Манлайлагч залуус маргаашийн шилдэг удирдагчаар бэлтгэгдэнэ

Манлайлагч залуус маргаашийн шилдэг удирдагчаар бэлтгэгдэнэ

     Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн зуун манлайлагч залуу “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-т хамрагдахаар шалгарлаа. Тус үйлдвэрийн Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас хүний хөгжлийн дөрвөн цогц хөтөлбөр хэрэгжүүлж, залуу ажилтнуудын манлайлал, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, улмаар хүний нөөцийн түлхүүр ажилтан бэлтгэх зорилтоо эхлүүлэв. Манлайлагч 100 залуу ажилтныг Эрдэнэт үйлдвэрийн инженер техникийн 1800 ажилтан, 600 гаруй удирдах ажилтнуудаас шалгаруулжээ. Ингэхдээ, 2017 онд үйлдвэрийн 17 бүтцийн нэгжийн 1000 гаруй  ажилтны дунд хийсэн судалгаа, 2018 онд хэрэгжүүлсэн “Мастер манлайлал” хөтөлбөр, судалгааны үр дүнд суурилан манлайлагч залуусаа сонгож, “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийг боловсруулсан байна. Мөн манлайлагчдын хөтөлбөр нь уул уурхайн салбарт ажиллаж буй ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлэх, зардалт ажилтныг бүтээмжит ажилтан болгон хөгжүүлэх том зорилготой. Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн залгамж халааг бэлтгэх, алсын хараа, эрхэм зорилгыг хэрэгжүүлэх манлайлагчдыг бүрдүүлэхэд чиглэн хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, манлайлагч 100 залууд Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг авч явах түлхүүр ажилтан, маргаашийн шилдэг удирдагчид болон хөгжихөд уг хөтөлбөрөөр дамжуулан туслах юм. “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр” нэг жилийн турш дээд, доод, анхан шатны удирдлага гэсэн гурван үе шаттай үргэлжилнэ.  

     Хөтөлбөрийн нээлтийн хүрээнд болсон “100 Манлайлагч”-ын уулзалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон түүний орлогч, газар, хэлтэс, цех нэгжийн удирдлагууд оролцлоо. Уулзалтын үйл ажиллагаанд Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, баяжуулагчаас орлогч захирал хүртэл дэвшин ажиллахдаа баримталж ирсэн өөрийн зарчим, манлайлагч удирдагчид эзэмшвэл зохих шилдэг чанар, арга барил, туршлага, амжилтад хүргэсэн дурсамжаасаа хуваалцаж, манлайлагч залууст чин сэтгэлийн амжилт хүслээ. Мөн Техникийн хэлтсийн орлогч Б.Батболд, Маркетингийн хэлтсийн дарга Д.Дашдорж нар манлайлал, уул уурхайн салбарын онцлог болон өөрсдийн ажлын арга туршлагаас ярьж, мэдээлэл өгөв. Хөтөлбөрт оролцогч залуус манлайллыг дээшлүүлэх хэлэлцүүлэг хийсний дараа Ерөнхий захирал Х.Бадамсүрэн манлайлагч залуу ажилтнууддаа хандаж санал бодлоо хэлж, амжилт ерөөсөн. Хэлэлцүүлгийн үр дүнд нэг алсын хараанд нэгтгэх, урмаар тэтгэдэг байх, үйлдлээрээ үлгэрлэх, өөрчлөлтөөс айдаггүй байх, бусдад боломж олгох гэсэн таван дадал нь манлайллын хамгийн чухал үндэс гэдгийг тодорхойлсноор манлайлагч залуусын уулзалт өндөрлөлөө. Ийнхүү, залуу ажилтнаа дэмжин, хөгжүүлэх нь сонголт биш үүрэг хариуцлага болсон цаг үеийг Эрдэнэт үйлдвэрийн удирдлага соргогоор мэдэрч, хүний нөөцийн хөгжлийн цогц бодлогодоо ажилтнуудын манлайллын хөтөлбөрийг тусган бодитой хэрэгжүүлж байна. 

М.Балжинням
Фото: Ш.Лхамсүрэн

 

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.