• Эрчим хүчний салбарынхан ойгоо тэмдэглэж, одтой наадлаа

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дулааны цахилгаан станцын хамт олон Монгол Улсад эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан “Эрчим хүчний өдөрлөг” зохион байгуулж, бэсрэг наадмын хүрээнд баяраа тэмдэглэлээ. Баярын жагсаал, морин хуурын татлагаар эхэлсэн бэсрэг наадам бүтэн өдрийн турш үргэлжилж, үндэсний спортын шилдгүүдээ шалгаруулсан юм. Өдөрлөгт Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний хэлтсийн орлогч дарга Л.Ариунболд нар урилгаар оролцож, салбарын ажилчдад шагнал гардууллаа. Х.Дуламсүрэн, Л.Халтар, Б.Амарсайхан нарыг “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдэг, Засвар механикийн хэсгийн ажилтан Д.Отгонсүрэн, Б.Одонцэцэг нарыг Орхон аймгийн болон МЭХ-ны “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнаж, Үйлдвэрчний эвлэл, Залуучуудын холбоо, цехийн шагналаар ажилчдын хөдөлмөр бүтээлийг үнэллээ. Энэ үеэр тус станцын Ерөнхий инженер Д.Дарханбаярын сэтгэгдлийг хуваалцахад, “Манай хамт олон хагас жилийн эдийн засгийн үзүүлэлтээр цахилгаан үйлдвэрлэл болон түгээлтийн төлөвлөгөөгөө 100 хувиар ханган, баяраа угтлаа. Өнөөдөр бид Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд цагт 43-44 МВт-ын горимоор ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын үе үеийн хамт олондоо төдийгүй Монгол Улсын хэмжээнд дулааны цахилгаан станц гэх их айлаар овоглон ажиллаж хөдөлмөрлөж яваа эрчим зүйч, энергетик, эрчим хүчний салбарын ажилтан ажиллагсад, тэдгээрийн гэр бүлд халуун баяр хүргэхийн ялдамд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээсэн халуун дулаан мэндчилгээ илгээлээ. Мөн салбарын “Тэргүүн” шагналын эзэн болсон станцын шугам сүлжээний машинист Амарсайхан Эрдэнэт үйлдвэртэй ажил амьдралаа холбон 22 жил ажиллахдаа амжилт ололтоо хуваалцсан сайхан хамт олонтой болсондоо талархаж явдгаа илэрхийлсэн. Соёл урлагийн цогцолборын уран бүтээлчид өдөрлөгийн үйл ажиллагаанд хөг нэмж, МУСТА Саруултөгс хөөмийн гайхамшгаар олны сонорыг мялаасан. Морин хуурын чавхдасаар хорвоог уярааж наадсан Молцог дэрвэх асрын цэгээнд бялхаж наадсан Монголжингоо үзэсгэлэнгээ дээлэнд баринтаглаж наадсан Мохошгүй тэнхээт бөхийн захыг мушгиж наадсан энэхүү бэсрэг наадмын үйл ажиллагаанд үндэсний бөх, сур, шагайн харваа, дэмбээ, айраг хэн хурдан уух вэ зэрэг тэмцээн уралдаан багтжээ. Үндэсний бөхийн барилдаанд түлш дамжуулах хэсгийн ажилчин А.Анхбаяр түрүүлж, Үйлдвэр техникийн албаны барилгын инженер Б.Мягмаржаргал үзүүрлэсэн бол сурын харвааг Н.Лхагвадорж , шагайн харвааг Б.Энхтөр, Б.Баттогтох нар тус тус өнгөлсөн юм. Түүнчлэн Турбин, хими ус бэлтгэлийн хэсгийн ажилчин Б.Цогбаяр шилдэг дэмбээчин болохоо харуулж, Засвар механикийн хэсгийн ажилчин Б.Отгонтамир, Т.Баянмөнх нар хамгийн сайн айрагчдаар тодорлоо. Сурвалжилсан И.Чинтогтох Дэлгэрэнгүй...
  • Баяжуулах үйлдвэрийнхэн “Дэвшилд тэмүүлэгч хамт олон” болно

    Баяжуулах үйлдвэрийн Бүтээмж инновацийн төвөөс энэ онд  “Дэвшилд тэмүүлэгч хамт олон” болох зорилт дэвшүүлж, нэг жилийн хугацаатай аян зарлажээ.  Аяны хугацаанд бүтээмж чанарын дугуйлангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын гүйцэтгэлийн гол үзүүлэлтийг сайжруулах зорилго тавьсан байна. Ажлын байрны нөхцөлийг сайжруулах үүднээс “Super 5S” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сайн саналын идэвх оролцоог нэмэгдүүлэхээр хэсгүүдийн дунд болзолт уралдаан зохион байгуулж байна. 2019 оны эхний хагас жилд тус цехийн хамт олон нийт 65 бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан 49 төсөлт ажил, 61 жижиг сайжруултын ажил бодитоор хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд хоёр тэрбум гаруй төгрөгийн үйлдвэрлэлийн үр ашиг гарчээ. Одоо оны хоёрдугаар хагас жилд бүтээмж чанарын дугуйлангийн үйл ажиллагааны эхний явцын гүйцэтгэлд дүн шинжилгээ, үнэлгээ өгөх ажил хийгдэж байгааг тус цехийн Бүтээмж, инновацийн менежер Б.Дэлгэрмөрөн мэдээллээ. М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • Ажилчдын автобусны буудлын байршил өөрчлөгджээ

    Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг тээвэрлэх автобусны буудлын зарим байршилд өөрчлөлт орж, тохижилт бүхий зориулалтын буудлаас зорчих болсныг Авто тээврийн цехийн Зорчигч тээврийн хэсгийн дарга Д.Алтанбаяр мэдээллээ. Тухайлбал, гэр хороолол дахь “Баян тэс”ийн буудлаас 100 метр,”Давхар ягаан” буудлыг 120 метрт орших хотын нийтийн тээврийн зориулалтын буудалд ажилчдын автобус зогсож байхаар шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр буудлаас зорчдог үйлдвэрийн ажилчид 100-120 метр алхаж, нийтийн тээврийн автобусны буудлаас суух болжээ. Ингэснээр үйлдвэрийн газрын ажилтнуудын хөдөлгөөний аюулгүй байдлыг орчны нөлөөллөөс хамгаалах саравч, автомашины болон зорчигч хүлээх зогсоол бүхий стандартын шаардлага хангасан зориулалтын буудал руу шилжүүлж байгаа аж. Иймд үйлдвэрийн ажилтнууд шинэ журмыг мөрдөн, хотын нийтийн тээврийн зориулалтын буудлаас зорчихыг тус цехээс мэдээллээ.     М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • Технологийн сургуулийнхан шинэ хичээлийн жилд бэлтгэн, номын дуу сонсож байна

    ШУТИС-ийн харьяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн хамт олон  удахгүй эхлэх шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажилдаа ороод байна. Бэлтгэл ажлын хүрээнд нийт багш ажилтнуудаа хамруулан “Миний сургуулийн хөгжил-Миний манлайлал” сургалтыг зохион байгуулав. Сургалтаар тус сургуулийн бодлогын хэрэгжилт, үйл ажиллагаа, 2019-2020 оны хичээлийн жилийн зорилго, зорилтууд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан хөгжүүлэх журам, Эрдэм шинжилгээ судалгааны ажлын зорилтуудын талаарх мэдээллийг Технологийн сургуулийн захирал Д.Зоригтхүү болон чиглэл хариуцсан удирдлагууд танилцууллаа. Мөн  Боловсролын байгууллагын ЧМТ ISO21001 стандартын танилцуулга, шилжилтийн хөтөлбөрийн тухай сонсож, Хувь хүний хөгжил, харилцаанд төлөвшил ёс суртахууны эзлэх байр суурь, Харилцаа бол Арилжаа, Цагийн менежмент, Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, зорилтууд зэрэг өргөн сэдвийн дор мэдлэг нэмж, тархиа цэнэглэв.  “Шинэ хичээлийн жилийн өмнөхөн зохион байгуулдаг багш ажилтнуудын  цогц сургалт энэ жил гурав дахь удаагаа болж байна. Манай сургуулийнхан  оюутан, сурагчдаа  хүлээж авахын өмнө бүтэн бүрэлдэхүүнээрээ цуглаж, өнгөрсөн жилийнхээ ажлын тайланд үнэлэлт дүгнэлт өгч, ирэх жилийн зорилтоо тодорхойлж байна. Энэ удаагийн сургалт таван өдөр үргэлжилж, сэдэв агуулгын хувьд өргөн хүрээг хамарснаараа онцлогтой” гэж тус сургуулийн захирал Д.Зоригтхүү бидэнд ярилаа.    Технологийн сургуулийнхан 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаандаа үр дүнд суурилсан гурван төрлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ хөтөлбөр хэрэгжих эхлэл жил болж буйгаараа чухал ач холбогдолтой юм. Мөн боловсролын байгууллагын чанарын менежментийн стандартыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Шинэ хичээлийн жилд тус сургуульд 50 гаруй оюутан шинээр элсэн суралцах ажээ.    М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • Уурхайчин залуус Ай Ёо доктортой уулзав

    Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын төлөөлөл 20 гаруй залуу Ай Ёо доктор буюу Б.Дугархүү эмчтэй уулзалт хийж, эрүүл мэнддээ хэрхэн анхаарах талаар зөвлөмж, сургалт авлаа. Телевизийн үзэгчдэд Ай Ёо доктор нэрээрээ хэдийнээ танил болсон  Б.Дугархүү эмч болон Монголын явган алхалтын холбооны удирдлагуудыг уурхайчин залуустай уулзуулах энэхүү арга хэмжээг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Залуучуудын холбоо 20 жилийнхээ ойн ажлын хүрээнд зохион байгуулсан байна. Залуучуудыг эрүүл амьдралын хэв маягт суралцахыг уриалж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, явган алхалтын ач тусыг ойлгуулж, зөвлөх зорилгод тус уулзалт чиглэжээ. Сургалтын хөтөлбөрийн хүрээнд сүүлийн жилүүдэд ихээхэн түгээмэл буй элэг цөс болон бусад хоол боловсруулах эрхтний хямрал, өвчлөлтэй хэрхэн тэмцэх, урьдчилан сэргийлж, анхаарах талаар Ай Ёо доктор чухал зөвлөгөө өгсөн бол дараа нь оролцогчид нэг цагийн нөхөрсөг уулзалт хийсэн байна. Алхалтын үеэр залуучууд хэрхэн зөв алхаж сурах, алхалтын ач холбогдол, гадаад орнуудад алхалтын спорт хэрхэн хөгжиж буй зэрэг олон талын мэдээллийг хүргэсэн нь өндөр үр дүнтэй боллоо гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Залуучуудын холбооны нарийн бичиг Ц. Хоролсүрэн бидэнд ярилаа.   Эрдэнэт үйлдвэрийн дэргэд Залуучуудын холбоо байгуулагдсанаас хойш эдүгээ 20 дахь жилдээ уурхайчдын залгамж халаа залуусын дуу хоолой болон ажиллаж байна.  Түүхэн ойгоо угтаж тус холбоо олон арга хэмжээг санаачлан, үе шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ.  Тухайлбал, энэ сарын 23-аас 26-ны өдрүүдэд Монголын явган алхалтын холбоотой хамтран Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар хотын гурав, дөрөвдүгээр Дулааны цахилгаан станц болон бизнес эрхлэгч залуучуудын төлөөллийг оролцуулсан уулын явган алхалтыг ОХУ-ын Байгал далайн орчимд хийхээр бэлтгэж байна. Энэ үер тус улсын явган алхалт сонирхогч залуучуудтай уулзах, амралт чөлөөт цагийн хөтөлбөр зохиогдох аж.    М.Балжинням  Дэлгэрэнгүй...
  • Ажилчид “Сэлэнгэ” катерингийн хоолны чанарт талархалтай хандаж буйгаа илэрхийлэв

       Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цехийн 700 орчим ажилтанд халуун хоолоор үйлчлэх үйл ажиллагааг эхлээд хагас сар болж буй “Сэлэнгэ” катерингийн хоолны чанарын талаар  ажилчид  сэтгэгдлээ ярилаа. Дээрх үндсэн цехийн ажилчдаас гадна Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Дулааны цахилгаан станц, Засвар механикийн завод, Цахилгааны цех зэрэг бусад үйлдвэрлэлийн бүс дэх цех нэгжийн ажилчид ажлын онцлог, шаардлагаас шалтгаалан тус катерингаар үйлчлүүлж байна. Тэд мөн тус катерингийн хоолны чанар, үйлчилгээнд эерэг хандаж буйгаа илэрхийлэн, саналаа хэлсэн. Тухайлбал, Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Тохируулгын инженер В.Очирхуяг “ Хоолны амт чанар, төрөл, хэмжээний хувьд сайн, сайхан амттай байгаа. Харин үйлчилгээний шуурхай байдалдаа анхаарах хэрэгтэй санагдсан. Олон хүнд ачаалалтай үйлчилж байгааг ойлгож байна. Гэхдээ ажилчдыг удаан хүлээлгэхгүй байх талаас нь арга хэмжээ авч ажиллаасай” гэсэн бол Засвар механикийн заводын ХАБЭА-н инженер С.Мөнхдэлгэр “Амт чанар сайтай хоолоор үйлчилж байгаа “Сэлэнгэ” катерингийнханд талархаж байна. Цаашид энэ байдлаа хадгалж ажиллавал ажилчдын зүгээс ямар нэг гомдол, шүүмжлэл гарахгүй байх гэж бодож байна. Хоолны танхимын тохижилт, эмх цэгц сайжирсан нь таалагдаж байна” хэмээн ярив. Тэгвэл Ил уурхайн ажилчид “Бид өдөр бүр эндээ халуун хоолоор үйлчлүүлдэг. Хоолны амт чанарт сэтгэл өндөр байгаа. Төрөл бүрийн  амттан өгч байгаа нь бүр ч шинэлэг байна. Одоогоор тодорхой санал болгож хэлэх зүйлгүй. Цаашид чанар үйлчилгээгээ улам сайжруулан ажиллана гэдэгт итгэж байгаа” гэдгээ хэллээ. Тус  катеринг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын харьяа хэсэг бөгөөд энэ сарын 1-ний өдөр халуун хоол үйлдвэрлэлийн үйлчилгээгээ нээсэн юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн нийтийн хоолны хэсгийн нэг салбар гэж хэлж болно.    Хүний эрүүл, эрч хүчтэй ажиллах гол хүчин зүйл нь чанартай, тэжээллэг хоол хүнс болдог. Тэр тусмаа уул уурхай, хүнд үйлдвэрийн ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, өндөр бүтээмжтэй ажиллах үндэс нь эрүүл чанартай хоол байдаг учраас Эрдэнэт үйлдвэр “Халуун хоол” хөтөлбөрийг нийтийн хоол үйлдвэрлэлийн компаниудтай хамтран хэрэгжүүлсээр ирсэн. Тиймээс ч энэ асуудалд удирдлагын зүгээс онцгой анхаарч, ХАБЭА-н хэлтсээр дамжуулан хоолны орц, найрлага, түүхий эд болон үйлчилгээний чанарт өндөр шаардлага тавин ажиллаж байна. Энэ жилийн тухайд өөрийн харьяа нийтийн хоолны хэсгийн салбарыг Ил уурхайд нээн, уг цехийн уурхайчдад халуун хоолны үйлчилгээг хүргэхээр шийдвэрлэсэн нь энэ чиглэлд илүү оновчтой зохион байгуулалт болж байна. Халуун хоолны үйлчилгээг чанар стандартын шинэ түвшинд хүргэхэд тухайн нийтийн хоол үйлдвэрлэгчийн үйлчилгээний чанар, туршлага, ур чадвар, нөгөө талаас ажилчдын хооллох соёл гол үүрэг гүйцэтгэнэ. Энэ тал дээр санаачилгатай, хичээж ажиллах зорилт дэвшүүлснээ “Сэлэнгэ” катерингийн эрхлэгч Б.Хантамир онцоллоо.   М.Балжинням Фото Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Баяжуулалтын шинэ шугам суурилуулах ажил үргэлжилж байна

       Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн тавдугаар сарын нэгнээс томоохон төслүүдээ хөдөлгөж эхэлсний нэг нь Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт хийгдэж байгаа зэс, молибдены баяжуулалтын шинэ шугам суурилуулах ажил юм. Ихээхэн хөрөнгө оруулалт хийгдсэн энэ төслийн хувьд 450 м урт шугам хоолой шинээр тавих бөгөөд гүйцэтгэгч компани суурийн бетон цутгалтын ажлыг энэ долоо хоногт дуусгахаар төлөвлөжээ. Суурь бэлэн болсноор ган хийц угсралтын ажил үргэлжилнэ.    Төсөл хэрэгжсэнээр Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулах нөхцөл бүрдэх юм. Ирэх 11 дүгээр сард ашиглалтад хүлээн авах төслийн гүйцэтгэгчээр “Эрдэнэт лайт” ХХК, Эрдэнэт үйлдвэрийн Засвар, угсралтын цех, Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсэг, Нунтаглан баяжуулах хэсэг, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех хамтран ажиллаж байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэр импортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр эдийн засгийн хэмнэлт гаргаж байна

       Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын бүтээлч хамт олон оны эхний долоон сарын байдлаар төлөвлөгөөг 100-аас дээш хувиар биелүүлж, 1.5 тэрбум төгрөг бодитоор хэмнэжээ. Үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашигладаг тоног төхөөрөмжийн эд ангиа дотооддоо үйлдвэрлэн, эдийн засгийн хэмнэлт гаргасан тус завод Баяжуулах үйлдвэр болон Ил уурхайд ашигладаг 24 нэр төрлийн импортын бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна. Түүнчлэн гаднын байгууллагаас 150 сая төгрөгийн захиалга авахаар төлөвлөсөн нь 240 сая төгрөгт хүрчээ.     Төлөвлөгөөт үзүүлэлтээ хангахын зэрэгцээ заводын 2019 оны төлөвлөгөөнд туссан томоохон ажлын нэг нь Цутгуурын цехийн Хэвний хэсгийн технологийн шинэчлэлийн ажил юм. Ирэх сард шинэ тоног төхөөрөмж хүлээн авах ажлын явц 50-аас дээш хувьтай үргэлжилж байна. Энэ оны 11 дүгээр сарын нэгнээс, 2020 оны тавдугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх технологийн шинэчлэлийн ажлыг Инженерийн зураг төслийн төв, Барилга засварын цехийн хамт олон гүйцэтгэж байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Орос хүүхдүүд монгол дуу, бүжиг сурснаа тайлагнана

       Эрдэнэт үйлдвэрийн “Найрамдлын Эрдэнэс” зусланд амарч буй орос хүүхдүүдэд Соёл, урлагийн цогцолборын багш нар монгол дуу, бүжиг зааж байгаа бөгөөд тэд сурснаа удахгүй тайлагнан концерт тоглох ажээ.    Энэ зун ОХУ-ын Эрхүү мужид байгалийн гамшигт үзэгдэл удаа дараа тохиож, олон хот тосгон үерт автсан. Монгол улсын Засгийн газар, Монгол Оросын найрамдлын нийгэмлэг, ЗХУ-д сургууль төгсөгчдийн холбоо, хамтын ажиллагааны түүхэн уламжлалтай Эрдэнэт үйлдвэрийн хамт олон байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд сэтгэлийн дэм үзүүлж байна. Үүний нэг хэлбэр нь Эрхүү мужийн Тулун, Нижнеудинск хотын 42 сурагчийг зургаан багшийн хамт Эрдэнэт үйлдвэр өөрийн зусландаа үнэ төлбөргүй амрааж, үер усны аюулаас үүдсэн айдсаа даван туулахад нь тусалж буй явдал юм.    Эрхүүгийн хүүхдүүд Эрдэнэтэд монгол хүүхдүүдтэй нөхөрлөж, үндэсний дуу, бүжиг сурахаас гадна эко аялалд хамрагдаж, багаар ажиллах, лидер байх чадварт суралцан, ховор ан амьтныг дэргэдээс нь харж сонирхолтой амарч байгаагаа онцоллоо. Мөн монголд амарсан дурсамжаа насан туршдаа мартахгүй гэж ярьсан. Харин Соёл, урлагийн цогцолборын багш нар орос хүүхдүүдийн шаргуу, бие биедээ өндөр шаардлага тавьдаг, даалгавар сайн биелүүлдэг онцлог зан чанарыг сайшааж байв.    Өнөөдөр Монгол Оросын найрамдлын Эрдэнэт нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Гадаад харилцааны албаны ахлах мэргэжилтэн Ж.Сандуйжав нар тэднийг зуслан дээр нь эргэж, чөлөөт ярилцлага өрнүүлэн дурсгалын зүйл гардууллаа. М.Одгэрэл   Дэлгэрэнгүй...
  • 4М далангийн бүтээн байгуулалтыг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулна

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Хөрөнгө оруулалт-2019” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын нэг нь Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын сангийн 4М далан, холбох суваг барьж байгуулах төсөл юм. Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуй нь зэсийн баяжмал боловсруулах үйл ажиллагааны эцсийн шатанд үүсдэг хаягдал булинга асгах томоохон байгууламж бөгөөд  үйлдвэрлэлийн тасралтгүй,  найдвартай ажиллагааг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Жил тутам  өндөрсөж байгаа тус хаягдлын далангийн аюулгүй, найдвартай байдлыг цаашид хангаж ажиллах зорилгоор 2019 оны 5 дугаар сард 4М далан байгуулах ажлыг эхлүүлсэн.  Хаягдлын сангийн 19 дэх далан болох уг бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлийн талаар бид сурвалжиллаа.     Шинээр баригдаж буй 4М далан 1,5 км урт, 5 м өндөртэй байх бол холбох суваг нь 604 метр урттай, 24 метр гүн байх аж. Өнөөдрийн байдлаар, далан байгуулах төслийн явц 80 орчим хувьтай, шугам хоолойн ажил 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байгааг ажлын хэсгийнхэн ярив. Үйлдвэрийн ирээдүй рүү чиглэсэн үр дүнтэй ажлын нэг болох уг ажлын Зөвлөхөөр Техникийн хэлтсийн уул уурхайн тэргүүлэх мэргэжилтэн Д.Очирбат ажиллаж байгаа юм. Тэр, өөрсдийн хүчээр байгуулж байгаа нь уурхайчдад, тэр тусмаа залуу ажилтнуудад далан барих төдийгүй цаашид олон том бүтээн байгуулалт босгох арвин туршлага өгч буйд олзуурхсанаа тэмдэглэж, хаягдлын сангийн  гол цэгээс үргэлжлүүлэн ингэж ярилаа.    “4М далан байгуулах төслийг Ерөнхий захирлын А/311 тоот тушаалын дагуу онцгой даалгаварт тооцсон болон  Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн 5 дугаар сарын 10-ны өдрийн 60 тоот шийдвэр зэргийг үндэслэн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна. 4М далангийн бүтээн байгуулалтын ажил үндсэн гурван хэсгээс бүрдэж байгаагаар онцлогтой.  Эхний хэсэг нь  4М даланг байгуулах  ажил бол дараагийнх нь дамжуулах шугам хоолойг угсрах, суваг барих зэрэг ажлаас бүрдэж байгаа. Тодруулж хэлбэл, бид 12 болон цаашлаад 13 дугаар худгийг эргэлтийн усаар хангахад нэмэлт суваг барина. Мөн шугам хоолойг угсрах ажлыг “Эрдэнэт Лайт” компанитай хамтран гүйцэтгэж байгаа. Ер нь 4М далангийн ажилд манай үйлдвэрийн цех хэсгүүдийн инженер техникийн ажилтнуудаас эхлээд Ерөнхий захирал хүртэл бүх шатанд анхаарал тавьж, асуудлыг шуурхай шийдвэрлэж буйг хэлэхийг хүсэж байна. Ингэснээр далангийн газар шорооны ажлыг энэ сарын 3-ны өдөр амжилттай дуусган, хүлээлгэж өгсөн. Харин одоо далангийн холбох шугамыг барих ажил ид өрнөж байна. Энэ ажлыг бид ирэх сарын 5 гэхэд дуусгахаар төлөвлөж, ажлаа эрчимжүүлсэн. Үндсэн  төлөвлөлтөөр бол 10 дугаар сарын 1-нд дуусгахаар тусгасан ч ажлын явцын байдлаас харахад хугацаанаас сарын өмнө хүлээлгэж өгөх боломжтой. Энэ нь эдийн засгийн болон бусад хэмнэлт үзүүлнэ” гэсэн юм.    Далан байгуулах ажилд  40 орчим ажилчин гар бие оролцож байна    Шинэ 4М далангийн бүтээн байгуулалт болон холбох суваг барих ажлыг гүйцэтгэх зорилготой түр ажлын хэсэг өнгөрсөн 5 дугаар сарын 8-нд байгуулагдсан. Ажлын хэсгийн даргаар Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн мастер Т.Баярбат ажиллаж, багийн бүрэлдэхүүн үйлдвэрийн Авто тээврийн цех, Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Геологи маркшейдерийн хэлтэс зэрэг 5 цех нэгжийн 40 орчим ажилтнаас бүрджээ. Хамтран гүйцэтгэгчээр “Очир төв” болон түүний охин компани болох “Эрдэнэт лайт” компани ажиллаж байгаа аж. Далангийн газар шорооны ажлыг энэ сарын 3-нд дууссан бол шугам хоолойн ажлыг 8 дугаар сарын сүүлээр хүлээлгэж өгөхөөр ажлын баг төлөвлөж байна.  Мөн энд тэсэлгээ, өрөмдлөг, уулын цул бэлтгэх ажлыг Геологи хайгуулын анги, Ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн ажилтнууд гүйцэтгэж байгаа юм. Одоогоор техник хүчний доголдол харьцангуй бага байгааг ажлын хэсгийн дарга онцлоод, техник тоног төхөөрөмжийн жижиг эвдрэл, гэмтлийг тухайн чиглэлийн цех нэгжүүдийн удирдлага, ажилтнууд цаг тухайд нь шуурхай засварлаж байгааг хэлсэн. Ингэж  харилцан уялдаа холбоо сайтай байгаа нь зорилтот төлөвлөгөө биелүүлэхэд тус дөхөм боллоо гэж нэмж ярилаа. Нөгөө талаар, цаг ашиглалтыг сайн хангаж, бүх ажлууд зэрэг хийгдэж байгаа нь далангийн ажлын явцыг хурдасгах гол хөшүүрэг болж байна.       Өдөр тутмын гүйцэтгэлийн  үйл явц, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажил хуваарилалт зэргийг хариуцан хоёр мастер ажиллаж байгаагийн нэг нь Ил уурхайн зам овоолгын хэсгийн инженер Г.Ганжаргал. Тэрээр хоёр талд зэрэг  хийгдэж буй ажил дээр мастерууд хамтран хэмжилт, хяналт тавьж, тодорхой шийдэл гаргаж байгаа нь хүндрэл бэрхшээлгүй ажиллахад дэмтэй гэж онцоллоо.    4М даланг  270 мянган  метр куб бүхий уулын цулаар байгуулж байгаа бөгөөд  227 мянган метр куб уулын цулд нь тэсэлгээ, 167 мянган метр кубт нь өрөмдлөг хийн, бэлтгэжээ.  Үүний 160 мянган метр куб цулыг дараагийн хамгаалалтын даланд ашиглах зорилгоор нөөцлөөд байна. Ингэхдээ нөөцийн, элсэн, шимт хөрсний гэсэн гурван овоолгыг үүсгэсэн. Нөөц ангилах ажил нь бүтээн байгуулалтын төсөлд тусгагдаагүй, өөрөөр хэлбэл нэмэлт ажил гэж хэлж болно. Өмнө нь зөвхөн овоолоод орхидог байсан бол энэ удаа ангилж, нөөцлөх санаачилгыг ажлын хэсгийнхэн гаргаж, хэрэгжүүлсэн нь энэ.  Овоолгыг ангилснаар шимт хөрсний тусламжтайгаар далангаа цагаан шорооноос хамгаалах ач холбогдолтой гэдгийг тэд бас хэлж байна. Мөн элсэн овоолгыг зам өнгөлөх, цаашдын бүтээн байгуулалтын барилгын ажилд ашиглах боломжтой юм.    Тэгвэл  холбох сувгийн үр өгөөжийг мэргэжилтнүүд, түрэгдсэн ус 12 дугаар худгийн эргэлтийн усанд тойрч хүрдгийг хааж, шууд эргэлтийн усанд нийлэх  боломжийг өгнө хэмээн тайлбарлав. Дараагийн онцлох дэвшил гэвэл далангийн шугам хоолойн ажил далан барих үндсэн ажилтайгаа зэрэг хийгдэж байна. Ердийн горимоор бол  даланг бүрэн байгуулж дууссаны дараа шугам хоолойн ажил хийгддэг аж.  Харин манайхан энэ ажил дээр хүлээгдэхгүйгээр зэрэг гүйцэтгэх боломжийг гүйцэтгэгч компанийнханд гаргаж өгчээ. Үүнд хамтрагч байгууллагын зүгээс талархаж буй. Нарийн төлөвлөлт, хөдөлмөрийн өндөр зохион байгуулалтын үр шимээр хугацаа хожиж, 4М далан байгуулах цогц ажил  ирэх 9 дүгээр сарын 5-нд бэлэн болох боломж нээгдсэнийг харахад таатай байв.          Хаягдлын сангийн хиймэл нуурт усны шувууд чуулж байна    Хаягдлын аж ахуйн бүтээн байгуулалтын явцыг сурвалжилж явах зуур нүд баясгаж, сэтгэл сэргээсэн нэгэн зүйл нь хиймэл нуурт эрх дураараа хөвөх хос хун, ангирын чуулган  байв. Шар цэцэгс эргээр нь алаглаж, зүйл зүйлийн усны шувууд сүргээрээ ганганах тэрхүү үзэсгэлэнт зураглалыг харахад хэн ч үйлдвэрлэлийн хаягдлаас үүссэн хиймэл нуур гэмээргүй сонин содон. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуйд байгалийн бодит гоёмсог төрх бүрдэж, ургамал амьтан өнгөжин ургаж, төлжсөн нь энэ. Эндээс эргэцүүлэн бодоход, хаягдлын аж ахуйн ус байгаль орчныг бохирдуулан, сүйтгэж, ургамал, амьтанд сөргөөр нөлөөлдөг гэх мэр сэр ойлголт үндэслэлгүй мэт. Нөгөө талаас хэдийгээр уул уурхайн үйлдвэрлэл их, бага хэмжээгээр байгальд халгаатай гэдэг ч энэ сөрөг талтай Эрдэнэт үйлдвэр үргэлж тэмцэн, нөхөн сэргээлт, хамгааллын ажлыг бодлогоор зохицуулан, чанартай хийж ирснийг хиймэл нууран дахь жаргалтай амьтдын агшин тод харуулж байна. Нүднээ ил тусах бодит байдлыг өгүүлэхгүй байхын аргагүй тул сурвалжилгынхаа төгсгөлд ийн дурдав.  М.Балжинням Фото Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Т.ЦОГТБАЯР: Бид ДАШТ-нд багийн амжилтаа ахиулах зорилго тавьсан

       Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын “Хангарьд” спорт клубийн байт харвааны баг тамирчид өнгөрсөн сард зохиогдсон улсын аваргын тэмцээнээс богц дүүрэн медальтай ирсэн. Тэд энэ сарын 17-нд өсвөр үе, залуучуудын ДАШТ-нд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Дасгалжуулагч багш, спортын мастер Т.Цогтбаяртай ярилцлаа.    - Байт харвааны баг тамирчдадаа баяр хүргэе. “Хангарьд” клубийн нэрийг өндөрт өргөж яваа тамирчдынхаа ололт, амжилтаас хуваалцахгүй юу?    - Долоодугаар сарын сүүлч, 8 дугаар сарын эхээр зохиогдсон 2019 оны өсвөр үе, залуучууд болон насанд хүрэгчдийн УАШТ-нд нийт 15 багийн 120 гаруй тамирчид өрсөлдсөн. Тэмцээний өсвөр үе, залуучуудын УАШТ-нд манай тамирчид 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль, насанд хүрэгчдийн УАШТ-нд 3 алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртсэн сайхан амжилт үзүүллээ. Насанд хүрэгчдээс 5 мастер, 2 дэд мастерын болзол хангасан. Залуучуудын төрөлд 6, насанд хүрэгчдийн төрөлд 8 тамирчин хүч сорин өрсөлдөж, шавь нар маань Эрдэнэт үйлдвэр төдийгүй Орхон аймаг, “Хангарьд” клубийнхээ нэрийг өндөрт өргөсөнд баярлаж байна.   - Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах тамирчид маань бэлтгэл, сургуулилтаа хэр хангаж байна вэ?   - Испанийн Мадрид хотноо энэ сарын 19-26-ны өдрүүдэд болох өсвөр үе, залуучуудын ДАШТ-нд Монгол Улсаа төлөөлөн 10 тамирчин оролцох эрхээ авсан. “Хангарьд” клубийн 4, “Ирээдүйн одод” сургуулийн 4, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотоос тус бүр нэг тамирчин оролцохоор Цуврайн аманд байрлах бэлтгэл сургуулилтын бааздаа гараад байна. Хүүхдүүд маань зунжин бэлтгэл хийсэн. Залуучууд ангилалд 4, өсвөр үе ангилалд 6 тамирчин оролцоно.   - Сонгон шалгаруулалт нь ямар журмаар хийгдэв?   - Энэ жилийн өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн цаг хугацааны хувьд нэлээд оройтлоо. Тэмцээний үр дүнгээс сонголт хийхэд тохиромжгүй байсан тул Дэлхийн аваргын тэмцээнд явах тамирчдыг өнгөрсөн оны болон дөрөвдүгээр сарын заалны УАШТ-ний амжилтыг нь харгалзан сонгосон.    - Тулгамдсан асуудал бий юу? ДАШТ-ээс ямар хүлээлттэй байна вэ?   - Эрдэнэт үйлдвэрийн гэрээт тамирчнаас бусад нь зардал мөнгөө хувиасаа гаргахаар болсон. Эцэг эхчүүд маань сайн дэмжиж, ойлгож байгаа тул одоогоор хүндрэл бэрхшээл алга. Энэ дашрамд “Хангарьд” спорт клубийн нийт тамирчдынхаа нэрийн өмнөөс их спортыг хөхиүлэн дэмждэг Эрдэнэт үйлдвэрийнхээ үе үеийн удирдлага, хамт олонд талархаж явдгаа илэрхийлье. Тэмцээний тухайд манайхан нийт тамирчдын дунд хавьцаа байр эзэлж байсан бол энэ удаагийн тэмцээнд багийн амжилтаа ахиулахыг зорьж байна. Байт харвааны төрөлд Япон, Солонгос зэрэг Азийн орнууд дээгүүр байр эзэлсээр ирсэн. Цаашид хойд юм уу, урд хөрштэй туршлага солилцон, хамтран ажиллах чиглэлээр тамирчдаа бэлтгэхээр төлөвлөж, ярьж байгаа.    - Спортын төрөл бүр өөрийн гэсэн онцлогтой шүү дээ. Байт харваагаар суралцах сонирхолтой хүүхэд хэр олон байдаг вэ, хүүхдэд олгох төлөвшлийн тухайд?    - Өнөөдрийн байдлаар “Хангарьд” клубт байт харвааны насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үе гэсэн насны ангилалд 40-өөд тамирчин хичээллэж, 4 тамирчин маань Улсын шигшээ багт орсон. Дугуйландаа шинэ элсэлт авахдаа хүүхдийн тоо хязгаарладаггүй ч сургалтын хэрэглэгдэхүүний хувьд бидэнд дутмаг тал бий. 2010 онд авч байсан хэрэглэгдэхүүнээ өнгөрсөн онд тодорхой хэмжээгээр шинэчилсэн. Ер нь оръё гэсэн хүүхдүүдээ шинэ элсэлтээр авдаг ч явцын дунд тууштай, хичээнгүй хүүхдүүд л үлддэг. Хүүхдийн бие бялдрыг өв тэгш хөгжүүлдэг спорт гэж хэлэх нь зөв байх. Төлөвшил олгох, төвлөрөх чадвар сайжрах, ааш зан тогтворжих, багаар ажиллах, биеэ авч явах байдал нь эергээр өөрчлөгддөг. Тэр хэрээр хүүхэд зорилготой, хүсэл тэмүүлэлтэй болох нь бий. Одоогоор суралцагчдын дийлэнх хувийг охид эзэлж байна. Манайх өнгөрсөн жилээс 9 настай суралцагч авч эхэлсэн.    - Энэ жилийн элсэлтээ хэзээнээс авах вэ?   - Спорт цогцолборын бусад дугуйлангийн адил есдүгээр сарын 15-наас шинэ элсэлтээ авч эхэлнэ. Гэхдээ ирэх сарын 19-23-нд “Хангарьдын цом” насанд хүрэгчдийн Олон Улсын нээлттэй тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн. Хэчнээн тамирчин, хаанаас ирэх нь одоогоор тодорхойгүй ч чанартай хийхийг зорино. Тэмцээнээ дуусгаад хичээлээ эхлүүлнэ. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
Бидний тухай

   Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Цутгуурын цехэд хийх техник, технологийн шинэчлэлийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байгааг Ерөнхий инженер А.Арвис онцоллоо. Өөрөөр хэлбэл, Цутгуурын цехийн хэвний хэсэгт “Хүйтнээр хатууруулах холимгоор хэв бэлтгэх хагас автомат шугам угсрах, суурилуулах” өргөтгөлийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Төслийн үндсэн зураг төсөл, техникийн шийдлүүд бүрэн хийгдэж, батлагджээ. Ирэх есдүгээр сард цехийн дөрвөн мэргэжилтэн Герман улсад очиж, төслийн техник, тоног төхөөрөмжийг хүлээж авах юм. Өргөтгөлийн ажилтай холбоотойгоор Цутгуурын цехийн үйл ажиллагааг 11 дүгээр сарын нэгнээс түр зогсоохоор төлөвлөжээ.

   Цутгуурын цехийн хэвний хэсэг 1974 онд ашиглалтад орсон. Тэр үеийн зураг төслөөр одоо хүртэл ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд техникийн шинэчлэл хийгдээгүй. Тиймээс хэвний хэсгийг бүхэлд нь буулгаж, орчин үеийн шинэлэг технологи бүхий ХБНГУ-ын Ф.А.Т компанийн тоног төхөөрөмж суурилуулах юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр цутгамлын чанар сайжирч, хүчин чадал нэмэгдэхийн зэрэгцээ гаднаас импортоор худалдаж авдаг түүхий эдийн хэмжээ багасах ач холбогдолтой. Гол давуу тал нь хаягдалгүй, эко цутгуурын үйлдвэрлэлийн технологи нэвтрүүлнэ. Хүчин чадал дээшилснээр жилд үйлдвэрлэдэг 5000 тонн цутгамал бүтээгдэхүүн 7000 тонноор нэмэгдэж,  бүтээгдэхүүний хэмжээ 12000 тоннд хүрэх боломжтой болох юм. Цутгуурын цехийн “Хүйтнээр хатууруулах холимгоор хэв бэлтгэх хагас автомат шугам угсрах, суурилуулах” техник технологийн шинэчлэлтийг 2020 оны тавдугаар сарын нэгэнд ашиглалтад бүрэн оруулахаар ажиллаж байна.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

   Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг удахгүй эхэлнэ. Энэ жилийн үзлэгийн онцлог, өнгөрсөн оны үзлэгийн мөрөөр хийж хэрэгжүүлсэн ажлынх нь талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын  Статистикч эмч Ж.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

   - Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хэзээ эхлэх вэ?
  
- 6-р сарын 20-ноос эхэлнэ. Үйлдвэрийн ахмадууд, ҮО, МШӨ-ний улмаас хувь тогтоолгосон ажилчдыг хуваарийн дагуу үзлэгт хамруулна.

   - Хуваарь гарсан уу? Үзлэгт хэдэн хүн хамрагдах вэ?
  - Эхний ээлжинд 6-р сарын 20-ноос Технологийн сургууль, Засвар угсралтын цех, Аж ахуй, үйлчилгээний цех, Судалгааны төв, ХМТАЦ-ын ажилчид орно. Төлөвлөгөөгөөр 6000-д ажиллагсад, ҮО, МШӨ-тэй 354 хүн, 2100 орчим ахмад үзлэгт хамрагдана. 7-р сарыг дуустал өдөртөө 45-50 хүн үзлэгт орохоор төлөвлөж байна.

   - Энэ жилийн үзлэгийн онцлог юу вэ?
 
- Энэ жил насны ялгаагүйгээр багц сонгох боломжтой. Компьютер-томограф болон Соронзон үелзүүрт томографийн /МRI/ шинжилгээтэй багцууд орсон. Есөн багц үзлэг хийгдэнэ. Үүнд:
      1. Үндсэн багц шинжилгээтэй
      2. Зүрхний
      3. Ходоод, улаан хоолойн дурантай
      4. Бүдүүн гэдэсний дурантай
      5. Чихрийн шижин болон бамбайн булчирхайн
      6. Мэдрэлийн багц /тархины судасны допплер, нурууны MRI
      7. Хэвлийн тодосгогчтой компьютер томографтай
      8. Уушигны бага тунт компьютер томографтай
      9. Нурууны рентген, Д витаминтай багц
   Бүх багцад үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлох лабораторийн болон багажийн шинжилгээнүүд багтсан.

   - Багц  сонгохдоо юуг анхаарах вэ?
  - Цех хариуцсан эмч өмнөх жилүүдийн үзлэг шинжилгээ, эрүүл мэндийн түвшинг үндэслэн тухайн ажилтныг багц сонгоход чиглүүлж зөвлөгөө өгнө. Мөн ажилтнууд өмнөх жилийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, ЭСЦ-ын эмч нарын давтан үзлэгийн үеэр зөвлөснийг бодолцож багцаа сонгох хэрэгтэй. Хэвлийн ЭХО-оор ямар нэг сүүдэртэй, голомттой гэх зэрэг асуудалтай байсан бол багц долоо буюу хэвлийн тодосгогчтой Компьютер томографтай багцыг, уушгинд ямар нэгэн асуудалтай бол наймдугаар багцыг сонгох жишээтэй.

  - Танай цогцолбороос өнгөрсөн оны үзлэгийн дүнд судалгаа хийсэн үү? Өвчлөлийг бууруулах чиглэлээр хэрхэн ажилласан бэ?
   - 2018 оны үзлэгийн дүнг нэгдсэн үзүүлэлтүүдээр гаргасан. Ажилчдын дунд тэргүүлэх өвчлөлд хоол боловсруулах замын эмгэг, бодисын солилцооны хямрал болон дотоод шүүрлийн эмгэг, бөөр шээсний замын эмгэг, зүрх судасны эмгэг орсон. Цех болгоныг хариуцсан эмч байдаг. Эмч бүр цехийнхээ урьдчилан сэргийлэх үзлэгийн тайланд дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах хүмүүсээ дахин нарийвчилсан шинжилгээнд оруулж, онош тодруулах, эмчилгээний асуудлыг хүн нэг бүрээр тооцон ажиллаж байгаа. Энэ ажил жилийн турш хийгддэг юм. Долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагийг эмч цех дээрээ ажиллах өдөр болгож, үзлэг хийх, шаардлагатай ажилчдын эрүүл мэндэд хяналт хийж цехийн удирдлагад танилцуулах, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, эрүүл мэндийн хөтөлбөрт  хамруулах  ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна.
   Мөн “Эрдэнэт” сувиллын цогцолбор болон БОЭТ, бусад төрөлжсөн эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмчийн хяналтын явц, эмчилгээний үр дүнд маш сайн анхаарч ажиллаж байна. Ажилчдын хөдөлмөрийн чадвар түр алдалтад хэд хэдэн чиглэлээр судалгаа дүгнэлт хийж байна. Тухайлбал, шинээр ажилд орсон  хүмүүсийн, удаан хугацаанд өвчтэй байгаа ажилчдын, олон удаа эмнэлгийн хуудас авч байгаа  гэх мэтээр.

   - Энэ чиглэлээр хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?
   - Урьдчилан сэргийлэх үзлэгийн мөрөөр авч хэрэгжүүлэх ажлын  арга хэлбэрээ сайжруулан ажиллана. Орчин үеийн эрүүл мэндийн чиг хандлага урьдчилан сэргийлэх ажиллагаанд түлхүү анхаарч байгаа юм. Тиймээс бид ажилчдыг өвчлөлөөс сэргийлэх, ажлын байрны нөхцөлийг сайжруулах чиглэлд ХАБЭА-н хэлтэстэй хамтран олон ажил зохион байгуулах шаардлага бий.
   Мөн ажлын байранд эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа буюу ажилтныг ажлаа хийж байх үед  эрүүл мэндийг нь хамгаалах, сайжруулах ажиллагааг  хэрэгжүүлэх шаардлагатай. Ажилтан буюу хувь хүн  эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байх нь маш чухал. Яагаад гэвэл эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлсийн тухайд амьдралын хэв маяг 60-70 хувиар нөлөөлдөг гэсэн ДЭМБ-ын судалгаа байдаг.

Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

   Сайн саналын системийн 100 манлайлагчийн нэгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цехийн ус хангамжийн хэсгийн Ариутгах татуургын шугам сүлжээний засварын мастер С.Ганхуяг нэрлэгдсэн. Түүний дэвшүүлсэн 11 саналаас 9 нь үйлдвэрлэлд нэвтрээд байна.

  - Үйлдвэрийн хэмжээнд өрнүүлж буй бүтээмжийн ажлын үр өгөөжийг та хэрхэн харж байна вэ?
  - Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа дунд бүтээмж, инновацийн уралдаан зарласнаар тэдний хийж бүтээх хүслийг бадрааж, залуучуудын санал санаачилга илүүтэй нэмэгдэж байна. Тухайн хүнээс санаачилга гарч байна гэдэг бол сэтгэлгээг хөгжүүлэх сайн талтай. Тиймээс ч бид аливаа бүтээмжийн саналыг дэмжиж, ажил хэрэг болгохыг эрмэлзсээр ирсэн. Сайн саналыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр ажил хөнгөвчилж, илүү хялбар болсныг бид өдөр бүр харж, мэдэрч байна. Манай цех 2018 онд бүтээмж, инновацийн мэргэжилтэнтэй болсон. Өнгөрсөн оны ажлын үзүүлэлтээ 2017 онтой харьцуулахад бүтээмжийн ажил 2-3 дахин өссөн дүнтэй гарсан. Мөн сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтад манай цехээс 15 ажилтан шалгарсанд баярлаж, хамт олноороо бахархаж байна. Цаашид бид бүтээмжийн ажлаа байнга өрнүүлж, үйлдвэрлэлд олон шинэ санаа нэвтрүүлэхийг зорино.

  - “Лусын сан” дугуйлангийнхаа амжилт, ололтоос хуваалцана уу?
  - Манай бүтээмж чанарын дугуйлан “Лусын сан” нэртэй, 9 хүний бүрэлдэхүүнтэй. Бид чандмань эрдэнэ болсон цэвэр усныхаа чанар, аюулгүй байдлыг хангадаг мэргэжлийн ажлаараа бахархан, дугуйлангаа нэрлэж байлаа. Манай хамт олон сүүлийн жилүүдэд цехийн хэмжээнд зохион байгуулсан бүтээмжийн уралдаан тэмцээнд тэргүүн байрт шалгарч, үйлдвэрийн хэмжээнд тогтмол 2, 3 дугаар байр эзэлж байгаа.

   - Эрдэнэт үйлдвэрт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
  - Би ус хангамжийн мэргэжилтэй. Сургуулиа төгсөж ирсэн шинэхэн оюутан ажлын талбарт гарч байлаа. Эрдэнэт үйлдвэрт 29 дэх жилдээ ажиллаж байна. Цэвэрлэх байгууламжийн технологиор ажиллаж байгаад сүүлийн 11 жилд нь ус хангамжийн мэргэжлээр цехдээ ажилласан. Үйлдвэрийн боловсон хүчний дийлэнх хувийг залуучууд эзэлж байгаа тул тэдэндээ хандан, “Хүн амьдралынхаа төлөө зүтгэх ёстой, хөдөлмөрлөх ёстой. Дэлхийн хэмжээний том үйлдвэрт ажиллаж байгаа тар нар азтай хүмүүс шүү. Үргэлж ажил, мэргэжлээрээ бахархаж яваарай” гэж захих дуртай.

  - Хэсгийнхээ ажлын онцлогийг дурдвал?
  - Ус хангамжийн хэсэг нь Эрдэнэт хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн газруудыг ахуйн болон ундны ус, техникийн усаар ханган ажилладаг. Манай хэсэг тасралтгүй 24 цагаар ажиллахдаа дөрвөн дэд станцаар дамжуулан, хоногт 24-30 мянган куб метр усыг хотын хэрэгцээнд нийлүүлж байна. Бид цэвэр ус татах дөрвөн дэд станцынхаа бүхий л засвар үйлчилгээг улирал харгалзахгүйгээр хариуцан ажилладаг. Хариуцлага маш өндөртэй. Ямартаа ч өнгөрсөн хугацаанд үйлдвэр болон хотоо цэвэр усаар тасалж байсан удаагүй.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажиллагчид, ҮО, МШӨ-тэй иргэд, үйлдвэрээс тэтгэвэр тогтоолгосон ахмадууд Та бүхэн 2019 онд дараах нэр бүхий амралт, рашаан сувиллуудад амраад Хамтын гэрээний хөнгөлөлт эдлэх  боломжтой.

УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН РАШААН СУВИЛЛУУД:
   - Баатарван амралт сувилал /Магадлан итгэмжлэгдсэн сувилал/
   - Оргил рашаан сувилал /Улаанбаатар/
   - Хужирт /Өвөрхангай/
   - Төв Хужирт сувиллын илгээх бичгийг Баян дэлгүүрийн 2-р давхраас 99974332 утсаар холбогдон авах боломжтой.
   - Эльма-Хужирт, Сэмжид-Хужирт, Ананд-Хужирт
   - Шаргалжуут /Баянхонгор/
   - Аварга тосон /Хэнтий аймаг/
   - Хэрлэнгийн хөдөө арал /Аварга тосон ГОК-ийн сувилал/
   - Улсын төв амралт Аварга тосон
   - Дархан-Оточ “Аварга” рашаан сувилал
   - Жанчивлангийн рашаан сувилал /Төв аймаг/
   - Өвөр жанчивлан, Задгай цагаан сувилал
   - Бигэр /Говь-Алтай/ бөөрний сувилал
   - Хульж рашаан сувилал,
   - Хульж ресорт рашаан сувилал /Булган аймгийн Могод сум/
   - Галт халуун ус /Хөвсгөл/
Дээрх рашаан сувиллуудын илгээх бичгийг Амбулаторын 2-р давхарт 201 тоот өрөө, Статистикийн кабинет, амбулаторын бүртгэл лавлагааны хэсгээс олгоно.  

ИЛГЭЭХ БИЧГЭЭ ИРҮҮЛЭЭГҮЙ Ч АМАРЧ ИРЭЭД ХӨНГӨЛӨЛТ АВАХ БОЛОМЖТОЙ РАШААН СУВИЛЛУУД:
Тухайн сувиллаас олгосон  илгээх бичгийн хуулбарласан  хувийг хөнгөлөлт авах баримтдаа  хавсаргана.
    - Энергийн элс /Дорноговь аймаг /
    - Бөөрний сувилал
    - Хасу шивэрт /Архангай/
    - Отгонтэнгэр  /Завхан аймаг/

УЛААНБААТАР БОЛОН БУСАД АЙМАГ ДАХЬ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН СУВИЛЛУУД:
   - Илгээх бичгээ авч ЭСЦ-ын эмч, мөн хяналтын эмч, эсвэл өрхийн эмчдээ үзүүлж тухайн эмнэлгийн тамга тэмдгээр баталгаажуулна. Нийгмийн даатгалаар баталгаажуулах шаардлагагүй.
   - “Чулуут” саам сувиллын  илгээх бичгийг ЭСЦ-ын сувиллын хэсгийн 1-р давхарт байрлах кассанд мөнгөө тушааж авна.  
  - Саам амралтуудын илгээх бичгийг Сувиллын хүлээн авах болон Статистик дүн бүртгэлээс олгоно. Орон нутгийн саам амралтуудад явахад ээлж харгалзахгүй, нэгдсэн унаагаар үйлчлэхгүй. Сувиллаас олгосон илгээх бичиг дээр ор хоногийн /эмчилгээний/ төлбөрийг бичүүлж, баталгаажуулсан байна.

АНХААРАХ ЗҮЙЛ:
   - Ажилчид рашаан сувилал, саам амралтуудад ээлжийн амралтаараа амарна. Ээлжийн амралт таарахгүй байгаа ч эмчлүүлэх шаардлагатай ажилчид цехийн эмч, хяналтын эмчийн үзлэг, дүгнэлтийг үндэслэн эмч нарын зөвлөгөөнөөр орсны дараа ээлжийн амралтаас зохицуулан сувилуулах боломжтой. Ийм  тохиолдолд эмнэлгийн хуудас олгохгүй.
   - Магадлан итгэмжлэгдсэн Рашаан сувиллуудад илгээх бичиг, ЭМД-ын дэвтрээ заавал авч очих шаардлагатай. Илгээх бичгийн арын хуудсан дахь  утсаар  холбогдон лавлаж өрөө байраа  урьдчилан захиална уу.
   - Ялангуяа Шаргалжуут, Аварга тосон /улсын/-д албаны утсаар нь холбогдож урьдчилгаа төлбөр төлсөн тохиолдолд захиалсан өрөө, байр баталгаажин хадгалагдаж, захиалга өгсөн хугацаандаа сувилуулах боломжтой.
   - Шаргалжуут, Аварга тосон /улсын/ албаны утас: 77437777
   - Энергийн элс бөөрний сувилалд илгээх бичгээ тэндээсээ авч сувилуулна. /вагоноор явах боломжтой/
   - Ачит элс бөөрний сувилал Хангал сумын Хялганатын нутаг дэвсгэр буюу Сэлэнгэ амралтын бааз явах замд байрладаг. 6-р сарын 20-ноос эхэлнэ. Илгээх бичгийг ЭСЦ-оос олгоно.

АВТОБУС БОЛОН УНААНЫ ТАЛААР:
    - ЭСЦ-оос нэгдсэн унаа  гаргахгүй тул баталгаат чиглэлд хувийн унаагаар, мөн тухайн рашаан сувиллын автобусаар үйлчлүүлэх боломжтой.
    - Илгээх бичгийн ар талд явах унааны талаар бичигдсэн.  
    - Аймгуудын /Завхан, Баян-Өлгий, Увс гэх мэт хол орших/ магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд илгээх бичгийг  очсон сувиллаасаа авч, бичиг баримтаа бүрдүүлэн Хамтын гэрээний хөнгөлөлт эдлэх  боломжтой.     

АМАРЧ СУВИЛУУЛААД ИРСНИЙ ДАРАА:
   - Дээрх рашаан сувиллуудад амарч сувилуулсан  хүмүүс ЭСЦ-ын амбулаторын 4-р давхар 405 тоот өрөө, мөн 2-р давхар 201-а тоот өрөө /статистикч эмч/-д доорх бичиг баримт бүрдүүлж өгнө.
      Сувиллын эмчилгээний хөнгөлөлт /50 хувь/
   - Илгээх бичиг /хуулбарласан хувь/
   - Сувилуулсан ор хоногийн зардал төлсөн баримт /эх хувь/
   - НӨАТ-ын баримт бус, зөвхөн сувиллын ор хоног эмчилгээний төлбөрийн баримтыг авна. /Нэмэлт үйлчилгээ, автомашины төлбөр тооцоо зэргийг  хувь хүн өөрөө хариуцна./
   - Унааны хөнгөлөлт олгогдохгүй.
   - Илгээх бичиг болон баримт дээр доорх нэмэлт мэдээллүүд засваргүй зөв бичигдсэн байх шаардлагатай.
   - Ажилчид - овог нэр, цех, табелийн дугаар
   - МШӨ, ҮО - овог нэр, цех, табелийн дугаар
   - Үйлдвэрээс тэтгэвэрт гарсан ахмадууд - овог нэр, цех, ахмадын үнэмлэхний дугаар
Ирсэн баримтуудыг нэгтгэж жагсаалт гарган:
   - Ор хоногийн /эмчилгээний/ зардлын хөнгөлөлтийг цех хариуцсан цалингийн нягтлан бодогч тооцож, цалин дээр виза картаар олгоно. МШӨ, тэтгэврийн хүмүүсийн хөнгөлөлт сар бүрийн тэтгэмжийн мөнгөтэй хамт олгогдоно.


ЭСЦ. Статистик, бүртгэл мэдээллийн хэсэг, сувиллын хүлээн авах, касс,
Статистик: 757-73453,  Бүртгэл лавлагаа: 757-73693,
Хүлээн авах: 757-73496, Касс: 757-73456.

Даваа, 17 6-р сар 2019 00:00

Чин сэтгэл

   Эгэл хүмүүсийн амьдралын замнал сонирхол татах нь бий. Биеэр үлгэрлэх нь амьдралд үнэ цэнэтэй байдаг. Ийм хүний нэг нь эл хөргийн эзэн  Цэенрэгзэнгийн Даваадулам. Ажил, амьдрал дээр чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж яваа нэгнээр хүн бахархдаг. Тийм хүнээс урмын үг харамлахгүй явахыг хичээдэг. Тиймээс би эл хөргийг “Чин сэтгэл” хэмээн нэрийдэв. Багын хүмүүжлээрээ тэр аливаад чин сэтгэлээсээ ханддаг зантай. Юмыг нэр төдий хийх, худлаа ярьж, хууран мэхлэхийг үзэхгүй. Түүний үг яриа, үйлс зорилго нь амьдрал дээр зөрөхгүй. Учир нь тэр багаасаа ажилч хичээнгүй, нягт нямбай байх зарчимд суралцаж, эрт хэрсүү суусных. Өвөө нь Аюурын Дандай гэж сумын Худалдаа бэлтгэл ангид нярав, нягтлангийн алба насаараа хашжээ. Гарын алгандаа багтахгүй олон түлхүүртэй явдаг байсан дүр зураг Даваадуламын сэтгэлд үлдэж. Худалдаа бэлтгэлийн ангид ирэх гоё эд барааг багадаа харж, амттаныг нь идэж өссөн болохоор аль эрт  түүний нүд, сэтгэлийн хор арилжээ. Түүний эмээ нь амьдрал таньсан, үнэн үгтэй нэгэн байж. Нутаг усандаа бариач Норовсүрэн хэмээн алдаршсан эл буурал орсон гарсан ах дүүсийг хоол ундаар дайлсан, түмэнд хүндлэгдэн явжээ. Хүнийг хараад л таних ажигч гярхай тэрээр Даваадуламыг нас бага, цус шингэн байхад нь ажил хөдөлмөрийн амтанд оруулсан агаад “ухаан муу бол нүд сохор” хэмээн сургах. Түүнийг дунд сургуульд байхад нь сүү цагаан идээ боловсруулж юм оёход сургажээ. Хөдөлмөрийн хүмүүжил хүнийг зөв болгон төлөвшүүлдгийн тод жишээ энэ. Эмээ, өвөө нь зээгээ ийн алган дээрээ бөмбөрүүлэн өсгөсөн байна. Түүний бусдаас ялгарах нэг онцлог нь хурдан морь унаж өсжээ. Нэг насны хоёр морь наадамд сойхоор эгчтэйгээ хоёул уралдааны замд гарна. Түүний төрсөн эгч хар нялхаасаа хурдан морь унажээ. Уянгалаг сайхан гийнгоолох нь одоо ч түүний чихэнд сонсогдох шиг болдог гэнэ. Харин Даваадулам хурдан морьдын уралдаан үзэхээрээ самсаа шархирна. Уяач Дандайн Амгаабазар агсан Даваадуламын нагац ах нь. Социалист нийгмийн үед хувийн машин, мал ахуйтай уяач ахын хайр халамжид өссөн хүний нэг нь Даваадулам инженер. “Улирлын амралтаараа улсын сайд шиг хүндлүүлж явлаа” гэгчээр түүнийг хичээл тарангуут 24 машин хөлөглөн авдаг асан нагацынхаа тухай тэр гэгээн дурсамж сөхнө билээ. Зөв ажиллаж, амьдарч чадсан цагаан мөртэй хүнд магтаал зохидог. Тэр техникумыг улаан дипломтой төгсөөд дээд сургуульд элсэн оржээ. Дээд сургуулийн дотуур байрны зөвлөлийн дарга сэтэртэй, жанжин Сүхбаатарын нэрэмжит цалинтай “хэнхэг” нь дэндсэн оюутан явахдаа амьдралынхаа ханьтай танилцсан байна. Одоо тэр айлын дархан бэр. Та үр хүүхдээ ямар зарчим баримталж өсгөсөн бэ гэхэд үглэж зэмлэхгүй ч өөрсдийн үлгэрлэл, тэдэнд суурь хүмүүжил олгодог. Том хүү маань Солонгост их сургууль төгсөөд Таван богд компанид ажиллаж байлаа. Одоо АНУ-д  сурч, ажиллаж, амьдардаг. Дунд хүү аав, ээжийнхээ мэргэжлийг эзэмшиж Эрдэнэтдээ төвхнөн амьдарч байх шив. Бага хүү дунд сургуулийн сурагч. Манай хүүхдүүдэд бидний ёс суртахуун төлөвшсөн байна. Дунд хүүгээ сайн мэргэжилтэн болгох зорилт тавьж байна. Орчин үеийн хүүхдүүд хурдтай, эрч хүчтэй, оюунлаг болсон байна” гэж товч хариулсан юм. “Нэг мэргэжил эзэмшсэн болохоор ханьтайгаа би ойлголцоход амар байдаг. Миний ажлын амжилт хамт олон, сайн ханийн дэмжлэгийн үр дүн. Түүнээс миний сайных биш” хэмээн өгүүлэв. Ханьтайгаа зөв амьдралын төлөө зүтгэж явсан он жилүүд түүнд бий. “Геодези зураг зүйн газар хувьчлагдаад, нөхөр ажилгүй, би гэртээ анхны бандиа харж байв. Эмээгийн буянаар ахынхаа хашаа байшинг зургаан мянгаар авч Улаанбаатарын “телевиз”-д бид айл гэр болсон. Тэр байр минь Эрдэнэтэд нэг өрөө байр болсон шүү. Манай хүн хавар геологийн ажлаар хөдөө яваад анхны цаснаар ирдэг байлаа” гэж туулсан амьдралынхаа гэгээн дурсамжаас хуваалцав. Эмээгээсээ өвлөсөн Германы кёклер маркийн оёдлын машинаар тэр юм оёдог байж. Бүтэн жил юм оёж зарсан орлогоороо байраа томсгосон амьдралын түүх түүнийх. Тэр жижиг ажлыг ч чин сэтгэлээсээ хийнэ. Их ажлыг амжуулахын тулд махран зүтгэж ард нь гарч санаа амардаг зантай. Баяр, гуниг, инээдэм наргиан энэ бүхэнд тэр өөрийнхөөрөө, сэтгэлээрээ... Иймээс хэн нэгнийг нүүрэн дээр нь алдаа дутагдлыг нь ил цагаахан хэлчихдэг гэмтэй. Ард нь юу ч бодохгүй цайлган цагаан сэтгэл тээн үлдэх. Хүн нэгнийхээ дэмд, загас усны хүчинд гэгч үнэн. Эмээ, нагац ах, хамаатан садныхаа тус дэмийг үл умартах. Тэр ч бүү хэл өдий зэрэгтэй яваагаа гар сэтгэл нийлсэн хамт олны минь хүч хэмээв. Тэрээр хүнд урам зориг өгөх дуртай. Зарим нь олны тусыг мэдэхгүй явах нь бий. Тэгвэл энэ хөргийн эзэн хүний тусыг мартах нэгэн биш. Өөрийнхөө өдий зэрэгтэй мэргэжлийн ажлаа хийж яваагаа нөхрийнхөө оюутан цагийн найз Д.Түвшинбаярын тус дэм гэх. Геологи хайгуулын ангид зөвхөн эрчүүд ажиллана. Түүнийг ажилд ороход зургаан эмэгтэй л эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байжээ. Одоо ч энэ тоо өсөөгүй. Тэр хүний итгэл алдах нэгэн биш гэдгээ ажил, амьдралаараа харуулж явна. Ажиллах хугацаандаа  хайгуулын таван лицензийн талбайд геодезийн  хээрийн хэмжилт  болон суурин боловсруулалтын ажлыг чанарын өндөр түвшинд хийжээ.
   Түүний эрхэлсэн ажил онцлогтой. Орд газрыг ашиглах төлөвлөлтөөс, олборлоод дуусах хүртэлх бүх үе шатанд мэдээлэл боловсруулах, баримтжуулах, хэмжих, тооцоолох, зураглах зэрэг ажил гүйцэтгэдэг. Тэрбээр “Эрдэнэтийн-Овоо” ордын хүрээнд хийж буй бүх  хайгуулын шатны ажлыг газар дээр нь хэмжиж, шалгаж,  өгөгдөл цуглуулж, баазад баримтжуулснаар уурхайн олборлох нөөцийн хэмжээг тодорхойлох, хил хүрээг тогтоох, хаягдлын аж ахуйн далангийн тогтворжилт, хамгаалалтын объём бэлтгэх ажлыг хийж байна. ГХА-ийн маркшейдер хаана хайгуул явагдаж байна, тэнд шаардлагатай мэдээллээр хангадаг. Өнгөрсөн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 302 мянган га талбайд хайгуулын ажил явуулахад шаардлагатай анхдагч материал дээр ажиллаж, төлөвлөлт хийх бүх зургийг байрлал болон өндрийн үндэслэлтэй бэлтгэн өгчээ. Барилгын материалын орд газруудын том масштабын зураг хийж, нөөцийн тооцоонд ашиглахад бэлтгэх, АМХЭГ-т жил бүр тайлан хамгаалахад шаардлагатай зургуудыг бэлтгэн өгөх зэрэг ажлыг цехийн болон үйлдвэрийн хэмжээнд гүйцэтгэдэг байна. Тэр цаг үетэйгээ хөл нийлүүлж алхах, байгаагаараа, ажил, амьдрал, мэргэжилд шаардлагатай зүйлд цаг алдалгүй суралцдаг, дайчин шургуу, ажил хэрэгч нэгэн юм. Тэрээр Геологи хайгуулын ангийн “Шилдэг инженер”, яамны “Хүндэт жуух бичиг”, “Тэргүүний геологич” цол тэмдэг, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар энгэрээ мялаажээ. Маркшейдерээр Эрдэнэт үйлдвэрт тогтвор суурьшилтай, тасралтгүй 20 жил ажилласан хүн түүнээс өөр үгүй. Уул уурхайн анхных нь геологи хайгуулын ажил. Тэр газрын хэвлийн баялгийн байршлыг үнэн зөв тодорхойлох хариуцлага хүлээнэ. Анхны шанг татдаг, уурхайн нөөцийг тодорхойлох геологичдоороо тэр бахархдаг. Амттанд дуртай хүүхдэд чихэр өгөхөөр нүд нь гэрэлтээд л баярладаг лугаа адил тэр бусдын гаргасан амжилтад чин сэтгэлээсээ баярлах. Ер нь төрсөн нутаг ус, аав ээж, амраг хань, анд найз, алив бүхэн хүмүүний сэтгэлд оршино. Бүх зүйл сэтгэлтэй холбогдоно. Итгэл сэтгэлийн хүчийг, эзэмшсэн мэргэжилтэйгээ хослуулан хөдөлмөрлөж буй нэгэн бол маркшейдер Ц.Даваадулам бөлгөө. Чин сэтгэлийн хандлага, аливаа хүнд ажлыг чанартай хийх эрч хүч өгдөг ажгуу.

Т.Батчулуун

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Цагаан-Эрдэнэтэй уулзаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сэдвийг хөндөн ярилцлаа.

  - Эхлээд та Уул уурхайн үйлдвэрийн газрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааны онцлогийн талаар ярина уу?
  
- Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрийн газрын ихэнх ажлын байрны орчин нөхцөл тоостой, дуу шуугиантай, овор хэмжээ их техник тоног төхөөрөмжтэй, химийн урвалж бодис хэрэглэдэг зэрэг физик, хими, биологи, эргономикийн хөдөлмөрийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөлөлд байдаг онцлогтой. Иймээс, Нэн түрүүнд ХАБЭА бодлогынхоо хүрээнд эдгээр сөрөг хүчин зүйлс нь ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд ХАБЭА-н үйл ажиллагаа  чиглэдэг.

   - Хөдөлмөрийн аюулгүй байдлын үйл ажиллагааны онцлох ажлуудаас тодруулна уу?
   - Эрдэнэт үйлдвэр 40 гаруй жилийн түүхэнд уул геологийн нөхцөл хүндэрсэн, техник технологийн шинэчлэл үе шаттай хийгдэж байна. Манай хамт олны 60 гаруй хувь нь шинэ залуу ажилтнууд болсон. Ийм шалтгаанууд нь ажилтны амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н үйл ажиллагаанд шинэ стандарт мөрдөх шаардлагатай болсон. 2019 онд MNS ISO 45001 стандарт руу шилжих ажлыг эхлүүлж байна. Энэ хүрээнд, тав дахь жилдээ мөрдөж буй ХАБЭА-н удирдлагын тогтолцооны дүрэм журмуудыг шинэчлэн боловсруулах ажил хийгдэж байна.  21-р зууны онцлогийг шингээсэн журам, дүрмүүдийг амжилттай боловсруулж, хэрэгжүүлэхийн тулд ХАБЭА-н үйл ажиллагаанд хүн бүр ухамсартай, идэвх санаачилгатай оролцож, хүлээсэн чиг үүргээ хариуцлагатай хэрэгжүүлэх нь нэн чухал. ХАБЭА-н бодлогын үндсэн чиглэлүүдийн нэг нь аюулыг мэдээлэх, илрүүлэх, арилгах цогц үйл ажиллагаа юм. Эрсдэлийн удирдлага, ноцтой эрсдэлийн хөтөлбөр, дөрвөн шатны хяналт, ажлын байрны аюулын хяналтын хуудас, аюултай тохиолдлын судалгаа хийх зэрэг аргаар аюулыг илрүүлж байгаа. 71300 дугаарын утсаар болзошгүй аюулыг мэдээлж байна. Энэ оны эхнээс нийт 513 санал мэдээлэл ирсэн. Бүтцийн нэгжүүдэд дотоод хяналт шалгалт явуулж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг гэрэл зургаар баримтжуулан акт, албан шаардлага хүргүүлж, зөрчлийг заасан хугацаанд нь арилгуулж ажиллалаа. Бүтцийн нэгжүүдийн ХАБЭА-н талаар явуулсан үйл ажиллагааг үнэлгээний комисс улирал бүр дүгнэж, тэргүүний цех, нэгж, ажилтнуудыг шалгаруулж шагнал урамшуулал олгож ирлээ.

   - Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд хүн бүрийг идэвхтэй оролцдог болгохын тулд ямар ажлууд хийж байна вэ?
   - Манай хэлтэс Хөдөлмөрийн аюулгүй байдлын, Эрүүл ахуйн, Цацрагийн аюулгүйн гэсэн гурван албатай үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр алба нь харилцан уялдаатайгаар ажлын байруудад ХАБЭА-н аюулгүйн соёлыг төлөвшүүлэх, удирдлагын бодит үлгэр дуурайлал, манлайллыг дээшлүүлэхээр ажиллаж байгаа. Үүний тулд 71300, Аюулыг мэдээлэх хуудас, Ноцтой эрсдэлийн удирдлага, Эрүүл мэнд хөтөлбөр, ХАБЭА-н манлайллын таван арга хэрэгсэл зэргийг байнга сайжруулан хэрэгжүүлж байна. Манай үйлдвэр ХАБЭА-н бүтээлч оролцоо, манлайллын арга хэрэгслийг 2017 онд ЗМЗ-д, 2018 онд долоон бүтцийн нэгжид туршин хэрэгжүүлсэн. Ерөнхий захирлын А/79 тоот тушаалаар  2019 онд үйлдвэрийн хэмжээнд бүх бүтцийн нэгжүүд туршин хэрэгжүүлж байна. Энэ онд  ХАБЭА-н үйл ажиллагааг “Шүүмжлэхээс илүү сайжруулцгаая” уриан дор бүтцийн нэгжүүдийн 23, Ерөнхий захиргааны ажилтнуудын ХАБЭА-н долоон бүтээлч бүлэг байгуулагдан ажиллаж эхэлсэн. 

   - 2019 оны ХАБЭА-н манлайллын үйл ажиллагааны томоохон үр дүнгээс дурдана уу?
  - 2019 онд  үйлдвэрлэлийн ажлын байранд албадын тэргүүлэх мэргэжилтнүүдтэй ярилцлагууд хийсэн. Ерөнхий захиргааны ажилтнууд буюу газар хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүдийн үйлдвэрлэлийн ажлын байраар явж, семинар зохион байгуулсан. Эдгээр идэвхжүүлэлтийн үр дүнд  нийт 180 гаруй удирдах ажилтан ХАБЭА-н амлалт аван ажиллаж байна. Мөн цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх зорилготой ажлууд системтэй хийгдэж байна. 

   - Шинээр байгуулагдсан Цацрагийн аюулгүйн албаны талаар тодруулна уу?
   - Энэ алба зохих хууль, захирамж, тушаал шийдвэрийн дагуу хоёр орон тооны ажилтантайгаар шинээр байгуулагдсан. Манай туршлагатай инженер Ц.Оргил тус албыг тэргүүлэн ажиллаж байгаа. Мөн үйлдвэрийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулж байна. Энэ хүрээнд нийт есөн гишүүнтэй орон тооны бус ажлын хэсэг байгуулагдсан. Хэлтсийн зүгээс, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын үйл ажиллагааны чиглэлд ажилтнуудаа мэргэшүүлэхэд анхаарч гадаад, дотоодын сургалтад бодлоготойгоор хамруулж байна. Цацрагийн аюулгүйн албаны хоёр ажилтан маань үйлдвэрийн хэмжээнд цацрагийн аюулгүйн соёлыг төлөвшүүлэх зорилгоор ажлын байрны сургалт, сурталчилгаа, цацрагийн ослын дадлага сургуулилт явуулсан. Цаашид энэ салбарын дүрэм, журмын олон шаардлага шинээр тавигдаж байна.

   - Ажилчдыг хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслээр хангах ажлыг танай хэлтэс хариуцдаг. Нөгөө талаар шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг хэрхэн арилгуулж байна вэ?
   
- Үйлдвэрийн газрын ажилтнуудын хамгаалах хэрэгслийн тендерийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 2018 оны хамгаалах хэрэгслийн үлдэгдэл хэрэгцээг үндэслэн зургаан багц бүхий 32 нэр төрлийн бүтээгдэхүүний тендер зарлан шалгаруулалт явуулж нийлүүлэлт хийгдэж байна. Худалдан авалт, Хангамжийн хэлтэст хандаж эхний ээлжид нэн түрүүнд шаардлагатай хамгаалах хэрэгслүүдийн худалдан авалтыг харьцуулалтын аргаар шийдвэрлүүлсэн. Цаашид хяналт тавьж ажилладгийн тухайд хэлэхэд ХАБЭА-н холбоотой худалдан авалтыг хэлтсийн А-3 сертификаттай мэргэжилтнүүдийг түлхүү оруулж, үнэлгээний хороог зохион байгуулж ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Оёдлын цехтэй хамтран үйлдвэрийн газрын ажилтнуудыг тусгай зориулалтын ажлын бүх төрлийн хувцсаар тасралтгүй хангаж байна. Энэ оны эхнээс найман удаа 14 цех дээр ээлжит бус болон зорилтот хяналт шалгалт явуулж,  илэрсэн 31 зөрчил дутагдлыг гэрэл зургаар баримтжуулан акт, албан шаардлага хүргүүлж зөрчлийг заасан хугацаанд нь арилгууллаа.

   - Эрүүл ахуйн чиглэлээр хийгдсэн томоохон ажлаас дурдана уу?
   - Энэ жил ажилчдын эрүүл ахуйн орчин нөхцөлийг сайжруулах талаар хэдэн шинэлэг ажил санаачлан, төлөвлөгөө гарган ажиллаж байна. Нэгдүгээр улиралд “Эргономик” дэд хөтөлбөр хэрэгжүүлж, идэвх санаачилгатай оролцсон бүтцийн нэгжүүдийг шагнаж урамшуулсан. Энэхүү ажил нь тохиромжгүй арга барил бүхий эрсдэлтэй ажлын байрны судалгааг нарийвчлан гаргаж, орчин үеийн шийдэл бүхий гар багаж хэрэгслийг ажлын арга барилд нэвтрүүлэх, гар ажиллагааг хөнгөвчлөх, ажил амралтын горимыг оновчтой болгох, захын мэдрэл, булчин, үе холбоосны гаралтай үрэвсэлт артроз, радикулит МШӨ-г бууруулах зорилготой юм. Хоёрдугаар улиралд “ХАБЭА ба үйлдвэрийн орчны гоо зүй” сэдэвт гурван сарын аян зохион байгуулан ажлын явцад хяналт тавин ажиллаж байна. Мөн ажлын байрны орчны сөрөг хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалан ажиллагсдын бие организмд үүсэх өөрчлөлтийг хянах зорилгоор Эрдэнэт Шинжлэх Ухаан Технологийн парктай хамтран тэдний үс, хумс, шүлс зэрэг биологийн сорьцод хүнд металл үзэх итгэмжлэгдсэн лабораторийг түшиглэн эрсдэлт бүлгийн ажилчдын “Биомониторинг”-ийн судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэж байна.

   - Ажилчдын халуун хоолны үйлчилгээ, хүнсний эрүүл ахуйн талаар ямар дорвитой ажил хийгээд байна вэ?
  - Манай хэлтсийн Эрүүл ахуйн алба мэргэжлийн ажилтнуудаас бүрдсэн, бүтцийн нэгжүүдийн ХАБЭА хариуцсан ажилтнуудтай хамтран ажиллагсдын эрүүл, аюулгүй орчинд ажиллах, эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан ундны ус, хоол хүнсний хэрэглээнд өдөр тутам хяналт тавьдаг. Ажилчдын хоолны нэгж үнийн тарифыг 2000-3000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ажилчдын халуун хоолны үйлчилгээг сайжруулж, хоол хүнстэй холбоотой эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засвар механикийн заводын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний өрөөнүүдэд барилгын урсгал засвар орууллаа. Нийтийн хоолны хэсгийн Москва Петушки ресторан нь Ил уурхайн Засварын хэсгийн ажилчдад  халуун хоолны үйлчилгээ үзүүлэх тул Барилга засварын цехийн хамт олон иж бүрэн урсгал засвар хийж ашиглалтад хүлээн авсан. Тэнд халуун хоол үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлэх ажиллагсдыг сонгон шалгаруулалтын журмаар авч, хоолны газар суурилуулах тоног төхөөрөмж худалдан авах ажлууд хийгдэж байна. Удахгүй ажилчдын халуун хоолны үйлчилгээ сайжирч шинэ шатанд гарна. Ялангуяа тендерт шалгарсан Таятанфүүд компанийн хоолны чанарыг сайжруулахаар хүнсний баг цэс батлан өдөр, оройгүй хяналт тавьж сайн чанарт хүргэнэ.

   - Ажил мэргэжлийн нэршил, хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
   - Бид, ажилчдын ажил мэргэжлийн нэршлийн маргаантай болон хөдөлмөрийн нөхцөлийн ангиллын асуудлаар Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хамтран Цацрагийн үүсгүүртэй болон химийн бодистой харьцан ажилладаг 250 ажилтанд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх нарийвчилсан үзлэг шинжилгээ хийлгэсэн. Ажил мэргэжлийн нэршлийн маргаантай 50 ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэж, ирүүлсэн зөвлөмжийн дагуу өвчлөл бууруулах, ажлын байрны нөхцөл сайжруулах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

   - Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. 

Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Зургийн цомог