Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Эрдэнэт-40

 

Үйлдвэрийн ажилчдын өвөл цагийн соёл хүмүүжлийн ажлын хүрээнд цех хэлтсүүд Спорт ордноос гаргасан хуваарийн дагуу “Цасны баяр” зохион байгуулж байна. Дулааны цахилгаан станцын “Цасны баяр” өнгөрөгч амралтын өдөр болов.

Тэд энэ удаа ажилтнуудын бие бялдрыг чийрэгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл агаарт гарч, эвсэг нөхөрсөг хамт олныг бүрдүүлэх зорилго дэвшүүлж,  цасны баяраа “Замд гарья” сэдвийн дор хийлээ. Тус өдөрлөгт  Дулааны цахилгаан станцын 100 гаруй ажилчид оролцож, олс таталт, цасны хөл бөмбөг,  амтат шорлог зэрэг спортын төрлөөр уралдан  авхаалж самбаагаа сорив.

Олс таталтын тэмцээнд Турбины хэсэг тэргүүлж, Засварын хэсэг, Цахилгааны хэсгийн хамт олон удаалсан байна.  Харин хөл бөмбөгийн төрөлд Турбины хэсгийн хамт олон дахин аваргалжээ. Ширээ засалтын тэргүүн байрыг  Засварын хэсэг эзэлсэн бол, Зуухны хэсэг удаах байр,  Түлш усны хэсэг гутгаар байранд тус тус шалгарав. Шинэ онд тус станцын захиргаа ажилчдынхаа эрүүл мэнд, бие бялдрын чийрэгжилтэд анхаарлаа хандуулж, урлаг спортын олон талт уралдааныг үе шаттай  зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны гишүүн 70 гаруй салбар нэгж, байгууллагуудын дундаас Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Эмэгтэйчүүдийн холбоо 2017 оны ажил үйлсээрээ манлайлж, тэргүүн байрэзэлсэн байна.  Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхий зөвлөлийн хурал Улаанбаатар хотноо хуралдаж, ийнхүү тус салбар холбооны ажлыг үнэлжээ.

Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо уурхайчин эмэгтэйчүүдийн аж төрөх арга ухааныг дээшлүүлэх болон бусад олон төрлийн сургалтыг зохион байгуулж, хүүхдийн асрамжийн Энэрэл төвд хэрэгжүүлсэн “Урам” хөтөлбөрийнхөө хүрээнд 1500 ном бүхий Номын сан байгуулж өгчээ.  Мөн Цэцэн бэр, Уран бүсгүйчүүд, Өглөөний клуб, Энэ хүүхнүүд үү зэрэг уламжлалт хөтөлбөр, уралдаан тэмцээнийхээ  цар хүрээг өргөжүүлж ажилласан нь  бусад салбар зөвлөлүүдээ манлайлахад чухал нөлөө үзүүлжээ. Мөн Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын зорчдог автобусанд  “Ягаан суудал” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эмэгтэй ажилчид болон хөл хүнд  бүсгүйчүүддээ суудал тавьж өгөх, жендерийн мэдрэмжтэй байдлыг сурталчлах ажлыг эхлүүлсэн нь  үйлдвэрийн 2000 гаруй эмэгтэй ажилчдад хүрч, бодит үр дүнгээ өгсөн байна.

Эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй оролцож, цехийн эмэгтэйчүүдийнхээ чөлөөт цагийг үр өгөөжтэй өнгөрөөхөд санаачилган гарган ажиллаж буй  Тээвэр ложистикийн алба,  Геологи хайгуулын анги, Төслийн менежментийн хэлтсийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нарыг  Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнажээ.Энэ бүх амжилт, ололт нь тус  холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, анхан шатны зөвлөлийн дарга нар, гишүүд дэмжигч болон уурхайчин эмэгтэйчүүдийн идэвх оролцоо, хамтын хөдөлмөрийн өгөөж гэж холбооны тэргүүн З.Жаргалмаа онцлов. 

Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан   тус Эмэгтэйчүүдийн холбооноос “Уурхайчин эмэгтэйчүүдийн үндэсний чуулган”-ыг  ирэх 4 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Үндэсний чуулга уулзалтыг  өндөр түвшинд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхэлснийг холбооны тэргүүлэгчид ярилаа.

 

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог