• Д.ЭРДЭНЭБАТ: Орос цэцэрлэг, сургуулийнхаа лицензийг авч, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулна

       Ирэх хичээлийн жилд орос цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хэрхэн авч явах талаар Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.    - Эрдэнэт үйлдвэрийн нэгж бүрэлдэхүүн болох орос цэцэрлэг, сургуулийн бүтэц, үйл ажиллагааг цаашид хэрхэн авч явахаар төлөвлөж байна вэ?    - Манай хэлтэс нийгмийн цехүүдийн үндсэн үйл ажиллагааг чиглүүлж, удирдаж, хянахын зэрэгцээ орон сууцны болон нийгмийн төслүүдийг удирдан, зохион байгуулах, орон нутгийн байгууллагатай холбогдож байгаа харилцааны асуудлыг цэгцлэх үүрэгтэй ажиллаж байна.    “Эрдэнэт” үйлдвэрийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбогдуулан орос цэцэрлэг, сургуулийн статусыг ирэх хичээлийн жилээс урьтан шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай боллоо. 2018 оны тавдугаар сард Орхон аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас орос цэцэрлэг, 19 дүгээр сургууль, Технологийн сургуулийн лицейн зөвшөөрлийг цэгцлэх талаар албан бичиг ирүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх орос цэцэрлэг, сургууль нь ОХУ-ын боловсролын стандартын дагуу сургалт явуулсаар өнөөг хүрсэн. Гэтэл “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сургалтын байгууллага нь Монгол Улсын стандарт, хуулийг хэрэгжүүлж ажиллана” гэсэн хуулийн заалт байгааг боловсролын салбарын шат шатны байгууллага бидэнд танилцуулсан. Өнгөрсөн оны тухайд Технологийн сургуулийн дэргэдэх лицейн зөвшөөрлийг авсан. Цаашид хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахдаа лицензтэй болох нь чухал юм байна. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 19-р сургуулийг орос  сургуулиар нь байлгах тал дээр санаачилга гарган, бидний ажлыг сайшаан дэмжиж байгаа.    - Лиценз авснаар гарах давуу талууд юу байна вэ?    - Бид лицензээ авчихвал монгол сургуулиудын нэгэн адил  үдийн цай хөтөлбөр  гэх мэт зардлыг  төрөөс даана. Нөгөө талаас орос сургуулийн төгсөгчид маань үнэлгээний зөрүүнээс хамаарч Монголын БСШУСЯ-ны цахим санд бүртгэгдэхгүй байгаа асуудал нэг тийш шийдэгдэнэ.    - Орос цэцэрлэг, сургууль бүрэн хүчин чадлаараа ажилладаг уу?    - Орхон аймгийн иргэд, Эрдэнэт үйлдвэрийн ажилчид орос цэцэрлэг, сургуулиа бусад ерөнхий боловсролын сургуулийн нэгэн адил бүх зардал нь улсын төсвөөс шийдэгддэг байхыг хүсэж байна. Орос сургууль маань 1000-1200, цэцэрлэг 220 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Цэцэрлэгт 240 орчим хүүхэд хүмүүжиж байна. Сүүлийн жилүүдэд Орос мэргэжилтнүүд  нутаг буцсантай холбогдуулан цэцэрлэг, сургуульд тус бүр 40 гаруй орос хүүхэд суралцаж байна. 2014 оноос хойших мэдээллийг нэгтгэж үзэхэд  19 дүгээр сургуульд суралцсан хүүхдийн тоо жил тутам 450-иас дээш бараг гараагүй. 2016 онд тус сургуульд 477 хүүхэд суралцаж байсан. Энэ жил 433 хүүхэд байх жишээтэй. Үүнийг дагасан асар их зардал гарч, нэг хүүхдийн сарын сургалтын зардал 600 мянга болж байна.   - Орос цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бий юу?   - Өнөөдөр орос цэцэрлэгийг жилд 70 хүүхэд төгсөж байна. Цэцэрлэгийн хүчин чадлаа нэмэхийн тулд өргөтгөл хийх шаардлагатай болно. Эхний ээлжинд зөвшөөрлөө авч, дараа нь ямар алхам хийхээ шийднэ. “Уурхайчин 1, 2, 3” дугаар хорооллууд баригдаж эхэллээ. Бид “Уурхайчин нэг” хорооллын дунд орос сургуультай хамтарсан өдөр өнжүүлэх бүлэг хичээллүүлэх тухай ярьж, энэ хүрээнд судалгаа явуулж байна. Одоогоор орос цэцэрлэг, сургуулийнхаа лицензийг авахын тулд бичиг баримтаа боловсруулах шатанд явна. Нэлээдгүй бичиг баримт шаардагдах тул цэгцэлж, нэгтгэх ажлуудаа Хуулийн хэлтэстэй хамтран хийж байна.   - Орос хэлний төрөлжсөн сургалтаа хэвээр авч үлдэхийн тулд бид юу хийх ёстой вэ?   - Манай хэлтсийнхэн Улаанбаатар хотноо ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Плехановын академийн салбар сургуулиас  туршлага судалсан. Тэнд 1-11 дүгээр ангийг бэлтгэл бүлэгтэйгээр хичээллүүлдэг юм байна. Мөн БСШУСЯ-наас зөвшөөрөл авахдаа “Оросын стандартын дагуу сургалт явуулах зөвшөөрөл авч, төлбөртэй сургалт хэлбэрээр үйл ажиллагаагаа зохион байгуулдаг” тухай ярьсан. Сүүлийн таван жилийн судалгааны дүнгээр элсэгчдийн тоо нь өсөлттэй гарч, суралцагсдын 98 хувийг монгол хүүхдүүд эзэлж байна. Үүнээс харахад орос хэлний боловсролын эрэлт хэрэгцээ өсч байгааг харж болох юм. Тус академийн удирдлагууд монгол хэл, уран зохиол, монголын түүхийн  хичээлийн цаг бага  учир хүүхдүүд нь монгол хэлэндээ тааруу, Ерөнхий боловсролын сургууль төгсөхдөө монгол хэлний суурь шалгалтад хангалтгүй дүн үзүүлдэг, монгол хүн болж төлөвшиж чадахгүй байгаа талаар ярьсан. Орос, буриад багш нар байдгаас ийм нөхцөл үүссэнийг бидэнд хэлж, дутагдлыг маань арилгаарай гэж зөвлөсөн.    Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд социалогич байх шаардлагатай гэж үзэж, манай хэлтэст мэргэжилтэн ажиллаж байна. Мэргэжлийн хүнтэй болсноор орос сургуулийг төлбөртэй байлгах уу, монгол хэлний хичээлийн  цагийг нэмэгдүүлэх үү, багш нэмж авах ёстой юу, Эмнэлэг сувиллын цогцолборыг энэ хэвээр байлгах уу, Спорт цогцолбороо хэрхэн идэвхжүүлэх вэ зэрэг тал бүрээр судалгаа хийж ажиллана. Юун түрүүнд Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад хүртээх дэмжлэг туслалцаа, төсөл хөтөлбөрийг судалгааны үндсэн дээр шийдэх юм. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Ш.ДАВААХҮҮ: Монгол төрийн их баяр наадмыг улс, үндэстнийхээ “дархлаа” гэж ойлгодог

       Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд соёл урлаг, спортын салбарт онцгой анхаарч, хөхиүлэн дэмжсээр ирснийг тив, дэлхийд нэрээ дуурсгасан тамирчдын алдар гавьяа тодхон харуулдаг. Үндэсний их баяр наадмаар өнгөтэй наадсан Эрдэнэт үйлдвэрийн хамт олны спортын амжилт, ололтоос хуваалцахаар Спорт цогцолборыг зорилоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Спорт цогцолборын дарга, Үндэсний сурын спортын дархан мэргэн, гавьяат тамирчин Ш.Даваахүүтэй ярилцсанаа хүргэе.    - Та сайхан наадав уу, баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?    - Сайхан наадлаа. Монгол төрийн их баяр наадмыг улс, үндэстнийхээ “дархлаа” гэж би хувьдаа ойлгодог. Өөрөөр хэлбэл, Монголчуудаас олон мянган жил өвлөгдөж ирсэн үнэт өв соёл юм. Энэ утгаар нь Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд төрт ёсны их баяр наадамдаа ихээхэн ач холбогдол өгч, оролцож ирсэн уламжлалтай.    Миний хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалын дагуу бөх, сур, морь гэсэн эрийн гурван наадмын төрлүүдэд амжилттай оролцож, Эрдэнэт үйлдвэрийн нэрийг өндөрт өргөх, Монгол түмнээ баясган цэнгүүлэх хариуцлагатай үүрэг даалгавар авсан. Ингээд үйлдвэрийнхээ бөхчүүд, харваачид, уяачдыг ажлаас нь чөлөөлж, бэлтгэл сургуулилтыг чамбайрууллаа.    - Эрдэнэт үйлдвэрээр овоглосон эрхий мэргэн харваачид Улсын баяраар өнгөтэй наадаж, уурхайчин хамт олноо баярлуулсан. Сурчдын амжилтын талаар онцолбол?    - Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдаас үндэсний сурын спортоор хичээллэдэг, аймаг, улсын цолтой 47 хүн бий. Тэдний 16 нь энэ жилийн улсын баяр наадамд цэц мэргэнээ сорьж, Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн экскаваторчин Э.Ганчулуун 38 оноогоор Монгол Улсын “Гарамгай мэргэн” цолны болзол хангасанд бид их баярлалаа. Мөн Баяжуулах үйлдвэрийн ажилчин, Монгол Улсын “Даяар дуурсагдах мэргэн” Л.Отгонбаяр өөрийн амжилтын түүхээ зузаатган, айргийн тавд багтсан.    Мөн Орхон аймгийн баяр наадмын сурын харваанд Ус хангамжийн цехийн ажилчин, спортын мастер С.Ганхуяг тэргүүн байр эзэлж “Аймгийн мэргэн”, Цахилгаан цехийн инженер, спортын мастер Б.Баасанжав гуравдугаар байрт шалгарч “Аймгийн гоц харваач” цол хүртсэн. Үүний зэрэгцээ өсвөр үеийнхэн маань улсын наадмаас амжилт арвин, богц дүүрэн ирснийг хэлэхэд таатай байна. Үндэсний их баяр наадмын хүүхдийн сурын харваа энэ жил дөрвөн насны ангилалд зохион байгуулагдсанаас өсвөрийн харваачид маань гурван насанд Монгол Улсын “Өсөх идэр мэргэн” цол хүртэж багш дасгалжуулагч, эцэг эх, нутгийн зон олноо баясгалаа. Эрдэнэтчүүд бүгд баярлаж, бахархаж байна.    - Уяачид маань хэр одтой наадав?    - Хурдан морины уралдаанд уяачдын морь шандастай давхиж, сайхан амжилт үзүүлсэн. Улсын баяр наадамд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн их насанд сойсон хурдан хээр морь айргийн гуравт давхиж, ард олноо баярлуулан цэнгүүллээ.    Азарга насны морьдын уралдаанд Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын орлогч дарга Л.Эрдэнэбатын эрлийз болон монгол азарга, их насанд Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхийн хурдан ажнай түрүү авч хурсан олныг баярлуулсан. Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярын хурд эрлийз дунд насанд аман хүзүүдэж, их насанд ХМТАЦ-ийн инженер, аймгийн алдарт уяач  Н.Цэрэндондовын ажнай болон Барилга засварын цехийн Ерөнхий инженер Ж.Батсуурийн соёолон, даага насанд уралдсан хурдууд айргийн тавд хурдаллаа.    - Эрийн гурван наадмын өнгийг тодорхойлдог үндэсний бөхийн барилдааны тухайд?   - Үндэсний бөхийн барилдаанд “Хангарьд” спорт клубын бөх, Монгол улсын начин Э.Энхбат маань төрийн их баяр наадамд дөрвөн удаа тав давж, Ардын хувьсгалын түүхийн хугацаанд цөөхөн гарсан амжилтын эзэн болсон.    Харин Орхон аймгийн баяр наадамд манай бөхийн галд бэлтгэл хийсэн, “Хангарьд” клубын тамирчин асан О.Мөнх-Эрдэнэ түрүүлж, аймгийн арслан цолны болзол хангасан. Тус наадмын торгон дэвжээнд “Хангарьд” клубын тамирчин, аймгийн арслан Б.Уртбаяр үзүүрлэж, Автотээврийн цехийн жолооч М.Мөрөнчулуун, Б.Хишигчулуун нар аймгийн начин цолны болзол хангасныг дуулгахад таатай байна.       - Сүүлийн асуултыг танд үлдээе. Танд нэмж хэлэх зүйл бий юу?   - Эрийн гурван наадамд бөхчүүд, сурчид, уяачид маань арвин их амжилт гаргасан нь Эрдэнэт үйлдвэр энэ оны төлөвлөгөөгөө бүрэн дүүрэн давуулан биелүүлэхийн бэлгэдэл болов уу. Энэ их амжилтыг гаргахад ажилтан, албан хаагчдаа дэмжиж, ажлаас чөлөөлж, бүхий л бололцоогоор хангаж өгсөн Эрдэнэт үйлдвэрийнхээ цех, хэсэг, нэгжийн удирдлагууд, хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж, талархсанаа илэрхийлье. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Монголын цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойн баярын мэнд хүргэе

         “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гэрээт цагдаагийн хэлтэс нь Монгол улсын  Цагдаагийн албаны тухай хууль, бусад хуулиуд, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам болон холбогдох бусад эрх зүйн актуудыг удирдлага болгон Цагдаагийн Ерөнхий Газар, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагаас гаргасан  тушаал, шийдвэр, дүрэм, журмын хэрэгжилтийг ханган улсын онц чухал обьект “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харъяа объектуудын харуул хамгаалалт, шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг тус тус амжилттай зохион байгуулж, гаднын гэмт халдлага, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэн ажиллаж ирлээ.      2019 оны эхний хагас жилийн байдлаар Орхон аймгийн хэмжээнд 319 гэмт хэрэг бүртгэгдсэнээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа нутаг дэвсгэрт 5 гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 хэргээр буюу 50 хувиар, нийт хэрэгт эзлэх хувийн жин 1.2 пунктээр тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байгаа ба үйлдвэрийн бүс, харъяа бусад объектуудад нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, олон нийтийн аюулгүй байдлыг алдагдуулсан ноцтой гэмт хэрэг, зөрчил үйлдэгдээгүй байна.    Манай хамт олон ийнхүү өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, улсын онц чухал обьектын аюулгүй байдлыг амжилттай ханган ажиллахын зэрэгцээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Орхон аймаг дахь Цагдаагийн газраас зохион байгуулж буй нийтийг хамарсан бүхий л арга хэмжээнд тогтмол амжилттай оролцож, өндөр амжилт үзүүлж байгаад бид бүхэн баяртай байна.       Тухайлбал манай хамт олны дундаас ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан ажилласан 5 алба хаагч “Цэргийн хүндэт медаль”, 1 ажилтан “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 1 алба хаагч “Цагдаагийн гавьяа” хүндэт тэмдэг, 5 алба хаагч ЦЕГ-ын “Хүндэт жуух”-аар тус тус шагнагдсан ба цагдаагийн ахлагч Ш.Билгүүндалай Орхон аймгийн баяр наадамд амжилттай барилдаж үндэсний бөхийн аймгийн нэмэх начин цол, Х.Дэлгэрмаа ширээний теннисийн УАШ тэмцээнээс алтан медаль, цагдаагийн ахлах ахлагч М.Одбаяр, цагдаагийн дэд ахлагч Б.Бадам нар Цагдаагийн байгууллагын аварга шалгаруулах тэмцээнээс хөнгөн атлетик, жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртсэн амжилтаар Цагдаагийн байгууллагын түүхт 98 жилийн ойгоо угтаж байна.    Та бүхэндээ Монгол улсад цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхэн яруу алдарт 98 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, амьдралд тань аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гэрээт цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Х.Мөнхжаргал Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
Бидний тухай
Даваа, 13 5-р сар 2019 00:00

Гэр бүлд ээлтэй Эрдэнэт

     Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. Жил бүрийн тавдугаар сарын 15-ныг дэлхий нийтээрээ гэр бүл, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэн тэмдэглэдэг. Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон аймгийн ЗДТГ хамтран нийгмийн сайн сайхан, гэр бүлийн аз жаргалын төлөө олон үйл ажиллагаа явуулж байгаа тухай мэдээллээ. Эмэгтэйчүүдийн зөвлөл, Орхон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран доктор /Ph.D/ Н.Алтанцоожийн “Гэр бүлийн боловсрол олгох” өглөөний цуврал уулзалт зохион байгуулж байгаа бол тавдугаар сарын 11-ний өдөр Эрдэнэтийн гэр бүлүүд “Байгальд ээлтэй гэр бүл болцгооё” уриан дор гэр бүлээрээ мод тарьсан байна.
     Орхон аймгийн 28895 гэр бүлийн төлөөлөл 1000 гэр бүл оролцсон тайван жагсаал энэ сарын 14-нд зохион байгуулагдана. Тэд хүүхдийн хүчирхийллийг зогсоож, тэдний дуу хоолойг нийгэмд хүргэхээр “Аз жаргалтай гэр бүл” чуулган зохион байгуулж, үзэл бодлоо нэгтгэх юм. Мөн Дэлхийн гэр бүлийн өдрийг угтаж өрх толгойлсон 10 эмэгтэйд гал голомтыг нь бадраах, өргөө цагаан гэр олгохоор болсноо өнөөдрийн бага хуралд мэдээллээ.

У.Цэрэнбат






 

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тавдугаар сарын эхний 10 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэл гарлаа. Сарын эхний арав хоногт “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчид 702.7 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 106.6 хувиар, 308.4 мянган метр куб хөрс хуулж төлөвлөгөөг 106.7 хувиар, 1 сая 5.4 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөг 106.6 хувиар тус тус давуулан биелүүлжээ.
     Баяжуулагчид энэ хугацаанд 892.6 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөө 103.3 хувиар биелсэн байна. Баяжмал дахь металл авалтын гүйцэтгэл зэсээр 3617.7 тонн  буюу төлөвлөгөө 102.2 хувиар, молибден авалтын гүйцэтгэл 65.16 тонн буюу 102.3 хувиар биелсэн үзүүлэлттэй бол зэсийн агуулга 22.5 хувьтай байж төлөвлөгөө 100.8 хувиар, молибдены агуулга 50.6 хувьтай байж, төлөвлөгөө 105.5 хувиар давж биеллээ.  Уурхайчид сарын эхний 10 хоногт 16212.6 тонн зэсийн баяжмал ачсан байна.

М.Балжинням


 

     Энэ удаа бид Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч Төгссайханы Мөнхцэнгэлтэй ярилцлаа. Тэрээр Баяжуулах үйлдвэрийн Бүтээмж чанарын “Хамтын хөгжил” дугуйлангийн гишүүн юм.

     -Таны мэргэжлээ хэрхэн сонгосноос ярилцлагаа эхлэх үү?
    -Анх 2007 онд Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбож байлаа. Тухайн үед 10 жилийн сургуулиа төгсөөд мэргэжлээ сонгож чадахгүй, бусад хүүхдийн адил Улаанбаатарт очиж суралцах чин хүсэлтэй явсан. Тэгэхэд аав маань Уул уурхайн мэргэжлээр суралцахыг зөвлөдөг юм. Зөвлөснөөр нь уул уурхайн хүн болохоор шийдсэн.  Тухайн үеийн сонирхол хот явах байсан ч хүмүүс үйлдвэрлэлийн материаллаг баазтай, Эрдэнэтийн Технологийн сургуульд суралцахыг зөвлөж, ятгаснаар тус сургуульд суралцсан. Энэ нь ч оносон гэж боддог.

     -Дээд сургуулиа төгсөөд ажилчин болсон уу?
    -Их сургуулиа төгсөхдөө гэр бүлтэй болчихсон учраас Эрдэнэт үйлдвэрээс өөр газар ажиллах сонирхол байгаагүй. Төгссөн өдрөөсөө эхлээд ажил хөөцөлдсөн. Шинэ төгссөн залуу инженер ажилд ороход их л хялбар юм шиг бодож явсан. Хоёр, гурван жилийн дараа тийм биш юм гэдгийг ойлгоод тухайн үеийн удирдлагуудын нэр дээр хоёр хувь өргөдөл биччихээд, бичиг баримтуудаа байнга цүнхэлж явдаг болсон. Ажилд орох бичиг баримт, өргөдлөө өгчхөөд хөдөө ч тайван явж чадахгүй, араас дуудчих юм шиг санагдаад догдолж явснаа дурсахад сайхан байна. Сургуулиа хавар төгсчхөөд, өвөл болтол ажилгүй явсан. Энэ хугацаанд ажилгүй нэртэйгээс биш энд тэнд очиж зарагдаад явдаг байлаа. Ажилд ороод харин ч амарсан.

     -Эрдэнэт үйлдвэрийн “зүрх” болсон Баяжуулах үйлдвэрт ажиллаж яваагийн давуу тал юу вэ?
    -Би Баяжуулах үйлдвэрт гурав дахь жилээ ажиллаж байна. Ашигт малтмал баяжуулалтын технологич мэргэжилтэй. Үйлдвэрлэлийн менежмент мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. 2016 онд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт насосын машинчаар ажилд орсноос хойш хөвүүлэн баяжуулагч, тээрмийн машинч, хяналтын оператор зэрэг мэргэжлээр ажиллалаа. Эрдэнэт үйлдвэрийн маань хуучин ажилчид тэтгэвэртээ гарч залуу боловсон хүчин шинээр орж ирсэн. Үүнтэй холбоотой ажилтнууд бидний дунд шилжилт хөдөлгөөн хийх зайлшгүй шаардлага гарсан гэж ойлгодог. Ажлын байр өөрчлөгдөх болгонд үйлдвэрээ төдийгүй өөрийн мэргэжлээ илүү таньж мэдэх, мэдлэг боловсролоо бататгаж авах ач холбогдолтой байдаг. Тухайн ажлын байрны хэвшмэл байдлаас бүтээмжтэй холбоотой сайжруулалт хийх санааг хялбар олж авдаг.  Өөрөөр хэлбэл тухайн ажлын байранд удаан ажилласан хүн хэцүү ч байсан, хялбар ч байсан гарт нь орсон ажил учраас нэгэн хэв маягаар ажилладаг. Үүнийг шинэ хүн хийхэд хэрхэн сайжруулж болохыг хялбархан олж хардаг.

     -Монголын уул уурхайн салбарын түүчээ Эрдэнэт үйлдвэрт мэргэжлээрээ ажиллаж, сурч мэдсэн зүйлийнхээ үр өгөөжийг гаргаж яваа та бүхнээр  бахархмаар. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
    
-“Том газрын жижиг чулуу байснаас жижиг газрын том чулуу бай” гэдэг зарчмыг өөрийн эрхгүй баримтлаад байх шиг санагддаг. Энэ үгийг их сургуулиа сонгох тэр мөчид “Зууны мэдээ” сонины редактор эгч надад хэлэхэд үнэхээр аятайхан үг санагдаж, байнга толгойд бодогдож явах болсон. Тэгээд ч би өөрөө сайн боловсроогүй байж, нэр хүндтэй удирдах ажил хийх сонирхол байдаггүй. Аз тохиогоод ч юм уу, магадгүй хэн нэгэнд сайнаар үнэлэгдэж дарга болчхоод ажлаа мэдэхгүй, хамт олондоо нэр хүнд муутай явна гэхээс их санаа зовдог. Үүнийг ярихын учир өөрийгөө том чулуу гэж магтаж байгаадаа биш, ямар ч газрын том чулуу болохын төлөө эрмэлзэж, хичээх нь зүйн хэрэг ч хамгийн гол нь бидний эргэн тойронд ийм үзэгдэл их байгаа нь бидний ярьдаг, “Бүтээмж” гэх зүйлийг үгүй хийгээд байх шиг...

    -Сайн саналын системд шинэ санал, санаачилга гаргасан 100 манлайлагчийн нэг нь та.  Үйлдвэрийн хэмжээнд явагдаж буй Бүтээмжийн хөдөлгөөний талаарх таны бодлыг сонсъё?
     -Үйлдвэрийн хэлтэс, нэгжийн ямар нэгэн үйлчилгээнээс тэр болгон анзаарагддаггүй ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, цагийн зохион байгуулалт, соёлтой найрсаг харилцаа, зөвлөгөө гээд бүтээмжийн зөвлөлийнхний ялгагддаг сайхан талууд олон байдаг. Магадгүй ийм төрлийн албан тушаалыг илүү чадварлаг боловсон хүчнээр хангаж, орчин үеийн шинэ менежментүүдийг судалж нэвтрүүлбэл Эрдэнэт үйлдвэрийн бүтээмжийн тал дээр ахиц илүү гарах байх. Өөрөөр хэлбэл хүний хөгжил, байгаль орчин, аюулгүй байдалд түшиглэн баялаг бүтээх явдал чухал. Бүтээмжийг мэргэжлийн хүмүүс олон томьёогоор тайлбарладаг. Үйлдвэрийн энгийн ажилтан бидний хувьд хүний аливаад хандах хандлага буюу хэн нэгэнд гаргаж буй сэтгэл гэж ойлгох юм. Насосын зумп дээрх элсийг угаа гэсэн даалгавар авсан ажилтан элсийг нь угаачхаад засвараас үлдсэн металлын үлдэгдэл, тайрдас, эрэг боолтны хаягдлыг авч хаях уу, үгүй юу. Эдгээрийг зохицуулахын тулд Эрдэнэт үйлдвэрийн бүтээмжийн хөдөлгөөн хэчнээн их хэмжээний мөнгө хөрөнгө, хөдөлмөр зарцуулдгийг бид мэднэ. Мэдээж энэ нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөөр байна. Миний оюутны дадлага хийж явсан үеэс одоогийн ажлын байрны орчин нөхцөл, тохижилт, ажлын арга барил гээд маш олон зүйл сайжирсан ч илүү сайн арга зам ямагт байдаг гэдэгчлэн бүтээмжийн хөдөлгөөнөөс илүү өндөр үр дүн гарах ёстой юм болов уу.
 

     Бүтээмжийн үйл ажиллагаанд тоглоом, харандаа, фломастер, цаасан аяга, кофе, печениэс эхлээд сургалт, ухуулгад ямар их зүйл зарцуулдгийг ажилтан бүр ойлгож ухамсарлаасай. Мөн бүтээмжийн зөвлөлийнхний зүгээс шинэ орсон ажилтнуудыг ажлын байрны хэвшмэл болсон дадал зуршлыг хуучин ажилчдаас эзэмшихээс өмнө бүтээмжийн хөдөлгөөнд идэвхтэй хамруулж, оновчтой байдлаар сэдэлжүүлж сэргэг хэвээр нь авч үлдэх арга барил ашиглах нь өнөөгийн нөхцөлд цаг үеэ олсон ажил болох юм шиг санагддаг. Тодруулбал, хуучин ажилтнуудын олон жилийн дадлага туршлагатай байдлыг шинэ залуу ажилтнууд хэнэггүй, хайнга байдалтай андуурч хэт назгай байдлаар ажилд хандаад байх шиг. Сайн саналын системийн саналуудыг ажиглахад ажлын байранд хөдөлмөр хөнгөвчлөх, орчин нөхцөл сайжруулах, аюул эрсдэлийг бууруулах, үйлдвэрлэлийн өртөг зардлыг багасгах чиглэлтэй байдаг. Залуу боловсон хүчнээр сэлгэгдсэн энэ үед сургуульд эзэмшсэн онолын мэдлэгээ үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөлтэй уялдуулан судалгааны ажил хийж, илүү шинжлэх ухаанч саналууд гаргамаар байна. Тасралтгүй үйл ажиллагаатай уул уурхайн үйлдвэрлэлд маш их хэмжээний материалын урсгал зардал гардаг. Иймээс тоног төхөөрөмжийн багахан өөрчлөлтөөс их  зардал хэмнэх боломжтой. Ер нь тооцоо, судалгаа хийж сайжруулах, магадгүй эрдмийн цол зэрэг хамгаалахаар сэдвүүд манай үйлдвэрт олон бий.

     -Бүтээмж чанарын дугуйлангийн үйл ажиллагааны эерэг, сөрөг тал ажиглагдах юм уу?
    -Бүтээмж чанарын дугуйлангийн ажлын хувьд дэвтрийн хөтлөлтийг аль болох хялбар болгосон авч түүнийг хөтлөх зааварчилгаа дутмаг, нэг зүйлийг олон талаас нь тодорхойлохыг шаарддаг хэт нуршуу загвартай санагддаг. Ажилчин хүний зүгээс харахад бүтээмжийг онолын талаас, мэргэжлийн түвшинд тооцоолохыг шаарддаг нь учир дутагдалтай. Энэ тал дээр ажилчдыг бүгдийг нь хамруулдаггүй юм гэхэд дугуйлан бүрийн ахлагч, идэвхтэн гишүүдийг арга зүйгээр хангахад чиглэсэн ажил хиймээр байна. Бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан үйлдвэрт хэрэгтэй маш олон төсөл, жижиг сайжруулалтын ажил хийгдэж байгаа. Энэ нь ажилчдын чин сэтгэлийн санал санаачилга гэхээс илүү улиралд хоёр төсөл  ч юм уу бичигдээгүй тушаал, захирамжийн хүрээнд ажил явагдаад байх шиг. Хэдий тийм ч төслийн ажил дууссаны дараа тодорхой нэг асуудлыг шийдвэрлэсэн, хийсэн зүйлээрээ бахархахаас гадна урамшууллын мөнгө авах нь ч бас сайхан юм. Сайн санал нь ажилчин хүний өөрийн цэвэр идэвх, санал санаачилгаар гардаг ч саналын системд санал оруулахад ажлын байрны онцлогтой холбоотой асуудал байна. Магадгүй сайн саналын системд үйлдвэрийн дотоод сүлжээнээс биш дурын газраас хандаж болдог, тэр тусмаа гар утаснаас саналаа оруулдаг бол санал хаягдахгүй. Мөн сайн саналыг системтэй хэрхэн харьцах талаар ажилчид  мэдлэг муутай байна. Иймээс шинээр ажилд орогчдыг сургалт хөтөлбөрт хамруулж болох юм. Таван сайн үйлсийг захиргааны ажилтнууд хэрхэн хэрэгжүүлдгийг мэдэхгүй байна. Цехийн ажилчдын тухайд анхан шатны удирдлагуудыг арга зүйгээр ханган хянаж ажилламаар санагддаг. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг ажлын байрны хариуцсан талбай, тоног төхөөрөмжид ажлаа хэрхэн зөв хуваарилан гүйцэтгэж, ажлын байрны эмх цэгц, цэвэрлэгээ үйлчилгээг ямар түвшинд хангаж байгаа нь ажилчин бүрт ялгаатай. Нэг зүйл тодотгон хэлэхэд хэн нэгэнтэй найзалдаггүй зангаараа хүнд тэр болгон таалагддаггүй ч өөрт оногдсон ажлыг хэнээс ч дутахааргүй гүйцэтгээд явдаг ажилтнууд байдаг. Энэ бүхнийг бүтээмжийн удирдлагууд анхаардаг байгаасай гэж боддог.

     -Та залуу хүний хувьд амьдралаа хэрхэн авч явна. Үр, хүүхдийнхээ хүмүүжилд аль хэр анхаарал хандуулдаг вэ?
    -Манайх ам бүл дөрвүүлээ. Гэргий маань хүнсний үйлдвэрлэлийн салбарт хувийн бизнес эрхэлдэг. Том хүү Орос сургуулийн нэгдүгээр ангид сурдаг. Бага хүү маань Улсын тэргүүний дөрөвдүгээр цэцэрлэгт явж байна. Үр хүүхдээ би эрдэмтэн доктор болгохоос илүүтэй Орос хүмүүсийн аливаад нямбай ханддаг, зарчимч, хариуцлагатай зан чанараас суралцаж, ирээдүйн чадварлаг хүүхэд залуустай мөр зэрэгцэн, хэл ярианы болон зан харилцааны соёлтой хүн болон төлөвшүүлэхийг хичээдэг. Монголын боловсролын салбар хүүхдэд мэдлэг олгоход хэт анхаараад хүн болон төлөвших явцад нь учир дутагдалтай санагддаг. Бидний үед том жижиг а үсэг, тоо зэргийг дэвтрийн нүүр дүүрэн бичүүлж сургадаг байлаа. Гэвч явцын дунд хүн бүр өөр өөрийн бичгийн хэвтэй, тоог өөрсдийн түвшний сэтгэлгээгээр бодох жишээтэй. Харин хүн бүр аав, ээж болдог гэгчээр хүн байхын утга учрыг л үр хүүхдүүддээ ойлгуулахыг чухалчилдаг даа.

      -Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Т.БАТЧУЛУУН

     “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар болон статус өөрчлөгдсөнтэй холбогдуулан ажилтнуудтай Хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулж байна. Энэ ажлын явц болон гэрээнд нь ямар өөрчлөлт орж буй талаар Хуулийн хэлтсийн орлогч дарга Д.Төгсбаяраас тодруулсан юм.

     -Статус, бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүдийн шинэчлэл шат дараатай хийгдэж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
     -
“Эрдэнэт үйлдвэр”-ийн статус 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн УИХ-ын 23-р тогтоолоор Хязгаарлагдмал хариуцлагатай компани байсныг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ тогтоолыг Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр”-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар гэсэн статустайгаар ажиллуулахаар өөрчлөн байгуулах, үйлдвэрийн газрын дүрэм болон удирдлагуудын эрх хэмжээг тогтоон баталж өгсөн. Үүнээс хамаарч эрх зүйн баримт бичгүүдийг өнөөгийн нөхцөл байдалд  нийцүүлэн шинэчлэх, боловсруулах зайлшгүй шаардлага урган гарсан.

     -Ерөнхий захирал Хөдөлмөрийн дотоод журмыг саяхан баталсан. Үүнийг дагаад Хөдөлмөрийн гэрээ шинэчлэгдэх байх...?
     -2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Ерөнхий захирлын А/294 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталж мөрдөж эхэллээ. Мөн өдрийн Ерөнхий захирлын А/293 дугаар “Хөдөлмөрийн гэрээний загвар баталж, мөрдүүлэх тухай” тушаалаар тухайн хөдөлмөрийн гэрээний загварыг шинэчлэн батлуулснаар дараагийн шатны ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.

     -Хөдөлмөрийн шинэ гэрээний заалтад өөрчлөлт орсон уу, эсвэл нэршил, тамга солих байдлаар дахин байгуулах юм уу?
    
-Хөдөлмөрийн гэрээний заалтуудад шинээр батлагдсан нэршил болон тодорхой хэсгүүдэд өөрчлөлт орсон. Өмнө нь компанийн зохион байгуулалтаар ажиллаж байсан бол өнөөдөр Төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтаар явж байна. Тэгэхээр өмнө нь компанийн тухай хуулийг мөрдөж байсан бол өнөөдөр төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг мөрдөж ажиллахаар өөрчлөгдсөн байгаа. Үүнтэй холбоотой Хөдөлмөрийн дотоод журмын болон Хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч болон ажилтнуудын хариуцлагын хэсэгт тодорхойгүй байсан зарим заалтыг боловсронгуй болгож өгсөн.

     -Тухайлбал...?
     -Хөдөлмөрийн гэрээнд ажилтанд чөлөө олгох, хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох, нууцлал хадгалах зэргийг нарийвчлан заасан. Түүнээс гадна Хамтын гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ хоорондын уялдаа авцалдааг шинэчилсэн загварт тусгаж өгсөн.

     -Ажилтнууд Хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулахдаа юуг анхаарах ёстой вэ?
     -Хөдөлмөрийн гэрээ бол ажил олгогч  болон ажилтнуудын хувьд хамгийн чухал баримт бичиг. Иймээс хүний нөөцийн менежерүүд Хөдөлмөрийн гэрээний шинэчилсэн загварыг ажилтнуудад маш сайн танилцуулах, өөрт нь уншуулсны дараа гэрээ байгуулах хэрэгтэй. Учир нь Хөдөлмөрийн гэрээ бол ажил олгогч, ажилтан хоёр аль аль талдаа санал болгож, танилцаж байж байгуулах ёстой баримт бичиг юм. Өмнө нь Хөдөлмөрийн гэрээ байгуулахад тайлбарлан таниулах үйл явц дулимаг байсныг үгүйсгэхгүй. Ажилтан хүн Хөдөлмөрийн гэрээгээр ямар эрх, үүрэг, хариуцлага хүлээснээ мэдэх нь нэн чухал юм.

     -Хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулах ажил хэдий хугацаанд хийгдэх вэ?
    -Бид аль болох богино хугацаанд хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулахаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Бүтцийн нэгжүүдэд харилцан адилгүй хугацаа шаардана. Үйлдвэрийн томоохон нэгжүүд олон ажилтантай учраас хугацаа нэлээд орно. 1000 гаруй ажилтантай цех ч бий шүү дээ. Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний загварыг гарын авлага байдлаар хэвлээд ажилчдадаа таниулах үйл ажиллагаа явуулж байгаа сайшаалтай цех ч байна. Цөөхөн ажилтантай цех, нэгжүүдийн хүний нөөцийн менежер нь уншиж танилцуулах, сургалт явуулах байдлаар гээд янз бүрийн арга хэлбэрээр ажил урагшилж байна.
     Ер нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 50-иад бүтцийн нэгжтэй байхаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан. Эдгээр бүтцийн нэгжийн үйл ажиллагааны журмыг энэ сард багтаан боловсруулж, Ерөнхий захирлын тушаалаар батлуулахаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар, Хуулийн хэлтэс, Эдийн засгийн бодлогын хэлтэс хамтарсан төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

     -Цаг гаргасан танд баярлалаа.
 

М.ОДГЭРЭЛ

     Ус хангамжийн шугам хоолойн шинэчлэлийн хүрээнд Номин агуулахаас хотын насосны станц хүртэлх 400 мм-ийн голчтой  хос, 600 мм-ийн голчтой цэвэр усны шугамыг ган хоолойгоор сольж байна. Уг ажлыг “Хангилцаг” компани гүйцэтгэж, Ус хангамжийн цех өдөр тутам хяналт тавин ажиллаж байна. Энэхүү шинэчлэлээр орон сууцны 2А хорооллын барилгажих талбайг чөлөөлөн тус талбайн дундуур явсан газрын доогуурх шугамыг ил гарган, дулааны шугамтай зэрэгцүүлэн тавьжээ. Засвар үйлчилгээ хийхэд тохиромжтой болгох үүднээс тус цех ус дамжуулах шугамыг газар дээгүүр тавихаар зорьж байгаа тухай мэргэжилтэн ярилаа. Өнгөрсөн оны 8-р сараас эхэлсэн уг ажлыг энэ сард ашиглалтад хүлээлгэн өгөх аж. Энэ хэсгийн шугамийг 1978 оноос хойш анх удаа шинэчилжээ. Уг цэвэр усны шугамыг хэсэгчлэн сольсноор хотын ус хангамжийн найдвартай ажиллагаа дээшлэх  юм.

Я.ЭНХ

     “Эрдэнэт үйлдвэр” Хаягдлын аж ахуйн цагаан тоосны дэгдэлт дарах ажлаа эрчимжүүлэн техникийн хүчийг ашиглаж байна. Герман улсын химийн бодис болон тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “VASF” компанийн урвалж найруулан цацагч төхөөрөмж өнгөрсөн сарын сүүлээр “Эрдэнэт үйлдвэр”-т нийлүүлэгдсэн бөгөөд суурилуулалтын ажил амжилттай дуусч цагаан тоосны дэгдэлт дарах ажилд ашиглаж эхэллээ. Тавдугаар сарын дөрвөнд булингад дарагч бодис хольж анхны цацалтыг 48 цагаар хийсэн нь 356 га талбайг хамаржээ. Ингэснээр нарийн ширхэгтэй элс бүдүүн ширхэгтэй шороотой барьцалдан өрөмтөж тогтсон байна. Дөрөв хоногийн дараа дахин өөр цэг дээрээс хучилт хийхэд өрөмтөж барьцалдсан өмнөх талбайгаас тоос босохгүй байжээ. Шинэ тоног төхөөрөмжөөр хийгдэж буй энэ ажлын үр дүнд Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд хяналт, шинжилгээ хийж байна. Мөн энэ сарын сүүлээр цагаан тоосны дэгдэлт дарах ажилд хүч нэмэх газар уснаа явагч тусгай зориулалтын техник ирнэ. Үүнийг Баяжуулах үйлдвэрийн дэргэд шинээр байгуулагдсан Цагаан тоосны алба хариуцан ажиллуулах юм. Түүнээс гадна ирэх долдугаар сард Франц улсаас чирэгч, дэлгэгддэг цацагч “Эрдэнэт үйлдвэр”-т нийлүүлэгдэхэд энэ ажилд мэдэгдэхүйц ахиц гарна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

М.ОД

Мэдээний төрөл

Календарь

« 5-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Зургийн цомог