Өглөөний сэргээш цуврал контент #27: Лхагвасүрэнгийн ЭРДЭНЭСУВД

Өглөөний сэргээш цуврал контент #27: Лхагвасүрэнгийн ЭРДЭНЭСУВД

Төгссөн сургууль:
2002 онд ШУТИС-ийн Барилгын инженер, Архитектурын сургууль

Мэргэжил:
Ус хангамж, ус цэвэрлэгээний инженер

Ажилласан туршлага:
2003-2009 онд Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн диспетчер, 2009 оноос Ус хангамжийн цехийн Цэвэр ус хангамжийн хэсэгт технологичоор ажиллаж байна.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:
2016 онд Барилга хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвд УХАТ-ын ашиглалтын мэргэшсэн инженерийн зэрэг хамгаалсан.

Чин хүсэл:
Тэр боловсролыг “Зөв хүмүүжил, зөв төлөвшил, зөв хандлага” хэмээн тодорхойлсон. Хэлсэн үгнийхээ үлгэр дуурайл болсон энэ бүсгүй Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд нийлүүлдэг цэвэр усны технологичоор 10 гаруй жил ажиллаж байна. Түүний нэгэн адил хариуцсан ажилдаа туршлагатай, чадварлаг залуучуудаа Эрдэнэт үйлдвэр хүний нөөцийн бодлогоор дэмжин, “Манлайлал авьяас чадварын хөтөлбөр”-т хамруулахаар болсон. Сурч мэдэхийг, хөгжихийг, үйлдвэрийнхээ хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулсан бодит түүхийг үлдээх чин хүсэл эрмэлзэлтэй эдгээр залуус маргааш руу тэмүүлэн алхаж байна. Л.Эрдэнэсувд тэдэнтэй мөр зэрэгцэн алхахдаа аливаад эергээр хандаж, чадлынхаа хэрээр бусдад тусалж, зөв хүн байхыг үлгэрлэсээр...

-Таны амьдралын сэргээш юу вэ, хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?
-Гэр бүл, хамт олон, байгаль дэлхий миний амьдралын сэргээш.

-Хийж байгаа ажлын тань онцлог юу вэ?
-Эрдэнэт хотын ард иргэдийн амгалан тайван амьдрал, Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагаа бидний ажилтай салшгүй холбоотой.

-Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?
-Төлөвлөсөн  ажлуудаа хугацаанд нь дуусгахыг зорьж байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020-2021 оны “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөрт” хамрагдсан тул хувь хүнийхээ зүгээс энэ хөтөлбөрт амжилттай оролцох зорилго тавьсан.

-Ажлаа илүү сайн хийхийн тулд та өөртөө ямар зорилго тавьж, хувь хүнийхээ хөгжилд анхаардаг вэ?
-Аливаад “Үргэлж урагш тэмүүл” гэсэн зарчмыг баримталдаг. Сөөм сөөмөөр ахиж байгаад алхам алхмаар урагшилдаг нь амьдрал юм даа. Ер нь хүмүүс нас харгалзахгүйгээр шинэ зүйлийг сонирхон сурч, хуучнаа сэргээж байх хэрэгтэй юм шиг санагддаг.

-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?
-Хүний мөрөөдөл үргэлж өөрчлөгддөг шүү дээ. Нэг мөрөөдлөө биелүүлчихвэл ахиад нэг шинэ мөрөөдөл тээсээр алхдаг. Тэгэхээр өмнөө тавьсан зорилгодоо хүрэх нь миний хамгийн том мөрөөдөл юм байна.

-Боловсролын талаарх таны бодол?
-Боловсролыг би хүний зөв хүмүүжил, зөв төлөвшил, зөв хандлага гэж  ойлгодог.

-Одоо хийж буй ажил таны мөрөөдлийн ажил мөн үү?
-Сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх боломж олгож байгаа тул тийм.

-Залуучуудад хэлэх таны зөвлөгөө?
-Залуу насандаа өөрийгөө дайчил, дэмий зүйлд цагаа бүү үр.

-Эрдэнэт үйлдвэр таны харах өнцөг, үзэл бодол, итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлж байна вэ?
-“Эрдэнэт үйлдвэр” гэхээр Монгол хүн бүрийн сэтгэлд бахархал төрдөг байх. Тиймээс энэ үйлдвэрт ажиллаж буй бид ажил үйлсээрээ үргэлж тэргүүнд нь явах ёстой гэж боддог.

-Та энэ буланд хэнийг санал болгох вэ?
-Ус хангамжийн цехийн механикч Д.Буйдан

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.