсгийн дарга Ч.Баярмагнай нарыг шагнаж урамшууллаа.

Баярын хурлын үеэр Ил уурхайн өрөмдлөг тэсэлгээний хэсгийн авто ачигчийн жолооч Н.Эрдэнэбаатарын ая, Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн шүүлтүүрчин Т.Эрдэнэбатын үг “Эрдэнэтийн өглөө” дууг залуу уран бүтээлчид анх удаа тайзнаа “амилуулан”, холбооны гишүүддээ гэнэтийн бэлэг барьлаа. Мөн А.Амарын талбайд зохион байгуулсан үдшийн цэнгүүнд “Noname”, “Outlaw”,“Flash”хамтлагийн уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.  

 

Э.Мөнх-Уянга

Мэдээний төрөл

Календарь

« 9-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Зургийн цомог