• Д.ҮҮРИЙНТУЯА: Бид менежментийн хувьд бүх боломжийг дайчлан ажиллаж байна

    Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн 2020 оны эхний хагас жилийн тайлангийн хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. /08 сарын 06/ Үйлдвэрлэлийн цехүүд тайлангаа хамгаалж дуусах үеэр бид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяагаас тайлангийн хурлын үр дүнгийн талаар тодрууллаа. -Тайлангийн хурлын явцын талаар ярина уу?      -Эрдэнэт үйлдвэрийн 2020 оны эхний хагас жилийн тайлангийн хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Үндсэндээ үйлдвэрлэлийн цехүүд маань тайлангаа хамгаалаад дууслаа. Өнөөдөр нийгмийн цехүүд тайлангаа хамгаална. Маргааш “Улаанбаатар” Төлөөлөгчийн газрын тайланг хэлэлцэнэ. Ер нь бид Төлөөлөгчийн газрын тайлангийн үр дүнг хагас бүтэн жилээр хэлэлцэж, балансын хурлын үр дүнд нэгтгэдэг байх нь зүйтэй гэж үзээд энэ жилээс эхэлж байгаа юм. Тайлангийн хурлууд хуваарийн дагуу амжилттай болж байна. Өмнөх хурлаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилт дээр тулгуурлаж, 2020 оны нэгдүгээр хагаст  хийж гүйцэтгэсэн ажлын үр  дүн, цех нэгжүүдэд тулгамдаж буй, шийдвэрлэх, анхаарал хандуулах, яаравчлах асуудлуудыг тооцож, сүүлийн хагас жилийн ажлын төлөвлөгөөнд тусгах зорилтуудаа хэрэгжүүлэхээр тайлангийн хурлыг богино хугацаанд амжилттай зохион байгуулж байна. -Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор хүндрэлтэй асуудал нэлээн байсан ч Эрдэнэт үйлдвэр нэг ч ажилчин цомхотгоогүй төдийгүй цалингаа ч нэмлээ. Үйлдвэрийн эдийн засаг эхний хагас жилд ямаршуу байв?      -Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа сайн байгаа. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын гаралтай түүхий эдийн үнэ харьцангуй уналаа. Нөгөө талаар гадаад худалдааны нөхцөл хүндэрч байна. Энэ амаргүй байдалтай уялдуулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөт зорилт дэвшүүлсэн. Үйлдвэрлэлийн хамт олон маань сайн ажиллаж байгаа. Энэ амжилтаас үүдэн санхүү эдийн засгийн үр дүн ч сайн байна. Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ хамгийн бага түвшиндээ 4800 ам.доллар хүртэл буурлаа. Харин өнөөдрийн байдлаар 6500 ам.доллар болон өсөж байна. Гэхдээ үнэ тогтвортой биш, өсөлт бууралтын хэлбэлзэл байна. Эхний хагас жилд бидний төлөвлөсөн үнэ 5991 ам.доллар байсан ч тонн тутамдаа дунджаар 500 ам.доллараар бага байлаа. Энэ алдагдлыг нөхөхийн тулд үйлдвэрлэлийн хамт олон маань хичээлээ. Менежментийн хувьд санхүү эдийн засгийн үр дүнг сайжруулах чиглэлээр ч ажиллалаа. Ингээд нэмэлт орлого олох, зардал хэмнэх, хөтөлбөр төлөвлөгөө боловсруулж, штабын зохион байгуулалтад орж ажилласны үр дүнд санхүү эдийн засгийн хямралтай нөхцөл байдлыг манай үйлдвэр амжилттай даван тууллаа. Удирдлага, зохион байгуулалтын хувьд энэ хямралыг давах тодорхой төлөвлөгөө хөтөлбөртэй ажиллаж байгаагийн үр дүнд ажилчдадаа хүндрэл мэдрүүлэхгүй байхын төлөө байна. Нийгмийн цехүүдийн үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хязгаарлалтанд орчихсон, ажилгүй байгаа нөхцөлд сул зогсолт үүсгэлгүйгээр цалин хөлс, нэмэгдэл урамшууллыг бүтэн олгох зорилго тавьж, хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой удирдан ажиллаж байна. Түүнчлэн бид бодлогын түвшинд цалин хөлсөө нэмлээ. Бидний одоогийн гол зорилт бол цалин хөлсний өсөлтийг дагаж хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийг хангах явдал. Тиймээс цех нэгж, хэсэг бүр дээр хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт ямар байгааг тооцож гаргах чиглэлийг балансын хурлаас өглөө. Үндсэндээ бид энэ хямралтай нөхцөл байдлыг давж туулахад өнгөрсөн 2019 оны ажлын үр дүн нөлөөлсөн. Мөн тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үл хамааран менежментийн хувьд 150 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олж, зардлын хэмнэлт хийсэн.  Энэ нь “Ковид”-ийн үед хүндрэлтэй нөхцөлийг даван туулах санхүүгийн эх үүсвэр болж, санхүүгийн ямар нэгэн дутагдалгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл ковидтой холбоотой ямар нэгэн хүндрэл Эрдэнэт үйлдвэрт үүсээгүй гэж хэлж болно. Төлөвлөсөн томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд цаг хугацаандаа хийгдэн санхүүжигдээд явж байна. Эрдэнэт үйлдвэрийн өртөг зардлыг бууруулах, үнэ цэнийг нэмэгдүүлэх, үндсэн чиглэлийн хүрээнд хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Энэ төсөл хөтөлбөрийнхөө үр дүнг үзэж байж, цаашдаа Эрдэнэт үйлдвэрийн Санхүү эдийн засгийн үйл ажиллагаа үр дүнтэй, үйлдвэрлэлийн бодлого бодитой хэрэгжих ёстой. Тэгэхээр үндсэн чиглэл, томоохон төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх тал дээр бид санхүү эдийн засгийн бодлогыг уялдуулж, үр ашигтай ажиллаж байна. Мөн арилжааны банкуудтай хийсэн хэлцэл, санхүү эдийн засаг, мөнгөний бодлогын үр дүнд экспортын бүтээгдэхүүний борлуулалтын орлогын оновчтой шийдлээс нэмэлт орлого олж байна. Арилжааны банкуудад байршуулж байгаа сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийн үлдэгдлээсээ орлого олж байна. Мөн худалдан авалтын үйл ажиллагаанаас эхний хагас жилд 40 гаруй тэрбум төгрөгийг хэмнэж ажиллалаа. Энэ бол худалдан авалт нээлттэй, ил тод, шилэн болж байгаагийн үр дүн юм. Энэ мэтчилэн менежментийн хувьд бид бүх боломжийг дайчлан ашиглаж байна. Ийнхүү хүндрэлийг уурхайчин хамт олон, тэдний гэр бүлд үүсгэхгүйгээр ажиллах Ерөнхий захирлын бодлогыг хэрэгжүүлж байна даа. -Балансын ерөнхий дүнг та нэгтгэж хэлнэ үү? Цаашид ямар асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй гэж комисс үзсэн бэ?      -Үйлдвэрлэлийн үндсэн цех нэгжүүдийн балансын дүн гарлаа. Манай Ил уурхай, Баяжуулах үйлдвэр үнэхээр сайн ажиллаж байгаа. Эдгээр цех дээр өртөг зардлын гол цөм явдаг. Мөн Автотээврийн цех үйлдвэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийн шатахууны зарцуулалтыг бууруулах тал дээр сайн ажиллаж байна. Нэмэлт орлого олох чиглэлд Баяжуулах үйлдвэр хамгийн өндөр үзүүлэлттэй байна.  Өртөг зардлыг хямдруулах чиглэлд Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Автотээврийн цех сайн ажиллаж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүн сайн явж байгаа боловч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажилчдын сахилга хариуцлагатай холбоотой асуудлууд дээр онцгой анхаарах шаардлагатай гэж дүгнэж, тайлангийн хурлын комиссоос үүрэг даалгавар өглөө. Мэдээж үйлдвэрлэлд нэмэлт орлого олох, зардлаа хэмнэх, үр ашиг гаргах нь чухал. Гэхдээ түүнээс илүү чухал нь хүнийаюулгүй байдал. Ажилчид маань аюулгүй орчинд ажиллаж, өөрсдөө сахилга хариуцлагатай байж ажлын үр дүн гарах ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдлын ямар нэгэн зөрчилгүй ажиллаж, ажилтан бүр хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, сахилга хариуцлагатай байж гэмээнэ бидний ажлын үр дүн улам нэмэгдэх учиртай. Тийм учраас уурхайчин хамт олноо энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллаасай гэж хүсч байна. Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Ээлжит шуурхайгаар балансын хуралд өндөр үнэлгээ авсан цехүүдийг танилцуулав

          “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөнийг Үйлдвэрийн бодлогын газрын дарга П.Батболор удирдлаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд уламжлал ёсоор ХАБЭА-н хэлтсээс мэдээлэл хийж, өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэр хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчилгүй ажилласныг орлогч дарга Б.Баттайван танилцуулав. Мөн тус хэлтсээс үйлдвэрийн хэмжээнд ХАБ хариуцсан  ажилтнуудын дунд сарын зөвлөгөөнийг зохион байгуулж, оны эхний  7 сард хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хэрхэн ажилласныг дүгнэж, хэлэлцсэн байна. Зөвлөгөөнөөр цаашид ямар асуудалд анхаарч, ажиллах зорилтоо дэвшүүлжээ. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн ажил хэвийн, сарын эхний 10 хоногийн байдлаар төлөвлөгөөт үзүүлэлт биелж байгааг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлж, Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Авто тээврийн цех, Засвар механикийн завод зэрэг үндсэн болон туслах цехүүдийн удирдлага долоо хоногийн ажлаа товч танилцуулав.         Цаг үеийн мэдээллийн дараа Үйлдвэрийн бодлогын газрын дарга П.Батболор өнгөрөгч 7 хоногт хуралдсан Эрдэнэт үйлдвэрийн оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, эдийн засаг, үйл ажиллагааны үр дүнгийн хуралд нийт цехүүд амжилттай оролцсоныг онцолж, өндөр үнэлгээ авсан цехүүдийг нэрлэсэн. Баяжуулах үйлдвэрийн хамт олон 2020 оны эхний хагас жилийн ажлын үр дүнгээ  хамгийн өндөр буюу 95.93 хувийн үнэлгээтэй хамгаалсан бол Ил уурхай 93.89 хувь, Цахилгаан цех 93 хувиар тус тус үнэлүүлж, эхний гуравт жагссан байна. Нийгмийн цехүүдээс  Аж ахуй, үйлчилгээний цех  93.84 хувь, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль 91.19 хувиар үнэлүүлж,  оны эхний хагас жилийн ажлын үйл ажиллагаандаа “хангалттай сайн” гэсэн дүн авчээ. Балансын хурлын явцаас ажиглахад цех бүрийн ажлын үзүүлэлт сайн байгаа хэдий ч төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагаагаа танилцуулахдаа удирдлага болон холбогдох ажилтнууд сайн бэлдэж, тодорхой, ойлгомжтой, цэгцтэй байдлыг цаашид анхаарч байх нь чухал гэдгийг Үйлдвэрийн бодлогын газрын дарга онцлов. Тэрээр шуурхай зөвлөгөөний төгсгөлд цех нэгжүүд төлөвлөгөөт ажлуудаа цаг тухайд нь гүйцэтгэж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган хариуцлагатай ажиллахыг чиглэл болголоо. М.Балжинням Фото Б.Ялалт Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 08 дугаар сарын 07

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 215дахь өдөр. Он дуусахад 146хоног үлдлээ.                 2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +20градус, шөнөдөө +8градус дулаан,хүчтэй аадар бороотой, салхины хурд 8 м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn) 3. -Аргын тооллын 8 сарын 7. Баасан (Сугар) гараг. Билгийн тооллын 19, хар морь, могойг хүлэгч-25 од, суудал мод, мэнгэ 1 цагаан, идэрийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:36-20:18.Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учирна сайн. Гэвч хулгана, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.Нохой, морь, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ сөрөг муу.Замд явах, лам болох, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал худалдахад муу. 4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2846,евро 3364, БНХАУ-ын юань 409, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.4төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6453.50 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1978 оны 8 сарын 12 Анхны зэсийн баяжмалыг гарган авав. 2013 оны 8 сарын 17 Үйлдвэрийн 35 жилийн ойгоор “Хөдөлмөрийн гавъаны улаан тугийн одон”-гоор шагнагдав. Дэлгэрэнгүй...
  • Аюулгүй, зөрчилгүй, соёлтой жолооч нарыг энэ оны эцэст тодруулна

         Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цех, Гэрээт цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсэгтэй хамтран “Хариуцлагатай жолооч” аяныг 2020 он дуустал үргэлжлүүлэхээр эхлүүлсэн. Авто тээврийн цехийн төрөл бүрийн тээврийн хэсгийн жолооч нарын ажлын хариуцлагыг өндөржүүлэх, эерэг хандлага төлөвшүүлж, ажлын байр орчны эрүүл ахуйг сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийн зөрчлийг арилгах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, харилцааны болон хөдөлгөөний соёлыг дээшлүүлэхэд аяны зорилго чиглэж байна.      Аяны хугацаанд Авто тээврийн цехийн Төрөл бүрийн тээврийн хэсгийн нэгжүүдийн дунд “Аюулгүй жолооч”, “Зөрчилгүй жолооч”, “Соёлтой жолооч” гэх зэрэг гурван чиглэлээр шалгаруулалт зохион байгуулж, оны төгсгөлд тэргүүний жолооч нарыг тодруулна. “Аюулгүй жолооч”-ийг шалгаруулахдаа Замын хөдөлгөөний хууль болон дүрмийн мэдлэг, түүнийгээ хэрхэн мөрдлөг болгож, бусдын аюулгүй байдалд эрсдэл учруулахгүйгээр замын хөдөлгөөнд өндөр соёлтой оролцож буй эсэхийг баримтлах бол “Зөрчилгүй жолооч” нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам, Замын хөдөлгөөний аюулгүй байдал болон ХАБЭА-н дүрэм журмыг бүрэн эзэмшиж, мөрдөн ажиллах шалгуурыг хангасан байна гэж Авто тээврийн цехийн Ашиглалтын албаны дарга С.Цэгмид онцлов. Харин “Соёлтой жолооч” өөрийн ажлын байр болох автомашины бүхээг, зорчигчдын заалны ариун цэвэр, эмх цэгцийг тогтмол сайжруулж цэвэр цэмцгэр, өнгө үзэмжтэй байлгаж, зөв боловсон харьцаатай байх, Тамхины эсрэг хуулийг хэрэгжүүлэгч зэрэг үзүүлэлтээрээ манлайлагч байх аж. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн   Дэлгэрэнгүй...
  • Оёдлын цехэд ажлын шинэ загварын хувцас үйлдвэрлэж байна

         Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех уурхайчдадаа зориулан шинэ загварын  ажлын хувцас үйлдвэрлэж байна. Нийт ажилтнууд нэг өнгө, загварын ажлын хувцастай байх төслийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс санаачлан, үйлдвэрийн удирдлагаар батлуулсны дагуу энэ ажил хэрэгжиж эхэлжээ. Тус цехийнхэн эхний ээлжинд 200 орчим ажлын шинэ загварын хувцас үйлдвэрлэн хүлээлгэн өгснийг Санхүү, маркетингийн албаны Тэргүүлэх мэргэжилтэн Д.Батхишиг ярив.        Оёдлын цехийн хамт олон оны эхний хагас жилд 3.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэл 24.3 хувиар өссөн дүнтэй байна. Үүний 944.5 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг Зөөлөн оёдлын хэсэгт үйлдвэрлэсэн бол Баяжмалын уут оёх хэсгийнхэн 2.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий  нийт 74494 ширхэг уут оёж, нийлүүлжээ. Орлого нэмэгдүүлэх зорилтын хүрээнд гадны байгууллага болон хувь хүний захиалга авч, 660 гаруй мянган төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Мөн шинэ төрлийн корона вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах арга хэмжээг хэрэгжүүлж, 13.1 сая төгрөгийн хэмнэлт үйлдвэрлэл болон үйл ажиллагааны зардлаасаа гаргаж ажиллажээ. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн    Дэлгэрэнгүй...
  • Өнөөдөр 08 дугаар сарын 05

    Мэдүүштэй... 1. Өнөөдөр жилийн 217 дахь өдөр. Он дуусахад 158 хоног үлдлээ.                  2. Эрдэнэт хотод агаарын хэм өдөртөө +20 градус, шөнөдөө +10 градус дулаан ,үүлшинэ, салхины хурд 6м/сек байна. (Эх сурвалж: www.tsag-agaar.gov.mn) 3. Аргын тооллын 8 сарын 5. Лхагва (Буд) гараг.Билгийн тооллын 17, цагаан луу, чөдөр-23 од, суудал ус, мэнгэ 3 хөх, идэрийн барилдлагатай өдөр. Сарын цээр өдөр. Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:34-20:21, Өдрийн сайн цаг: Луу (07:40-09:40), могой(09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40),  гахай (21:40-23:40), бар (03:40-05:40) болой. Үс бүү засуул өнгө зүс доройтно муу учир цээрлэвэл зохилтой.Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.Хулгана, бич, луу, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, могой, морь жилтнээ сөрөг муу. Өнөөдөр сарын цээр өдөр тул аливаа үйлийг эхлүүлэхэд муу. 4. Монгол банкны энэ өдрийн нэрлэсэн ханшаар АНУ-ын доллар 2845,евро 3347, БНХАУ-ын юань 407, ОХУ-ын рубль 38, Японы иен 26, БНСУ-ын вон 2.3 төгрөгтэй тэнцэж байна. (Эх сурвалж: www.gogo.mn) 5.Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс 6440.0 ам.долларын ханштай байна. (Эх сурвалж: www.lme.com)     Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд энэ сард... 1978 оны 8 сарын 1 -Цахилгаан цех байгуулагдав. 1978 оны 8 сарын 15 Хөгжмийн зохиолч, багш Л.Ооёогийн удирдсан хөнгөн хөгжмийн “Cu-Mo” хамтлаг байгуулагдаж анхны тоглолтоо хийв. 2001 оны 8 сар Баяжуулах фабрикийн хүчин чадлыг 2 сая тонноор нэмэгдүүлэв. Дэлгэрэнгүй...
  • Авто тээврийн цехийн хамт олон оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100-аас дээш хувиар биелүүлжээ

         Эрдэнэт үйлдвэрийнхэн 2020 оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны үр дүнгээ цахимаар хэлэлцэж байна. Тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн нэг болох Авто тээврийн цехийн хамт олон оны эхний хагас жилд үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөгөө бүх үзүүлэлтээр давуулан биелүүлж, ажилласнаа  тайлангийн  хуралд танилцууллаа. Оны эхнээс тус цех уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөөг 102.9 хувиар, ачаа эргэлтийн төлөвлөгөөг 105.7 хувиар, төрөл бүрийн тээврийн хэсгийн машин цагийн төлөвлөгөөг 101 хувиар тус тус биелүүлжээ.        Хэмнэлтийн бодлогын хүрээнд зардлыг батлагдсан төлөвлөгөөнөөс 4 тэрбум 527 сая төгрөгөөр буюу 8.4 хувиар хэмнэсэн бөгөөд эдгээр нь нормчлогдсон болон туслах материалын зардал, сэлбэг хэрэгсэл, үндсэн хөрөнгийн элэгдэл, цахилгаан эрчим хүч, бусад цехүүдээс авах ажил үйлчилгээний зардал зэргээс гаргасан хэмнэлт аж. Мөн технологийн тээврийн хэсгийн 1 тонн/км ачаа эргэлтийн өөрийн өртгийг төлөвлөгөөнөөс 54.5 төгрөгөөр, төрөл бүрийн тээврийн хэсгийн 1 машин цагийн өөрийн өртгийг 5271 төгрөгөөр тус тус бууруулсан байна. Шинэ корона вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах арга хэмжээний хүрээнд өртөг зардал бууруулах дөрвөн чиглэлээр 5 төрлийн бодлого хэрэгжүүлж ажилласны үр дүнд 1 тэрбум 385 сая төгрөгийн хэмнэлт гаргажээ. Тухайлбал, хүнд даацын Белаз-75131 загварын автомашины дизелийн түлшний хувийн зарцуулалтын нормыг бууруулснаар зөвхөн энэ чиглэлээр 513 сая төгрөг хэмнэсэн байна.      Тус цехийн хамт олон оны сүүлийн хагас жилд үйл ажиллагааны төлөвлөгөт даалгаврыг ханган биелүүлэх, уулын цул тээвэрлэлтийг боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлэх, төрөл бүрийн тээврийн хэрэгслийн засварын ажлыг чанаржуулж, техникийн бэлэн байдлын түвшнийг 95 хувиас бууруулахгүй байх, авто машины парк ашиглалтын түвшнийг дээшлүүлэх зэрэг зорилт дэвшүүлэн ажиллаж байна. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн   Дэлгэрэнгүй...
  • Ил уурхайд техникийн шинэчлэлийн хүрээнд томоохон хөрөнгө оруулалт хийгджээ

         Хүдэр олборлогч уурхайчид оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр биелүүлэн ажиллалаа. Ил уурхайн хамт олон уулын цул олборлолтын төлөвлөгөөг 2.9 хувиар давуулан биелүүлж, үйлдвэрлэлийн зардлыг төлөвлөснөөс 4 хувиар бууруулсан байна. Ингэснээр 1 метр куб уулын цулын нэгжийн өртгийг 7 хувиар багасгажээ. Хүдэр олборлолтын төлөвлөгөөг энэ хугацаанд 2.1 хувиар биелүүлж, үүний нэгжийн өртгийг төлөвлөснөөс 9 хувиар бууруулсан байна.      Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, хямралын эсрэг авах арга хэмжээний хүрээнд техник зохион байгуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлснээр 593 сая төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна. Энэ нь Эмульсийн тэсрэх бодисын хувийн зарцуулалтыг багасгах, усан уусмалын найрлагыг өөрчлөн натрийн шүү хэрэглэхгүйгээр бэлтгэх, нэг уртааш метр цооногоос гарах уулын цул, цахилгаан зарцуулалтыг багасгах, Белаз болон төрөл бүрийн машины үйлчилгээний зардлаас гаргахаар 2020 онд төлөвлөж буй нийт хэмнэлтийн 27 хувийг эзэлж байна.     Оны эхний хагас жилд Ил уурхайд техникийн шинэчлэлийн хүрээнд Бульдозер, грейдер, ЭКГ-12К экскаватор, Liebherr автокран, Сэрээт авто ачигч зэрэг 7 нэр төрлийн 10 гаруй уулын машин техникийн хөрөнгө оруулалт хийгджээ. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • Оны эхний 7 сард үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр биеллээ

         Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон 2020 оны эхний 7 сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүх үзүүлэлтээр биелүүллээ. Он гарсаар уурхайчид 14876 мянган метр куб уулын цул гаргаж, 6499 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэжээ. Ингэснээр уулын цул гаргалтын төлөвлөгөө 103.4 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөө 105.9 хувиар тус тус давж биелэв. Энэ хугацаанд нийт 21361 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөө 101.6 хувиар, исэлдсэн хүдэр олборлолтын төлөвлөгөө 108.3 хувиар биеллээ. Мөн 296950 тууш метр өрөмдөж, төлөвлөгөө 104.4 хувиар, ачаа эргэлтийн төлөвлөгөө 105.7 хувиар тус тус биелсэн байна. Баяжуулагчид оны эхнээс 19137 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөний биелэлт 101.5 хувьтай байна. Хүдэр дэх зэсийн агуулгын төлөвлөгөө 100.4 хувиар, молибдений агуулгын төлөвлөгөө 109.5 хувиар биелсэн бол зэсийн металл авалт 100.3 хувь, молибдений металл авалт 108.2 хувийн биелэлттэй байна.  Энэ хугацаанд зэсийн баяжмал гаргалтын төлөвлөгөө хуурай жингээр 102.2 хувь, молибдений баяжмал гаргалт 115.7 хувь, баяжмал дахь зэсийн агуулга 102.2 хувь, молибдений агуулга 120.2 хувь хүрч биелжээ. Оны эхний 7 сард нийт 339062 тонн зэсийн баяжмал, 3266 тонн молибдений баяжмал ачигдаж, чанарын төлөвлөгөө 102.3-104.1 хувиар биелсэн байна.      Тэгвэл өнгөрсөн 7 дугаар сард 2200 мянган метр куб уулын цул гаргаж, 984 мянган метр куб хөрс хуулсан байна. Уурхайчид 3100 мянган тонн хүдэр олборлосон бол баяжуулагчид 836 мянган тонн хүдэр боловсруулсан байна. Өнгөрсөн сард 50994 тонн зэсийн баяжмал, 450 тонн молибдений баяжмал тус тус ачуулж, чанарын төлөвлөгөөг 102-105.6 хувьд хүргэж, ажилласан байна. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • “Хариуцлагатай жолооч” аян эхэллээ

         Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цех, Гэрээт цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсэгтэй хамтран “Хариуцлагатай жолооч” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ.      Уг хөтөлбөр нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийг бууруулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас орон даяар зохион байгуулж буй “Яараад яахав дээ-II” аяны хүрээнд хэрэгжиж буйг Замын цагдаагийн хэсгийн Ахлах зохицуулагч, Ахмад Б.Ганзориг ярилаа.  Аймаг, нийслэл дүүргийн Замын цагдаагийн хэсгүүд тухайн нутаг дэвсгэртээ олон төрлийн хөтөлбөр авч хэрэгжүүлж буй бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн Замын цагдаагийн хэсэг үйлдвэрийн бүсэд замын хөдөлгөөнд оролцдог бүх жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэх, “Яараад яахав дээ-II” аянд нэгтгэхээр “Хариуцлагатай жолооч” хөтөлбөрийг санаачилжээ.      Тус хөтөлбөрийн үеэр “Аюулгүй жолооч”, “Зөрчилгүй жолооч”, “Соёлтой жолооч”-ийг шалгаруулж, жолооч нарт дүрмийн мэдлэг олгох, хариуцлагатай байх зэрэг соён гэгээрүүлэх чиглэлийн сургалт явуулах аж. “Хариуцлагатай жолооч” хөтөлбөр энэ оны 12 дугаар сарын 15 хүртэл үргэлжлэх юм байна. М.Балжинням Фото Ш.Лхамсүрэн Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Бидний тухай
   Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн тоглолтууд үргэлжилсээр байна. Өсөх ирээдүйтэй залуу тамирчдаас бүрдсэн энэ удаагийн лиг Улсын шигшээ багийг бүрдүүлэх зорилго тавьсан. Ур чадвар, авхаалж самбаагаа дайчилсан багуудын тоглолт өрсөлдөөнтэй, хөгжөөн дэмжигчдийн уухай заал дүүрэн цуурайтсан амралтын өдрийн эргэн тойронд мэдээ мэдээллээ бэлтгэсээр байна. 

   
 
   Өчигдөр буюу 11 дүгээр сарын 08-ны өдрийн эхний тоглолт “Энагурэ”, “Тэнүүн Огоо” багийн эмэгтэй тоглолтоор эхэлж, гурван үе үргэлжилсэн тоглолт 3:0 харьцаатайгаар “Энагурэ” багийн хожлоор өндөрлөсөн юм. Лигийн нэгдүгээр тойргийг 5 оноотой дуусгасан “Хилчин Алтайн барс” баг “Уурхайчин” багийг 3:0 хожсоноор үндсэн оноогоо 8 болгон ахиуллаа. Тэмцээний гурав дахь тоглолт “Хобби Эйс”, “Дархан сеть” багуудын хооронд мөн 3:0 ялалтаар өндөрлөж, “Хобби Эйс” баг ширүүхэн өрсөлдөгч болохоо харууллаа. 
   Эрэгтэй багуудаас “Ховд Алтайн барс хилчин", “Хос Бар RKH"-ын тоглолт 3:0 харьцаатай өндөрлөв. “Эрчим”, “Уурхайчин” багуудын тоглолтын тооны харьцаа 3:1 болж, “Эрчим” баг оноогоо ахиулж чадлаа. “Булган”, “Тэнүүн-Огоо” багийн хооронд өрнөсөн дараагийн тоглолт “Тэнүүн Огоо” багийн 1:3 гэсэн илт давуу байдлаар дууссан. 
   Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 9-ний өдрийн эхний тоглолт “Дархан сеть”-ийн эмэгтэй баг “Уурхайчин”-г 3:1 харьцаагаар талбай дээр нь буулгаж авснаар эхэллээ. Харин хоёр дахь тоглолт "Хобби-Эйс", "Энагурэ" багуудын дунд болсон бөгөөд таван үеийн турш үргэлжилсэн тоглолтын дүнгээр 3:2 харьцаагаар “Хобби эйс”-ийн охид ялалтыг гартаа авлаа. Хоёрдугаар тойргийн чухал тоглолтын нэгээр “Тэнүүн Огоо” ХХК-ийн “Тэнүүн Огоо”, “Хилчин Алтайн барс” эмэгтэй багуудын тоглолт нэрлэгдсэн бөгөөд 3:0 харьцаатай “Тэнүүн Огоо” багийн хожлоор хоёрдугаар тойргийн тоглолт өндөрлөж байна. 
   Эрэгтэй багууд “Эрчим”, “Булган” багуудын тоглолтоор эхэлж, “Эрчим”-ийнхэн уран чадварлаг тоглолт үзүүлэн, тоглолтын харьцааг 3:0 болгосноор хожлоо авч чадсан юм. Хоёрдугаар тойргийн 11 дэх тоглолт Х.Бадамсүрэн эзэнтэй, ОУХМ Л.Төгсбаяр дасгалжуулагчтай Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” баг, УИХ-ын гишүүн С.Бямбацогт эзэнтэй, Спортын мастер Б.Мөнгөндөл, Б.Болдбаатар дасгалжуулагчтай “Ховд Алтайн барс хилчин” багуудын хооронд болж, тоглолт 0:3 харьцаатайгаар өндөрлөсөн нь “Барсууд” тэмцээний үндсэн оноогоо ахиулах боломжийг олголоо. Мөн “Мегастарс”, “Хос бар RKH” багууд энэ өдрийн шувтаргын тоглолтыг хийж, “Мегастарс” баг 3:1 харьцаатайгаар хожсон юм.
   Хоёдугаар тойргийн сүүлийн өдрийн тоглолтууд маргааш өглөө 08.00 цагт “Ховд Алтайн барс хилчин”, “Энагурэ” багуудын тоглолтоор эхэлнэ.
 
 
 
 
 
 
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
   Монголын Волейболын  Үндэсний дээд лигийн  2-р тойргийн тэмцээнд “Эрчим”, “Булган”  багийн эрэгтэй  тамирчид өрсөлдөж, Эрчим баг 3:0 харьцаатай хожив. Тоглолтын дараа “ДЦС-4” ТӨХК-ийн “Эрчим” клубийн багийн  ахлагч, спортын мастер З.Цэнд-Аюуштай уулзаж ярилцлаа.
 
 
   - Юуны өмнө өрсөлдөгчөө илт давуу тоглолтоор буулган авсан танай багт баяр хүргэе.
   - Баярлалаа. 

   - “Булган” багтай тоглох гол тактик юу байв?
   - Анхнаасаа л давуулалтаа чангалж, эсрэг багийн нэгдүгээр дамжуулалтыг сарниулж, “нам”-ын довтолгоогүй болгож, өндрийн довтолгоон дээр төвлөрсөн хаалтууд тавья гэж  төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу тоглож өрсөлдөгчөө хожлоо.

   - Танайхны  хүчтэй довтолгоо эсрэг  багийн тамирчдыг хүнд байдалд оруулж байсан. Хүчтэй довтолж бөмбөгийг өөртөө шилжүүлэх үед танд юу бодогддог вэ?
   - Ер нь оноо салгасны дараа багаа хожилд хүргэхэд нэг алхам ойртууллаа гэж баярладаг. Энэ үед дамжуулагч, холбогч нартаа урмын үг хэлдэг. 
 
   - Танай багийн хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?
    - Манай  мөнхийн хүчтэй өрсөлдөгч бол “Хасу Мегастарс”. Тэмцээн болгонд өгөө аваатай хождог, үе тэнгийн залуус байдаг. 
 

   - Гол өрсөлдөгчтэйгээ хэрхэн тоглохоор төлөвлөж байна?
   - Волейболын спортын хамгийн чухал зүйл давуулалт байдаг. Давуулалтаа чангалсан тохиолдолд “айлын” довтолгоо сарнидаг. Давуулалтаа чангалаад хаалтаа зөв тавьж л тоглоно доо. 

   - Энэ жилийн “Үндэсний лиг”-т ямар амжилт гаргах зорилготой вэ?
   - Түрүүлэх зорилго тавьсан. Эхний тойрогт 2-оор гарсан. Ер нь тэргүүн байрт өрсөлдөх багуудын тоонд орсон яваа. Бид зорилгынхоо төлөө хичээж тоглоно. 

   - Танай багийн онцлог?
   - Монголын  хамгийн шилдэгт тооцогддог довтлогч тамирчид манайд байдаг. Манай багийн тоглогчдын довтолгоо өрсөлдөгч багуудын хамгаалагчдын толгойн өвчин болдог болов уу. 

   - Танай легионер тамирчны  довтолгоо ч бас хүчтэй байсан ?
   - Нэгдүгээр тойргийн эхний тоглолтуудад легионер тамирчинтайгаа сайн ойлголцохгүй байсан. 2-р тойрогтоо маш сайн ойлголцож, яг нэг баг болж чадсан. 

   - Багийн амжилтад хамгийн ихээр нөлөөлдөг зүйл юу вэ?
   - Манай багт Олон улсын хэмжээний мастер Отгонтөгс, Мөнх-Оргил гэж  их туршлагатай тамирчид бий. Тэд багийг нэгдмэл бас  амжилттай байхад ихээхэн нөлөөлдөг.  Эгзэгтэй үед чухал зөвлөгөөг тэд маань л  өгдөг.
                                                                                                                                                           
                                                                                                                   Я.ЭНХТУЯА
Фото: Б.Баттөгс
 
 
 
 
 
 
 
 

 

 

   Монголын волейболын дээд лигийн тэмцээний хүндэт зочин, Олон улсын хэмжээний мастер Х.Хандсүрэнтэй уулзаж дурсамжаас нь хуваалцлаа.

   - Та хэдэн настайгаасаа спортод дурласан бэ?
   - Би дөрөвдүгээр ангийн сурагч байхаасаа өндөр, уртад харайдаг, ойрын зайд гүйдэг, хөнгөний тамирчин байлаа. Сонгиноос хотод шилжиж ирээд Спортын төв ордонд Н.Норов багшийн удирдлага дор уран сайхны гимнастекаар хичээллэдэг болсон. Бүр нэгдүгээр зэрэг авсан.


   - Волейболын спорт руу “халтирч” орсон нь хэзээ вэ?
   - Тэр үед хөдөлгөөний эвсэлтэй хүүхдүүдийг биеийн тамирын багш нар спортын төрөлд шилж авдаг байсан юм. Нэг өдөр гимнастекийн бэлтгэлээ хийж байтал олон хүн орж ирээд бүгдийг нь тойруулж харж байснаа намайг заагаад “Энэ хүүхдийг авнаа” гэсэн. Юунд авч байгааг нь ч ойлгоогүй. Багш маань намайг өгөхгүй гэж үзээд дийлээгүй, волейбол руу алдсан даа. Би их өндөр хүүхэд байсан юм.

   - Волейболын спортын тамирчнаараа олонд танигдсан үеэ дурсаач?
   - Долдугаар анги төгсөөд оюутан болсон. Тэр үед цэргийн хувцас өмссөн хүүхнүүд гоё харагдаад болдоггүй ээ. Тэгэхээр нь хоёрдугаар курсээсээ сургуулиа орхиод “Алдар” нийгэмлэгт шалгуулаад тамирчнаар орчихсон. 1964 онд ажил хөдөлмөрийн гараагаа ахлах цолтой эхэлж байлаа. Нийгэмлэгийн шигшээ багт тоглож олонд танигдсан гэж хэлж болно.

   - Ид тоглож байх үедээ оролцож байсан томоохон тэмцээн...?
   - 1969 онд Ташкентад олон улсын оюутан залуучуудын наадамд оролцож байлаа. Олон улсын тэмцээн Венгирт болоход гурван удаа явсан. Олон улсын армийн тэмцээнд тоглосон. 1970 онд Болгарт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явж, 30 гаруй улсаас манайх 16-д шалгарч байлаа. Тэнд хамгийн их урам хугарсан. Куба, манайх хоёр тоглоод 17:15-ын харьцаагаар хожигдсон. Уг нь манай баг маш сайн тоглосон юм. Тэр үед улсын шигшээ баг Солонгос дасгалжуулагчтай байсан. Дэлхийн аваргад явж байсан багийн гишүүдээс одоо цөөхөн хүн үлдэж дээ.
   
   - Та багтаа ямар үүрэгтэй тоглогч байсан бэ?
   - Би волейболын улсын шигшээ багт олон жил өргөгч хийсэн. Одоо энэ “сагсны” Ц.Шаравжамцын ээж Борхүүгийн холбогч байлаа. Дэлхийн аваргын тэмцээнд Алимаа, Үнэнбат бид гурав л холбодог байсан шүү дээ. Ц.Шоовдор эгчид Үнэнбат холбодог байсан.

   - Та Нийслэлийн 28-р сургуульд биеийн тамирын багшаар олон жил ажилласан. Шавь нар олон уу?
   - Тоолж явсангүй ээ. 40-өөд жил биеийн тамирын багшаар ажиллахдаа волейболын секц хичээлүүлж олон мянган шавьтай болсон. Би айлын ганц хүүхэд юм. Ээж маань ерэн хэд наслаад саяхан өөд боллоо. Аав маань эрт өнгөрсөн. Би аав, ээжийгээ олон удаа баярлуулсан гэж боддог. Аав маань нэг удаа “Хүүхэд ганцаддаггүй юм байнаа” гээд намайг үнсэж байсан нь одоо ч санаанаас гардаггүй. Тэр үед л багаасаа спортоор хичээллэж тамирчин болсны хэрэг бүтлээ дээ гэж бодогдсон. 

   - Залуусын тоглолт үзэж суухад нүдэнд тусч байгаа тамирчин байна уу?
   - Сайхан тоглож байгаа олон залуус байна. Миний нэртэй, Хандсүрэн гэж охин сайн тоглож байна. Заримынх нь нэрийг мэдэхгүй юм. Очоод хэлээд зөвлөчихмөөр санагдах үе зөндөө. Манай волейболынхон дээд үеэ мэддэг их зарчимтай улс. Залуус маань биднийг их хүндэлж явдагт талархдаг.

   - Танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.   
 
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

   Монгол Улсын гавьяат дасгалжуулагч,  Волейболын спортын олон улсын хэмжээний мастер Н. Чулуунбаатартай Монголын волейболын Үндэсний дээд лигийн тэмцээний нээлтийн үеэр ярилцлаа.


 

   - Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа танд ямар сэтгэгдэл төрүүлэв?

   - Үнэхээр сайхан байна. Үе үеийн тамирчид, хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг хөдөлгөсөн, өвөрмөц шинэлэг сайхан үйл ажиллагаа боллоо. Волейболын спортын дөрвөн үеийг нэгэн дор уулзуулж, биднийг гүн хүндэтгэсэн Монголын Волейболын холбоо, Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн удирдлага мөн зохион байгуулах комисст баярлалаа.

   - Та волейболын спорттой хэзээнээс “нөхөрлөсөн” бэ?
    - Бидний багад спортын заал гэж байсангүй. Хариугүй жаахан танхимд багш нарынхаа тоглохыг  шимтэн харсаар л энэ спортод татагдан, насан туршдаа үнэнч явна. 1963 онд Монголын Бүх ард түмний 2-р спартикиадаар түрүүлснээс хойш долоон  спартикиадад орж тавд нь аваргалсан. Алдар спорт хороонд 20 гаруй жил талын довтлогчоор тоглосон. Би 60 гаруй жил волейболоор хичээллэж, спортын байгууллагад 50 гаруй жил ажиллажээ. 75 настай ч уралдаан тэмцээнд оролцсоор бие эрүүл, шүд бүрэн, саруул сайхан яваа маань энэ  спортын ач. Одоо би Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт арга зүйчээр ажиллаж, волейболын секц дугуйлангаар залуу үеэ бэлтгэсээр  явна.

   - Залгамж халаа тамирчдын уран чадварын талаар та юу хэлэх вэ?
   - Нүд баясгаж, сэтгэл сэргээсэн сайхан тоглолтууд болж байна. Ер нь волейболын спорт хөгжлийн шинэ шатанд гарч буй нь тамирчдын ур чадвар, зохион байгуулалтаас харагдаж байна. 

   - Дасгалжуулагчийг тамирчдынх нь  амжилт  баясгадаг. Энэ тухай бяцхан дурсамж хуваалцаач?
   - Олон сайхан шавь нарынхаа амжилтаар бахархдаг. Дээхэн “Залуу монгол” баг Лигийн аварга болоход би ахлах дасгалжуулагчаар, миний шавь Баатархүрээ дасгалжуулагчаар ажиллаж байлаа. Багш шавь гар нийлэн дасгалжуулж аварга төрүүлсэн тэр мөч үнэхээр сэтгэлээс гардаггүй. Ер нь дасгалжуулагч байна гэдэг тамирчныхаа аав, ах, эмч, сэтгэл зүйч нь байдаг юм.

   - Монголын волейболчдын ирээдүйг та хэрхэн хардаг вэ?
   - Тоглолтын ур чадвар, техник, комбинаци хөгжиж байна. Ер нь энэ байдлаараа бэлдэж Үндэсний шигшээ багтай болбол Азидаа амжилттайтоглох боломж бий. Багийн спортыг хөгжүүлэх талаар Ерөнхийлөгчийн зарлиг гарсан.  Үндэсний шигшээ баг байгуулан, шилдэг тамирчдыг бэлтгэхэд онцгой анхаарах хэрэгтэй. 
 
                                                                                                                   Я.ЭНХТУЯА
Фото: Б.Баттөгс

   Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лиг хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд зочноор уригдан ирсэн ахмадуудынхаа сэтгэгдлийг бид цувралаар бэлтгэн хүргэж байгаа билээ. “Хоршоолол” нийгэмлэгт харьяалж, Улсын шигшээ багийн тамирчнаар тоглож байсан ахмад тамирчид өнөөгийн залуучуудын ур чадварыг хэрхэн үнэлж байгаа талаарх яриаг хүргэе.

 
Спортын мастер, ахмад тамирчин Б.МАРТ: Эрдэнэтийн дэвжээ биднийг “Улсын аварга” болгосон
 
 
   - Волейболын спортын хөгжилд ахмад үеийнхний үүрэг оролцоо их байсан. Таны хувьд аль багт тоглож, ямар тэмцээн уралдаанд оролцож байв?
   - Би 9-р ангид байхдаа Улсын шигшээ багийн тамирчин болсон. Тухайн үед буюу 1968-1970 онд БНАСУ-аас урилгаар ирсэн дасгалжуулагч багшийн удирдлага дор анхны шавь нь болж, энэ спортын гайхамшигтай техникүүдэд суралцан, Азийн хурдан тоглох арга барилыг эзэмшсэндээ өнөө хэр баярлаж явдаг юм. Шигшээ багт 12 эмэгтэй байснаас хамгийн залуу тамирчин нь би байлаа. Бид хойд Солонгост бэлтгэл хийж ирсний дараагаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход туслах довлогчоор явж, 24 багаас шилдэг 16-д шалгарсан амжилт үзүүлсэн. Тус тэмцээнд Герман, Куб, Болгартай нэг зоонд тоглон, эн тэнцүү өрсөлдөж билээ. Кубын баг эхний 8-д өрсөлдөж, бид 9-16-д орсон байдаг юм. Биднийг тэмцээнээс ирсний дараа Улс бодлогоор дэмжсэн бол магадгүй Куб шиг дэлхийд өрсөлдөх хэмжээний баг гарах байсан болов уу. Гэтэл эсрэгээрээ Солонгос багш нутаг буцаж, шигшээ багийг тараасан. Бид 1970-1989 оны хооронд Олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцон нэг мөнгө, 2 хүрэл медалийн эзэд болсон. “Үйлдвэр хоршооллын Олон Улсын тэмцээн” 1972 онд зохиогдоход бид анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байлаа. Улмаар зах зээлийн шуурганд бүх л спорт өртөж, хөгжил нь хумигдсан. Монгол хүнд авьяас бий. Үүнийг Улс бодлогоор дэмжээд өгвөл болохоор санагддаг.

     - Эрдэнэт хоттой холбоотой сэтгэлд үлдсэн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
  - 1985 онд Эрдэнэт хотод Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор “Хоршоолол” нийгэмлэгийн баг тамирчидтайгаа ирж байлаа. Манай баг шувтаргын тоглолт дээр Их сургуулийн багтай аваргын төлөө үзэж, “Улсын аварга” болж байсан үе санаанд тод үлджээ. Эрдэнэтийн дэвжээ их ээлтэй.

   - Тоглолтын тухайн юу хэлэх вэ?
   - Өнөөгийн залуучуудын үсрэлт, авалт, давуулалт маш хүчтэй болсон нь харагдаж байна. Дэлхийн давуулалтын хурд 130 гаруй км/ц хурдтай болсон энэ үед өөрсдийгөө хөгжүүлж, цаг үеэ мэдэрч байгаа нь сайшаалтай. Манай эрэгтэйчүүд саяхныг болтол үсрэлтэй давуулалт хийж чаддаггүй байсан бол чадвар нь үнэхээр их сайн болсон байна. Дэлхийтэй ойртож байгаа нь сайн хэрэг. 
 
 
Спортын мастер, ахмад тамирчин Л.БАДАМСҮРЭН: Ямар ч зүйл хийсэн чин үнэнчээр хийж байгаарай

 
  - Спортын түүхэнд тод мөртэй ахмадынхаа сэтгэгдлээс хуваалцахад сайхан байна. Улсын шигшээ багийн тамирчин байсан үеэ бидэнтэй хуваалцахгүй юу? Өнөөдөр та ямар ажил алба эрхэлж байна вэ?
   - Би хүүхэд байхдаа сагсан бөмбөгөөр хичээллэж байгаад 1967 онд өөрийн хүсэл сонирхлоор 18 насандаа волейболын спорт руу орсон. Өндөр нуруутай гээд “Хоршоолол” нийгэмлэгийн тамирчин болж байлаа. Улсын шигшээ багийн тамирчин болсноор  Солонгос багшийн удирдлагаар олон зүйл сурсан. 1970 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох үед би 20 настай, багийнхнаасаа ахмад нь гээд хасагдаж билээ. “Хоршоолол” нийгэмлэгтээ тоглож, 4-р спартикадын аварга болж, тасралтгүй тэмцээнд орсон. Тэр үед албан байгууллагаараа тэмцээнд их орно. Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа оёдлын үйлдвэрт ажиллаж байхдаа 1974 оноос “Хөдөлмөр” нийгэмлэгт орж, насаараа тэр багтаа тоглосон. 1998 оноос хойш өнөөг хүртэл тоглож амжаагүй л явна. Одоо 10-аад хүнийг ажлын байраар ханган, ажлын хувцасны үйлдвэр ажиллуулж байгаа.

   - Эрдэнэт хотод болж байгаа энэ удаагийн тоглолтын талаар юу хэлэх вэ?
   - Бид хэд хэдэн удаа Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Эрдэнэтэд ирж байсан. Олон Улсын тэмцээнд орж байгаа юм шиг биднийг их сайхан угтан авсан. Сүүлийн үед ажил ихтэй, багийнхантайгаа уулзаж амжихгүй байлаа. Эрдэнэт явъя гэхээр нь тэмцээнээ үзэх гээд хүрээд ирлээ. Залуучууддаа хандан хэлэхэд, ямар ч зүйл хийсэн чин үнэнчээр хийж байгаарай гэж хэлье.
 
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
   Монголын волейболын Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний онцлогуудын талаар Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, Эрчис тал клубийн захирал  Дашийн Баяраа ярьж, Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд баярлаж байгаагаа илэрхийллээ.

 
   “Монголын волейболын холбоо шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бидний хийхээр төлөвлөсөн нэгэн томоохон ажил нь Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээн юм. 2011 оноос хойш зогсонги байсан их спортыг бид зохион байгуулж байгаа нь нэг онцлог юм. Энэ тэмцээнээрээ Монголчууддаа волейболын спортын гайхамшгийг мэдрүүлэх, таниулах, хөгжүүлэх их үйлсийг хамтдаа бүтээнэ. Бидний ирээдүй болсон залуучууддаа ахмадуудаа хүндэтгэх, бахархах ёстой гэдэг үүднээс гавьяатууд ахмад тамирчдаа урьж оролцуулж байгаа нь тэмцээний нэг онцлог юм. Лигийн аваргын тэмцээнд хоёр япон тамирчин,  2,3м өндөртэй  АНУ-ын тамирчин анх удаа оролцож байгаа нь бас нэг онцлог болж байна. Хөдөө орон нутагт анх удаа тэмцээний нээлт боллоо. Улаан хивсэн дээгүүр тамирчдыг алхуулна гэдэг тамирчдад итгэл төрүүлэн, урам зориг өгсөн сайхан үйл ажиллагаа болж байгаагаар онцлог болж байна.  Уурхайчин багт 15-16 насны, бидний ирээдүй болсон залуу тамирчдыг оролцуулж байгаа нь тэмцээний содон онцлог болж байна. Эдгээр залуус Монгол Улсын нүүр царай болсон шилдэг тамирчид болно гэдэгт итгэлтэй байна”. 
   “Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монголын волейболын холбоог тэргүүлж байсан хүн. Энэ хугацаанд Уурхайчин багийг байгуулснаас хойш  21 дэх жилдээ баг нь амжилттай сайн явж байна. Энэ хүний сэтгэл, их спортыг дэмжиж байгаа нь үнэхээр агуу. Монгол Улсын хамгийн том үйлдвэр, Эрдэнэт үйлдвэрийн хамт олондоо маш их баярлаж байна. Уурхайчдын нөр их хөдөлмөрийн үр шимийг хүртэж байгаа хувьтай хүмүүс гэж боддог доо. Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад хамгийн идэвхитэй оролцож байгаа Монголын волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Готовын Баярсайхан ахдаа амжилт хүсье”. 
 
                                                                                              А.Бямбамаа
   Хасу Мегаватт ХХК-ийн дэд захирал, Монголын Волейболын холбооны тэргүүлэгч гишүүн Т.Алтансүх өөрийн “Хасу Мегастарс” багийн тамирчдаа дэмжиж байхад нь уулзаж ярилцлаа.
 

 
   - Танай баг энэ удаагийн тэмцээнд амжилт арвин уу?
   - Хоёрдугаар тойргийн эхний тоглолтууд эхэллээ. Манайх нэгдүгээр тойрогтоо зургаа тоглож, зургаа хожсон. Өөрөөр хэлбэл нэгдүгээр тойргоосоо нэгээр гарсан. Эрдэнэтэд 16 тамирчинтай явж байна.

   - Өрсөлдөгчид “ширүүн” байна уу?
   - Үнэхээр сайн байна. Энэ удаагийн Үндэсний дээд лигийн тэмцээний онцлог нь легионер тамирчид урьсан явдал. Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” баг хоёр оростой, Булганы баг мөн хоёр оростой, “Алтайн барс” хоёр японтой, “Эрчим” баг нэг оростой. Харин манайх Америк, 198 см өндөр нэг тамирчинтай тэмцээнд оролцож байгаа. Ер нь багуудын чансаа ижил түвшинд байна. Тоглолтын дүнгийн харьцаа ч ойролцоо яваа.

   - Одоо энэ тоглож байгаа залуус “Хасу Мегастарс” клубын хэд дэх үеийн тамирчид вэ?
   - Манай гурав дахь үеийн тамирчид тоглож байна. Хасу Мегаватт компанийн “Хасу Мегастарс” клуб өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн багтай. Манайд эмэгтэй баг байсан одоо байхгүй. Гурван үеийн тамирчид дээшээ бие биеэ нөхөөд явчихдаг юм. Хамгийн ахмад тамирчин нь 27 настай. Манайхаас Олон улсын хэмжээний мастер хоёр, спортын мастер 10 гаруй төрсөн.

   - Монголын волейболынхны хамгийн том амжилтын талаар яриач?
   - 2008 онд болсон Зүүн Азийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд Монголчууд Хятадын багийг хожиж хүрэл медаль хүртсэн. Сүүлийн үед клубууд амжилт их гаргаж байна. Тухайлбал, манай баг түрүү жил Жакартад болсон Азийн наадамд оролцсон. Дараа нь Шри Ланкад болсон тэмцээнд оролцож багаараа дөрөвдүгээр байрт шалгарсан. Мөн Японд очиж тоглосон, саяхан Буриад улсад зохиогдсон тэмцээний аварга болоод ирсэн. Гадаад, дотоодод чансаа үзэх тоглолтод оролцож л байвал туршлага хуримтлагдаж, баг сайжирдаг.

   - Волейболын Үндэсний дээд лигийн тэмцээний нээлт Эрдэнэтэд боллоо. Сэтгэлд нийцэв үү?
   - Гайхамшигтай. Эрдэнэтчүүд маань биднийг үүрээр төмөр замын буудал дээр элэгсэг дотно хүлээн авч, халуун цайгаар дайлж, дуу хуур болж угтсанд сэтгэл үнэхээр огшсон. Орой нь “Хангарьд” паласт волейболын үндэсний дээд лигийн тэмцээний нээлт ёслол төгөлдөр, шинэлэг боллоо. Бүх үйл ажиллагаанд асар их сэтгэл, зүтгэл шингэсэн нь харагдаж байсан. Одоо тэмцээн маргаангүй, сайхан явагдаж байна.       
 
М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС
 
                     
 
  
 

Мэдээний төрөл

Календарь

« 11-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Зургийн цомог