• Орон нутгаас 31,9 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ

        Эрдэнэт үйлдвэр ХХК нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Орхон аймгийн үйлдвэрлэгч компаниудтай 31,9 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. Баяжмалын шуудай, ган бөөрөнцөг, ажлын хувцас, түүхий резин, лед гэрэл, электродын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн дийлэнх хувийг эзэлж байна. 2016 онд 5,1 тэрбум, 2017 онд 7,7 тэрбум, 2018 онд 12 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг орон нутгийн үйлдвэрлэгчдээс худалдан авчээ. Орхон аймгийн аж ахуйн нэгжүүдтэй 2018 онд 42,5 тэрбум төгрөгийн 244 гэрээ байгуулсан нь өмнөх онтой харьцуулахад 2,2 дахин нэмэгдсэн байна.   У.Цэрэнбат Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Геологийн нөөцийг 60 гаруй жил ашиглана

         Эрдэнэт үйлдвэр ХХК нь анх Монгол, Чехословакийн геологчдын хайгуулын ажлын үр дүнгээс эхлэн өнөөг хүртэл уурхайн ашиглалтын насжилтыг нэмэгдүүлэхээр геологи хайгуулын ажлыг дэлхийн жишигт нийцүүлэн өнөөг  хүртэл гүйцэтгэж байна. Ордын нөөц өсгөх хайгуул, судалгааны ажлыг олон жил үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. 2017, 2018 онд геологи хайгуулын ажлын үр дүнг нэмэгдүүлснээр хүдрийн баялгийг өсгөж,  ашиглалтын нөөцийг 40 жил, геологийн нөөцийг  60 гаруй жил ашиглах боломжтой боллоо. У.Цэрэн Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Улсын төсвийн орлого нэмэгджээ

        Эрдэнэтийн уурхайчид улсын төсвийн тал хувийг бүрдүүлж, эх орны эдийн засгийн хүнд үед улсаа нуруундаа үүрч явсан түүхтэй. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд 854,8 сая тонн хүдэр боловсруулжээ. Сүүлийн гурван жилийн тайлан мэдээнээс харахад улсын болон орон нутгийн төсөвт уурхайчдын төлсөн татварын дүн өссөн байна. Тухайлбал 2016 онд 183,7 тэрбум, 2017 онд 578,6 тэрбум, 2018 онд 654,8 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлжээ. Харин үйлдвэрлэлийн түүхэнд зэсийн металл авалт энэ онуудад хамгийн өндөр хувьд хүрсэн байна. У.Цэрэнбат Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Нийгмийн хариуцлагын зардлыг нэмэгдүүлэв

         Эрдэнэт үйлдвэр ХХК нь уул уурхайн хүнд үйлдвэрийн хувьд ажилтнууддаа 24 нэр төрлийн хөнгөлөлт, дэмжлэг, буцалтгүй тусламж үзүүлж, нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажилчдын цалинг 2017 онд 10%-аар, ажлын үр дүнгийн урамшууллыг 20 %-аар, 2018 онд цалинг дахин 15% хүртэл нэмэгдүүллээ. Үүний хүрээнд сүүлийн гурван жилд 129,2 тэрбум төгрөг зарцуулжээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд компани 2017 онд 60,5 тэрбум төгрөг зарцуулсан бол 2018 онд 24,4 тэрбумаар нэмэгдүүлж 84,9 тэрбум төгрөгт  хүргэсэн байна. У.Цэрэнбат Фото: Б.Баттөгс Дэлгэрэнгүй...
  • Хуульчид 32,8 тэрбум төгрөгийн ашигтай шийдвэр гаргуулжээ

         Эрдэнэт үйлдвэрийн Хууль, эрх зүйн газрын хуульчид өнгөрсөн онд олон улсын арбитрын гурав, дотоодын арбитрын нэг, иргэний 54, захиргааны дөрөв, эрүүгийн 16, зөрчлийн хоёр гээд нийт 80 хэрэгт компанийн эрх ашгийг төлөөлөн ажиллажээ. Тэд иргэний 54 хэрэгт ажилласнаас 38 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, компанид 30,3 тэрбум төгрөгийн ашигтай шийдвэр гаргуулсан байна. Мөн эрүүгийн 16, зөрчлийн 2 хэрэгт  ажилласнаас 12 хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, 4,1 сая төгрөгийн хохирлыг барагдууллаа. Түүнээс гадна захиргааны дөрвөн хэргийн хоёр нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, нийт 2,5 тэрбум төгрөгийг компанид ашигтайгаар шийдвэрлүүлсэн амжилттай ажиллав. Тус газар 2018 онд 16 компани, дөрвөн иргэнээс нийт таван сая ам.доллар, 900 орчим сая  төгрөгийн авлага барагдуулсан байна.      Харуул хамгаалалтыг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Үйлдвэрийн бүс, объектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам”-ыг шинэчлэн боловсруулан батлуулж, компанийн бүх ажилтнуудад цахим үнэмлэх олгох ажлыг ХМТАЦ-тай хамтран зохион байгуулсан. Журмыг хэрэгжүүлэх зорилгоор “Зочин” үнэмлэхийг хэвлүүлж, Үйлчилгээ, аж ахуйн алба, Гэрээт цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн ба гэрээт байгууллагуудын ажилтнуудыг цахим үнэмлэхээр хангах ажлыг зохион байгуулав. Мөн “Компанийн аюулгүй байдал” сарын аяныг зохион байгуулж, Гэрээт цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн 816 дугаар салбарын харуул, хамгаалалтын бүх  цэгүүдээр хамгаалалтыг сайжруулах олон ажил санаачлан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч байна. Энэ онд хэрэгжүүлэх үйлдвэрийн ажилчдын автобусны шалган нэвтрүүлэх систем, харуул хамгаалалтын нэгдсэн систем, камерын хяналтын нэгдсэн төв байгуулах ажлын бэлтгэл хангагдаж байна. Дэлгэрэнгүй...
  • Эрдэнэт сувилалд оношилгооны шинэ төхөөрөмжүүд ирлээ

         Эрдэнэт сувилал цогцолборын Дүрс оношилгооны кабинетад  Япон улсад үйлдвэрлэсэн Shimadtsu-Flexavision FD маркийн дижитал рентген аппарат, FUJINON  маркийн улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдэс, бүдүүн, шулуун гэдэсний дурангийн аппарат, UUSS-H60  загварын хэт авиан оношилгооны  ЭХО аппарат хүлээн авлаа.      Дижитал рентген аппаратаар толгой, хүзүү, сээр бүсэлхий нугалмууд,  уушиг, зүрх, үе мөчний рентген зураг авах юм. Энэ аппаратын тусламжтайгаар  рентгенээр харах,  ходоод, улаан хоолой хэвлийн хөндийн эрхтэнүүдийн  тодосгогч бодистой рентген  шинжилгээ хийх боломжтой боллоо.        Эхо аппаратаар хэвлийн хөндий болон бага аарцгийн хөндийн  эрхтэнүүдийн хэт авиан шинжилгээ, зүрх судас, эмэгтэйчүүдийн оношилгоо хийхээс гадна  шинээр бамбай булчирхай, хөх, үе мөч, булчин шөрмөсийг   үзэж оношилно.      Мөн Лабораторит  цагт 200 шинжилгээ хийх хүчин чадалтай Герман улсын HumaStar-200 маркийн Биохимийн бүрэн автомат анализаторыг суурилуулсан байна.      Ингэснээр  шинжилгээний нэр төрөл олширч, чанар сайжрах төдийгүй шинжилгээний хариу автомат-аар гарах юм. Нүдний кабинетад KOWA VX10 маркийн нүдний дурангийн аппарат шинээр суурилагдсан байна. Уг аппарат нь нүдний уг дурандан оношилж, зургийг нь авдгаараа өмнөхөөсөө давуу талтай юм. Шинэ тоног төхөөрөмжүүдээс ЭХО аппарат ажиллаж эхэлсэн бөгөөд  бусдыг нь ажиллуулахад бэлтгэж, эмч мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулж байна. Ийнхүү Эрдэнэт сувилал  цогцолборт орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжүүд  ашигласнаар  ажиллагчдын эрүүл мэндийн оношилгоонд дэвшил гарна гэж эмч мэргэжилтнүүд үзэж байна. Я.ЭНХТУЯА Дэлгэрэнгүй...
  • Ус тунгалагшихад уужирдаг сэтгэл

         Энэ үгийг Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн дарга Авирмэдийн Баярсайхан нэгэнтээ хэлсэн. Жинхэнэ хөдөлмөрийн хүн л үүнийг сайн мэднэ.      Дөрвөн арваны тэртээ Увс аймгийн Завхан сумын хүү тухайн үед хэрийн хүн сонирхдоггүй усны мэргэжил эзэмшихээр Унгар улсыг зорьсон нь учиртай. Увс аймгийн Усны аж ахуй удирдах газрын дарга Авирмэдийн гурав дахь хүү ирээдүйд усны мэргэжил монголд эрэлттэй болохыг мэдэрч сонгох нь зүйн хэрэг. А.Баярсайхан гадаад багш нарын хатуу шаардлага, шүүлтийг дөмөгхөн давсаар инженерийн боловсролоор тэргүүлэгч улсын Политехникийн дээд сургуулийг усан хангамжийн ариутгах татуургын инженер мэргэжлээр төгссөн. Хорь гаруйхан настай, өндөр, цэмцгэр залуу тухайн үеийн Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны томилолтоор Эрдэнэтэд анх иржээ. Тэрээр үйлдвэрийн харьяа Усан хангамж ариутгах татуургын цехийн шугамын засварчнаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Энэ үеэс л багаж хэрэгсэлтэй “нөхөрлөж”, гараасаа салгахгүй хайрлан хямгадаж ашигладаг багаж байнга гялалзаж, их үйлийг хамт бүтээдэг болохыг мэдэрчээ. Уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр шимээр тэр удалгүй шугамын мастер, инженер болж,  1995 оноос Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн даргаар даруй 23 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд Хүрдэн болон Элсэн шүүрний, Гүн цэвэрлэгээний байгууламжийг  хүлээн авч, инженер техникийн ажилтнуудынхаа хамтаар тохиргоо үйлчилгээг  гардан хийж ажилд оруулснаар цэвэрлэгээний чанарыг 98 хувьд хүргэж чадсан юм. Монгол улсын хэмжээнд цор ганц бохир усны гүн цэвэрлэгээний байгууламж Эрдэнэт үйлдвэрт бий. Өнөөдөр энэ байгууламжаас байгаль экологид хор аюулгүй цэвэр ус гарч буй нь түүний удирдсан хамт олны хөдөлмөрийн үр шим. А.Баярсайхан цэвэрлэх байгууламжийнхаа өргөтгөл, тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлийн ажлыг санаачилж, тасралтгүй сайжруулалтыг биечлэн манлайлдаг удирдагч.      Хэдийгээр Эрдэнэт үйлдвэрийн Цэвэрлэх байгууламж боловч Зууны манлай үйлдвэр дагаж байгуулагдсан Эрдэнэт хотын бүх албан байгууллага, аж ахуйн нэгж, орон сууцны ахуйн бохир усыг эднийх цуглуулж, дөрвөн үе шаттай дамжлагаар стандартын хэмжээнд хүртэл нарийн цэвэрлэдэг онцлогтой. Эндээс гарсан усаар Хаягдлын аж ахуйн далангийн усны тэнцлийг тогтворжуулдаг. Хүний өөрийн бохир усыг цэвэршүүлдэг мөн ч буянтай улс гэж бодогдох. Манай Цэвэрлэх байгууламж хоногт 24000м3 бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай. Гэтэл 1990-ээд оны сүүлээр төслийн хүчин чадлаасаа 1,5 дахин их буюу 30 000 гаруй м3 ус хүлээн авч хэт ачаалалтай, аваарын горимд ажилладаг байжээ. Тухайн үеийн нөхцөл байдал, хүндрэл бэрхшээлийг хэсгийн даргынхаа мэргэжлийн өндөр ур чадвар, хамт олныг удирдан зохион байгуулах авьяас, анхаарал болгоомж, арга ажиллагаагаар давж гарсан гэж хамт олон нь бахархан ярих дуртай. Үндсэн тоноглол, ил задгай байгууламжуудыг зогсоож засвар үйлчилгээ хийх боломжгүй тэр үед технологийн горимыг секунт алдахгүй баримтлах чухал. Энэ бүх хүндрэл бэрхшээлийг А.Баярсайхан өөрийн хэсгийн хамт олонтойгоо зоригтой туулсныг компанийн удирдлагууд одоо ч үнэлдэг. Хэт ачааллын үед “Цаашид Эрдэнэт хот өргөжин тэлнэ, үйлдвэр, аж ахуйн газрууд улам олшрох учраас Цэвэрлэх байгууламжийг өргөтгөх зайлшгүй шаардлагатай...”-г ойлгуулж ярьдаг хуруу дарам цөөн хүний нэг нь тэр байлаа. Ийнхүү давхар цэвэрлэгээний дамжлага болох Гүн цэвэрлэгээний байгууламжийг урдаас төлөвлөсөн. Дараа нь Францын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар томоохон өргөтгөл эхлүүлсэн нь одоо дуусах шатандаа явна. Харин хэт ачааллын аваарын горим 2004 оноос дуусгавар болж, хэвийн ажиллагаанд шилжсэн юм. Учир нь орон сууц, албан байгууллагуудыг тоолууржуулах, усны алдагдлыг багасгах янз бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд ачаалал буурсан. Одоо эднийх хоногт 18000 м3 бохир ус хүлээн авч цэвэрлэж байна. Тэрээр “Бохир усыг цэвэрлэх асуудал манай улсын хэмжээнд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татах болсон. Хөгжилтэй оронд бол хөгжлийн дээд түвшинд хүрсэн. Ундны усанд хэрэглэх хэмжээнд хүртэл цэвэрлэж байна. Манайх одоохондоо хөгжлийнхөө шатанд л явна. Харин ч том үйлдвэрийн харьяанд явсаны хүчинд үйл ажиллагаа нь жигд, техник технологийн шинэчлэл цаг хугацаандаа хийгддэг, мэргэжилтэй боловсон хүчингүүдээр хангагддаг, үүнийхээ хүчинд улсын хэмжээнд хэвийн яваа ганц цэвэрлэх байгууламж бол манайх...” гэж ярьсан. Үнэндээ хэвийн жигд ажиллагааг хангахад хамгийн их нөлөөлсөн, хүчин чармайлт, сэтгэл гаргаж яваа хүн нь өөрөө юм. Үргэлж найдвартай ажиллагаа, хурдтай хэмнэл нэхэж, шинийг эрэлхийлдэг хэсгийн дарга хамгийн сүүлд Сэлэнгэ амралтын баазын цэвэрлэх байгууламжийг Герман улсын “WBS” технологитой бүрэн автомат байгууламжаар  бүтэн шинэчилсэн. Шинэ техник, тоног төхөөрөмжийг суурилуулан ажиллуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх бол түүний мэргэшсэн ажил. Мөн саяхан Цэвэрлэх байгууламжийн лабораторийн 40 жил ашигласан тоноглол, хэрэгслүүдийг шинэчилснээр бохир усны цэвэрлэгээний шинжилгээг сүүлийн үеийн дэвшилтэт арга зүй, технологиор хийх болсноор үр дүн, чанар дээшилсэн. Ингээд зогсохгүй, лабораторидоо Улсын итгэмжлэл авах санаачилга гарган хөөцөлдсөөр бүтээжээ. Одоо Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний цехийн Цэвэрлэх байгууламжийн лабораторийн шинжилгээний дүн Монгол улсын хэмжээнд бүрэн зөвшөөрөгдсөний дээр хүн амын ундны цэвэр усанд шинжилгээ хийх, улмаар бусад үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд шинжилгээний төлбөртэй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн нь сайн хэрэг.      А.Баярсайханд Эрдэнэтчүүд талархах учиртай. Байгаль орчны тэнцвэрт байдлыг хамгаалахад амьдралынхаа туршид асар их хувь нэмэр оруулсан эрхэм. Цэвэрлэгдэн гарч буй бохир усны стандартад хатуу хяналт тогтоож, ус тунгалаг байхын төлөө 33 жилийн амьдралаа бүтэн зориулсан мэргэшсэн инженер. Одоо ч Цэвэрлэх байгууламжийнхаа лагийг үнэргүйжүүлэхэд сэтгэл, оюунаа чилээн судалгаа туршилт явуулсаар, гарц гаргалгаа хайн бэдэрсээр явна. Эндээс гарах усны дусал бүхэн тунгалаг байж, эрэл зөв чигийг олох болтугай. М.ОДГЭРЭЛ Дэлгэрэнгүй...
  • Уртын дууны шуранхай, ум тарнийн увидастай

             Уртын дуу, сонгодог урлаг, суурь шинжлэх ухааны хөгжлийн орон зай, цаг хугацаанд эрх чөлөө, ардчилал, тэгш эрх оршдог билээ.      Уртын дууны гайхамшиг нь, усны харгиа боргио, уул хавцлын цоор цуурай, исгэрээнээс улбаалан байгаль орчноо аргадах бөөгийн шашны дуудлага, туульсаар өртөөлөн өндөр их уулсын хүрээлэлд үүссэн байх магадлалтай юм. Учир нь тэр их өндөр уулс саръдгийн сансрын салхины эрч, усны хүрхрээн хүчит чимээ анир улмаар цаг уурын эрс тэс уур амьсгалтай жилийн дөрвөн улирлын өөрчлөлтөд хүний сэтгэлийн эгшиг, цахилгаан соронзон долгион болон таталцах хүчээр өдөөгдөж болох учиртай билээ.            Үсэг үсгээр эвлэж үг үүсээд л үг хоорондоо соронзлогдон, шад бадгаар тэгш хэмлэгдэж ид шид шингэсэн дууны яруу найраг төрдөг. Улмаар ширэн цартай, сүүлэн хөвч, хоёр чавхдастай сэтгэл зүрхний хос ховдлыг булгилуулсан морин хуурын амьд эгшигтэй сүлэлдсэн уртын дууны шуранхай амилаад ирэхээр үнэхээр байгаль ертөнцийн уран эгшиглэнтэй, увидастай цэнхэр нүдэн, эмзэгхэн замбуулин хорвоо гэдэг энэ юм шүү дээ гэж төсөөлөгдөн сэтгэлийн таашаал, амгаланг эдлэх. Үнэхээр ч нүдний цөцгий мэт хайрлан, холтолж хэлтлэх нь бүү хэл, хиртээж буртаглаж боломгүй ариун дагшин ертөнц билээ.      Морины гүйх хар  хурданд  уртын дуугаар жигүүрлэн нисэхэд, хүний сэтгэлийн чагтага мултарч, газрын татах хүчнээс хязгааргүй орчлонд  жингүйдэн уусан алдарч, алсран тасраад л уужим сансар огторгуйд хөвөн, алс төгсгөлгүйн хөндлөнгөөс алаг нүдэн дэлхийгээ тольдон   зорчиж амьдрах  нь Монгол хүн болж төрсний  хосгүй хишиг,  хувь заяа юм даа.      Ер нь үлгэр домогт гардаг гуурст хурдан хүлгээрээ монголчууд аль эрт сансарт зорчин нисэж, хөрст цэнхэрхэн дэлхийгээ гаднаас нь ид  шидтэй билгийн нүдээрээ тольдон харж таньчихсан хүмүүс гэлтэй.      Америкийн Калифорнийн их сургуулийн хэсэг эрдэмтэд 1995 онд   аливаа үсэг, үг авианд энергийн эрчим хүч байдаг эсэхийг судлахаар тусгай  дуу дохио авианы маш өндөр нарийн  мэдрэмжтэй багаж зохион бүтээж олон ястны хэлээр хэдэн мянга, түмэн үгийг хэлэхэд  багаж мэдрээгүй гэдэг. Харин Грекийн эртний томъёонууд хэлэхэд дөнгөж мэдрэн үл ялиг  хөдөлж эхэлжээ. Улмаар Буддын сургаалийн  “УМ” тарнийг дуудахад багажны зүү хөдөлж 36 градусыг заасан байна. Үүнээс үүдээд эрдэмтэд энэ хазайлтын өнцгийн хэмжээг эрчим хүчинд шилжүүлж тооцоход сансрын хөлгийг тойрог замд оруулахуйц асар их энерги болохыг баталсан тухай Европын нөлөө бүхий “Асеа” сэтгүүлд бичжээ. 1911 онд сэргээн тунхаглагдсан Монгол улсын төрийн далбааны төгсгөлийн гурван улаан хэлний зулайд Ум, дунд нь Аа, өлмийд нь Хум үсэг заларч  байсан нь ердийн тохиолдол биш дэвшин мандахын агуу бэлгэдэл, сүр хүч байжээ. Ээжүүд үр хүүхэд биднийгээ арцаар ариулахдаа “Умаахан, умаахан, умаахан” гэдэг уншлагын учрыг хожуу хойно л ойлгож байна.      Үүнээс үүдэн шашин номын зүрхэн болон шидэт тарни гэдэг бол ид шидийн эрчим хүчтэй болох нь нэгэнт илэрхий болсон юм. Харин уртын дууны Аяа зээ хө, Ха, Хэ цохилтуудын тэсрэлтийн их хүч бол Ум тарнийхтай дүйцэхүйц эрчимтэй байж болох үндэстэй  юм.      Энергийн эрчмээр илэрхийлэгдсэн уртын дуу, морин хуурын эгшиг, дуучны хоолойн уянга дэлхийн ямарч үндэстэнд орчуулгагүй гэрэлт сэтгэл зүрхэнд нь солонго татан гэгэлзүүлэн дэгэлзүүлдэг онцлогтой.      Уламжлалт морин хуур арьс шир, адууны сүүлээр урлагдсан болохоор  хөгжмийн амьтай зэмсэг болохоор монгол хүний зүрх сэтгэл, адууны үүрсэлт, тэмээний буйлаа шингэсэн нүүдэлчний мэдрэмжтэй байхаас аргагүй юм. Яагаад гэвэл хос чавхдасаас багцлагдан тогтдог боловч хоёр  зуу гаруй хялгаснаас бүрэлддэг гэдэг билээ.      Уртын дуу гэдэг нь үнэн хэрэгтээ гайхамшигт нарийн мэдрэмжтэй  хүмүүсийн чин зүрх сэтгэлээр орон зайд, цаг хугацаагаар ирлэгдэн бодит  амьдралын зовлон жаргалаас л төрж төгөлдөрждөг болохоор  сүнслэг бөгөөд авшигтай юм билээ.      Наран сартай сүлэлдэх үдшийн гэгэлгэн бүрийгээр, өдөртөө сульдсан агаарыг уртын дуугаар уярааж, хаяа дарсан айлуудаас, хангинуулж дөлөөд өнгөрөхөд, хадамд ирсэн шинэхэн бэр санааширч үлддэг л нүүдэлчний нэгэн бодит  амьдралын  зураг.        Дорнын монгол уртын дуу болон Өрнийн сонгодог урлагийн орон зай, цаг хугацааны ертөнцөд л эрх чөлөө, тусгаар тогтнол, жинхэнэ ардчилал оршдог болохоор хүн болгон тэмүүлдэг ч, тэр болгон нь хүрч чаддаггүй хязгааргүй ертөнц билээ. Уртын дууны шуранхай, Ум тарнийн увидас энергийн тодорхой болон тодорхой бус хэлбэрт шилжин хувьсаж, мөнхөд орших эрчмийн үлэмжийн хязгааргүй чанар бөгөөд нарны алтан цацрагтай зүйрлэхүйц ертөнцийн багцалсан лугшилт юм.    Ж.БААТАРХҮҮ Дэлгэрэнгүй...
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ӨНӨӨДӨР БА МАРГААШ Онцлох

11 6-р сар 2018 12:00
1160 удаа үзсэн

     Монголын эдийн засгийн чуулган  найм дахь жилдээ болж буй энэ өдрүүдэд улсын эдийн засаг, хөгжлийн гол ачааг хаанахын ямар байгууллага үүрч яваатай та бид танилцаж байна.  Улс орон оршин тогтнох, эдийн засаг тогтвортой байхын гол үндэс нь чухам юу вэ, хөгжлийг хэн түүчээлэх вэ. Үүнд төр, засаг төдийгүй жирийн иргэн та бидний  оролцоо ямар байх вэ.  Хаана хаанаа зөв мэдлэг, мэдээлэлтэй байж, баялгийг хэн бүтээж байгааг бодитоор үнэлэх цаг нэгэнт болжээ. Монголын эдийн засаг өнөөдөр ч уул уурхайгаас  бүрэн хараат байгааг чуулганд оролцогчид онцолсон. Цаашдаа ч энэ байдал хадгалагдсаар байхыг шинжээчид хэлдэг. Тэр дундаа  “Эрдэнэт” үйлдвэр  болон “Оюутолгойг”  ойрын хэдэн жилдээ гадна дотнынхон онцолсоор байх нь гарцаагүй. Учир нь,  Монгол Улсын хөгжлийн сүүлийн 40-өөд жилийн түүхийг дээрх бүтээн байгуулалтаас салгаж ойлгох аргагүй. Тэр дундаа нүүдэлчин соёл иргэншил, мал аж ахуйгаас өөр овойж товойх зүйлгүй байх үеэс Монгол Улсыг дэлхийн тавцанд гаргаж, уул уурхайн салбарынхны анхаарлыг зүй ёсоор татаж эхэлсэн  бүтээн байгуулалт нь “Эрдэнэт” үйлдвэр яах аргагүй мөн.
      “Эрдэнэт” дэх Оросын 49 хувийг төр 100 хувь мэдэлдээ авсан, үйлдвэрийн удирдлагуудын өндөр цалин, хангамж, гадна дотнынхны шахаа гэх мэт  тулга тойрсон хэрүүлийг энэ удаад хойш нь тавья. Зөвлөлтийн ард түмэнтэй хамтран эзэмшиж байсан үйлдвэрээ монголчууд 100 хувь өөрийн мэдэлд авсан нь зөв эсэх тухайд энд ярих нь төрүүлсэн үрээ  ааваар нь овоглосныг буруушааж буйтай агаар нэг учраас тайлбар хийх нь илүүц биз. Харин үйлдвэр тойрсон бусад хэл ам, хэрүүл  тэмцлийг газар авахуулахгүйгээр бүтээн байгуулалтыг саадгүй явуулах үндэс суурийг иргэн таны зөв мэдээлэл, төр, засгийн оновчтой бодлогоор бэхжүүлэх учиртайг дахин сануулъя. Ийн хэлэхийн учир нь, Монгол Улсын бүтэн зууны түүхийг  бүтээлцсэн, өнөөдөр ч ачааны хүндийг үүрч яваа Монголын  буюу “үндэсний” гэх тодотголтой ганцхан том төслөө бид  хэрүүлийн алим болгочихоод байгаа нь нууц биш. Тиймээс энэ удаад “Эрдэнэт” үйлдвэрийнхэн Монгол Улсын хөгжилд чухам ямар хувь нэмэр оруулсан, тэднийг “Зууны манлай” хэмээн тодотгохын учрыг бодит мэдээллээр дамжуулан хүргэхийг зорилоо.

     “Эрдэнэт” үйлдвэр улсын хөгжлийг тодорхойлохын учир...

     1978 онд анхны баяжмалаа гарган авч жилд дөрвөн сая.тонн хүдэр олборлох, боловсруулах хүчин чадал бүхий уулын баяжуулах үйлдвэрийн эхний ээлжийг  ашиглалтад оруулснаас хойш даруй 40 жил өнгөрчээ. Үүнээс өмнөх түүх сөхвөл 1963  онд Монгол, Чехословакын /Чех улстай хамтран хайгуулын ажлаа эхлүүлсэн ч тэд гэрээнээс гарснаар Зөвлөлтийн ахан дүүстэй хамтарсан түүхтэй/ хайгуулын багийнхан Эрдэнэтэд   дөр­вөн майхан, дөрвөн гэртэйгээр  судалгааны ажлаа эхлүүлснээр Эрдэнэтийн овоо орчимд хүдэржилт илүү байгааг тогтоосон байдаг. Энэ цаг үеэс  бүтээн байгуулалт тасралтгүй өрнөсөн төдийгүй Эрдэнэтийг өдгөө улсын хоёр дахь том хот болон өргөжүүлсэн төдийгүй орон нутгийн төсвийн 90 орчим хувийг  үйлдвэр дангаараа бүрдүүлж байгаа бол  улсын төсвийн 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг дэлхийн хэмжээний томоохон  үйлдвэр болон цар хүрээгээ тэлжээ. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийнхан  зэс,  молибдений хүдрийн олбор­лолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тоо­цогддог төдийгүй өрсөлдөх чадвараараа Азидаа нэг, дэлхийд долоодугаарт эрэмбэ­лэгдэж байна.   Түүнчлэн    уул уурхайн удирдлагын “Pitram” системийг үйлдвэрлэлд  иж бүрнээр  нэвтрүүлсэн нь Монгол Улсын хувьд анхных болж дэлхийн хэмжээнд айргийн тавд орж байна. “Эрдэнэт“  үйлдвэрийнхэн бүтээгдэхүүнээ ОХУ, Хятад, Америк, Казахстан, Голланд, Швейцарь, БНСУ улсад худалдаад зогсохгүй  Голландын “Trafigura Beheer B.V.“, АНУ-ын “Ocean Partners UK Limited“, “Gerald Metals, Inc“, Өмнөд Солонгосын “Samsung Corporation“ зэрэг   дэлхийн 40 гаруй компанитай хамтран ажилладаг олон улсад данстай компани болжээ.
      Тэд жилд 26 сая тонн хүдэр боловсруулж, 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэж буй.  Энэ ч үзүүлэлтээрээ Монголын топ аж ахуйн нэгжийг 16 дахь жилдээ тэргүүлсэн нь тус үйлдвэрийн цар хүрээг бүрнээ илтгэх биз. Топ аж ахуйн нэгжүүдийг компанийн ашиг орлого төдийгүй улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажилчдын тоо зэрэг үзүүлэлтийг харгалзан Сангийн яам болон төрийн байгууллагаас гаргасан тоон мэдээлэлд тулгуурлан шалгаруулдаг. “Эрдэнэт”-ийнхэн уг шаардлагыг тогтмол биелүүлж ирсэн учраас ийнхүү тасралтгүй 16 жил шилдгээр нэрлэгдэж байгаа юм.  Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрдэнэт” үйлдвэрийг бүхий л үзүүлэлтээрээ номер нэг хэмээн  онцолсныг дурдахад илүүдэхгүй болов уу.  “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Манай үйлдвэрийн хувьд техникийн болон үйлдвэрийн үзүүлэлтүүд 100-гаас дээш хувиар биеллээ. Өнгөрсөн онд  үйлдвэр 320 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс, орон нутгийн төсөвт 615 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. 2017 онд бид үйлдвэрээ дараагийн 15 жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулсан.  Энэ оноос 15 жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. Төлөвлөгөөнд туссан ажлаас дурдвал ил уурхайн техник технологийг боловсронгуй болгох, баяжуулах фаб­рикийнхаа техникийг шинэч­лэх, засвар механикийн заводод өргөтгөл хийх ажил багтаж байна. Үндсэндээ “Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэх зургаан төслийг хэрэгжүүлэхээр бэлдээд байна”  хэмээн топ аж ахуйн нэгжийн шагналаа гардах үеэр хэлсэн юм. Энэ бол тус үйлдвэрийн алсын хараа, менежментийг бүрнээ илтгэсэн мэдээлэл. Үйлдвэр алсын хараатай байхын давуу талыг тэд одоогоос хоёр жилийн өмнө дэлхийн зах зээлд зэсийн үнэ унаж, дотоодын эдийн засаг  хямарсан үед нэг ч хүнийг ажлаас халаагүйгээр барахгүй хямралын эсрэг  хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж, худалдан авалтыг зогсоон түүнийг агуулахад байгаа бараа материалын нөөцөө ашиглан орлуулах, үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд шаард­лага­тай зардлаас бусад шатах тослох материалын зардлыг 10, удирдлагын зардлыг 20, томилолтыг 30, нийгмийн сангийн зардлыг 50 хувиар бууруулснаар  төлөвлөгөөт үзүүлэл­тээ бүрэн  биелүүлсэн байдаг.  Хэрвээ “Эрдэнэт”-ийнхэн энэ чинээний менежмент хийгээгүй бол  уналттай байсан  улсын эдийн засагт нэрмээс болоод зогсохгүй дарамт болох эрсдэл хүлээж байсан юм. Энэ мэтчилэн “Эрдэнэт”-ийн ашигтай ажиллагаа, үр дүнгээс улсын эдийн засаг хамаардаг учраас тэд хариуцлагаа бүрэн ухамсарласны дүнд хямралын үед ч үүргээ давуулан биелүүлсээр ирснийг онцлох нь зүйтэй.  Энэ тухайд хамгийн сүүлийн ганцхан жишээ татахад,  одоогоос дөрвөн сарын өмнө  “Эрдэнэт  үйлдвэр” ХХК-ийн Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48мВт-ын хүчин чадалтай турбингенератороор өргөтгөх ажлыг дуусгасан явдал.  Үүнээс өмнө  “Эрдэнэт” үйлдвэр төвийн эрчим хүчний системээс цагт 100 МВт цахилгаан худалдан авч, жилд 225 тэрбумын төлбөр төлдөг байсан бол ийнхүү өргөтгөл  хийснээр  үйлдвэрлэлийн өөрийн  зардлыг 18.1 тэрбум төгрөгөөр хэмнэж, эдийн засгийн өндөр үр ашигтай ажиллах нөхцөл бүрдсэн юм.  “Эрдэнэт” үйлдвэр  түүхэн энэ өргөтгөлдөө 41.8 сая ам.доллар зарцуулсан нь дэлхийн жишгээс даруй хоёр дахин хямд өртөг болсон юм. Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэр 40 жилийнхээ ойн босгон дээр эрчим хүч  хэрэглэгчээс үйлдвэрлэгч болоод зогсохгүй хүчин чадлаараа улсдаа гуравдугаарт эрэмбэлэгдэх Дулааны цахилгаан станцтай болоод байна. Энэ мэт ажлыг үйлдвэр өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгээгүй бол улсаас татаас авч, та бидний татварын мөнгийг хүүхдийн сургууль, цэцэрлэгт  зарцуулж чадахгүй байлаа.  

Нийгмийн хариуцлага ба бүтээн байгуулалт

     1978 онд үйлдвэрийг ашиглалтад оруулахад нийт ажилчдын 95-аас  дээш хувь нь зөвлөлтийн мэргэжилтнүүд байсан гэдэг.   Харин энэ цаг үеэс дотоодын боловсон хүчнийг бодлогоор  дэмжин сургаснаар өдгөө  үйлдвэрийн 6000 гаруй ажилтны таван хувь нь ОХУ-ын инженер техникийн ажилтан бол  бусад нь монгол хүн байна. Энэ нь үйлдвэрийн удирдлагууд хүний нөөцийн менежментээ хэрхэн зөв хуваарилж ирсний илрэл юм.   Монголын мэргэжилтнүүд  оросуудаас дутахааргүй мэр­гэжил мэдлэгтэй болсны нэг илрэл нь үйлдвэрт  шаардлагатай 20 гаруй тоног төхөөрөмжийг   ажилчид хийж, нийлүүлж байна.  
      Байгалийн баялаг тухайн улсын ард түмний өмч. Тиймээс уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд нийгэмд хэр өгөөжтэй ажилласнаар нь тухайн компанийг үнэлдэг. Харин “Эрдэнэт” үйлдэр бий болсноос хойш  дагуул хотоо хэрхэн хөгжүүлсэн, нутгийн ард түмэнд хэр хүртээмжтэй ажилласан талаар яривал урт түүх болно. Анхны тэсэлгээ хийснээс хойш Дархан-Эрдэнэтийг холбосон автозам барьснаас авахуулаад  үйлдвэрийн үе үеийн ажилчдын нийгмийн асуудал, тэтгэвэр тэтгэмж, тэдний гэр бүлд учирсан бэрхшээлийг хуваалцах гээд орчин цагийн уул уурхайн ямар ч компанид бараг байдаггүй үүрэг хариуцлагыг өөртөө хүлээж ирсэн нь хэн бүхний нүдэнд ил байсаар өдийг хүрсэн.   “Эрдэнэт” бол нийгмийн хариуцлагаараа онцгойрдог үйлдвэр. Үүний нэг жишээ нь  “Эрдэнэт” үйлдвэр 1978 онд анх 100 хүний ортой эмнэлэг ашиглалтад оруулсан бол өнгөрсөн онд 500 хүний хүчин чадал бүхий “Медипас” оношилгоо эмчилгээний төвийг нээсэн явдал. Тус төвийг ашиглалтад оруулснаар эрдэнэтийнхэн төдийгүй Монголын ард иргэд олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн үйлчилгээг авч, гадагш урсч буй олон арван сая төгрөгийн хөрөнгийн урсгалыг өөрийн оронд татаж, иргэдэд учирч буй хөрөнгө санхүү, цаг хугацаа, сэтгэл санааны саад бэрхшээлийг арилгах  нөхцөлийг бүрдүүлсэн юм. Цаашилбал, бурхан багшийн сэрэг дүр, найрамдлын хөшөө гэх нүдэнд харагдаж, гарт баригдах   томоохон бүтээн байгуулалт бүрт “Эрдэнэт” үйлдвэрийн оролцоо байсаар ирсэн.
      Харин дотоодын ажилчид буюу баялаг бүтээгчдэдээ үйлдвэрийн удирдлагууд хэрхэн анхаарал хандуулдаг вэ.  1980 онд үйлдвэрийн ажилчид маск зүүхээс хэтэрдэггүй байсан бол өдгөө хөдөлмөр хамгааллыг номер нэгд тавиад зогсохгүй хөдөлмөрийн аюулгүй байдлаараа дэлхийд үнэлэг­дэх хэмжээнд хүрээд буйг салбарынхан онцолдог.  Энэ тухайд ганцхан жишээ татахад, хөдөлмөр хамгааллын хувцасгүйгээр нэг ч хүн үйлдвэрт нэвтэрдэггүй нь дээрхийн бүрэн хариулт болох биз.  Эрдэнэтийн нөөц дуусах гэж байгаа талаарх мэдээлэл нэг хэсэг чих дэлссэн бол үйлдвэрийн удирдлагууд 30-40 жилийн нөөцтэй  талаар мэдээлж буй. Тиймдээ ч   Эрдэнэтийн овооны нөөцийг бүрэн ашиглах хүрээнд ил уурхайн мөчлөгт тээврийн технологи нэвтрүүлэх, бая­жуулах үйлдвэрийг өргөтгөх, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих, исэлдсэн, ядуу агуулгатай хүдрээс цэвэр зэс үйлдвэрлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
 

“Монголын Үнэн” сонины Улс төрийн албаны дарга
М.ӨНӨРЖАРГАЛ

Утас: 99076343
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
 

Сүүлд өөрчлөгдсөн Лхагва, 13 6-р сар 2018 00:19
Үнэлэх
(0 Саналууд)

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.