Станц ирэх амралтын өдрүүдэд бүрэн зогсоно

Станц ирэх амралтын өдрүүдэд бүрэн зогсоно

     Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц энэ сарын 5, 6-ны өдөр тоног төхөөрөмжөө бүрэн зогсоож засвар үйлчилгээ хийхээр төлөвлөжээ. Тус станц нөөцгүй ажилладаг тоног төхөөрөмжүүдээ жилд нэг удаа бүрэн зогсоож их засвар хийдэг бөгөөд энэ удаа нийт 98 төрлийн засвар үйлчилгээ хийхээр бэлтгэл хангаад байна. Станцын их засварт шаардлагатай сэлбэг хэрэгсэл бүрэн нийлүүлэгдсэн гэж Г.Мөнх-Эрдэнэ дарга ярилаа. Өвлийг өнөтэй давах томоохон бэлтгэл болох энэхүү ажилд станцынхнаас гадна Цахилгаан цехийн ажилчид хамтран оролцоно. Тэд өндөр чадлын тоног төхөөрөмжүүд дээр чангалгаа, хэмжилт, цэвэрлэгээ, туршилтын 27 төрлийн ажил гүйцэтгэх юм. Өмнө жилүүдэд тус станц 24 цаг зогсолт хийж их засварын ажлаа амжуулдаг байсан бол энэ удаа цахилгаан үйлдвэрлэлийн трубин генераторуудыг 48 цаг бүрэн зогсоохоор төлөвлөж байна. Учир нь станцын өргөтгөлтэй холбоотой цахилгааны олон тоноглол суурилагдсан тул засвар үйлчилгээний цар хүрээ нэмэгджээ. Харин Баяжуулах үйлдвэрийн технологийн үйл явцтай хамааралтай дулаан үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд 24 цаг зогсоно. Түүнээс гадна үйлдвэрийн газрын “их зогсолт”-ын үеэр тус станцынхан уурын болон дулаацуулгын шугам, эргэлтийн усны шугамууд дээр засвар үйлчилгээ хийж амжсан байна. Энэ долоо хоногт 5-р зуухны их засвар эхэлнэ гэж станцын дарга нэмж мэдээллээ.

     Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц өнөөдөр 38 мянган тонн нүүрсний нөөцтэй байгаа нь нэг сарын хэрэглээ юм. Цаашид, Шарын голын уурхайгаас нүүрс таталт үргэлжилнэ.

М.ОДГЭРЭЛ

ФОТО: Б.Баттөгс

 

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenettoday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.