• Уурхайчдынхаа цалинг хадгалж, оновчтой санал гаргасан ажилтнуудаа урамшуулна

      “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон түүний орлогч захирлууд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр сэтгүүлчдийн сонирхсон дараах асуултад хариуллаа.   Ерөнхий захирал Х.БАДАМСҮРЭН: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨДИЙГҮЙ МОНГОЛЧУУД ТА, БИД БҮГД ОНЦГОЙ ДЭГЛЭМД АЖИЛЛАЖ БАЙНА -Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд зарласан онц байдал дууссан уу? -Эрдэнэт үйлдвэрийн эрх зүйн чадамжтай холбоотой, тулгамдсан, төр засгийн түвшинд авч үзэх асуудлууд байсан. Энэ нөхцөл байдалтай уялдуулж Эрдэнэт үйлдвэрт Онцгой дэглэм тогтоож 6 сар ажилласан. Онцгой дэглэмийн хугацаа дуусаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын Засгийн газар асуудлыг УИХ-д тавьж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Онцгой дэглэмийн хугацааг 6  сараар сунган ажиллалаа. Ийм горимоор Эрдэнэт үйлдвэр нэг жил орчим хугацаанд ажиллахдаа их зүйл бүтээсэн. Онцгой дэглэм тогтоож ажилласан, коронавирусын тархалтаас үүдсэн эрсдэлтэй, амаргүй нөхцөл байдалд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон бэлтгэлтэй байхад бид зохих хувь нэмрээ оруулсан гэж ойлгож байна. Хэдийгээр хуулийн хүрээний Онцгой дэглэм дууссан ч коронавирусын тархалт болон дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын гаралтай түүхий эдийн үнийн уналтаас үүссэн нөхцөл байдал нь Онцгой дэглэм бус, Онцгой-гийн онцгой дэглэм болж, энэхүү нөхцөлд улс орон, тив дэлхий үе шаттайгаар шилжин ажиллаж байна. 2019 онд зөвхөн Эрдэнэт үйлдвэрт Онцгой дэглэм тогтоож байсан бол өнөөдөр Монголчууд та, бид бүгдээрээ Онцгой дэглэмд ажиллаж байна. -2020 он сонгуулийн жил, Эрдэнэт үйлдвэр хэвийн ажиллаж байгаа энэ үед улс төрийн нөхцөл байдлаар гаднаас халдах байдал ажиглагдаж байна. Сошиал орчинд мэдээллийг цензургүй хүргэж байгаа үйлдлийн эсрэг ямар арга хэмжээ авч ажиллах вэ? -Эрдэнэт үйлдвэр сүүлийн жилүүдэд улс төрөөс ангид ажиллаж байгаа гэж ам бардам хэлнэ. Биднээс шалтгаалсан улс төр байхгүй. Гэвч Эрдэнэт үйлдвэрийн удирдлагаас шалтгаалаагүй улс төр байхыг үгүйсгэхгүй. Бид аль болох улс төрөөс ангид байх зарчмаа баримталж ажиллахыг хичээж байна. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагыг улс төржүүлж, ямар нэг байдлаар гоочлоод байвал яалтай билээ. Гэвч ийм зүйлд эмзэглэх хүмүүс нь уурхайчид биш. Ийм ажлаар хөөцөлдөж явах цаг нар үйлдвэрийн удирдлагад байхгүй. Тэр ажил руу манай ажилтнуудыг, хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа хүмүүсийг турхирах, уруу татах зүйл байдаг байх. Энэ удаагийн сонгууль амаргүй нөхцөл байдалд явагдах нь. Тиймээс улс төрчид, сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн хүчнүүд нөхцөл байдлыг ойлгож, монгол ухаанаар өөр сонгууль хийгээсэй, бие биеэ бага муулаасай, ямар нэг улс төрийн хөөрөлд бага автаасай гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн удирдлага төдийгүй уурхайчид хүсэж байна. Бид баялгаа бүтээж сайхан ажиллах юмсан, уурхайчдынхаа амьдрал ахуйг дээшлүүлэх юмсан, үйл ажиллагааныхаа үр дүнгээр Эрдэнэт үйлдвэрийнхээ эдийн засгийн цар хэмжээг өсгөж, тэр хэмжээгээр Эрдэнэт хотынхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах юмсан, Эрдэнэтчүүдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх юмсан, улс орон нутгийнхаа төсвөөр дамжуулан улс орныхоо төдийгүй бүс нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах юмсан гэж хүсэж байна. Ерөнхий Сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан энэ удаагийн Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг улс төрөөс ангид байлгах боломж нөхцөлийг бүрдүүлсэн. Тодорхой жишээ нь миний орлогч захирлууд юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлаар намайг улиран томилогдоход, “Өөрийн орлогчийг үйлдвэртээ ажилладаг, мэдлэг боловсролтой, дадлага туршлагатай, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээр бүрдүүлэн ажиллаарай” гэсэн. Энэ зарчмын дагуу би ажиллаж байна. Дөрвөн орлогчоос гадна газар, хэлтэс, цех, нэгжийн дарга нар бүгд тухайн ажилдаа мэргэшсэн, дадлага туршлагатай хүмүүс бий. Шударга зан чанар, ажил үүрэх, ачаалал даах чадварыг нь бодолцон ажиллуулж байна. Үйлдвэр аж ахуйн газар улс төрөөс ангид байх хэрэгтэй юм байна. Эрдэнэт үйлдвэр сүүлийн 3 жил үйлдвэрлэл, үр ашиг нь өссөн. Уурхайчид мэдлэг боловсрол, чадварынхаа хүрээнд өсөж дэвжээд явах боломж бүрдсэн. Энэ зарчмыг ярьсаар 3 жил болоход 400-аад инженер залуучуудыг дэвшүүлэн ажилласан дүн гарч байна. Цаашдаа ингэж ажиллах боломж олдох байх. Бидний сүүлийн жилүүдэд ажилласан нөхцөл байдал Эрдэнэт үйлдвэр төдийгүй уул уурхайн салбарт хэв маяг болон үлдэх байх. Бусад салбарт ч мэргэжлийн ажлыг мэргэжлийн хүн хийдэг зөв голдрилд ороосой гэж хүсэж байна. -Цаашид Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлогыг хэрхэн авч явах вэ? -Хямралтай, өвчин эмгэг тахлын түвшинд яригдаж байгаа энэ үед Эрдэнэт үйлдвэрийн удирдлага хүнийхээ төлөө шаардлагатай бүхнийг зориулж байна. Эрдэнэт үйлдвэр анхнаасаа хүний төлөө байгуулагдан, үеийн үед хүний төлөө ажилласан. Цаашдаа ч үйл ажиллагааныхаа чиглэлийг хүндээ шилжүүлнэ. Миний нэг зарчим бий. Хүн сайн ажиллавал ажил сайн явна, үр дүн гарна. Мэдлэг боловсрол, дадлага, туршлагаас их зүйл хамаардаг. Тэр ч утгаараа өнгөрсөн 3 жилийн хугацаанд цалингаа 45 хувиар нэмсэн нь өнөөгийн хямралын үед тус нэмэр болж байна. Эрдэнэт үйлдвэр 1300 гаруй айлын орон сууцыг барих ажлаа эрчимжүүлнэ. Урьдчилан батлуулсан хуваариар ихэнх нь энэ ондоо ашиглалтад орохоор төлөвлөж байна. Тендертэй холбоотой цаг нар алдаж байгаа зүйл байх ч бид хичээж ажиллана. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагад өгсөн үүрэг чиглэлийн дагуу 1А хорооллын дэд бүтцийг шийдвэрлэхээр болсон. Энэ онд 12,5 тэрбум төгрөг гарган, аймагтаа хөрөнгө оруулалт хийж байна.   Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.БАТМӨНХ: -Өндөржүүлсэн бэлэн байдлын үед уурхайчдын ажлын хувцас, хангамжийн асуудлыг тасалдуулахгүй байхад ямар арга хэмжээ авч байна вэ? -Үйлдвэрлэл явж байгаа учраас ажилчдын ажлын хувцас, багаж хэрэгсэл хязгаарлагдахгүй. Ганц асуудал нь, бусад улс орнуудын хэмжээнд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсож, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрснээр бараа материалын хомсдол үүсэж болзошгүй байна. Энэ мэдээллийн дагуу урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажилласан. Бодлогын чанартай ажлын дүнд бид ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг бэлтгэж чадсан. Хүндрэл үүсэхгүй.   Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.ДЭЛГЭРБАЯР: ХҮМҮҮСЭЭ АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БАЙХ ТАЛ ДЭЭР ИЛҮҮ АНХААРЧ БАЙНА -Нийгмийн цехүүдэд сул зогсолт хийж, ажилчдыг 65 хувиар цалинжуулах талаар ярьж байсан. Энэ тал дээр тодорхой мэдээлэл өгнө үү? -Уурхайчдынхаа орлогыг бууруулахгүй боломж нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийгмийн 2-3 цехийн үйл ажиллагаа зогссон ч бүх ажилтныг цаашид ажилтай байлгах тал дээр олон ажил төлөвлөж байна. Энэ үед зарим төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажилд ажилчдаа татан оролцуулах тал дээр судалж, 4 дүгээр сарын 1-нээс ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Бусад үйлдвэрийн газар Хөдөлмөрийн хуулийн дагуу цалингийн 40-60 хувийг өгч, ажилчдаа амрааж байна. Бид энэ жишгийг дагаж мөрдөхгүй байхаар шийдвэрлэж, хүмүүсээ ажилтай, орлоготой байх тал дээр илүү анхаарч байна.   Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.ҮҮРИЙНТУЯА: ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГААС ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨМЖ, ЧИГЛЭЛ ИРНЭ БАЙХ -Монгол Улсын Засгийн Газар иргэдийн нийгмийн даатгал, ХАОАТ-ыг 4 дүгээр сарын 1-нээс эхлэн 6 сарын хугацаанд чөлөөлөх тухай шийдвэрлэсэн. Үйлдвэрийн газарт хэрэгжих үү? -Монгол Улсын Засгийн газар 03 дугаар сарын 27-ны өдөр санхүү, эдийн засгийн хямралтай нөхцөл байдалд авч хэрэгжүүлэх бодлого шийдвэр гаргасан. ХАОАТ-аас болон бүх аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх асуудлууд яригдсан. Ямар нэг байдлаар Төрийн өмчит үйлдвэрийн газар гэж ялгасан шийдвэр тухайн мэдэгдэлд хийгдээгүй. Хийсэн мэдэгдлийн дагуу төр захиргааны байгууллагаас тодорхой шийдвэр гарч, хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөмж, чиглэлүүд ирнэ гэж бодож байна. Эрдэнэт үйлдвэр энэ зөвлөмж, чиглэлийн дагуу бусад  аж ахуйн нэгжийн хамтаар хамрагдана гэж ойлгож байна.   Ерөнхий захирал Х.БАДАМСҮРЭН: БИДНИЙ БАРИМТАЛЖ БАЙГАА ГОЛ ЗАРЧИМ БОЛ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ БОЛООД ХЯМРАЛААС ҮҮДЭН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЗОГСОХ, БУУРУУЛАХ АЛХАМ БАЙХГҮЙ Эрдэнэт үйлдвэр 2020 оны зорилтот түвшин, төлөвлөгөөг өндөр түвшинд баталж өгсөн. Төлөвлөгөө шахуу байгаа хэдий ч үүссэн нөхцөл байдлыг давж гарахын тулд хүдэр боловсруулалтын хэмжээг 300 мянган тонноор нэмэгдүүлж байна. Мөн зэс, молибдены металл авалтыг боломжит хэмжээгээр өсгөх шийдвэр гаргасан. Энэ нь үйлдвэрлэлийн өсөлт, технологи үзүүлэлтийн сайжруулалтаар нэмэлт орлого болох юм. Бидний баримталж байгаа гол зарчим бол эрсдэлтэй нөхцөл байдал болоод хямралаас үүдэн Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл зогсох, бууруулах алхам байхгүй. Харин ч үйлдвэрлэлээ хөгжүүлэх болно. Хамгийн гол ажилтнуудынхаа цалинг хадгалж, хямралтай байдлаас гарахад оновчтой санал гаргасан, санаачилгатай ажилтнуудаа урамшуулах, хянахад чиглэсэн тусгай журам гаргаж байна. Өөрөөр хэлбэл, зардал хэмнэсэн урамшууллыг бид хянана. Эрсдэл хямралаас бид салах учиртай. Тэгж гэмээнэ цаашдаа ашигт малтмалын гаралтай түүхий эд дэлхийн зах зээл дээр өснө. Бүтээн байгуулалтын ажлаа хийнэ гэдгээ гэж нүүр бардам хэлж байна. Гарах зардлаа аль болох хэмнэж, хэмнэлтийн тууштай бодлого явуулна. Хөрөнгө оруулалтаа эрэмбэлнэ. Тиймээс зөв сэтгэлтэй, ажлын төлөө хүн энэ хямралаас гадна байх боломжийг бид бүрдүүлж байна. Хямралыг давахад хувь нэмэр оруулсан хүн оруулсан хувь хэмжээгээр шагнал урамшуулал авах ёстой. Ингэж ажилласан цех, нэгжийнхнээ бид урамшуулна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд цаг үеийн мэдээлэл хийлээ

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат нар өчигдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзан, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцууллаа. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн 2019 оны үйл ажиллагааны үр дүн үүсээд буй хямралыг даван туулахад гол хөшүүрэг болж байгааг онцлон хэллээ. Тэрээр уулзалтын эхэнд өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байдаггүй тул өнгөрсөн оны ажлын үр дүнгийн үзүүлэлтээ товч дурдах нь зүй хэмээв. Эрдэнэт үйлдвэр 2017-2019 онд 20 орчим сая ам.долларын геологи хайгуулын ажил хийснээр үйлдвэрийн насжилтыг 20 жилээр уртасган, улмаар 60 жил ажиллах нөхцөлийг бүрдүүлээд байна. Өнгөрсөн онд баялаг бүтээгч уурхайчдынхаа хүч хөдөлмөрөөр 37 сая тонн хүдэр олборлож, 32 сая тонн хүдэр боловсруулан, 1,2 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж түүхэн дээд амжилт тогтоосон. Ийнхүү улс, орон нутгийн төсөвт 960 гаруй тэрбум төгрөг төвлөрүүллээ. Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг бүрэн эзэмшиж, үйлдвэрийнхээ нийт эрчим хүчний хэрэглээний 30 орчим хувийг дотоодоосоо ханган, төвийн бүсийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангахад зохих хувь нэмрээ оруулсаар байна. Эрдэнэт үйлдвэр 2019 оныг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, 410 тэрбум төгрөгийн төсөв баталснаас 260 орчим тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэн, зарим тоног төхөөрөмжөө ашиглалтад оруулсан юм. Ингэснээр, элэгдэж хуучирсан тоног төхөөрөмжөө шинэчилж, үйлдвэрийн найдвартай ажиллагааны түвшингээ дээшлүүлж чадсан билээ.   Худалдан авалттай холбоотой асуудлыг ил тод, нээлттэй болгон, хуулийн дагуу, зохих дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулахад онцгойлон анхаарснаар 65 тэрбум төгрөг хэмнэсэн бөгөөд 2020 оноос худалдан авах ажиллагааг нэг цонхны бодлогоор хэрэгжүүлж эхлээд байна. 2019 онд гадаад дотоодын банк, санхүүгийн байгууллагад зээлийн өргүй болсон нь өнөөдрийн хямралын үетэй нүүр тулахад зохих ёсны бэлтгэл болсныг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцлон тэмдэглэлээ. Тэрээр “Стандарт” банктай холбоотой 40 сая ам.долларыг буруутай этгээдүүдээс олж авах асуудал байгааг дурдаад, “Балхашмыс” компаниас авсан 20 сая ам.доллараа хямралын жилүүдэд бүтээн байгуулалтдаа зарцуулах, хямралт байдлаас гарахад далайд дусал нэмэр болж байгаа гэдгийг хэллээ.     2020 он Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олны хувьд онцгой жил. Учир нь Эрдэнэт үйлдвэр энэ онд шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх зорилт тавьсан бөгөөд түүхэндээ байгаагүй 830 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэ онд баталж, төлөвлөгөөт ажлуудаа хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр хямарсан гээд үйлдвэрлэлээ хязгаарлалгүйгээр энэ онд орлого өсгөх, бүтээгдэхүүн өгөх төслүүдээ урагшлуулна. Эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд үйлдвэрийн хэмжээнд Төв штаб ажиллаж байгаа бөгөөд 4 салбар штабыг үйлдвэрийн орлогч захирлууд хариуцан ажиллаж байгаа юм. Ерөнхий захирал хэлсэн үгэндээ “Коронавирусын тахал дэгдсэн, түүний уршгаар бий болсон эдийн засгийн хямралын үед хамтын оюун ухаан, эв нэгдэл, цех нэгж бүрийн эмх цэгц, зохион байгуулалтаар эрсдэлийг зайлуулж, хамт олон, үйлдвэрээ хамгаалах ёстой” хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.       Уулзалтын төгсгөлд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн Онцгой дэглэмийн хугацаа дууссан ч улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа энэ үед Эрдэнэт үйлдвэр ч бүсээ чангалан, хямралыг даван туулах болно, ингэхдээ ажлын байрыг хадгалж, хүрсэн түвшингээ бууруулахгүй байхад анхаарна гэдгээ мэдэгдлээ. Эрдэнэт үйлдвэр оны эхний 3 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100-107.8 хувиар биелүүлж, өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд гүйцэтгэлээ ханган ажиллаж байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 3 дугаар сарын төлөвлөгөөгөө бүх үзүүлэлтээр биелүүллээ

    Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 оны эхний улирал болон 3 дугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэлээ. Уурхайчид оны эхний улиралд 6307 мянган метр куб уулын цул гаргаж төлөвлөгөөг 103.1 хувиар биелүүлсэн бол 3 дугаар сард уулын цул гаргалтын гүйцэтгэл 2123 мянган метр куб, төлөвлөгөөний биелэлт 101.6 хувьтай байв. Хөрс хуулалтын ажлын төлөвлөгөө эхний улиралд 104.8 хувь, 3 дугаар сард 100 хувиар тус тус биелжээ. Тэгвэл нэгдүгээр улиралд уурхайчид 9072 мянган тонн, 3 дугаар сард 3060 мянган тонн хүдэр тус тус олборлож, төлөвлөгөө 101-102.9 хувийн биелсэн үзүүлэлттэй байна. Баяжуулах үйлдвэрт өгөх хүдрийн төлөвлөгөө 101 хувиар биелж, исэлдсэн хүдэр олборлолт 107-115 хувиар биелсэн дүн гарчээ.   Баяжуулагчид 2020 оны эхний улиралд 8108 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 101 хувиар биелүүллээ. Харин 3 дугаар сард 2730 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөө 102.5 хувийн биелэлттэй байв. Эхний улирлын үзүүлэлтээр хүдэр дэх зэсийн агуулга 0.454 хувь, молибдены агуулга 0.0163 хувьтай байсан бол 3 дугаар сард зэсийн агуулга 0.455 хувь, молибдены агуулга 0.0167 хувьтай гарчээ. Дээрх хугацаанд зэс болон металл авалтын төлөвлөгөө 100 - гаас дээш хувиар биелэв. Эрдэнэт үйлдвэрийнхэн оны эхний улиралд 142331 тонн зэсийн баяжмал, 1403 тонн молибдены баяжмал ачуулж төлөвлөгөөний биелэлт 101-110 хувьд хүрсэн байна. 3 дугаар сарын дүнгээр 47118 тонн зэсийн баяжмал, 459 тонн молибдены баяжмал ачуулж, төлөвлөгөөгөө 100-112 хувиар биелүүллээ. Ачигдсан баяжмал дахь зэс, молибдены төлөвлөгөө улирал болон сарын дүнгээр 100-115 хувиар, баяжмалын чанарын төлөвлөгөө 102-104 хувиар тус тус биелсэн үзүүлэлттэй байна.   М.Балжинням Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Тээвэр ложистикийн төвийн бараа материалын агуулахад засвар хийж байна

    Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр ложистикийн төвийн гурван агуулахад засвар хийж, шалыг нь иж бүрэн сольж байна. 2020 онд тус цехэд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудын нэг нь энэ засвар юм. 1,2,3 дугаар төв агуулахын байрны засварыг Барилга засварын цех гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар засварын ажлын гүйцэтгэл 60 хувийн биелэлттэй байгаа аж. Тээвэр ложистикийн төв нь бүх төрлийн бараа материал, тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл хадгалах  зориулалттай, тус бүр нь 1440 метр куб багтаамж бүхий 8 төв агуулахтай. Эдгээрт сүүлийн 20-иод жил засвар хийгээгүй байсан. Удахгүй 5 дугаар төв агуулахын байранд хийх засварын ажилэхэлнэ” гэж Барилгын хяналтын инженер Г.Батбилэг ярилаа. Мөн Тээвэр ложистикийн төвийн зүтгүүрийн депогийн ажилчдын гуанзны байрыг өргөтгөн тохижуулж байна. Хуучнаар Материал техникийн хангамжийн бааз, Төмөр замын цехүүд нэгдэж, ажилчдын тоонэмэгдсэнээр ажилчдын гуанзыг өргөтгөх шаардлагатай болжээ. Өмнө нь тус цехийн ажилчдад зөөврийн хоолоор үйлчилдэг байсан бол хоолны танхимыг өргөтгөж, гал тогооны бүрэн тоног төхөөрөмж суурилуулснаар нэг ээлжинд 160 хүнийг халуун хоолоор хангах боломжтой болсон байна. Энд Хаан хүнс компанийн салбар халуун хоолоор үйлчлэх аж. Ингэснээр ажилчдын эрүүл мэнд болон  эрүүл ахуйн аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлнэ. Ажлын байрны нөхцөл сайжруулсан хөрөнгө оруулалтын дээрх ажлуудад нийт хагас тэрбум төгрөг зарцуулжээ.           М.Балжинням  Дэлгэрэнгүй...
  • Ариутгал халдваргүйтгэл хийх автомашины түлхүүрийг аймгийн Онцгой комисст гардууллаа

    Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ариутгал халдваргүйтгэлийн ажил өнөөдөр хийгдэж байна. Өдрийн 13:00 цагт эхэлсэн энэ ажилд зориулан дизель хөдөлгүүртэй, 4 тонн уусмалын багтаамжтай, 66 сая төгрөгийн үнэ бүхий автомашины түлхүүрийг аймгийн Онцгой комисст гардууллаа. Орхон аймгийн иргэдийн сэтгэлийн өглөг, хандив болгож нийт 51 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 150 гаруй сая төгрөг цугласан бөгөөд уг мөнгөнөөс тусгай зориулалтын автомашин худалдан авч, иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж байгаа гэдгээ Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут энэ үеэр онцолсон. Мөн Улсын Онцгой комиссоос Баян-Өндөр суманд алсын тээвэрлэлт хийх зориулалттай, туулах чадвар өндөртэй автомашин өгснийг холбогдох албаныханд хүлээлгэн өглөө. Аймгийн хэмжээнд 18:00 цаг хүртэл нийтдээ 1.4 сая м.кв талбай бүхий цардмал зам, талбай, гудамжинд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж, цаашид тодорхой хугацааны давтамжтай хийхээ албаныхан мэдэгдсэн юм. Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут иргэдэд хандан, “Төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарч, сэтгэлийн дэм үзүүлсэн Эрдэнэтчүүддээ баярлалаа. Хайртай хүмүүсээ хамгаалахад хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна” хэмээсэн.    И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Аймгийн хэмжээнд их цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна

    Улсын Онцгой комиссоос ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу аймгийн хэмжээнд Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/192 тоот захирамж гарч, аймгийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна. Захирамжийн дагуу аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагууд өчигдөр буюу 03 дугаар сарын 31-ний өдөр ойр орчмын зам талбайд их цэвэрлэгээ зохион байгууллаа. Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүд ажлын байрныхаа орчинд их цэвэрлэгээ хийж, Урт цагаан худалдаа үйлчилгээний гудамжинд байрлах үйлчилгээний байгууллагууд явган зам, баганыг хөөсөөр угааж үлгэр жишээ цэвэрлэлээ. Аймгийн хэмжээнд зохион байгуулах ариутгал халдваргүйтгэлийг өнөөдрийн 13.00-18.00 цагийн хооронд хийхээр товлож, автомашины гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар болоод байна. И.Чинтогтох   Дэлгэрэнгүй...
  • Хүн амд шаардлагатай тусламж үйлчилгээг тасалдуулахгүй хүргэхийг ДЭМБ-аас санууллаа

    Коронавируст халдвар (COVID-19)-ын цаг үеийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийлээ. ДЭМБ-ын 03 дугаар сарын 30-ны мэдээлэлд 203улс оронд COVID-19вирусын халдвар тархаж, нийт 774,621тохиолдлоос 156,669нас баралт бүртгэгдээд байгааг мэдээллээ. Ингэхдээ 20 хувь нь импортлогдсон тохиолдлоор, 80 хувь нь голомтлон тархах замаар өвчилж, шинж тэмдэггүй тохиолдлын тоо хэд хэдэн оронд бүртгэгдэж, арлын хоёр бүс нутагт шинэ тохиолдол илэрсэн байна. Нийт өвчлөлийн тоогоор АНУ, Итали, Иран, Испани, Франц улс өндөр тархалттай байгаа бөгөөд эмнэлгийн ачаалал, эрүүл мэндийн ажилтны хэрэгцээ эрс нэмэгдсэнээс болж эмнэлгүүд ачааллаа даахгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл алдагдахад хүрчээ. Цар тахалтай тэмцэж байгаа энэ үед хүн амд шаардлагатай тусламж үйлчилгээг тасалдуулалгүй хүргэх хэрэгтэйг ДЭМБ-ын Ерөнхий захирал ээлжит хурлын үеэр онцолж байна. Вирусын хөл хорионд орж тусгаарлагдсан 3 тэрбум гаруй хүнд зориулсан уриалга гаргасныг хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа. Тус уриалгад, хөл хорионд байгаа хүмүүс сэтгэлзүйн хувьд эрүүл байж, өөрийгөө хөгжүүлэх, сэтгэлээ амар амгалан байлгахад чиглэсэн зөвлөмж зөвлөгөөг дагах хэрэгтэй хэмээжээ. Мөн энэ хүрээнд гадаад хэл, иог бясалгал, дасгал хөдөлгөөн, дуу, бүжиг, хөгжим, ардын уран зохиол, оньсого, таавар, уламжлалт тоглоом зааж сургах чиглэлээр танин мэдэхүйн хөгжөөнт нэвтрүүлэг явуулж, цар тахлын үед иргэдээ дэмжин ажиллахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриаллаа. Цаашид халдвар тархах эрсдэлтэй байгаа тул ДЭМБ-аас шинээр 3 заавар гаргажээ. Үүнд, нэгдүгээрт, барилга байгууламж, хөнгөн майханд тусгаарлах өрөөг хэрхэн бэлтгэх, хоёрдугаарт, биеийн байдал хөнгөн өвчтөнийг халамжлахад нийтийн байгууламжийг хэрхэн ашиглах, гуравдугаарт, эмчилгээний төвийг хэрхэн байгуулах талаар зөвлөмжийг хүргүүлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр өдөрт 100 гаруй мянган хүнд шинжилгээ хийх боломжтой болсноо мэдэгдсэн бөгөөд одоогоор нэг сая гаруй америкчуудыг шинжилгээнд хамруулжээ. Мөн АНУ-ын Хүнс, эмийн агентлаг хэрэглэсэн N95 амны хаалтыг халдваргүйжүүлж, ариутган дахин хэрэглээнд оруулах технологи бүхий машиныг ашиглах зөвшөөрлийг олгожээ. Ингэснээр нэг машин өдөрт 120 мянга хүртэлх тооны амны хаалтыг ариутгаж, дахин ашиглалтад гаргах юм. Тэдний үзэж буйгаар нэг амны хаалтыг 20 удаа энэ маягаар ашиглах боломжтой хэмээн үзжээ. Тус улсын “Форд моторс” компани, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч ЖиИ компанитай хамтран амьсгалын аппарат үйлдвэрлэхээр болсноо мэдэгджээ. 3 сарын хугацаанд амьсгалын 50 мянга гаруй аппарат үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Харин Нью-Йорк хотод 1000 ор бүхий цэргийн хөлөг онгоцыг татан байршуулжээ.       БНСУ-ын Сөүл хотноо сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь гадаад улсаас эх орондоо ирсэн иргэдийн 70 орчим хувь нь Сөүлийн эргэн тойронд амьдардагтай холбоотой хэмээн тайлбарлажээ. Халдварын голомт тус бүс нутагт бүрэн хяналтад ороогүй тул тус улсын Ерөнхий сайдын мэдэгдлийн дагуу хичээлийн шинэ жилийг 4.9-нөөс эхлүүлж, ингэхдээ цахим сургалт явуулахаар болоод байна.    Манай улсын хувьд ХӨСҮТ-д 03 дугаар сарын 30-нд тусгаарласан 7 хүнээс коронавирус илрээгүй бөгөөд 218 хүнийг хяналт шинжилгээнд хамруулжээ. Мөн эрүүл мэндийн салбарынхан тусгаарлагдсан иргэдийг уур бухимдлаас нь үүдэн хугацааг нь богиносгох боломжгүй тул нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй хандахыг хүслээ. Тэд Монгол Улс шиг хилийн чанадаас иргэдээ татан авч, 5 одтой зочид буудалд байрлуулан, эмч нараараа хоол зөөлгөж байгаа улс орон байхгүйг сануулсан юм. АНУ, Англид чөлөөнд гарсан эмч нараа уриалга гарган дайчилж эхэлсэн бол Харвардын Их сургууль анагаахын чиглэлээр төгсөх ангийн оюутнуудаа урьдчилан төгсгөж, эрүүл мэндийн салбартаа ажиллуулж байна. Иргэдээ эх орондоо авчирж, эмчилж, эдгээж, эрүүл мэндэд нь анхаарч байгаад талархал илэрхийлсэн олон захиа ЭМЯ-нд ирснээс нэгэн захианд, “Мухардсан иргэдээ ах дүүгийнх нь дэргэд авчирсан нь Монголын төр засгийн гавьяа. Халдвартай ирсэн ч цөөхөн Монголчуудын минь нэг шүү дээ” хэмээсэн байжээ. Хүн стрессгүй байх нь эмчилгээний 50 хувь болдог тул тэдгээр захиа сэтгэлийн их дэм өгч байгааг эмч нар онцоллоо.   Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотноо 8000 гаруй цагдаа, олон нийтийн 2445 цагдаа, 1992 эргүүлийн ажилтан, нэмэлтээр 3824 хүн “COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мөн Катараас цэргийн онгоцоор ирж байгаа 42 иргэнийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулна гэдгээ мэдэгдлээ. И.Чинтогтох  Дэлгэрэнгүй...
  • Дулааны цахилгаан станцад эрдэм шинжилгээний шинэ туршилт нэвтрүүлнэ

    Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад Турбин Хими ус бэлтгэл, Дулаан-Химийн туршилт судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийгдэж дууссан байна. Энэ ажлыг Улаанбаатар хотын “Гоулден резин” ХХК-ийн мэргэжилтэн, Шинжлэх ухааныдоктор С.Буянтогтох болон тус станцын Ерөнхий инженер Д.Дарханбаяраар ахлуулсан Турбин Хими ус бэлтгэлийн хэсэг, Зуухны хэсгийн инженер техникийн ажилтнуудын баг хамтран гүйцэтгэжээ. Угэрдэм шинжилгээ, судалгааны хүрээнд мэргэжлийн нарийн хэмжилт туршилтууд хийж, зөвлөх үйлчилгээ авсан бөгөөд цаашдын ажилдаа нэвтрүүлэн технологи ажиллагааг сайжруулах, зардал бууруулах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа аж. Тухайлбал, Дулааны цахилгаан станцын ус бэлтгэл буюу дулаан химийн үйл ажиллагаа нь маш нарийн горим технологитой. Үүнд хэрэглэгдэж байгаа химийн боловсруулсан ус, түүнээс гарах уурын чанар маш өндөр зэрэглэлийнх байх шаардлагатайг дээрх шинжлэх ухаан судалгааны ажлын үр дүнд тодорхойлсон байна. М.Балжинням Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Байгаль орчны ажилтнууд цагаан тоосны талбайд уртасгасан цагаар ажиллаж байна

    Хавар цагийн онцлог, цаг агаарын өөрчлөлтөөс шалтгаалан Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хуримтлагдсан элс буюу бидний нэрлэж заншсанаар цагаан тоосны дэгдэлт нэмэгдэх хандлагатай болдог. Тиймээс энэ улиралд цагаан тоос дарах ажлыг улам эрчимжүүлж, байнгын үйл ажиллагаагаар ханган ажиллах шаардлагатай гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд онцлов. Энд Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс болон Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах ажлын алба, Авто тээврийн цехийн ажилтнууд уртасгасан цагаар буюу амралтын бямба, ням гаригт ч тасралтгүй ажиллаж эхэлжээ. Хуурайшилтын улиралд салхины хурд нэмэгдэж, цаг агаарын нэмэх хасах температурын өөрчлөлт зэрэг нь цагаан тоосны дэгдэлт үүсэх гол шалтгаан болдог бөгөөд хар шороон хөрсөөр хучих, усны машинаар норгох,  кальци хлоридын уусмал найруулж шүрших аргыг өдөр бүр ашиглаж буйг Байгаль орчин, Ногоон хөгжлийн хэлтсийн Байгаль орчны мониторинг сургалт хариуцсан инженер Н.Наранчимэг хэллээ.   Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуй нь нийт 2098 га талбайг эзэлж байна. Үүнээс 1437 га нь хуурай талбай бөгөөд  897 га талбайг  цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн бүс гэж үздэг. Өнгөрсөн жилээс үйлдвэрийн Байгаль орчин, Ногоон хөгжлийн хэлтэс, Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах ажлын алба, Судалгааны төвийн мэргэжилтнүүд хамтран  дэгдэлтийн нийт талбайн 700 орчим га газарт тоос дарах ажлыг үе шаттай хийсэн юм. Ингэхдээ хаягдал булингыг дарагч бодистой хольж барьцалдуулах, зориулалтын техник ашиглан усаар норгож, шүрших, өвөл зуны хаялтын үед хөрсөөр хучих зэрэг технологийн гурван аргыг хослуулсан нь үр дүнгээ өгч, нийт талбайн цагаан тоосны 80-90 хувийг даржээ. М.Балжинням Фото: Б.Ялалт Дэлгэрэнгүй...
  • “Энэрэл” төвийн хүүхдүүд шинэ спорт залаа удахгүй хүлээн авна

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, нийгмийн хариуцлагын хүрээнд дэргэдээ хүүхдийн халамжийн “Энэрэл” төвийг байгуулан, ажиллуулж ирсэн. Асран хамгаалах хүнгүй, аав ээжийн хайр халамжаар дутуу олон хүүхдийг хайр халамжаар энэрэн өсгөж, ажил амьдралын замд хөтөлсөн тус төв нь баялаг бүтээгч уурхайчдын халуун сэтгэл, хөдөлмөр зүтгэлийн үр шим юм. Энэ төвд өсөж буй хүүхдүүдэд зориулсан олон талын бодлого, нийгмийн дэмжлэгийн нэг хэсэг болох бүтээн байгуулалт удахгүй ашиглалтад орно. 2018 онд тохиосон Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн үеэр тус төвд стандартын иж бүрэн тохижилттой спорт заалыг барьж өгөх шийдвэр гарсан юм. Тэрхүү шийдвэр эдүгээ биеллээ олж, төвийн дэргэд шинэ спорт заал сүндэрлэжээ. Уг барилгыг улсын комисс хүлээж авахад бэлэн болсон байна. Ингэснээр хүүхдүүд шинэ зааланд чөлөөт цагаа өнгөрөөж, спортын олон төрлөөр хичээллэх боломж бүрдэнэ гэж “Энэрэл” төвийн эрхлэгч М.Майцэцэг ярив. “Энэрэл” төвд өнөөдрийн байдлаар, 1-18 насны 57 хүүхэд сурч, хүмүүжиж байна. Тэдний тав нь Монгол Улсын Боловсролын Их сургууль, Үндэсний Их сургууль, ШУТИС зэрэг их дээд сургуулиудад суралцдаг аж. Төвийн байранд шинэ төрлийн корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэм бүрэн тогтоож, ээлжийн багш, эмч нараас бусад хүн гаднаас нэвтрэх, хүүхдүүдтэй ойр байх зэргийг хязгаарлаад байна.  Одоогоор төвийн хүүхдүүд ямар нэг ханиад томуугаар өвдөөгүй, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж, урьдчилан сэргийлж байна. Нөгөө талаар, хаврын элсэлтийн шалгалтын бэлтгэл эхэлсэнтэй холбогдуулан цахим хичээлд хүүхдүүдээ бүрэн хамруулж, нэмэлт мэдлэг өгөх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэр тусмаа хорио цээрийн үеийг үр өгөөжтэй ашиглах, мэдлэг чадвар өгөх зорилгоор Энэрэл төвийн багш нар сургалтын хөтөлбөрөө илүү баяжуулан боловсруулжээ. Тухайлбал, гар урлал, хүүхдийн сэтгэхүйн хөгжилд тустай Монгол наадгай, танин мэдэхүйн  “Би хэн бэ”, Эдийн засгийн анхны ойлголт зэрэг өргөн сэдвүүдээр хичээлээ бэлтгэн, хүүхдүүдэд сонирхолтой, үр дүнтэй цагийг өнгөрүүлэх боломж  өгч байна.   М.Балжинням Фото: Б.Ялалт Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Бидний тухай

   Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн технологич инженер Д.Золбооцэцэг Эрдэнэт үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангахад гар бие оролцож яваа боловсон хүчний нэг яах аргагүй мөн. Тэрээр үйлдвэрийн бүтээмж, инновацийн ажилд идэвхтэй оролцож, Сайн саналын системд хоёрд дахь удаагаа шилдгүүдийн эгнээнд жагсжээ. Монголын бахархал болсон Эрдэнэт үйлдвэртэйгээ хувь заяагаар холбогдсон Д.Золбооцэцэгтэй ярилцаж, хийхээр төлөвлөсөн ажлынх нь нэгээхэн хэсгээс хуваалцлаа.

   - Цэвэрлэх байгууламжийн хэсэг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ? Таны хувьд үйлдвэрт ажиллаад удаж байна уу?
   - Манай хэсгийн 71 ажилчин 12 бүтээмжийн дугуйланд хуваагдаж, цех болон хэсгийн хэмжээнд зохиогдож байгаа уралдаан тэмцээнд амжилттай оролцдог. Инженер, техникийн ажилчид маань нийт ажиллагчдынхаа сайн саналын системд оролцох идэвхийг өдөөж, идэвхжүүлэх, зөвлөх, чиглүүлэх үүрэг гүйцэтгэж байна. Би 2004 онд ШУТИС-ийг төгсөж ирснээс хойш 15 дахь жилдээ Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. Ус хангамж, ус цэвэрлэгээний инженер мэргэжилтэй. Өнгөрсөн хугацаанд Цэвэрлэх байгууламжийн хэсэгтээ оператор, насосны машинч, мастераас технологич хүртэл дэвшин ажиллалаа.
  
   - Ажлаасаа авдаг урам зориг гэвэл юуг нэрлэх вэ?
  
- Монголын бахархал болсон уул уурхайн томоохон аж ахуйн нэгж Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа минь хамгийн том бахархал юм уу даа. Цэвэрлэх байгууламжид ажиллаж байгаа бидний хувьд экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс ч хүний бохирдуулсан усыг стандартын түвшинд цэвэршүүлж, байгаль орчинд нийлүүлж байгаагаа бахархалтай сайхан ажил хийж байна гэж боддог. Нэг ч удаа ажил мэргэжлээсээ цааргалж, хойш сууж байгаагүй. Олон шат дамжлага, нарийн процесс явагддаг тул тэр бүрийд өөрийн ур чадвар, мэргэжлийн давуу талаа гарган ажиллаж байна. Энэ бүхэн мэргэжлийн бидэнд ажлаараа бахархах маш том боломж.
 
   - Бүтээмжийн чиглэлээр хэдэн санал гаргаж, үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна?
   - Он гарсаар зургаан шинэ санал гаргасан. Бүгд үйлдвэрлэлд нэвтэрч, хэрэгжилт 100 хувьтай дүгнэгдсэн. Цаашдаа гаргах шинэ саналууд бий. Хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Сайн саналын системд нэвтрүүлж байгаа бидний ажлууд эдийн засгийн үр ашгаа мэдэгдэхүйц байдлаар өнөөдөр өгөхгүй ч гэлээ ажилчдад өгч байгаа урамшууллын хэлбэр, урам зориг, идэвхжүүлэлт нь маш өндөр гэж хардаг. Бүтээмжийн чиглэлээр хувь хүн санал гаргаж хэрэгжүүлэх ажил нэг үеэ бодоход жигдэрч, ойлголт сайтай болсон. Одоо бүтээмж чанарын дугуйлангаараа хамтарч ажиллах тал дээр чиглэл өгч, ахлагч нарыг сургалтад хамруулан, туршлага судлуулах ажлыг маш сайн зохион байгуулах хэрэгтэй юм шиг санагдаж байна.

   - Ойрын үед хэрэгжүүлэх шинэ саналынхаа тухай мэдээлэл өгөхгүй юу?
   - Бид энэ онд Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухааны хүрээлэнтэй хамтран, цэвэрлэх байгууламжаас гарч байгаа түүхий тунадас буюу лагийг үнэргүйжүүлэх ажлыг хийж байна. Энэ маань инновацийн түвшний том ажил болох юм. Лагийг усгүйжүүлэх ажлынхаа бэлтгэлийг хангаж эхэлсэн. Үр дүн нь оны сүүлээр гарна. Эргэн тойронд үнэртээд байгаа хаягдал лагаас усыг нь шүүх замаар үнэргүйжүүлэх энэ ажлынхаа туршилт судалгааг хэд хэдэн газартай хамтран хэрэгжүүлнэ.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Орхон аймаг дахь салбарын хамтын ажиллагааны хүрээнд тус үйлдвэрийн удирдлага,  орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчидтэй “Зангиагүй” уулзалт зохион байгуулдаг.  Улс болон орон нутгийн төсөвт жинтэй хувь нэмэр оруулж, Орхон аймгийн хөгжил дэвшилд том орон зай эзэлж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагаа, амжилт бүтээл, цаашдын зорилтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд хүргэж, тэдний санал бодлыг сонсох, сонирхсон асуултад илэн далангүй хариулт өгөх зорилготой Ерөнхий захирлын “Зангиагүй” уулзалт өнөөдөр боллоо.
   Уулзалтын эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Эрдэнэт үйлдвэрийн тухай үнэн бодитой мэдээ мэдээллийг түгээж, хамтын ажиллагааны талбарт гар ганзага нийлж яваа сэтгүүлчдэдээ талархаж буйгаа илэрхийлээд, үйлдвэрийнхээ өнөөгийн байдал, цаашдын зорилт, чиглэлийн талаар мэдээлэл хийв. Монгол Улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл”, түүнд туссан бодлого хөтөлбөрүүдийг танилцуулж, урт хугацааны энэ зорилтоо хэрэгжүүлэхдээ тав таван жилээр төлөвлөж ажиллахаа Ерөнхий захирал тодотголоо.
   Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын цаашдын үйл ажиллагааны бодлого  “Таван хуруун”-ы зарчмаар хэрэгжинэ. Уурхайн насжилт уртсаж, нөөц баялаг өсөх нь Эрдэнэт үйлдвэр урт удаан хугацаанд оршин тогтнох үндсийн үндэс болж, өөрөөр хэлбэл гарын таван хурууны тулгуур асуудал болно. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгагдсан эхний зорилт Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл юм.  Уг төслийг шат дараатай хэрэгжүүлэх зорилгоор геологи хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг 2016 онтой харьцуулахад 2017 онд хоёр дахин, 2018 онд 3.2 дахин нэмэгдүүлж, 67 мянган тууш метр өрөмдлөгийн ажил хийсний үр дүнд “Эрдэнэтийн-Овоо” ордын ашиглалтын хугацааг 20 орчим жилээр уртасгаж, Эрдэнэт үйлдвэр 60 жил ажиллах боломж бүрдэж байна. Урт хугацааны хөгжлийн бодлогын дараагийн хөтөлбөрүүд нь олборлох үйл явцыг боловсронгуй болгох, өөрөөр хэлбэл техник технологийн шинэчлэлийн төслүүд тусгагджээ. Тухайлбал,  Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төсөл, Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн төсөл, Засвар механикийн заводыг өргөтгөн шинэчлэх төсөл, Уусган баяжуулах технологиор катодын зэс үйлдвэрлэх төсөл, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслүүд хэрэгжиж,  бодит ажил болсноор 1000 гаруй ажлын байр шинээр бий болох боломжтой юм. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны хамгийн сүүлийн үеийн мэдээлэл хүргэсний  дараа Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа 2019 оны эхний хагас жилийн эдийн засаг, үйлдвэрлэлийн үзүүлэлт, үр ашгийн талаар мэдээлэл хийв.
   Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон 2019 оны эхний хагас жилийн байдлаар  хүдэр олборлолт болон боловсруулалтын төлөвлөгөөг 102.8 хувиар биелүүлж, нийт 16.2 сая тонн хүдэр боловсруулжээ. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 452.1 мян. тонноор илүү хүдэр боловсруулсан үзүүлэлт юм. 2019 оны эхний 6 сарын байдлаар зэс, молибдены баяжмал үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 102-105 хувиар биелүүлж, 291.94 мян. тонн зэсийн баяжмал, 2.5 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлээд байна.
   Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийг дагаад эдийн засгийн үзүүлэлтүүд ч сайн байна. Эхний хагас жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 1 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, төлөвлөгөөг 106.2 хувиар биелүүллээ. Үйлдвэрлэл, эдийн засгийн гол үзүүлэлт болох үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 1 төгрөгт ногдох зардлыг 3 хувиар бууруулж ажиллалаа. Үүний үр дүнд 2019 оны эхний хагас жилд Эрдэнэт үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 530 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
   “Зангиагүй” уулзалтын үеэр Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн Б.Мөнгөнтуяа орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаа дэмжих, сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын зүгээс үзүүлж буй тусламж, дэмжлэг, хамтын ажиллагааны үр өгөөжийн талаар мэдээлж, мэргэжлийн сэтгүүл зүйг орон нутагт хөгжүүлэх, сэтгүүлчдэд  урам зориг өгөхөд гарч буй ахиц дэвшилд талархаж байгаагаа дурдлаа. Мөн МСНЭ-ийн салбар,  Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд орон сууцны асуудлаа шийдүүлсэн болон гадаад болон дотоодын аялалд хамрагдсан сэтгүүлчдийн төлөөлөл баярласнаа илэрхийллээ.
   Сэтгүүлчид мэдээллийн дараа сонирхсон асуултдаа хариулт авлаа. Эрдэнэт үйлдвэр “Ногоон хөгжлийн төв”-өө түшиглэн аялал жуулчлалын нэг өдрийн хөтөлбөртэй болох боломж, хотын төв хэсэгт байрладаг хөл бөмбөгийн талбайн тохижилтод хөрөнгө оруулах, сэтгүүлчдийн төлөөллийг гадаадын зарим томилолтын багийн бүрэлдэхүүнд оруулах зэрэг саналыг энэ үеэр Ерөнхий захиралд уламжлав. Судалж, бүхий л боломжит хэлбэрээр цаашид хамтран ажиллахаа Ерөнхий захирал илэрхийлж, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрээ хөгжүүлэхэд мэдээллийн үнэн зөв, бодитой байдал, сэтгүүлзүйн соён гэгээрүүлэх үүрэг, оролцоо юу юунаас илүү чухал болохыг онцлон, энэ үйлстээ өндөр амжилт гарган сайн ажиллахыг сэтгүүлчдэд хүсэн ерөөлөө.

М.Балжинням
Фото Б.Баттөгс 

Баасан, 28 6-р сар 2019 00:00

Цувих шугамын шинэчлэл эхэллээ

   Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цехийн үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх ажлын хүрээнд үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулж эхэллээ. Шинэчлэлийн хүрээнд дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд 1.4 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтыг нөхөх тооцоо гарчээ. Ажлын хэсгийнхэн БНХАУ-д ажиллаж, судалгаа хийсний дүнд энэ төрлийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудыг сонгон, хамтран ажиллахаар болсон байна. Ийнхүү, ган бөөрөнцгийн үйлдвэрлэлд шинэчлэл хийснээр хүчин чадал нэмэгдэхээс гадна ажлын байрны орчин нөхцөл эрс сайжирч, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурах юм. Тус цехийн хамт олон нүүрс хийжүүлэх зуухнаас татгалзаж, индукцийн технологи сонгосноор бүтээгдэхүүний өөрийн өртгийн зөрүүнээс жилдээ тонн тутамд 950-иад сая төгрөг хэмнэх боломж бүрдэнэ. Удахгүй шинэ шугамын суурийн ажил эхлэх бөгөөд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, суурилуулалт, жигдрүүлэлтийн ажлыг энэ оны 12 дугаар сар хүртэл хийхээр төлөвлөжээ. Эрдэнэт үйлдвэр 2020 оноос өмнө шинэ шугамаар ган бөөрөнцөг үйлдвэрлэхээр зорьж байна.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтэс ямар чиг үүрэгтэй ажиллаж байгааг тодруулахаар хэлтсийн дарга Д.Өнөбаттай ярилцлаа.

   - Нийгмийн харилцааны хэлтсийг шинээр бий болгосон нь ямар давуу талтай вэ?
  
- Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэн, үйл ажиллагааны цар хүрээгээр хот дагуулсан аж ахуйн нэгжийн хэмжээнд өргөжин тэлсэн. Хариуцлагын асуудал нь цоо шинэ зүйл биш юм. Энэ оны тавдугаар сарын 20-ны өдөр Нийгмийн харилцааны хэлтсийн үйл ажиллагааны журам батлагдсан.  Цаг үеийн хэрэгцээ шаардлагаас хамааран нийгмийн харилцаа, хариуцлагыг хэлтсийн зохион байгуулалтад оруулах нь оновчтой гэж удирдлагуудын зүгээс харсан болов уу.
   Манай хэлтсийн тухайд үйлдвэрийн газрын дотоод, гадаад нийгмийн харилцааг оновчтой зохион байгуулахад чиглэсэн судалгаа, шинжилгээг тогтмол хийж, урт, дунд, богино хугацааны эрэлтийг тодорхойлон, урьдчилан тооцоолол гаргах, нийгмийн дэмжлэг, тусламжийн бүхий л сангийн зардлыг үр өгөөжтэй зарцуулагдаж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэй. Чиг үүргийнхээ дагуу нийгмийн 10 цехтэй хамтран ажиллана.

   - Таны хувьд ажлаа юунаас эхлэв? 
   - Энэ цаг үед миний хийх ёстой ажил гэж хүлээн авсан. Баялаг бүтээгчдийнхээ ажил, амьдралыг зэрэгцэж явах ёстой гэж би боддог. Өөрөөр хэлбэл, гэр бүлд нь очих дэмжлэг, тусламж цаг хугацаандаа хүрдэг, амар амгалан амьдрах нөхцөл боломжоор хангагддаг байх ёстой. Ингэж чадвал тухайн хүний хөдөлмөрийн бүтээмж дээшлэх нь гарцаагүй. Ажлаа хүлээн аваад гар нийлэн ажиллах хамт олноо найман хүнээр бүрдүүллээ.

   - Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх томоохон төслүүдээс танилцуулна уу?
   - Хэрэгжүүлж байгаа томоохон ажлаар орон сууцны төсөл хөтөлбөрүүдээ нэрлэх нь зөв байх. Үйлдвэрийн ахмадууд хоёр, гурав дахь үеийнхэнд халаагаа өгчихлөө. Анхдагчдаа орон сууцаар хангаж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэж байсан үе ард хоцорч, залуу үеэ анхаарах цаг болжээ. Энэ асуудлыг шийдвэрлэхээр орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилгыг үйлдвэрийн удирдлагууд дэвшүүлсэн. Улмаар Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дэмжлэгтэйгээр 1300 айлын орон сууцны хөтөлбөрийг энэ хавар эхлүүллээ. Энэ бол бидний хүлээлтээс илүү том ажил.
   Уурхайчдын хороолол барих төсөл, хөтөлбөрийн хүрээнд 300 айл бүхий “Уурхайчин 1”, 600 айл бүхий “Уурхайчин 2”, 400 айл бүхий “Уурхайчин 3” гэсэн орон сууцны цогцолбор барих бүтээн байгуулалт хийгдэнэ. Эрдэнэт үйлдвэрийн нийт ажиллагсдын 65.5 хувь буюу 3947 ажилтан орон сууцны нөхцөлөө сайжруулах, шинээр орон сууц авах хүсэлт, өргөдөл гаргасан байдаг. Гэтэл үйлдвэрээс орон сууц хувьчилж авсан ажиллагсдын 90 хувь нь тэтгэвэртээ гарсан. Энэ асуудлыг шийдвэрлэхэд орон сууцаар хангах бодлого хамгийн чухал байгаа юм. Бидний төлөвлөснөөр 2021 онд “Уурхайчин 1” хорооллыг ашиглалтад хүлээн авч, 2022 онд бүрэн дуусгана.   

   - Нийгмийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа бусад ажлын тухайд?
   - Нийгмийн цехийн ажилчид бусдын аятай таатай нөхцөлийг бүрдүүлж, тэдэнд эерэг сэтгэгдэл төрүүлэхийг чухалчилж ирсэн. Энэ утгаараа үйлчилгээний менежментийг стандартчилж, зөв нэвтрүүлэх хэрэгтэй гэж харж байна. Ажилчдын эрүүл мэндийн асуудлыг онцгой анхаардгийн хувьд “Эрдэнэт” сувиллын цогцолбор маань маш сайн бэхэжсэн байх ёстой. Мөн “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын үйл ажиллагааг идэвхжүүлж, үйлдвэрийн ажилчин амрах нөхцөл боломжийг бүрдүүлнэ. Энэ жилээс эхэлж байгаа нэг томоохон ажил нь “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын бүс нутагт баригдах 210 хүний ор бүхий өвөл, зуны байр юм. Амралт, сувилал хэлбэрээр үйл ажиллагаа явуулах энэ байгууламж Сэлэнгэ мөрний хөвөөнд баригдана. Төсөл гүйцэтгэгчийн тендерийг Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсээс зарласан байгаа. 

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
 

 

 

   2018 оны сайн саналын системд 23 санал гаргаж, 19-ийг нь амжилттай  хэрэгжүүлсэн Т.Гантуяа “100 манлайлагч”-ийн дөрөвт эрэмбэлэгджээ. Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн “Шинжээч” бүтээмж чанарын дугуйлангийн ахлагч тэрээр ажил мэргэжилдээ өсөж яваа чадварлаг бүсгүй. Түүнтэй цөөн хором ярилцаж, сэтгэгдлийг нь хуваалцлаа.

  - Сайн саналын системийн эхний тавд эмэгтэй хүн багтсан нь үлгэр жишээ санагдлаа. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
  - 2017 оны долоодугаар сард www.erdenetmc.mn цахим сайт дээр тавигдсан зарын дагуу би мэргэжлийнхээ шалгалтыг өгч, сонгон шалгаруулалтаар энэ том үйлдвэрийн босгоор алхах аз завшаан тохиосон юм. Шинэ ажилтан байсан тул сайн саналын системийн талаар ямар ч ойлголтгүй байлаа. Удалгүй манай цех бүтээмж инновацийн мэргэжилтэнтэй болсноор заавар зөвлөгөө авч, 2018 оноос саналаа бүртгүүлж, идэвхтэй ажилласан. Лаборатори маань 2018 онд магадлан итгэмжлэлд орох байсан тул олон ажил хийж хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Энэ нь ч саналын системд дээгүүр бичигдэхэд нөлөөлсөн байх. Бид оны ажлаа дүгнэхэд лаборатори маань цехийн “Жишиг ажлын байр”, лабораторийн эрхлэгч “Шилдэг тэргүүний инженер”, миний хувьд “Хамгийн олон асуудал илрүүлэгч ажилтан”-аар шалгарсан. Лабораторийнхоо дөрвөн ажилтныг үйлдвэрийнхээ “100 манлайлагч”-д тодорсонд баяртай байна. 
 
   - Бүтээмжтэй ажиллах нь урам зориг, эрч хүч өгдөг талаар залуус ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?
  - Бид үйлдвэрлэлийн гол процесс дээр өндөр инновацитай ажил хийж чадахгүй ч гэлээ өөрсдийн хийж байгаа шинжилгээний чанараа дээшлүүлж, ажиллах орчноо тохижуулсаар байна. Манай лабораториор зочилсон хэнд ч эмх цэгц, аятай таатай ажлын байр шууд нүдэнд тусна. Бид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дөрөвдүгээр шатны үзлэгээр сайн үнэлэгдсэн. Ажлын байранд тулгамдсан аливаа асуудлаа шийдвэрлэж, түүнийгээ үнэлүүлж, урам зориг авах сайхан байна.

  - Багаар ажиллах нь хэр үр дүнтэй вэ?
  - Дөрвүүлээ хамтарч ажиллаад, нэгнийхээ гаргасан санааг хэрэгжүүлэх гэж хичээгээд явах үед л хамт олон бүрэлддэг бололтой. Нэгнийхээ зовлон, жаргалыг илүүтэй ойлгодог юм байна. Түүнчлэн, хийсэн ажлаа цех, хэсгийн удирдлагууддаа үнэлүүлж, түүнээсээ урамшаад ирэхээр удирдлагатайгаа харьцах харилцаа ч эелдэг, дотно болдог юм байна. Ус хангамжийн цех дөрвөн хэсгийн 21 бүтээмж чанарын дугуйлантай. Тэдгээрийн найм нь манай цэвэрлэх байгууламжийн хэсэгт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс засвар, цахилгааны дугуйлангууд хэдийнээ багаар ажиллаад сурчихсан.
   Харин манай лаборатори Судалгааны төвийн харьяаллаас 2017 онд шилжин ирсэн тул тавуулаа нийлж, “Шинжээч” нэртэй чанарын дугуйланг байгуулсан юм. Бид томоохон ажлаа багаар гүйцэтгэж, бие даан хэрэгжүүлэх боломжтой саналуудаа өөрийн нэр дээр бүртгэдэг. Аюулгүй ажиллагаа болон цахилгаан тоног төхөөрөмжтэй холбоотой саналуудаа засварын бригадын “Бод, сэтгэ, бүтээ”, цахилгааны “Эрчим” зэрэг бүтээмж чанарын дугуйлантай хамтран хэрэгжүүлэх маягаар ажилладаг. Нэг хэсэг дээр байгаа чанарын дугуйлангууд нөгөөгийнхөө үйл ажиллагааг дэмжихгүй л бол бүтээмжийн ажил урагшлахад хэцүү. Бүтээмжийн мэргэжилтэн маань энэ талын ойлголтыг бидэнд маш сайн өгсөн учраас хэн ч ажлаас хойш суудаггүй. Энэ дашрамд хамт олондоо үнэн сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.
  
  - Энэ онд ямар зорилго, зорилт тавив?
  - Дугуйлангаараа хамтран, нэгнийхээ гаргасан санааг илүү сайн дэмжих, түүнийгээ хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна. Мөн лабораторио үйлдвэрийн хэмжээнд жишиг ажлын байр болгох зорилт тавьсан. Энэ ажлынхаа хүрээнд үйлдвэрийн цех, нэгжүүдийн дунд зарласан хөтөлбөрт эхний шалгаруулалтаар тэнцлээ. Сайжруулалтын 14 ажлынхаа 50 хувийг гүйцэтгэсэн тул оны сүүлчээр болзлоо хангаж, жишиг болно гэдэгтээ итгэлтэй байна.
 
  - Усны лабораторийн үйл ажиллагааны онцлог юу вэ?
  - Манай лаборатори цэвэрлэх байгууламжид орж ирсэн бохир усанд шинжилгээ хийж, байгаль орчинд нийлүүлэгдэж байгаа цэвэршүүлсэн бохир усыг стандартын шаардлага хангасан эсэхэд хяналт тавьж ажилладаг. Ингэхдээ Монгол Улсын MNS 4943:2015 үзүүлэлтийг хангах нь чухал байдаг юм. Цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус нь хими, бактерилогийн үзүүлэлтээрээ халдварт өвчин үүсгэхгүй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ёстой. Энэ хүрээнд лабораторийнхоо ажлыг илүү чамбайруулахаар хичээж байна. Лаборатори маань саяхан хоёр дахь удаагийн итгэмжлэлээ авсан. Энэ нь манай шинжилгээний чанар, үр дүнг Монгол Улсын нутаг дэвсгэрт хаана ч хүчин төгөлдөр гэж хүлээн авах боломжтой болж байгаа юм. Манай цэвэрлэх байгууламжийн технологийн процессыг гайхах хүн олон. Энэ бүх ажлынхаа үр дүнг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг. /инээв/

  - Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг 2018-2019 оны хичээлийн жилд магистр, бакалаврын зэрэгтэй төгсөгч оюутнуудад диплом гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү ёслолын ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн урилгаар оролцож, Эрдмийн зөвлөлийн багш, инженерүүд төгсөгчдөд баяр хүргэж, батламж гардуулсан юм.
   Уул уурхайн мэргэжилтэй боловсон хүчнийг 44 дэх жилдээ бэлтгэж байгаа тус сургуулийг энэ хичээлийн жилд магистр 20, бакалавр зэрэгтэй 44 оюутан төгсөж байна. Технологийн сургууль 2014 оноос “Онц” дүнтэй суралцсан оюутнуудаа “Онцлох диплом”-той төгсгөж, тэдэнд Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламж гардуулдаг болсон. Батламжийн эздээр 3.2-оос дээш голч дүнтэй суралцсан Э.Цолмон, Э.Батхаан, Н.Алтангэрэл, Н.Баярмаа, М.Чулуундаваа, Б.Амарбуянт нарын зургаан оюутан шалгарлаа. Суралцагч Б.Амарбуянтын хувьд 3.6-аас дээш голч дүнтэй суралцаж, ШУТИС-ийн “Онцлох дипломтой төгсөгч”-өөр шалгарчээ.
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн оюутнуудад хандан хэлсэн үгэндээ, “Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийн Эрдмийн баяр энэ жил ихээхэн онцлогтой болж байна. Монгол Улсын төр засаг үйлдвэрийн үйл ажиллагаанд онцгой анхаарал хандуулж, сүүлийн 20 гаруй жилд байгаагүй шийдвэр гаргалаа. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас зургаадугаар сарын 5-ны өдөр баталсан, “Эрдэнэт үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 224 дүгээр тогтоол юм. Энэхүү тогтоол нь үйлдвэрийн алс ирээдүйг тодорхойлж, үйл ажиллагаагаа явуулах цар хүрээг тэлэх учиртай. Том төслүүдээ цаг алдалгүй эхлүүлэх эрхзүйн боломж нөхцөл бүрдсэнээр 1000 орчим ажлын байр бий болно” хэмээн онцоллоо. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн жигд, хэтийн төлөв тодорхой байгаа энэ цаг үед үйлдвэрт ажиллах батламжаа гардан авсан залуучууддаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүслээ.
   Бакалаврын түвшинд уул уурхайн долоон төрлөөр мэргэжилтэн бэлтгэдэг Технологийн сургууль “1+3”, “2+2” хөтөлбөрүүдийн хүрээнд ОХУ-ын Уралын их сургууль, АНУ-ын Аляскын Фейрбанксийн их сургууль, Тайвань улсын Кун Шаны их сургуультай хамтран ажиллаж байна.

И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс

   Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар Монголын уул уурхайн салбарын чадавхи дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, харилцан мэдлэг, мэдээлэл солилцох, шилдэг арга туршлагаасаа хуваалцах зэрэг чиглэлээр хоёр талын мэргэжилтнүүд хамтран ажиллана.
   Cанамж бичгийн хүрээнд талууд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны бодлого, дүрэм журмыг чанд мөрдөн уул уурхайн үр ашгийг дээшлүүлэх, өндөр хүчин чадалтай техник, технологи нэвтрүүлэх зорилгоор үйлдвэрлэлийн технологи, инноваци, менежмент, арга туршлагаасаа харилцан солилцох юм. Уг санамж бичгийг гурван жилийн хугацаанд мөрдөн ажиллах бөгөөд уурхайн үйл ажиллагаа, баяжуулах үйлдвэрийн төслийн хүрээнд бүтээн байгуулалт, дэд бүтэц, усан хангамжийн шийдэл, нөхөн сэргээлт, байгаль орчны удирдлагын тогтолцоо, орчны хяналт шинжилгээ, олон нийтийн оролцоот мониторинг, аюултай хог хаягдлын менежмент, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ажлын байр гэх мэт 18 чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ: “Манай хоёр үйлдвэр, үйлдвэрлэлийн техник технологи, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хамтарч ажиллана. Стратегийн ач холбогдолтой ордуудыг ашиглаж буй энэ хоёр үйлдвэрийн үйл ажиллагаа улс орон, бүс нутагт ил тод, үр өгөөжтэй байх талыг хамтын ажиллагааныхаа чиг шугам болгож байна. “Эрдэнэт” хүдэр олборлон баяжуулж, боловсруулдаг үйлдвэр. 40 гаруй жил амжилттай, дурсамж дүүрэн ажиллаж байна. Эрдэнэс таван толгойн хувьд нүүрсний нөөц баялаг, чанараараа дэлхийд гайхагддаг орд. Эрдэнэт үйлдвэр хангайн бүсэд, Эрдэнэс таван толгойн орд говийн бүст оршдог. Тэгэхээр Монгол Улсын стратегийн ач холбогдолтой ордуудыг улс орон, бүс нутгийн хөгжил дэвшил, ард түмний тусын тулд хангай, говийн бүсэд хөгжүүлж буй нь онцлог. Бид стратегийн ач холбогдолтой ордуудыг ашиглахдаа хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх учиртай. Нийгмийн хариуцлагыг өндөрт авч явах ёстой гээд олон зүйлийг тэмдэглэж болно. Нийт ард иргэд, уурхайчдынхаа төлөө ашиг тустай, үйлс зорилготой ажиллана гэдэгт итгэл төгс байна” хэмээн онцлов.
   “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлэхдээ,”Манай компанийн хөгжлийн түүчээ нь Эрдэнэт үйлдвэр. Бид үйл ажиллагаагаа эхлээд есөн жил болж байна. Гэвч манай үйлдвэрийн төсөл эхлэх шатандаа явна. 2018 онд Монгол Улсын Их Хурлын 73-р тогтоолоор дагалдах төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж эргэлтэд оруулах үүргийг бидэнд өгсөн. Үүний дагуу бид нүүрс баяжуулах хөтөлбөр, усан хангамж, хими технологи, төмөр болон авто замынхаа төслийг амжилттай эхлүүлсэн. ТЭЗҮ боловсруулах, барилгын ажил ид явагдаж байна. Манай компани 2018 онд 807.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. Манай компани хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалтын туршлагаас суралцана” гэв. Уг ёслолын арга хэмжээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн удирдлагууд оролцлоо.


                                                                                                                              Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс

                                                                                                                                                         

   Засвар механикийн заводын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт оны эхний хагас жилийн байдлаар 100-аас дээш хувьтай байна. Тус заводынхан оны эхний 10 сарын хугацаанд 5050 орчим тонн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэхээр төлөвлөж байсан ч дахин 200 тонныг нэмж үйлдвэрлэхээр болжээ. Эдгээр төлөвлөгөөт ажлыг ирэх 11 сард багтаан гүйцэтгэх зорилготой ажиллаж байна. Баяжуулах үйлдвэрт шаардлагатай сэлбэг хэрэгслийг аль болох гаднаас худалдан авахгүй байх бодлого барьж байгаа тул ийнхүү нэмэлт ажил төлөвлөгдсөн аж.  
   Цутгуурын цехэд өргөтгөлийн шинэ тоног төхөөрөмж суурилуулж, угсрах ажил эхлэхээс өмнө бүтцийн нэгжүүдийн сэлбэг хэрэгслийн нөөц бэлтгэж байна. Мөн Механикийн цехэд металл хийцийн ажлууд 60-70 хувиар нэмэгджээ. Тиймээс ачаалал их байгаатай уялдуулан  ээлжээр ажиллах  хуваарь гаргасан байна.
   Засвар механикийн завод импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг шинэ бүтээгдэхүүнээр арвижуулах, тоо хэмжээг нь нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Ингэснээр үргүй зардал бууруулах, худалдан авалтын хэмнэлт гаргах зэрэг ач холбогдолтой юм. Түүнчлэн энэ онд Цутгуурын цехэд өргөтгөл хийж байгаагаас шалтгаалан  гаднын байгууллагуудын захиалгыг түр хугацаагаар зогсоосон бөгөөд шинэ өргөтгөл хүлээн авсны дараа захиалгын сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэж эхлэх аж.

М.Балжинням

   Баяжуулах үйлдвэрийн хэмжээнд 56 бүтээмж чанарын дугуйлан ажиллаж байна.  Дугуйлангийн үйл ажиллагаанд оролцох  гишүүдийн идэвх оролцоо 80 хувьд хүрсэн нь  үйлдвэрлэлийн ажиллагаанд эергээр нөлөөлж, тухайн ажлын ажилбар дээр  бий болж буй үйл явцын алдагдлыг бодитой тооцох, эмх цэгц,  дэс дарааллын сайжруулалтыг  дээшлүүлэх зэрэг олон давуу тал авчирчээ. Мөн ажилтнуудын багаар ажиллах ур чадвар нэмэгдэж, шийдвэр гаргах бүтээлч сэтгэлгээ, зөв хандлага бий болсон гэж тус цехийн Бүтээмжийн менежер Л.Уранцэцэг ярилаа.
   Оны эхний байдлаар Баяжуулах үйлдвэрт 121 сайжруулалтын ажил хийгджээ. Эдгээрийн 30 орчим хувь нь ажил хөнгөвчлөх, арга барил сайжруулах, 27 хувь нь ажлын байрны орчин нөхцөл, хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн бол тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах чиглэлээр 23, ажил үйлчилгээний бүтээмж чанарыг дээшлүүлэх чиглэлээр 20 төсөл тус тус хэрэгжжээ. Төсөлт ажлууд дотор хүний хөгжил, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр гурван төсөл багтсан байна.
   Түүнчлэн ажлын байрны эрсдэлийг бууруулах буюу тухайн ажилбар гүйцэтгэх үеийн эрсдэлийг бууруулах чиглэлээр арав гаруй төсөл хэрэгжсэн нь үр дүнтэй болжээ. Нунтаглан баяжуулах хэсгийн “Төслийн баг” дугуйлангийн гишүүд технологийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн нэмэгдүүлэх, үргүй зардал бууруулах зэрэг үр өгөөж сайтай төслүүд хэрэгжүүлсэн байна.   
   Нийгмийн чиглэлийн төслийн хүрээнд “Ажиллагсдын бүтээлч хандлага, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх нь” сэдэвт жижиг сайжруулалтын ажил хийгджээ. Монгол ардын уламжлалт оньсон тоглоом хийх, эвлүүлж сурах зорилготой дээрх төсөл нь цахилгаанчин зэрэг нарийн мэргэжлийн ажилтнуудын бүтээлч сэтгэлгээ, эв дүйг  хөгжүүлэхэд тус дэм боллоо. Энэ төсөлд шинэ, залуу ажилтнуудаа түлхүү хамруулсан нь тэдэнд мэргэжлийн чиг баримжааг нь дээшлүүлэх үр дүнтэй алхам болсон гэж Бүтээмж, чанарын дугуйлангийнхан онцолж байна.  
   Он гарсаар ажиллагсдын сайн саналын оролцоо 10 гаруй хувиар өсөж, идэвх оролцоогоо дугуйлангаар дамжуулан дээшлүүлж байгаа аж. Энэ хугацаанд цехийн хэмжээнд  500 гаруй сайн санал бүртгэгджээ. “Super 5S” хөтөлбөрийн хүрээнд хэсэг бүрд байгуулагдсан багууд ажлын байрны түвшин тогтоох үзлэг хийж эхэлсэн байна. Энэхүү ажлын байрны нарийвчилсан үзлэг нь хөдөлмөрлөх таатай нөхцөл бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой ажил болох юм байна.

М.Балжинням

 

   Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах зорилгоор зогсолтгүй ажилладаг техник, тоног төхөөрөмжүүдээ жилд нэг удаа зогсоож, иж бүрэн засвар үйлчилгээ хийдэг. “Их зогсолт” хэмээн нэрлэдэг уг засвар үйлчилгээний ажлыг энэ жил зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын нэгний хооронд  48 цагийн хугацаанд хийхээр төлөвлөн, бэлтгэл хангаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын “Технологийн тоног төхөөрөмжийн их зогсолт хийж, засварын ажил зохион байгуулах тухай” А/65 тоот тушаал 2019 оны нэгдүгээр сард батлагдан, холбогдох цех нэгжүүд оны эхнээс хэрэгжүүлжээ. 
   Үйлдвэрлэлийн “зүрх” гэгддэг Баяжуулах үйлдвэр “Их зогсолт”-д бэлэн болсон байна. Цехийн хэмжээнд “Их зогсолт”-д бэлтгэх 88 ажил төлөвлөжээ. Үүнээс, Бутлан тээвэрлэх хэсгийн 11 дүгээр конвейрын  хөтлөх зангилааг солих ажил намар хийгдэхээр хойшлогдсон бол бусад бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу бүрэн биелсэн байна. Баяжуулах үйлдвэрийнхэн “Их зогсолт”-ын үеэр Бутлан тээвэрлэх хэсгийн 3 дугаар конвейрын туузыг солино. Үүнтэй уялдуулан, бутлагдсан хүдрийн 65 мянган тонны багтаамжтай агуулахын тал хэсгийг цэвэрлэх ажлыг хийж эхэлжээ. Мөн 130 мянган тонны хүдэр агуулах багтаамжтай, бутлагдсан жижиг хүдрийн агуулахад засвар хийхээр төлөвлөж байна. Эдгээр агуулахын засвар, цэвэрлэгээний ажил багагүй цаг хугацаа, хүн хүч шаарддаг тул зохион байгуулалтын өндөр түвшинд бэлтгэж байгааг Механикийн албаны дарга Б.Болор-Эрдэнэ онцлов. Мөн 19, 20, 21, 22 дугаар конвейрын тэжээх амсрын засвар хийгдэхтэй холбогдуулан тухайн агуулахын ханыг шинэчлэх аж.
   Өнөөдрийн байдлаар, “Их зогсолт”-ын бэлтгэл ажлын явцад ямар нэг хүндрэл гараагүй. Шаардлагатай бараа, материалыг  татан авч, хуваарилсан. Төлөвлөсөн бүх ажлыг жижиг, том гэхгүйгээр хариуцлагатай, чанартай хийхээр ач холбогдол өгч ажиллаж байгаа гэдгийг албаны хүн тодотголоо.

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Зургийн цомог