×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Эрдэнэт-40

Тэртээ 1975 онд Сургалтын төв нэртэйгээр байгуулагдаж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн харъяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль 19 дэх эрдмийн баяраа тэмдэглэж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон үйлдвэрийн удирдлагууд, Технологийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд баярт оролцов. Технологийн сургуулийн онцлох есөн төгсчид компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлын байраар хангах батламж гардуулав. Тус сургуулийг төгсөгчид нь Монгол орны уул уурхай, бүтээн байгуулалтад оролцож, өнцөг булан бүрт өөр өөрсдийн салбартаа манлайлж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн түүхэнд уул уурхайн үндэсний боловсон хүчин, мэргэшсэн инженер техникийн ажилтан, эрдэмтэн доктор энэ сургуулиас төрөн гарч, Технологийн сургуулийн хамт олон шавхагдашгүй баялаг бүтээсэн юм.

У.Цэрэнбат




 

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн баяр наадам энэ сарын 27-ны өдөр Орхон аймагт болно. Ойн баяраа угтсан бүтээн байгуулалт, урлаг соёлын тоглолтын бэлтгэл ажил өрнөж байна. “Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” урлагийн нэгдсэн тоглолтод уурхайчид, уран сайханчид, Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид, Хүүхдийн ордон, дөрөвдүгээр сургуулийн сурагчид, Бүх цэргийн дуу бүжгийн чуулга, Дархан-Уул, Булган, Хэнтий аймгийн театрын бүжигчид гээд 1000 гаруй хүн оролцоно. “Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн ойн хэмжээнд анх удаа ийм олон хүний бүрэлдэхүүнтэй тоглолтыг “Уурхайчин” соёлын ордны Ерөнхий найруулагч Д.Одончимэг найруулан тавьж байна. Мөн компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн урилгаар 21 аймгийн шилдэг уран бүтээлчид ойн баярт мэндчилгээ дэвшүүлсэн тоглолт болох юм. 
     Урлаг, соёлын томоохон үйл ажиллагааны бэлтгэлээс гадна “Эрдэнэт”-ийн уурхайчид аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнг сэргээн, засварлах ажилд 110 гаруй сая төгрөгийн бүтээн байгуулалт хийж, ойр орчмын тохижилтод оролцож байна.


У.Цэрэнбат

 

     Монгол улсын Архивын Ерөнхий газар, “Эрдэнэт” үйлдвэр хамтран Архивын салбарт хамтран ажиллах Монгол улс, ОХУ-ын хамтарсан комиссын XXIII хуралдааныг энэ сарын 20-21-ний өдөр Орхон аймаг, Эрдэнэт хотноо зохион байгууллаа. Хуралдааныг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нээж үг хэлэхдээ “Компанийн түүхэн ой давхцсан эдгээр өдөр та бүхэнтэй уулзаж, санал солилцож байгаадаа баяртай байна. Тэртээ 40 жилийн өмнө Монгол, Оросын ард түмэн хамтран уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулсан нь өдгөө эх орны маань хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа юм. Бидний хамтын ажиллагаа ямагт харилцан үр дүнтэй, өндөр ач холбогдолтой байдаг” гэдгийг онцолсон. Энэ үеэр комиссын цаашдын үйл ажиллагаа, 2018-2019 онд гүйцэтгэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж, дүгнэлт гаргав.

У.Цэрэнбат

     “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Сургалтын хороо хамтран өнөөдөр Технологийн сургуульд ахисан түвшний сургалт зохион байгууллаа. Тус сургалтад компанийн бүх цех, нэгжийн 90 гаруй нярав болон бусад аж ахуйн нэгжийн ажилтан нийт 150 гаруй хүн оролцов. Сургалтыг ММНБИ-ийн сургагч багш, доктор Р.Дариймаа, С.Тунгалаг нар санхүүгийн тайлангийн олон улсын стандартын талаар явуулсан. “Эрдэнэт” үйлдвэр, Орхон аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд өнөөдрийн сургалт энэ хүрээнд Орхон аймагт амжилттай явагдлаа.


 

 

У.Цэрэнбат

     “Эрдэнэт” үйлдвэрийн Орос 19-р сургуулийн 11-р ангийн төгсөгчид өнөөдөр суурь боловсролын гэрчилгээгээ гардан авлаа. Тэдэнд компанийн удирдлагууд баяр хүргэж, цаашдын амьдралд нь аз жаргал хүсэв. Тус сургуулийг энэ хичээлийн жилд 20 хүүхэд төгсөж байгаагаас долоо нь алтан медальтай суурь боловсрол эзэмшлээ. 1974 онд байгуулагдсан 19-р сургуулийг 3339 хүүхэд төгссөн. Энэ жилийн төгсөгчид нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины тэтгэлгээр болон гадаад, дотоодын их дээд сургуулиудад урилгаар суралцах юм.

 

У.Цэрэнбат

     Эрдэнэт үйлдвэр  түүхт 40 жилийн ойн баяраа энэ сарын 27-нд  тэмдэглэнэ. Энэ  үеэр зохиогдох урлаг соёлын үйл ажиллагааны бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа, урлагийн наадмын онцлогийн талаар Уурхайчин соёлын ордны Ерөнхий найруулагч Д.Одончимэгээс тодрууллаа.

     -Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн  баярын үеэр  урлагийн ямар үйл ажиллагаа явагдахаар зэхэж байна вэ?
     -Зэсийн баяжмал үйлдвэрлэлээрээ  Ази тивд төдийгүй дэлхийд  томоохонд орох  Эрдэнэт  үйлдвэрийн тулгын чулууг  тавьснаас хойш эдүгээ дөрвөн арваныг угтаж байна. Энэхүү түүхт ойн баяр  бол  Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн ажилчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүдийн  баяр юм.  Түүхт ойн баяраа   өргөн цар хүрээтэй тэмдэглэхээр манай Уурхайчин соёлын ордон төлөвлөгөө гарган ажиллаж байна.  
     “Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” нэрэн дор урлаг, соёлын  хэд хэдэн томоохон үйл ажиллагаа  зохион байгуулна. Үүний нэг нь Төв цэнгэлдэх хүрээлэнд 200 уран сайханчийн  найрал дуу дуулна. Мөн 460 хүний бүрэлдэхүүнээр  Эрдэнэтийн  түүхийг илтгэсэн  фон зургийн үзүүлбэр  хийх юм. Эрдэнэт үйлдвэрийн  уран сайханчид,  Уурхайчин соёлын ордны  уран бүтээлчид, жүжигчид, Хүүхдийн ордны болон  дөрөвдүгээр  сургуулийн сурагчдаас бүрдсэн 108 морин хуурч тоглоно. Мөн 99 биелээч биелнэ. Улаанбаатар хотоос Бүх цэргийн дуу бүжгийн чуулга,  Дархан, Булган, Хэнтийн театраас  бүжигчдийг урьсан.  Цэнгээнт бүжгийн олон улсын шагналт  гурван том хамтлаг ирж,  бүжгийн гайхамшгийг үзүүлнэ. Энэ мэтчилэн олон сайхан тоглолт болно.  

     -Уурхайчдын баярыг улам төгөлдөр болгох тоглолт, шоу болох байх?
     -40 жилийн тэртээ эх орны өнцөг булан бүрээс олон залуус Эрдэнэтийг зорин  ирж, их бүтээн байгуулалтад оролцон, их  үйлсийг цогцлоосон. Өдгөөг хүртэл энд ажиллаж амьдарч байгаа   уурхайчид, тэдний үр хүүхдүүдэд уугуул нутгийнхны ая дууг сонордуулах нь баяр дээр баяр нэмнэ хэмээн  Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 21 аймгийн шилдэг уран бүтээлчдийг урьсан. “Бид Эрдэнэсийн эзэд”гэсэн  энэхүү концертыг Уурхайчин соёлын ордонд  хоёр удаа толилуулах ба  наадмын талбайд  бас тоглуулна.  Сонирхолтой үзүүштэй тоглолт болох байх.
     Уурхайчдадаа зориулсан спорт, урлагийн  наадам   өдрийн турш үргэлжилнэ. Орой нь томоохон  шоу болно. Монголд байгаа   хамгийн дээд зэрэглэлийн  техник хэрэгслийг  авчирч, хамгийн чадварлаг уран бүтээлчдийн тоглолт үзүүлнэ. Мөн  Өвөрмонголын алдартай эстрад рок хамтлаг ирж мэндчилгээ дэвшүүлнэ. ОХУ-ын Улаан-Үд хотоос хамтлаг дуучид ирж тоглоно. Олон улсын чанартай маш сонирхолтой   тоглолт хийхээр төлөвлөж байна.
    
     -Бас эрийн гурван наадам, шагайн харваа болно. Та олон жил Эрдэнэт үйлдвэрийн урлагийн наадмыг найруулан тавьсан. Энэ жилийн онцлог юу байна?
     -Тэгэлгүй яахав. Үндэсний бөх барилдаж, морь уралдан, сур, шагайн харваа болж, урлагийн томоохон тоглолттой өргөн дэлгэр наадам болно.  Би Эрдэнэт үйлдвэрийн 15, 20, 25, 30, 35  ойн баярын урлагийн наадмыг  найруулан тавьсан.  Анх удаа  л  1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй наадам хийх гэж байна.  Үүнийг  чанартай, сайн зохион байгуулахаар бид хичээж байна.  Улаанбаатар хотоос  гурав, Эрдэнэтээс нэг найруулагч   надтай хамтран  ажиллана.

     -Үйлдвэрийн цехүүдээс уран сайханчид хэр оролцож байгаа вэ?
     -Манай үйлдвэр тасралтгүй ажиллагаатай,  ажил ихтэй ч зарим цехийн удирдлага ажлаа зохицуулан, бидний  ажилд туслан,  уран сайханчдаа оролцуулж байгаад  их баяртай байна. Тухайлбал,  Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Засвар механикийн завод, Тээвэр ложистикийн албыг нэрлэхэд таатай байна.
    
     -Наадмын ажиллагаа хэрхэн эхлэх бол?
     -Илгээлтийн эздийн хөшөөний дэргэдээс  Наадмын талбай хүртэл баярын жагсаалаар эхэлнэ.  Үйлдвэрийн ажиллагчид  өөрсдийн  ажил мэргэжлийн онцлогийг харуулсан сонирхолтой зохиомжтой жагсаалд   цех хамт олноороо ижилхэн  хувцаслаж  оролцоно.

     -35 жилийн ойн нээлтийн ажиллагааны үеэр  “Илгээлтийн эзэд Эрдэнэтэд ирлээ” гэх  сонирхолтой зохиомжтой жүжигчилсэн тоглолт үзүүлж  байсан.  Өнөө жил ямар байх бол?
     -Өнөө жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд амар амгалан сайн сайхан амьдралыг бэлгэдсэн цагаан өвгөн  хүүхдүүдийн хамт ирж, Эрдэнэт уулын домгийг өгүүлэх юм.  Булган хангайн нутагт орших энэ нутгийн  үүх түүхийг  нилээд судалж, олон домгоос  сонгон авч зохиомжилсон.  Эрдэнэт үйлдвэр байгуулагдахаас өмнө онгон дагшин энэ  нутгийн малчин ардууд  хэрхэн амьдарч байсныг харуулснаар жүжигчилсэн тоглолт эхлэнэ. Энэ хэсгийг Онцгой байдал, Цагдаагийн албаныхан хамтарч зохион байгуулж байгаа.  Дараагийн хэсэг нь  энэ нутагт Орос, Монгол, Чехийн хайгуулчид  эрдэнэсийг хэрхэн илрүүлж буй үйл явдлыг харуулна. Үүнийг   Геологи хайгуулын анги бүрэн дааж хийж байгаа.  Тэнд найруулагч ажиллаж байгаа. Тайзны голд өрөмдлөгийн техник байрлуулна.  Хайгуулчид эрдэнэсийг хэрхэн олсон талаарх зохиомж сонирхолтой байх болов уу. Үүний дараа илгээлтийн эзэд хэрхэн ирсэн тухай хэсэг тоглогдоно. Эрдэнэтийн бүтээн байгуулалтад  илгээлтийн эздийг уриалан дуудаж байсан тухай Монголын радиогоос тухайн үеийн  бичлэгүүдийг цуглуулж байна. Орос ах нар хийгээд,  цэргүүд,  малчид нутгийн иргэд  хэрхэн  ирж буйг жүжигчилсэн байдлаар харуулж, хүмүүсийн сэтгэлийг тухайн цаг үед аваачихаар жүжигчилсэн тоглолт бэлтгэж байгаа.  
 
     -Төв цэнгэлдэх хүрээлэнд ойн баярын  ёслол хүндэтгэл,  олон түмний сэтгэлийг баясгах  содон үзүүлбэр бий гэсэн?
     -Энэхүү жүжигчилсэн тоглолтын дараа  баяр наадмыг нээж Ерөнхий захирал   үг хэлнэ. Ингэхдээ монгол түмний уламжлалт  ёс заншлаар цав  цагаан эсгий дээгүүр алхана.  Монгол улсын  Төрийн далбаа, Эрдэнэт үйлдвэрийн болон  цех, нэгжийн  туг залах ёслол болно. Туг залах ёслолын дараа  Эрдэнэт үйлдвэрээс төрөн гарсан алдартнуудын  жагсаал болно. Мөн  Төр засгийн удирдлагууд  Улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, 40 жилийн түүхээ бүтээсэн  Эрдэнэт үйлдвэрийг, түүнд хүч хөдөлмөрөө шингээн ажиллаж буй уурхайчид, ажилчдын хөдөлмөр бүтээлийг үнэлэн шагнал гардуулах  байх. Ингээд л баярт зориулсан уран сайхны тоглолт болно.  Онцгойлон дурьдваас 400 хүүхдийн найрал  “Тагтаа” дууг дуулж,  найман  настай хүүхэд гоцолно.  Энэ үеэр 200 гаруй тагтаа нисгэнэ. Тусгай  баг гаран, хэдэн тагтааг Эрдэнэтээс, хэдийг Булганаас барьж болохыг судлан ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн түүхийг бүтээлцсэн оросын ард түмнийг  магтан дуулна. Бид энх тайван, аз жаргалыг хүснэ. Бидэнд аз жаргал бэлэглэсэн  та нарт баярлалаа гэсэн утгатай “Детства” гэх сайхан  дууг найрал дууч хүүхдүүд  дуулна.  Энэ үеэр  тэнгэрт 2000 бөмбөлөг хөөргөнө.  Наадмыг нээх үеэр  Д.Дашдондовын шүлэг “Зуун зууны манлай миний Эрдэнэт”, шагнал гардуулах үеэр  В.Занаширын шүлэг “Гэрэл цацарсан Эрдэнэт” дуу эгшиглэнэ. Баяр наадмын  төгсгөлд   бүх уран бүтээлчид Д.Дашдондовын шүлэг “Хайрлан жаргах эх орон” дууг дуулна. Энд онцлон  тэмдэглэхэд эдгээр гурван уран бүтээл  МУСТА, авьяаслаг хөгжмийн зохиолч  Б.Цэрэндондовынх. Орон нутагт өндөр хэмжээний  уран бүтээл туурвиж буй чуулгынхаа бүтээлч, чадварлаг хөгжмийн багшаар  би бахархдаг.

     -Төгсгөлд нь та юу хэлэх вэ?
     -Баяр наадмын үйл ажиллагаа  манай үйлдвэрийн  ажилчдын  сэтгэлийг  огшоож, зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрээрээ,  өөрсдөөрөө бахархах сэтгэлдэл  төрүүлэх   сайхан наадам  болно гэдэгт  итгэж  байна.


Я.ЭНХТУЯА
 

     Мастерын манлайлал хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгээс  энэ  сарын 11-нд хөтөлбөрт хамрагдаж буй ажилтнуудтай Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн лекцийн танхимд уулзалт  зохион байгуулав.  Энэ үеэр хөтөлбөрт хамрагдсан 40 мастерт  хувийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, нөлөөллийн ажил хэрэгжүүлэх талаар зөвлөгөө өгч, багийн зохион байгуулалтад оруулжээ. Ажлын хэсгийнхэн  оролцогчдыг  ХАБЭА, ажлын гүйцэтгэл, хамт олонд бүтээлч соёлыг төлөвшүүлсэн байдал, удирдах ажилтны болон  хамт олны үнэлгээ, гадаад хэлний мэдлэг зэрэг шалгуур үзүүлэлтээр дүгнэн A, B, C, D гэсэн дөрвөн  түвшинд зэрэглэжээ. Хөтөлбөрийн  төгсгөлд дахин үнэлж, мастеруудын мэдлэг, ур чадвар дээшилсэн эсэхийг тодорхойлох юм. Мастерууд энэхүү  үнэлгээний дүнд үндэслэн хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулсан бөгөөд тухайн мастерын хувьд  анхаарах шаардлагатай  ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хөтөлбөрийн турш хамтарч  ажиллах юм.
      Түүнчлэн  Эрдэнэт үйлдвэрт  ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа мэдлэг, туршлага, ур чадвартай  ажилтнуудаас эдгээр мастерууд “Дасгалжуулагч” багшаа  сонгосон бөгөөд хөтөлбөрийн хугацаанд 32 дасгалжуулагч  нэгээс долоо хүртэлх мастерт  зөвлөгөө өгч ажиллах юм.
     Манлайлал нь бусдыг дагуулах, тэдэнд эерэгээр нөлөөлөх урлаг. Манлайллын үндсэн хэмжүүр нь нөлөөлөл байдаг. Тиймээс Мастерын манлайлал хөтөлбөрт оролцогчид  хөтөлбөрийн явцад  компанийн үнэт зүйлсийг бэхжүүлэх чиглэлээр ажилтнуудын дунд эерэг өөрчлөлт  авчрах нөлөөллийн үйл ажиллагааг явуулна. Ингэхдээ таван багт хуваагдан  ажиллана гэж хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн мэдээлсэн юм.


Я.ТУЯА

     Эдийн засгийн хэлтсийн хамт олон Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойг угтсан бүтээлч таван ажил хийхээр төлөвлөжээ. Өнгөрсөн долоо хоногт энэ хүрээнд “Таны үнэ цэнэ” талархлын аяныг өрнүүлэв. Тэд бүх цех хэлтсийн ажлын байранд очиж,  ажилчдад    сэтгэлийн үгээ хэлж,  талархлын  захидлыг Эрдэнэт үйлдвэрийн лого тэмдгийн хамт  гардуулан өгчээ. Компанийн хэмжээнд 100 гаруй хүн энэхүү талархлын захидлыг хүлээн авлаа.  Бурмаар тэтгэхээс урмаар тэтгэ гэдэгчлэн урмын үг  хүний сэтгэлийг хэрхэн хөдөлгөдгийг энэ үйл ажиллагаа харуулав. “XX зууны манлай бүтээн байгуулалт, Монгол улсын хөгжил дэвшлийн түүчээ, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Эрдэнэт үйлдвэрийн бахдам амжилт, баялаг түүх нь Таны хөдөлмөрч зан, ажлын баялаг туршлага, эрдэм чадал, халуун сэтгэл, хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой билээ. Таныг цаашид ч хамт олондоо уул мэт нөмөр, өмөг түшиг болж, улам ихийг бүтээж, гэрэлтэж явна гэдэгт эдийн засагчид бид итгэж байна. Танд болон таны гэр бүл, үр хүүхдүүдэд аз жаргал амжилт бүтээлийн дээдийг хүсье” гэсэн захидлыг гардаж авсан зарим нэгний нүдэнд баярын нулимс хурсан байлаа.


Я.ТУЯА

     Говил багийн иргэд сүүлийн үед цагаан тоосны дэгдэлт их байгаад гомдол гаргасны дагуу Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАБОХХ-ийн мэргэжилтнүүд тэдэнд Хаягдлын аж ахуйн цагаан тоосны дэгдэлтийг дарахын тулд дэвшилтэт шинэ арга туршиж буйг газар дээр нь танилцууллаа. Мөн Эрдэнэт үйлдвэрийн Лаборатори судалгааны төвийнхөн хаягдлын талбайн гадаргууг бэхжүүлэн хатаах аргаар цагаан тоос буурлах туршилтыг хэсэгхэн  газарт хийсэн нь амжилттай болж буйг дэлгэрэнгүй танилцуулсанд иргэд баяртай байлаа. Нэг мөсөн дарж болдоггүй хүндрэлтэй энэ асуудлыг дарах олон арга хэмжээ уйгагүй авч хэрэгжүүлж буй талаар болон үйлдвэрийн өнөө ба ирээдүйн талаар Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Эрдэнэцогт мэдээлэл хийв. Энэхүү уулзалтад Говил багийн иргэдийн төлөөлөл 35 иргэн оролцлоо.

М.ОД

 

     Эрдэнэт үйлдвэрийн “их зогсолт” энэ сарын 29-ний өдрөөс 48 цаг үргэлжилнэ. Оны эхнээс их засварт бэлтгэх төлөвлөгөө гарган ажилласны үр дүнд бараа материалын нийлүүлэлт өнгөрсөн долоо хоногийн байдлаар 75  хувьтай байна. Үлдсэн нь замдаа яваа бөгөөд энэ долоо хоногт Эрдэнэт үйлдвэрт ирнэ. Үүнээс өмнө үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмж болох төв корпусын хоёрдугаар тээрмийг бүрэн хэмжээгээр солих ажлыг дуусгахаар шамдаж байна. “Их зогсолт”-оос өмнө шинэ тээрмийг залгах нь засварын ажилд  чухал нөлөө үзүүлэх аж. Иймээс Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийнхэн цаг ашиглалтын өндөр зохион байгуулалттай, нарийн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Түүнээс гадна үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг зогсоох, залгах технологийн процессын үеэр металлын алдагдал нилээн гарч, цагийн ачаалал буурдаг. Тиймээс “их зогсолт”-оос өмнө сарын төлөвлөгөөг шахаж биелүүлэхээр уурхайчид хичээн ажиллаж байна. Энэ жилийн “их зогсолт”-оор 92 ажил хийхээр төлөвлөжээ.


М.ГЭРЭЛ

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог