• Мэдээллийн хаалгач нарын зөвлөгөөн өнөөдөр боллоо

       Ослыг тэглэх эрхэм зорилготой Эрдэнэт үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдэд 153 Мэдээллийн хаалгач ажилладаг. Эдгээр ажилчид ажлын хажуугаар сайн дураар энэ ажлыг давхар хийж ажилчдыг ажлын байранд аюул эрсдэлийг илрүүлэн, түүнийг хэрхэн мэдээлж байгааг бүртгэж, мэдээ мэдээллийг түгээж ажилладаг юм.     Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсээс улиралд нэг удаа Мэдээллийн хаалгач нарын дунд зөвлөгөөн зохион байгуулж тэдний ажлын үр дүнг хэлэлцэж, цаашид хийгдэх ажлуудыг ярилцдаг. Дөрөвдүгээр улирлын Мэдээллийн хаалгач нарын зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр мэдээллийн хаалгач нар сургалт аялалд явж ирсэн тайлан мэдээллээ хийж, орчин үеийн аргаар ХАБ-ын мэдээ, мэдээллийг ажлын байранд хүргэх арга зүй, ХАБ-ын зааврыг системийн хандлагаар загварчлах туршлагаа бусдад хуваалцлаа.    2019 оны 2-р сарын 4-нд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар үйлдвэрийн хэмжээнд бүх цех нэгжүүдэд Мэдээллийн хаалгач нар ажиллаж эхэлсэн юм. Үүний дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлын Манлайллын арга хэрэгслийг үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлэхээр туршилтын ажил явагдаж байна.      Сайн дурын мэдээллийн хаалгач нар идэвхтэй, өсөж хөгжих эрмэлзэлтэй байгаад баяртай байгаа тухай ХАБЭА-ын Сайжруулалтын мэргэжилтэн Л.Батгэрэл ярилаа.    А.Бямбамаа           Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн 22 залуу ажилтан ОХУ-д суралцана

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүний нөөцийн менежментийн бодлого, түүний дотор ажилтнуудаа сургаж, хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд энэ онд 22 залуу инженер техникийн ажилтнууд ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцах болжээ. Уурхайчдынхаа дундаас ажил үйлс, мэргэжлийн ур чадвараараа манлайлж, Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгтэйгээр ОХУ-д суралцахаар шалгарсан залуу ажилтнуудтай Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өнөөдөр уулзаж, баяр хүргэв. Тус үйлдвэрийн ажилтнуудаа гадаадад сургаж, мэргэжил эзэмшүүлэх бодлого сүүлийн жилүүдэд зогсонги байдалд байсныг энэ жилээс Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн санаачилгаар сэргээж, ОХУ-д залуу инженерүүдээ сургаж бэлтгэх, ахисан түвшний сургалтанд хамруулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэр ажилтнуудынхаа сургалтын төлбөр болон сурч буй хугацааны тэтгэлэгийг олгох юм.    Энэ үеэр Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр “Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын эгнээнээс ОХУ-ын уул уурхайн томоохон сургуулиадад мэргэжил эзэмших болсон нь залуу инженерүүдэд маш том оюуны хөрөнгө оруулалт болж буй. Энэ боломж та бүхэнд Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг авч явах түлхүүр ажилтнууд, манлайлагчид болох том үүд хаалгыг нээж байгаа гэдэгт итгэлтэй байна. ОХУ-д суралцуулах сонгон шалгаруулалт үйлдвэрийн цех нэгжүүд дээр зохион байгуулагдаж, тухайн цехийн ажилтнууд дотроос ажил мэргэжил, авьяас чадвар, хандлага зэрэг олон үзүүлэлтээр сонгосон. Ингээд үйлдвэрийн захиргаанаас өгч буй энэ сайхан боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, илүү чадварлаг, зөв хандлагатай, Эрдэнэт үйлдвэртээ хэрэгтэй сайн мэргэжилтнүүд болж ирэхийг хүсье” гэсэн юм.       Уулзалтанд Авто тээврийн цехийн дарга Д.Мөнхбаатар, Цахилгааны цехийн дарга Д.Даваадорж нарын зарим цех нэгжийн удирдлага оролцов. Цахилгааны цехээс энэ жил 4 залуу инженер ОХУд суралцахаар шалгарчээ. Энэ талаар цехийн дарга Д.Даваадорж “Манай цех нийт 131 ажилтантай. Тэдний 95 хувь нь дээд боловсролтой, нэг Оросын мэргэжилтэн ажиллаж байна. Манай 4 инженер нарийн мэргэжлээр суралцаж, бэлтгэгдэнэ. Сүүлийн үед орчин үеийн шинэ дэвшилтэд техник тоног төхөөрөмж үйлдвэрлэлд нэвтэрч байна. Үүнийг дагаад чадварлаг, нарийн мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ шаардлага бас нэмэгдсэн. Энэ үүднээс бид ажилтнуудынхаа сурч боловсрох, мэргэжил дээшлүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. Нэг жилд манай цех сургалтын зардалдаа 40 сая төгрөг төлөвлөдөг ч төдийлэн хүрэлцдэггүй. Харин энэ жил үйлдвэрийн удирдлага, Захиргаа хүний нөөцийн бодлогын газраас дэмжиж, манай ажилтнуудыг сонгон суралцуулах болсонд талархаж байна. 2014 онд манай цехээс 4 ажилтан ОХУ-ын Уралын их сургуульд магистрын зэрэг хамгаалж ирээд, одоо мэргэжлээр өсөж, тодорхой албан тушаал эрхлэн амжилттай ажиллаж байна. Ийм учраас одоо суралцахаар явж буй залуус та бүхэнд том боломж нээгдлээ. Сайн сурч, ихийг мэдэж ирээд үйлдвэртээ тогтвортой, манлайлж ажиллаарай” гэж онцлов.      Харин ОХУ-д суралцах ажилтнуудын төлөөлөл, ЗМЗ-ын Хэвний хэсгийн суурь машины операторч Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтны 60 хувийг залуучууд эзэлж буй тоон мэдээлэл байдаг. Эдгээр залуу ажилтнаа төлөөлөн ОХУ-д мэргэжил эзэмших болсондоо баяртай байна. Ажилтнуудаа бодлогоор дэмжин, мэргэжил боловсролыг нь дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж буй үйлдвэрийнхээ бүх шатны удирдлага, холбогдох газар хэлтсийнхэнд талархаж буйгаа илэрхийлье. Бид өөрсдөө идэвх чармайлт гарган суралцаж, Эрдэнэт үйлдвэр ,Эрдэнэт хот цаашлаад Монгол улсын уул уурхайн салбарын хөгжлийн түүчээ болж ажиллах зорилго, бас хариуцлага ирлээ гэж ойлгож байна. Бидний гарт атгуулсан энэ том боломж, итгэлийг алдаж болохгүй, хичээн суралцая гэж хамт явах нийт залуустаа уриалмаар байна” гэлээ.     Уулзалтын төгсгөлд Орост суралцахаар мордох залуустаа хандаж Ерөнхий захирал Х.Бадамсүрэн амжилт хүслээ. Тэрээр “Эрдэнэт үйлдвэрээ он удаан жил, амжилт бүтээл арвинтай ажиллуулахыг цаг ямагт хүсдэг. Тэр ч утгаараа сүүлийн 3 жил геологи хайгуулын ажилд онцгой анхаарч ажилласан. Үүний үр дүнд багаар бодоход 60 жил ажиллах нөөц баялагтай гэдгийг тогтоогоод байна. Товчхондоо 40 жилийн түүхтэй уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт 60 жилийн ирээдүй байна гэж тодорхойлж болох юм. Та бид нэг баг болж ажиллаж байгаа учраас үйлдвэрийнхээ хэтийн төлөвийг мэдэж байгаа. Бид дараагийн 15 жилд үйлдвэрээ хөгжүүлэх төлөвлөгөө зорилтоо тодорхойлон хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд стратегийн 6 том төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Манай залуучууд суралцах зорилгоо сайн ухамсарлаж байгаа юм байна. Олон ажилтнууд дундаас шалгаран, мэргэжил эзэмших, эзэмшсэн мэргэжлээ дээшлүүлэх энэ боломжийг та нар маань өөрсдөө олж авч байна гэж хэлбэл амьдралд илүү нийцнэ. Үйлдвэрийн удирдлагын зүгээс үнэхээр сайн ажиллаж, илүү сэтгэж байгаа, үр дүнд хүрэхийн төлөө хичээж буй ажилтнуудаа дэмжинэ. Ингэж тал талаасаа санаа оноо нийлбэл, сайхан шийдэлд хүрч болдог.    Ирээдүйгээ улам сайхан, тод томруун, ойлгомжтой  болгох гэж, өөрсдийгөө болон гэр бүлийнхээ сайн сайхны төлөө та нар маань суралцах юм. Цаашлаад үйлдвэр, улс орны хөгжил дэвшлийг урагшлуулж, хувь нэмрээ оруулахын төлөө мэдлэг боловсролоо дээшлүүлж байна гэж ойлгох ёстой. Ийм сайхан бахархалтай торгон агшнаа хамтдаа хуваалцаж байгаа залуу ажилтнууд та нартаа баяр хүргэж, амжилт хүсье. Та нарын мэдлэг ур чадвар дээшлэх тусам ажиллах боломж тань нэмэгдэнэ. Илүү цар хүрээтэй, далайцтай ажиллана. Энэ боломжийг зөв ашиглаж, бидний хэрэгжүүлж буй энэ хөтөлбөрийг үр дүнтэй, зөв бодлого гэдгийг та нар баталгаажуулах ёстой” гэж итгэл найдвар, захиа даалгавар өгч буйгаа илэрхийллээ.    М.Балжинням Фото Б.Баттөгс             Дэлгэрэнгүй...
  • Аяны үр дүнд хамтач уур амьсгал бүрджээ

       Тээвэр ложистикийн алба ажиллагчдаа эрүүл амьдралын хэв маягт суралцуулах, биеийн тамир спортоор хичээллүүлэх, хамт олны эв нэгдлийг сайжруулах зорилгоор зарласан зургаан сарын аянаа дүгнэв. Аяны хүрээнд зохиогдсон тэмцээнүүдийн дүнгээр цехийн дарга С.Мөнхтэгш ахлагчтай баг  түрүүлж, идэвхтэй оролцсон 12 гишүүн  ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд, Байгал далайн чиглэлд  аялжээ. ХАБЭА-н инженер Д.Энхбаатар ахлагчтай баг дэд байрт шалгаран Архангай, Өвөрхангай аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхов.  Ажиллагчдаа  нас, хүйс, ажил мэргэжил харгалзахгүйгээр  зургаан багт хувааж, усанд сэлэлт, хийн буудлага, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, чанга шивнээ, оддын зураг тайлбарлах тэмцээн явуулжээ. Түүнчлэн  илүүдэл жин бууруулах хөтөлбөр хэрэгжүүлэн,  бүтэн сарын турш тэд  ажилдаа  явганаар ирж, өөртөө тохирох спортын төрлөөр хичээллэв.  ОХУ-д аялсан багийг ахалсан Замын мастер О.Буянхишиг: “Бидний аялал 6 хоног үргэлжилсэн, Орос улсын хөгжил, цэцэглэлттэй танилцаж, байгалийн сайхнаар аяллаа. Хоёр цех нэгдээд багагүй  хугацаа өнгөрсөн ч,  ажиллагчид бие биенээ сайн таньж мэдэхгүй, халуун дулаан уур амьсгал бүрдэхгүй байлаа. Аян өрнүүлснээр манайхан хамт олонч уур амьсгалтай, зөв дадал хэвшилтэй болсон, эрүүл зөв аргаар илүүдэл жингээ бууруулсан, би л гэхэд 8 кг илүүдэл жингээ  хаясан. Бас  ажлын бүтээмжид ч сайнаар нөлөөлсөн. Энэ сайхан аяныг санаачилсан нөхөд, дэмжсэн удирдлага, идэвхтэй оролцсон хамт олондоо баярлалаа. Биднийг  урамшуулан аялах боломж  олгосон Үйлдвэрчний эвлэлийн хорооны удирдлагууддаа баярлалаа” гэв.      Я.Энхтуяа       Дэлгэрэнгүй...
  • Ажилтнуудын цалин нэмэх тухай Ерөнхий захирлын тушаал гарчээ

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, нийт ажиллагсдынхаа цалинг энэ онд хоёр дахь удаа нэмж байна. Өнгөрсөн сард тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн бүх цех нэгжийн ажилчидтай уулзах үеэрээ оны эхний 9 сарын үйлдвэрлэл, эдийн засгийн үр ашиг, төлөвлөгөөний биелэлтийн үр дүнг тооцон, цалин нэмэгдүүлэхээ мэдээлсэн. Тэгвэл энэ шийдвэр бодитоор хэрэгжиж, 10 дугаар сарын 1-ний өдрөөс Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын цалинг 10 хувиар нэмж буйг энэ сарын 17-ны өдрийн А/938 тоот тушаалаараа баталгаажуулсан байна.     Ингэснээр үйлдвэрийн нийт ажилтны үндсэн болон тарифт цалин 10 хувиар нэмэгдэж, үндсэн цалингийн нэгдсэн сүлжээ шинэчлэгдэж байгаа юм. Мөн Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, ҮЭХ-той хамтран хэрэгжүүлдэг Хамтын гэрээний 3.1, 3.4-т тусгасан ажилтнуудын бодит орлогыг нэмэгдүүлэх заалтууд биеллээ. Тус үйлдвэр энэ оны 5 дугаар сарын 1-ний өдөр ажилчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлж байв.   М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • Цэрэндавгын ЦЭНД-АЮУШ

            Овог нэр:    Цэрэндавгын ЦЭНД-АЮУШ    Төгссөн сургууль:     ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуульд бакалавр (1997), АНУ-ын Өмнөд Дакота мужийн Уул уурхай, Технологийн сургуульд магистр (2010), Ютагийн Их сургуульд доктор PhD (2014)-ын зэрэг тус тус хамгаалсан.   Мэргэжил:     Ашигт малтмал баяжуулалт, металлургийн инженер   Ажилласан туршлага:     1997-2002 онуудад ШУТИС-д багш, 2002 оноос Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн Гидрометаллургийн судалгааны лабораторид судалгааны инженер, лабораторийн эрхлэгч, 2007 оноос АНУ-д суралцаж, ажиллаж байх хугацаандаа FLSmidth Inc, Cytec Industries Inc, Solvay Group зэрэг уул уурхай, тоног төхөөрөмж үйлдвэрлэл, технологи судалгааны томоохон компаниудад судалгааны болон төслийн инженерээр ажилласан. Монголдоо ирээд 2 сар болж байгаа.   Мэргэжил дээшлүүлсэн байдал:     Six Sigma Greenbelt & Black Belt course (USA), MSHA Mine Safety training (USA),  KoreaZinc & Posco training (South Korea), TASIS Training (Italy)   Чин хүсэл:     Санаагаар болдог бол залуучуудаа дэлхийн олон орноор аялуулж, дэвшилтэт шинэлэг, олон зүйлстэй танилцуулж, тэдний билгийн нүдийг нь нээхсэн. Манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой химийн бодисын хэрэглээ өсөн нэмэгдсээр байна. Бид үйлдвэрлэлийн процессод хэрэглэдэг ихэнх химийн бодисуудаа гаднаас өндөр үнээр худалдан авдаг. Эрдэнэт үйлдвэрийн Судалгааны төвийн удирдлагаар ажиллах хугацаандаа хими, металлургийн үйлдвэрлэлийг Монголдоо хөгжүүлэх, олон улсын стандарт, байгаль экологийн шалгуурыг хангасан импорт орлох бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэхийг зорино. Чин хүсэл гэдэг нь бидний тархинд биш, харин зүрх сэтгэлд оршдог хүсэл, тэмүүллийг хэлдэг болов уу.    1. Таны шинэ өдөр хэдэн цагт эхэлдэг вэ?     - Өглөө 06:00 цагт эхэлдэг.     2. Өглөөний цай болон хооллолтын тал дээр та юу баримталдаг вэ?   - Өглөөний цайнд цэвэр ус, эрүүл хөнгөн хүнс хэрэглэдэг. Ер нь манай гэрийнхэн аль болох хөнгөн, шингэц сайтай хооллохыг эрмэлздэг.     3. Өдрийг эрч хүчтэй давахад юу сэргээш болдог вэ?    - Монголын минь цэлмэг сайхан тэнгэр, өглөөний тунгалаг нар, гэр бүл мөн ажлын газрын маань эрч хүчтэй, үргэлж шинийг эрэлхийлсэн залуус миний сэргээш болдог.     4. Яаж сэтгэлзүйн дархлаатай байж өдрийн эрч хүчээ хэвээр хадгалдаг вэ?    - Монголын нийгмийг харьцангуй стресс багатай гэж харж байна. Хүмүүст энгийн соёл, ухамсар, найрсаг харьцааг хэвшүүлэхэд л тухайн хүн өдрийн эрч хүчээ алдахгүй. Ер нь хувь хүний ирээдүйн зорилго, амьдралд баримтлах үндсэн зарчим тодорхой, өөртөө бүрэн итгэдэг байвал сэтгэл санаа тогтвортой, сэтгэлзүйн дархлаа сайтай байна гэж хувьдаа боддог.     5. Өдөр бүр хэвшил болсон чухал дадал бий юу?   - Мэдээллийн эрин зууны энэ үед техник, технологи эрчимтэй хөгжин өөрчлөгдөж, мэдээ мэдээлэл улам нээлттэй болж байна. Үүнээс хоцрохгүйн тулд өдөр бүр шинэ соргог мэдээлэлтэй аль болох ойрхон байж, сурч боловсрохыг дадал болгодог.     6. Өөртөө хэвшүүлэхээр зорьж буй шинэ зүйлсээсээ хуваалцаач?    - Эрүүл амьдрах, аж төрөх үүднээс өдөр бүр явган алхах, дасгал хөдөлгөөн хийхийг өөртөө хэвшүүлэхээр зорьж байна. Шинэ ажил маань ч энэ боломжийг бүрдүүлж байгаа, мөн өглөө бүр ажилтнуудтайгаа санал бодлоо хуваалцаж, өмнөх ажлын үр дүнгээ зөвлөлдөж, дараагийн ажлаа хийхийг зорьж байна. Ингэж хийсэн ажил,  саад бэрхшээл багатай, урамтай сайхан бүтдэг гэж боддог.   Дэлгэрэнгүй...
  • Уурхайчин залуустаа сэтгэлийн дэм үзүүллээ

       Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбооны 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөний Сайн үйлсийн аянд 10 сая төгрөг төсөвлөсөн. Тус холбооны тэргүүлчид энэ сарын найманд хуралдаж хэлэлцээд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ил уурхайн бульдозерын машинч Ч.Баярсайхан, ЗМЗ-ын инженер С.Галбадрах нарын эмчилгээний зардалд тус бүр таван сая төгрөг хандивлахаар шийдвэрлэжээ. Батламжийг Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн Холбооны дарга Б.Төгсбаяр, Засвар механикийн заводын ҮЭХ-ны дарга Н.Эрдэнэбат, Ил уурхайн ҮЭХ-ны дарга В.Баттулга, Баяжуулах үйлдвэрийн ҮЭХ-ны дарга Т.Хүрэлтогоо нар гэр бүлийнхэнд саяхан гардуулав.    А.Батбаяр           Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн үйлчид 3,3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн урлажээ

       Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цехийн үйлчид оны эхний есөн сарын байдлаар баяжмалын 60 мянган шуудай, ажилчдын 4000 хослол, инженерүүдийн 500 хувцас, уурхайчдын дулаалгатай 1500 хүрэм үйлдвэрлэн 3,3 тэрбум төгрөгийн бэлэн бүтээгдэхүүн урлажээ. Бүтээмж өндөр тус хамт олон саяхан Монгол улсад Нийтийн аж ахуй үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн баярыг угтан ажил мэргэжлийн “Сэтгэе, бүтээе, бахархъя” уралдаан зарлан дүгнэв. Уурхайчдын ажлын хувцас урлах, материалын өөдсөөр зүймэл бүтээгдэхүүн хийх гэсэн хоёр төрлөөр явагдсан уг уралдааны “Нэрийн бүтээгдэхүүн” номинацид эсгүүрчин В.Байгалмаа, оёдолчин Р.Бадамсүрэн, “Өртөг бага шинэлэг бүтээгдэхүүн” номинацид оёдолчин Д.Оюун-Эрдэнэ, “Шилдэг, шинэлэг ажлын хувцас” номинацид чанар шалгагч Б.Ууганцэцэг, мастер Э.Оюун-Эрдэнэ, оёдолчин Б.Элбэгзаяа нар шилдгээр шалгарчээ.              М.ОДГЭРЭЛ Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Олон бичил биетний цогц бордоог туршиж байна

         Азотоор хангаж ургамлын өсөлтийг нэмэгдүүлдэг ач холбогдолтой био бордоогоор цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, боловсруулах, шимт хөрс болгох туршилт, судалгааны ажил өнөөдөр эхэллээ.      “Бичил биетний судалгааг олон жил хийж байна. Судалгааны үндсэн дээр нутгийн омгуудыг гаргаж түүгээрээ байгаль орчин, хөрсний  бохирдлыг арилгах юм. Бохирдол бууруулсан хөрсөөр шимт хөрс бэлтгэж зүлэг ургуулах боломжтой. Энэ бордоо нь олон бичил биетний цогц бордоо юм” гэж  Биологийн хүрээлэнгийн доктор Ц.Рэнцэнханд ярилаа.    Эрдэнэт үйлдвэр Шинжлэх ухааны академитай хамтын ажиллагааны хүрээнд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа 40 жил хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх, боловсруулах, шимт хөрс болгох ажил ийнхүү шат дараатай хийгдсээр байна. Энэ ажлын үр дүн ирэх хавар лабораторийн шинжилгээний  хариугаар гарах юм.    А.Бямбамаа               Дэлгэрэнгүй...
  • Манлайлагчид 1 төгрөгийг 6.5 төгрөг болгох бүтээлч саналууд гаргажээ

       Эрдэнэт үйлдвэрийн Сайн саналын системд 2005-2018 оны хооронд 26265 сайжруулалтын санал бүртгэж, 50 хувь нь хэрэгжсэн бол оны эхний 9 сарын байдлаар 4939 санал гарч, хэрэгжилт 50.8 хувьтай болоод байна. Үйлдвэрлэлд нэвтэрч байгаа дээрх санал санаачилгыг чанараар нь “Маш сайн”, “Сайн”, “Энгийн” гэсэн гурван түвшинд үнэлгээ өгч, дүгнэдэг бөгөөд 2017 онтой харьцуулахад бүтээмжийн чанар эрс дээшилжээ. Үйлдвэрийн хэмжээнд өрнөсөн бүтээлч ажлууд эдийн засгийн талаасаа 1 төгрөгийг 6.5 төгрөг болгосон үр өгөөжтэй ажлууд болсныг Хөгжлийн хэлтсээс танилцууллаа.    Сайн саналын системийн тусламжтайгаар ажлын бүртгэл сайжрах, нэгнийхээ хийж байгааг харьцуулах харах, ажилтнууд ажил мэргэжлээрээ өрсөлдөх боломжийг бүрдүүлсэн тухай Хөгжлийн хэлтсийн Бүтээмж, инновацийн мэргэжилтэн Ё.Мөнхтунгалаг илтгэлдээ онцоллоо. Түүний хэлснээр 2018 онд нийт санал гаргагчдаас инженер техникийн ажилтнууд 41 хувь, ажилтан 61 хувийг тус тус эзэлжээ. “Бүтээлч санаачлагч-2018” Сайн саналын системийн манлайлагч, Автотээврийн цехийн механикч Х.Болдбаатар өөрийн арга туршлагаас хуваалцахдаа, “Юун түрүүнд тухайн саналыг эдийн засгийн үр ашиг дээшлүүлэх, ажил хөнгөвчлөх, ажлын байрны нөхцөл сайжруулах, ажилтны мэдлэг, мэргэжлийн ур чадварыг ахиулах, үйлдвэрт хэрэгжих насжилт урт эсэхэд хариулт олох хэрэгтэй. Ингэхдээ хамт олноороо ярилцан, шийдэл гаргах нь хамгийн чухал” хэмээсэн. Харин ЗМЗ-ын Эрчимзүйч Л.Энхтөр “Миний саналын шийдлүүд...” илтгэлдээ, “Интернет буюу цахим орчныг сайн ашиглах, ижил төстэй шийдлүүдийг харьцуулан судлах, бусдаас тусламж авахдаа нэрэлхэхгүйгээр, орчин тойрондоо сайн ярилцах хэрэгтэй” гэсэн зөвлөмжийг манлайлагчдад өгсөн юм. Тэрээр хэвшмэл сэтгэлгээг ажлын байрнаас халж, өсөх сэтгэлгээтэй ажилчид байцгаая гэсэн уриалга гаргалаа.                                   И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Бидний тухай

   Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Орхон аймгийн баяр наадамд хүчит 256 бөх зодоглосноос цэргийн харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүлж, аймгийн арслан Б.Уртбаяр үзүүрлэлээ. Найм давж түрүүлсэн цэргийн харцага О.Мөнх-Эрдэнэ "Аймгийн арслан" цол хүртэв. Үзүүрлэсэн аймгийн арслан Б.Уртбаяр "Үнэн хүчит" чимэг нэмлээ. Их шөвөгт аймгийн заан Д.Золбаяр, аймгийн харцага Ө.Батзул нар шалгарав. Энэ жилийн баяр наадамд Монгол Улсын харцага Н.Саранцогтоор сумын начин С.Эрдэнэтогтох, Монгол Улсын начин Т.Энхтуяагаар сумын заан М.Мөрөнчулуун, аймгийн арслан Б.Гантөмөрөөр сумын заан Б.Хишигчулуун нар тус бүр тав давж, аймгийн начин цолны болзол хангалаа. Өсвөрийн 32 бөх барилдсанаас жү-до бөхийн тамирчин Э.Буянцагаан түрүүлж, О.Болд-Эрдэнэ үзүүрлэв. Tүрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд бай шагналыг нь гардуулж, Монгол Улсын төрийн дуулал эгшиглэснээр Орхон аймгийн баяр наадам өндөрлөлөө.

Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс

   Үндэсний их баяр наадам, Монголын Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмын үндэсний сурын харваанд эрэгтэйчүүдээс Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн засварчин Цэгмидийн Ганхуяг 32 оноогоор түрүүллээ. Түүний дараа Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын уугуул, Авто засвар үйлчилгээний “Отгонтэнгэр” ХХК-ийн ажилтан Тоочингийн Эрдэнэ-Очир 31 оноогоор дэд байрт, Баянхонгор аймгийн уугуул, “Мөнгөн богц” ХХК-ийн харваач Батнасангийн Баасанжав 30 оноогоор гутгаар байрт шалгарч шагнал гардав. Харин Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 439-р ангийн харваач Баянмөнхийн Ганбат дөрөвдүгээр байрт, Завхан аймгийн Баянтэс сумын уугуул, "Жанжин Эрдэнэ" ХХК-ийн захирал Сосорбурамын Баттулга тавдугаар байрт шалгарлаа.
   Эмэгтэйчүүдээс Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул, Их засаг их сургуулийн оюутан Азжаргалын Нандин-Эрдэнэ 29 оноогоор түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, “Хангарьд” спорт хорооны харваач Лхагвадоржийн Мөнгөнзаяа, Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул Түдэвийн Лхамсүрэн, Дорнод аймгийн Баян-Уул сумын сумын уугуул, Эрдэнэт үйлдвэрийн Спорт ордны ажилтан Долгорын Дэлгэрмаа, Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул Даваагийн Бямбасүрэн нар удаалав. Харин өсвөр насны эрэгтэйчүүдээс Орхон аймгийн 4-р сургуулийн 9б ангийн сурагч Батсайханы Арьяабал түрүүлсэн юм. Түүний дараа 4-р сургуулийн 4ж ангийн сурагч Дамбадаржаагийн Билэгжаргал дэд байрт, 14-р сургуулийн 11г ангийн сурагч Ханддоржийн Нямдорж гуравдугаар байрт шалгарсан байна. Харин өсвөр насны охидоос 4-р сургуулийн 11а ангийн сурагч Баттулгын Гунгаанямбуу түрүүлж, мөн сургуулийн 11в ангийн сурагч Баясгалангийн Энхзул хоёрдугаар байрт, 6а ангийн сурагч Ариунбаярын Ариунболор гуравдугаар байрын шагнал хүртлээ.
   Шагнал гардуулах ёслолын үеэр Орхон аймгийн баяр наадмын үндэсний сурын харваанд амжилттай оролцож Аймгийн мэргэн цолны болзол хангасан Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, “Хангарьд” спорт хорооны харваач Цэгмидийн Ганхуяг, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул Азжаргалын Нандин-Эрдэнэ нарт цол тэмдгийг нь аймгийн удирдлагууд гардуулсан юм.

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

 

   Орхон аймгийн баяр наадамд шагайн 14 багийн 126 харваач оролцож цэц мэргэнээ сорилоо. Багийн харвааны төрөлд Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, аймгийн гоц мэргэн Л.Анхбат ахлагчтай “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн нэгдүгээр баг түрүүллээ. Хоёрдугаар байрт Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул, Монгол Улсын гарамгай мэргэн А.Эрдэнэ-Отгон ахлагчтай “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн хоёрдугаар баг, гуравдугаар байрт Дархан-Уул аймгийн харьяат, Монгол Улсын гарамгай мэргэн Б.Пүрэвсүрэн ахлагчтай “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн баг шалгарав.
   Цуваа харваанд Эрдэнэт үйлдвэрийн харваач, аймгийн гоц мэргэн Г.Нэмэхбаатар 20 сумнаас 19 онож түрүүлэв. Харин дэд байрт хоёрдугаар сургуулийн сурагч, өсвөрийн харваач Н.Уугантөмөр, гутгаар байрт “Эрдэнэтийн ДЦС”-ын харваач, Булган аймгийн уугуул, аймгийн гоц мэргэн Т.Аюуш шалгарч шагналаа гардлаа. Энэ жилийн шагайн тэмцээний хамгийн ахмад харваач нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, аймгийн гоц мэргэн, 65 настай Н.Өлзийбаяр байсан бол хамгийн залуу харваач нь найман настай Н.Эрхсоёмбо байв.

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

   Соёолон насны морьдын уралдаанд 36 хурдан буян уралдаж, Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Данжаадын Гантөмөрийн хээр түрүүлж, аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Зэсэндэмидийн Тэмүүжиний хул, айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюунбатын Бадамжаргалын халтар, айргийн дөрөвт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уяач Тарзадын Доржхандын буурал хурдалсан бол Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Мөнхдэлгэрийн Батбаярын Монгол хээр айргийн тавд хурдаллаа. Ийнхүү Орхон аймгийн баяр наадмын хурдан морьдын уралдаан хоёр өдөр болж амжилттай өндөрлөж унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олноо баярлууллаа.

А.Бямбамаа
Фото: Б.Баттөгс

   Орхон аймгийн баяр наадмын хурдан морьдын уралдаан дааганы уралдаанаар үргэлжилж байна. Уралдаанд 50 орчим даага хурдалж наадамчин олноо баясгалаа. Булган аймгийн Бугат сумын харьяат аймгийн алдарт уяач Жадамбаагийн Бат-Өлзийн зээрд даага түрүүлж, аман хүзүүнд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын уугуул Батсайханы Тэгшбаярын шарга даага, айргийн гуравт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уяач Тарзадын Доржхандын сартай хээр, айргийн дөрөвт Орхон аймгийн уяач Мөнхдэлгэрийн Батбаярын халтар, айргийн тавд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын хурц арслан Наранцэцэгийн хүү Отгонбаатарын хүрэн даага хурдалж унасан хүүхэд, уясан эзнээ баярлуулж наадамчин олноо баясгалаа.

А.Бямбамаа

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог