Эрдэнэт мэдээ

   

×

Анхааруулга

JUser: :_load: Unable to load user with ID: 927

“Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” наадам түүх өгүүлж эхэллээ Онцлох

27 6-р сар 2018 12:00
475 удаа үзсэн

Хорьдугаар зууны манлай бүтээн байгуулалт, Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын нэрэмжит уулын баяжуулах  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхт 40 жилд зориулсан баяр наадмын үйл ажиллагаа Эрдэнэт хотын төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр ёслол төгөлдөр эхэллээ. “Бид эрдэнэсийн эзэд” баярын жагсаал Илгээлтийн эзэд, анхдагчдын талбайгаас уурхайчдын сүр хүч,  өнгө үзэмжийн төгс шийдэлтэй хослон цэнгэлдэх хүрээлэнд орж ирэн, наадмын хүндэт зочид суудлаа эзлэхэд Эрдэнэтийн овоо дуу  эгшиглэж байв. Нээлтийн ажиллагааны утга санаа нь эзгүй хээр талд таван хошуу мал тал дүүрэн бэлчиж,  хүн зон нь мал сүргээ хариулан, ноос савж, эсгий урлан, хүүхэд багачууд  хонь хургатай наадаж, эрчүүд хүлгийн зоон дээр омогшиж,  бүсгүйчүүд  цайны дээжээ хангай дэлхийдээ өргөж буй монгол ахуйг дүрслэн зохиомжилжээ. Ийм онгон дагшин газар  нутагт хайгуулчдын баг эрдэнэсийн том ордыг нээн илрүүлснээр Эрдэнэт үйлдвэрийн шан татагдаж, илгээлтийн эздийн уухай, их бүтээн байгуулалтын нүргээн эхэлснийг, Эрдэнэт боссон түүхийг  утга уянгын уран найруулгаар илэрхийлсэн нь наадамчин олныг баясган, уурхайчдын бахархлыг төрүүлж байлаа. Наадмын нээлтийн ажиллагаа, урлаг уран сайхны үзүүлбэрийг Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Уурхайчин соёлын ордны  уран бүтээлчид найруулан зохион байгуулж, авьяаслаг уурхайчид, ажилтнууд оролцсон.

“Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” баяр наадмын үйл ажиллагааг нээж, тус үйлдвэрийн Ерөнхий захирал, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн баярын мэндчилгээ дэвшүүлэв. Эрхэм хүндэт зочид, уурхайчид, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн байгуулсан анхдагч, илгээлтийн эзэд, Эрдэнэчүүддээ  хандан хэлсэн мэндчилгээндээ “Эрдэнэтийг байгуулсан түүх бол эрин зууны түүх юм. Манай уурхайчид өнгөрсөн 40 жилийн хугацаанд хийж бүтээснээ дүгнэн цэгнэж, өнөөдрийн хүрсэн түвшин амжилтаа үнэлж, цаашдын зорилтоо тодорхойлж байна. Эрдэнэтийн уурхайчид энэ он жилүүдэд өөрийн гэсэн соёл, үнэт зүйлийг бүтээж чадсан нь бидний хамгийн том бахархал, бас амжилт  юм” хэмээн онцоллоо. Дараа нь Гандантэгчлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц наадамчин олонд ерөөл айлдаж, ном айлтгав.  Эрдэнэтийн аугаа их бүтээн байгуулалт эхлэн, арвин их баялгийг бүтээсний  түүхт 40 жилийн баяр наадмын тэнгэрт  Монгол улсын алтан соёмбот төрийн далбаа, Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн тугийг Эрдэнэтээс төрөн гарсан хөдөлмөрийн баатрууд, төрийн шагналтан,  гавьяат  эрхмүүд өргөн мандуулсан нь уурхайчдын наадмыг улам хүндэтгэлтэй болгосон юм. Мөн Эрдэнэтээр овоглосон олон зуун алдартнууд, хөдөлмөрийн баатрууд, төрийн  дээд одон медаль энгэртээ гялалзуулсан анхдагч, ахмадууд, тэргүүний ажилтнуудын баярын жагсаалаар наадмын үйл ажиллагаа үргэлжилсэн.

 

 

 

 

Ийнхүү Монгол улсын нэрийн хуудас болсон дэлхийд данстай манлай үйлдвэрийн уурхайчин хамт олон түүхт ойгоо бахархал дүүрэн тэмдэглэж байна.  

Сэтгүүлч М.Балжинням

Гэрэл зурагчин Б.Баттөгс

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 04 7-р сар 2018 09:45
Үнэлэх
(1 Санал)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

 

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн

Олон нийттэй харилцах албаны цахим хуудас

           

 

 

Зургийн цомог