• Хан хуурын амин аялгуутай үдэш...

          Тайзнаас урсах хан хуурын аялгуу увдис юм билээ. Үл үзэгдэх хүлээснээс мултарч бие тавирах мэт ер бусын тайвшрал, басхүү омогшил, бахархлыг мэдрэх гайхамшигтай... Одоогоос таван жилийн өмнө “Уурхайчин” соёлын ордны найруулагч Д.Одончимэг “Хан хуур” төслийг Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад үе шаттай хэрэгжүүлэхээр санаачилсан нь том зориг байсныг тэрээр одоо дурсаж байна. Уг төслийг хоёр багштайгаар эхлүүлж байсан бол одоо 30 гаруй сургагч багштай, морин хуурын бүрэн хэмжээний тоглолт тавих хэмжээний чадварлаг хөгжимчидтэй болжээ. Үүнийгээ ч “Хан хуур” концертоороо баталлаа. “Хан хуур-I” төсөлд Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид хамрагдсан. Хөгжмийн өөр зэмсгээр тоглодог хөгжим ангийнхны хувьд морин хуур сурах дөхөм байсан гэнэ. Харин дуучид, бүжигчид, энгийн ажилчид өнөөдрийн түвшинд хүрэхийн тулд амаргүй олон даваа давжээ. Шантрах, уйлах, зэмлүүлэх, зарим үед нудруулах энүүхэнд байсан тухай тэд одоо инээлдэн ярьж байна. Тайз эзэгнэдэг, өнөөх олны танил алдартай дуучид, бүжигчид маань үндэсний хувцастай, намбалаг гэгч нь суугаад морин хуур эгшиглүүлэхийг үзэх бас л сонирхолтой. Ингэхдээ бүр дэлхийн сонгодгийг нот алдахгүй чадварлаг тоглохын зэрэгцээ сэтгэл хөдлөлөө биеийнхээ хөдөлгөөнөөр илэрхийлэх нь сонирхолтой. Тэд хөгжмийн зохиолч, МУСТА Б.Цэрэндондовын найруулгаар “Буриад ардай дуун”, “Карибийн тэнгисийн дээрэмчид” киноны хөгжим гээд олон аяз тоглов. Д.Одончимэг найруулагч “Соёл, урлагийн цогцолборт өдөр, шөнийн 24 цаг ажилладаг ганц хүн байдаг нь манай Б.Цэрэндондов...” гэж тодотгоод түүнийг энэ тайзан дээрээ Урлагийн гавьяат зүтгэлтэн болоорой хэмээн ерөөсөн. Мэргэжлийн морин хуурчид хүртэл тоглохоос бэргэдэг Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Манан”, “Наадмын дэнж”, Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Уянгын аяз”, “Цагаан суварга”,  МУСТА Б.Чинбатын “Аравт” киноны хөгжим зэрэг бүтээлийг үзэгчдийн сэтгэлд хүртэл эгшиглүүлсэн нь бишрэм. Монгол Улсын УГЗ Д.Дашдондовын үг, СТА Р.Адилбишийн ая “Хуурч” хэмээх шинэ дууг морин хуурчидтайгаа хамт дуучин С.Ариун-Эрдэнэ амилууллаа. Мөн Баяжуулах үйлдвэрийн морин хуурын “Төвөргөөн” хамтлагтай хөөмийч М.Саруултөгс, дуучин Д.Дагиймаа нарын “Зүүдний говь” дууны хоршил үзүүштэй байв. “Хан хуур” төсөл ийнхүү амжилттай хэрэгжихэд гол үүрэг гүйцэтгэсэн Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын морин хуурч Р.Адилбиш “Үүлэн бор”-ыг “хатируулж”, мэргэжлийнхний дунд Монголын гарын таван хуруунд багтах хуурч хэмээн үнэлэгддэг эрэмбээ нотоллоо. Энэ мэт олон шигтгээг нэрлэж болно. Хоёр цаг гаруй үргэлжилсэн хан хуурын концерт дундаа завсарлагатай, амтат зууштай сэтгэл татам өвөрмөц болов. Тоглолтын төгсгөлд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал, Монголын ард түмний үнэт өв болсон хөөмийг Геннисийн номонд бүртгүүлэн баталгаажуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын хөгжимчин МУСТА М.Саруултөгсийг нэг сая төгрөгөөр, мөн чуулгын уран бүтээлчдийн дунд “Хан хуур-I” төслийг 2014-2019 онд амжилттай хэрэгжүүлсэн Д.Одончимэг найруулагчийг хоёр сая төгрөгөөр шагнасныг гардуулав. Мөн төсөлд хамрагдсан бүх уран бүтээлчдэд “Өвгөн хуурч”-ийн хөргийг дурсгаснаар хан хуурын концерт өндөр үүдээ хаалаа.                    Морин хуур зуун зууныг элээн өртөөлсөөр, монгол гэрийн хоймроос тайзны сонгодог хөгжим болтлоо хөгжиж чадсан нь гайхамшиг. Үүгээр ч зогсохгүй ЮНЕСКО-д соёлын үнэт өв хэмээн бүртгэгдэж, дэлхийн тайзнаа залран хүн төрөлхтнийг бишрүүлэн шуугиулж буй нь бахархал юм.                              М.Одгэрэл  Фото: Б.Баттөгс               Дэлгэрэнгүй...
  • Дээд лигийн аваргын цомыг “Хасу мегастарс” баг хүртлээ

         Монголын Волейболын холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн 10-р сарын 25-аас 12 сарын 8-ныг дуустал үргэлжилж шилдгүүдээ тодрууллаа. 7 жил завсарласан дээд лиг волейболын спорт сонирхогчдын цангааг тайлж, гал ассан тоглолтуудыг үзэгч олондоо хүргэлээ. Монголын Волейболын холбооны үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 82, эмэгтэй 74 нийт 156 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөж, шилдэг баг тамирчдаа тодрууллаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хамтран зохион байгуулсан дээд лигийн хаалтын үйл ажиллагаанд Волейболын холбооны удирдах зөвлөлийн хүндэт гишүүд, ахмад волейболчид, волейболын спортыг сонирхогчид оролцлоо. 45 хоног үргэлжилсэн дээд лигийн хүрэл медалийн эздээр Ү.Төмөрхуяг эзэнтэй, СМ Б.Даринчулуун ахлах дасгалжуулагчтай, СМ З.Цэнд-Аюуш ахлагчтай "Эрчим" баг шалгарч, 8 сая төгрөгөөр шагнуулсан бол мөнгөн медалийн эздээр С.Бямбацогт эзэнтэй, ОУХМ Б.Мөнгөндөл ахлах дасгалжуулачгтай, ОУХМ А.Мөнхбаяр ахлагчтай "ХОВД АЛТАЙН БАРС ХИЛЧИН" баг шалгарч "Дээд лиг"-ийн анхны медалиа хүртлээ. Ж.Түмэн-Аюуш эзэнтэй, ОУХМ Л.Баатархүрээ ахлах дасгалжуулачгтай, СМ А.Даваажаргал ахлагчтай "МЕГАСТАРС" баг анх удаа "Дээд лиг"-т түрүүлж аваргын цом гардан, 15 сая төгрөгийн эзэд боллоо.      Эмэгтэй тамирчдаас хүрэл медалийн эздээр А.Ганхуяг эзэнтэй, СМ Б.Чинбат ахлах дасгалжуулагчтай, СМ А.Батжаргал ахлагчтай "ТЭНҮҮН-ОГОО" баг хүрэл медаль хүртэж, Ж.Наранбаатар эзэнтэй, ОУХМ Р.Хангай ахлах дасгалжуулачгтай, Л.Хосбаяр ахлагчтай "ХОББИ-ЭЙС" багийн тамирчид мөнгөн медалийн болзол хангалаа. Алтан медалийн эздээр Жан Жин Хун эзэнтэй, СМ Л.Отгонцэцэг ахлах дасгалжуулагчтай, СМ С.Булгантамир ахлагчтай "Энагурэ" баг дээд лигт 5 дахь удаагаа аваргын төлөө шалгарч, 3 дахь аваргын цомоо хүртсэн юм. Дээд лигийн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд багаа аварга болоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн, спортын мастер Л.Отгонцэцэг шилдэг дасгалжуулагчийн шагналын эзэн боллоо. Тэрээр залуу тамирчдаар багаа бүрдүүлснээр "Энагурэ" багийн 8 жилийн өмнө авч байсан аварга цолыг хамгаалж чадсан юм.Үндэсний "Дээд лиг-2019" тэмцээнд хамгийн олон тоглолт дэнсэлсэн шүүгчдийн нэг, МВХ-ны шүүгч, улсын шүүгч С.Наранбаяр “Шилдэг шүүгч”-ээр тодорсон. Мөн "Дээд лиг"-ийн тэмцээнд эрэгтэйчүүдийн төрөлд багаа аварга болоход үнэтэй хувь нэмэр оруулж, амжилттай удирдсан дасгалжуулагч, ОУХМ Л.Баатархүрээ “Шилдэг дасгалжуулагч” шагналын эзэн боллоо.      "Мегастарс" багийн ахлагч, спортын мастер А.Даваажаргал, "Энагурэ" багийн ахлагч СМ С.Булгантамир нар 2019 оны дээд лигийн “Үнэ цэнэтэй тоглогч” боллоо. “Эрчим" багийн ахлагч, спортын мастер З.Цэнд-Аюуш 307 оноо, "Дархан Сеть" багийн ахлагч, спортын мастер Д.Эрдэнэбулган лигийн тэмцээний турш 334 оноо авсан амжилтаар “Шилдэг довтлогч”-ийн шагналыг хүртсэн юм. Дээд лигийн шинэ аварга "Мегастарс" багийн шилдэг дундын хаагч, спортын мастер Э.Алтангэрэл хаалтаас 36 оноо авч, лигийн бүх тоглогчийг хувийн болон багийн амжилтаар тэргүүллээ.       Дээд лигт залуу тоглогч нараар багаа бүрдүүлэн оролцож, 4-р байрт шалгарсан "Хос Бар” багийн тоглогч ОУХМ Р.Хангай, лигийн мөнгөн медальт "Хобби Эйс" багийн ахлагч Л.Хосбаяр нар “Шилдэг холбогч”-ийн шагнал хүртлээ, Түүнчлэн "Ховд Алтайн Барс Хилчин" багийн чөлөөт хамгаалагч, Япон улсын легионер Такахаши Шо лигийн “Шилдэг хамгаалагч”-аар шалгарсан юм. Аваргын алтан медал хүртсэн "Энагурэ" багийн чөлөөт хамгаалагч, спортын мастер Д.Сосорбурам “Шилдэг хамгаалагч”-ийн шагнал хүртэж "Энагурэ" багийн П.Энххүслэн лигийн аварга болохын зэрэгцээ хаалтаас нийт 37 оноо авсан үзүүлэлтээр бүх тоглогчийг тэргүүллээ. Давуулалтаас нийт 30 оноо авсан СМ Б.Анхбаяр  дээд лигийн “Шилдэг давуулагч”-ийн шагналыг хүртсэн. Мөн “Тэнүүн-Огоо” багийн тамирчин Элбэгзаяа давуулалтаас 36 оноо авсан үзүүлэлтээр 16 насандаа “Шилдэг давуулагч”-аар шалгарлаа.      1995 онд анхны лиг зохион байгуулагдаж байсан бол эдүгээ үндэсний дээд лигийн 18 дахь  удаагийн тэмцээнийг Монголын воллейболын холбоо, Их спортыг дэмжигч-Эрдэнэт үйлдвэр хамтран зохион байгуулж, тэмцээнийг Монголын үндэсний телевизийн Спорт суваг шууд дамжуулан орон даяар хүргэлээ. Тэмцээний сүүлийн өдөр легонер тамирчдын эсрэг Монголын баг тамирчид сонирхолтой тоглолт гаргаж, үзэгч олонд бэлэг барьсан юм. Э.Мөнх-Уянга Фото:Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • О.БАТТОГТОХ: Чанарын систем үйлдвэрлэлд нэвтэрснээр хувь хүний ажлын алдаа багассан

      Чанарын хяналтын хэлтсийн технологич инженер, доктор (Ph) О.Баттогтохоос үйлдвэрлэлд нэвтрүүлсэн чанарын системийн талаар тодрууллаа.           Манай Чанарын хяналтын хэлтэс үйлдвэрлэлийн технологийн бүх дамжлага үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн технологийн процесст үнэлэлт дүгнэлт өгч мэдээлдэг. Эрдэнэт үйлдвэрт гаднаас нийлүүлж буй технологийн бараа материалд хяналт тавьдаг. Таван инженер техникийн ажилтан 50 гаруй хүн нэг баг болон ажиллаж  байна. Чанар шалгагчид ажлын байрнаас мэдээллээ сүлжээнд оруулдаг болж автоматчилагдсан. Үүний үр дүнд ажлын ачаалал багасаж, материал цаг хэмнэж хөдөлмөр хөнгөвчилсөн. Ингэснээр тус хэлтсийн тоо чанарын системийг бүрдүүлсэн. Энэ ажлыг Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн программистуудтай хамтран гүйцэтгэлээ. Чанарын систем үйлдвэрлэлд нэвтэрснээр хувь хүний ажлын алдаа багассан. Хуучин, утсаар шинжилгээний үр дүнг дамжуулж байхад алдаа их гардаг байсан. Оператор нь гадаадын мэргэжилтэн бол дамжуулсан тоо зөрөх тохиолдол гарах жишээтэй.      -Тэгвэл ажлын ямар ахиц дэвшил гарч байна вэ?    -Материал пүүлэх жинг автоматжуулсан. Ингэснээр жингийн зөрүү гаргахгүй хяналт сайн тавих болсон. Материал нийлүүлэгчийн жингээр орлогодох биш, үйлдвэрийнхээ Чанар хяналтын хэлтсийн тавьсан жингээр орлогодож байгаа. Ер нь дотоод ажлаа сайжруулсны зэрэгцээ Ил уурхайгаас явж буй хүдрийн агуулга, шинж чанарыг зөв тодорхойлж, Баяжуулах үйлдвэрийг бодит мэдээллээр ханган ажиллахын тулд Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехтэй хамтран систем үүсгэсэн. Өөрөөр хэлбэл Ил уурхайгаас явж буй хүдрийн агуулга, исэлдэл, анхдагч сульфид хэд байгааг шуурхай мэдээлэх программ хангамжийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Мөн Оросын геологичдын судалгаанд тулгуурлан  Ил уурхайн 19 түвшний эрдсээр нь ангилсан мэдээллийг  электрон хэлбэрт шилжүүлсэн. Энэ нь  тухайн экскаватораас ямар Белазад, ямар исэлдэлтэй хүдэр ачиж, Баяжуулах үйлдвэрт өгснийг бүрэн  харах боломж бүрдлээ.      -Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна?     -Хүдрийн шинж чанарыг Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн процесстой холбох зорилт тавьсан. Энэ ажлын хүрээнд  Баяжуулах үйлдвэрийн технологийн процессын бүх мэдээллийг автоматаар  статистик үүсгэж, металл авалтыг хамгийн максимумд хүргэх урвалжийн тун, болон бусад хүчин зүйлүүдийг тооцож гаргах программ нэвтрүүлэхээр ажиллаж байна. ХМТАЦ-ийн мэргэжилтнүүд, МУИС-ийн багш нартай хамтарч ажиллаж байна. Үүнийг загварчлах, программчлах ажил явагдаж байна. Түүнээс гадна “Эрдэнэтийн-Овоо” ордын эрдсүүд геологийн процессоор үүсэхдээ хоорондоо хам урсгал үүсгэсэн байдаг. Одоогийн байдлаар Ил уурхайн геологичидтой хамтраад эрдсийн хам үүслийн судалгаа явуулж, геологийн зураглал гаргасан. Тухайн цэгүүдээс дээж авсан. Цаашид Судалгааны төвтэй хамтран ямар ямар  эрдсүүдийн хам үүслийн үед урвалжийн тун болон хөвүүлэн баяжуулах процесст нөлөөлөх бусад хүчин зүйлүүдийг оновчлох, түүнчлэн лабораторийн  туршилт явуулах зорилт тавин ажиллаж байна.     -Баярлалаа.                        Т.Батчулуун Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Уурхайн САРАН

           Ил уурхайн өрмийн машинч Д.Саран Найрамдлын Дархан хотод цагдаагийн офицер Д.Даваасамбуугийн хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Ээж Р.Дамдинжав нь   Ариун цэвэр халдвар судлалын станцад Ерөнхий эмч байж. Түүний эцэг, эх  1987 онд Эрдэнэсийн хотыг зорин  дөрвөн хүүхдээ дагуулан нүүжээ. Энд ирсэн намар ашиглалтад дөнгөж орсон 5-р сургуулийн, будаг нь  ханхалсан шинэхэн анги танхим, уурхайн их чимээ, баатар мэт уурхайчин залуус хүүд гойд  сэтгэгдэл төрүүлсэн гэдэг. Багаасаа аливаад нухацтай ханддаг, эвлэгхэн гартай, зөөлөн сэтгэлтэй, ухаалаг хүүдээ ээж нь мэргэжлээ өвлүүлэх гэж ятгавч тусыг эс олов. Түүний  цээжинд уурхайн  техник багтжээ. 10-р ангиа дүүргэсэн Д.Саран Дархан хотын Политехникийн коллежийн өрмийн техникчийн ангийг сонгосон. Сургуулиа амжилттай төгссөн ч мэргэжлийн ажил олдсонгүй, жил гаруй хий эргэсний эцэст    1995 оны 11-р сарын 17-нд мөрөөдөж явсан Ил уурхайдаа ирлээ. Залуухан хоёр хархүүг ээлжийн мастер дагуулан уурхайн карьераар явсаар нэгэн өрмийн машины бүхээгт ороод, “Та хоёрын хэн чинь энд үлдэхэв?” гэхэд Д.Саран эргэлзэх зүйлгүй л –“Би” гэв. Намуухан эрийн царай дотно санагдсан уу, машиных нь бүхээг “дулаанхан” байсан уу. Аль аль нь л  байх. Ингээд л тэр Б.Батбаяр багшийнхаа туслах машинчаар ажлын гараагаа эхлэв.  Өнөөдөр Д.Саран дадлага туршлагатай жинхэнэ машинч, цөөнгүй  шавьтай багш болсон ч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Батбаяр багшийнхаа эрдмээс суралцсаар л. Тэд 20 гаруй жил нэг ээлжинд ажиллаж, нэг байранд амьдарч үргэлж ойр байсан. Учрах ерөөл тавилан гэж л энэ  байх. “Миний багш Монгол улсын Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайханы шавь шүү дээ” гэж хэлэхдээ нүд нь сэргээд, бахархан  бэлгэшээж буй нь илт.  Монгол улсын Хөдөлмөрийн баатар Б.Батбаяр: “Манай үйлдвэр залгамж чанар сайтай, багшийн эрдмийг өөртөө шингээж, дараа үедээ дамжуулдаг уламжлалтай. Д.Саран бид хоёр нэг ордных болоод ч тэрүү, зан чанар ойролцоо, биенээ  их амархан ойлголцдог. Тэр заасан зүйлийг маш богино хугацаанд сурч, өөриймшүүлдэг. Өрөмдлөг хийхдээ газрын хатуулаг, цооногийн гүний устай эсэхийг маш нарийн мэдэрдэг.  Геологийн нөхцөлд тохируулан өрөмдөх чадварыг тэр онцгой эзэмшсэн. Саран ер нь  онолын мэдлэгээ өрөмдлөгт ашиглахдаа гаргууд. ХАБ-ын дүрэм журмыг ёсчлон мөрдөж, аюулгүй ажиллагааг ханган ажиллахдаа ч тун сайн. Технологийн нарийн тохиргоог  сайн хийдэг. Тэр бүрийг өөрт нь хэлж, магтдаггүй ч дотроо бол би их тоож,  аргагүй л Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга даа  гэж шавиараа бахархдаг юм” гэв.      Тэрбээр хоёр ч өрмийн  машины угсралт тохируулгын ажлыг бригадын даргатайгаа  хамтран өндөр чанартай гүйцэтгэн ашиглалтад оруулсан байдаг. Даацтай энэ ажилд түүний нягт нямбай ажиллагаа, техникийн мэдлэг, ур чадвар чухал нэмэртэй байсан нь дамжиггүй.       Тэр аливаа зүйлийн эвийг олохдоо гаргуун гэж багш нь магтсан. Урьдчилан бодож, ухаалаг шийдвэр гаргах чадвар түүнд бий. Өрмийн машиныхаа  хэрийн  эвдрэл гэмтэлд мэргэжилтэн дуудаж төвөг удахгүй, муйхар аргаар бус, эвээр шийддэг чанар нь түүний техникт авьяастай, мэдлэгтэйг илтгэнэ.       Эгэл даруухан энэ залуу Эрдэнэт үйлдвэрийн аварга болсноо гар сэтгэл нийлсэн А.Дамдиндорж ахлагчтай  өрмийн 23-р бригадынхны хамтын хөдөлмөрийн үр дүн гэх. Тэр шинэ  залуу ажилчдыг дадлагажуулан сургаж, ажлын арга барил, дадлага туршлагаа өвлүүлэн эзэмшүүлж байна. Түүний шавь өрмийн машинч Д.Энхтайван, өрмийн туслах машинч Г.Пүрэвдорж, Б.Ихбаяр, П.Үнэнбат нар Ил уурхайдаа үр бүтээлтэй ажиллаж байна. Нас тогтон, намба сууж яваа аварга маань залууст,  ажилдаа өөриймсөг сэтгэлээр хандахыг сургана.       Д.Саранг хамт олон нь нийтэч, хүнд тусархуу, хүнтэй өгөө аваатай эр гэж үнэлэх юм билээ. Хэн нэгний гэр оронд чухал  ажил гарахад хамгийн түрүүн Д.Сарангаас тусламж хүсэх.  Ажлаасаа  дөнгөж буучихаад,  ядарч  байсан ч,  тэр яваад л очно. Хүний төлөө боломжтой бүхнээ зориулах хүнлэг сэтгэлтэй  түүнийг Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн Үйлдвэрчний эвлэлийн бүлгийн ахлагчаар сонгосон. Тэр хамт олныхоо хөдөлмөрлөх нөхцөл, цалин урамшуулал зэрэг  нийгмийн асуудлыг нь шийдүүлэхийн  төлөө  чадах чинээгээрээ “гүйдэг”. Уурхайчид яг одоо 12 цагийн ажлын горимыг  туршиж байна. Энэ горимыг нэвтрүүлснээр гэртээ байх цаг уртсаж, хангалттай амран, улмаар хөдөлмөрийн  бүтээмж  нэмэгдэнэ  гэж  тэд үзэж буй. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө, уурхайчдын дуу хоолойг үйлдвэрийн удирдлагад хүргэхээр  тэр Үйлдвэрчнийхэнтэйгээ хамтдаа  зүтгэж явна.     Найз нөхөд нь Д.Саранг өөрийгөө ялж чаддаг хүн гэж тодорхойлдог. Тэр олон жил тамхи татжээ. Нэг бүхээгт ихэнх цагаа хамт өнгөрүүлдэг багшийгаа ч “уугиулдагт” автуулаад  амжиж. Гэвч  нэг л  өдөр би  үүнийг  орхилоо гэсэн гэдэг. Тэр цагаас өнөөдрийг  хүртэл таван жил  тамхийг өөртөө ойртуулаагүй гэнэ. Олон хүн хорт зуршлаа хаях шийдвэр гаргадаг ч ихэнх нь хэлснээсээ буцчихсан явдаг. Дээрх  ганц жишээ түүнийг өөрийгөө ялан дийлэх чадвартайг харуулна.    Хүүхэд байхын л тэр бөмбөгтэй  спортын хорхойтон байж. Сагсан бөмбөг, волейболд бүр ч “донтоно”. Ил уурхайд ажилд орсных нь  дараахан   спортын мастер Б.Нацагдорж найз нь багтаа элсүүлж. Гар нийлсэн залуус  2000 онд Эрдэнэт үйлдвэрийн аварга болж, шилдэг багаар  тодорсноороо  тэр одоо ч  бахархдаг.      Тэр үр хүүхдээ мөс чанар сайтай, хүнтэй эвтэй байж, олны дунд биеэ аваад явчих чадвартай нэгэн болгохсон гэж хичээж яваа эгэл нэгэн аав.     Уурхайчдыг жинхэнэ эр хүний тунгаамал шинжийг хадгалсан улс гэдэг. Үнэхээр ч аливаад чин сэтгэлтэй, эгэл даруухан, зон олонд тустай, хэлсэндээ хүрдэг  эр хүний эрхэм чанарыг өөртөө шингээсэн уурхайчин  аварга Д.Сарангийн тухай  өгүүлэхэд  ийм.  Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Цутгуурын цехийн шинэчлэл эрчимтэй явж байна

         Бид Цутгуурын цехийн хэвний технологийн шинэчлэлийн ажлыг сурвалжлахаар Засвар механикийн заводыг зорилоо. Тус цех 1980 оны арванхоёрдугаар сарын 31-нд  анхныхаа ганг хайлж, Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд ангийг цутган үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. ...Уран нарийн хийцтэй Уурхайн түмэн тоногийг Урлаж цутган зороход Ухаан задраад урамтай... хэмээх шүлгийн шад мөрүүд  цээжинд хургана. Цутгуурын цехэд биднийг очиход хэсэг ажилчид жижиг металл хийцүүдийг нэг дор овоолж  явахтай таарлаа. Талбайн зүүн талд  гагнуурын алтан оч үсэрнэ. Нөгөө талд нь ямар нэгэн тоног төхөөрөмжийг кранаар өргөж буй ийм нэгэн хөдөлмөр ундарсан ажлын  талбар угтав. Шингэн шил, шавар сульфит  зэрэг үндсэн холбогч материалуудыг элстэй найруулан зуурсан холимгоор цутгамал бүтээгдэхүүний хэв бэлтгэдэг. Дараа нь галд тэсвэртэй материалаар будаж янзална. Дээд, доод хэвээ хааж, голчуудаа байрлуулна. Хаягдал хар төмөрлөгийг хайлуулж, механик шинж чанараас хамааруулан янз бүрийн химийн орц найрлагатай хайлшуудаар  цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Зууханд металл хайлах ажиллагаа гурван цаг орчим явагдана. Цутгуурын цехэд хэрэглэж байсан хэвний технологийг 1960 оноос анх үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.Эрдэнэт үйлдвэрийн тоног төхөөрөмжийг  39 жил уг технологиор хийсэн байна. Энэ нь сайн чанарын кварцын элсийг шингэн шилээр зуурч, нүүрс хүчлийн хийгээр  хатууруулан хэв бэлдэх технологи юм. Эрдэнэт үйлдвэрт ашиглаж буй экскаваторууд, өрмийн машин, бульдозер, авто ачигч, автогрейдер зэрэг уулын тоног төхөөрөмжийн эд анги, төрөл бүрийн хацарт болон алхан бутлуурын хуягууд, тээрмийн доторлогоо, насосын ажлын эд ангиудыг Цутгуурын цехэд үйлдвэрлэдэг. Одоогоор Цутгуурын цехэд “Хүйтнээр хатууруулах холимгоор хэв бэлтгэх” хагас автомат шугамыг суурилуулах  шинэчлэлийн ажил ид явагдаж байна. Үндсэн зорилго нь хэвний  технологийг өөрчлөх юм. Цутгуурын цех жилд 6600 тн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийн хүчин чадалтай. Тус цех түүхэндээ хамгийн их нь 5800 тн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан. Хангалттай захиалга ирсэн тохиолдолд төслийнхөө хүчин чадалд хүрч ажиллах боломжтой. Жилийн захиалгынхаа хэмжээнд үйлдвэрлэл явуулж ирсэн аж. Энэ оны эхний 10 сард 5700 гаруй тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Энэ нь Цутгуурын цехийн зогсолтын үед Эрдэнэт үйлдвэрийн жилийн захиалгат цутгамал бүтээгдэхүүний хэрэгцээг хангах нөөц юм. Өөрөөр хэлбэл жилийн төлөвлөгөөт ажлаа хангалттай биелүүлжээ. Ирэх оны тавдугаар сарын нэгэн хүртэл үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн хэрэгцээний цутгамал бүтээгдэхүүний нийлүүлэлт хангагдсан гэнэ. Цутгуурын үйлдвэрлэлийн өргөтгөлийн хүрээнд орчин үеийн өндөр бүтээмжтэй цутгуурын тоног төхөөрөмжөөр тоноглох, шинэ технологи нэвтрүүлэх ажил ийнхүү эрчимтэй явагдаж эхэллээ.         Хольц бэлтгэх хэсгийн металл болон бетон хийц, тоног төхөөрөмжүүдийг  буулгав          Баяжуулах үйлдвэрийн шинэ тоног төхөөрөмжид тавигдах шаардлагыг Цутгуурын цехийн бүтээгдэхүүн хангах ёстой. Одоо үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр зэхэж буй шинэ технологийг 2010 оноос гар хэв дээр туршжээ. Шинэ технологийн Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж 5,7 сая долларын хөрөнгө оруулалт  шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Төсөвлөсөн хөрөнгө оруулалт хийгдсэнээр өнгөрсөн сарын нэгнээс Цутгуурын цехийн үйл ажиллагаа зогсож төлөвлөгөөний дагуу технологийн шинэчлэл эхэлсэн. Одоогийн байдлаар хуучин тоног төхөөрөмжийг буулгах, шинэ тоног төхөөрөмжийн суурийн ажил явагдаж байна. Ирэх оны нэгдүгээр сарын 10-аас ХБНГ улсын FAT компанийн тоног төхөөрөмжийг угсрах аж. Энэ ажлыг  FAT компанийн төлөөлөл, Засвар  угсралтын болон Цутгуурын цехийн хамт олон гурван сарын хугацаанд хийх юм. Мөн дэд бүтцийн холболт, туршилт тохируулгын ажил хийгдэнэ. Эдгээр ажил үе шаттай хийгдсэнээр Цутгуурын цехэд “Хүйтнээр хатууруулах холимгоор хэв бэлтгэх” хагас автомат шугамын шинэчлэлийн ажил дуусна. Ирэх оны тавдугаар сарын нэгнээс Цутгуурын цех үйлдвэрлэлийн хэвийн жигд, тасралтгүй үйл ажиллагаагаа явуулах зорилт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн давхар хольц бэлтгэх тасгийн металл болон бетон хийц, тоног төхөөрөмж буулгах ажлыг “Ээлт өлгий” компани гүйцэтгэж байна. Урьдчилсан тооцоогоор 160-аад тонн металл хийц, 170-аад тонн бетонон хийц буулгажээ. Засвар угсралтын цехийнхэн хуучин 30 тонны холигч, бункерүүдийг буулгах, элс хатаах төхөөрөмжийг шилжүүлэн суулгалаа. Одоо тоног төхөөрөмжийн суурийн ажил уруу орох гэнэ.Механикийн албаныхан хэвний нэг, хоёр, гуравдугаар машин, элс дахин ашиглах бэлтгэх төхөөрөмж, туузан дамжуургыг буулгасан бол Эрчим зүйн албаныхан цех доторх халуун хүйтэн усны болон хийн шугамуудыг салгах, олон төрлийн кабель утаснууд (КТП-2)-ыг буулгаснаар хэв байрлуулах талбайг томсгожээ. Үндсэн гол ажлыг Барилга засварын болон Засвар угсралтын цех хийж байгаа бөгөөд Цутгуурын цехийн 147 ажилтан туслахаар ажиллаж байна.           Олон тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, уур ус, цахилгааны зардлыг хэмнэнэ       Цутгуурын цехийн дарга Ц.Зоригоо: “Манай цехэд шинэ технологи нэвтэрснээр хөдөлмөрийн нөхцөлийн хувьд жаахан өөрчлөлт орно. Хуучин хэвний машинууд доргилттой ажиллаж байлаа. Доргилтын хийн багажууд ашиглаж хэвээ чигждэг. Энэ асуудал байхгүй болно. Харьцангуй дуу чимээ багасна.  Хийн багажийг олон жил ажиллуулсан хүнд булчингийн сулралт явагддаг. Юм атгаж чаддаггүй. Хуучин технологиос бат бэхийн чанар хэд дахин нэмэгдэнэ. Манай цехийг ажиллах үеэр тусгай комисс ажлын нөхцөлтэй танилцана. Урьд нь доргилтод хэв нураад уначихдаг байсан. Энэ технологи нэвтэрснээр өөр төрлийн элс хэрэглэх боломж бүрдэж байна. Бидний хэллэгээр хромтой элс. Үүнийг хайлах температур цельсийн 2100 градус. Тэгэхээр металл цутгасны дараах гадаргууны цэвэрлэгээний ажил харьцангуй хөнгөрнө. Нөгөө талаар геометр хэмжээс маш нарийн болж стандарт, техникийн нөхцөл хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Ажиллах хүчний тоо багасна. Хуучин бид хэвний холимгийг тусад нь бэлддэг байсан. Энд 14 хүн ажилладаг. Тэгэхээр энэ хэсэг ажиллах шаардлагагүй. Шинэ тоног төхөөрөмж, автоматаар нормоо тохируулаад холимгоо зуураад өгчихнө. Тэгэхээр туузан дамжуургын систем халагдана. Нийт 130 тоног төхөөрөмжийг ашиглахгүй болно. Эдгээр тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, уур ус, цахилгааны зардал хэмнэгдэнэ. Тухайлбал, туузан дамжуургын  лент, хүрд, хөдөлгүүрийн ашиглалтын хэрэглээг хэмнэх жишээтэй. Ажилчин хүн туузан дамжуургыг хянах шаардлагагүй. Иймээс зарим ажлын байранд өөрчлөлт орно. Зарим хүмүүсийг өөр хэсэгт шилжүүлэн ажиллуулна. Манай цех хажуудаа  материалын агуулах ашиглалтад оруулна. Хаягдал төмөр бэлтгэх хэсэгт шинэ кранууд тавьж байна. Эдгээр ажлын байранд хүмүүсээ шилжүүлэн ажиллуулах юм.  Энд ажиллах хүмүүсийг сургалтад хамруулна. Ирэх жилийн тавдугаар сарын нэгнээс цехийн үйл ажиллагаа жигдрээд ирэхээр хүмүүсийн ажлын байрны орон тооны бүтэц батлагдана. Манай заводын резинэн эдлэл үйлдвэрлэх тасаг хүчин чадлаа нэмж байгаа. Уг хэсэгт  дөрвөн хүн шилжүүлж ажиллуулна. Манай цех Вакуум хальсны хэвний технологи нэвтрүүлсэн. БНХАУ-ын Сандри компанийн мэргэжилтнүүдийг урьж энэ ажлыг хэрхэн сайжруулах талаар ярилцсан. Тэдний хийсэн төслийн дагуу нэмэлт тоног төхөөрөмж худалдан авсан нь Тээвэр ложистикийн төвд ирчихсэн байгаа. Бидний дараагийн хийх ажил нь Вакуум хальсан хэвний тоног төхөөрөмжийг шилжүүлж суулгах юм. Бид хуучин тоног төхөөрөмжийг нь энэ зун буулгаад авчихсан. Хольц бэлтгэх, элс татах төхөөрөмжийн чөлөөлсөн талбайд вакуум ажлын хэвийг суурилуулах зураг төсөл явж байна.” гэв.             Цутгуурын цех 6000 тонн металл цутгахад 9000 тонн кварцын элс хэрэглэж байсан  бол шинэ технологи нэвтрүүлснээр жилд 3000 тонн элс хэрэглэх аж. Нэг тонн цутгамал бүтээгдэхүүнээс 40 доллар хэмнэх бөгөөд 4,6 жилийн хугацаанд шинэ технологийн зардлаа нөхөх урьдчилсан тооцоо гарчээ. Ийнхүү “Хүйтнээр  хатууруулах холимгоор хэв бэлтгэх” хагас автомат шугамын шинэ технологи үйлдвэрлэлд нэвтэрснээр цутгамал бүтээгдэхүүний чанар сайжирч, хэвний материал хэмнэгдэн, эдийн засгийн үр ашигтай ажиллах нөхцөл бүрдэх юм.                        Т.Батчулуун Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Д.МӨНХБААТАР: Техникийн шинэчлэлийн хөрөнгө оруулалт бүрэн хийгдсэн

        Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цех 850-иад ажилтантай, 300-аад хөдлөх бүрэлдэхүүнтэйгээр үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангахад том хувь нэмэр оруулан ажиллаж байна. Энэ оны хөрөнгө оруулалтаар Авто тээврийн цехэд техникийн шинэчлэл, бүтээн байгуулалтын ямар ажил хийгдсэн талаар тус цехийн дарга Д.Мөнхбаатараас тодрууллаа.          -Манай цех дээр 2019 оны хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөний биелэлт  тоон үзүүлэлтээр 86 хувьтай, үнийн дүнгээр бол 92 хувьтай явна. Өөрөөр хэлбэл өндөр үнийн дүнтэй худалдан авалтууд хийгдсэн. Томоохноос нь дурдвал, хоёр белаз шинээр авсан нь уулын цул тээвэрлэхэд голлох үүрэг гүйцэтгэж байна. Мөн Комацү фирмийн бульдозер авсан. Шинэ техник маань ирсэн даруйдаа далангийн ажилд гарсан, одоо Дулааны цахилгаан станцын нүүрс түрэх ажилд хувь нэмэр оруулан ажиллаж байгаа. Дугуйт ачигч шинээр авлаа. Зардал багатай, бүтээмж өндөртэй техник учраас янз бүрийн үйлчилгээний ажилд гүйцэтгэл сайтай ашиглагдаж байна. Саяхан явуулын засвар үйлчилгээний машин авсан. Дотроо гагнуурын аппараттай, хийн үлээгүүртэй, үр бүтээлтэй машинтай боллоо. Ер нь техникийн шинэчлэлийн төлөвлөгөөнд тусгасан хөрөнгө оруулалт бүрэн хийгдсэн. Одоо ахуйн хэрэглээний жижиг аппарат, шатахуун түгээгүүрийн хэмжигч багажууд гэх мэт бага үнэтэй, цөөн тооны юм үлдсэн. Ондоо багтаад ирчих байх.     -Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн чиглэлээр ямар ажил хийгдэв?      -Төлөвлөсөн ажил бүгд хийгдсэн. Усны шугам сүлжээ солих, Төрөл бүрийн маркийн авто машины хэсэг, технологийн тээврийн болон тусгай зориулалтын машин механизмын гарааш зэрэг барилгын засвар бүрэн дууссан. Талбай бетондох ажил хэсэгчлэн хийгдсэн. Ирэх жил энэ ажил үргэлжилнэ. Ер нь хөрөнгө оруулалтын ажил сайн явагдаж байгаа.     -Танай цех 2019 онд шинээр ямар ажил хэрэгжүүлсэн бэ?     -Микро автобусны дуудлагын үйлчилгээ нэвтрүүллээ. Ингэснээр үйлдвэрт эдийн засгийн чамгүй хэмнэлт гарна. Белазын шугаманд ажиллах цагийг уртасгах зорилгоор “АБК” дээр жолооч нарт зориулсан тусгай өрөө гаргасан. Өмнө нь ажилчид гарааш дээр очиж хувцсаа солиод, энд ирж даалгавар аваад явдаг байсан. Одоо бүгд энд төвлөрсөн. Ингэснээр шугаманд ажиллах цаг 30 минут уртассан. Машины сул явалтыг багасгах, зардал бууруулах зорилгоор уулан дээр ШТС байрлуулсан. Дугуйны даралтыг тогтмол барьж, найдвартай ажиллагаа хангах, хэмнэлт гаргах үүднээс дугуй хийлдэг төхөөрөмжүүдийг карьер дээр байрлуулсан. Энэ бүхэн манай инженер техникийн ажилтнууд, бүтээмж чанарын дугуйлангийнхны сайхан санаачилга гэдгийг хэлэх хэрэгтэй.      -Жолооч нарын ээлжийг 12 цагийн хуваарьт шилжүүлсэн туршилт хэр явна?     -Бид тогтмол хяналт шалгалт хийж, хүмүүсийн сэтгэгдлийг сонсож яваа. Ажилчид ерөнхийдөө ам сайтай, гэртээ байх хугацаа нь нэмэгдсэнд баяртай байгаа. Яахав, ганц нэг хүн ядарч байна гэсэн юм ярьсан. Гэхдээ бид ээлж болгон дээр нөөц жолооч ажиллуулж байгаа. Шаардлагатай үед сольж ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч байна. Одоогоор ядраад байна, сольё гэсэн хүсэлт гараагүй. Туршилт 12-р сарын 31-нд дуусна. Гурван сарын үр дүнгийн тооцоогоор цаашид хэрхэхийг шийднэ. Белазын жолооч, засварчид гээд 200 гаруй хүн 12 цагийн ээлжинд туршилтаар ажиллаж байна.      -Баярлалаа.     М.Одгэрэл Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Металл боловсруулах машин суурилууллаа

        Засвар механикийн завод техник технологийн шинэчлэлийн хүрээнд Солонгосын “Doosan” үйлдвэрийн металл боловсруулах тоон удирдлагатай фрезерийн суурь машиныг Механик цехэд суурилуулан ажиллуулж байна. Тус цехийн ажилчид  өөрсдийн хүчээр уг машиныг суурилуулсан бөгөөд “Doosan” компанийн мэргэжилтнүүд тохируулгын ажил гүйцэтгэжээ. Суурь машин нь хүчин чадлын хувьд дөрвөн тэнхлэгтэй, мянганы нарийвчлалтай эд анги боловсруулах аж. Мөн  650-1400-гийн хэмжээтэй эд ангиуд дээр фрезерийн боловсруулалт хийх юм. Энэ талаар Механик цехийн дарга Д.Галбямба: “Манай цех гурван жилийн хугацаанд тоон удирдлагатай суурь машины төв байгууллаа. Энд токарийн болон фрезерийн суурь машинууд суурилуулсан. “Doosan” маркийн тоон удирдлагатай суурь машин дээр ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг Солонгос улсад операторын сургалтад хамруулан ажиллуулж байна. Энэхүү машин ашиглалтад орсноор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хувьд эрсдэлгүй ажиллах нөхцөл бүрдлээ. Мөн бүтээгдэхүүний чанар, нэр төрөлд дэвшил гарсан. Уг суурь машиныг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулснаар тэгш шүдтэй араа боловсруулах, өрмийн суурь машинаар хийх ажилбаруудыг өөрийнх нь өгөгдлөөр нэг дор хийж байна” гэв.       Т.Батчулуун Дэлгэрэнгүй...
  • С.БУЛГАНТАМИР: “Эрдэнэт үйлдвэр” Волейболын дээд лигийг өндөр хэмжээнд зохион байгуулж буйд тамирчид талархалтай хандаж байна

        Монголын волейболын холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн медалийн төлөөх өрсөлдөөнөөр нийслэл Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Медалийн төлөөх цуврал тоглолтуудын үеэр “Энагурэ” клубын 3 дахь үеийн  тамирчид багтаа 3 дахь аварга цолыг авчирлаа. Шигшээ цувралд 3 дарааллан хожиж лигийн аваргаар шалгарч, алтан медалийн болзол хангалаа. Энэ үеэр “Энагурэ” багийн ахлагч, спортын мастер С.Булгантамиртай цөөн хором ярилцлаа.        -Дээд лигийн аварга болсонд баяр хүргэе! Тэмцээний талаар сэтгэгдлээсээ хуваалцаач?       -Миний хувьд энэ спортоор хичээллээд 7 жил болж байна. Монголын волейболын дээд лигийн хувьд  маш өндөр зохион байгуулалттай болж байгаад талархалтай байна. Эрдэнэт хотруу яваад 3 тойргийн турш  тойргийн нийлбэр дүнгээ гаргасан. Тоглолт бүр хариуцлагатай байлаа.      -Хобби эйс багтай алтын төлөө учраа таарч амжилттай тоглож алтан медалийн эзэд болж байна.Танай багийн давуу тал, тоглолтын тактик юу байсан бэ?     -Ер нь өрсөлдөгч багийн хувьд насны хувьд, довтдогчид, онооны хувьд  тэнцүүхэн байлаа. Манай багийн давуу тал бол хаалт сайн байсан гэж хэлж болно.     -“Энагурэ” багийн онцлог юу вэ? Багийн гишүүдийнхээ тухай яриач?     -Манай багийн онцлог гэвэл тамирчдын хувьд нас бага залуу. Тэгэхээр энэ баг бүрэлдэхүүнээрээ  олон жил гар нийлж тоглох боломжтой гэж харж байна. Энэ бол бидний давуу тал.     -Дээд лигийн хувьд олон жил тасарсан тэмцээнийг сэргээж зохион байгуулж байгаа гэдгээрээ үзэгч, сонирхогчдод өндөр хүлээлт үүссэн байна. Бусад тэмцээнээс ялгарах онцлогийг тамирчид  та бүхэн хэрхэн дүгнэж байна?     -Тамирчид их өндөр сэтгэгдэлтэй байгаа. Ялангуяа Эрдэнэт хотод очиж тоглоход эхнээсээ дуусах хүртэлх бүх үйл ажиллагааг маш өндөр түвшинд зохион байгуулсан. Азийн наадам, олон улсын тэмцээнд ирсэн юм шиг сэтгэгдэл төрж байлаа. Эрдэнэтийн багийн хувьд “Хобби эйс” багтай хүч тэнцүү 5 ээлжийн тоглолтыг сонирхуулсан нь үзэгчдэд  таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Энэ дашрамд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, Эрдэнэтчүүддээ талархлаа илэрхийлье!     -Бусад баг тамирчиддаа хандаж юу гэж хэлэх вэ?    -2019 оны волейболын дээд лиг маш сайхан зохион байгуулагдаж байна.Нийт үзэгчид, зохион байгуулагчиддаа баярлалааа.                         Э.Мөнх-Уянга Фото. Б.Баттөгс     Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт үйлдвэртээ баярлалаа #2

      Аж ахуй, үйлчилгээний цехийн Хими цэвэрлэгээний машинист Ц.ГЭРЭЛМАА “Энэ уулын буянд бид сайн сайхан амьдарч, хойч ирээдүйнхээ төлөө хөдөлмөрлөж, өөрсдийн аз жаргал, ирээдүйг бүтээж яваа шүү” гэж өглөө бүр Эрдэнэт уулаа сэтгэлдээ бодож сэрдэг дээ. Үйлдвэрээрээ бахархаж байна. Хүн ер нь сэтгэлийн үгээ хэлэх боломж тэр бүр гардаггүй бололтой. Эрдэнэт үйлдвэрийг бүтээн цогцлооход гар бие оролцсон үе үеийн уурхайчиддаа талархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. Би Эрдэнэт үйлдвэрт 33 жил ажиллахдаа 17 жилийг нь энэ хамт олонтойгоо үдэж байна. Ээж шиг, эгч шиг нь байж, найз нөхөд болж ээнэгшин дассан хамт олондоо хайртай. Та бүхнийхээ хүчинд өдий зэрэгтэй яваа юм шүү. Тэтгэврийн нас ойртох тусам сэтгэлд нэг зүйл тороод ч байх шиг. Хамт олноо их санах байх. Эрдэнэтийн уурхайчдын сүлд дуу “Уурхайчин би”-г амандаа аялж, автобусны цуваагаа хараад огшиж суудаг би жирийн л нэг уурхайчин. Үйлдвэрийнхээ удирдлагууд, нийт уурхайчиддаа, тэдний үр хүүхэд, ач зээ нар, гэр бүлд сайн сайхныг хүсье.   Засвар механикийн заводын Уул уурхайн хүнд механизм, тоног төхөөрөмжийн засварчин С.БАТЗОРИГ Монгол улсдаа төдийгүй дэлхийд үнэлэгдсэн, ТОП 10 үйлдвэрийн нэг болох уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт 15 дахь жилдээ ажиллаж байгаадаа баяртай байна. Үйлдвэрийн газраас тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, орчин үеийн уул уурхайн хөгжилтэй хөл нийлүүлэхийн зэрэгцээ ажилчдаа мэргэжлийн талбар дээр мэргэших, хөгжихөд ихээхэн анхаарч байгаа нь сайшаалтай юм. Би мэргэжлийнхээ дагуу ур чадвараа нэмэгдүүлэн, цаашдаа улам хичээж ажиллах болно. Хамт олондоо халуун баяр хүргэе.   Тээвэр ложистикийн төвийн Бүтээмж, инновацын мэргэжилтэн З.БАТЦЭНГЭЛ 1978 онд илгээлтээр Эрдэнэт хотод ирэх шийдвэр гаргасан аав, ээждээ маш их баярлалаа. Өнөөдөр би аав, ээжийнхээ үргэлжлэл болж, хүүтэйгээ мөр зэрэгцэн үйлдвэртээ ажиллаж байна. Бид удам дамжсан уурхайчид. Тийм ч учраас үйлдвэртээ маш их хайртай. Аав ээж минь, “Бор ууландаа залбирч яваарай” гэж захидаг. Бор ууландаа, Эрдэнэт үйлдвэртээ маш их баярлалаа.   Дулааны цахилгаан станцын Лабораторийн эрхлэгч Д.ТӨГСБАЯР Би Эрдэнэт үйлдвэрт 19 жил ажиллахдаа өдий дайны ажилтай, мэдлэг мэргэжилтэй болсондоо баярлаж явдаг. Хүн бүр үйлдвэрийнхээ хөгжилд хувь нэмэр оруулах ёстой гэж би хувьдаа боддог. Миний чадах зүйл бол эргэн тойрондоо зөв хандлага түгээх юм. Ер нь зөв хандлагатай, эргэн тойрны уур амьсгал эерэг байвал бүх ажил бүтэмжтэй байна гэдэгт итгэдэг. Та бүхэндээ үйлдвэрийнхээ ойн мэндийг хүргэж, бүгдээрээ эерэг хандлага түгээе гэж уриалмаар байна. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Монголын волейболын холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд “Дархан сеть” эмэгтэй баг хүрэл медалийн болзол хангалаа

         Монголын волейболын холбооноос анхдугаар лигийн тэмцээнийг 1995 онд зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Харин эмэгтэйчүүдийн лигийг 1997 оноос эхлүүлэн зохион байгуулж эхэлжээ. Ийнхүү 2011 он хүртэл 17 удаа лиг зохион байгуулаад найман жил завсардсан юм. Тэр хугацаанд МВХ-ны цомын аварга шалгаруулах тэмцээн нь лигийг орлож байжээ. Энэ жил Волейболын холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан дээд лигийн тоглолтыг сэргээн зохион байгуулж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулах болсон. Дээд лигт эрэгтэй долоо, эмэгтэй найман баг өрсөлдөж, эмэгтэй багаас “Уурхайчин” багт ОХУ-ын нэг тоглогч ирсэн бол эрэгтэй бүх багт гаднаас тоглогч ирсэн. Лигийн тэмцээнд багууд гурван тойрог өрсөлдөж, нийт 108 тоглолтын дараа медалийн төлөө өрсөлдөх багууд тодроод байна. Медалийн эздийг цуврал тоглолтоос тодруулах бөгөөд түрүүлж гурав хожсон нь ялна. Шигшээ тоглолтууд энэ сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд “MNB Sport” суваг шууд дамжуулан үзүүлж байна. Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 82, эмэгтэй 74 нийт 156 тамирчин хурд хүчээ сорьсноос 70 гаруй хувь нь анх удаа лигт тоглож байна. Ихэнх тамирчны анхны лиг учраас нас, туршлага ойролцоо, өрсөлдөөн тэнцүү байгаа нь тэмцээнийг сонирхолтой болгож байна. Волейболын лигийн нэг онцлог нь “Play-Off” буюу хасагдах шатны тоглолт гэж байдаггүй. Шууд медалийн төлөөх тоглолтуудаар үргэлжилдэг. Өнөөдрийн эхний тоглолт “Дархан сеть”, “Тэнүүн-Огоо” багийн ширүүн өрсөлдөөнөөр эхэлж 3:2-ийн харьцаатайгаар “Дархан сеть” багийн эмэгтэй тамирчид  хүрэл медалийн болзол хангалаа.                        Э.Мөнх-Уянга Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Бидний тухай
 
   Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтад гар бие оролцсон анхдагч, илгээлтийн эздийг хамруулсан “1000 анхдагч, илгээлтийн эздийн чуулга” өнөөдөр болж байна. “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-аас санаачилсан энэхүү үйл ажиллагааг Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэтийн анхдагч, илгээлтийн эздийн холбоо” ТББ хамтран зохион байгуулж, ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Чуулганы үеэр хотынхоо хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж, залуу халуун насаа бүтээн байгуулалтын он жилүүдэд зориулсан ахмад үеийнхнээ шагнаж урамшуулсан юм.
   Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор Ц.Чимэдбалдир, БТС-ын тэргүүний ажилтнаар С.Халтар, “Осолгүй манлай” жолоочоор Д.Баяраа, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар Д.Эрдэнэчимэг, Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтнаар Ч.Мөнхжаргал, Хөдөлмөрийн тэргүүний ажилтнаар Ш.Энхбат, Эрчим хүчний тэргүүний ажилтнаар Б.Ичинхорлоо, УУХҮЯ-ны жуух бичгээр Л.Норов, Орхон аймгийн 40 жилийн ойн медалиар С.Оюунгэрэл, Орхон аймгийн Хүндэт тэмдгээр Д.Давааням, С.Батнайрамдал, Д.Хандсүрэн, Г.Эсмэдэх, Н.Лхагвасүрэн, С.Нанжид, Т.Гонгор, Засаг даргын жуух бичгээр Д.Гармаа, Ахмадын холбооны хүндэт тэмдгээр С.Эрдэнэсүрэн нарыг тус тус шагналаа.
   Ахмад үеийнхний хөлс хүч, хөдөлмөр бүтээлээр сүндэрлэн боссон Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр цэцэглэн хөгжиж байна. Маргаашийн гэрэлт наран дор тэнхлүүн, өөдрөг алхах тэнхээг хайрласан ахмад үеийнхэндээ бид талархах учиртай. Ахмадын чуулга уулзалт нь энэ цагийн өвөө эмээ, эгэл жирийн ахмадад зориулсан хэдий ч тэд бол өнөөдрийг бүтээсэн алдар гавьяатан, бахархан дуурайх үйлстнүүд билээ.
 
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.БАТМӨНХ: Бид түүхийг цаг хугацааны эрхээр үргэлжлүүлж явна
 

   - Эрдэнэтчүүддээ болон Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг үүсгэн байгуулсан нийт ахмадууддаа Эрдэнэт үйлдвэрийнхээ хамт олны өмнөөс Олон Улсын Ахмадын эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье. Эрдэнэтийн-Овооны орд газрыг нээсэн ахмадууд маань эдүгээ хийсэн бүтээсэн зүйлтэй, 100 гаруй мянган хүн амтай хотыг бий болгон, өдий зэрэгт хүргэсэн үйлдвэрээ хойч үеийнхэндээ хүлээлгэн өглөө. Бид түүхийг цаг хугацааны эрхээр үргэлжлүүлж явна. Ажиллах нөхцөл бололцоог хангаж өгсөн анхдагч, илгээлтийн эзэддээ талархаж, үйл хэргийг нь үргэлжлүүлэх чиглэлээр үйлдвэрийн үе үеийн удирдлагууд техник, технологийн шинэчлэл хийж, жил ирэх тутам шинэ дээд амжилт тогтоож байгааг дуулгахад таатай байна. Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 100 давсан хувиар биелүүлж, уурхайн ашиглалтын хугацааг уртасгаж, өртөг зардлаа бууруулж, урт удаан хугацаанд эдийн засгийн үр ашигтай ажиллахад анхааран олон шинэ төслийг хэрэгжүүлж эхэллээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд геологи хайгуулын зардлаа өсгөж, эрэл хайгуул хийснээр нөөц баялгийг 20 орчим жилээр нэмэгдүүлж чадлаа. Энэ бүхний суурийг тавьж өгсөн ахмадууд та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ахмад настан Ц.ДАВААЦЭДЭВ: Төрсөн нутагтаа сайхан л амьдарч явна
 
 
   - Би Эрдэнэт үйлдвэрийн Эмнэлэг сувиЛлын албанд 12 жил нярваар ажиллаад тэтгэвэртээ гарсан. Цехийн ахмадын зөвлөл бидэнтэй байнга эргэх холбоотой ажиллаж, амралт зугаалганд хамтдаа явцгааж байна. Үйлдвэрийн газраас ажилчдад зориулсан олон бодлого хэрэгжүүлж байгааг сонсоод баярлаж сууна. Би Булган аймгийн уугуул. Төрсөн нутагтаа сайхан л амьдарч явна. Би 2003 онд тэтгэвэртээ гарсан. Тэр үед одоо үетэй адил 36 сарын цалинтай тэнцэх тэтгэвэр авч байсангүй. Мөнгөний ханш ч бага байж. Миний тэтгэвэр гэхэд 300 мянган төгрөгөөр тогтоогдсон. Дээр үед тэтгэвэрт гарсан ажилчиддаа буцалтгүй тусламж хэлбэрээр нэг удаагийн нэг сая төгрөгийг үйлдвэр маань өгвөл сайхан л байна. 
 
Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ-ны анхны дарга асан Н.ЭНЭБИШ: Залуучуудыг уриалан дуудах бүхий л ажлыг Үйлдвэрчний эвлэлийн байгууллага хариуцдаг байлаа
 
 
   - Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулахад оролцсон анхдагчид болоод илгээлтийн эздийн чуулга уулзалтыг зохиож байгаа нь сайн үйл хэрэг юм. Баяртай байна. Миний бие 1974 оны 10 дугаар сарын 3-нд ирж, тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн даргаар ажиллаж байлаа. Эрдэнэтийг бүтээн байгуулахаар тухайн үед ирж байсан олон мянган залуучуудыг уриалан дуудаж, өрнүүн сайхан ажиллах бүхий л ажлыг Үйлдвэрчний эвлэлийн байгууллага хариуцдаг байсан юм. Эдгээр нь өөрийн гэсэн өнгө аястай, одоо ярихад хуучны мэт боловч хөдөлмөрийн идэвх санаачилгыг өрнүүлэх нь тухайн үедээ хамгийн чухал ажил байлаа. Өнөөдөр цаг үе өөр болжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, ажиллах орчин нөхцөл, ахуй хангамжийг сайжруулах, цалин тэтгэмжийг нэмэгдүүлэх гээд олон талт цогц арга хэмжээг Үйлдвэрчний эвлэлийн холбоо хариуцан ажиллаж байна. Тодорхой нэг жишээ нь ажил олгогчтой байгуулж буй “Хамтын гэрээ” юм. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн дараа ордог, албан ёсны маш том эрхийн хууль, акт гэж үзэж болно. Нийгмийн бодлого, ахуй хангамжийн бүхий л асуудал үүнд багтсан болохоор зөв замаараа явж байгаа гэж хардаг. Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр хэмээх энэ том цогцолборыг барьж байгуулахад гар бие оролцохоор тал бүрээс хүрэлцэн ирсэн нийт ахмадууддаа баярын мэнд хүргэе. 
 
Ахмад настан Б.ИЧИНХОРЛОО: Өнөөдөр маш их баяртай байна
 

 
   - Эрчим хүчний салбарын “Тэргүүний ажилтан” шагнал авлаа. Өнөөдөр маш их баяртай байна. Миний бие 1974 онд МХЗЭ-ийн илгээлтээр Булган аймгаас ирж, Эрдэнэт үйлдвэрт цахилгаанчнаар ажлын гараагаа эхэлсэн. АИХ-ын депутат Балдандорж, Борхүү гээд олон сайхан хүнтэй хамт ажиллаж байлаа. Хааяа үеийнхэнтэйгээ уулзаж, залуу үеэ дурсан суухад сайхан байна. “Анхдагч илгээлтийн эздийн холбоо”-ноос хийж байгаа ажлуудад сэтгэл хангалуун явдаг. Цаашдаа олон сайхан ажлууд зохион байгуулна гэдэгт итгэж, хүлээж байна. 
 
Ахмад настан Д.САНЖХҮҮ: Бидний үед ийм хөгжлийг мөрөөддөг байлаа
 
 
   - МХЗЭ-ийн илгээлтээр Эрдэнэтэд ирж, 1978 онд үйлдвэр ашиглалтад ороход л ажиллаж эхэлсэн залуучуудын нэг. Автотээврийн байгууллагад БелАЗ-ын жолоочоор ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан. Цаг үе сайхан болжээ. Бидний үед ийм хөгжлийг мөрөөддөг байлаа. Дэлхийд данстай Эрдэнэт үйлдвэрээ хөгжүүлж, улам сайхан ажиллаарай л гэж өнөөгийн залуучууддаа захья. Мөн энэ дашрамд гар нийлэн ажиллаж байсан хамт олондоо урт удаан наслаарай гэж ерөөе.
 
 
 
 
 
 
И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

   НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан байдаг. Эрдэнэт үйлдвэрийн халуун ам бүлд багтсан 2400 орчим ахмад настан бий. Баярын өдрийг тохиолдуулан Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Д.Байгалтай цаг үеийн сэдвээр ярилцлаа.


    - Танд баярын мэнд хүргэе. Аз жаргалтай, баяр бахдалтай энэ өдрийн тань сэтгэгдлээс хуваалцмаар байна?
  - Үйлдвэрийн ахмадын байгууллага жил ирэх бүр хүрээгээ тэлсээр байна. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг барьж байгуулсан, бүтээн байгуулалтын ажилд оролцсон хүмүүс эдүгээ тэтгэвэртээ гарч, гарын шавь нарынх нь “нуруун” дээр үйлдвэр ажиллаж байна.  Ахмадын нэгдсэн зөвлөл  2400 гаруй ахмадтай, Баяжуулах үйлдвэрээсээ ч том хамт олон бүрдлээ. Хүн ер нь хэний ч өмнө бахархах бүтээсэн зүйлтэй, залуучууддаа хэлэх үгтэй, шүүмжлэх эрхтэй байх сайхан. Эрдэнэтийн-Овоотой хувь заяагаа холбосондоо баярлаж, барьж байгуулсан үйлдвэрийнхээ хөгжилд сэтгэл дүүрэн яваа ахмад үеийнхэндээ талархах учиртай. Эрдэнэт үйлдвэрээс ахмадынхаа талаар хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаанд бид сэтгэл хангалуун байна. Учир нь, Монгол улсын хаана ч хэрэгжүүлээгүй  “Нэмэгдэл тэтгэвэр”-ийг Эрдэнэт үйлдвэр ахмадууддаа олгодог болсон. Ахмад настны тухай Монгол улсын хуулийн бүх заалтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байгаа үйлдвэр гэж хэлж болно. 
  Үйлдвэрийн ахмадын байгууллагын хувьд үйлдвэрээс ахмадын талаар цаашид баримтлах бодлого шийдвэрт тусгуулах, хамтарч хэрэгжүүлэх ажлын санал боловсруулж цаг тухай бүрт нь танилцуулж ажилладаг. Мэдээж ахмадуудынхаа эрүүл, урт наслах арга ухаанд нь чиглэсэн олон талын сургалт, сурталчилгаа, эрүүл мэнд, урлаг, соёл, спортын олон талын ажил, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. Бид саяхан үйлдвэрийн захиргаа, ахмадын байгууллагын 2019-2020 оны хамтын ажиллагааны саналын төсөл боловсруулж, Ерөнхий захиралд танилцуулан, урьдчилсан байдлаар зөвшилцсөн. Энэхүү зөвшилцлийн эхний алхам болгож Олон Улсын Ахмадын баяр, ахмадын өдрийг тэмдэглэхэд зориулан үйлдвэрээс ахмад настан бүрт олгодог 45000 төгрөгийг өнөөдрөөс 100 мянган төгрөг болголоо.

    - Өндөр насны тэтгэвэртээ гарсан хүмүүсийн хувьд Ахмадын баяраар хамгийн их хүлээдэг зүйл нь юу байдаг бол?
   - Ахмад настан хүүхэд хоёр адилхан гэдэг. Бага юманд их баярлаж, хүний санаанд оромгүй өчүүхэн зүйлд голдоо ортол гомддог. Ажиллаж байсан цех хэсэг, ажлын байр, хамт олноо их санана. Тиймээс тэдэнд сэтгэл, урам, хандлага, харьцаа, анхаарал халамж хэрэгтэй байдаг юм. Халамжийн бодлогын хувьд манай улс дэлхийд дээгүүр орно. Харин хүн бүр дээр хэрэгжүүлэх сэтгэл дутаад, хандлага хүйтдээд байх шиг. Цех, нэгжийн удирдлагууд  жил бүр ахмадаа хүндэтгэн хүлээж авч, алган дээр нь бэлэг тавих гэж хичээцгээдэг. Мэдээж, настай хүнд хүндлэл сайхан ч анхаарал халамж илүү чухал байдаг юм шүү. Үйлдвэрлэлд төвөг учруулалгүйгээр ганц нэгээр нь хүлээн авч, ажиллаж байсан ажлын байран дээр нь залуучуудтай нь танилцуулах, захиа даалгаврыг нь хэлүүлж, гэрт нь хүргэж өгөх, амьдрал ахуйтай нь танилцах, өвлийн бэлтгэл, галын болон цахилгааны аюулгүй байдлыг нь шалгаж туслах, цайг нь хамтдаа ууж амьдралын асуудлыг нь сонсох хэрэгтэй. Очно гээд бэлдүүлж, зовоож хэрэггүй. Өнгөрсөн жилээс Уурхайчин соёлын ордны уран бүтээлчид маань хамгийн мөлжүүртэй гэсэн уран бүтээлээ ахмадын баярт зориулан үнэ төлбөргүйгээр үзүүлдэг болсон. Ноднин жил “Учиртай гурван толгой” дуурь үзүүлсэн бол энэ жил ахмадуудын сэтгэлд нийцсэн сайхан концерт бэлтгэж үзүүллээ. Цогцолбор, чуулгынхаа залуучуудад их баярлаж байна. Уран бүтээлийн улам их амжилт хүсье.
 
   - Олон нийтийн байгууллагад нэг хүний санал ч үнэ цэнэтэй гэж бодож байна. Нийт ахмадынхаа дуу хоолойг хэрхэн сонсож байна вэ?
   - Бид “1000 ахмадын чуулга-уулзалт”-ыг 2 жил тутам зохион байгуулдаг. Энэ чуулганаар дараагийн 2 жилд ахмадын талаар баримтлах бодлого, хийх ажлуудаа үйлдвэрийн захиргаатай хамтран төлөвлөдөг давуу талтай. Бид дэвшүүлж буй саналуудаа үр дүнтэй, үндэслэл сайтай байлгахын тулд өмнөх жилийн төгсгөлд ахмад настан бүрт шуудангаар захидал илгээдэг. Алаг дугтуйтай захиандаа ажлын тайлангаас гадна эрүүл урт наслахад та юу хийж байна, хэрэглэгээний давс чихрээ багасгаж байна уу, биеийн жингээ хянаж байна уу, ажил эрхэлмээр байна уу, хүүхэд харж байна уу гэх мэт сэтгэлзүй, социологийн судалгааны хуудас явуулж ирсэн. Энэ нь ч ахмадууд юу хүсэж байгааг гаргаж ирдгээрээ илүү үр дүнтэй байна. Асуулгынхаа үр дүнг багцалж, үйлдвэрийн захиргаанд танилцуулан, “1000 ахмадын чуулга-уулзалт”-аар гаргах шийдвэрийн үндсэн чиглэлээ гаргаж авдаг. Тухайлбал, 2018 оны чуулга-уулзалтаар үйлдвэрээс олгодог нэмэгдэл тэтгэврийг 2005 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон, бага тэтгэвэртэй ахмадад 50 хувиар, энгийн тэтгэвэртэй ахмадад 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Бидний төлөвлөж байгаа ажил бүхэнд ахмадын санал тусгалаа олж байгаа.

   - Өнөөдөр та бүхэнд тулгамдсан асуудал бий юу? Таны хувьд ахмадын төлөө юу хийхээр зорьж явна вэ?
   - Манай ахмадуудад тулгамдсан асуудал харьцангуй бага. Үйлдвэр маань анхнаасаа нийгмийн өндөр хариуцлагатай байж, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг төгс шийдэж ирсэн нь өнөөдөр харагдаж байна. Эрдэнэт уул, үйлдвэрийн минь буян их. Шунал ихэдвэл шулам болно гэдэг дээ. Энэ үйлдвэр, хотыг барьж байгуулалцсан, илгээлтийн эзэд, анхдагчид, зохион байгуулалттай болон чөлөөт элсэлтийнхэн гээд хамт зүтгэж, хөгжилдөж явсан олон мянган ахмад настан харьяалах газаргүй, харьяалах газартай ч анхаарал халамж багатай явцгааж л байна. Мэдээж, бид дутуу зүйлээ засч боловсронгуй болгох, хүрсэн түвшингээ инфляцын өсөлтөд унагачихгүй байх ёстой.
   Үйлдвэрийн захиргаа-Ахмадын нэгдсэн зөвлөлийн хамтын ажиллагааны төлөвлөгөөний төслийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ахмадууд юу хийж болох вэ гэдэгт бид гаргалгаа хайж байна. Төрөлх үйлдвэрийнхээ ажилд өөрсдийн мэдлэг чадвар, туршлагаа дахин харуулж, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ” үзүүлэн, залуучууддаа туслах боломж бололцоо манай ахмадуудад бий. Цех, нэгжийн удирдлага өөрийн ахмадуудын шавхагдаагүй боломжийг ашиглахын тулд ийм санаачилга гаргавал хамтран шийдвэрлэх, залуучууддаа  мэдлэг, туршлага өвлүүлэхэд тэд бэлэн байна. “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ”-г инженер, эрүүл мэнд, боловсрол, төрийн албаны гэх мэтээр ажил, мэргэжлийн чиглэлээр бүх шатанд хэрэгжүүлэх боломжтой.

    - Хийе гэсэн зүйлсээ дэмжүүлэх боломж бололцоо нь өнөөдөр хэр байна вэ?
   - Улс орны хэмжээнд, уул уурхайн салбарын хэмжээнд ахмадуудын хувьд хүндрэлтэй олон асуудал бий. Хаагдсан өдий төдий уурхай байна. Тэнд ажиллаж байсан ахмадууд харьяалах газаргүй, хүлээж аваад цай өгөх хамт олон гэж алга. Тэдэнтэй харьцуулахад бид хамаагүй илүү боломжтой. Ерөнхийдөө Монгол Улсын хэмжээнд ахмадын талаар баримтлах бодлого хуулиар өндөр хамгаалагдсан. Зарим оронтой харьцуулахад бид хангамж, халамжийн үйлчилгээг хамаагүй өндөр түвшинд авах бололцоотой болсон. 
  Манай ахмадын нэгдсэн зөвлөлийн ажлыг удирдаж явуулахын тулд үйлдвэрийн үе үеийн захирлууд, Ерөнхий захирлуудтай учир байдлаа олж, асуудлаа шийдүүлээд л явж байна. Ахмадын асуудлыг жагсаж, хашгирч, мэдэгдэл, гомдол бичиж, ахмадын тайван амгалан байдлыг алдагдуулах бус үйлдвэрт хүнд ачаа болохооргүй, шат дараатайгаар шийдвэрлэхэд анхаарч ирлээ. Эрдэнэт үйлдвэрийн ахмадууд маань хотын ахмадуудаас хамаагүй өндөр түвшинд хангагдсан.  Манай ахмадууд тэр хэмжээгээрээ аливаа асуудалд зангарагтай, төв, тэвчээртэй, хүнлэг ханддаг гэж би боддог. Зарим хүн “Тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй байна” гэж ярьдаг. Би үүнийг арай өөр өнцгөөс харж, бусдыг ч тэгж хараасай гэж боддог. Олох ухаанаасаа илүү зарах ухаантай байх хэрэгтэй юм. Хамгийн бага тэтгэвэртэй хэрнээ олон хүүхэдтэй айл алийг тэр гэхэв. Байгаагийн зоргоор үрэн таран хийдэг хүмүүст хэчнээн ч мөнгө байгаад нэмэргүй, мөнгөний хомсдлоос гадна сэтгэлийн хомсдол зулгаасаар байх болно. Тэгээд ч төрийн дампууралтай улс оронд ахмад хүн амар амгалан суух арга алга. Энэ ахмадууд тэтгэврээ өөртөө зарцуулдаг уу гээд судлаад үзэхээр бас л сонин.  Ихэнх нь тэтгэвэрийн зээлтэй, түүнийгээ үр хүүхэд ач зээ нарынхаа тулгамдсан асуудлыг л шийдэхэд зарцуулж байна. Тэдэнд үйлдвэрээс олгож байгаа нэмэгдэл тэтгэвэр л гарт ирдэг мөнгө нь болоод байгаа юм.

   - Таны үеийнхэн залуудаа мөрөөдөж байсан тэр амьдралыг өнөөдөр бүтээж чадсан уу? Магадгүй, тэр төсөөллөөс давсан ч байж болох юм?
   - Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтийн бүтээн байгуулалтын хувьд бол бид мөрөөдсөндөө хүрч чадсан. Ёстой л уулыг нүүлгэж, усыг эргүүлнэ гэж сэтгэдэг байсан. Тэр үеийн залуучууд их хүсэл мөрөөдөл, цагаан сэтгэл, итгэл үнэмшилтэй байж, улс орныхоо хөгжилд оруулах хувь нэмрийн төлөө зүтгэдэг байж. Бидний үеийнхэн үйлдвэр, хотоо хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байна. Нэг бодол, нэг тэмүүлэлтэй бүхэл бүтэн нэг үеийнхнийг бий болгосноо одоо л анзаарлаа. Үйлдвэрээ байгуулж, эзэмшиж, шинэчилж, зууны манлай бүтээн байгуулалт, дэлхийн шилдэг аж ахуйн нэгж болгож ажилласан бидний үеийнхний хамт олон, зохион байгуулалт, сэтгэл зүтгэлээр ажиллавал өнөөгийн Монгол улсын өөрчлөлт, шинэчлэлт, хөгжил дэвшил, ялалт хоромхон хугацааны ажил юм шүү дээ. Улс орноо гэсэн сэтгэл, зохион байгуулах чадвар, бүтээх, арвижуулах чин хүсэл л Эрдэнэтчүүдийн БРЕНД гэж би хэлнэ. Эрдэнэт үйлдвэрийн хамт олны тэр үнэт зүйл, сэтгэл зүтгэл Монгол улсын хөгжлийн шинэ эхлэлийн хөдлөх хүч, түүчээ болох байх гэж бид итгэж, мөрөөдөж явна. Хоосон мөрөөдөхгүйн тулд бид өнөөдрийн төрсөн хүүхдүүдийг боловсролын зөв бодлогоор сургаж, тэдний үеийн ЗӨВ монгол улсад хүрэхэд 30-аад жил байна. Энэ нь уулын уруу алдсан чулууг буцаан өнхөрүүлж авч ирэхтэй агаар нэг юм.

   - Сүүлийн асуултаа танд үлдээе. Баярын өдөрт зориулан ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?
   - Зууны манлай бүтээн байгуулалтын эзэн, мөнхөд дуурсагдах их гавьяатан, ахмад та мэлмий тунгалаг, өлмий бат оршиж, хэнээс ч, юунаас ч үл хамааран эрүүл, аз жаргалтай урт наслах болтугай.

   - Танд баярлалаа. Эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
 
Ярилцсан И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн
 
 
   Өнөөдөр Олон улсын Ахмадын баярын өдөр. Эл өдрийг Эрдэнэт үйлдвэрийн захиргаанаас уламжлал болгон тэмдэглэж, тус үйлдвэрээс өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг. Энэ жилийн тухайд хэрхэн тэмдэглэж буйг Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбатаас тодрууллаа.
 

   - Эрдэнэт үйлдвэрийн 40 гаруй жилийн түүхэн ололт амжилт манай анхдагч, ахмадуудтай салшгүй холбоотой. Энэ утгаараа үйлдвэрийнхээ харьяаны ахмадуудад онцгойлон анхаарал тавьж ирсэн. Энэ жил Ахмадын баярын хүрээнд ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна вэ?
   - Юуны өмнө Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үе үеийн нийт ахмадууд, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд үйлдвэрийн удирдлага хамт олон, уурхайчдынхаа нэрийн өмнөөс баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын ерөөл дэвшүүлье! Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орсон цаг үеэсээ нийгмийн хариуцлагын бодлого хэрэгжүүлж ирсэн. Үүний хүрээнд Эрдэнэтийн шанг таталцсан анхдагч, үе үеийн ажиллагсад, өнөөдөр ч үйлдвэрийнхээ ажил үйлсэд өөрсдийн үнэт зөвлөгөө, туршлагаа өгсөөр яваа ахмадууддаа чиглэсэн нийгмийн хамгааллын хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Энэ жилийн Ахмадын өдрөөр бид олон хэлбэрийн бэлэг барилаа. Тухайлбал, өнгөрсөн 9 дүгээр сарын 27-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар тус үйлдвэрт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон  ахмадууд, түүнчлэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 60 ба түүнээс дээш насны эрэгтэй хүмүүст жил бүрийн Монголын цагаан сар, Ахмадын баярын өдрийг тохиолдуулан ахмад тус бүрт 100 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж байхаар болсон. Энэ тушаал өнөөдөр буюу 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж, бүх ахмадуудаа хамруулж байгаа. Өмнө нь энэ мөнгөн дэмжлэгийн хэмжээ 45 мянган төгрөг байсан бол одоо 100 мянган төгрөг болж нэмэгдэж байна. Мөн бид ахмадууддаа зориулж, соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Тэдний дунд “Мөнхийн залуу нас” дуун цэнгүүн, “Цэнгэлийн эгшиг” бүрэн хэмжээний тоглолтыг Соёл урлагийн цогцолбороор дамжуулан ахмадын баярын бэлэг болгон толилуулсан. Энэ үйл ажиллагааг манай хэлтэс үйлдвэрийн дэргэдэх Ахмадын нэгдсэн зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Мөн цех нэгж бүр өөрсдийн харьяаны ахмадуудаа энэ өдрөөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ уламжлал ёсоор үйлдвэрийн бүтцийн цех нэгжүүд ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж, баярлуулж байна.

   - Өнөөдрийн байдлаар үйлдвэрээс өндөр насны тэтгэвэрт гарсан хичнээн ахмадууд байдаг вэ? Эрдэнэт үйлдвэрээс хичнээн төрлийн дэмжлэг туслалцаа үзүүлж байна вэ?
  - Манай үйлдвэрийн нийт ахмадын тоо 2358-д хүрсэн. Үүн дээр мэргэшлээс шалтгаалах өвчний улмаас тэтгэвэр тогтоолгосон 207 ахмад нэмэгдэж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн захиргаанаас ахмадуудынхаа нийгмийн хамгаалалд зориулж жил бүр 6-7 төрлийн тусламж, дэмжлэг үзүүлдэг. Тодруулбал, бүх ахмаддаа сар бүр 124800-168000 төгрөгийн нэмэгдэл тэтгэвэр олгож байна. Мөн тэдний эмчилгээ сувилгаанд жил бүр  нэг хүнд 300 мянган төгрөг зориулдаг. Энэ оны эхний 8 сарын байдлаар үйлдвэрийн хэмжээнд ахмадуудын тэтгэмж, дэмжлэгт 3 тэрбум 910 сая төгрөгийг зарцуулаад байна. Тэмдэглэлт ойн баярын үеэр үйлдвэрийн захиргаанаас ахмадуудаа урамшуулах бодлогыг хамгийн түрүүнд хэрэгжүүлсээр ирсэн. Сүүлийн хоёр жилийн байдлаар, 2017 онд тохиосон Уул уурхайн салбарын 95 жилийн ойгоор бүх ахмадууддаа тус бүр 300 мянган төгрөг, 2018 онд Эрдэнэт үйлдвэрийнхээ түүхт 40 жилийн ойгоор тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал хүртээж байв. Энэ мэтчилэн Эрдэнэт үйлдвэр  нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ахмадууддаа чиглэсэн олон дэмжлэг, халамж үзүүлж байгаа. Хамгийн сүүлийн таатай мэдээ нь миний өмнө хэлсэн Монголын цагаан сар, Ахмадын баярын өдрийг тохиолдуулан олгодог мөнгөн дэмжлэгийн хэмжээг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн шийдвэр юм. Цаашид ч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ахмадууд, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг бодитой, өгөөжтэй шийдэх бодлого баримтлан ажиллана. Үүний нэг хэсэг нь нийгмийн асуудлыг цогцоор нь хариуцаж ажиллах Нийгмийн харилцааны хэлтсийг шинээр байгуулсан явдал гэж хэлж болно.

   - Баярлалаа. Ажлын амжилт хүсье.
 
М.Балжинням 
 

 

 

Мэдээний төрөл

Календарь

« 10-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Зургийн цомог