• Хан хуурын амин аялгуутай үдэш...

          Тайзнаас урсах хан хуурын аялгуу увдис юм билээ. Үл үзэгдэх хүлээснээс мултарч бие тавирах мэт ер бусын тайвшрал, басхүү омогшил, бахархлыг мэдрэх гайхамшигтай... Одоогоос таван жилийн өмнө “Уурхайчин” соёлын ордны найруулагч Д.Одончимэг “Хан хуур” төслийг Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад үе шаттай хэрэгжүүлэхээр санаачилсан нь том зориг байсныг тэрээр одоо дурсаж байна. Уг төслийг хоёр багштайгаар эхлүүлж байсан бол одоо 30 гаруй сургагч багштай, морин хуурын бүрэн хэмжээний тоглолт тавих хэмжээний чадварлаг хөгжимчидтэй болжээ. Үүнийгээ ч “Хан хуур” концертоороо баталлаа. “Хан хуур-I” төсөлд Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид хамрагдсан. Хөгжмийн өөр зэмсгээр тоглодог хөгжим ангийнхны хувьд морин хуур сурах дөхөм байсан гэнэ. Харин дуучид, бүжигчид, энгийн ажилчид өнөөдрийн түвшинд хүрэхийн тулд амаргүй олон даваа давжээ. Шантрах, уйлах, зэмлүүлэх, зарим үед нудруулах энүүхэнд байсан тухай тэд одоо инээлдэн ярьж байна. Тайз эзэгнэдэг, өнөөх олны танил алдартай дуучид, бүжигчид маань үндэсний хувцастай, намбалаг гэгч нь суугаад морин хуур эгшиглүүлэхийг үзэх бас л сонирхолтой. Ингэхдээ бүр дэлхийн сонгодгийг нот алдахгүй чадварлаг тоглохын зэрэгцээ сэтгэл хөдлөлөө биеийнхээ хөдөлгөөнөөр илэрхийлэх нь сонирхолтой. Тэд хөгжмийн зохиолч, МУСТА Б.Цэрэндондовын найруулгаар “Буриад ардай дуун”, “Карибийн тэнгисийн дээрэмчид” киноны хөгжим гээд олон аяз тоглов. Д.Одончимэг найруулагч “Соёл, урлагийн цогцолборт өдөр, шөнийн 24 цаг ажилладаг ганц хүн байдаг нь манай Б.Цэрэндондов...” гэж тодотгоод түүнийг энэ тайзан дээрээ Урлагийн гавьяат зүтгэлтэн болоорой хэмээн ерөөсөн. Мэргэжлийн морин хуурчид хүртэл тоглохоос бэргэдэг Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Манан”, “Наадмын дэнж”, Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Уянгын аяз”, “Цагаан суварга”,  МУСТА Б.Чинбатын “Аравт” киноны хөгжим зэрэг бүтээлийг үзэгчдийн сэтгэлд хүртэл эгшиглүүлсэн нь бишрэм. Монгол Улсын УГЗ Д.Дашдондовын үг, СТА Р.Адилбишийн ая “Хуурч” хэмээх шинэ дууг морин хуурчидтайгаа хамт дуучин С.Ариун-Эрдэнэ амилууллаа. Мөн Баяжуулах үйлдвэрийн морин хуурын “Төвөргөөн” хамтлагтай хөөмийч М.Саруултөгс, дуучин Д.Дагиймаа нарын “Зүүдний говь” дууны хоршил үзүүштэй байв. “Хан хуур” төсөл ийнхүү амжилттай хэрэгжихэд гол үүрэг гүйцэтгэсэн Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын морин хуурч Р.Адилбиш “Үүлэн бор”-ыг “хатируулж”, мэргэжлийнхний дунд Монголын гарын таван хуруунд багтах хуурч хэмээн үнэлэгддэг эрэмбээ нотоллоо. Энэ мэт олон шигтгээг нэрлэж болно. Хоёр цаг гаруй үргэлжилсэн хан хуурын концерт дундаа завсарлагатай, амтат зууштай сэтгэл татам өвөрмөц болов. Тоглолтын төгсгөлд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал, Монголын ард түмний үнэт өв болсон хөөмийг Геннисийн номонд бүртгүүлэн баталгаажуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын хөгжимчин МУСТА М.Саруултөгсийг нэг сая төгрөгөөр, мөн чуулгын уран бүтээлчдийн дунд “Хан хуур-I” төслийг 2014-2019 онд амжилттай хэрэгжүүлсэн Д.Одончимэг найруулагчийг хоёр сая төгрөгөөр шагнасныг гардуулав. Мөн төсөлд хамрагдсан бүх уран бүтээлчдэд “Өвгөн хуурч”-ийн хөргийг дурсгаснаар хан хуурын концерт өндөр үүдээ хаалаа.                    Морин хуур зуун зууныг элээн өртөөлсөөр, монгол гэрийн хоймроос тайзны сонгодог хөгжим болтлоо хөгжиж чадсан нь гайхамшиг. Үүгээр ч зогсохгүй ЮНЕСКО-д соёлын үнэт өв хэмээн бүртгэгдэж, дэлхийн тайзнаа залран хүн төрөлхтнийг бишрүүлэн шуугиулж буй нь бахархал юм.                              М.Одгэрэл  Фото: Б.Баттөгс               Дэлгэрэнгүй...
  • Дээд лигийн аваргын цомыг “Хасу мегастарс” баг хүртлээ

         Монголын Волейболын холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн 10-р сарын 25-аас 12 сарын 8-ныг дуустал үргэлжилж шилдгүүдээ тодрууллаа. 7 жил завсарласан дээд лиг волейболын спорт сонирхогчдын цангааг тайлж, гал ассан тоглолтуудыг үзэгч олондоо хүргэлээ. Монголын Волейболын холбооны үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 82, эмэгтэй 74 нийт 156 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөж, шилдэг баг тамирчдаа тодрууллаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хамтран зохион байгуулсан дээд лигийн хаалтын үйл ажиллагаанд Волейболын холбооны удирдах зөвлөлийн хүндэт гишүүд, ахмад волейболчид, волейболын спортыг сонирхогчид оролцлоо. 45 хоног үргэлжилсэн дээд лигийн хүрэл медалийн эздээр Ү.Төмөрхуяг эзэнтэй, СМ Б.Даринчулуун ахлах дасгалжуулагчтай, СМ З.Цэнд-Аюуш ахлагчтай "Эрчим" баг шалгарч, 8 сая төгрөгөөр шагнуулсан бол мөнгөн медалийн эздээр С.Бямбацогт эзэнтэй, ОУХМ Б.Мөнгөндөл ахлах дасгалжуулачгтай, ОУХМ А.Мөнхбаяр ахлагчтай "ХОВД АЛТАЙН БАРС ХИЛЧИН" баг шалгарч "Дээд лиг"-ийн анхны медалиа хүртлээ. Ж.Түмэн-Аюуш эзэнтэй, ОУХМ Л.Баатархүрээ ахлах дасгалжуулачгтай, СМ А.Даваажаргал ахлагчтай "МЕГАСТАРС" баг анх удаа "Дээд лиг"-т түрүүлж аваргын цом гардан, 15 сая төгрөгийн эзэд боллоо.      Эмэгтэй тамирчдаас хүрэл медалийн эздээр А.Ганхуяг эзэнтэй, СМ Б.Чинбат ахлах дасгалжуулагчтай, СМ А.Батжаргал ахлагчтай "ТЭНҮҮН-ОГОО" баг хүрэл медаль хүртэж, Ж.Наранбаатар эзэнтэй, ОУХМ Р.Хангай ахлах дасгалжуулачгтай, Л.Хосбаяр ахлагчтай "ХОББИ-ЭЙС" багийн тамирчид мөнгөн медалийн болзол хангалаа. Алтан медалийн эздээр Жан Жин Хун эзэнтэй, СМ Л.Отгонцэцэг ахлах дасгалжуулагчтай, СМ С.Булгантамир ахлагчтай "Энагурэ" баг дээд лигт 5 дахь удаагаа аваргын төлөө шалгарч, 3 дахь аваргын цомоо хүртсэн юм. Дээд лигийн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд багаа аварга болоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн, спортын мастер Л.Отгонцэцэг шилдэг дасгалжуулагчийн шагналын эзэн боллоо. Тэрээр залуу тамирчдаар багаа бүрдүүлснээр "Энагурэ" багийн 8 жилийн өмнө авч байсан аварга цолыг хамгаалж чадсан юм.Үндэсний "Дээд лиг-2019" тэмцээнд хамгийн олон тоглолт дэнсэлсэн шүүгчдийн нэг, МВХ-ны шүүгч, улсын шүүгч С.Наранбаяр “Шилдэг шүүгч”-ээр тодорсон. Мөн "Дээд лиг"-ийн тэмцээнд эрэгтэйчүүдийн төрөлд багаа аварга болоход үнэтэй хувь нэмэр оруулж, амжилттай удирдсан дасгалжуулагч, ОУХМ Л.Баатархүрээ “Шилдэг дасгалжуулагч” шагналын эзэн боллоо.      "Мегастарс" багийн ахлагч, спортын мастер А.Даваажаргал, "Энагурэ" багийн ахлагч СМ С.Булгантамир нар 2019 оны дээд лигийн “Үнэ цэнэтэй тоглогч” боллоо. “Эрчим" багийн ахлагч, спортын мастер З.Цэнд-Аюуш 307 оноо, "Дархан Сеть" багийн ахлагч, спортын мастер Д.Эрдэнэбулган лигийн тэмцээний турш 334 оноо авсан амжилтаар “Шилдэг довтлогч”-ийн шагналыг хүртсэн юм. Дээд лигийн шинэ аварга "Мегастарс" багийн шилдэг дундын хаагч, спортын мастер Э.Алтангэрэл хаалтаас 36 оноо авч, лигийн бүх тоглогчийг хувийн болон багийн амжилтаар тэргүүллээ.       Дээд лигт залуу тоглогч нараар багаа бүрдүүлэн оролцож, 4-р байрт шалгарсан "Хос Бар” багийн тоглогч ОУХМ Р.Хангай, лигийн мөнгөн медальт "Хобби Эйс" багийн ахлагч Л.Хосбаяр нар “Шилдэг холбогч”-ийн шагнал хүртлээ, Түүнчлэн "Ховд Алтайн Барс Хилчин" багийн чөлөөт хамгаалагч, Япон улсын легионер Такахаши Шо лигийн “Шилдэг хамгаалагч”-аар шалгарсан юм. Аваргын алтан медал хүртсэн "Энагурэ" багийн чөлөөт хамгаалагч, спортын мастер Д.Сосорбурам “Шилдэг хамгаалагч”-ийн шагнал хүртэж "Энагурэ" багийн П.Энххүслэн лигийн аварга болохын зэрэгцээ хаалтаас нийт 37 оноо авсан үзүүлэлтээр бүх тоглогчийг тэргүүллээ. Давуулалтаас нийт 30 оноо авсан СМ Б.Анхбаяр  дээд лигийн “Шилдэг давуулагч”-ийн шагналыг хүртсэн. Мөн “Тэнүүн-Огоо” багийн тамирчин Элбэгзаяа давуулалтаас 36 оноо авсан үзүүлэлтээр 16 насандаа “Шилдэг давуулагч”-аар шалгарлаа.      1995 онд анхны лиг зохион байгуулагдаж байсан бол эдүгээ үндэсний дээд лигийн 18 дахь  удаагийн тэмцээнийг Монголын воллейболын холбоо, Их спортыг дэмжигч-Эрдэнэт үйлдвэр хамтран зохион байгуулж, тэмцээнийг Монголын үндэсний телевизийн Спорт суваг шууд дамжуулан орон даяар хүргэлээ. Тэмцээний сүүлийн өдөр легонер тамирчдын эсрэг Монголын баг тамирчид сонирхолтой тоглолт гаргаж, үзэгч олонд бэлэг барьсан юм. Э.Мөнх-Уянга Фото:Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • О.БАТТОГТОХ: Чанарын систем үйлдвэрлэлд нэвтэрснээр хувь хүний ажлын алдаа багассан

      Чанарын хяналтын хэлтсийн технологич инженер, доктор (Ph) О.Баттогтохоос үйлдвэрлэлд нэвтрүүлсэн чанарын системийн талаар тодрууллаа.           Манай Чанарын хяналтын хэлтэс үйлдвэрлэлийн технологийн бүх дамжлага үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн технологийн процесст үнэлэлт дүгнэлт өгч мэдээлдэг. Эрдэнэт үйлдвэрт гаднаас нийлүүлж буй технологийн бараа материалд хяналт тавьдаг. Таван инженер техникийн ажилтан 50 гаруй хүн нэг баг болон ажиллаж  байна. Чанар шалгагчид ажлын байрнаас мэдээллээ сүлжээнд оруулдаг болж автоматчилагдсан. Үүний үр дүнд ажлын ачаалал багасаж, материал цаг хэмнэж хөдөлмөр хөнгөвчилсөн. Ингэснээр тус хэлтсийн тоо чанарын системийг бүрдүүлсэн. Энэ ажлыг Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн программистуудтай хамтран гүйцэтгэлээ. Чанарын систем үйлдвэрлэлд нэвтэрснээр хувь хүний ажлын алдаа багассан. Хуучин, утсаар шинжилгээний үр дүнг дамжуулж байхад алдаа их гардаг байсан. Оператор нь гадаадын мэргэжилтэн бол дамжуулсан тоо зөрөх тохиолдол гарах жишээтэй.      -Тэгвэл ажлын ямар ахиц дэвшил гарч байна вэ?    -Материал пүүлэх жинг автоматжуулсан. Ингэснээр жингийн зөрүү гаргахгүй хяналт сайн тавих болсон. Материал нийлүүлэгчийн жингээр орлогодох биш, үйлдвэрийнхээ Чанар хяналтын хэлтсийн тавьсан жингээр орлогодож байгаа. Ер нь дотоод ажлаа сайжруулсны зэрэгцээ Ил уурхайгаас явж буй хүдрийн агуулга, шинж чанарыг зөв тодорхойлж, Баяжуулах үйлдвэрийг бодит мэдээллээр ханган ажиллахын тулд Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехтэй хамтран систем үүсгэсэн. Өөрөөр хэлбэл Ил уурхайгаас явж буй хүдрийн агуулга, исэлдэл, анхдагч сульфид хэд байгааг шуурхай мэдээлэх программ хангамжийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Мөн Оросын геологичдын судалгаанд тулгуурлан  Ил уурхайн 19 түвшний эрдсээр нь ангилсан мэдээллийг  электрон хэлбэрт шилжүүлсэн. Энэ нь  тухайн экскаватораас ямар Белазад, ямар исэлдэлтэй хүдэр ачиж, Баяжуулах үйлдвэрт өгснийг бүрэн  харах боломж бүрдлээ.      -Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна?     -Хүдрийн шинж чанарыг Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн процесстой холбох зорилт тавьсан. Энэ ажлын хүрээнд  Баяжуулах үйлдвэрийн технологийн процессын бүх мэдээллийг автоматаар  статистик үүсгэж, металл авалтыг хамгийн максимумд хүргэх урвалжийн тун, болон бусад хүчин зүйлүүдийг тооцож гаргах программ нэвтрүүлэхээр ажиллаж байна. ХМТАЦ-ийн мэргэжилтнүүд, МУИС-ийн багш нартай хамтарч ажиллаж байна. Үүнийг загварчлах, программчлах ажил явагдаж байна. Түүнээс гадна “Эрдэнэтийн-Овоо” ордын эрдсүүд геологийн процессоор үүсэхдээ хоорондоо хам урсгал үүсгэсэн байдаг. Одоогийн байдлаар Ил уурхайн геологичидтой хамтраад эрдсийн хам үүслийн судалгаа явуулж, геологийн зураглал гаргасан. Тухайн цэгүүдээс дээж авсан. Цаашид Судалгааны төвтэй хамтран ямар ямар  эрдсүүдийн хам үүслийн үед урвалжийн тун болон хөвүүлэн баяжуулах процесст нөлөөлөх бусад хүчин зүйлүүдийг оновчлох, түүнчлэн лабораторийн  туршилт явуулах зорилт тавин ажиллаж байна.     -Баярлалаа.                        Т.Батчулуун Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Уурхайн САРАН

           Ил уурхайн өрмийн машинч Д.Саран Найрамдлын Дархан хотод цагдаагийн офицер Д.Даваасамбуугийн хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Ээж Р.Дамдинжав нь   Ариун цэвэр халдвар судлалын станцад Ерөнхий эмч байж. Түүний эцэг, эх  1987 онд Эрдэнэсийн хотыг зорин  дөрвөн хүүхдээ дагуулан нүүжээ. Энд ирсэн намар ашиглалтад дөнгөж орсон 5-р сургуулийн, будаг нь  ханхалсан шинэхэн анги танхим, уурхайн их чимээ, баатар мэт уурхайчин залуус хүүд гойд  сэтгэгдэл төрүүлсэн гэдэг. Багаасаа аливаад нухацтай ханддаг, эвлэгхэн гартай, зөөлөн сэтгэлтэй, ухаалаг хүүдээ ээж нь мэргэжлээ өвлүүлэх гэж ятгавч тусыг эс олов. Түүний  цээжинд уурхайн  техник багтжээ. 10-р ангиа дүүргэсэн Д.Саран Дархан хотын Политехникийн коллежийн өрмийн техникчийн ангийг сонгосон. Сургуулиа амжилттай төгссөн ч мэргэжлийн ажил олдсонгүй, жил гаруй хий эргэсний эцэст    1995 оны 11-р сарын 17-нд мөрөөдөж явсан Ил уурхайдаа ирлээ. Залуухан хоёр хархүүг ээлжийн мастер дагуулан уурхайн карьераар явсаар нэгэн өрмийн машины бүхээгт ороод, “Та хоёрын хэн чинь энд үлдэхэв?” гэхэд Д.Саран эргэлзэх зүйлгүй л –“Би” гэв. Намуухан эрийн царай дотно санагдсан уу, машиных нь бүхээг “дулаанхан” байсан уу. Аль аль нь л  байх. Ингээд л тэр Б.Батбаяр багшийнхаа туслах машинчаар ажлын гараагаа эхлэв.  Өнөөдөр Д.Саран дадлага туршлагатай жинхэнэ машинч, цөөнгүй  шавьтай багш болсон ч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Батбаяр багшийнхаа эрдмээс суралцсаар л. Тэд 20 гаруй жил нэг ээлжинд ажиллаж, нэг байранд амьдарч үргэлж ойр байсан. Учрах ерөөл тавилан гэж л энэ  байх. “Миний багш Монгол улсын Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайханы шавь шүү дээ” гэж хэлэхдээ нүд нь сэргээд, бахархан  бэлгэшээж буй нь илт.  Монгол улсын Хөдөлмөрийн баатар Б.Батбаяр: “Манай үйлдвэр залгамж чанар сайтай, багшийн эрдмийг өөртөө шингээж, дараа үедээ дамжуулдаг уламжлалтай. Д.Саран бид хоёр нэг ордных болоод ч тэрүү, зан чанар ойролцоо, биенээ  их амархан ойлголцдог. Тэр заасан зүйлийг маш богино хугацаанд сурч, өөриймшүүлдэг. Өрөмдлөг хийхдээ газрын хатуулаг, цооногийн гүний устай эсэхийг маш нарийн мэдэрдэг.  Геологийн нөхцөлд тохируулан өрөмдөх чадварыг тэр онцгой эзэмшсэн. Саран ер нь  онолын мэдлэгээ өрөмдлөгт ашиглахдаа гаргууд. ХАБ-ын дүрэм журмыг ёсчлон мөрдөж, аюулгүй ажиллагааг ханган ажиллахдаа ч тун сайн. Технологийн нарийн тохиргоог  сайн хийдэг. Тэр бүрийг өөрт нь хэлж, магтдаггүй ч дотроо бол би их тоож,  аргагүй л Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга даа  гэж шавиараа бахархдаг юм” гэв.      Тэрбээр хоёр ч өрмийн  машины угсралт тохируулгын ажлыг бригадын даргатайгаа  хамтран өндөр чанартай гүйцэтгэн ашиглалтад оруулсан байдаг. Даацтай энэ ажилд түүний нягт нямбай ажиллагаа, техникийн мэдлэг, ур чадвар чухал нэмэртэй байсан нь дамжиггүй.       Тэр аливаа зүйлийн эвийг олохдоо гаргуун гэж багш нь магтсан. Урьдчилан бодож, ухаалаг шийдвэр гаргах чадвар түүнд бий. Өрмийн машиныхаа  хэрийн  эвдрэл гэмтэлд мэргэжилтэн дуудаж төвөг удахгүй, муйхар аргаар бус, эвээр шийддэг чанар нь түүний техникт авьяастай, мэдлэгтэйг илтгэнэ.       Эгэл даруухан энэ залуу Эрдэнэт үйлдвэрийн аварга болсноо гар сэтгэл нийлсэн А.Дамдиндорж ахлагчтай  өрмийн 23-р бригадынхны хамтын хөдөлмөрийн үр дүн гэх. Тэр шинэ  залуу ажилчдыг дадлагажуулан сургаж, ажлын арга барил, дадлага туршлагаа өвлүүлэн эзэмшүүлж байна. Түүний шавь өрмийн машинч Д.Энхтайван, өрмийн туслах машинч Г.Пүрэвдорж, Б.Ихбаяр, П.Үнэнбат нар Ил уурхайдаа үр бүтээлтэй ажиллаж байна. Нас тогтон, намба сууж яваа аварга маань залууст,  ажилдаа өөриймсөг сэтгэлээр хандахыг сургана.       Д.Саранг хамт олон нь нийтэч, хүнд тусархуу, хүнтэй өгөө аваатай эр гэж үнэлэх юм билээ. Хэн нэгний гэр оронд чухал  ажил гарахад хамгийн түрүүн Д.Сарангаас тусламж хүсэх.  Ажлаасаа  дөнгөж буучихаад,  ядарч  байсан ч,  тэр яваад л очно. Хүний төлөө боломжтой бүхнээ зориулах хүнлэг сэтгэлтэй  түүнийг Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн Үйлдвэрчний эвлэлийн бүлгийн ахлагчаар сонгосон. Тэр хамт олныхоо хөдөлмөрлөх нөхцөл, цалин урамшуулал зэрэг  нийгмийн асуудлыг нь шийдүүлэхийн  төлөө  чадах чинээгээрээ “гүйдэг”. Уурхайчид яг одоо 12 цагийн ажлын горимыг  туршиж байна. Энэ горимыг нэвтрүүлснээр гэртээ байх цаг уртсаж, хангалттай амран, улмаар хөдөлмөрийн  бүтээмж  нэмэгдэнэ  гэж  тэд үзэж буй. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө, уурхайчдын дуу хоолойг үйлдвэрийн удирдлагад хүргэхээр  тэр Үйлдвэрчнийхэнтэйгээ хамтдаа  зүтгэж явна.     Найз нөхөд нь Д.Саранг өөрийгөө ялж чаддаг хүн гэж тодорхойлдог. Тэр олон жил тамхи татжээ. Нэг бүхээгт ихэнх цагаа хамт өнгөрүүлдэг багшийгаа ч “уугиулдагт” автуулаад  амжиж. Гэвч  нэг л  өдөр би  үүнийг  орхилоо гэсэн гэдэг. Тэр цагаас өнөөдрийг  хүртэл таван жил  тамхийг өөртөө ойртуулаагүй гэнэ. Олон хүн хорт зуршлаа хаях шийдвэр гаргадаг ч ихэнх нь хэлснээсээ буцчихсан явдаг. Дээрх  ганц жишээ түүнийг өөрийгөө ялан дийлэх чадвартайг харуулна.    Хүүхэд байхын л тэр бөмбөгтэй  спортын хорхойтон байж. Сагсан бөмбөг, волейболд бүр ч “донтоно”. Ил уурхайд ажилд орсных нь  дараахан   спортын мастер Б.Нацагдорж найз нь багтаа элсүүлж. Гар нийлсэн залуус  2000 онд Эрдэнэт үйлдвэрийн аварга болж, шилдэг багаар  тодорсноороо  тэр одоо ч  бахархдаг.      Тэр үр хүүхдээ мөс чанар сайтай, хүнтэй эвтэй байж, олны дунд биеэ аваад явчих чадвартай нэгэн болгохсон гэж хичээж яваа эгэл нэгэн аав.     Уурхайчдыг жинхэнэ эр хүний тунгаамал шинжийг хадгалсан улс гэдэг. Үнэхээр ч аливаад чин сэтгэлтэй, эгэл даруухан, зон олонд тустай, хэлсэндээ хүрдэг  эр хүний эрхэм чанарыг өөртөө шингээсэн уурхайчин  аварга Д.Сарангийн тухай  өгүүлэхэд  ийм.  Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Цутгуурын цехийн шинэчлэл эрчимтэй явж байна

         Бид Цутгуурын цехийн хэвний технологийн шинэчлэлийн ажлыг сурвалжлахаар Засвар механикийн заводыг зорилоо. Тус цех 1980 оны арванхоёрдугаар сарын 31-нд  анхныхаа ганг хайлж, Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд ангийг цутган үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. ...Уран нарийн хийцтэй Уурхайн түмэн тоногийг Урлаж цутган зороход Ухаан задраад урамтай... хэмээх шүлгийн шад мөрүүд  цээжинд хургана. Цутгуурын цехэд биднийг очиход хэсэг ажилчид жижиг металл хийцүүдийг нэг дор овоолж  явахтай таарлаа. Талбайн зүүн талд  гагнуурын алтан оч үсэрнэ. Нөгөө талд нь ямар нэгэн тоног төхөөрөмжийг кранаар өргөж буй ийм нэгэн хөдөлмөр ундарсан ажлын  талбар угтав. Шингэн шил, шавар сульфит  зэрэг үндсэн холбогч материалуудыг элстэй найруулан зуурсан холимгоор цутгамал бүтээгдэхүүний хэв бэлтгэдэг. Дараа нь галд тэсвэртэй материалаар будаж янзална. Дээд, доод хэвээ хааж, голчуудаа байрлуулна. Хаягдал хар төмөрлөгийг хайлуулж, механик шинж чанараас хамааруулан янз бүрийн химийн орц найрлагатай хайлшуудаар  цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Зууханд металл хайлах ажиллагаа гурван цаг орчим явагдана. Цутгуурын цехэд хэрэглэж байсан хэвний технологийг 1960 оноос анх үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмжийг  39 жил уг технологиор хийсэн байна. Энэ нь сайн чанарын кварцын элсийг шингэн шилээр зуурч, нүүрс хүчлийн хийгээр  хатууруулан хэв бэлдэх технологи юм. Эрдэнэт үйлдвэрт ашиглаж буй экскаваторууд, өрмийн машин, бульдозер, авто ачигч, автогрейдер зэрэг уулын тоног төхөөрөмжийн эд анги, төрөл бүрийн хацарт болон алхан бутлуурын хуягууд, тээрмийн доторлогоо, насосын ажлын эд ангиудыг Цутгуурын цехэд үйлдвэрлэдэг. Одоогоор Цутгуурын цехэд “Хүйтнээр хатууруулах холимгоор хэв бэлтгэх” хагас автомат шугамыг суурилуулах  шинэчлэлийн ажил ид явагдаж байна. Үндсэн зорилго нь хэвний  технологийг өөрчлөх юм. Цутгуурын цех жилд 6600 тн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийн хүчин чадалтай. Тус цех түүхэндээ хамгийн их нь 5800 тн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан. Хангалттай захиалга ирсэн тохиолдолд төслийнхөө хүчин чадалд хүрч ажиллах боломжтой. Жилийн захиалгынхаа хэмжээнд үйлдвэрлэл явуулж ирсэн аж. Энэ оны эхний 10 сард 5700 гаруй тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Энэ нь Цутгуурын цехийн зогсолтын үед Эрдэнэт үйлдвэрийн жилийн захиалгат цутгамал бүтээгдэхүүний хэрэгцээг хангах нөөц юм. Өөрөөр хэлбэл жилийн төлөвлөгөөт ажлаа хангалттай биелүүлжээ. Ирэх оны тавдугаар сарын нэгэн хүртэл үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн хэрэгцээний цутгамал бүтээгдэхүүний нийлүүлэлт хангагдсан гэнэ. Цутгуурын үйлдвэрлэлийн өргөтгөлийн хүрээнд орчин үеийн өндөр бүтээмжтэй цутгуурын тоног төхөөрөмжөөр тоноглох, шинэ технологи нэвтрүүлэх ажил ийнхүү эрчимтэй явагдаж эхэллээ.         Хольц бэлтгэх хэсгийн металл болон бетон хийц, тоног төхөөрөмжүүдийг  буулгав          Баяжуулах үйлдвэрийн шинэ тоног төхөөрөмжид тавигдах шаардлагыг Цутгуурын цехийн бүтээгдэхүүн хангах ёстой. Одоо үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр зэхэж буй шинэ технологийг 2010 оноос гар хэв дээр туршжээ. Шинэ технологийн Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж 5,7 сая долларын хөрөнгө оруулалт  шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Төсөвлөсөн хөрөнгө оруулалт хийгдсэнээр өнгөрсөн сарын нэгнээс Цутгуурын цехийн үйл ажиллагаа зогсож төлөвлөгөөний дагуу технологийн шинэчлэл эхэлсэн. Одоогийн байдлаар хуучин тоног төхөөрөмжийг буулгах, шинэ тоног төхөөрөмжийн суурийн ажил явагдаж байна. Ирэх оны нэгдүгээр сарын 10-аас ХБНГ улсын FAT компанийн тоног төхөөрөмжийг угсрах аж. Энэ ажлыг  FAT компанийн төлөөлөл, Засвар  угсралтын болон Цутгуурын цехийн хамт олон гурван сарын хугацаанд хийх юм. Мөн дэд бүтцийн холболт, туршилт тохируулгын ажил хийгдэнэ. Эдгээр ажил үе шаттай хийгдсэнээр Цутгуурын цехэд “Хүйтнээр хатууруулах холимгоор хэв бэлтгэх” хагас автомат шугамын шинэчлэлийн ажил дуусна. Ирэх оны тавдугаар сарын нэгнээс Цутгуурын цех үйлдвэрлэлийн хэвийн жигд, тасралтгүй үйл ажиллагаагаа явуулах зорилт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн давхар хольц бэлтгэх тасгийн металл болон бетон хийц, тоног төхөөрөмж буулгах ажлыг “Ээлт өлгий” компани гүйцэтгэж байна. Урьдчилсан тооцоогоор 160-аад тонн металл хийц, 170-аад тонн бетонон хийц буулгажээ. Засвар угсралтын цехийнхэн хуучин 30 тонны холигч, бункерүүдийг буулгах, элс хатаах төхөөрөмжийг шилжүүлэн суулгалаа. Одоо тоног төхөөрөмжийн суурийн ажил уруу орох гэнэ.Механикийн албаныхан хэвний нэг, хоёр, гуравдугаар машин, элс дахин ашиглах бэлтгэх төхөөрөмж, туузан дамжуургыг буулгасан бол Эрчим зүйн албаныхан цех доторх халуун хүйтэн усны болон хийн шугамуудыг салгах, олон төрлийн кабель утаснууд (КТП-2)-ыг буулгаснаар хэв байрлуулах талбайг томсгожээ. Үндсэн гол ажлыг Барилга засварын болон Засвар угсралтын цех хийж байгаа бөгөөд Цутгуурын цехийн 147 ажилтан туслахаар ажиллаж байна.           Олон тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, уур ус, цахилгааны зардлыг хэмнэнэ       Цутгуурын цехийн дарга Ц.Зоригоо: “Манай цехэд шинэ технологи нэвтэрснээр хөдөлмөрийн нөхцөлийн хувьд жаахан өөрчлөлт орно. Хуучин хэвний машинууд доргилттой ажиллаж байлаа. Доргилтын хийн багажууд ашиглаж хэвээ чигждэг. Энэ асуудал байхгүй болно. Харьцангуй дуу чимээ багасна.  Хийн багажийг олон жил ажиллуулсан хүнд булчингийн сулралт явагддаг. Юм атгаж чаддаггүй. Хуучин технологиос бат бэхийн чанар хэд дахин нэмэгдэнэ. Манай цехийг ажиллах үеэр тусгай комисс ажлын нөхцөлтэй танилцана. Урьд нь доргилтод хэв нураад уначихдаг байсан. Энэ технологи нэвтэрснээр өөр төрлийн элс хэрэглэх боломж бүрдэж байна. Бидний хэллэгээр хромтой элс. Үүнийг хайлах температур цельсийн 2100 градус. Тэгэхээр металл цутгасны дараах гадаргууны цэвэрлэгээний ажил харьцангуй хөнгөрнө. Нөгөө талаар геометр хэмжээс маш нарийн болж стандарт, техникийн нөхцөл хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Ажиллах хүчний тоо багасна. Хуучин бид хэвний холимгийг тусад нь бэлддэг байсан. Энд 14 хүн ажилладаг. Тэгэхээр энэ хэсэг ажиллах шаардлагагүй. Шинэ тоног төхөөрөмж, автоматаар нормоо тохируулаад холимгоо зуураад өгчихнө. Тэгэхээр туузан дамжуургын систем халагдана. Нийт 130 тоног төхөөрөмжийг ашиглахгүй болно. Эдгээр тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, уур ус, цахилгааны зардал хэмнэгдэнэ. Тухайлбал, туузан дамжуургын  лент, хүрд, хөдөлгүүрийн ашиглалтын хэрэглээг хэмнэх жишээтэй. Ажилчин хүн туузан дамжуургыг хянах шаардлагагүй. Иймээс зарим ажлын байранд өөрчлөлт орно. Зарим хүмүүсийг өөр хэсэгт шилжүүлэн ажиллуулна. Манай цех хажуудаа  материалын агуулах ашиглалтад оруулна. Хаягдал төмөр бэлтгэх хэсэгт шинэ кранууд тавьж байна. Эдгээр ажлын байранд хүмүүсээ шилжүүлэн ажиллуулах юм.  Энд ажиллах хүмүүсийг сургалтад хамруулна. Ирэх жилийн тавдугаар сарын нэгнээс цехийн үйл ажиллагаа жигдрээд ирэхээр хүмүүсийн ажлын байрны орон тооны бүтэц батлагдана. Манай заводын резинэн эдлэл үйлдвэрлэх тасаг хүчин чадлаа нэмж байгаа. Уг хэсэгт  дөрвөн хүн шилжүүлж ажиллуулна. Манай цех Вакуум хальсны хэвний технологи нэвтрүүлсэн. БНХАУ-ын Сандри компанийн мэргэжилтнүүдийг урьж энэ ажлыг хэрхэн сайжруулах талаар ярилцсан. Тэдний хийсэн төслийн дагуу нэмэлт тоног төхөөрөмж худалдан авсан нь Тээвэр ложистикийн төвд ирчихсэн байгаа. Бидний дараагийн хийх ажил нь Вакуум хальсан хэвний тоног төхөөрөмжийг шилжүүлж суулгах юм. Бид хуучин тоног төхөөрөмжийг нь энэ зун буулгаад авчихсан. Хольц бэлтгэх, элс татах төхөөрөмжийн чөлөөлсөн талбайд вакуум ажлын хэвийг суурилуулах зураг төсөл явж байна.” гэв.             Цутгуурын цех 6000 тонн металл цутгахад 9000 тонн кварцын элс хэрэглэж байсан  бол шинэ технологи нэвтрүүлснээр жилд 3000 тонн элс хэрэглэх аж. Нэг тонн цутгамал бүтээгдэхүүнээс 40 доллар хэмнэх бөгөөд 4,6 жилийн хугацаанд шинэ технологийн зардлаа нөхөх урьдчилсан тооцоо гарчээ. Ийнхүү “Хүйтнээр  хатууруулах холимгоор хэв бэлтгэх” хагас автомат шугамын шинэ технологи үйлдвэрлэлд нэвтэрснээр цутгамал бүтээгдэхүүний чанар сайжирч, хэвний материал хэмнэгдэн, эдийн засгийн үр ашигтай ажиллах нөхцөл бүрдэх юм.                        Т.Батчулуун Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Д.МӨНХБААТАР: Техникийн шинэчлэлийн хөрөнгө оруулалт бүрэн хийгдсэн

        Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цех 850-иад ажилтантай, 300-аад хөдлөх бүрэлдэхүүнтэйгээр үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангахад том хувь нэмэр оруулан ажиллаж байна. Энэ оны хөрөнгө оруулалтаар Авто тээврийн цехэд техникийн шинэчлэл, бүтээн байгуулалтын ямар ажил хийгдсэн талаар тус цехийн дарга Д.Мөнхбаатараас тодрууллаа.          -Манай цех дээр 2019 оны хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөний биелэлт  тоон үзүүлэлтээр 86 хувьтай, үнийн дүнгээр бол 92 хувьтай явна. Өөрөөр хэлбэл өндөр үнийн дүнтэй худалдан авалтууд хийгдсэн. Томоохноос нь дурдвал, хоёр белаз шинээр авсан нь уулын цул тээвэрлэхэд голлох үүрэг гүйцэтгэж байна. Мөн Комацү фирмийн бульдозер авсан. Шинэ техник маань ирсэн даруйдаа далангийн ажилд гарсан, одоо Дулааны цахилгаан станцын нүүрс түрэх ажилд хувь нэмэр оруулан ажиллаж байгаа. Дугуйт ачигч шинээр авлаа. Зардал багатай, бүтээмж өндөртэй техник учраас янз бүрийн үйлчилгээний ажилд гүйцэтгэл сайтай ашиглагдаж байна. Саяхан явуулын засвар үйлчилгээний машин авсан. Дотроо гагнуурын аппараттай, хийн үлээгүүртэй, үр бүтээлтэй машинтай боллоо. Ер нь техникийн шинэчлэлийн төлөвлөгөөнд тусгасан хөрөнгө оруулалт бүрэн хийгдсэн. Одоо ахуйн хэрэглээний жижиг аппарат, шатахуун түгээгүүрийн хэмжигч багажууд гэх мэт бага үнэтэй, цөөн тооны юм үлдсэн. Ондоо багтаад ирчих байх.     -Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн чиглэлээр ямар ажил хийгдэв?      -Төлөвлөсөн ажил бүгд хийгдсэн. Усны шугам сүлжээ солих, Төрөл бүрийн маркийн авто машины хэсэг, технологийн тээврийн болон тусгай зориулалтын машин механизмын гарааш зэрэг барилгын засвар бүрэн дууссан. Талбай бетондох ажил хэсэгчлэн хийгдсэн. Ирэх жил энэ ажил үргэлжилнэ. Ер нь хөрөнгө оруулалтын ажил сайн явагдаж байгаа.     -Танай цех 2019 онд шинээр ямар ажил хэрэгжүүлсэн бэ?     -Микро автобусны дуудлагын үйлчилгээ нэвтрүүллээ. Ингэснээр үйлдвэрт эдийн засгийн чамгүй хэмнэлт гарна. Белазын шугаманд ажиллах цагийг уртасгах зорилгоор “АБК” дээр жолооч нарт зориулсан тусгай өрөө гаргасан. Өмнө нь ажилчид гарааш дээр очиж хувцсаа солиод, энд ирж даалгавар аваад явдаг байсан. Одоо бүгд энд төвлөрсөн. Ингэснээр шугаманд ажиллах цаг 30 минут уртассан. Машины сул явалтыг багасгах, зардал бууруулах зорилгоор уулан дээр ШТС байрлуулсан. Дугуйны даралтыг тогтмол барьж, найдвартай ажиллагаа хангах, хэмнэлт гаргах үүднээс дугуй хийлдэг төхөөрөмжүүдийг карьер дээр байрлуулсан. Энэ бүхэн манай инженер техникийн ажилтнууд, бүтээмж чанарын дугуйлангийнхны сайхан санаачилга гэдгийг хэлэх хэрэгтэй.      -Жолооч нарын ээлжийг 12 цагийн хуваарьт шилжүүлсэн туршилт хэр явна?     -Бид тогтмол хяналт шалгалт хийж, хүмүүсийн сэтгэгдлийг сонсож яваа. Ажилчид ерөнхийдөө ам сайтай, гэртээ байх хугацаа нь нэмэгдсэнд баяртай байгаа. Яахав, ганц нэг хүн ядарч байна гэсэн юм ярьсан. Гэхдээ бид ээлж болгон дээр нөөц жолооч ажиллуулж байгаа. Шаардлагатай үед сольж ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч байна. Одоогоор ядраад байна, сольё гэсэн хүсэлт гараагүй. Туршилт 12-р сарын 31-нд дуусна. Гурван сарын үр дүнгийн тооцоогоор цаашид хэрхэхийг шийднэ. Белазын жолооч, засварчид гээд 200 гаруй хүн 12 цагийн ээлжинд туршилтаар ажиллаж байна.      -Баярлалаа.     М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Металл боловсруулах машин суурилууллаа

        Засвар механикийн завод техник технологийн шинэчлэлийн хүрээнд Солонгосын “Doosan” үйлдвэрийн металл боловсруулах тоон удирдлагатай фрезерийн суурь машиныг Механик цехэд суурилуулан ажиллуулж байна. Тус цехийн ажилчид  өөрсдийн хүчээр уг машиныг суурилуулсан бөгөөд “Doosan” компанийн мэргэжилтнүүд тохируулгын ажил гүйцэтгэжээ. Суурь машин нь хүчин чадлын хувьд дөрвөн тэнхлэгтэй, мянганы нарийвчлалтай эд анги боловсруулах аж. Мөн  650-1400-гийн хэмжээтэй эд ангиуд дээр фрезерийн боловсруулалт хийх юм. Энэ талаар Механик цехийн дарга Д.Галбямба: “Манай цех гурван жилийн хугацаанд тоон удирдлагатай суурь машины төв байгууллаа. Энд токарийн болон фрезерийн суурь машинууд суурилуулсан. “Doosan” маркийн тоон удирдлагатай суурь машин дээр ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг Солонгос улсад операторын сургалтад хамруулан ажиллуулж байна. Энэхүү машин ашиглалтад орсноор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хувьд эрсдэлгүй ажиллах нөхцөл бүрдлээ. Мөн бүтээгдэхүүний чанар, нэр төрөлд дэвшил гарсан. Уг суурь машиныг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулснаар тэгш шүдтэй араа боловсруулах, өрмийн суурь машинаар хийх ажилбаруудыг өөрийнх нь өгөгдлөөр нэг дор хийж байна” гэв.       Т.Батчулуун Дэлгэрэнгүй...
  • С.БУЛГАНТАМИР: “Эрдэнэт үйлдвэр” Волейболын дээд лигийг өндөр хэмжээнд зохион байгуулж буйд тамирчид талархалтай хандаж байна

        Монголын волейболын холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн медалийн төлөөх өрсөлдөөнөөр нийслэл Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Медалийн төлөөх цуврал тоглолтуудын үеэр “Энагурэ” клубын 3 дахь үеийн  тамирчид багтаа 3 дахь аварга цолыг авчирлаа. Шигшээ цувралд 3 дарааллан хожиж лигийн аваргаар шалгарч, алтан медалийн болзол хангалаа. Энэ үеэр “Энагурэ” багийн ахлагч, спортын мастер С.Булгантамиртай цөөн хором ярилцлаа.        -Дээд лигийн аварга болсонд баяр хүргэе! Тэмцээний талаар сэтгэгдлээсээ хуваалцаач?       -Миний хувьд энэ спортоор хичээллээд 7 жил болж байна. Монголын волейболын дээд лигийн хувьд  маш өндөр зохион байгуулалттай болж байгаад талархалтай байна. Эрдэнэт хотруу яваад 3 тойргийн турш  тойргийн нийлбэр дүнгээ гаргасан. Тоглолт бүр хариуцлагатай байлаа.      -Хобби эйс багтай алтын төлөө учраа таарч амжилттай тоглож алтан медалийн эзэд болж байна.Танай багийн давуу тал, тоглолтын тактик юу байсан бэ?     -Ер нь өрсөлдөгч багийн хувьд насны хувьд, довтдогчид, онооны хувьд  тэнцүүхэн байлаа. Манай багийн давуу тал бол хаалт сайн байсан гэж хэлж болно.     -“Энагурэ” багийн онцлог юу вэ? Багийн гишүүдийнхээ тухай яриач?     -Манай багийн онцлог гэвэл тамирчдын хувьд нас бага залуу. Тэгэхээр энэ баг бүрэлдэхүүнээрээ  олон жил гар нийлж тоглох боломжтой гэж харж байна. Энэ бол бидний давуу тал.     -Дээд лигийн хувьд олон жил тасарсан тэмцээнийг сэргээж зохион байгуулж байгаа гэдгээрээ үзэгч, сонирхогчдод өндөр хүлээлт үүссэн байна. Бусад тэмцээнээс ялгарах онцлогийг тамирчид  та бүхэн хэрхэн дүгнэж байна?     -Тамирчид их өндөр сэтгэгдэлтэй байгаа. Ялангуяа Эрдэнэт хотод очиж тоглоход эхнээсээ дуусах хүртэлх бүх үйл ажиллагааг маш өндөр түвшинд зохион байгуулсан. Азийн наадам, олон улсын тэмцээнд ирсэн юм шиг сэтгэгдэл төрж байлаа. Эрдэнэтийн багийн хувьд “Хобби эйс” багтай хүч тэнцүү 5 ээлжийн тоглолтыг сонирхуулсан нь үзэгчдэд  таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Энэ дашрамд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, Эрдэнэтчүүддээ талархлаа илэрхийлье!     -Бусад баг тамирчиддаа хандаж юу гэж хэлэх вэ?    -2019 оны волейболын дээд лиг маш сайхан зохион байгуулагдаж байна.Нийт үзэгчид, зохион байгуулагчиддаа баярлалааа.                         Э.Мөнх-Уянга Фото. Б.Баттөгс     Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа #2

      Аж ахуй, үйлчилгээний цехийн Хими цэвэрлэгээний машинист Ц.ГЭРЭЛМАА “Энэ уулын буянд бид сайн сайхан амьдарч, хойч ирээдүйнхээ төлөө хөдөлмөрлөж, өөрсдийн аз жаргал, ирээдүйг бүтээж яваа шүү” гэж өглөө бүр Эрдэнэт уулаа сэтгэлдээ бодож сэрдэг дээ. Үйлдвэрээрээ бахархаж байна. Хүн ер нь сэтгэлийн үгээ хэлэх боломж тэр бүр гардаггүй бололтой. Эрдэнэт үйлдвэрийг бүтээн цогцлооход гар бие оролцсон үе үеийн уурхайчиддаа талархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. Би Эрдэнэт үйлдвэрт 33 жил ажиллахдаа 17 жилийг нь энэ хамт олонтойгоо үдэж байна. Ээж шиг, эгч шиг нь байж, найз нөхөд болж ээнэгшин дассан хамт олондоо хайртай. Та бүхнийхээ хүчинд өдий зэрэгтэй яваа юм шүү. Тэтгэврийн нас ойртох тусам сэтгэлд нэг зүйл тороод ч байх шиг. Хамт олноо их санах байх. Эрдэнэтийн уурхайчдын сүлд дуу “Уурхайчин би”-г амандаа аялж, автобусны цуваагаа хараад огшиж суудаг би жирийн л нэг уурхайчин. Үйлдвэрийнхээ удирдлагууд, нийт уурхайчиддаа, тэдний үр хүүхэд, ач зээ нар, гэр бүлд сайн сайхныг хүсье.   Засвар механикийн заводын Уул уурхайн хүнд механизм, тоног төхөөрөмжийн засварчин С.БАТЗОРИГ Монгол улсдаа төдийгүй дэлхийд үнэлэгдсэн, ТОП 10 үйлдвэрийн нэг болох уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт 15 дахь жилдээ ажиллаж байгаадаа баяртай байна. Үйлдвэрийн газраас тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, орчин үеийн уул уурхайн хөгжилтэй хөл нийлүүлэхийн зэрэгцээ ажилчдаа мэргэжлийн талбар дээр мэргэших, хөгжихөд ихээхэн анхаарч байгаа нь сайшаалтай юм. Би мэргэжлийнхээ дагуу ур чадвараа нэмэгдүүлэн, цаашдаа улам хичээж ажиллах болно. Хамт олондоо халуун баяр хүргэе.   Тээвэр ложистикийн төвийн Бүтээмж, инновацын мэргэжилтэн З.БАТЦЭНГЭЛ 1978 онд илгээлтээр Эрдэнэт хотод ирэх шийдвэр гаргасан аав, ээждээ маш их баярлалаа. Өнөөдөр би аав, ээжийнхээ үргэлжлэл болж, хүүтэйгээ мөр зэрэгцэн үйлдвэртээ ажиллаж байна. Бид удам дамжсан уурхайчид. Тийм ч учраас үйлдвэртээ маш их хайртай. Аав ээж минь, “Бор ууландаа залбирч яваарай” гэж захидаг. Бор ууландаа, Эрдэнэт үйлдвэртээ маш их баярлалаа.   Дулааны цахилгаан станцын Лабораторийн эрхлэгч Д.ТӨГСБАЯР Би Эрдэнэт үйлдвэрт 19 жил ажиллахдаа өдий дайны ажилтай, мэдлэг мэргэжилтэй болсондоо баярлаж явдаг. Хүн бүр үйлдвэрийнхээ хөгжилд хувь нэмэр оруулах ёстой гэж би хувьдаа боддог. Миний чадах зүйл бол эргэн тойрондоо зөв хандлага түгээх юм. Ер нь зөв хандлагатай, эргэн тойрны уур амьсгал эерэг байвал бүх ажил бүтэмжтэй байна гэдэгт итгэдэг. Та бүхэндээ үйлдвэрийнхээ ойн мэндийг хүргэж, бүгдээрээ эерэг хандлага түгээе гэж уриалмаар байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Монголын волейболын холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд “Дархан сеть” эмэгтэй баг хүрэл медалийн болзол хангалаа

         Монголын волейболын холбооноос анхдугаар лигийн тэмцээнийг 1995 онд зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Харин эмэгтэйчүүдийн лигийг 1997 оноос эхлүүлэн зохион байгуулж эхэлжээ. Ийнхүү 2011 он хүртэл 17 удаа лиг зохион байгуулаад найман жил завсардсан юм. Тэр хугацаанд МВХ-ны цомын аварга шалгаруулах тэмцээн нь лигийг орлож байжээ. Энэ жил Волейболын холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан дээд лигийн тоглолтыг сэргээн зохион байгуулж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулах болсон. Дээд лигт эрэгтэй долоо, эмэгтэй найман баг өрсөлдөж, эмэгтэй багаас “Уурхайчин” багт ОХУ-ын нэг тоглогч ирсэн бол эрэгтэй бүх багт гаднаас тоглогч ирсэн. Лигийн тэмцээнд багууд гурван тойрог өрсөлдөж, нийт 108 тоглолтын дараа медалийн төлөө өрсөлдөх багууд тодроод байна. Медалийн эздийг цуврал тоглолтоос тодруулах бөгөөд түрүүлж гурав хожсон нь ялна. Шигшээ тоглолтууд энэ сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд “MNB Sport” суваг шууд дамжуулан үзүүлж байна. Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 82, эмэгтэй 74 нийт 156 тамирчин хурд хүчээ сорьсноос 70 гаруй хувь нь анх удаа лигт тоглож байна. Ихэнх тамирчны анхны лиг учраас нас, туршлага ойролцоо, өрсөлдөөн тэнцүү байгаа нь тэмцээнийг сонирхолтой болгож байна. Волейболын лигийн нэг онцлог нь “Play-Off” буюу хасагдах шатны тоглолт гэж байдаггүй. Шууд медалийн төлөөх тоглолтуудаар үргэлжилдэг. Өнөөдрийн эхний тоглолт “Дархан сеть”, “Тэнүүн-Огоо” багийн ширүүн өрсөлдөөнөөр эхэлж 3:2-ийн харьцаатайгаар “Дархан сеть” багийн эмэгтэй тамирчид  хүрэл медалийн болзол хангалаа.                        Э.Мөнх-Уянга Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Бидний тухай
 
   Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор  жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг Хүний нөөцийн ажилтны өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг угтаж  Эрдэнэт үйлдвэрт ямар ажлууд зохион байгуулах гэж байгаа талаар ЗХНБГ-ын Хүний нөөцийн албаны дарга  Б.Одгарьдаас тодруулга авлаа. 
 
 
   - Хүний нөөцийн ажилтны баярын өдөр удахгүй тохионо. Энэ өдрийг угтаж ямар ажлууд төлөвлөсөн  бэ?
   - Бид ажил мэргэжлийн баярын өдрөө үр дүнтэй тэмдэглэх зорилгоор Удирдлагын академитай хамтран Хүний нөөцийн удирдлага, хөдөлмөрийн эрхзүйн чиглэлийн сургалт явуулахаар төлөвлөж байна. Мөн хүний нөөцийн мэргэжилтнүүдийн үндэсний “HR DAY-2019” чуулганд хамт олны төлөөллийг оролцуулах гэж байна. Баярын үеэр мэргэжлийн ур чадварын уралдаанд хүний нөөцийн менежерүүдээ бүрэн хамруулахаар зорьж байна.
 
   -  Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбоотой баримт бичгийн шинэчлэл хийгдэж их ажил ундарсан байх?
   - Тийм. Эрдэнэт үйлдвэрийг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбоотой бид бүтэц нэгжийн өөрчлөлт хийх, ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг шинэчлэх, мэдээллийн санг баяжуулах, Эрдэнэт үйлдвэрт мөрдөгдөж байгаа дүрэм журам, хөдөлмөрийн харилцааны баримт бичгүүд, ажлын байрны тодорхойлолт, бүтэц орон тооны хуваарь зэргийг шинэчлэх ажлыг маш богино хугацаанд хийж гүйцэтгээд байна. Эдгээрийг хийж гүйцэтгэхэд манай хүний нөөцийн менежерүүд санал санаачилгатай ажиллалаа.
 
Б.Учрал
Фото: Б.Баттөгс
 
 

 

   “Бид Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүн” гээд нүүрэндээ инээмсэглэл тодруулах үйлдвэрлэгчтэй уулзлаа. Эрдэнэт үйлдвэрээс ажлын гараагаа эхэлсэн дөрвөн залуу лед гэрлийн үйлдвэрлэлээр Монголдоо хувьсал хийж, Санхүүгийн зах зээл дээр “цахиур хагалсан” нь саяхан. Тэрээр “Гэрэл бүтээчихлээ гэхэд гайхах хүн олон байсан, одоо ч сонин биш болж дээ” хэмээн яриагаа үргэлжлүүлж, 2020 онд дэлхийн зах зээл дээр шинэ бүтээгдэхүүнээр Монголын нэрийг гаргах тухайгаа өгүүллээ. Зоримог, шийдмэг энэ алхам Эрдэнэтээр овоглосон “MADE IN MONGOLIA” бүтээгдэхүүн болон мэндэлнэ. Орон нутгийн үйлдвэрлэгчдийн гарааны цэгээс хамтдаа алхах “Эрдэнэтээ дэмжье” булангийн эхний зочноор “Анд энерги” ХК-ийн захирал Ц.Гүррагчааг онцоллоо.
 
 
   -“АНД ЭНЕРГИ” ХК МОНГОЛЫН САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР IPO ХИЙГЭЭД БАГАГҮЙ ХУГАЦАА ӨНГӨРЛӨӨ. ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛСНЫ ОЛОЛТТОЙ ТАЛЫГ ХЭРХЭН ХАРЖ БАЙНА ВЭ?   
   - “Гэрэл гэгээг үйлдвэрлэдэг шигээ Монголын хөрөнгийн биржийг гэрэлтүүлж яваарай” гэж биднийг ерөөсөн. Тэр үгийг чандлан өнөөдрийг хүрлээ. Хүний мөнгийг зүгээр авах эрх бидэнд байхгүй. Хувьцаагаа босгохын тулд үр бүтээлтэй, амьдрал дээр хэрэгжих томоохон төсөлтэй байя гэж шийдээд 2016 оноос төслөө бичиж, 2017 онд танилцуулсан. Санхүүжилтээ 5 жилийн хугацаанд нөхнө гэж тооцоолж байна. Электроникийн үйлдвэрлэлийн онцлогоос хамаарч орчин нөхцөл нь цэвэр, тоос шороогүй байх ёстой гэж үзсэн. Тиймээс ч оффиссын зохион байгуулалтаа үйлчилгээний газар, оффисс, үйлдвэрлэл гэсэн цогц байдлаар шийдсэн. Цайны газартай, ажлын байрандаа усанд орж, хувцасаа солиод гарах боломжоор хангасан хувийн компани одоогоор орон нутагт байхгүй. Бид Эрдэнэт үйлдвэрээс суралцсан туршлагаа өөрийн үйлдвэрт нэвтрүүлж, эмх цэгцтэй, дэг журамтай байхыг алхам бүртээ хэрэгжүүлж байна. Хувьцааны зах зээл дээр хөрөнгө босгосноор барилгаа барьж, тоног төхөөрөмж, хүчин чадлаа 4-5 дахин нэмэгдүүллээ. Энгийнээр тайлбарлавал, бид өмнө нь нэг хонь тэжээдэг байсан бол үйлдвэрлэлээ өргөжүүлснээр 10 өөр үүлдрийн хоньтой боллоо. Хүн хүч, тоног төхөөрөмж бидэнд байна. Оюун ухаан, ур чадвараа ашиглан Монголын зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах л үлдлээ.

   - ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ БОЛСОН ТУХАЙГАА?
   - Ажиллаж, дадлагажиж, инженер мэргэжлийн үнэ цэнийг ухаарсан болоод ч тэр үү, бид Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүн гэж хэлэх дуртай. Үйлдвэр тодорхой хэмжээнд дэмжиж, 2017 оноос хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн. 2018 оны нийт бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг Эрдэнэт үйлдвэрт нийлүүлсэн. Энэ жил илүү өсөлттэй гарахаар байна.  Хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхийн тулд чанартай, шинэ зүйлийг санал болгох болно. Нөгөө л хуучин гэрлээ гаргаж ирээд урьдчилгаа авмаар байна гэж ярих нь зохисгүй.
 
   - ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЯМАР ХЭМЖЭЭНД БАЙНА ВЭ?
   - Өмнө нь 200-300 ширхэг гэрэл үйлдвэрлэж байсан бол өдөртөө 300-600 орчим гэрэл үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. Төрлөөсөө хамаарч, өдөрт үйлдвэрлэх тооны хувьд харилцан адилгүй ч захиалагчдын хүсэлтээр 32 нэр төрлийн гэрэл үйлдвэрлэж байна. Улайсдаг ламф, өдрийн болон сүүн гэрэл хэрэглээнд байсныг халчихлаа. Лед гэрэл харьцуулалтаа нэгэнт давсан тул цаашид хөгжлийн шат л гэж бий. Хөгжил нь дизайн, өнгөний шийдэл, чанар байх болно. Гэрэл өөрийнхөө зах зээлийг бий болгодог. Тиймээс ч өнгөрсөн 5 жилийн хугацаанд бид зах зээлээ бий болгож, хэрэглэгчдээ бэлтгэсэн. Тэдэнд таалагдаж чадсан болохоор илүү орон зайд ажилламаар байна.
 
 
   - АЛСЫН ХАРААГАА ХЭРХЭН ТОДОРХОЙЛОВ?
   - 2020 онд дэлхийн зах зээлд өрсөлдөх шинэ бүтээгдэхүүн гаргана гэж тодорхойлсон. Алхам алхмаар ойртож байна. Ирэх жил илүү том зорилттой гарч ирэх болно.
 
   - ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ТАНИГДАХ ХҮРТЭЛ ЯМАР БЭРХШЭЭЛТЭЙ НҮҮР ТУЛСАН БЭ?
   - Бид шинэ бүтээгдэхүүн хийе л гэж зорьсноос биш зах зээл гэдэг талаас нь олж хараагүй. 2010 онд Эрдэнэт үйлдвэрт цахилгаанчнаар ажиллаж байхад лед гэрэл дөнгөж орж ирсэн. Хэдий цахилгаан хэмнэдэг ч гэрэл нь их бүдэг байлаа. Тухайн үед малчдад зориулсан лед гэрлийг тайрч богиносгоод ашиглаж үзсэн. Хотын төв гудамжны гэрлэн чимэглэл сар хүрэхгүй хугацаанд шатаад, чанар нь гологдсон. Бид 2014 оны 4 дүгээр сараас судалгааны ажлаа эхлүүлж, урд хөрш рүү явснаар Монгол руу оруулж ирдэг болон Европ руу гаргадаг гэрэл ямар их ялгаатайг мэдэж авсан. Улмаар ийм гэрлийг Эрдэнэтдээ хийе гэж шийдсэн. Бүтээгдэхүүн хийх нь гоё байснаас биш зах зээл нь ямар байх талаар огт бодоогүй. 2017 онд IPO гаргаснаар зах зээлээ олох, ямар бүтээгдэхүүн гаргахаа судлах, маркетинг байх хэрэгтэйг ойлгосон. Энэ жилээс бизнес тал руугаа илүүтэй анхаарч байна. Бүтээгдэхүүн зарагдахгүй бол бидний амьдрах чадвар үгүй болно. Тиймээс зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, эсвэл нэг алхам түрүүнд явах хэрэгтэйг ойлголоо. Инженерийн боловсролоо хөгжүүлж, шинэ зүйл хийе гэсэн санаагаа ажил хэрэг болгосондоо баярлаж байна. 
 
 
   - ГОЛ ТҮҮХИЙ ЭДЭЭ ХААНААС ТАТДАГ ВЭ?
   - Тайванийн технологи маш сайн. Тэр ч утгаараа БНХАУ-д үйлдвэрлэдэг компаниас эд анги, бэлдэцээ татаж байгаа.

   - ТА АЖЛЫН НЭГ ӨДРӨӨ ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
   - Эхний ээлжинд бүтээгдэхүүн хийх, материал захиалах, төсөв боловсруулахад анхаарч, үйлдвэрийн үндсэн процессын дагуу ажиллаж байсан. Ер нь мэдлэг чадвар, зохион байгуулалт, хийх арга барил муудахаар үйлдвэрийн үйл ажиллагаа чирэгдэнэ. Энэ тал дээр хүнээ сургах, хөгжүүлэхэд анхаарч, загнаж зааварлахаас илүүтэй өөрөө биечлэн үзүүлэхийг хичээсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч байна. Өнөөдөр бизнесээ хэрхэн тогтвортой байлгах, мөнгөө хэрхэн зөв хуваарилах, оновчтой төлөвлөх вэ гэдэгт ажлаа чиглүүлж байна. Удирдлагын хувьд сайн зохион байгуулалт хийхийг л хичээдэг.

   - “АНД ЭНЕРГИ”-Д ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН ХҮМҮҮСТ ТА ЮУ АМЛАЖ ЧАДАХ ВЭ?
   - Хөрөнгө оруулагчдын хувьд хүлээлт их бий. Үйлдвэр бол мөнгө “ургуулдаг” газар биш. Бүтээгдэхүүнээ сонгоно, туршина, борлуулна, ажилчдаа цалинжуулна, ашгаа хуваарилна гээд дамжлага ихтэй. Мэдээж өсөлттэй байж л энэ бүхнийг хэрэгжүүлнэ. Хувьцаа авах хүсэлтэй хүмүүс энэ онд багтаан авахыг зөвлөмөөр байна. Биднийг дэмжсэн хүн бүрт хүлээлтээс илүүг өгөхийг хичээнэ.
 

   - ЯГ ОДОО ХУВЬЦААНЫ ХАНШ ХЭДТЭЙ БАЙНА ВЭ?
   - Одоогоор нэг бүрийн үнэ нь 35-40 төгрөгөөр үнэлэгдэж байна. Анхдагч зах зээл дээр 60 төгрөгөөр хувьцаагаа арилжиж, 1.5 тэрбум төгрөг босгосон. Хөрөнгө оруулагчид маань ач, зээ нартаа хувьцаа хадгалж байна гээд нийт хувьцааны 50-60 хувийг эргэлтээс гаргачихлаа. Гэхдээ иргэдийн хувьцааны мэдлэг сайжирч байгааг харахад дээрх эргэлтийг богино хугацааны үзэгдэл гэж харж байна. Хувьцаат компани нь тогтмол хугацаанд хурал хийж, сар, улирал тутам санхүүгийн тайлан мэдээгээ нээлттэй түгээж ажиллах нь чухал болохыг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвлөсөн.

   - ҮР  АШГАА МӨНГӨН ДҮНГЭЭР ТООЦВОЛ ЭДИЙН ЗАСАГТ ЯМАР ХЭМНЭЛТ ГАРГАСАН БЭ?
   - Өнгөрсөн хугацаанд ойролцоогоор 70-80 мянган гэрэл үйлдвэрлэсэн. Чийдэн 10 дахин, өдрийн гэрэл 4 дахин хэмнэлт гаргадаг ч цахилгаанаас гарах хэмнэлтийг шууд тооцож мөнгөн дүн гаргахад хэцүү. Хамгийн энгийнээр тайлбарлах гээд үзье. Нэг гэрлийг 10 мянган төгрөгөөр худалдан аваад эхний 6 сардаа дээрх үнэтэй дүйцэх гэрлийг ашигласан байдаг. Түүнээс хойших асалт нь хэмнэлт гэж ойлгож болно. Олон гэрэл байх тусам хэмнэлт нь илүүтэй мэдэгддэг. 
   Манайх хамтран ажиллаж байгаа байгууллагууддаа 1-1.5 сар, ажил үйлчилгээндээ 3 сарын баталгаа гаргаж, тухайн компанийн логог гэрлэн дээр нь хэвлэж өгөх тусгай үйлчилгээ үзүүлж байна. Бид дундаж үнийн бодлого барьж, ил, далд уурхай, супермаркет, дэлгүүр, шатахуун түгээх станц, төрийн байгууллагууд, төмөр зам гээд салбар бүрт харилцагчтай болсон. Жижиглэнгийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргахын тулд загварлаг, ухаалаг болгох талаас нь илүүтэй бодолцоно. Лед гэрэл засагдах боломжтой. Хуучин гэрлээ засуулснаар 60-70 хувийн хэмнэлт гаргадаг. 

   - ЗАЛУУЧУУДАД ХАНДАН ТАНЫ ХЭЛЭХ ҮГ?
   - Өнөөгийн залуучууд мундаг болжээ. Биднээс дээш үеийнхэн улсын байгууллагад ажиллавал сайхан амьдраад явна гэсэн нийтлэг хандлагатай. Энэ үзэл хоцрогдсон. Ур чадвартай бол бидэн шиг зоригтой хөдөлж, шинэ зүйл бүтээж, улс орныхоо төлөө нэг ч гэсэн зүйл хийгээрэй. Анх гэрэл хийсэн гэхэд гайхдаг байсан, одоо гайхах хүн алга. Үүний нэгэн адил машин үйлдвэрлэсэн гээд гараад ирэхийг үгүйсгэх газаргүй. Дэлхийн хэмжээнд Монголынхоо нэрийг гаргах зүйлийг сэтгэж, сэдэж хийгээрэй л гэж хэлмээр байна. 
 

 
 
 
 
Ярилцсан И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс
Мягмар, 08 10-р сар 2019 00:00

Нарийн хэмжүүрийн засварчин

   Аливаа хүний байр байдал, гадаад төрх, үйл хөдлөл, үг яриа дотоод мөн чанараа илтгэдэг. Энэ хөргийн эзэн тогтуун харцтай, инээд алдсан, тайван,үгээ зөөж ярьсан, аливаад ул суурьтай  нэгэн болох нь илт. Түүний аав Говь-Алтай аймгийн харьяат. Насаараа тээврийн жолооч явсан Ширнэнгийн Базаржав агсан. Говь-Алтайн Жаргалант сумын алдарт Батсуурь аваргын нутгийн хүн. Тэр аавынхаа тухай: “Машинаа их гамтай эдэлнэ. Дөнгөс хийвэл арчиж зүлгэнэ. 35-р баазын жолооч. Тав, зургаа, долдугаар таван жилийн гавшгайч. Техникийн улсын үзлэг болох үед аав, бид хоёр бүх машиныг буддаг байсан нь санаанаас ер гардаггүй юм” хэмээн өнгөрсөн он цагийн гэгээн дурсамж сөхөв. Харин түүний ээж Очирын Дунхүү нь аймаг, сумын Ардын хянан шалгах хорооны дарга явжээ. Ээжийнхээ томилолт өвөрлөн очсон газар, гэр бүлээрээ амьдардаг байж. Тэр Төв аймагт мэндэлсэн нэгэн. Дээрээ дөрвөн эгчтэй түүнийг эхээс хүй цөглөхөд аав нь Олзбаяр хэмээх утга агуулсан нэр хайрласан нь тэртээ 70-аад он ажгуу. Түүний бага нас Төв аймгийн Эрдэнэсант, Баян сумын төвд хөдөөний хүүхдийн нэгэн адил цана, тэшүүр хөлөглөн  дүүлж, мөнхүү сурч боловсрон он цагийг үджээ. Тэр хар багын техник сэтгэлгээтэй, инженер болох мөрөөдөлтэй явж. Аавыгаа машин засах тоолон түлхүүр багажийг нь зөөж, гарын үзүүрийн ажил амжуулна. Үеийнхэнтэйгээ дугуйгаар уралдаж өссөн жаал хүү төд удалгүй мотоцикль засаж сэлбэн угсарч унаатай болж байсан нь түүний техник сэтгэлгээ насны багад нь илэрсний тод жишээ. Тэр Эрдэнэт үйлдвэрийн шинийг санаачлагчдын нэг. Монголын залуучуудын холбооны хөдөлмөрийн алтан медалийн эзэн. Стандартчилал, хэмжил зүйн албаны тэргүүний ажилтан Б.Олзбаярын туулсан амьдрал сонин. Тэр их, дээд сургууль төгсөөгүй. Харин амьдралын их сургуулийг аль эрт төгссөн нь  харагддаг. Дунд сургуулиа дүүргээд Төв аймгийн ТМС-д суралцан төгсжээ. Улмаар Технологийн сургуульд суралцан тоног төхөөрөмжийн цахилгаанчин мэргэжил эзэмшээд Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон байна. “За” хэмээн зөвшөөрөх нь эрийн андгай. Б.Олзбаяр за гэвэл ёогүй зантай. Худал хуурмаг занд үнэн сэтгэлээсээ дургүй. Хөдөлмөрийн үр дүнг үзэх сайхан гэх. Бусдад хандаж “Эзэн хичээвэл заяа түшнэ” зүтгээд бай гэж зөвлөнө. Өөрөө болохоор хэлээд суух биш хийж үлгэрлэнэ. Бүтээмжийн хөдөлгөөнд идэвхтэй оролцогч хамт олны түүчээ нь. Тэр “сайн саналын системийн манлайлагч Энхтөр, Мөнгөнсор, Бат-Эрдэнэ нарын бүтээлч сэтгэлгээтэй ажилчид манайд бий” гэж бахархсан. “Анх Тооцоолон бодох ба  автоматжуулалтын цехэд хэсгийн мастер Цамба, засварчин Дамба нарын удирдлагад тэр дагалдангаар ажилласан байна. Эл хоёр буурлын үг сургаалыг бишгүй сонсож явсан аж. Түүний амьдрал шулуун дардан байсангүй, богинохон хугацаанд юм юм хийжээ. Хүндээр өвчилж, түүнийг тэвчээр заан давж, арилжаа, наймаа хийн, ашиг орлого олж явсан гэх. Амралтын хэдэн төгрөгөөрөө жижиг түц ажиллуулж эхлээд найман нэрийн дэлгүүртэй болсон замнал түүнийх. Тэр ийм л хөдөлмөрч нэгэн. Авто засварын болон мужааны багаж цуглуулах хоббитой. Түүгээрээ мужаан хийнэ. Тухайн үед ханш өндөр олон модон хаалга хийж хүмүүст зарсан юм байх. “Мотоцикль, суудлын авто машин олныг сэлбэж унасан. Агрегат засвар хийнэ. Авто машины эд ангийг өөрийн хүсэл сонирхлоор их судалсан. Энэ бүхэн миний засварчин болох сонирхлыг татсан” хэмээн  өгүүлэв. Эрдэнэт үйлдвэрийн Чанар хяналтын хэлтсийн Хэмжил зүйн алба 19 ажилтантай. Тэд үйлдвэрийн хэмжээнд ашиглаж буй хэмжих хэрэгслийн тоног төхөөрөмжийг засварлан баталгаа гаргаж өгдөг хариуцлагатай алба хашдаг. Олзбаяр худалдааны болон лабораторийн жингүүдийг шалгаж, засвар үйлчилгээ хийнэ. Үүнээс гадна үйлдвэрлэлийн хэрэгцээтэй ган бөмбөлгийн шинжилгээнд орох бэлдэц зүсдэг машин дээр давхар ажиллана. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн нарийн технологиор ган бөмбөлгөөс сорьц авч шинжилгээнд оруулна гэсэн үг. Тэр ийм ховор мэргэжил эзэмшсэн нарийн хэмжүүрийн засварчин. Химийн төв лабораторийн агааржуулалтын хөдөлгүүрийг хялбар аргаар солих ажил санаачилжээ.  Энэ нь манвиулаар эргүүлэн дээш өргөх механизм санаачлан зохион бүтээсэн аж. Мөн  жижиг бэлдэц өнгөлөх гар хавчаар санаачлан хийсэн нь ажилчдыг гар, хуруу эсгэх явдлаас урьдчилан сэргийлж, хөдөлмөрийн аюулгүй ажиллах нөхцөл бүрджээ. Сайн саналын системийн нэг зарчим нь ажлын байрны эмх цэгц. Засварчин Б.Олзбаяр багажны самбар хийж идэвх санаачилгатай ажилласныг хамт олон нь тодотгосон. Эднийх гурван хүүхэдтэй. Том хүү нь Чехэд компьютерын программист ажилтай.  Удаах охин нь Герман улсад сурдаг. Бага нь дунд сургуулийн сурагч. Хань нь оёдолчин мэргэжилтэй. Дагвын Цэвээнпүрэв гэж Ховд аймгийн харьяат бүсгүй гэнэ. Харин Олзбаяр үйлдвэрт ашиглаж буй ган бөөрөнцгийг шинжилгээнд бэлдэх жин хэмжүүрийн засвар үйлчилгээ хариуцна. Өөрөөр хэлбэл жин хэмжүүрт засвар, үйлчилгээ хийж, ажилд бэлэн болгодгоороо тэр бахархдаг. Ийм нэг эгэл даруу Нарийн хэмжүүрийн засварчин залуу бидний дунд ид хийж бүтээж явна.
 

 Т.БАТЧУЛУУН

 
   Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн Гадаад хэлний төвөөс орос, англи хэлний 45 хоногийн түр сургалтандаа элсэлт авч эхэлжээ. Энэ сарын 1-10-ны өдрүүдэд элсэгчдийг бүртгэж, 11-нээс англи хэлний модуль-2, 14-нөөс орос, англи хэлний модуль-1 сургалтууд эхлэх юм. Суралцахыг хүссэн хүмүүс Технологийн сургуулийн Оюутны байрны 112 тоотод бүртгүүлэх боломжтой. Мөн 7577-3603, 9534-7800 утсаар холбогдож сургалтын талаар мэдээлэл авахыг сургуулийн захиргаанаас мэдээллээ. 
 

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог