• “Уурхайчин1” орон сууцны хорооллын захиалга авч эхэллээ

       Нийгмийн хариуцлагатай  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ажиллагсдынхаа орон сууцны асуудлыг шийдвэрлэх зорилгоор цогц бодлого хэрэгжүүлдэг. Үүний нэг хэсэг нь өнгөрсөн 5 дугаар сарын 1-нд шавыг нь тавьж эхлүүлсэн “Уурхайчин 1” буюу хуучин нэршлээр “Москва 300” орон сууцны хорооллын төсөл юм. Ирэх оны 5 дугаар сард эхний хоёр блокийг ашиглалтад оруулахаар төлөвлөж буй уг орон сууцны захиалгыг уурхайчдаас авч эхэллээ. Шинэ орон сууцанд орохыг хүссэн бүх ажилчид захиалга өгөх нь нээлттэй бөгөөд ипотекийн зээл болон Эрдэнэт үйлдвэрээс олгодог орон сууцны хөнгөлөлтийн 12 сая төгрөгийг авах зэрэг эрх  эдлэх боломжтой юм. Орон сууцны захиалга болон ажиллагсдын саналын судалгаа хийх ажлыг Нийгмийн харилцааны хэлтэс хариуцаж байгаа аж. Захиалга авах ажил 7 дугаар сарын 2 хүртэл үйлдвэрийн Ерөнхий захиргааны 1,2 дугаар байр болон цех нэгжүүд дээр үргэлжилнэ.    “Уурхайчин1” орон сууцны захиалга авах өдөрлөгт уг хорооллын барилгын гүйцэтгэгч “Неман констракшн” ХХК оролцож, танилцуулга хийж байна. Өнөөдрийн байдлаар, орон сууцны барилгын суурийн ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж буйг компанийн төлөөлөл онцлов. “Неман констракшн” ХХК нь 2012-2017 онд Эрдэнэт хотод “Эрдэнэт Элит”, “Элит Цамхаг”, “Баян-Өндөр”, “LUX Apartment” зэрэг 312 айлын орон сууцны хотхон барьж, ашиглалтад оруулсан туршлагатай компани аж. М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • Цутгуурын цехийн ачаалал нэмэгджээ

       Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Цутгуурын цехэд хийгдэх өргөтгөлийн ажлын бэлтгэлээс шалтгаалан тус цехийн ачаалал нэмэгдэж буйг заводын дарга Б.Баасансүрэн онцоллоо. Өргөтгөлийн ажлын хүрээнд Цутгуурын цехийн үйл ажиллагааг түр зогсоож, шинэ тоног төхөөрөмж суурилуулж, угсрах тул түүнээс өмнө цехүүдийн сэлбэг хэрэгслийн нөөц бэлтгэх юм. Засвар механикийн заводынхан  оны эхний 10 сард 5050 орчим тонн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэхээр төлөвлөж байсан бол өнөөдрийн байдлаар дахин 200 тонныг нэмж хийх шаардлагатай болжээ. Уг ажлыг ирэх 11 сард багтаан гүйцэтгэхээр Баяжуулах үйлдвэр болон бусад цехүүдтэй хамтран ажиллаж байна.    Цутгуурын цехийн өргөтгөлийн ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж, бэлтгэл ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ бага үзүүлэлт биш аж. Ирэх 10 сарын дунд үеэс тоног төхөөрөмжөө татан авч, суурилуулалт, угсралтын ажил эхлэхээр төлөвлөжээ. Мөн хуучин тоног төхөөрөмжийг буулгах ажил хийгдэнэ. Саяхан бараа материалын агуулахад суурилуулах гүүрэн краны асуудал шийдэгдэж, хугацаанаас нь  өмнө нийлүүлэхээр болсон байна. Ингэснээр өргөтгөлийн ажил эрчимжих нэг алхам  болжээ. Өргөтгөлийн бэлтгэл хангах ажлын төв болон дэд хэсгүүд долоо хоног тутам хуралдаж, ажлын явцыг  дүгнэдэг аж.      Засвар механикийн заводын удирдлага Цутгуурын цехийн өргөтгөлийн ажлыг өөрсдийн хүчээр хийх бодлого барьж буйгаа хэлэв. Тиймээс цөөн тооны гадны байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулах юм байна.  Уг өргөтгөлийг ирэх оны 5 дугаар сарын 1-нд  ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ч хугацаанаасаа өмнө дуусгах  зорилт дэвшүүлжээ. Хэрэв ажлын зохион байгуулалтыг өндөр түвшинд хийж, хуваарийн дагуу гүйцэтгэж  чадвал энэ зорилт хэрэгжих боломжтой гэж тэд үзэж байна.    М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • Б.БАТ-ЭРДЭНЭ: Миний мэргэжил сайхан, бас бахархалтай

       Засвар механикийн заводын Цутгуурын цехийн уран нарийн үйлийг урлагч Загварын хэсгийнхэн бүтээмж инновацийн “Уран гар” дугуйлан ажиллуулдаг. Эрдэнэт үйлдвэр төдийгүй гадны компаниудын захиалгат цутгамал бүтээгдэхүүний анхны дамжлагыг үйлдвэрлэдэг тус хамт олноос сайн саналын системийн манлайлагч тодорчээ. Тоон удирдлагатай зорогч суурь машины оператор Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.    - Эрдэнэт үйлдвэрт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?   - Би график дизайнер мэргэжилтэй. Мэргэжилтэйгээ уялдуулан тоон удирдлагатай зорогч суурь машин дээр тав дахь жилдээ ажиллаж байна. Хэв загвараа машин дээр үйлдвэрлэдэг болсноор хүчин чадал маань ч эрс дээшилсэн. Манайхтай ижил төрлийн машиныг уул уурхайн техник, технологитой уялдуулан ашиглаж байгаа компани, аж ахуйн нэгж одоогоор Монгол Улсад байхгүй. Мэргэжил маань сайхан,  бас бахархалтай санагддаг.    - Засвар механикийн заводын Загварын хэсэг ямар ажил гүйцэтгэдэг вэ?    - Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Цутгуурын цех нь хэв болон хайлах, загварын гэсэн гурван хэсгээс бүрддэг. Загварын хэсгийнхний хувьд аливаа бүтээгдэхүүний хамгийн анхны загварыг мод, панер, хөөс, пластик материалаар хийж гүйцэтгэдэг онцлогтой. Бүтээгдэхүүний анхны загвар ямар гарна, эцсийнх нь тийм л байна. Манай хамт олон хамтын бүтээлээ чанартай, захиалгын дагуу хийхэд дор бүрнээ анхаарч, хариуцлагатай ажилладаг.    - Үйлдвэрийн бүтээмж инновацийн талаар бодлоосоо хуваалцана уу?    - Ажлын байран дээрээ “Энийг засчих юмсан” гэж харсан зүйлээ тэр дор нь хийчихнэ. Өөрөө засаж сайжруулна. Гэхдээ хийсэн ажлаа үнэлүүлдэггүй, сайн саналын системийг хэрхэн ашиглах талаар мэдээлэл хомс байлаа. Хоёр жилийн өмнөөс системийн талаар өргөн ойлголттой болж, шинэ санал нэвтрүүлэх ажилд идэвхтэй оролцож байна. Тухайлбал, ажлын найман цагийнхаа 10-20 минутыг бүтээмжийн ажилдаа зарцуулдаг болсон. Сүүлийн үед ажилчдаа бүрэн хамруулахын тулд ямар нэг шинэ саналыг тэдэнд үүрэг болгон өгч байгаа. Ингэхдээ тухайн ажлыг хэн хамгийн сайн хийж чадах вэ гэдгийг юун түрүүнд бодолцдог. Хамт олноо урамшуулж, тэднийг дэмжин ажилласнаар оролцоо эрс нэмэгдэж байгааг ажигласан. Баг хамт олноороо бүтээмжийн ажилд оролцож, гар нийлж ажиллах үнэхээр сайхан.    - Таны хувьд сайн саналын системд хэдэн санал гаргав? Хэрэгжилт нь хэрхэн үнэлэгдсэн бэ?    - Оны эхний зургаан сарын байдлаар сайн саналын системд 40 санал гаргаж, биелэлт нь 50 хувьтай гарсан. Эдгээр саналд хөдөлмөрийн аюулгүй байдал талаасаа тоног төхөөрөмжтэй холбоотой болон технологийн ажлууд дийлэнх хувийг эзэлж байгаа. Харин бусад цех, хэсэг, дугуйлан, бүтцийн нэгжийн удирдлагуудаас дэмжлэг авах ажлууд маань хүлээлттэй байна. Бичсэн төслийнхөө хамгаалалтыг хийж, ажил маань дэмжигдвэл үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой.   - Бүтээмжийн ажил өрнүүлэх нь эдийн засгийн талаасаа үр өгөөжтэйг бид мэднэ. Харин хувь хүний хөгжилд хэрхэн нөлөөлдөг вэ?    - Хүн аливаа ажлыг урсгалаар нь хийх бус, тодорхой ажил дээр өдөр бүр бүтээмжтэй ажиллах хэрэгтэй. Энэ нь тухайн хүнд ажиллах эрч хүч, урам зориг өгч, ажилдаа дур сонирхолтой болгодог. Сүүлийн жилүүдэд үйлдвэрийн техник технологи шинэчлэгдэж, ажиллах хүч залуужиж байна. Тэр хэрээр бид цаг үеэ мэдэрч, өөрсдийн ажлын байр, ажиллах орчноо сайжруулах ёстой. Дэлхийн хэмжээний уул уурхайн үйлдвэрт ажиллаж байгаагийн хувьд хүн бүр л аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, тав тухтай орчинд ажиллахыг хүсч байна. Ийм боломж бидэнд бий. Хүн бүр хичээх хэрэгтэй. Асуудлын болж бүтэхгүйг удирдлагаасаа шаардаад суух бус, гарц гаргалгааг эрэлхийлэх нь илүү үр дүнтэй, бас цаг хугацаа хэмнэнэ гэж бодож байна. Бүтээмжийг ажлын байранд нэвтрүүлснээр хамт олны уур амьсгал сайжирч, бүтээлч санаачилгатай, цагийн зөв зохион байгуулалттай болох олон давуу талтай.    - Залуучууддаа хандан юу хэлэх вэ?   - Залуучууд маань юун түрүүнд техник технологийн шинэчлэлийг даган хөгжих хэрэгтэй байх. Урагш харсан тэмүүлэлтэй, дор бүрнээ бүтээмжтэй байж, эргэн тойрны асуудлаа шийдэн, өөрийн тав тухыг хангаж ажиллаарай гэж хэлье. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Засвар механикийн заводын сайн саналын тоо нэмэгджээ

       Засвар механикийн заводын хамт олон бүтээмж инновацийн үйл ажиллагааг сайжруулж, дээшлүүлэх чиглэлээр удирдлага ажилтнуудын хамтын ажиллагаа, идэвх оролцоог эрчимжүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд оны эхний хагас жилд  сайн саналын системээр дамжуулан цехийн ажилтнууд  ажил сайжруулах 324 сайн санал гаргажээ. Нэг хүнд ноогдох саналын тоо 0,52 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, ажилтнуудын идэвх, оролцоо 12,4% -иар өсчээ.      Тус цехэд бүтээлч оролцоог нэгтгэх зорилготой  31 бүтээмж чанарын дугуйлан ажилладаг бөгөөд оны эхний хагас жилд 18 төсөлт ажил, 20 жижиг сайжруулалтын ажил хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, цехийн ажилтнууд ажлын байрны эрсдэлийг бууруулах, аюулгүй орчин бүрдүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, ус, эрчим хүч хэмнэх, процессын сайжруулалт, ажил хөнгөвчлөх, ажлын арга барилыг сайжруулах, материал болон ажиллах хүчний хэмнэлтийг бий болгох зэрэг чиглэлээр санаачлага гаргаж, төсөл боловсруулжээ.    Засвар Механикийн заводын Бүтээмжийн зөвлөл нь  “5 сайн үйлс”, “Сайн саналын систем”, “Бүтээмж, чанарын дугуйлан” гэсэн анхан шатны, ахисан төвшний “6 сигма” арга хэрэгслүүд нэвтрүүлэн, засвар үйлчилгээний дээд зэргийн стандартыг бий болгон хэвшүүлэхэд шаардлагатай багаар ажиллах чадварыг бий болгох, тасралтгүй сайжруулалтыг хийж, үр өгөөжийг  нь хүртэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг сайжруулах, зардал бууруулах зорилттой ажилладаг. Цехийн хэмжээнд эдгээр чиглэлээр ахиц дэвшил гарч, ажилтнуудын идэвх чармайлт нэмэгдэж байгаа нь Бүтээмжийн зөвлөлийн ажлын нэг үр дүн гэж албаны хүн онцоллоо. М.Балжинням   Дэлгэрэнгүй...
  • Хоёр Белаз угсрах ажил явагдаж байна

       Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехэд шинээр хоёр Белаз  угсарч байна. Тус цехийн Засварын хэсгийнхэн Өөрөө буулгагч хүнд даацын автомашинуудын угсралтын ажлыг хийж байгаа аж. Одоогоор нийт 130 тонны даацтай 88 дахь Белаз авто машиныг угсарч  байгаа бөгөөд Белазууд КТА-50 хөдөлгүүртэй, 1600 морины хүчин чадалтай уулын тээврийн зориулалтай юм. “Белазууд каменз хөдөлгүүртэй тул засварын цаг багасаж ажлын бүтээмж нэмэгдэнэ.  Уулын тээврийн  нөхцөлд зохицсон стандарт бүхий хүнд даацын Белазыг угсрах хугацаа урт байсан. Гэвч үйлдвэрийн Авто тээврийн цехийн Засварын хэсгийн хамт олон хугацаанаас нь өмнө угсарч дуусгахаар ажиллаж  байна” хэмээн албаны хүн мэдээллээ.   Т.ЧУЛУУН Дэлгэрэнгүй...
  • Лабораторийн Өнөрөө

       Эрдэнэт үйлдвэрийн сайн саналын системийн манлайлагч З.Өнөртэй уулзаж, ажлын байрыг нь сурвалжлахаар Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийг зорилоо. Усны лабораторийн эрхлэгч гэх хаалгыг татвал цагаан халад өмссөн  намбалаг эмэгтэй  инээмсэглэн угтсан нь энэ сурвалжилгын баатар З.Өнөр байв. Эрхлэгчийн багавтар  өрөөнд хоёр томхон шүүгээ байх бөгөөд түүний доторх  цэнхэр хавтаснуудаас бичиг баримтаа эрж хайхын  зовлон үгүй мэт. Ногоон тэмдэглэгээтэй бол Лабораторийн итгэмжлэлтэй холбоотой, улбар шар нь ХАБ-ын бичиг баримт гэх мэтээр ангилсан нь содон. Мөн хуучин бичиг баримтуудаа ангилан архивлан хадгалсан, лабораторт хэрэглэж буй арга аргачлал, стандарт заавруудыг нэгдсэн байдлаар эмхэлж, үйлдвэрлэл эрхэлсэн захирал, цехийн даргаар батлуулан гарын авлага болгосон нь ажил хөнгөвчилж, эмх цэгцтэй болсон тухай эрхлэгч  ярилаа.    Орчин үеийн лабораторийн дэвшилтэт төхөөрөмж бүхий Химийн шинжилгээний цэлгэр саруул өрөөнд лаборант бүсгүйчүүд шинжилгээ хийж зогсоно. Ойрын хоёр жилд Усны лабораторийн ажиллах орчин хийгээд боловсон хүчний хувьд томоохон дэвшил гарчээ. Лабораторийн эрхлэгч, химич инженер гэсэн орон тоо нэмэгдэж, орчин үеийн дэвшилтэт төхөөрөмж суурилуулжээ. З.Өнөр болон бүтээмж чанарын “Шинжээч” дугуйлангийнхны санаачилга, хэсгийн удирдлагын дэмжлэгтэйгээр лабораторын ажлын байранд  тусгай хаалт хийж, өрөөний тоог  нэмэгдүүлэн шинжилгээний өрөөнүүдийг үйл ажиллагаагаар нь ангилжээ. Нян судлалын ариун орчин бүхий өрөөнд гидробиологийн шинжилгээ хийдэг байсан нь эргэж бохирдох нөхцөлтэй байж. Эдгээр өрөөг  тусгаарласан нь шинжилгээний чанарт ч сайнаар нөлөөлөхүйц ажил болсон нь илт. Түүнчлэн дотоод нөөц бололцоогоо ашиглан дээж бэлтгэл, хувцас солих тусгай өрөөтэй болсон нь шинжилгээний үр дүн үнэн бодитой гарах, ая тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн өдөр тутам шинжилгээ хийдэг ууршимтгай, хамт хадгалахыг хориглосон бодисыг химийн бодист тэсвэртэй хавтангаар тусгаарлан ялгаж байршуулсан байна. Шинжилгээнд хэрэглэдэг химийн бодис, мөн шил саваа тусгай тавиурт хадгалан, бүрэн ангилан ялгаж, хаягжуулсан нь эмх цэгцтэйгээс гадна, аюул эрсдэлээс хамгаалсан сайн ажил болжээ. Лабораторит зайлшгүй байх шаардлагатай элсийг л гэхэд хүчлийн саванд хадгалж байгаа нь нэг талаар аюултай хог хаягдлыг хаа сайгүй  хаяхгүй байх, нөгөөтэйгүүр модоор элсний сав хийхгүйгээс байгаль орчинд ээлтэй зэрэг жижиг гэлтгүй З.Өнөр болон хамт олных нь санаачилсан ажил бүрээс нь сэтгэл, зүтгэл ханхийнэ. Дөрвөн ажилтантай энэ лабораторийн “Шинжээч” дугуйлангийнхан үйлдвэрийн 40 жилийн ой угтан цехээс зарласан “ХАБЭА ба таван сайн үйлсийг хэрэгжүүлэгч” ажлын байрны уралдаанд тэргүүн байр эзэлсэн бол, энэ онд үйлдвэрийн хэмжээнд “5С шилдэг ажлын байр” шалгаруулах төсөлт хөтөлбөрт шилдэг долоон ажлын байрын нэгээр  шалгарчээ. Энэ бүхэн З.Өнөрийн санаачилга, хамт олноо  чиглүүлэн удирдсаны  үр дүн.     Тус лаборатори  MNS ISO17025*2007 стандарт нэвтрүүлж хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгджээ. Энэ лабораторынхон дээрх стандарт, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн, техникийн хүчин чадал, ажилтны ур чадварыг дээшлүүлэн,  Монгол Улсын болон орон нутгийн усны салбарын хяналтын  түшиц лаборатори болох хэтийн төлөвтэй ажиллаж байгаа гэсэн.     “Манай цэвэрлэх байгууламж хотын болон үйлдвэрийн ахуйн бохир усыг 95 хувь хүртэл цэвэршүүлэн байгаль орчин /Хангалын гол/-д  нийлүүлдэг. Түүнчлэн сүүлийн жилүүдэд дулааны улиралд  Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн даланд хоногт 15-18 мян.м3 ус нийлүүлж байгаа. Ингэснээр  хиймэл нуурын усны алдагдлыг нөхөж, Баяжуулах үйлдвэрийн технологийн процесст ашигладаг эргэлтийн усны хэмжээг тогтвортой барихад нөлөөлдөг юм. Манай Цэвэрлэх байгууламж технологийн үйл ажиллагаагаараа, усны цэвэрлэгээний чанар үр дүнгээрээ Монгол Улсдаа номер нэг” гэж тэрбээр бахархан ярьсан юм.     “Ус хангамжийн цех орон тооны Бүтээмж, инновацийн мэргэжилтэнтэй болсон нь бүтээмжийн ажил эрчимжихэд ихээхэн нөлөөтэй байгаа. Манай цех бүтээмжийн урамшууллыг мөнгөн чек хэлбэрээр хамт олны дунд гардуулан өгдөг нь бусад хүмүүст ч санал санаачилга гаргах өдөөлт болдог. Бид  жилийн эцсээр сайн саналын урамшуулалд 600 мянган төгрөг авсан. Үүнийгээ шинээр ажилд орсон химич инженерийнхээ ажлын ширээ сандал авахад зориулсан. Ер нь бид урамшууллаа хувааж авахыг урьтал болгодоггүй. Дараагийн сайжруулалтын санхүүжилт, бас зайлшгүй шаардлагатай зүйлд зарцуулдаг” гэж дугуйлангийнхан ярилаа.     Танайхны ажил Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг вэ гэсэн асуултад лабораторийн эрхлэгч: “Манайх хими, биологи, нян судлалын 23 төрлийн шинжилгээ хийдэг. Шинжилгээний үр дүнгээр технологийн процессыг, мөн байгаль орчинд нийлүүлж буй цэвэршүүлсэн ус стандартад нийцэж буй эсэхийг давхар хянадаг.  Хангалын голын урсац бага учраас  хангалттай сайн цэвэршүүлж  нийлүүлэх ёстой гэдгийг бид ухамсарладаг. Миний ажлын үр дүнгээс хамааран хэсгийн хамт олны ажил үйлс үнэлэгддэг. Иймээс би ажилдаа алдаа гаргах эрхгүй. Бидний ажил үнэн зөв, ил тод, шударга байх ёстой. Манай шинжилгээний үр дүнгээс Цэвэрлэх байгууламжийн технологийн хэвийн ажиллагаа, байгаль орчинд нийлүүлж буй усны чанар харагддаг” гэв.     Усны салбарын түшиц лаборатори болохоор зорьж буй энэ хамт олны түүчээ болсон сайн саналын манлайлагч З.Өнөр лабораторийн эрхлэгч болонгуут ийнхүү ажлын байраа эмхэлж, цэгцлэх  далайцтай ажил санаачлан хийсэн. Ойрын үед итгэмжлэлт лаборатори, орчин үеийн тоног төхөөрөмж, боловсон хүчний чадвартаа дулдуйдан, үйлдвэр аж ахуйн газруудын ахуйн усны шинжилгээ хийж, цехийнхээ орлогыг нэмэгдүүлэх, лабораторийн чадамжаа дээшлүүлэхээр мэрийж явна. Тэрбээр  МУИС-ийг биохимич, биологийн багш мэргэжлээр төгсөж, Эрдэнэт үйлдвэрт эдүгээ 30 дахь жилдээ лаборантаас лабораторийн эрхлэгч хүртэл ажиллаж буй манай үйлдвэрийн чадварлаг мэргэжилтний нэг юм. Я.Энхтуяа Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Уурхайчид сарын эхний хорь хоногт төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ

       Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчдийн зургаадугаар сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлт 100-аас дээш хувиар биелсэн дүнтэй гарчээ.  Энэ хугацаанд 1390.35 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөө 104.5 хувь, 586.47 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөө 105.9 хувийн биелэлттэй гарсан байна. Хүдэр олборлолт 2049.91 мянган тонн буюу төлөвлөгөө 103.6 хувиар давж биелсэн бол хүдэр боловсруулалт 1797.51 мянган тонн хүрч, төлөвлөгөөт үзүүлэлт 105.6 хувиар биелжээ.    Хүдэр дэх металлын агуулга зэсийнх 0.461 хувьтай, төлөвлөгөө 99.4 хувиар, молибденых 0.0165 хувьтай, төлөвлөгөө 108.6 хувийн үзүүлэлттэй байна. Металл авалтын гүйцэтгэл сарын эхний 20 хоногт зэсээр 88.44 хувь, молибденоор 50.58 хувьд хүрч, төлөвлөгөө 100.2-104.3 хувиар биелэв. Энэ хугацаанд баяжмал дахь зэсийн агуулга 22.38 хувь, төлөвлөгөө 100.2 хувиар, молибдены агуулга 50.14 хувь, төлөвлөгөө 104.5 хувиар тус тус биеллээ.      Зургаадугаар сарын эхний 20 хоногийн байдлаар уурхайчид 33648 тонн зэсийн баяжмал ачсан байна. М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • Засвар механикийн заводынхан сар бүр мэдлэгээ хуваалцана

       Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын дэргэдэх Инженерийн зөвлөл, цехийнхээ үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, ажлын арга барилыг сайжруулах, харилцан туршлага солилцох зорилгоор “Мэдлэг хуваалцах өдөрлөг” үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж эхэлжээ. Сар бүр тогтмол хийх “Мэдлэг хуваалцах өдөрлөг”-өөр ЗМЗ-ын нийт инженер, техникийн ажилтнууд баг болон хуваагдаж, сурсан мэдсэнээ бусаддаа түгээдэг байна. Одоогийн байдлаар тус цехийнхэн гурван удаа мэдлэгээ хуваалцаад байгаа бөгөөд  “Аж үйлдвэржилтийн хувьсгалууд”,  “CNC  тоон удирдлагатай суурь машины ашиглалт, засвар үйлчилгээ, тусгай шаардлагууд”, “Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд мөрдөгдөж буй оюуны өмч, инновацын дагалдах журмуудын тухай” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийж, харилцан мэдлэг, туршлага солилцжээ.      Дараагийн “Мэдлэг хуваалцах өдөрлөг”-ийг энэ сарын 26-ны өдөр “Резиний үйлдвэрлэлийн түүх, өнөөгийн байдал, техникийн шинэчлэл, технологийн дэвшил” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.  Өөрсдийн мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж, санаачилга зорилгоо нэгтгэн, баг болж ажиллах нь цаашдын үйл ажиллагаанд үр дүнтэй  гэж Инженерийн зөвлөлийнхөн өдөрлөгийн ач холбогдлыг онцолж байна.    Тус зөвлөл 2019 онд үйлдвэрлэл, хөгжлийн бодлого, шинэ техник технологи, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл, техникийн бичиг баримт, судалгаа шинжилгээ гэсэн чиглэлээр нийт 12  төрлийн ажил хийхээр төлөвлөсөн аж. М.Балжинням Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэтчүүд дэлхийн боловсрол эзэмшинэ

       “Саксэду”ХХК, “Кaplan InternationalEnglish” сургалтын төвийн хамт олон Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль дээр өнөөдөр ажиллана. Тэд дэлхийн боловсролыг эзэмших хүсэл сонирхолтой хэн бүхэнд үүдээ дэлгэж, угтан авахаар бэлтгэл ажлаа хангаж байна.    “Кaplan International English” сургалтын төв нь өнгөрсөн хугацаанд Их Британи, Ирланд, Шинэ Зеланд, Австрали, Канад, АНУ, Малта болон Сингапур улсын 46 хотод байрлах хэлний сургуулиудтай хамтран ажилласаар иржээ.    Үйл ажиллагаа нь өргөжин, хамрах хүрээгээ тэлсэн тус төвийнхөн сургалтын төрийн сангийн санхүүжилтээр болон хувийн зардлаар 300 гаруй оюутныг дэлхийн шилдэг их, дээд сургуульд элсэн ороход нь туслажээ. Мөн давтагдсан тоогоор 70 гаруй ерөнхий боловсролын сургуульд зочлон, сургалт семинар зохион байгуулсан байна.    Энэ удаа Эрдэнэт үйлдвэрийн албан хаагч, ажилчдын хүүхдүүдэд зориулан зуны сургалтын хөтөлбөрөө танилцуулж, мэдээлэл өгөхөөр бэлтгэжээ.  Зуны сургалтын үндсэн хөтөлбөрийн нэг нь 12-18 насны сурагчдыг Сингапур хотноо 21 хоногийн хугацаатай англи хэлний сургалтад хамруулах юм байна. Англи хэлийг орчинд нь сурснаар дэлхийн боловсрол эзэмшиж, тухайн орноор аялаж, бие даах чадвараа хөгжүүлэн, багаар ажиллах арга барилд суралцах зэрэг олон давуу талтайг зохион байгуулагчид онцоллоо. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Сингапурт суралцангаа аялая

       Дэлхийн улс орнуудаар хүссэнээрээ аялаж, мэдлэг боловсролоо ахиулахад тань ямар бэрхшээл тулгарч байна вэ? Гадаад зах зээлд бизнесийн хүрээгээ өргөтгөн, орчин үеийн соёлоос суралцах хүсэл эрмэлзэл танд бий юу? Энэ асуултын хариуг хамтдаа эрэлхийлье.    Монгол хүн Монголдоо хайртай. Эх орноороо гоёж, энэ нутгийнхаа эзэн байхыг тэд хүснэ. Гэвч даяарчлагдаж буй дэлхий ертөнцийн жишгийг даган, гадаад хэл сурах, түүгээр дамжуулан дэлхийн улс орнуудтай холбогдох хэрэгцээ шаардлага бий болсоор байна. Хэл сурах хэцүү. Бас амархан. “Хэцүү” гэдэг үгийг далд ухамсартаа хэдийнэ суулгасан бол энэ хэлийг сурахад амаргүй. Харин чин хүслээрээ суръя гэж зүтгэвэл сурах нь тийм ч хэцүү биш гэдгийг ухаарах болно.    Хүсэл мөрөөдлийг тань биелүүлж, алс ирээдүйг тань хамтдаа зураглахаар “Саксэду” сургалтын төвийн хамт олон Эрдэнэт хотод зочилжээ. Тэд танд болон таны хүүхдийн гэрэлт ирээдүйг бүтээх англи хэлний сургалтаа танилцуулж байна.    Энэ бол ховорхон боломж. Тус сургалтын төв нь англи хэлний түвшин ахиулах зургаан сарын хөтөлбөртэй. “Саксэду”-гаас IELTS-ийн оноо авч, бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалахаар Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг авсан оюутан олон бий. Богино хугацаанд чанартай боловрол олгох зорилт тавьсан тус сургалтын төв 2002 оны наймдугаар сараас өнөөг хүртэл боловсролын салбарт тогтвортой үйл ажиллагаагаа явуулсаар байна. Дэлхийн шилдэг их, дээд сургуульд 300 гаруй оюутныг элсүүлсэн “Саксэду”-гийн үүсгэн байгуулагч Д.Мөнхсаруул, “Хэлний курст сурах нь чухал. Гэхдээ хэл сурах нь илүү чухал” хэмээсэн юм. Тэрээр хүн бүрт хэл сурах боломж байгааг онцлоод, зөв газраа, зөв цагтаа суралцахыг зөвлөсөн.     Их Британи, Ирланд, Шинэ Зеланд, Австрали, Канад, АНУ, Малта болон Сингапур улсын “Дэлхийн топ” хэмээн нэрлэгдсэн их, дээд сургуульд үнэ төлбөргүй зуучлан, боловсролын салбарт “гүүр” болдог “Сакседу”-г зорин очих хүн олон. Өнгөрсөн хугацаанд тамирчин, жүжигчин, дуучин гээд олны танил эрхмүүд тус төвөөр дамжуулан хэлний мэдлэгээ тэлжээ.    Амжилт гэдэг амжихын нэр гэдэг. Үр хүүхдүүддээ чанартай боловсролоор оюуны том хөрөнгө оруулалт хийе гэсэн хэн бүхэн танилцуулах өдөрлөгийг зорин очоорой. Тэд танд Сингапурт суралцангаа аялах 21 хоногийн шинэхэн хөтөлбөрөө санал болгох болно. Каплан бол Сингапурын №1 сургууль. Тус сургуулийн зуны хөтөлбөрт хамрагдсан залуучууд хэл сурах ямар чухал болохыг, хэлтэй байснаар амьдралд ямар олон сонголт байдгийг мэднэ. Эрхэм таныг Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль дээр “Саксэду”-гийн хамт олон хүлээж байна.  И.Чинтогтох   Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
Joomla Plugins
×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Accordion

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Proin ornare consectetur sodales. Nulla luctus cursus mauris at dapibus. Cras ac felis et neque consequat elementum a eget turpis. Aliquam erat volutpat. Integer feugiat sem eu ligula vulputate consequat. Nulla facilisi. Cras vel elit lectus, at fringilla lorem.
consectetur adipiscing elit. Proin ornare consectetur sodales. Nulla luctus cursus mauris at dapibus. Cras ac felis et neque consequat elementum a eget turpis. Aliquam erat volutpat. Integer feugiat sem eu ligula vulputate consequat. Nulla facilisi. Cras vel elit lectus, at fringilla lorem.
Proin ornare consectetur sodales. Nulla luctus cursus mauris at dapibus. Cras ac felis et neque consequat elementum a eget turpis. Aliquam erat volutpat. Integer feugiat sem eu ligula vulputate consequat. Nulla facilisi. Cras vel elit lectus, at fringilla lorem.

Get the code

[accordion] 
[accordion_item title='ITEM_TITLE']ADD_CONTENT_HERE[/accordion_item]
[accordion_item title='ITEM_TITLE']ADD_CONTENT_HERE[/accordion_item]
[accordion_item title='ITEM_TITLE']ADD_CONTENT_HERE[/accordion_item]
[/accordion]

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Зургийн цомог