• Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

       Монголын төр засгийг 44 жил тэргүүлэн ажиллаж, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө амь амьдралаа зориулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, “Ю.Цэдэнбал академи”-ийн Орхон аймаг дахь салбарын гишүүд морин цагт түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн байгуулах их үйл хэргийг эхлүүлсэн их удирдагчийг хүндэтгэн дурсах үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ихээхэн ач холбогдол өгч ирсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосон түүхтэй.     Одоогийн Увс аймгийн Давст сумын нутаг Хандгайтын цагаан бураа хэмээх газарт мэндэлсэн Ю.Цэдэнбалд Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлэх, олон улсын нэр хүндийг өндөржүүлэхийн тулд явуулсан бодлогыг нь үнэлж 1961 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, 1966 онд БНМАУ-ын баатар, 1979 онд  БНМАУ-ын цэргийн дээд цол буюу Маршал цолыг олгосон байдаг. Түүнийг 1984 оны 8 дугаар сард өвчний учир МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажил, Улс төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн даргын албанаас тус тус чөлөөлж, 1990 онд намаас хөөж, өмнө авсан гавьяа шагналыг нь хураажээ. 1991 оны 4 дүгээр сарын 21-нд Москва хотноо таалал төгссөн түүний цол хэргэм, одон медаль, шагналыг буцаан тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлиг 1997 онд гарч,  2003 онд МАХН-ын XXII их хурлаас түүний намын гишүүнчлэлийг сэргээсэн байна.        Цэцэг өргөх ёслолын үеэр “Ю.Цэдэнбал академи”-ийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн, түүхийн ухааны доктор, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Мянганбаяр гуайтай уулзаж ярилцлаа.       Б.МЯНГАНБАЯР: “Ю.Цэдэнбал дарга ба Эрдэнэт хот” товхимол бүтээнэ      -Та манай уншигчдад “Ю.Цэдэнбал академи”-ийн орон нутаг дахь салбарын талаар мэдээлэл өгөхгүй юу?    -Академийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийг 2014 онд байгуулсан. Өнөөдрийн байдлаар үйлдвэр аж ахуйн газар, Эрдэнэт хотын нийт иргэдийн 20-30 хувь нь академийн гишүүнчлэлтэй. Бид орон нутагтаа “Ю.Цэдэнбалын нэрэмжит гудамж бий болгоё” гэсэн санаачилга өрнүүлээд байгаа. Салбар зөвлөлийг санаачилга өрнүүлдэг сайн дурын байгууллага гэж ойлгож болно.    -Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн байгуулах нь Ю.Цэдэнбал даргын алсын хараа байсан тухай та хэлсэн. Энэ талаар тодруулбал?    -Ю.Цэдэнбал даргын төрсөн өдрийг Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр өндөр түвшинд тэмдэглэн өнгөрүүлэх учиртай. Монголын төрийг 44 жил удирдахдаа алс хэтийг харсан эдийн засаг, улс төр, нийгэм, хүмүүнлэгийн дорвитой бодлого явуулсны нэг илрэл нь ЗХУ-ын дээд удирдлагатай удаа дараа уулзаж, Монголын газар нутаг дээр байгаа баялаг ордыг ард түмэнд өгч, эзэмших талаар өөрийн бодол санаагаа хэлж, олон удаа уулзаж, баталж нотолсны үр дүнд энэ сайхан хот, үйлдвэр төрсөн түүхтэй. Ю.Цэдэнбал дарга Эрдэнэт үйлдвэрийг байгуулах асуудлыг анхаарлынхаа төвд байлгаж, Эрдэнэт хоттой холбоотой асуудлыг “ногоон” гэрлээр шийдвэрлэдэг байсан.    -Та бүхэн ойрын үед ямар ажил хийхээр зорьж байна вэ?    -Ю.Цэдэнбал дарга амьд ахуй цагтаа Эрдэнэтэд дөрвөн удаа ирсэн. Түүний явуулж байсан бодлого, хөдөлмөрчидтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон түүхэн үйл явдлыг бид судалж, “Ю.Цэдэнбал дарга ба Эрдэнэт хот” гэсэн товхимол ном гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ том хот, үйлдвэрийг барьж байгуулахад ямар их хүч хөдөлмөр, ухаан, мэргэжил зарсныг ахмад үеийнхэн сайн мэднэ. Гэвч залуучууд маань хараахан мэдэхгүй байна уу даа гэж санагдах үе бий. Энэ бүхнийг мэдэх нь Ю.Цэдэнбалыг тахин шүтэхдээ бус тухайн үеийн намын бодлого, хоёр улсын найрамдалт харилцааны талаарх мэдлэгээ тэлэхэд ач холбогдолтой. Энэ хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудаа олон нийтэд хүргэнэ.       -Танд нэмж хэлэх зүйл бий юу?    -Энэ дашрамд их удирдагчийн 103 жилийн ойг тохиолдуулан найрамдлын билэгдэлт Эрдэнэт хот, иргэд хөдөлмөрчид, үйлдвэрийн газрын нийт ажилтны нэрийн өмнөөс Ю.Цэдэнбал даргын үйл хэрэгт баярлаж талархаж явдгаа үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь илэрхийлье.             И.Чинтогтох Фото: Ш.Лхамсүрэн   Дэлгэрэнгүй...
  • Засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөгт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ оролцож байна

       Засгийн гарын хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагын үйл ажиллагааг олон нийтэл сурталчилан таниулах “Нээлттэй өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгт яам, агентлаг, 20 гаруй байгууллагын төлөөллөөс гадна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ оролцож, үйл ажиллагаагаа сурталчлан, нээлттэй өдөрлөгт мэдээллээ түгээн ажиллаж байгаа юм.     “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг энэ оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор “Төрийн өмчит үйлдвэрийн газар” болгон өөрчилж, дүрмийг баталснаар 100 хувь төрийн өмчит статустай болсон. Эрдэнэт үйлдвэр нь Төрийн өмчийн үйлдвэрийн газар болсон ч өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, улсад төлсөн татварын хэмжээгээр тэргүүлсээр байна. Өдөрлөгийн үеэр үйлдвэрийн холбогдох мэргэжилтнүүд иргэд, олон нийтийн сонирхсон асуултанд хариулт өгч, энэ онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдэж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллээ хүргэн ажиллаж байна. Оны эхний 8 дугаар сарын байдлаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд 100-аас дээш хувиар биелэж, эдийн засгийн үзүүлэлт өссөн дүнтэй гарсан нь улс, орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөг төвлөрүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.    И.Чинтогтох Фото: Б.Ялалт         Дэлгэрэнгүй...
  • П.УНДРАХ: Дурлаж сонгосон мэргэжилдээ хамгаас их хайртай

    Соёлын ажилтныөдрийг тохиолдуулан зорин очсон удаах уран бүтээлч маань Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын “Эрдэнэт дуу бүжгийн чуулга”-ын уран бүтээлч, бүжигчин П.Ундрах билээ. Уран гуалиг хөдөлгөөнөөр хүмүүний сэтгэлийг уясуулан, бүсгүй хүний торгомсог мэдрэмжээр тайзан дээр “дүүлэн нисэх” бүжигчний уран бүтээлийн замнал хийгээд уурхайчдын дунд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж яваа содон ертөнцийг зураглахыг хичээлээ. -Хүн бүр мөрөөддөг ч зуун хүнээс ганц нь л мөрөөдлийнхөө мэргэжлийг эзэмшдэг гэх яриа бий. Бүжигчин болох нь таны хүсэл мөрөөдлийн нэгээхэн хэсэг байв уу? -Би Эрдэнэтийн унаган иргэн. Цэцэрлэгт байхдаа Тунгалаг багшийн удирдлага дор олон тэмцээнд оролцож, бүжгийн урлагтай багаасаа холбогдсон. 1997 оноос “Хаврын баяр” наадамд оролцож, арван жилийн сурагч болсоор соёлын ордноос салдаггүй хүүхэд байлаа. Улмаар 2002 онд сургуулиа төгсөөд соёлын ордны бүжигчнээр ажиллах болсон. Соёлын дээд сургуулийг бүжгийн багш, Бээжингийн Олон Улсын хэл соёлын их сургуулийн Хятад хэлний ахисан дунд шатны сургалт, Улс төрийн академийг Соёлын удирдлагаар тус тус төгссөн. Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө тэмүүлэн, хичээн зүтгэдэг байх. Хааяа шантрах үе гардаг ч дурлаж сонгосон мэргэжилдээ би хамгаас их хайртай. Энэ эрдмийн шимийг хүртээсэн Х.Эрдэнэбаяр, Д.Отгонбаатар, Д.Ганчулуун, Д.Одончимэг гээд олон сайхан багш бий. -Эрдэнэт үйлдвэрийн соёлын ордны бүжигчин байна гэдэг юугаараа онцлог, давуу талтай вэ? -“Эрдэнэт” дуу бүжгийн чуулга үйл ажиллагааныхаа хувьд Монголын бусад чуулгаас нэлээд онцлогтой. Бүх уран бүтээлчдээ дуулах, жүжиглэх, бүжиг дэглэх гээд хөрвөх чадвартай бэлтгэдэг нь хувь хүний хөгжилд томоохон хөрөнгө оруулалт болдог гэх үү дээ. Бид үйлдвэрийн уран сайханчидтай ажиллахын зэрэгцээ дугуйлан ажиллуулдаг. Олон шавьтай болсон. Миний хувьд цэцэрлэг сургуулийн хүүхдүүдэд сонгодог бүжгийн багшаар ажиллаж байсан. Манай чуулга “Сономбула”-аар “Гран При” хүртэж байсан. Ер нь аймгуудын бусад чуулгаас дээгүүрт үнэлэгддэг.  -Таны бахархал юу вэ? -Хөрсөн доорх баялгаараа хүн зоныг тэжээн тэтгэсэн Эрдэнэт үйлдвэрээрээ бахархаж явдаг даа. Мөн “Эрдэнэт” дуу бүжгийн чуулга хүндлэл бахархалын минь хойморт хүндтэй байр эзэлдэг. -Бүжгийн урлагт өөрийгөө хөгжүүлэхээс гадна сурсанаа бусдад зааж сургах, шавь нараа бэлтгэх хариуцлагатай ажил байдаг шүү дээ. Одоогоор хичнээн шавь бэлтгэв? -Үйлдвэрийн уран сайханчдаас олон шавь бий. Өмнө нь тоолж байсангүй. /инээв/ Нэг цехийн хамтлагт 20 гаруй шавь байдаг гэж бодвол чамгүй тоо гарах байх. Миний хувьд цэцэрлэгийн хүүхдүүдтэй их ажилласан. Үйлдвэрээс зохион байгуулж байгаа ажлуудад аль болох олон шавь нараа хамруулахыг хичээдэг. -Сэтгэлд хоногшсон гэгээлэг дурсамжаасаа хуваалцахгүй юу? -“Эрдэнэт” дуу бүжгийн чуулгад орсны дараахан БНХАУ руу фестивальд оролцохоор хамт олонтойгоо явсан. Миний хувьд анхны бөгөөд хамгийн том оролцоо энэ фестиваль байсан учраас сэтгэлд тодхон үлджээ. Ер нь Москва, Манжуур гээд гадаадын аялалууд сайхан дурсамж үлдээж, мартагддаггүй. -Хувийн уран бүтээл хийж байгаа юу? Өөрийгөө хэрхэн дайчилж байна вэ? -Ирэх оны 4, 5 дугаар сард бүжгийн төрлөөр хамтарсан тоглолт хийхээр ярилцаж байна. Найз Ц.Удвалтайгаа хамтран зохион байгуулна. Бид он гарсны дараа тоглолтынхоо ажилд яаравчлан орох тул одоогоор буриад концертондоо анхаарч, бэлтгэлээ хангаж байна. Мөн ойрын төлөвлөгөөнд маань шинэ жилийн бэлтгэл ажил ч багтсан. Бид 10 дугаар сарын сүүлчээр морин хуурын концертоо тоглоно. Сар сардаа ажлаа төлөвлөдөг учраас тухай бүрт нь бэлтгэл сайтай байх л хэрэг гарч байна. Ямартаа ч хувийн уран бүтээлээ цалгардуулахгүй. -Бүжгийн ямар төрлийг сонгон хичээллэж байна вэ? -Орчин үе талдаа сонгодог болон жазз урсгалыг сонирхож байна. Тэр чиглэлээр хувийн уран бүтээлээ ч түлхүү хийх бодолтой явна. Төлөвлөгөөт болон хувийн уран бүтээл дээрээ ажиллахад цаг зав багатай ч аль болох бүгдийг нь амжуулахыг хичээдэг. -Амьдралдаа хамгийн үнэтэй зөвлөгөөг хэнээс авч байв? -Д.Цэрэннадмид гавъяат маань “Бүжигчин хүн цагаа барь, формтой бай, байнгын бэлтгэлтэй бай” гэж хэлдэг байсан. Захиасыг нь өнөө хэр мартаагүй, амьдралдаа мөрдлөг болгосоор явна. -Авьяасыг тань өнгөлөх шидтэй, амьдралын тань салшгүй хэсэг болсон хамт олондоо зориулж юу хэлэх вэ? -Өгөөмөр баян сэтгэлтэй, өөдрөг гэгээн тэмүүлэлтэй урлагийн салбарын уран бүтээлч хамт олондоо халуун баяр хүргэе. Та нар минь энэ амьдралын гэрэл гэгээ, илч дулаан, урам зориг болдог шүү. Мөн энэ дашрамд миний болон хамт олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА Д.Одончимэг, МУГЖ Д.Цэрэннадмид, МУСТА Д.Отгонбаатар, МУСТА Х.Эрдэнэбаяр багш, найруулагч нартаа баярлаж явдгаа илэрхийлье. -Танд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье. Ярилцсан И.Чинтогтох Фото: Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • “Алтан бамбай” тэмцээн ирэх долоо хоногт болно

    Болзошгүй аваар ослын үед аврах, эрэн хайх ажиллагааг гардан хэрэгжүүлэх бэлэн байдлыг шалгах уламжлалт “Алтан бамбай“ тэмцээн энэ сарын 19, 20-ны өдрүүдэд болно. Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс, Залуучуудын холбоо, Эрдэнэт сувиллын цогцолбор, Аврах, гал унтраах 58-р анги хамтран зохион байгуулдагуг тэмцээнд өмнө нь катодын зэсийн үйлдвэр болох “Ачит Ихт”, “Эрдмин” компаниуд оролцдог байсан бол энэ удаа Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн ажилчид баг болон өрсөлдөх юм. Баг нь хоёр эмэгтэй, дөрвөн эрэгтэй ажилтнаас бүрдэх бөгөөд залуу ажилчдаа түлхүү хамруулахыг удирдамжид тусгажээ. Хоёр жил тутамд зохиодог тус тэмцээнээс уулын аврах ажиллагаа хасагдаж, ажилчид зам тээврийн осол, барилга байгууламж, газар доорх байгууламж, нурангийн аврах ажиллагаа төрлөөр мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорихоор болсон байна. Тэмцээний төгсгөлд таван байр эзлүүлэн, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртээхээс гадна шилдэг ахлагч, шилдэг аврагч  номинацийн эзэд тодорно. М.ОДГЭРЭЛ Дэлгэрэнгүй...
  • Баян-Өндөр уулыг модны хожуулаас цэвэрлэх ажил эхэллээ

    Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хамтран, дүйцүүлэн хамгааллын менежментийн төлөвлөгөөний дагуу өнгөрсөн хавар Баян-Өндөр уулын Хүрэнбулаг амны 1.6 га талбайг эзэлсэн 120 гаруй өгөршсөн хожуулыг цэвэрлэх ажил зохион байгуулсан. Ойг цэвэрлэх ажлын үргэлжлэл энэ сарын 10-наас дахин эхэллээ. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх модны өмхөрсөн хожуулыг техникийн хүчээр сугалж, Баян-Өндөр уул орчмын талбайг цэвэрлэх ажил тав хоног үргэлжилнэ. Цэвэрлэсэн талбайд намрын мод тарилтыг зохион байгуулах юм. Модны хаягдал хожуулыг Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд буулгаж, иргэдийн хэрэгцээнд ашиглахаар шийдвэрлэжээ. М.ОДГЭРЭЛ Дэлгэрэнгүй...
  • Технологийн замыг сэргээн засч байна

    Сүүлийн сар бороо их орсноос Ус хангамжийн цехийн ус өргөх нэгдүгээр станцчиглэлийн технологийн зам эвдэрч, машин техник явахад халгаатай болжээ. Энэ талаар Эрдэнэт үйлдвэрийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын байнгын ажлын хэсэгхэлэлцэж, уг замын ээлжит засварыг эхлүүлэхээр шийдвэрлэн Авто тээврийн цехэд үүрэг болгов. Ус өргөх нэгдүгээр станц хүртэлх 60 км замын засварын ажил өнгөрсөн Лхагва гарагаас эхэлсэн бөгөөд ирэх долоо хоногт сайжруулсан замыг бүрэн ашиглах боломж бүрдэнэ. М.ОДГЭРЭЛ Дэлгэрэнгүй...
  • М4 далан өвлийн хаялтаа авахад бэлэн боллоо

    Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цехийн нэг Баяжуулах үйлдвэр нь  жилд 31 сая 500 мянган тонн хүдрийг хүлээн авч боловсруулан 630 мян.тн зэсийн баяжмал, 5300 тн молибдены баяжмал гаргадаг.  Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсгийн хаягдал хадгалах сангийн урд хэсэгт нийт 15 далантай ба 2018 онд 15-р даланг байгуулж, далайн түвшнээс дээш 1305 м өндөр болсон юм.  Харин хойд хэсгийн далан  болох М4 даланг байгуулж 2019 оны 9-р сарын 5-нд  хүлээн аваад байна.  Хаягдлын сангийн нийт талбай 2067.6 га ба санд нийт 830 сая тн элс, 22.3 сая м3 ус агуулагдан Баяжуулах үйлдвэрийг цагт 8000 м3 эргэлтийн усаар хангадаг юм. Хаягдал хураах хиймэл нуур ба далан нь улсын онцгой барилга байгууламж учраас түүнийг зөв зохистой аваар осолгүй ашиглаж, үйлдвэрлэл явуулахын тулд өдөр тутмын үзлэг хяналтад байлгадаг. Ийнхүү М4 даланг байгуулснаар  Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн найдвартай үйл ажиллагаа дөрвөөс таван жилээр сунгагдах юм. Б.Бямбамаа Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
Бидний тухай

   Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөт үзүүлэлтүүд оны эхний хагас жилд 100 давсан хувиар биелж, бүтцийн нэгжүүд “Хангалттай сайн” үнэлэгдлээ. Нэгдсэн дүнгээс харахад хүдэр олборлолт өмнөх оны мөн үеэс 320 мянган тонн, хүдэр боловсруулалт 407 мянган тонн, зэсийн баяжмал 1670 тонн, молибдены баяжмал 135.6 тонн илүү үйлдвэрлэсэн байна. Эрдэнэт үйлдвэр оны эхний хагас жилд цэвэр ашгийг төлөвлөснөөс 60.8 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж, улс болон орон нутгийн төсөвт 570 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Үйлдвэрлэлийн болон санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд шинэ дээд амжилт тогтоож, Эрдэнэт үйлдвэрийн хамт олон хөдөлмөр бүтээлийнхээ үр шимийг амжилтаар ахиуллаа.
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх “Үйл ажиллагааны хагас жилийнхээ тайланг дүгнэхэд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтүүд бидний хүссэн хэмжээнд хараахан хүрсэнгүй. Ирээдүйг харсан томоохон төслүүдээ хөдөлгөж, хөрөнгө оруулалтын төлөвлөсөн ажлуудаа цаг алдалгүй хийх шаардлагатайг бидэнд сануулж байна. Тендерийн тухай хууль болон тендерт оролцогч компаниудын маргаантай асуудлаас болж хугацаа алдсан ажлууд бий. Энэ оны хоёрдугаар хагас буюу 7, 8, 9 дүгээр сарыг дуустал эдгээр хөрөнгө оруулалтын ажлаа нөхөх нэгдсэн төлөвлөгөө гаргалаа” хэмээсэн. Уурхайчид хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтийг 10 дугаар сарын 1-нд 75 хувь, оны төгсгөлд 100 хувьд хүргэх зорилго тавьжээ.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс


 

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны долоодугаар сарын 18-ны өдрийн А656 тоот тушаалаар үйлдвэрийн газарт Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрүүдийг боловсруулан, хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үйлдвэрийн газрын ажилтнуудын дунд “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”, “Ахмад ажилтанд зориулсан хөтөлбөр”, “Залуу ажилтныг дэмжих манлайллын хөтөлбөр”-ийг боловсруулахад шаардлагатай тандалтын судалгааг ажлын хэсгийн гишүүд мэргэжлийн сэтгэл зүйн багтай хамтран хийж эхэллээ.
   Хүний нөөцийн цогц хөтөлбөр нь ур чадвартай, мэдлэг боловсролтой ажилтныг дэмжин урамшуулж, хөдөлмөрийн бүтээмжийг үнэн зөвөөр үнэлэн, ажилчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, аюулгүй ажиллагааг хангахад чиглэх юм. Судалгаанд оролцогчдыг Эрдэнэт үйлдвэрийн 6500 гаруй ажилтнаас түүврийн аргаар сонгон авч, 400 хүнийг хамруулахаар төлөвлөжээ. Цогц хөтөлбөрийг ирэх есдүгээр сарын сүүлчээр боловсруулж, 10 дугаар сарын нэгнээс хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэж байна.   

И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

   Дулааны цахилгаан станц нөөцгүй ажилладаг тоног төхөөрөмжүүдээ 24 цаг зогсоож, засварлан энэ сарын 27-ноос 28-нд шилжих шөнө залгасан тухай станцын дарга Г.Мөнх-Эрдэнэ мэдээллээ. Тус хамт олон  төлөвлөсөн 75 ажил, засварын явцад гарсан нэмэлт ажлыг амжилттай гүйцэтгэлээ.  Худаг доторх байнгын ажиллагаатай задвишкууд солих, уур, усны шугам засварлах, эргэлтийн болон хөргөлтийн усны том бассейнуудыг шавар, хогноос цэвэрлэх гэхчлэн төлөвлөсөн ажлуудаа бүрэн хийжээ. Бямба гарагийн  23-24 цагийн хооронд Баяжуулах үйлдвэрт технологийн уур өгөх төлөвлөгөөтэй байсныг 22:30 цагт өгсөн ба засварын ажлаа хугацаанаас нь өмнө дуусган станцын үйл ажиллагааг  жигдрүүлжээ. Байнгын өндөр хэм, өндөр даралтад ажилладаг дулааны эрчим хүчний тоноглолын төхөөрөмжүүдийг зогсоож, эргэн залгахад түвэгтэй байдал үүсэж, задвишк жийргүүд хатах, хөрөлт тэлэлтэд орж хагарах  тохиолдол гардаг аж. Энэ жилийн хувьд ганц нэг ийм тохиолдол гарсныг мэргэшсэн хамт олон амжилттай засварлажээ. Их зогсолтоор тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг  хангаснаар  өвөлжилтийн  бэлтгэлийн зарим ажлаа ч базаажээ.  Нүүрсээ нөөцлөх нь Дулааны цахилгаан станцын өвөлжилтийн бэлтгэлийн гол ажил бөгөөд одоогоор  62 мянган тонн нүүрсний нөөцтэй байна. Энэ нь 50 гаруй хоног хэрэглэх нүүрс аж.

Я.ЭНХТУЯА



 

   Улсын хэмжээнд стандартын шаардлага хангасан эко ариун цэврийн байгууламжтай аймаг, хот одоогоор алга. Эрдэнэтчүүд энэ байгууламжийн анхдагчид болох зорилт тавьснаар 608 сая төгрөгийн хөрөнгө шийдвэрлэн, гүйцэтгэгчээр “Мөнх тэнгэрийн ташуур” ХХК-ийг шалгаруулжээ. Хөрс болон орчны бохирдлоос ангид байж, ундны усаа хамгаалан, гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд томоохон ач холбогдолтой энэ ажлын явцын мэдээллийг ажлын хэсгийнхэн өнөөдөр танилцууллаа.
   Судалгааны дүнгээр Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант суманд 17 мянган айл өрх нүхэн жорлонтой гэсэн мэдээлэл бий. Хөрсөнд их хэмжээний бохирдол үүсгэдэг нүхэн жорлонг стандартад нийцүүлэх энэхүү ажилд орон нутгийн төсвөөс 277.5 сая төгрөг, БОАЖ-ын Сайдын зардлаас 250 сая төгрөг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 95 сая төгрөгийн санхүүжилт босгосон байна. Үүний дагуу аймгийн Засаг даргын 2019 оны долоодугаар сарын 19-ний өдрийн А528 тоот захирамж гарч, “Эко ариун цэврийн байгууламж барих иргэдэд урамшуулал олгох тухай” журам батлагджээ.
   Нэг бүр нь 1 сая 997 мянган төгрөгийн үнэ бүхий, хоёр хаалгатай эко ариун цэврийн байгууламжийг Баян-Өндөр сумын баг бүрд 19, Жаргалант суманд 24 буюу нийт 290 өрхөд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр суурилуулж өгөх юм. Ингэхдээ Орхон аймгийн харьяат, гэр хороололд байнга оршин суудаг, хашааны зай талбай нь хүрэлцэхүйц, ойрын хугацаанд инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй зэрэг тодорхой шалгуур хангасан айл өрхөөс сонголт хийнэ гэж албаныхан хэллээ. Иргэдийн хүсэлтийг сумдын Засаг даргын Тамгын газарт хүлээн авах бөгөөд энэ сарын 28-аас 14 хоног үргэлжилнэ. Хүсэлт өгөөд хамрагдаж чадаагүй айл өрхийн тухайд ирэх жил боломж байгааг сануулж байна.

И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн




 

Бүлэг Орон нутаг

   Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран зохион байгуулсан “Жендер ба хүний эрх” сэдэвт сургалтад цех, хэлтсийн ажиллагчдын төлөөлөл хамрагдлаа. Сургалтаар хүний эрхийн талаар ойлголт өгч, ажлын байранд үүсэж болох дарамт, түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлсон юм. Өдөр тутамд тохиох хэр нь үл анзаарагдах “ажлын байрны дарамт”-ын хэлбэрүүдийг мэдэж авснаар хувь хүн бүр эрхээ зөрчигдөж байгаа эсэхийг анзаарч, шаардлагатай үед хаана хандах, хэрхэн өргөдөл, гомдол гаргах зэрэг тал бүрийн мэдлэгээ зузаатгалаа.
   Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Орхон аймаг дахь референт иргэдээс ирсэн гомдлыг хянан шийдвэрлүүлэх, хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх үүргийг хүлээн, тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Манай аймгийн хувьд оны эхний хагас жилийн байдлаар 13 иргэнээс гомдол санал хүлээн авч, шийдвэрлэжээ. Ингэхдээ Хүний эрхийн Үндэсний Комиссын хуулийн дагуу шаардлага хангасан, шийдвэрлэх боломжтой гомдлыг хүлээн авдаг тухай Орхон аймаг дахь референт Ё.Эрдэнэболд хэллээ. Тэрээр он гарсаар төрийн болон төрийн бус таван байгууллагад сургалт , үйл ажиллагаа зохион байгуулж, 67 иргэнд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгчээ.  

И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

 

   Эрдэнэт үйлдвэрийн “Сэлэнгэ” амралт аялал жуулчлалын цогцолборын Нийтийн хоолны хэсгээс Ил уурхайн ажилчдад халуун хоолоор үйлчлэх катеринг үйлчилгээг эхлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаж байна. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, зориулалтын агааржуулалт, гэрэлтүүлэг, өрөө тасалгааны зохион байгуулалтыг ажилчдын ая тухад нийцүүлэн шинээр хийж байгаа нь онцлог юм.  
   400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тус хоолны газарт  Ил уурхайн 650 ажилчин үйлчлүүлэхээс гадна Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэг, Тэсрэх бодисын үйлдвэр, Барилга засварын цех, Оёдлын цехийн 350 ажилчинд түгээлтийн хоолоор, нийтдээ 1000 ажилчинд халуун хоолоор үйлчлэх юм.  Цаашид үйл ажиллагаагаа өргөтгөн Геологи хайгуулын анги, Ган бөөрөнцгийн цех, Дулааны цахилгаан станцын ажилчдад Нийтийн хоолны хэсэг халуун хоолоор үйлчлэхээр болжээ.
   Ил уурхайн ажилчдад халуун хоолоор үйлчлэх катеринг үйлчилгээ наймдугаар сарын нэгний өдөр эхэлнэ. 

А.Бямбамаа


 

Пүрэв, 25 7-р сар 2019 00:00

ХАБЭА-н мэдлэгээ дээшлүүллээ

   Монголын уул уурхайн салбарт манлайлагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдлөг болгож, энэ чиглэлд уурхайчдаа чадавхижуулсаар ирсэн. Өнөөдөр зохион байгуулсан ээлжит сургалтад 61 ажилтан хамрагдаж, Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н эрсдлийн менежментийн тогтолцоо, галын аюулгүй байдал, анхан шатны тусламж, цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй байдлын талаарх мэдлэгээ дээшлүүллээ. Сургалтад Авотээврийн цех, Баяжуулах үйлдвэр, Геологи, хайгуулын анги зэрэг 8 цех болон “Од дөл”, “Гал сэнтий”, “Мон-Илч”, “Грийт стар” гэсэн гэрээт компанийн төлөөлөл оролцлоо.
   Хуулийн хэлтсийн тэргүүлэх хуульч З.Жаргалмаа ХАБЭА-н сургалтаар гол төлөв Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээний талаар ойлголт өгдөг хэмээгээд, бүтцийн нэгжийг харьяалсан хуульчдаас шаардлагатай үед зөвлөгөө авах боломжтойг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Монгол Улсын үндсэн хууль”, “Хөдөлмөрийн тухай хууль”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”, MNS OHSAS 18001 стандартыг үйл ажиллагаандаа удирдлага болгон, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

И.Чинтогтох
Фото: Б.Ялалт

   Үйлдвэрийн удирдлагууд бүтцийн нэгжүүдийн ажлын гүйцэтгэлтэй танилцаж, шийдвэрлэх ажлуудад үүрэг даалгавар өгөх хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал гурван өдрийн турш үргэлжилнэ. Өнөөдрийн хувьд үйлдвэрлэлийн болон нийгмийн зарим цех ажлаа тайлагнаж, үр дүнгээ хэлэлцсэн бөгөөд “Хангалттай” дүгнэгдэж байгааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа онцоллоо. Ажлын хэсгийн нэгдсэн дүгнэлт гарснаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах юм.
   Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон оны эхний хагас жилийн байдлаар хүдэр олборлолт болон боловсруулалтын төлөвлөгөөгөө 102.8 хувиар биелүүлж, нийт 16.2 сая тонн хүдэр боловсруулсан. Мөн зэс, молибдены баяжмал үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 102-105 хувиар биелүүлж, 291.94 мянган тонн зэсийн баяжмал, 2.5 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлээд байгаа юм. Өмнөх оны мөн үеэс давсан энэхүү үйлдвэрлэлийн үзүүлэлтийг даган эдийн засгийн үр ашиг ч нэмэгдэж байна.  

И.Чинтогтох

 

   Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа, үр ашиг, нийгмийн салбарын олон талт ажлаараа өнгөлж яваа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ салбартаа анхдагч болохуйц шинэ ажлын байр бий болгосон нь социологич юм. Нийгмийн сэтгэлзүйг тандан судалж, судалгаанд суурилсан оновчтой шийдэл гаргахад нөлөөлөх энэ мэргэжлийн хүн уул уурхайн үйлдвэрлэлд зайлшгүй хэрэгтэй хэмээн үзсэн нь биеллээ оллоо. Мэргэжлийнхээ хүрээнд ямар шинэлэг ажлууд хийж байгаа талаар Нийгмийн харилцааны хэлтсийн социологич Т.Даваажаргалтай ярилцлаа.

   - Социологичийн ажил, мэргэжил ямар онцлогтой талаар яриагаа эхэлье?
  
- Хүмүүст төдийлөн танил бус энэ мэргэжлийг Монгол Улсад шинэ залуу шинжлэх ухаан гэж үздэг. Сүүлийн үед нэлээд хөгжиж байна. Улсын хэмжээнд боловсон хүчин бэлтгэдэг суурь бааз нь цөөн. Энгийнээр социологич хүнийг нийгэм судлаач, судалгаа шинжилгээ хийдэг талаас нь сурвалжлагч гэж ойлгож болно. Энэ мэргэжил нь аливаа зүйлсийн шалтаг шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэй олж, тогтоон судалгааны дүнд гарч буй мэдээллийг тоон мэдээлэл болгон анализ хийж, дүгнэлт гаргахад чиглэдэг.

   - Өөрийн ажлын туршлага, боловсролын талаар?
  - Би 2005 онд “Идэр” дээд сургуулийг социологич мэргэжлээр төгсөж, 2007 онд удирдлагын социологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2005-2008 онд Булган аймагт мэргэжлээрээ ажиллаж байгаад 2008-2015 онд Булган сумын Засаг даргын Тамгын газарт ажилласан. Улсад 14 дэх жилдээ ажиллаж байна. 

   - Ажилдаа хэр дадаж байна вэ? Уул уурхайн компанид социологич ажиллуулахын давуу талыг хэрхэн харж байна?
    - Дийлэнх хүмүүс социологичийг эрдэм шинжилгээний  хүрээлэнд ажилладаг гэж ойлгодог. Би ажилд орсныхоо дараа ижил төстэй компаниудыг судалж үзэхэд “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон “Оюу толгой” ХХК-д социологич ажилладаг тухай одоогоор дуулсангүй. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр анхдагч нь юм болов уу. Үйлдвэрийн газар алс хэтийн үр дүн, ач холбогдлыг нь тооцож социологич ажиллуулах шийдвэр гаргасан байх. Энэ шийдвэрийг нь маш том дэвшил гэдгийг онцлон хэлмээр байна. Үйлдвэрийн газар нь судалгаанд суурилсан ТӨҮГ болох том зорилтын хүрээнд, ялангуяа нийгмийн хариуцлага, нийгмийн бодлого, харилцааны чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаагаа судалгаа, шинжилгээний дүн, ажилчдын эрэлт хэрэгцээ, хандлагыг тодруулах зэрэгт тулгуурлаж шийдвэр гаргах нь социологичийг хариуцлагатай ажиллахыг, үйлдвэрийн газрын хувьд үр дүнтэй ажил хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. 
  
   - Шинэ ажилтны хувьд ажлаа юунаас эхлэв?
  - Уурхайчдын хороолол бол маш том бүтээн байгуулалтын ажил. Энэхүү төслийн ажил эхэлж буйтай холбогдуулан “Уурхайчин 1” хороололд захиалга өгөхөөр хүсэлт гаргасан ажилтнуудаас тус цогц шийдэлд байвал зохих нийгмийн эрэлт, хэрэгцээг тодруулах зорилгоор эхний судалгааг авсан.

   - Судалгааны арга нь ямар байдаг вэ?
  - Социологийн шинжлэх ухаан нь судалгааны арга, төрлийн хувьд ихээхэн баялаг. Судлаач хүн тухайн үеийн нөхцөл байдалд тохируулан судалгааныхаа аргаа сонгодог. Тухайн судлах зүйл, субъектээсээ хамаараад ярилцлага, фокус бүлгийн арга, анкет гээд аль аргыг хэрэглэхээ сонгодог. Баримт бичиг судлах нь хүртэл социологийн судалгааны нэг аргад тооцогддог. Ажилтнуудын дунд явуулсан энэ удаагийн судалгаанд асуулга, анкетын аргыг ашигласан.

   - Ойрын үед ямар ажил дээр төвлөрөн ажиллаж байна вэ?
  - Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтны мэдээлэл хүний нөөцийн бүртгэлдээ байдаг ч Нийгмийн харилцааны хэлтсийн зорилго, үйл ажиллагаатай нийцүүлж гаргах шаардлагатай мэдээлэл бас бий. Тиймээс нийт ажилчдаас энэхүү мэдээллийг авах зорилгоор суурь судалгаагаа бэлтгэн, асуулга боловсруулж байна. Мөн ажилчдад халуун хоолоор үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, ажилчдын сэтгэл ханамжийн талаар ирэх долоо хоногт судалгаа, шинжилгээ хийхээр төлөвлөсөн.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон оны эхний  хагас жилийн байдлаар 2019 оны төлөвлөгөөт даалгавраа бүрэн гүйцэтгэж, дараа жилийн ажилдаа ороход бэлэн болжээ. Тайлант хугацаанд 267 зураг төслийн даалгавар гүйцэтгэж, 559 төсөв зохиожээ. Хөрөнгө оруулалтын 228 даалгавар гүйцэтгэж, төлөвлөгөөгөө 100-111 хувиар биелүүлсэн байна. 2019 оны төлөвлөгөөт даалгавраа оны эхний хагаст хийж гүйцэтгэсэн бүтээлч хамт олон дээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон орлогч захирлууд, газар, хэлтсийн дарга нарын төлөөллүүд өнөөдөр очиж уулзан баяр хүргэлээ. Энэ үеэр үйлдвэрийн удирдлагууд  ажилчдын санал хүсэлтийг сонслоо. Тус хамт олон 2020 оны ажлыг хийж гүйцэтгэхэд хүн хүчний дутагдал, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа тухай үйлдвэрийн удирдлагуудад санал хүсэлт тавилаа. Түүнчлэн залуу ажилчид орон сууцны хөнгөлөлтийн асуудлын талаар тодруулсан юм. Үйлдвэрийн удирдлагууд ажилчдын гаргасан санал хүсэлтийг хүлээн авч, судлан шийдвэрлэхээр боллоо.

А.Бямбамаа


 

Мэдээний төрөл

Календарь

« 7-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Зургийн цомог