• Шилэн дансны хуулийн дагуу 17 төрлийн мэдээлэл байршуулна

       Эрдэнэт үйлдвэр, Төрийн Аудитын байгууллагатай хамтран бүтцийн нэгжийн удирдлагууддаа Шилэн дансны хууль, түүний хэрэгжилт, үйлдвэрийн хэмжээнд дагаж мөрдөх өөрчлөлтийн талаар сургалт зохион байгууллаа.    “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбогдуулан Шилэн дансны хуулиар дагаж мөрдөх хэд хэдэн нэмэлт өөрчлөлтийг удирдлагуудад танилцуулах шаардлагатай болжээ.    Эрдэнэт үйлдвэр өмнө нь энэ хуулийн хүрээнд найман төрлийн мэдээллийг олон нийтэд ил тод хүргэдэг байсан бол статус өөрчлөгдсөнөөр тухайн хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2-т заасны дагуу 17 төрлийн мэдээлэл байршуулах шаардлагатай болсон байна. Төсөв зарцуулах үйл ажиллагааныхаа мэдээллийг ил тод, нээлттэй байршуулснаар иргэд, олон нийт үнэн бодит мэдээллээр хангагдаж, сэтгэл ханамж өсөх сайн талтайг сургалт зохион байгуулагч аудиторууд зөвлөлөө. Шилэн дансны хууль 2015 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Төрийн Аудитын байгууллага өнгөрсөн хугацаанд нийт найман удаагийн аудит гүйцэтгээд байгаа юм. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчид ХАРИУЦЛАГАТАЙ уул уурхайн төлөө нэгдлээ

       Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн “Хариуцлагаар нэгд” аяны хүрээнд уул уурхайн салбарт тэргүүлэгч 8 компанийн удирдлагууд “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Багануур” ХК, “Оюутолгой” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Aспайр Майнинг” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК, “Терра Энержи” ХХК, “Монполимет” групп гэсэн уул уурхайн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, нийгмийн хариуцлагаа орон нутагт төдийгүй улсын хэмжээнд хэрэгжүүлдэг уул уурхайн “ТОП” компаниуд ёслолын үйл ажиллагаанд оролцов.    Монгол Улсад олон улсын жишигт нийцсэн, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд туршлага солилцох, байгаль орчныг сүйтгэж буй хариуцлагагүй компаниудын үйл ажиллагааг таслан зогсоохын төлөө уул уурхайн “магнат”-ууд нэгдэж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчин хамт олон хөгжлийнхөө 41 жилийн түүхэн хугацаанд хариуцлагатай уул уурхайн олон сайн туршлага хуримтлуулж, жишиг тогтоосон. Энэхүү “уламжлал”-аа уул уурхайн бусад компанид үлгэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж, салбарынхаа тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллах үүрэг хүлээлээ. У.Бат   Дэлгэрэнгүй...
  • Цахилгааны цехийнхэн шинэ программ нэвтрүүлнэ

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Цахилгааны цехийн ажилтнууд “MATrix LABoratory” буюу Матлаб загварчлалын сургалтад хамрагдаж, тооцооллын шинэ программ дээр ажиллах мэдлэг эзэмшжээ. Математик загварчлалын сургалтын зорилго нь цехийн ажилтнууд уг программ хангамж дээр ажиллаж сурах, тухайн программын тусламжтайгаар өөрсдийн ажилтай холбоотой бүх тооцоо судалгаа шинжилгээг хийх чадвар өгөхөд чиглэсэн байна. Сургалтыг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн тэнхимийн дэд профессор, багш П.Ариунболор удирдан явууллаа. Матлаб программын онцлог нь бүх мэдээллээ цуглуулж, түүний дагуу боловсруулалт хийх, цаашид мэдээллээ төрөлжүүлэн тайлан тооцоондоо ашиглах зэрэг олон талын зориулалттай. Мөн олон жилийн үйл ажиллагааны үр дүнд  боловсруулалт хийх, тоног төхөөрөмжийн элэгдэл насжилт, гэмтлийг тогтоож, засварлах шинэчлэх зэрэг олон  шийдлийг тооцож гаргах боломжтой. Энэ үндсэн программ дээрээ тулгуурлан туслах программ боловсруулан, өдөр тутмын ажилдаа ашиглах давуу талтай гэж тус цехийн Ерөнхий инженер Г.Цогт-Очир ярилаа.    Цехийн ажилтнууд  цаашид уг программыг ашиглан бие даан өөрийгөө хөгжүүлэх, сурсан мэдсэнээ баталгаажуулах,  чадвар эзэмших үүднээс хүн бүр өөрийн ажил, мэргэжлийн онцлогийн дагуу төсөл боловсруулан ажиллаж байгаа аж. Энэ төсөл нь тэдний магистр болон бусад эрдэм шинжилгээний ажлын үндсэн судалгаа, материал болох юм. М.Балжинням Фото Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Шинэ машин суурилуулснаар хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ

       Баяжуулах үйлдвэрийн Дулаан агааржуулалтын хэсэгт шинээр хийн үлээгүүрийн машин угсарч, туршилтын залгалтыг хийлээ. Эрдэнэт үйлдвэрийн техникийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг болох Францын “Continental industrie” фирмийн “Blower type 700.05” маркийн агаар үлээх машиныг өнгөрсөн дөрөвдүгээр сараас угсарч эхэлсэн байна. Дулаан агааржуулалтын хэсгийн хуучин машинууд хосолмол секцийн үед тавигдсан, 20-иод жил ажиллаж, ашиглалтын хугацаа дууссаны улмаас хүчин чадлыг нь нэмэгдүүлэхийн тулд шинэчлэх шаардлагатай болжээ.    Агаар үлээх зориулалттай шинэ машиныг суурилуулснаар хүчин чадлыг хоёр дахин өсгөхийн зэрэгцээ  Нунтаглан баяжуулах хэсгийн баяжуулалтын үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх, тоног төхөөрөмжийн тогтвортой, найдвартай ажиллагааг дээшлүүлэх боломжтой болж байгааг Баяжуулах үйлдвэрийн Эрчим зүйн албаны дарга Ц.Намжилдорж онцлов. Мөн эрчим хүчний хэмнэлт үзүүлнэ. Өмнө нь хоёр хийн үлээгүүр ажиллаж байсан бол одоо зөвхөн нэг төхөөрөмжөөр агаар хангах боломж үүсч байна. Ингэснээр  цахилгаан, эрчим хүчний  хэмнэлт 40 хувиар нэмэгдэж, энэ хэмнэлтийн үр дүнгээр хоёр жилийн хугацаанд өөрийн өртгөө нөхөх эдийн засгийн тооцоо гарчээ.    Дулаан агааржуулалтын хэсгийн хийн үлээгүүрийн шинэ машины угсралт, суурилуултыг Итали улсын мэргэжилтнүүд болон Засвар угсралтын цех,  Эрчим хүчний цех, Цахилгааны цех, Баяжуулах үйлдвэрийн Тохируулга галактекийн алба, Цахилгааны албаны 60-70 хүний бүрэлдэхүүнтэй бригад хамтран гүйцэтгэсэн байна. Хийн үлээгүүрийн машины туршилт үйлдвэрлэлийн горимын дагуу 72 цагийн турш үргэлжлэх юм. М.Балжинням Фото Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Б.ОДХҮҮ: Хүмүүс эрүүл, зөв хооллоход анхаардаг болсон

       Сайн саналын системд оновчтой санал гаргасан шилдэг залуусыг бид танилцуулж байгаа билээ. Уул уурхай гэлтгүй боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарт эдгээр шилдэг санал хэрэгжиж, үйлдвэрийн хөгжлийг тодорхойлсоор байна. Сайн саналын системд 2018 онд 16 санал дэвшүүлсэн Эрдэнэт сувиллын цогцолборын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тасгийн ахлах тогооч Б.Одхүүтэй ярилцлаа.      - Хоол үйлдвэрлэлийн салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?    - Би ШУТИС-ийн Хүнс, биотехнологийн сургуулийг Нийтийн хоолны технологич инженер мэргэжлээр төгсөж, 2014 онд сонгон шалгаруулалтаар Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон. Мэргэжлээрээ 13 дахь жилдээ ажиллаж байна. Хүн бүр ажил мэргэжлээсээ ямар нэг сайхан зүйлийг мэдэрдэг байх. Миний хувьд хоолыг минь амтархан идээд, сэтгэл хангалуун гарч байгаа хүмүүсийг харах үнэхээр сайхан санагддаг.    - Бүтээмжийг салбар бүрт хэрэгжүүлэх боломжтойг Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгжүүд харуулсаар байна. Энэ талаар?     - Ажилд орсны дараах жилүүдэд цехийн бүтээмжийн үйл ажиллагаа нэлээд сул, өөрийн хэмжээнд тасагтаа бүтээмжийн сайжруулалт хийдэг байлаа. Харин 2016 оноос бүтээмжийн ажил эрчимжиж, бүтээмжийн чиглүүлэгчтэй болсон. Ингэснээр бид сайн саналын системд ажлаа бүртгүүлж, үнэлүүлэх боломж бүрдсэн. Манай салбарт бүтээмжийг оновчтой хэрэгжүүлснээр ажил хөнгөвчилж, үр ашиг дээшилж байна. Миний хувьд цехийнхээ хэмжээнд “Шилдэг сайн санал гаргагч”-аар 2017, 2018 онд тэргүүн байрт шалгарсан.    - Цаашид хэрэгжүүлэх бодож төлөвлөсөн ажил бий юу?    - Зөвхөн хоол үйлдвэрлэл гэлтгүй ажил хийж байгаа л бол тухайн салбарт сайжруулалт хийх зайлшгүй шаардлага гардаг. Түүнийг олж хараад оновчтой шийдэл гаргах нь хамгийн чухал. Манайд сайжруулах ажлууд бий. Бодож санаснаа ажил хэрэг болгоно доо. /инээв/    - Өөрийгөө хөгжүүлэхэд хэрхэн анхаарч, суралцаж байна вэ?    - Орчин үеийн хоолны чиг хандлага ямар байна гэдэг дээр судалгаа хийж, цахим орчноос мэдээллээ түлхүү авч байна. Сүүлийн жилд хүмүүсийн хоолны чиг хандлага өөрчлөгдөж, эрүүл, зөв хоолоход анхаардаг болсон. Эрдэнэт сувиллын цогцолбор маань мэргэжлийн хоол зүйчтэй. Амрагчид болон хэвтэн эмчлүүлэгчиддээ хооллолтын талаар мэдээлэл хүргэн ажиллаж байгаа. Манай сувилал 120 ортой, сардаа 300 хүнд үйлчилдэг.    - Энэ дашрамд Эрдэнэт сувиллын дэргэдэх Чулуутын саам эмчилгээний талаар мэдээлэл өгөхгүй юу?    - Саам эмчилгээ энэ долоо хоногоос амрагчдаа хүлээн авч эхэлсэн. Амралт маань Эрдэнэт үйлдвэрийн ажилчид, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадаас гадна иргэдийг хүлээн авч, нэг дор 85 хүнд үйлчилгээ үзүүлдэг. Бид энэ сарын 15-наас наймдугаар сарын дунд үе хүртэл зургаан ээлжээр ажиллана. Гүүний саам нь олон төрлийн амин хүчил, эрдэс агуулсан тул хүний биеийн хэрэгцээт амин дэмийг нөхөхөөс гадна цусан дахь холестериныг бууруулах, судас хатуурахаас сэргийлэх, ухаан санааг саруул болгох ид шидтэй ундаа юм. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс   Дэлгэрэнгүй...
  • Н.Манчук: Технологийн сургуулийн оюутнууд “Цалинтай оюутан” хөтөлбөрт хамрагдана

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль 44 жилдээ уул уурхайн мэргэжилтэн бэлтгэж байна. 2018-2019 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа дуусч, шинэ хичээлийн жилийн элсэлт эхэлж буйтай холбогдуулан тус сургуулийн  Сургалт хариуцсан орлогч захирал Н.Манчуктай ярилцлаа.    - Өнгөрч байгаа хичээлийн жилд Технологийн сургуулийн сургалт хүмүүжлийн ажил хэрхэн үргэлжлэв? Онцлог нь юу байв?    - Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулийг 2018-2019 оны хичээлийн жилд нийт 728 оюутан, суралцагч суралцсанаас 204 оюутан суралцаж төгсөж байна. Тэдний 52 нь магистрын , 100 нь бакалаврын, 41 нь Мэргэжлийн боловсрол олгох нэг жилийн,  11 сурагч Ахлах сургуулийг сургалтыг тус тус төгслөө. Үүний зэрэгцээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, Бүтээмж инноваци, мэргэжлийн түр сургалтад давхардсан тоогоор 4827 хүн хамрагдлаа. Нийт 5031 хүн тус сургуульд суралцаж, төгслөө.    - Хичнээн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байна вэ?    - Өнгөрч буй хичээлийн жилд манай сургуульд 100 гаруй оюутан шинээр элсэн суралцаж байна. Бакалаврын зэрэгтэй сургалтад долоон мэргэжлээр буюу уул уурхайн ашиглалтын технологи, цахилгаан инженер, мэдээллийн технологи, механик инженер, авто инженер, ашигт малтмал баяжуулалтын инженер, металлурги металлын технологи гэсэн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Мөн Орос хэлний нэг жилийн хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрт суралцсан оюутнууд ирэх хичээлийн жилд ОХУ-ын Уралын Их сургуультай хамтарсан “2+2” хөтөлбөрийн дагуу нэгдүгээр курсээс сонгож суралцах юм.    - Өнгөрсөн хичээлийн жилд сургалтын чанарт ямар ахиц дэвшил гарав? Энэ чиглэлээр хэрхэн анхаарч ажилласан бэ?    - Манай сургууль сургалтын үйл ажиллагаандаа Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Үүний батламжийг өнгөрсөн хичээлийн жилд гардаж авсан. Мөн бид “Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэг. Саяхан ШУТИС-ийн долоон профессор багшийг урьж ирүүлэн, хөтөлбөрийн гурван чиглэлээр хэлэлцүүлэг зохион  байгуулсан.  Ингэснээр “Үр дүнд суурилсан хөтөлбөр” дээр тулгуурлан боловсруулсан бидний сургалтын хөтөлбөр шинэ хичээлийн жилд хэрэгжээд эхлэх боломжтой болсон. Өнгөрч буй хичээлийн жилд манай Ахлах сургуулийн сурагчид байгалийн ухааны хичээлийн нэгдмэл агуулгын олимпиадад 12-р ангиас оролцсон 5 сурагч бүгд эхний 10-н байранд шалгарч, багийн нийлбэр дүнгээр 1-р байр эзэлж 2 дахь удаагаа дархан аварга боллоо. ШУТИС-ийн оюутны физикийн  XXXI олимпиадад 5 оюутан оролцсоноос 3, 5, 6-р байр эзэлсэн амжилт гаргалаа,  Эрдэнэс таван толгой ХК-иас зохион байгуулсан Дэлхийн жишиг уул уурхай Эрдэм шинжилгээний хуралд манай оюутан 3-р байранд шалгарч өргөмжлөл нэг сая төгрөгөөр шагнуулсан байна. Багш нарын хувьд “Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр”-өөрөө Шинэ Монгол Технологийн Коллежийн зохион байгуулсан "Инженерийн боловсрол-Монголд" Онол практикийн анхдугаар бага хурал 1-р байр, тусгай байрт шалгарсан, Мөн ШУТИС-ийн 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулиудын дунд зохион байгуулсан “Эрдмийн чуулган-2019” эрдэм шинжилгээний хуралд Техник, технологийн салбарын шилдэг удирдагч багшаар манай механикийн тэнхимийн багш шалгарсан байна. Урлаг, спортын олон улс болон улсын уралдаан тэмцээнд манай оюутнууд амжилттай оролцлоо.    - Сургалтын “2+2” хөтөлбөрийн давуу тал, үр дүн ямар байна вэ?   - Би түрүүн дурьдсан. ОХУ-ын Уралын Их сургуультай хамтран металлурги, металлын технологи чиглэлээр “2+2” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хоёр жил дотооддоо, дараагийн хоёр жилд Орос улсад суралцах боломжтой хөтөлбөр. Мөн АНУ-ын Аляскын Фейрбанксийн Их сургуультай хамтран сургалтын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хөтөлбөрөөр 50-60 хувийн хөнгөлөлттэй суралцана. Тайвань улсын Кун Шаны Их сургуультай “1+3”, “2+2” хөтөлбөрийн хүрээнд хамтарч байна. Нэг жил эндээ суралцаж, гурван жилд Тайвань улсад суралцах гэх мэт. Тайвань улсад эхний жил 100 хувь, хоёр дахь жилээс 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.     - Технологийн сургуулийг “Онцлох диплом”-той төгссөн оюутнуудад Эрдэнэт үйлдвэрт ажиллах батламж олгодог уламжлалтай. Үүнээс гадна өөр ажил олгогчдоос ажлын урилга ирдэг үү?    - Манай сургууль 2014 оноос онц дүнтэй суралцсан оюутнуудаа  “Онцлох диплом”-той төгсгөж, тэдэнд Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламж гардуулдаг болсон. Энэ жишгээр өнгөрсөн жилийн 26 дахь төгсөгч маань Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон. Энэ хичээлийн хаврын улиралд 3.2 голч дүнтэй 5 оюутан суралцаж байна. 3.6-аас дээш голчтой нэг оюутан ШУТИС-ийн “Онцлох диплом”-той төгсөнө. Геологи, уул уурхайн чиглэлийн компаниудтай бид хамтран ажиллаж байна. Манай оюутнууд 3.2-оос дээш голч дүнтэй бол “Оюутолгой” ХХК-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Мөн бид оюутнуудаа суралцах явцад нь ажлын байраар хангах зорилгоор цагийн ажил хийлгэдэг. Тухайлбал, “Миний туслах оюутан”, хичээлийн завсарлагаа болон чөлөөт цагаараа багш нартаа туслаад, кредит цагийн урамшуулал авах зэрэг туслах ажилд хамруулж байна.    - Шинэ хичээлийн жилийн элсэлт удахгүй эхэлнэ. Энэ удаагийн элсэлтийн журам ямар онцлогтой байх вэ?    - Манай сургуульд элсэж буй оюутан элсэлтийн шалгалтын дүн 700-аас дээш оноотой тохиолдолд 100 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй элсүүлнэ. 650-699 оноотой бол 50 хувь, 600-649 оноотой бол 30 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Мөн олон улсын олимпиадад 1-3 дугаар байр эзэлсэн бол 100 хувь, улс, бүсийн олимпиадад 1-5 дугаар байр эзэлсэн бол 15-100 хувийн хөнгөлөлттэй элсүүлэх боломж нээгдсэн. Энэ жилийн онцлог гэвэл, хөнгөлөлт үзүүлэх олон боломж нэмэгдэж байгаа. Өмнөх жилд тогтоосон босго оноо өнөө жилд ч 400-500 хэвээрээ байна.     - Багш нарын хувьд ямар бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?    - Манай сургууль 38 үндсэн багштай. Үүнээс гадна бакалаврын сургалтад гэрээгээр Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтэн, доктор 12 багш хичээл зааж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, бүтээмж инновацын сургалтын 80 орчим хувьд нь мөн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй тухайн чиглэлийн мэргэжилтнүүд багшилдаг. Бакалаврын зэрэг олгох үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэн сайжруулах ажлын хүрээнд нийт багш нар заадаг хичээлүүдийнхээ хөтөлбөрийг агуулгын хувьд  шинэчлэн сайжруулж сургалтад хэрэглэж байна. Тухайлбал, 19 ур чадварыг оюутанд олгох зарчмыг баримтлан хичээлээ заах зорилготой ажиллаж байна.    - Технологийн сургуулийн давуу тал юу вэ? Энд суралцахаар сонгосон ирээдүйн уул уурхайн мэргэжилтнүүдэд илүү ямар мэдлэг чадвар олгож чадах вэ?    - Сайхан асуулт байна. Нэгдүгээрт, манай сургуулийн Ахлах сургуулийн хөтөлбөр ирэх хичээлийн жилээс Кембрижийн сургалтын хөтөлбөрөөр сургалт явуулах бэлтгэл хангаж дуусгахаар төлөвлөж байна. 2020-2021 оны хичээлийн жилээс Кембрижийн хөтөлбөрөөр сургалт  явуулж, найман хичээлийг англи хэл дээр үзэж эхэлнэ. Ингэснээр манай Ахлах сургуулийг төгссөн хүүхдүүд дэлхийн 130 оронд шууд элсэн суралцах боломжтой болох юм. Хоёрдугаарт, бакалаврын ангийн оюутнууд “2+2” хөтөлбөрүүдэд хамрагдахын зэрэгцээ АНУ-ын Их, дээд сургуульд 50-60 хувийн хөнгөлөлттэй суралцана. Тайвань, ОХУ-д суралцахдаа  сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ. Шинэ хичээлийн жилд бид өөрийн сургуульд Японы их сургуулийн профессор багш нарыг урьж, механикийн ангиудад хичээл заалгана. Өнгөрсөн жилд Японы Нагоя, Акита их сургуулийн профессоруудыг урьж, уул уурхайн ангийн оюутнуудад хичээл заалгасан нь үр дүнгээ өгсөн. Энэ бүхэн алхам алхмаар урагшилж, олон улсын институт болох зорилгоо биелүүлэхийн төлөө чармайн ажиллаж байгаагийн илрэл гэж хэлэхийг хүсэж байна. Технологийн сургуулийн давуу талыг ерөнхийд нь хэлбэл, манай улсын аль ч аймаг, орон нутгаас элсэгчид улсын тэргүүний оюутны байранд байрлаж,  тав тухтай орчинд суралцах боломжтой. Мөн элсэлтийн шалгалтын онооноос хамааран төрөл бүрийн хөнгөлөлт эдэлнэ. Түүнчлэн “Цалинтай оюутан” хөтөлбөрт хамрагдах боломжтой. Оюутнууд маань сургуульдаа багшийн туслах, жижүүр, өлгүүрийн ажилтан хийж, бие даан ажил хөдөлмөрт давхар суралцах боломжийг нээж өгч байна.   М.Балжинням Фото Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • О.ОТГОНБАЯР: Эрдэнэт үйлдвэр “Маш сайн” үнэлэгдлээ

       Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгтэй холбогдуулан ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилласан. Шалгалтын талаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяраас тодрууллаа.    - Үзлэг, шалгалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?   - Монгол Улсын хэмжээнд байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг дөрвөн жил тутамд зохиогддог уламжлалтай. Энэ жилийн тухайд Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Ерөнхий Сайдын захирамж, Хууль зүйн Сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсгийнхэн удирдамжийн дагуу улс даяар ээлжит үзлэгийг зохион байгуулж байна. Булган, Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэрт Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг томилогдон ажиллалаа. Энэ удаагийн үзлэг шалгалтаар байгууллагын ажлын зохион байгуулалт буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргааны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, архивын болон албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, мэдээллийн технологийн Монгол Улсын  үндэсний хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдгийг үнэлсэн. Бид үзлэгтэй холбогдуулан үйлдвэрийнхээ хэмжээнд урьдчилсан үзлэг зохион байгуулах ажлын хэсэг томилж, бүтцийн бүх нэгжийг хамруулан ажилласан.    - Ямар үнэлгээ авсан бэ?   - Эрдэнэт үйлдвэр дөрвөн жилийн өмнөх үзлэгээр төрийн өмчит болон төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдээс Монгол Улсын хэмжээнд тэргүүлсэн амжилт гаргаж байсан. Энэ жил хоёр дахь удаагаа үзлэгт хамрагдлаа. Энэ удаагийн үзлэг нь Эрдэнэт үйлдвэрийн статус өөрчлөгдөж, онцгой дэглэм тогтоосон, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж байгаа ихээхэн онцлог цаг үед таарсан. Бүтцийн өөрчлөлт хийгдэж байгаатай холбогдуулан дүрэм, журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, захиргааны үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэх ажил тодорхой зохион байгуулалттайгаар дүрэм, журмын дагуу явагдаж байна.  Өөрчлөлтөөс үл шалтгаалан манай хамт олны үйл ажиллагаа жигд, хэвийн ажиллаж байгаа нь үзлэгийн дүнгээс харагдсан. Эрдэнэт үйлдвэр “Маш сайн” үнэлэгдлээ. Улсын хэмжээнд ирэх 11 дүгээр сард үзлэг шалгалт дуусч, нэгдсэн дүнг Монгол Улсын Их хурлаар хэлэлцэнэ. Энэ томоохон үзлэг шалгалтад бэлтгэн ажлаа шалгуулсан, үнэлүүлж дүгнүүлсэн, амжилттай оролцсон Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, хамт олондоо, үзлэг шалгалтыг хариуцан зохион байгуулсан ажлын хэсгийн нарийн бичгийн даргын хувиар баяр хүргэе.    - Цаашид авч хэрэгжүүлэх ямар зөвлөмж өгсөн бэ?   - Ажлын хэсэг хэд хэдэн дүгнэлт гаргаж, зөвлөмж өгсөн. Ингэхдээ, “Эрдэнэт үйлдвэрийн байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа “Маш сайн” үнэлгээтэй дүгнэгдлээ. Орхон, Булган аймаг болон бусад төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаараа манлайлж, өөрсдийн тэргүүн туршлагаа нэвтрүүлэх талаар санаачилгатай ажиллах хэрэгтэй” гэсэн үүрэг даалгавар өгсөн. Үүнээс гадна бүтцийн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг жигдрүүлж, нэг түвшинд авч явах талаар зөвлөсөн. Мөн Эрдэнэт үйлдвэр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг ч боловсрол, эрүүл мэнд, нийтийн хоол, төмөр зам зэрэг хэд хэдэн онцлог салбарыг дэргэдээ авч явдаг. Тиймээс албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд тухайн салбарын жагсаалтыг баталж, түүхэн баримт бичгүүдийг бүрдүүлж авах нь чухал гэсэн зөвлөмж бидэнд өглөө. Энэ чиглэлээр цаашид анхаарч ажиллана. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • МЭДЭГДЭЛ

    МЭДЭГДЭЛ    Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн Стандарт банкны өр төлбөрт шилжүүлсэн 40 сая ам.доллартай холбоотой баримт нотолгоогүй, ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэгдэж байна.    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн Стандарт банкинд төлөх 40 сая ам.долларыг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Стандарт банкны зүгээс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 40 сая ам.доллар хүлээж авсанаа мэдэгдсэн. Энэхүү өр төлбөртэй холбоотой ор үндэслэлгүй мэдээ, мэдээллийг нийгмийн сүлжээгээр нийтлэж байгаа учраас бид албан ёсны эх сурвалжийн хувьд 40 сая ам долларыг Стандарт банк хүлээн авсан тухай  баримтын  хуулбарыг англи, монгол хэлээр хүргэж байна.    Цаашид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагааг үгүйсгэсэн, харлуулсан, гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээлэл тараахгүй байхыг нийт хэвлэл, мэдээллийн байгууллагуудад уриалж байна.    Мөн Эрдэнэт үйлдвэрийн талаарх үнэн бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч түгээхийг хүсье.    “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ХУУЛИЙН ХЭЛТЭС, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА Дэлгэрэнгүй...
  • Д.ДЭЛГЭРБАЯР: Эрдэнэт үйлдвэр "Ногоон хөгжлийн төв"-тэй болно

       “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяртай нийгмийн чиглэлээр хийгдэж буй ажил, цаг үеийн асуудлаар ярилцлаа.   - Эрдэнэт үйлдвэр энэ оныг Хөрөнгө оруулалтын жил болгон зарласан. Үүний дотор уурхайчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлийн ажил цөөнгүй бий. Тэдгээрийн явц ямар байдалтай байна вэ?    - Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагатай компанийн хувьд энэ чиглэлээр олон ажлыг төлөвлөн эхлүүлж байна. Юуны өмнө бид уурхайчдаа орон сууцжуулах зорилгоор  “Уурхайчин 1”, “Уурхайчин 2”, “Уурхайчин 3” нэртэй,  нийт 1300 айлын орон сууцыг барих ажил эхэлсэн. “Уурхайчин 1” төсөл  нь өнгөрсөн 5 дугаар сарын нэгний өдөр шав тавьж, барилгын ажил эхэлсэн байгаа. “Уурхайчин 2” төслийн тендер зарлагдсан бол  “Уурхайчин 3” хөтөлбөрийн тендерийг өнөөдөр нээсэн. Үүнтэй холбогдуулаад нийгмийн цехүүдэд  багагүй засвар үйлчилгээний ажлууд төлөвлөгдсөн. Тухайлбал, “Сэлэнгэ” амралтын баазын усан хангамжийн техникийг энэ онд шинэчилнэ. 1980-аад оноос хойш олон жилийн ашиглалтаас шалтгаалан чанар нь муудсан усан хангамжийг сольж шинэчлэх ажлын зардлыг  энэ жилийн төсөвт тусгаж өгснөөр энэ ажил хийгдэнэ.  Мөн “Уурхайчин” соёлын ордны барилгын бүх цонхыг шинэчлэхээр төлөвлөсөн. “Энэрэл” төвд орчин үеийн стандарттай спортын зал барина. Энэ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг зарлахаар бэлтгэж байна. Дараагийн нэг томоохон ажил гэвэл “Сэлэнгэ” амралтын баазын дэргэд "Ногоон хөгжлийн төв" нэртэй бүс нутгийг хамарсан төв байгуулж байгаа. Үүнийг Байгаль орчны яамтай ярилцаж, зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэсэн гэх мэтчилэн хөрөнгө оруулалтын чиглэлийн ажлууд бүрэн хийгдэхээр эхлээд байна.    - "Ногоон хөгжлийн төв"-ийн тухайд дэлгэрүүлнэ үү?    - "Ногоон хөгжлийн төв" гэж олон улс болон манай улсад ч ажилладаг. Байгаль орчны яам, манай үйлдвэр хамтран зохион байгуулсан зөвлөгөөнөөс "Ногоон хөгжлийн төв"-тэй болох санаачилга гаргаж, Эрдэнэтэд тэр тусмаа “Сэлэнгэ” амралтын баазын дэргэд байгуулахаар сонгосон. Үүний учир нь үзэсгэлэнт байгаль, ан амьтантай газрыг түшиглэн эх дэлхийгээ хамгаалах, эх оронч үзлийг таниулах олон талын сургалт сурталчилгаа, үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой гэж үзсэн. Тиймээс энэ чиглэлээр "Ногоон хөгжлийн төв" ажиллана. Үйл ажиллагаа нь эхлэхэд ч бэлэн болоод байна.     - Жил бүр үйлдвэрийн ажиллагсдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг. Энэ жилийн үзлэг хэзээ эхлэх вэ? Ямар онцлогтой байх бол?     - Уурхайчдад чиглэсэн нийгмийн хамгааллын бодлогын нэг болох эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж, үүнд жил бүр 8000 орчим ажилчин, ахмад, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилчдыг хамруулдаг. Урьдчилан сэргийлэх үзлэгийг Эрдэнэт сувиллын цогцолбор, “Медипас” эмнэлэг хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн үзлэгийг энэ сарын 20-ны өдрөөс эхлүүлж, бүх ажилчдаа 2019 онд багтаан хамруулахаар төлөвлөж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгийн онцлог гэвэл “Медипас” эмнэлэгтэй үзлэг, оношилгооны багцуудаа урьдчилан, сайн тохирч тодорхой болгодог. Илүү үр дүнтэй эрүүл мэндийн багцын үйлчилгээг үзүүлэх бодлого барьсан. Өөрөөр хэлбэл, хамгийн оновчтой, хэрэгтэй багцуудыг өмнөх жилүүдийн үзлэгийн үр дүнд суурилан шинээр гаргасан гэж хэлж болно. Ингэснээр энэ жилийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багц үйлчилгээг “Медипас” эмнэлэгтэй эцсийн байдлаар тохирч, эхлэхэд бэлэн болгоод байна. Мөн эмчилгээ сувилгааны хөтөлбөрийн дагуу Эрдэнэт сувилал цогцолбор уламжлал ёсоор зуны саам эмчилгээнд амрагчдаа хүлээж авч байна. Саам эмчилгээ энэ сарын 17-ноос ажиллаад эхэлсэн.     - Хамтын ажиллагааны чиглэлээр ойрын үед ямар хөрөнгө оруулалт хийх вэ?    - Удахгүй болох Үндэсний их баяр наадмыг Орхон аймагтайгаа хамтран зохион байгуулна. Эрдэнэт үйлдвэр жил бүр аймгийн баяр наадмыг зохион байгуулах  үйл ажиллагаанд нь зориулан 100 сая төгрөг зарцуулахаар төлөвлөдөг. Энэ жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөөнд ч энэ зардлыг тусгасан байгаа. М.Балжинням Фото Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Д.ЭРДЭНЭБАТ: Зуслангийн эхний ээлжинд 358 хүүхэд амарч байна

       Байгалийн үзэсгэлэн бүрдсэн, эрүүл цэнгэг агаарт байрлах “Найрамдлын-Эрдэнэс” зуслан нь үйлдвэрийн ажилчдын хүүхдүүдэд зориулан 38 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх тус зуслан зуны хөтөлбөрөө эхлээд байна. Энэ талаар “Сэлэнгэ” амралтын баазын дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.    - Хүүхдүүдийн хүсэн хүлээдэг зуслан үйл ажиллагаагаа эхэллээ. “Найрамдлын Эрдэнэс” зуслан хэдэн ээлж хүлээн авах вэ?    - Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбогдуулан манай цехийн бүтэц, орон тоонд нэлээд өөрчлөлт гарсан. Улмаар “Сэлэнгэ” амралтын бааз Амралт, аялал жуулчлалын цогцолбор болон өргөжиж, үйл ажиллагааны хамрах хүрээгээ тэллээ. “Найрамдлын-Эрдэнэс” хүүхдийн зуслангийн хувьд энэ долоо хоногт эхний ээлжээ хүлээн авсан. Өнөөдрийн байдлаар 358 хүүхэд зуслангийн нэгдүгээр ээлжинд амарч байна. Зуны улиралд зуслан найман ээлжээр хичээллэж, нэг ээлжиндээ 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ажиллана. Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийн 53 иргэнтэй хамтран, сургагч багшаар ажиллуулж эхэлсэн.       - Зуслангийн ээлж бүр ялгарах онцлогтой байх уу?    - Зуслангийн үйл ажиллагааны хөтөлбөрөө жилээс жилд шинэчилж, сайжруулсаар ирсэн. Бид 38 жилийн туршлагатай. 2007 оноос хойш манай цехийн хэмжээнд шинэчлэлийн ажил эрчимтэй хийгдэж байна. Энэ хүрээнд зуслангийн ээлж бүрийг ямар нэг хөтөлбөрийн дор зохион байгуулахыг эрмэлзэх болсон. Энэ жилийн тухайд 1, 2, 3 дугаар ээлжиндээ Олон улсын хүүхэд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, Австрали улсаас амрагчид хүлээн авна. Харин 4, 5 дугаар ээлжинд спортын зөв хүмүүжил олгох зорилгоор сагс болон хөл бөмбөгийн тусгай сургалт явуулна.    - Бусад зуслангаас ялгарах давуу тал нь юу вэ?    - Манай зуслан Сэлэнгэ мөрний ай сав, байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг. Мөн Монгол Улсын “ТОП-100” аж ахуйн нэгж, дэлхийд данстай энэ том үйлдвэрийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг нь бидний давуу тал гэж хэлж болно. Ногоон байгальд амарч байгаа хүүхэд, залуучуудын хувьд хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалж, хог хаягдлаа хямгадаж, эх дэлхийтэйгээ харьцаж сурахад илүү дөхөмтэй.    - “Зуслангийн эрхийн бичиг дуусчихлаа” гэсэн яриа гардаг. Энэ жилийн тухайд эрхийн бичгийн хүртээмж хэр байгаа вэ?    - Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хүүхдүүдийг хөгжүүлэх, тэднийг ая тухтай амраах зорилгоор “Найрамдлын-Эрдэнэс” зусланг 1981 онд байгуулсан. Бид үйлдвэрийнхээ ажилчдын хүүхдүүдийг амраах бодлогоо илүүтэй барьж, эрхийн бичгээ цехүүддээ хуваарилдаг. Бусад хүүхдэд эрхийн бичгийн хүрэлцээ муу байдаг тул ийм яриа гардаг байх. Энэ жил “Найрамдлын-Эрдэнэс” зусланд 4000 орчим хүүхэд амарна.    И.Чинтогтох Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

Мэдээний төрөл

Календарь

« 6-р сар 2019 »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Зургийн цомог